Home Өгүүллэг “АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “24-Р ХЭСЭГ”

“АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “24-Р ХЭСЭГ”

2 second read
0
0
1,100

Уухай одоо л чи нэг юм ойлгох шив дээ. Чи сайн бод. – Хэлээд өгөөч юу гэх гээд байгаа юм бэ? – Маш өчүүхэн зүйл ш дээ хө. Чи бүхнийг өөрөө л даа. Тухайлбал Ноён Ядамын нэр энэ газар чиний амнаас гарах

ёсгүй шүү гэдгийг л ойлго. – Тэр хэргийг илрэх юм бол намайг … – Тиймээ. Чиний тэр хэрэг илрэх нэг их холгүй байх. – Та нар намайг бүр золиослохоор шийдээ шив дээ. – Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэж

мэдэх үү. Чи бас гайгүй л хувь хүртсэн шүү дээ. Харин ч захирал сайн хүн болохоороо эхнэр хүүхдийг чинь халамжиндаа аваад. Үр удмаа таслах л хүн болж төрсний гутамшиг шүү дээ. Бөмбөг бүхнийг ойлгов.

Гэр бүлийг нь барьцаалж түүнд бүх хэргийг тохож байгаа ажээ. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй ээ. Яах ч аргагүй. Эхнэр охин хоёр минь л тайван амгалан байвал би ч өнгөрч өнгөрч. Хувь заяатайгаа эвлэрнэ

гэгч энэ ажээ. Мэдээж Ядам гэж хэн билээ дээ. Ядамын их усанд зүгээр л нэг шидээд хаячихсан хүн бол Бөмбөг байлаа. Ядам ийнхүү гэр бүлээр нь барьцаалж Бөмбөгийг шоронд илгээхээр шийдсэн аж.

Амьдрал гэж юу билээ дээ. Амьд мэнд үлдвэл учир нь олдох болов уу хэмээн Бөмбөг уруу доройхон, өчүүхэн жаахан итгэлийн хамт наргүй нэгэн газрын хүйтэн чийгтэй өрөөнд тарчилан үлдлээ. …. Үнэнбат анх удаа байцаалт авахаар урьдчилан хорих төвийг зорив. Том алаг нүдэнд нь гүн гуниг, гүн цөхрөл шингэсэн Одончимэгтэй эхлээд уулзав. – Овог нэр? – Намсрайн Одончимэг гэхчилэн биеийн байцаалт авсан мөрдөгч гол асуулт руугаа аажмаар оров. – Та 2007 оны 12 сарын 16 өдрийн 15 цагийн Улаанбаатар-Бээжингийн нислэгээр хаашаа зорчих зорилготой байсан бэ? Бүсгүйн зүрх хүчтэй, хүчтэй цохилж нүднийх харц тогтворгүй болохыг мөрдөгч ажиглаж байлаа. Бүсгүй: “Ер нь яадаг юм, үнэнийг нь хэлчихье, ээ болохгүй. Аав, дүү нар минь хэцүүднэ. Бас хүү минь” гэсэн бодолд хөтлөгдөн цөхрөнгүй санаа алдаад – Тиймээ, би тэр нислэгээр явсан. Бид олуулаа явсан. Би тэр эмэгтэйчүүдийг дагуулж явсан. – Ямар зорилгоор? – Тэднийг тэнд зарж

мөнгөтэй болох зорилгоор…. – Хэнд зарах гэж? – Макаод. Залуу бүсгүйчүүд авдаг гэж сонсоод. Бүсгүй сандарч худлаа хэлэх гэж зовж буйг байцаагч харж байлаа. Худлаа л байна даа, худлаа л байна. Надад чухам үнэн л хэрэгтэй, Үнэнбат ийн бодно. – Та бүсгүйчүүдийг Макоа гаргах гэж хаанахын хүнтэй ярьж тохиролцсон бэ? – Хэнтэй ч яриагүй, өөрөө л шийдсэн юм. – Таньд ямар ч мөнгө байгаагүй. Та яаж тэр олон хүүнүүдийг гаргасан юм бэ? Замын зардлыг нь хаанаас олсон юм бэ? Одончимэг энэ асуултаньд ихэд сандарсан ч хариулж чадсангүй. – Та худлаа л яриад байна даа. Худлаа ярьж байгааг чинь мэдэж байна. Бүсгүй сандарч тэвдэн хөлсөө арчив. Ямар тиймээ би худлаа хэлсийм гэж хэлэлтэй биш. – Таны Монгол дахь хамтрагч чинь хэн бэ? – Надад тийм хүн байхгүй. – Гадаадад ажилчид гаргахад зуучлах “Гэрэл” компани гэж та мэдэх үү? – Би “Гэрэл” гэж компани байдаг гэж хүмүүст итгүүлсэн юм. – “Гэрэл” хэмээх нэртэй компаний бичиг баримтыг та хохирогч нарт үзүүлж итгүүлсэн шүү дээ. “Гэрэл” гэж

байгууллага байхгүй. “Гэрэл” хэмээх хуурамч байгууллагын бичиг баримтыг бүрдүүлэхэд таньд хэн гэгч ямар хүмүүс тусалсан бэ? – Надад тусалсан хүмүүс байхгүй. – Таныг худал мэдүүлэг өгч байгааг би мэдэж байна. Энэ байдлыг чинь би мөрдөн байцаалтын ажиллагааг зориуд төөрөгдүүлэх, санаатайгаар саад учруулж байна гэж үзэж байна. Та үнэнийг мэдүүлэх хэрэгтэй. Таныг ингэж худал мэдүүлж, цаг авсаар байх хугацаанд жинхэнэ гэмт хэрэгтэн дахиад хорт үйлдлээ үргэлжлүүлж олон хүн хохироох аюултайг ойлгож байна уу? Үнэний өмнө худлаа хэлнэ гэдэг ямар хэцүүг Одончимэг жинхэнэ ойлгож байлаа. – Та энэ залууг таних уу? Та хоёр эмэгтэйчүүдийг авч хамт явсан биз дээ. Мөрдөгч түүний өмнө Бөмбөгийн зургийг тавив. Болохгүй, болохгүй танина гэх юм бол Ядам манайхыг сүйдлэнэ. Энэ залуу чинь Ядамын туслах шүү дээ. – Би танихгүй юм байна. – За тийм байдаг байж. Ямартаа ч бид үнэнийг тогтоож чадна. Үнэнбат урам нь хугарч, уур нь хүрэх шиг болоход ийн хэлэв. Түүний дараа тэр Бөмбөгтэй уулзахаар дуудуулав. – Бөмбөг та зөвхөн үнэн зөв мэдүүлэг өгнө шүү. – За би ойлголоо. – Та 2007 оны 12 сарын 16 өдрийн 15 цагийн

Улаанбаатар-Бээжингийн нислэгээр ямар ажлаар ниссэн бэ? – Корпорацийн ажлаар. Би менежер хүн. Өөрийн байгууллагатай хамтарч ажилладаг гадаад түншүүдтэй ажил төрлийн харилцааны талаар санал солилцохоор явсан юм. – Та энэ удаагийн явалтаараа Макаод очсон шүү дээ. – Тиймээ. Нэгэн хүмүүнлэгийн байгууллагад бага зэргийн тусламж хандивлахаар очсон юм. – Монголд тусламжийн байгууллага олон шүү дээ. Яагаад заавал гадаадын байгууллага сонгосон юм бэ? – Манайх олон улсын хэмжээний үйл ажиллагаа явуулдаг том корпораци шүү дээ. – Тиймүү, гэхдээ та 12 сарын 16-ний өдөр Батхүүгийн Баяраа нэрээр зорчсон шүү дээ. – Тиймээ, ажлын шаардлагаар – Ямар ажлын шаардлагаар тэгж нуугдаж хулгайгаар ниссэн юм бэ? – Зүгээр л – Гэрэл хэмээх хуурамч байгууллагын хуурамч бичиг баримтыг та бүрдүүлсэн үү? Бөмбөг өөрийн эрхгүй сүрдээд явчихав. Цагдаагийнхан их юм мэдсэн бололтой. Ард нь Ядам эхнэр хүүхдийг нь барьцаалсан учир энэ. Өөдгүй амьтан. Ядамын гар урт, тэр дэндүү хортой. Хаана хаанаа л амьд байх хэрэгтэй. Шоронд ч Ядамын урт гар түүнийг багалзуурдаж чадна. Одоо ч харж байгаа. Гэхдээ бас энэ жулдрай залууд бууж өгөх болоогүй. – Гэрэл гэнээ. Тийм байгууллага би мэдэхгүй юм байна. Би хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй. – Таны хуурамч пасспортыг хэн хийж өгсөн бэ? – Одоо

танихгүй дээ. Мөнгөөр л хийлгэсэн юм. – Хаана – Би хэлмээргүй байна. Гол нь би таны өмнө байна шүү дээ. – Сая Орос руу яах гэж явсан юм бэ? – Корпорацийн ажлаар. Наймаагаар л даа. – Ямар наймаа болоод бас та нэрээ нууцалсан юм бэ? энэ асуултаньд Бөмбөг түгдчээд хариулж чадсангүй. – Та энэ эмэгтэйг таних уу? Бөмбөгийн өмнө Одончимэгийн зургийг тавихад Бөмбөг цочих шиг өндөлзөхийг мөрдөгч анзаарав. – Үгүй танихгүй юм байна. Арай энэ хүүхэн баригдаад үнэнээ хэлчихсэн юм биш биз. Эцэст Бөмбөг ийн айдаст автав. – Таны хамт энэ бүсгүй 16ний өдөр Бээжин ниссэн шүү дээ. – Би мэдэхгүй. Олон л бүсгүйчүүд байсан – Дөчөөд залуухан Монгол охид байсан биз. Мөрдөн байцаагчийн хурц харц түүнийг тэмтчихэд Бөмбөг өөрийн эрхгүй эвгүйцнэ. – Би мэдэхгүй. – За яах вэ, энэ удаа биш гэхэд үнэнийг хэлэх нэг өдөр ирнээ. Төрийг хэнч хуурч чаддаггүй юм. Бөмбөгийг гарахад мөрдөн байцаагч энэ үгийг хэлж нэг л хачин инээвхийлэв. Буцах замдаа Үнэнбат толгойгоо гашилтал бодсоор л явлаа. Одончимэг, Бөмбөг, Гарьд, Мөнхдалай бүгд л хэрэг хийснээ хялбархан хүлээсэн ч бүгд худлаа яриад байх юм. Энэ нэг л гогцоо, нэг л зангилаа байна даа. Энэ 4 хүний цаана нэг л эзэн байна. Тэр хэн бэ? Хурандаагийн хэлдгээр нуц Ноёнтон их л хүчтэй нэгэн бололтой. … За хүү минь ороод ир. Бадам хурандаа Үнэнбатын урамгүй царайг хараад

ерөнхийд нь учрыг гадарлав. – За яав хэлэхгүй байна уу цаад золигнууд чинь? – Бүгд л өөрсдийн бурууг нэгэн дуугаар хүлээсэн ч тэдний царайнаас худлаа хэлж байгааг амархан харж болно. – Май хүү минь хоёулаа нэг өтгөхөн кофе найруулаад уучих уу? Тулгаа өгсөн юм. – Би кофенд орох нь байна шүү Хурандаа! – Толгой сэргэж, алжаал тайлагдах шиг болдог юм. – Тулгаа минь яаж яваа бол? – Дөнгөж сая л ярилаа. Одоогоор бас л чулуул хөөж яваа бололтой. – Яамаар ч юм бэ дээ. Хэргийн үнэн олдоход бэрхшээл тулгараад байх юм. – Зүгээрээ миний хүү нэг юмыг ойлго. Төрийн хуулийн өмнө ямар ч шидтэй аавын хүү сөхөрч унадаг юм. Яарах хэрэггүй. Яарснаараа бид тун ч аюултай егзөр чоныг алдаж болно шүү. – Прокурорын хугацааг дахин сунгуулахаас – Тэгээ тэг. Цаадуул чинь хурдал л гээд яаруулдаг юм. – Одончимэг бүр нулимс нь мэлтэгнээд байгаа мөртлөө л худлаа яриад байгаа юм даа. Тэд нэг л юмнаас айгаад байгаа юм шиг. – Айлгүй яахав. Айхын ихээр айж байгаа. Ер нь тийм үед сэжигтнүүдтйг тайван орхиж, амь насыг нь хамгаалах хэрэгтэй байдаг юм. – Тэдний амь нас хамгаалалтаньд байна шүү дээ. – Үнэнээс нуугдсан гэмтний гар их урт шүү хүү минь. Цаад хэдэн хүнээ сайн хамгаалалтын дор байлга. Нэг талаас харахад аюултай нийгэм цочроосон гэмт хэрэгтнүүд, нөгөө

өнцгөөс харахад жинхэнэ аюултай гэмт хэрэгтний өмнөөс золионд гарагсад. Манай өнөөгийн нийгэм их замбараагүйтэж байна даа. Тэр хэдийн ард нилээд нэр нөлөө бүхий эрхэм дээдэс гарч ирэх байхаа. Иймд миний хүү зөвхөн төрийн эрх ашгийн үүднээс ашигтай шийдвэрийг гаргаж сур. Хурандаа яриагаа таслалгүй гараа таамгаар явуулж зүрхний эмээ аван нэг ширхэгийг амруугаа хийхэд, аягатай ус дөхүүлсэн Үнэнбат түүнийг зовнингуй харж: – Таны зүрх сүүлийн үед их өвдөх болж дээ. Хэд хоног эмчлүүлбэл яасан юм бэ? гэлээ. Хурандаа гараараа дохин яриаг нь тасалж: – Зүгээрээ зүгээр. Харин өвдөлт нь намдаад байгаа юм. Гэхдээ Тулгаагаа ирэхээр энэ нэг хэргийн гол зангилааг олсоны дараа эмчлүүлэх нь эмчлүүлнэ гэв. Гэнэт хурандаагийн утас түгшүүртэй гэгч нь дуугарахад Үнэнбат агдасхийн цочиж зүрхээр нь ширхийн хатгуулахад – Одоо байтлаа миний зүрх өвддөг болох нь уу хэмээн бодож жуумалзав. – Хурандаа Бадам сонсч байна. Юу? Барьцаалсан гэнээ, хаана тэр вэ? Ойлголоо. Валют нэхээдээ. Галзуурсан золиг уу? Одоохон. Би өөрөө хэргийн газар очьё. Ямарч байсан хүүхдүүдээ салгаж авах нь чухал. Хурандаа утсаа тасалж шууд л явуут дундаа өмсөөд буугаа авч зүүнгээ: – За хүү минь.

Цаана чинь газрын хаанаас ч гараад ирсийм. Баахан өдөөн хатгагчид гараад ирчихсэн автобустай зугаалж явсан бага ангийн хүүхдүүдийг багштай нь барьцаалж их хэмжээний валют шаардаж, хүүхдүүдийг устгана гэж сүрдүүлж байна. Энэ эх орон чинь ард түмэнтэйгээ бидний нуруун дээр явдаг юм шүү дээ. Онцгой байдлын удирдах газраас ярьж байна. Хурандаа нь өөрөө очсон нь дээр байхаа. – Хурандаа би хамт явъя л даа. – Миний хүү эндэх ажлаа зохицуулж бай. Мөрөн дээр нь алгадан найрсаад тэвхэлзтэл алхаад гараад явчихсан Хурандаагийн араас Үнэнбат огло үсрэн дагаж гарав. Хурандаагийн хөлийн чимээ алсран доошлоход Үнэнбат ганцаардах шиг болж араас нь гүймээр, дагаад хамт явмаар сэтгэл үелзэн догдловч тушаал бол тушаал хойно урам муутайхан ажлынхаа өрөөг чиглэв. … Манзуширын хийд үзэхээр ангийнхнаа цуглуулсан Солонго жижиг оврын Паз автобусанд хүүхдүүдээ оруулж суулгаад харвал хүүхдүүд их баяр хөөртэй байлаа. Мэргэжлийн ажил олдохгүй тул хотын захын хорооллын нэгэн арван жилийн сургуульд Англи хэлний багшаар ажиллах болсон Солонгын дааж авсан тавдугаар ангийнхан анги дэвших шалгалтаа амжилттай өгсөн тул ийн салхинд гарангаа, түүхийн дурсгалт газар үзэхээр Манзуширын хийдийг зорив.

Хийдийн алтан ганжир холоос гялалзан гарч иэрэхэд хүүхдүүд дуун алдан өндөлзөв. Зуны эхний сайхан өдрүүдийн нэгэн. Цэцэгс алаглаж ойролцоох модонд хаа нэгтээ хөхөө донгодно. Шувуудын дуутай хамт хүүхдүүдийн баясгалант дуун цууриална. Хүүхдүүийн энэ баясгалант дуунд багш бүсгүй өөрөө баясч тэдэнтэй тоглож хөөцөлдөж өдөржин цэнгээд буцахаар автобусандаа сууцгаав. Цаг ч нилээд оройтсон тул жолооч нилээд хурдтай довтолгоно. Гэнэт автобус тар няр хийн хүчтэй тоормослож, хүүхдүүд нэг тал руугаа ханаран орилолдож, Солонго ч мөн цонхны шил мөргөх шахав. Дарийн эхүүн үнэр хамар цоргиж, харь хэлээр чанга чанга ярилцсан бадриун чийрэг эрс бууны онгойсон ам чиглүүлэн ар араасаа орж ирцгээхэд хүүхдүүд айн орилолдож Солонго руу бүчлээ. Хэдийгээр маш их айж балмагдсан ч тэрээр хүүхдүүдээ л гэж бодон хамаг анхаарлаа хандуулав. Өнөөх танихгүй балмад хүмүүс бууны бөгсөөр жолоочийг нудчин Яв гэж дохиход автобусаа аасан тэдний заасан зүгт явав. “Ямар гээчийн гай бас хаанаас гараад ирэх нь энэ вэ? Би ч яах вэ, хэдэн хүүхдээ л амьд мэнд авч гарахсан. Хүүхдүүд минь айгаад сүйд болж байна. Яадаг билээ”. Гэнэт Солонго жигтэйхэн зоригтой болчихов: – За миний хүүхдүүд тайван байгаарай. Бүх юм удахгүй сайхан болно. Хүүхдүүд гэдэг гэнэн цайлган, дэндүү ариун амьтад хойно багшийнхаа үгэнд үнэмшин айдастай нүднийх нь нулимс хатаагүй шахам инээмсэглэх

аж. Ай ийм ариухан бяцхан амьтдыг айлгах нь хүний ёс бишсэн. Дээрэмчдийн муухай харц залуу танхил багш бүсгүйг эрээ цээргүй ороолгоно. – Хөөе, энэ хүүхдүүдийг ахалж яваа хүн нааш хүрээд ир. Хэн нэгэн Монголоор ийн тод гэгч нь хэлэхэд бүсгүй айн чичирсээр ойртон очив. Өнөөх хүйтэн харцат, сахал үсэндээ баригдсан эр удирдлагатай холбоогоор ярих аж. – Тиймээ бидэнд онгоц, их хэмжээний валютын хамт гаргаж өгөхгүй бол энд байгаа гучин нэгэн хүүхэд, багш эмэгтэй, жолооч цөмийг нь хүйс тэмтрэнэ шүү. За яах вэ та нарт гурван цагийн хугацаа өгье. Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол энэ хүмүүс төдийгүй онгоцны буудлыг чинь дэлбэлнэ шүү. Бидэнд алдах юм байхгүй. Бид шийдсэн хүмүүс. Нөгөө хүн Солонго өөд муухай хараад: – Та нарын л хохь болно гээд холбоогоо өгөв. Хэн нэгний сандарсан дуун чихэнд нь сонсдоно. – Байна уу, та нар зүгээр биз? Аль болохоор тайван байхыг хичээгээрэй. Та нарын төлөө бололцоотой бүхнийг хийнэ. Солонгын хоолой зангираад явчихав. – Баярлалаа, хүүхдүүд их айж байна. – Эх орныхоо өмнө үүрэг хүлээх ёстой охин минь. Хүүхдүүдийг тайван байлгахын төлөө боломжийг ашиглахыг хичээгээрэй. – За – Бид очиж явна. Өнөөх эр Солонгыг муухай харж: – Яасан, та нарыг аварна гэнэ үү? – Тэгэлгүй яахав. Тэд наашаа ирж явна. – Танайхан хуурах хандлага гаргах юм

бол эхлээд би чиний хоолойг хэрчинэ. Солонгын хамаг биеэр могой гүйх шиг арзайн айдаст автавч тэрээр маш их хичээж байлаа. – Эрхэмээ, хүүхдүүдийг минь айлгаж болохгүй. – Хамаагүй, бидний шаарлдлагыг хангаагүй цагт бид хэнийг ч хайрлахгүй. – Манайхан одоохон ирнэ. – Хэрэв биднийг хуурах юм бол танайхан их хохирол амсах болно. Өнөөх эр дахиад сүрдүүлэн хоолойгоо чихруулан ярьж гарав. – Бид танай онгоцны буудалд байна. Одоохон онгоц гаргаж гэмтэл согогтой эсэхийг нь манай хүмүүсээр шалгуул. Тэгээд валютаа авчир. Цаанаас нь ятган ярих хүмүүсийг тэр үгүйсгэн сүрдүүлэх нь аймаар. – Танай тэр хараал идсэн цагдаагаар би яах юм бэ? – Тийм бол эхлээд онгоцоо бэлтгэ. Биднийг онгоц уруу сэлгэхэд харуул хамгаалалтаа татан буулга. Төд удалгүй нэгэн онгоц ирж газардахад дээрэмчид нэг, нэг хүүхэд сарвалзуулан чирсээр онгоц руу орцгоов. Толгойлогч нь Солонгын хоолойд бууны хүйтэн төмөр тулгасаар чирэн оров. – Одоо валютаа өг. – Валют өгнө ш дээ. Харж байгаа биз дээ. Бид та нарт онгоц бэлэн болголоо. Одоо хүүхдүүдийг буулга. Би өөрөө наана чинь байж байя. Нас ахиж яваа цагдаагийн хурандааг ийн аргадсаар орж ирэхэд тал талаас нь дээрэмчид буугаа чиглүүлэн онилов. – Буугаа хая! – За. Хурандаа буугаа газарт тавин нэгжүүлэв. – Би

ирлээ. Би та нартай үлдэе. Харав уу хүүхдүүд айж байна. Тэднийг буулга. Бид чинь хүн төрөлхтөн шүү дээ. – Чиний өмхий зовлогоор бид яах юм бэ? Валют хаана байна. Валют өг. – Өгнөө өгнө. Эхлээд хүүхдүүдийг буулгахыг Монголын Засгийн газар шаардаж байна. Дахиад л онгойсон бууны амнууд хурандааг чиглэхэд хүүхдүүд айн ширвээтэж орилолдон Солонго нүдээ аничихав. – Чи хэн гээч вэ? Бидэнд заадаг – Монголын чикист. Хурандаа Бадам – Бадам гэнээ? Аан тийм, ингэж уулздаг байжээ. Чамайг тайван үхүүлнэ гэж бодоо юу чи! – Ноён Бхутто, ийм таагүй нөхцөлд уулзана гэж санасангүй. Миний шаардлагыг үл биелүүлбэл чамайг алж, жижигхэн Монголыг чинь түймэрдэнэ шүү. – Монгол бол Монгол шүү дээ. Том жижгийг нь хэмжих арай л болоогүй байхаа даа. Та яасан их балмагдах юм бэ? – Чи арай өөрийгөө Чингис хаан гэж бодоогүй биз дээ. – Үгүй яалаа гэж. Алдас болно шүү дээ. Би бол Монголын цагдаа. Ноён Бхутто хоёулаа эр улсын ёсоор шуудхан ярилцъя, ингэж цаг алдаад юу хийх вэ? Би таны өмнө байна. Хүүхдүүдтйг чөлөөл, түүнээс нааш таньд валют өгөхгүй. Ийн хэсэг толхилцсоны эцэст тохирч, хүүхдүүдтйг нэг нэгээр нь буулгаж эхлэв. – Эр хүн, ноён Бхутто таньд талархаж байнаа. Бид чинь эрчүүд шүү дээ. Одоо багш бүсгүйг чөлөөлье. – Үгүй, валют иртэл тэр

энд үлдэг. Харваас тэр их айсан байна шүү дээ. Түүнийг буулгачих. Хамгийн сүүлд айн сандарсан Солонго онгоцноос цүнхээ барьсаар бууж ирэв. – Бурхан минь одоо хурандаа яанаа. Энэ үед Бадам хурандаагийн өгсөн зааварчилгааны ёсоор бор цаасан уутаньд хийсэн валют авчирсан залуус онгоцны шат өөд өгсөн эхлэв. – Ийм олон хүн наашаа гарах шаардлагагүй. Манай хүмүүс очиж аваг. – Залуус оруулах ёстой. Ингэхэд намайг энд байгааг мартаагүй биз. Би та нартай явахгүй шүү. – Дуугаа тат. Тэр хойно очоод хоёр гараа ар дагзан дээрээ аваачаад дээшээ хараад хэвт. Бадам хэлсэн ёсоор нь хойшоо онгоцны арын зайд очиж хэвтэв. – Хуурамч зан гаргах юм бол хариуд нь нилээд цус урсах болно шүү. Тусгай арга ажиллагаанд гаршиж мэргэшсэн хоёр залуу хамгийн сүүлд өгсөн ирж гар дээрхээ онгоцны шалан дээр хаялав. – Бага байна. Өшөө нэм гэж хэл. – Уучлаарай бид дээрээс өгсөн тушаал ёсоор л өгсөн зүйлийг нь тоо ёсоор авчирлаа. – Бага байна. Валютын хэмжээг нэм гэж хэл. – Энэ талаар та өөрөө манай удирдлагатай ярь даа. Би холбоод өгье. Удирдамж иртэл би энд байх болно. Бөөн уур уцаар болсон Бхутто залуугийн гараас утсыг шүүрэн авахад үүнийг нь хүлээж байсан залуу түүнийг элгэн тус газар нь цохиж өнхрүүлэв. Валют харан хамаг анхаарал төвлөрч байсан дээрэмчдийн бүлгийнхэн бөөн шуугиан болж бэлэн зэхээстэй буугаа

нэгэн зэрэг Монгол залуу руу чиглүүлэхэд навтасхийн доош унасан залуу Бхуттог өмнөө заамдан барьсаар босч ирэв. – Та нар бүслэгдсэн, шаардлага гарсан тохиолдолд онгоцыг манайхан дэлбэлэх болно. – Гэсэн ч та нар бидэндтэй хамт байна шүү дээ. – Бид тангараг өргөсөн Монголын цагдаа нар. Эх орон дуудсан цагт амиа өгөхөд бэлэн. Зэвсгээ хураалга. Онгоц нисэхгүй шүү. Дээрэмчдийн өлөн харц валют руу шуналтайяа ширтэцгээж бууны замаг тачигнана. – Зэвсгээ хураалга. Валют хуурамч – Муусайн новшнууд. Хүссэн хүсээгүй зүйл дуусгаад өгье л дөө. Бага оворт бууны дуу залуугийн мөрийг нэгэн халуун юм огцом түлхээд авах шиг болон тэр дорхиноо улаан зүйл хувцсыг нь нэвчээд ирэх нь тэр. Залуу Бхуттог гуд татан авчирч эрүүл зүүн гараараа чих уруу нь буугаа шигдэж улайтал тулгаад: – Энийг чинь нам буудлаа шүү хэмээн хашхирав.дээрэмчид мэгдэн харж түдгэлзэн зогсоцгооно. Бадам онгоцны хойд жигүүрээс ар нуруугаараа аажмаар биеэ зайлан дөхсөөр хэвтээ чигээрээ тэдэнд орйтож байлаа. Залуу өвдөж шархирах мөрнийхээ өвчинд зовиурлаж Бхуттогийн чих рүү

ёвроод авав. – Тушаалаа өгөөч чи. Би тоолж эхэллээ шүү. Арав тоолоход зэвсгээ хураалгахгүй бол эхлээд чамайг буудчихна даа. Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо, найм, ес, арав. Бхуттогийн амыг авахаар бууны гох чихэн дээр нь тачигнана. – Хараал идсэн бүтэлгүй новшнууд. Зэвсгээ хаяач. Тар тархийлдэн дээрэмчид буунуудаа онгоцны шалан дээр хаялна. Бадам аажмаар босч буунуудыг нэг нэгээр нь авч гаднаас тусгай албаны нэг залууд өгөөд Бхутто өөд хандаж: – Ноёнтон, залуусаа аваад морилж үз гэв. Бхуттогийн нүд усаар биш цусаар уйлах мэт улаанаар эргэлдэнэ. Тусгай албаны дайчин залуус дээрэмчдийг гавлан нэг нэгээр нь гаргаж эхлэв. Мөр нь шархадсан залууг халамжлан түшиж авсан Бадам, Бхуттог гавлахыг нэгэнд нь даалгаад залууг түшин хаалга чиглэтэл, маш хурдан хөдөлсөн дээрэмчдийн ахлагч дотуур энгэрээсээ яах ийхийн зуургүй хялгас ч тас хэрчим хурц чинжаал хутга гаргаж ирээд нүд ирмэхийн зуурдгүй Бадамын ар гол руу зоож орхих нь тэр. Дээрэмчний хурц хутганы үзүүр биенд нь хүч түрэн орж ирэх үес ”хээг” гэж арай чүү амьсгаа авсан Бадамын нүдэнд нэг их цэлийсэн гэрэл үзэгдээд дахин юу ч харагдахаа болив. Бие нь нэг их хөнгөн болчихсон ч юм шиг. Хажууд нь хэн нэгэн халаглан, мэгших ч шиг. Тун ч удалгүй дээш далбилзан хөөрөх ч шиг. Монгол улс том хохирол амсчээ. Монголын

цагдаад тасралтгүй гучин жил зүтгэсэн цагдаагийн хурандаа дээрэмчдийн гарт ийн алтан амиа алдав. – Новш вэ? Би, би чамайг болгоод өгье л дөө. Бадам хурандааг үхэтхийн унахыг харж, давчдаад явчихсан тусгай албаны ажилтан залуу Бхуттог цохиж өнхрүүлэнгээ ингэж хашхирчээ. Хаа газрын дээрэмчид ямар юмаа доншуучлан ирж манай хурандааг…гэх бодол залуугийн зүрхийг маажлана. Эдгээр дээрэмчид бол зөвхөн Монголын төдийгүй бүх хүн төрөлхтөний дайсан байлаа. – Хм. Тоогүй юм боллоо. Хараал идсэн Монголд хэрэггүй ирж. Дэндүү басчихжээ. Цаст уулын цагаан арслан цагаа болохоор шоргоолжинд баригддаг гэж. Бхуттогийн цаг ирж. Монголын нэг муу шалдан бандид баригдлаа. Гэхдээ гомдолгүй. Тэдний нэг чекистийг тонилгож чадлаа. Бхутто зүгээр л нэг бууж өгөхгүй шүү. Дээрэмчдийг баривчлан ачсан машинууд дохиогоо хангинуулан ар араасаа давхиж одоход дайчин хурандаагийнхаа цусанд будагдсан цогцосыг мөрөн дээрээ тавьсан залуус нүдэндээ нулимс тунаруулсаар гарч ирэн эмнэлгийн машин чиглэв. Монгол цагдаагийн сүр хийморийг биедээ өв тэгш хадгалж чадсан нэгэн сайхан хүмүүн орчлонг орхиж, мөрдөн байцаах албаны нэгэн тулгуур багана булгаран унах нь энэ. Хийж бүтээсэн их гавъяатай харамсуулж үгүйлдэгдсэн хурандаагийн араас хямрах мэт тэнгэр бүүдийн яах

ийхийн зуургүй хэдэн бороо дуслаад өнгөрөв. … Үнэнбат байж ядан холхисоор орой болгов. Хурандаа нь утсаа салгаад таг чиг. Хурандаагийнхаа уух тун чиг дуртай кофег өтгөхөн найруулж уусан ч байж тэсэхгүй сэтгэл нь донслох тул тэрбээр байж үл тэвчинэ. Зуны эхний нар төөнөсөн сайхан орой. Дээрэмчид Монгол оронд халдаагүй юм шиг, хурандаа нь тэднийг номхруулж дарахаар яваагүй юм шиг тайван амгалан, хүмүүн олон хөлхөлдөвч Үнэнбат дэслэгч тайван байж чадахгүй нэг л муугийн совинд бүрнээ эзлэгдээд байлаа. Түүний сэтгэл шаналан зовоод байлаа. Болъё, ингэж зовж байхаар явъя. Яваад очьё. Зүрх нь өвдөөд байсан юм. Эмийг нь аваад очьё. Үнэнбат яарч сандчин хурандаагийн өрөөнд орж ширээнийх нь нүднээс зүрхнийх нь эмийг аваад гарч одов. Тэнгэр бүүдийн баарагнаж ирсэнээ хэдэн том ширхэгтэнй бороо дусагнан тэгсхийгээд зогсов. – Тэнгэр уйлагнаад яагаад байгаа юм болоо. Яагаад ч юм бэ ингэж бодсоноо Үнэнбат хурд хэтрүүлэн цааш давхив. Төд удалгүй аюулын дохио хангинуулсан тусгай албаны гурван машин улаан тоостойгоо давхин гарч ирэхэд Үнэнбат замаа зайчлан зогсов. “Ашгүй дээ. Дээрэмчид баригдаж. Өнөө хурандаа минь сөхрөх дөхөж байгаа. Хурдан явах минь. Очоод зүрхнийх нь эмийг юуны түрүүнд ам уруу нь хйичихдэг хэрэг”. Нэг

талаар санаа амарсан ч түгших сэтгэл нь улам оволзоно. Бас л аюулын харанга гэлтэй түгшүүрийн дохио хангинуулсаар эмнэлгийн улаан хэрээст машин мөн л тоостойгоо довтолгон давхисаар зөрөн өнгөрөв. “Хөөрхий дөө хэн нэгэн хүн үхэл амьдралын заагт тарчилж байгаа бололтой”. Үнэнбат ийн бодсоор мөн л тоос босгон довтолсоор хэргийн газар очив. Тэнд Үнэнбатын ажлын чиглэлийн хэн ч байсангүй. Юу ч болоогүй юм шиг ажил амьдрал үргэлжилж хүн зон тайван налгар байлаа. Хурандаа замд зөрсөн олон машинуудын нэгэнд суугаад зөрөөд явчихсан бололтой. Намайг дуудчихгүй гэж өөртөө л гоморхсон Үнэнбат буцаж давхин ажил дээрээ ирэв. Жижүүрийн бүрэлдэхүүнээс эхлээд бүх хүний царай баргар. Үнэнбаттай таарсан зарим нь харц буруулан зөрж өнгөрнө. “Яачихсан юм болоо, бас дахиад хэрэг гарсан юм болов уу” ийн гайхширсаар Үнэнбат дээш өгсөв. Хэлтсийнхээ хаалгаар ороод тэрээр хөшин зогсчихов. Юу вэ! Нүднийх нь үзүүрт хурандаагийнх нь том зураг, өрөөсөн өнцгийг нь улаан хараар эмжчихэж. Муу ёр байгаа даа. Яаж байгаа юм болоо гэж зурвасхан бодсон залуу халаасаа ухаж хурандаадаа өгөх зүрхнийх нь эмийг тэмтичсээр өрөөнийх нь үүдийг татан оров. Хурандаагийнх нь лагс зузаан бие арай ч том болчихсон

юм шиг харагдаж доош тонгойн нэг юм онгично. Өнөөх л зүрхний эм биз. Хий онгичсоор л . Эм надад байхад чинь, Үнэнбат эмээ гарган алган дээрээ тавьж сарвайсаар хурандаад ойртон зогтусав. Түүний өмнө “Хүн амины гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс”-ийн дарга, хурандаа Төмөр ханхайн сууж байлаа. Хурандаагийн царай хөхрөн асга царайлж, эр хүний харамч нулимс нь саяхан асгарсан бололтой махлаг хацрыг нь даган усан хүрээ татуулсан нь илхэн харагадана. Хурандаагийн байдлыг харж зүрхээр ёгхийн хатгуулсан Үнэнбат зүрхнийхээ эмийг сарвайсан чигтээ хөшиж орхив. – Хүү минь суучих. Үнэнбат жаахан хүүхэд шиг нусаа татан хүндээр лагхийн суув. – Зүрхнийх нь эм үү? Хурандаагийн хоолой нь зангирах аж. – Тиймээ би сая өөрийнхөө хурандаатай андуураад. Хурандаа тийм уярал цөхрөлийн нүдээр Үнэнбатыг харж гар дээрх эмийг нь махлаг хэдэн хуруугаа чичрүүлэн байж аваад: – Манайхан дээрэмчдийг барьчихсан шүү дээ. Хурандаа чинь… – Ашгүй дээ. Би бүр зовоод байж чаддаггүй. Хурандаа яваа болохоор болох л байх гэж бодлоо. Ядарч зүрх нь өвдсөн байх гэж санаад эмийг нь аваад очсон зөрчихсөн байна. Төмөр хурандаа Үнэнбатыг их л өрөвдөнгүй харж нүдээр нь нулимс

цийлэгнээд ирэв. – Миний хүү. Амьдралын зөрлөг хэцүү шүү дээ. Бид маш их бүр асар их хохирол амслаа. Хурандаа чинь – Юу хурандаа. Манай хурандаа яачихсан гэж. Үнэнбат өөрийн эрхгүй хашхираад босоод ирэв. – Хурандаа нь төрдөө гавъяа байгуулаад бурхны орон зорьчихлоо. Ихээ том лантуугаар толгой дундуур нь буулгачихсан юм аятай хотосхийн хоёр гараараа толгойгоо тэврэн, ширээн дээр унасан Үнэнбат мэгшиж гарах нь тэр. Хаа газрын тагнуулчин дээрэмчид яах гэж наашаа ирдэг байна. Ээ хайран, дэндүү хайран хурандаа минь… …Ядамын түгшүүр улам л нэмэгдэж байлаа. Нэг гайг дараад ирэхээр л нэг гай нэмээд гараад ирдэг. Шоронд орсон хэдийг өөрийнхөөрөө айлгаж цочоож, загас шиг чимээгүй болгочихоод байхад чинь Бхутто бас юу чив дээ. Азийг чичрүүлсэн тэр дээрэмчин очиж очиж манайд ирж баригддаг нь юу чив дээ. Новш гэж. Их басаад байсан юм. Ингээд бодохоор Чингис эзний догшин сахиустай Монгол орныг басч болохгүй юм байна шүү. Би ч бас амны алдаа их хийжээ. Тэгээд л ингэж доройтоод байгаа юм болов уу. Бхутто новш юу юу гэж донгосох бол доо?. Хууль зүйн сайд, Аюулгүй байдлын ерөнхий газартай холбогдож Бхуттог харъяалах улс оронд нь хүлээлгэн өгөх нь зөв. Тэр

зөвхөн Монголыг биш Азийн улс орнуудыг чичрүүлсэн дээрэмчин. Түүнийг олон улсын шүүх шийдвэрлэх ёстой. Ядам бол улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн хүн учраас энэ талаар ярилцах санал дэвшүүлэх, тэр ч бүү хэл хууль санаачлах эрхтэй хүн. Олон улсын хэмжээний энэ дээрэмчинг яаж ийгээд Монголоос холдуулах хэрэгтэй. Ядам толгойгоо маш их ажиллуулж бодсоор л байлаа. Хамгийн том аюул бол Бхутто. Тэр новшийг адаглаж шоронд харж үзэх хэрэгтэй. Бхуттог эвээр хөлд нь суух маягаар өөрт холбогдсон асуудлыг хөнгөрүүлж болно. – Алив чи ороод ирээч. Туслах залуу яаран гүйж орж ирэв. – Хуулийн зөвлөхийг одоохон дуудаад орхи. – Ойлголоо Ядамын өмнө давхарлан тавьсан сонинууд, Бхуттогийн гавтай, гавгүй зурагнууд, амь үрэгдсэн Бадам хурандаагийн талаарх нийтлэлүүд. – Хцс. Юун ч сүртэй юм билээ дээ. Амьд байхад нь хэнч биш л байсан. Үхсэн хойно нь бүр магтаж өгөх юмаа тэнэгүүд чинь. Бүхнийг өөрийнхөөрөө бодох дуртай Ядам өмнөх шилтэйгээс хийж уунгаа Хууль зүйн сайдтай ярилцав. Яагаад ч юм бэ сайдын дуу бухимдуу байлаа. – Саяын баригдсан дээрэмчдийг яаж шийдвэрлэх вэ? – Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдана. Үнэнийг нотлох баримтаар нотолно. Өнөөдрөөс эхлэн Улсын мөрдөн байцаах газрын онцгой хэргийн мөрдөх хэлтсийн дарга, хурандаа Төмөрөөр

ахлуулсан мөрдөн шалгах хэсэг ажилдаа ороод байна. Тагнуул, Онцгой байдлын ерөнхий газрын шилдэг мөрдөгч нар ажиллаж эхэлсэн. – Миний бодоход сайдаа, тэдгээр дээрэмчдийг манай оронд байлгаад байх аюултай юм шиг. Тэднийгээ суллах гэсэг дараагийн дээрмийн бүлгийнхэн манайд халдага хийвэл яах юм бэ? Үгүй гэх газаргүй ш дээ. – Ойлгож байна гишүүнээ. Бхутто бол олон улсын хэмжээний дээрмийн бүлгийн толгойлогч, лалын хэт даврагч үзэлтэн, алан хядагч. Тиймээс бид бүхнийг бодолцсон. Цаашилбал мөрдөн шалгах үйл ажиллагаанд олон улсын мөрдөн байцаагч нар оролцоно гэсэн үг. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа Бхутто нарын хэргийг олон улсын шүүх таслан шийдвэрлэнэ. Бид маш том хохирол амслаа. Шилдэг мөрдөн байцаагч, цагдаагийн хурандаагаа алдлаа шүүү дээ. – Хэлээд юу гэх вэ! Би маш их харамсч байна. Хүндээр шүүрс алдах сонстон утас тасрав. Ингэхэд манай өнөөх сөөсгөр сүйд болно доо. Түүний дарга нь юм гэсэн. Их хэнхэг нөхөр гэсээн. За тэр ч яах вэ! Ядам дахиад нэг сонин дэлгэв. Гадаад мэдээ. Бүх Оросын төрийн Думын гишүүн ноён Качалькин хар тамхины хэрэгт холбогджээ. Хэдэн сарын өмнө ор сураггүй болсон орос бүсгүйчүүд хүүхнүүдийн алга болсон хэрэгт эрхэм Качалькиныг цагдаагийнхан сэжиглэж

байгаа бололтой. “– Хэцгий, энэ чинь одоо юу болох нь энэ вэ? Качалькин, нөгөө төмөр анархист. Качалькин хазайн эхлэх шив дээ. За за юм юм ч болох нь ээ дээ. Хэрэг буруудвал Качалькиныг номхруулах фото баримтаа ил гаргах нь зүйтэй юм байна шүү. Качалькин Орост, Бхутто Монголд дэнжигнэж, би гэдэг хүн хоёр эхнэртэй юмуу, гутал нь хавчаа юу гэгчийн үлгэрээр алцаганах нь шив дээ. Ер нь юмыг яаж мэдэх вэ, би улс төрийн сөрөг хүчний хүн, парламентийн гишүүн хүн, асуудал хурцдаад ирэх юм бол улс төрийн эсрэг тэсрэг үзэл бодлын зөрчилдөөнөөс Монголд амьдрах аргагүй шахалтаньд орлоо гэх нэрийдлийн дор төвийг сахисан орнуудаас улс төрийн орогнол гуйх ёстой. Энэ замыг одооноос нээх хэрэгтэй” хэмээн бодож дахиад нэг сонин дэлгэв. Мөн өнөөх “Үндэсний мэдээ” сонины

эхнйи нүүрэн дээр Ядамын зураг гараад ирэх нь тэр. Хараач хөөе, муусайн гөлөгнүүд чинь намайг аваад тавьчихаж. “Энэ удаагийн төрийн өндөрлөгүүдэд баячууд их оржээ М. Ядам тэргүүтэй толгой баячууд төрийн өндөр суудалд шургалсанаар хувийн эрх ашгийг төрийн албатай хослуулан олигархууд нэгдэн бий болж, улс орны хөгжлийг хойш татан, улс оронд нүүрлэсэн эдийн засгийн хямралыг улам бүр ихэсгэж байна”. – Үгүй ер мөн хуцаваа. Тэр чигээрээ ард түмэн ядуу байсан. Би парламентэд гараад ядуу болгочихоо юу хэмээн ганцаараа хэрэлдэв. Хуулийн зөвлөх залуу нилээд халууцсан бололтой минчийсэн улаан юм орж ирэв. Ядам түүнийг инээмсэглэн харж: – За залуу наашаа суучих – Яасан бэ захиралаа? Машин чинь зүгээр биз? – Зүгээр зүгээр. – Бас нэг шалихгүй ажил гараад. – За – Бхутто баригдсан.

Урьд өмнө нь бас ажил хэргийн холбоотой байсан юм. Тэр хүнд үед надад бас тус болсон юм. Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг. Монголын шоронд түүнд нэг хариу баримаар байна. Чи нэг очоод ирнэ үү дээ. – Тэгье тэгье та ч бас очиж болно шүү дээ. Хэнд ч мэдэгдэлгүй. – Болохгүй. Би Монголын нэг эзэн хүн. Бхутто бол дээрэмчин. Би очихгүй.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…