
“Гайгүй дээ чамайг. Өнөө шөнө л би чамайг зүйл дуусгаад орхиё. Заавал миний гараар чи үүнийг хийлгэхийг хүсээд байгаа бол.” Ядам уур уцаартаа бүрэн хөтлөгдөж ерөөсөө л дүүгээ устгаад нэг мөсөн
амрая гэж шийдээд нүглийн үүдээр шурхийн орж, хийморьт заларсан сэтгэлээ аргадахаар дахиад л архинаас ахиухан хийж аваад ус шиг залгилав. – Ядам хүү минь. Хүн өөрөө эрхтнээ тасалж хаяж чаддагүй
юм. Тулгаа чиний хамгийн чухал, тэгэхдээ бүр цусны чинь дусал бишүү гэж хэн нэгэн ийн хэлэх шиг сонсдон хамаг бие нь зарсхийгээд явчихав. – Бас хэн нь хаана юу гэж хуцаад байнаа. Хамаагүй хамаагүй.
Надад хэн ч юу ч гэсэн саад хийхээсээ өнгөрсөн. Хохь нь муу гуйлгачин. Яахгэж миний өмнө хөндөлдсөн юм бэ? Хохь нь. Ядам өөртөө ийн чарлаж зүрх сэтгэлдээ давчдан байлаа. – Ядаам хүү минь.
Өөрийнхөө цусыг дэмий бүү урсга. Ядам маш хурднаар хөдөлж аягатайгаа хийж хөнтрөв. Хэн нэгнийх нь хоёр нүд түүнийг цоо ширтэх шиг. Доторхи сэтгэлийг нь тольдох шиг ихээхэн сандарсан тэр

чухам яагаад байгаагаа ч мэдэх сөхөөгүй усан хулгана болтлоо хөлөрчихөв. Хаалга тогших сонсдон хамгаалалтын албаны хоёр залуу орж ирээд үүдэнд нь бэргэн зогсоно. Амнаас нь гарч ирэх үгсийг шүүрч авч биелүүлэхээр хүлээж зогсоно. Өндөр том биетэй булчин шөрмөс нь овойж товойсон юу ч хийхээс сийхгүй байрын хүйтэн харцтай залуу гэнэт тэдний зүгээс сэрүү татан хүйт үлээх шиг болоход цочсон Ядам толгойгоо өргөж тэднийг тийм гэж хэлэхийн аргагүй харцаар ширтэнгээ “Энэ зэрлэгүүд өнөө мууг минь дор нь сүйдэлчихнэ дээ” хэмээн харуусах мэт бодсоноо – Та хоёр яв. Миний дүүг. Миний цагдаа дүүг… хоолой нь сааралтан ээрч түгдэчснээ – Хамгаал. Сайн хамгаал. Бүр толгойтой үснээс нь ширхэг үс ч унагаж болохгүй шүү. Түүний хашгиран хэлсэн эдгээр үгийг сонсоод залуус шурхийн гарч одов. Тулгаагийн унаган мяриа нь арилаагүй шахуу бумбагар цагаан царай. Өөрийг нь дуурайсан том алаг нүд. Босоо шулуун хамар. Зулай дээр нь сөөсийн харагддаг тачирхан халимаг. Тийм ч өндөр биш
хирнээ өөртөө зөв бядлаг бие. Хиргүй цагаан инээд. Шулуухан хэлчихдэг ил цагаан үгс бүгд харагдах шиг болохуйд нүдээ тас анисан Ядам дахиад л шилтэйгээс хийж хөнтрөөд тас анин хэсэг суухдаа “ Иш чааваас. Би уг нь чамайг алчихаад ир гэж хэлэх гэсэн юм ш дээ” гэж цөхрөн бодов. Тулгаа ах уруугаа ойртон ирж тонгойгоод – Ахаа таниас аавын үнэр үнэртээд байна гэж хэлэх шиг болоход Ядам аажмаар нүдээ нээв. Дүү нь түүн үрүү ойртон ирэх шиг. Бүр түүний зүрх уруу урсаад орж ирэх шиг санагдахад Ядам мөнөөхөн харамч нулимсаа урсгаж гарав. Үгүй ер юм болгон энэ сөөсгөр намайг дийлээд байх юм. Даанч дээ бүр гомдмоор. Дэндүү гомдмоор. Ядам махлаг биеэрээ хүчлэн эргэж пиджакныхаа энгэрийг ухаж алчуураа гаргаад нулимсаа арчингаа босч хаалгаа түгжив. Тэрээр чөлөөтэй гэгч нь амьсгалах гээд чадалгүй одоо л нэг мөсөн гаргаад хаячихъя гэх шиг уйлж гарав. Жаал тайвширсны дараа мөн л архиа ууж – Муу эрх новш. Одоо яая гэх вэ? Тэгж л байхаас хэмээн эвлэрсэн мэт шивнэв. Хаалга цохин хуулийн
зөвлөх нь орж ирээд Ядамын муухай харц ширүүн төрхийн өмнө хүлцэн мэхийн зогслоо. – Суу. Цаад хаалгаа сайн хаачих. Хуульч залуу Ядамыг мэгдэн харж их л чухал яриа өрнөхийг таамаглан суулаа. Ядам сандлаа налан гэдийн зангиагаа сулруулаад нэг сайн амьсгаа авч – Бүтэд ингэхэд чи манайд хэдэн жил ажиллаж байгаа билээ. Байдал нэг л биш байгааг ойлгосон залуу – Би зургаан жил ажиллаж байна. Их л товчхон ийн хариулсан залуу ажилгүй болчих гэж байгаа юм биш байгаа хэмээн эвгүйцэв. – Чи чинь хойно орост төгссөн билүү? – Тиймээ. – Манайхаас байр авсан байхаа? – Тиймээ захиралаа. – За тийм байдаг байж. Хэн хэнтэйгээ амьдардаг билээ? – Эхнэр хүүхэд. Аав ээж гурван дүүтэйгээ хамт амьдардаг. – Олуулаа юм байна. Гэсэн ч миний буянд дутсан зүйлгүй биз. – Тиймээ захиралаа. Захирал нэг л биш байна. Нэг л хар орж дээ. Гүйцэтгэх захирал уу. Захиралын үүрэг гүйцэтгэгч Алтансүх үү. Санхүүгийн захирал авгай ч юм уу нэг л миний талаар алтан хошуу өргөөд амжсан бололтой. Гайгүй дээ муусайн юмнуудтай. Ажлаасаа халагдчихгүй бол. Эргээд нэг хариугаа
авна даа гэх таагүй бодолд хөтлөгдсөн залууер нь нэг уулзсан дээрээ өөрийгөө ойлгуулаад авъя хэмээн бодон биеэ цэхлэн суулаа. – Чи ямар машин унаж байна вэ? – Би машингүй. Хааяа зарим үед ажлын шаардлагаар корпорациас дуулагын машин авдаг. Ядам залуугийн яриаг нэг л тоосон шинжгүй агаад энэ нөхрийг ер нь итгэж болох нөхөр үү үгүй юу. Уг нь ч олон амьтан тэжээх гэж нуруундаа ачаа үүрсэн амьтан юм. Энэ ер нь хаашаа зайлдаг юм бэ? Манай байранд хүртэл амьдарч байна. Харваас аймхай нөхөр. Бас чамгүй хоронд чанагдсан нөхөр. Олон ч удаа хөөгдөх шахаад. Бусад нь үзэхгүй. Би л байлгаад байгаа болохоос. Энэ миний өмнөөс тийм ч амар нүүр буруулж чадахгүй. Адаглан гудамжинд гарна гэдгээ өөрөө сайн ойлгоно биз гэхчилэн бодсоны эцэст шийдэв бололтой нуруугаа цэхлэн сууж махлаг хэдэн хуруугаараа гэдсээ тогших мэт хөдөлгөөн хийж – Юу гэсэн үг вэМонголд толгой цохих том корпорацийн хуулийн зөвлөх явган таваргаж явдаг. Манай энэ санхүүгийн нэг нурмайсан авгай. За яах вэ би тушаамц. Өөр хэлэх хүсэх зүйл байна уу? гэхэд залуугийн нүүр баярласандаа маажиндсан мэт мэлтэгнээд
ирэв. – Өөр зүйлгүй юу? Чиний яаж ажиллаж байгааг би мэднэ. Танайх хоёр өрөө байранд байгааг ч би мэднэ. Олуулаа амьдардаг юм байна. Энэ байдлыг чинь бодолцож гурван өрөө байранд оруулж байрыг чинь томруулж өгье. Машин одоо ингээд өгнө биз. За энэ ахуй нөхцлийн асуудлыг ингээд орхиё. Харин залуу минь Корпорацийн чинь гурван хүн ганцад морилчихлоо. Нүдний чинь өмнө ийм л юм болж байна. Залуугийн нүд томроод ирэв. – Хэн тэр вэ захиралаа? Энэ үед Ядам хэвийн тайван амгалан сууж байлаа. – Менежер Бөмбөг. Өөр овог нэрээр удаа дараалан хил зөрчсөн хэргээр Цагдаагийнхан хэргийг нь хүндрүүлэх төлөвтэй. Гай дуудсан юм байлгүй. Нэг явалтаараа ор сураггүй алга болсон хүүхнүүдтэй явдал таарсан бололтой. Гаалийн бичлэгт тэдний ойролцоо явж байгаад орчихсон бололтой. Үүн дээр цагдаагийнхан сэжиглээд их хүндрүүлээд байх шиг байна лээ. – Тоогүй явдал болж. Цагдаагийнхан сэжиглээд зогсохгүй асуудал болох вий дээ. Хуулиндаа бол хэцүү шүү дээ. – Тиймүү? Ядам түүнийг мөн л цоо ширтсэн хэвээр харсаар – Өсвөр насны хориод хүүхэд алга болсон бололтой. Гэтэл тэр хүүхдүүдийг нь манай Гарьд, Мөнхдалай хоёр
хулгайлаад нэг газар түгжээд. Бас болоогүй нэг эмэгтэйг хүчиндэх гэж байгаад цагдаа нарт газар дээрээ баригдсан байх юм. Хуулийн зөвлөх залуугийн нүүрний арьс духан дээрээ атиралдаад гараад ирэх нь үү гэлтэй хуйлралдан үрчийн нүд нь томроод ирэв. – Би юу ч ойлгохгүй байна захиралаа. Арай ч дээ. Үнэн л байгаа даа. – Би ч бас ойлгохгүй байна. Би сонсоод яг чам шиг цочирдсон. Харамсалтай нь энэ үнэн. Мөрдөн байцаах газрын дарга нь надад хэллээ ш дээ. – Арай ч дээ. Тийм юм хийх гэж. Өөдгүй амьтад юм даа. – Тэр өөдгүй амьтад та бид хоёрын удирдлаганд нэг тогооноос хооллоод ийм ажил хийж явсан байна ш дээ зөвлөх минь. – Одоо тэгээд олдсон нь аз болжээ. Хүүхдүүд сүйд болох байж. “Уухай энэ чинь бас надад дайсагнах нөхөр гараад ирэхнүү. Үгүй юу” гэх шиг Ядам түүнийг муухай хараад – Олдсон нь яах вэ? Наад зах нь энэ новшнуудаас болоод миний нэр хүнд, ажил төрөл, корпорацийн нэр хүнд, худалдаа бизнес, гадаад харилцаа гээд бүх юманд гай нүүрлээд байна. Харин ч цагдаагийнхан намайг хүндэтгээд хэвлэлийнхнээс нууцалчихаад байна. Ажил бизнес, нэр хүнд маань сэвтээд ирвэл. Бид нэг хэсэгтээ л хэцүүднэ. Ичсэн хүн хүн алахаас сийхгүй. Тэд энэ гэмт хэргээ корпорацитай холбож
тайлбарлах вий л гэж би зовж байна. Хуулийн зөвлөхийн нүдэнд бодлогширол гүймэглэж Ядам өөд хараад – Би тэдэнтэй биечлэн уулзъя даа гэлээ. – Цагдаагийнхан уулзахыг зөвшөөрөх юм уу? – Урьдчилан хорих газрын дарга нь миний найз. Надтай хамт Эрхүүд хуулийн академи төгссөн юм. “Үгүй тэр хараач. Эр хүн хөөе.” Ядам энэ удаа залууг ихэд тоосон байртай харж махлаг хацраа цүлцэгнүүлэн хөхөрч – Тийм бол даруйхан уулзад орхи. Цаадуул чинь ямар байдалтай байна. Ус балгасан юм шиг чимээгүй бай. Хэрвээ миний нэрэнд сэв суулгах юм бол хохь чинь шүү гэж хэл. Аа тийм чи бас юмыг яаж мэдэх вэ Намсрайн Одончимэг гэгч эмэгтэйн сургийг гаргахыг хичээгээрэй. Тэгээд би чамд мөнгө зарлагадана. Цаад нөхөддөө миний нэр хүндийг сэвтүүлэхгүй өнгөрөөхийн тулд яаж, юунд зориулахаа өөрөө мэд. Мөнгө хайрлах хэрэггүй. Ямар Их хурлын гишүүн би өөрөө доошоо ороод гүйлтэй нь биш. Нэгэнт хуулийн зөвлөх гэж сул хүн тэжээж байгаагийн хэрэг юу билээ. Чамд энэ ажлыг даатгая. Миний итгэл найдварыг хэлснээр хүлээж чадвал чиний өмнө
амьдралын дээд эд баялаг өөрөө л бий болно. Тэр цагт чи аз жаргалын дээдийг эдлэх болно. Харин миний өмнө хөндлөн гишгэсэн хэн боловч би няц гишгэнэ. Үүнийг нэг анхаарчихаарай. Чи тэгээд өнөө орой тэр новшнуудтай уулзах уу? Тэгсэн дээр байх. Цаадуулаа айлган сүрдүүлэх нь хууль ярьснаас дээр шүү. Чамд одоо мөнгө хэрэгтэй болох нь тийм үү. Ямартай ч май. Хоёр мянган доллар. Ядам тайвширчээ. Үгүй ер. Мөнгө байхад болохгүй юм байхгүй. Бүгдийг болгоно. Шал дэмий юманд өөрийгөө зовоох юм. Юундаа ингэж бухимдав аа. Хаа очиж манай энэ цовоо сэргэлэн нөхөр байна. Ер нь тэгээд Их хурлын гишүүний бүрэн эрх байна. Тэгээд ч муусайн шоронгийн хулгайч нарын бурснаас тэгэж надтай зууралдах хэн байх вэ? Хэн тэднийг тоож үнэмших юм. Хуулийнхан, хуулийнхан л гэнэ. Учраа мэдэх хашрууд. Ядамаар нэг их оролдохгүй биз. Ер нь гүйцэтгэх захирал, санхүүгийн захирал хоёртойгоо сайтар ярилцаж, өрийн сүлжээгээ тэглэж татварын ямар ч НО-гүй байх нь зөв юм байна шүү. Намайг оролдоод шиншлээд ирэг. Улаан мөнгөний өргүй намайг тэд яах юм бэ? Ирэх долоо хоногт тойрог дээрээ очиж бага сага юм цацъя. Өнчин
хүүхэд, хүүхэд асрах төвийнхөнд жаахан хандив цацъя. Юмыг яаж мэдэх вэ? Хууль зүй байнгын хорооны хэд, Яамных нь сайдыг, Дээд шүүх, Улсын прокурорын эрх баригч томчууд, Цагдаагийнхны удирдлагыг өөр хооронд нь мэдэгдүүлэхгүй сэмхнээ цайлж, анд урин алган дээр нь жинтэйхэн юм хаячихъя. Алс нь хэрэгтэй. Хэвлэлийн бага хурал хийж, гэрт халдсан дээрмийн хэргийг өнөөх золгүй гуравтай холбон тайлбарлаад өөрөө хохирогч нь болоод ирэхийн үес Ядамыг ер нь яах юм бэ? Яаж ч чадахгүй шүү дээ. Жаргаж байна даа жаргаж байна. Мөнхийн ганц хүү. Хараал идэж, уур барсан хар Сөөсгөр. Томоогүй байна даа чаавас. Нэг л их мундаг хүн болох гэж давхиад. Онгирч хөөрсөн хүн. Эрх хар золиг. Ийн тайвширсан Ядам овоо тогтуун сууж архинаас уув. Сайхан залуу охинтой унтахсан золиг бол. Эр хүн байна даа. Ойрд сахил хүртсэн лам шиг л явлаа. Үгүй өнөөх гайт сөөсгөр ороод ирэх вийдээ. Янзын золиг шүү. Ядам утсаа авч мөнөөхөн До захирал уруу ярьж залуухан охин хэрэгтэй байгаагаа
хэлэхэд сургууль төгсөх шалгалт эхэлчихсэн. Жинхэнэ сайхан охид хэд л бол хэд байгааг хэлээд одоохон очино гэсээр утас тасрав. Утас нь дуугарч байна. Бие сэтгэл нь сэргэж юу л бол юу хийхэд бэлэн болчихсон Ядам инээмсэглэсээр утсаа авав. Бхуттогын дуу. Нилээд бөглүү хол сонсогдоно. – Эй сайн байна уу ноён Ядам. – Эрхэм түншийн амрыг эрье. – Ноён Ядам би таныг хүлээж байна. Манай хүмүүс таниас ирэх барааг хүлээн Шанхайд саатсаар. Ядамын сэтгэл зовох шиг болж Тулгаад гомдох гомдол нь үерлээд ирэв. Одоо яая гэх вэ? Нэгэнт бүтээгүй юмыг. – Ноён Бхутто манай хүмүүс бүтэлгүйтсэн. Газар дээрээ баригдсан. Одоо шоронд байна. – Аль бүтэлгүйтэхийг тэр гэх вэ? Харин та өөрөө зүгээр биз. – Би Монголын нэг эзэн хүн шүү дээ. – Ойлгож байна ноён Ядам. Таны хүчирхэгийг би мэднээ. – Ноён Бхутто таниас хүлцэл өчье. – Зүгээр дээ ноён Ядам. Таны бас нэг туслалцаа надад хэрэгтэй байна. – Ноён Бхутто таныг би сонсч байна. – Баярлалаа ноён Ядам. Миний санхүүгийн байдалд хүндрэл учраад байна. Иймд би танай сайхан эр орныг зорих гэсэн юм. – Чухам ямар зорилгоор… – Бяцхан өдөөн хатгалаг хийж танай засгийн газраас жаахан валют салгах хэрэгтэй байна. Бас миний бүлгийн хүмүүс ерөнхийдөө цөөрсөн. Шриланкт би саявтар нилээд их хохирол амслаа. Монголын
хүүхдүүд мах иддэг болохоор зориг ихтэй. Би зоригт Монгол хөвгүүд олзолж ирнэ. Үгүй ер даварсан муу Турк вэ? Новш чинь. Одоо байтлаа намайг тулгаж шаардах нь шив дээ. Тэгэж ч бас ярихгүй шүү. Би Монголын парламентын гишүүн. Эзэн хүн. Чи муу Турк надад өдөөн хатгалга хийж намайг тонон дээрэмдэнэ гэж их андуурав уу. Гайгүй ч хэвтэнээ. Би хүн худалдсан нь үнэн. Харин Монголоо худалдахгүй. Хэнд ч дээрэлхүүлэхгүй. Хэдийгээр утас нь тасарсан ч бас л бөөн уур. Жинхэнэ үзэн ядалт уур хилэн дүрэлзээд ирэхэд салгалан чичихийлсэн биеэ эзэмдэхийг хичээсэн Ядамд архи уух хүсэл ч төрсөнгүй. Чи Монгол эр хүнийг дэндүү басч байна даа Бхутто. Хараарай. Утас нь дахиад л дуугарав. Өнөөх Бхутто. Маш их бухимдсан Ядам энүүнээс л боллоо гэх шиг хэд сэгсчиснээ утсаа шүүрэн авлаа. – Эй ноён Ядам. Манай хүмүүс маргааш танайхыг зорилоо шүү. – Ноён Бхутто. Та надаас яг юу хүсээд байгаа юм бэ? – Би таньд хэлсэн шүү дээ. – Ядам бол Ядам. Монгол бол Монгол шүү дээ. Монгол орны ирсэн зочдоо тийм ч их давруулдаггүй юм. Догшин сахиустай орон шүү. – Ноён Ядам. Ингэхэд та намайг хүлээн зөвшөөрч туслахгүй гэж байгаа юм уу? Та надтай хүнээ наймаалсан ш дээ. – Цус урсгахыг би
зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл би Монголын эзэн хүн. Гэртээ ирсэн зочинд толгойгоо гундайлгаж, хүзүүгээ сунгаж өгөхийг хүсэхгүй байна. – Эрхэм ноёнтоон. Би ердөө гуравхан хононо. Хүний наймаа. Хар тамхи. Таныг тойрсон ял ч бас бий ш дээ. – Би юунаас ч айхгүй. Намайг сүрдүүлсний хэрэггүй. Цус урсгаж болохгүй шүү. Би Засгийн газарт нөлөөлөхийг хичээе. – Баярлалаа ноён Ядам. Утас тасрав. “Үгүй ер. Нэг гайг арайхийн зохицуулж байхад нөгөө гай бас гараад ирдэг. Жинхэнэ гай. Жинхэнэ гай. Жинхэнэ хараал идсэн муу новшийн Турк. Ядам шанаагаа тулан суусаар. Дахиад утас. Гай татсан энэ муу утсыг нэг хэмх шидье. До захирал байлаа. – Нэг сайхан охин бэлэн боллоо. – Энэ удаа болъё доо. Ажил амжихгүй нь. Жинхэнэ гай нүүрлээд байхад. Юуны чинь хүүхэн шуухан. Одоо яах вэ? Бхутто бол тоглоом биш. Түүнийг басч болохгүй. Түүний бүлэглэл том. Яаж ч мэдэх хүмүүс. Монголд төдийгүй Азид нүүрлэсэн аюул Бхутто. Бхуттог яаж зохицуулах вэ? Ядам түгшүүрт бүрнээ автагдав. Түүнээс гай салахгүй дагаад байгаа нь ойлгомжтой боллоо. Тэд юу ч хийхээс сийхгүй. Цаг
нь болж дургүй хүрэх юм бол Ядамыг ч боомилохоос сийхгүй.. аймаар юм. Ямартаа ч яс махны тасархай төрсөн үр, дүү хоёр нь эхлээд бодогдоод ирэв. Юмыг яаж мэдэх билээ. Хүүгээ хамгаалалтаньд байлгах нь зөв. Өнөө муу сөөсгөр. Тэнэг юм чинь хамгийн түрүүнд давхиж очоод нам буудуулахаас сийхгүй шүү. Заримдаа ч залхаж гомдмоор юм даа энэ хорвоо. Хүн амар жимэр сайн сайхан амьдрахыг хүсээд байхад чинь л. Яалт ч үгүй тулаад ирсэн гайг туулаад тэсч гарахыг бодохоос. Бодоод бодоод бодын шийр дөрөв гэгчээр. Яаж ч бодоод гарц үл олж Бхуттог зайлуулах аргаа үл олсон Ядам архинаас уув. Сэтгэл санаагаар хямарч түр ч атугай юу ч бодож санахгүйг хичнээн согтохыг хүсэн уусаар байлаа. Ядамыг хоёр талаасаа түшүүлэн согтуу ирэхийг харсан Өлзий эх цөхрөнгүй толгой сэгсэрч гал тогоо уруугаа оров. Энэ хүүхэд нэг л бишээ. Хүн амьтаньд үзүүлж харуулахгүй бол ерөөсөө болохгүй нь. Сайхан эхнэрээсээ салж ер нь юу л болоод байна даа. Явж явж энэ Ядам намайг зовоох нь шив дээ. Муу бүрлээч эцэг нь байсан бол арай ч ингэхгүй л байсан байх. Муу өвгөн минь харин ч азтай юм. Үр хүүхдийнхээ зовж гутрахыг үзсэнгүй
буянтай амьтан. Хаалга тайлангааа эх ийн бодсоор л байлаа. Нүд нь улаанаараа эргэлдсэн Ядам хорвоод тэнцвэр алдах мэт гуйвчин орж ирлээ. Дагуулууд нь хувцсыг нь тайлах гэж ноцолдоход цааш нь түлхчихээд гадуур хувцасныхаа нэг ханцуйг тайлан өлгүүрийн өмнө унаад өгөв. “Үгүй ер байж байгааг нь. Амьтан хүн ч юу гэх юм билээ” эх тонгойн хүүгээ босгох гэж ноцолдоно. Пээ ингэтлээ согтдог. Бурхан минь. Төр түшилцэж байгаа хүн гэх. Түмэн олон харвал гайхаж, гомдох байгаа даа. Энэ хэдэн дагуулууд нь ч дээ дүүрч. Нүд чих нь алт болж. Ингэтлээ архи уудаг мөн муухай хүү еэ. – Алив хүү минь бос. Аяга сувсанд ингэтлээ хамаг юмаа мэдүүлдэг нь юу чив. Босч үз. Эцэст нь эмгэн дагавар хүүдээ үнэн сэтгэлээсээ ундууцав. – Яаж байгаа чинь энэ вэ? Төр харж байна хүү минь. Бодол ухаан, бие цогцсоо архинд мэдүүлэх чинь юу чив. Чи төрийн хүн шүү. Үгүй ер төрийн сүлд хилэгнэвэл яана вэ? Согтуу хүн сохор ухаантай гэж Ядам ээрэгнэн тэмтчин босох шуу аядахад, гадуур хувцасыг нь амжиж тайлсан залуучууд түүнийг өргөх шахуу оронд нь хэвтүүлэв. – Одоо болно
хүүхдүүд минь. Хүү ингээд унтчихна. Харин ч миний хүү яаж ч согтсон гадуур хонодоггүй юм. Явцгаа хүүхдүүд минь эртхэн харьж амарцгаа. Залуус чимээгүйхэн гарч одоход нойтон алчуур барьсан эх өвдгөөр нь хатгуулах хөлөндөө эмзэглэн майтарсаар Ядамын өрөөнд орж толгой дээр нь хүйтэн жин тавихад Ядам түүнийг нь аваад газар хаячихав. – Боль больцгоо та нар. Миний мууг үзэж бахаа хангаж байна уу. Тиймээ, тийм загасны мах заагтай гэж. Яагаад намайг ингээд байгаа юм. Би мэдэж байсан юм аа мэдэж байсийм. Аав таныг дагуулаад орж ирсэн тэр өдөр л би ганцаардахаа, ингэж зовохыгоо мэдсэн юм. Би ганцаараа хүн шүү дээ, ганцаараа хүн. Цор ганцаараа хүн. Аав минь ч байхгүй. Учрал хүртэл надаас нүүр буруулан зугтсан. Хүүхний сайхан царай шигээ байдаггүй юм байна лээ. Үгүй юм байна лээ. Үр хүүхэд ч надад алга. Үгүй байгаа. Харин би аав нь болох нүүргүй хүн. Та сонсч байна уу. Битгий намайг өрөвдөөд хараад бай. Яг яс юман дээрээ та Тулгаагийн талд л орно. Тэр төрсөн хүү чинь юм чинь. Аавтай, бас надтай адилхан тэр хүүхдийг би дэндүү их хайрласан. Түүнийг би юугаар ч дутаагаагүй. Алдар нэр, ажил төрөл, эд хөрөнгөөр тэр дутаагүй. Ишиг эвэрээ ургахаар эхийгээ эргээд
мөргөдөг. Тулгаа яг тэгсэн. Намайг мөргөсөн. Надаас байнга өө хайдаг. Тэр хүү чинь намайг шоронд хийхийг хүсч байгаа. Шоронд шүү. – Нүгэл гэм. Миний хүү арай ч тийм муухай юм хийхгүй. Хүүхдүүд минь эвтэй байж үзээч дээ. Чухамдаа би тэр нь минийх, тэр нь хүнийх гэж огтхон ч ялгадаггүй юм шүү дээ. Дээр тэнгэр байна. Агсагнаж элдвийг сөхөж дэндүү эмзэг газрыг нь маажлан буй дагавар хүүдээ хязгааргүй гомдсон эх хоёр мөр нь чичрэгнэн хатаж гандсан уруул нь өмгөнөсөөр уйлж гарав. – Та өмөөрч байна уу? Өмөөр өмөөр. Тулгаа таны төрсөн хүү юм чинь өмөөрөлгүй яах вэ? Харин намайг гэх хэн ч байхгүй. “Энэ хүүхэд нэг л гомдоод байгаа бололтой. Надад л их гомдож дээ. Нээрээ л загасны мах заагтай гэж би гомдоогоод байгаа юм болов уу. Тэгсэн бололтой. Үгүй дээ үгүй яалаа гэж Ядамыг, би өөрийн таваасаа илүүд боддог юм шүү дээ. Өнчин хүн өөнтөгч гэж энэ хүү өөрөө л өө хайгаад байгаа юм болов уу даа. Гомдол хар аяндаа л төрж хоолой нь зангирна. Мах нь шуугдсан хоёр хацрыг нь даган нулимс асгарна. Амьдралын энэ гашуун нулимс хэзээ нэг дуусах бол гэж хөөрхий эх цөхрөн бодов. – Би ганцаараа хүн. Тэр Тулгаа чинь намайг гуйсаар байхад, миний гурван ажилтанг шоронд хорьсон. Эхнэрээ өөрөө зодож хараагүй болгосон гээд хээвнэг ярьж явна. Одоо
би сонинд бичигдэж, цагдаад дуудагдана. Корпорацийн минь үйл ажиллагаа зогсох болчихоод байна. Ийм байхад чинь би зовохгүй гээд яах юм бэ? Архиар хань хийхгүй яах юм бэ? Би гандаардаж, ганцаардаж байна. Эх нулимс дуслуулсан чигээрээ мөлхөх шахуу Ядамд ойртов. Нөгөө золиг Тулгаа муу барам ахыгаа зовоогоод байгаа бололтой. Гомдохоос биш яах вэ. Хамаг байдгаа тэр золигт л зориулж, сургууль номтой болголоо. Хирийн хүний хийдэггүй ажил хйиж байна. Унаа машин янз янзаар нь солиод. Байр орон сууц. Ахын буянд юу дутлаа гэж аархана вэ? Муу золиг. Чамайг би нэг болгоолд өгье. Эх мөлхсөөр Ядамын орны толгойны тушаа очиж хэдэн мойног хуруугаа салгалуулан байж, духан дээр нь гараа тавив. Ядам уусан архиндаа ч тэр үү сэтгэл нь тавгүй болоод ч тэрүү халуурч байгаа юм шиг толгой нь жигтэйхэн халуун байлаа. Халуурч байгаа юм биш байгаа даа. Эх санаа алдаж, хүйтэн алчуур толгой дээр нь тавьж – Миний хүү аяга халуун юм оочно уу? Энэ удаа Ядам муухай ааш гаргасангүй. Чив чимээгүй хэвтэнэ. – Юу л болоод байна даа. Хүүхдүүд минь. Та нарын зовохыг хараагүй шиг нүд анихсан. – Нүд анихаас чинь өмнө би шоронд орж зовоохгүй юмсан. – Муу ёр. Юу хэлэх чинь энэ вэ? Дүү чинь яагаад байгаа золиг вэ? – Мэдэхгүй ээ ээж минь. Намайг нухчин
дарахыг л зорьсон бололтой. Үнэн шүү. – Бурхан минь. Хорин нэгэн дарь эх минь. Яаж байгаа туучий вэ? – Дүү минь намайг дампууралхыг зорьсон юм чин миний улыг шагайгаад байна. – Гайгүй байлгүй. Чамайг ч тэгж дураар чинь тавих байлгүй. Муу хогийг. Гадагшаа яваад ирсэн миний менежерийг зөв зүгээр байхад нь хорьсон. – Өөдгүй золиг вэ? – Өнөөх хүүхдийн эх эмэгтэй байна ш дээ. Нөгөө Одончимэг… – Тэрийг бас шоронд хийчихсэн. – Хүүе лам гурван эрдэнэ минь яаж байгаа улаан сухай вэ? Хүний нялх үрийг… зовж яваа амьтныг. – Надтай бол ана мана үзнэ ш дээ элэг дүүрээ үрүү цохиод байгаа юм чинь – Тэр гэм чамайг дээ би. – Сүүлд нь манай хоёр ажилтныг хүүхэд хулгайлсан гээд бас шоронд. – Нүгэл гэм яадаг хар хижиг вэ? – Тэгэд ахмад цол аваад цагдаагийн одонгоор шагнуулчихсан байна лээ. – Тээр гэм, хэнийгээ дуурайсан улаан сухай вэ. – Би бүр гомдоод. Тэгээд л архи ууж тайвшрах юм. Ээжээ архи өгөөч. – Миний хүү битгий архи уу… Эх яаж ч чадалгүй архи авчирч өгөөд Ядамыг өрөвдөж хөдөлж ч чадахгүй суусаар л байлаа. Үгүй ер миний хүү нэр алдрын хойноос ахыгаа худалдахдаа тулсан гэж үү? Арай ч тийм хүү бишсэн, одоо байтлаа төрсөн үрээ хүртэл мэдэхээ болих нь
шив дээ. Ай хөөрхий миний зовлон ер дуусах болов уу?. Ядам ву гэж худлаа хэлэх вэ дээ, амь шигээ л хайрладаг юм чинь. Зовж ичсэн гэж яаваа, ганц өөд нь татсан ахыгаа ингэх ч гэж. Эхнэр нь хаяад явчихсан, одоо бодоод байхнаа манай өнөөх гүйж очоод арай ах таныг тийм болгочихсон, та сал гэсэн юм биш байгаа даа, яадаг билээ бурхан минь, энэ бага бас зовоож эхлэх нь. Ядамын архи ууж байгаа нь тэр золигоос л боллоо. Тэгэлгүй яах вэ дээ, гомдолгүй яахав, намайг амьд задарна гэнээ чи. За байз, талийгчийн хүүхдүүдээ ороолгодог байсан сур хаана бий билээ. Эмгэн майжиганан унтлагын өрөөнд орж жижиг авдар түлхүүрдэн онгойлгоод алд хэрийн хөх сур гаргаж тавив. Хаалганы хонх хэдэнтээ дуугарахад бага хүүгээ ирлээ гэж өндөлзсөн хөгшин харан хэвтсээр л байв. Өөрт нь түлхүүр яваа даг, онгойлгоод ороод ирнэ биз. Хэдэнтээ хонходсоны эцэст хаалганы цоож дуугаран Тулгаа орж ирээд үүдэнд хөлөө арчин буй нь сонсогдоно. Муу хүүдээ хоол хийдэг ч байж уу, ходоод гэдэс нь наалдах шахсан амьтан л яваа даа. За яршиг намайг үхэхээр яах юм бэ? Өөрөө хоолоо хийж идэж сураг, муу ахыгаа зовоогоод. Олхиогүй зан сурч байгаа муу шаар. Өлсвөл өлсч л байг, үгүй ер юу дутлаа гэж муу ахыгаа… Тулгаа гал
зуухны өрөөнд орж байгаа нь сонсдоно. Уг нь гарын дор хоолны юм ч бэлэн байгаа даа. Юу байх вэ, аягахан юм хийгээд идчихгүй хэвтээд өгнө дөө залхуу золиг чинь. Бага хүүгийнхээ чимээнээр эх ингэж бодон уймарч хэвтэнэ. Хүүгийнх нь данх савны таг авч байгаа нь сонсдоно. За тэр өлсч дээ, хоолыг нь хийдэг л байж. Хэлж яриад л ойлгуулна биз, муу хүүгээ өлсгөөд. Хөлийн чимээ ойртсоор өрөөнд нь орж ирэхэд эх буруу харсан чигтээ нүдээ анив. Тулгаа эхийн дээрээс тонгойн хөнжлөөс нь татаад: – ээж, ээжээ та яасан бэ? Бие чинь өвдөө юу? Эм уусан юмуу гэж сандрангуй асуув. – Гайгүй ээ гайгүй, хүн цочоохдоо яадаг юм. Сүр сар хийгээд. Хоол ундаа хийж идээд унтахгүй юу. Толгой дээр нь гараа тавьсан тулгаа: – Яасан бэ? Юу чинь өвдөөд байгаа юм бэ, би эм аваад ирье. – Хэрэггүй ээ хэрэггүй, эмээрч яадаг юм. Хурдхан л нүд аних минь. – Яасан намайг оройтлоо гэж уурлаад байгаа юмуу?би одоохон таньд хоол хийгээд өгье. – Шөнийн тэн болсон хойно хоолоор ч яадаг юм. – Тэгээд яах юм бэ? эм уух юмуу үгүй юмуу? – Үгүй ээ үгүй. – Ахыг архи уулаа гэж уурлаад байгаа юмуу? – За цөг, архи уухгүй яадаг юм – Юу.. архи уух нь зөв юмуу, удахгүй улсын
ир хурлын согтуу гишүүн гээд л сонин дээр бичигдэнэ дээ. – Чи ер нь барагтайхан аашлаарай. Яах гэж дандаа муу ахыгаа гомдоож байдаг юм бэ? Битгий буруу аашлаад байгаарай чи! – Би яаж буруу аашилсан юм бэ? – За гайгүй, маргааш Эрдэнийг дуудаад мөчийг чинь тас цохиулаад өгье би. Эх бага хүүгээ айлгах гэхдээ өөрөөсөө гарсан том хүүгээрээ ийн гул барив. – Хм, юундаа ингэтлээ уурладаг байна аа. Нэг нь уурлаад, нөгөө нь архидаад л бөөн хар энерги. Уруудах айл уурлах, архидах гэж. – Цөг чи. Ишиг эврээ ургахаар эргээд мөргөнө гэж. Ядам бид хоёрыг адалдаг болох нь уу байтлаа. – За за битгий үглээд бай, ядарч байна унтах минь. Хоолоо хийж идэхгүй юу. Дэндүү залхуу. Намайг үхэхээр яанаа чи. Би удахгүй биз. – Хоол идэх хүсэл алга, уур унтуунд чинь цадчихлаа. – Пэй байж байгааг нь, хэлж байгааг нь. Үг газар гээхгүй хэрэлдээд. Ядамын хэлдэг яг үнэн ш дээ. За гайгүй ээ өглөө болог. Гувруу болтол чинь хэд ороолгоод өгье чамай муу хүүг. Эмгэн орон дотроо гацаараа ярин өнөөх сураа гартаа атгасаар зүйрмэглэв. Нэг мэдэхэд өглөө болчихжээ. Цагаа харвал дөнгөж долоон цаг. Хурандаагаас хэцүүхэн даалгавар авсан Тулгаа яаран босч хувцаслав. Жирийн чөлөөт хувцасласан нь илүү дээр, жинсэн өмд,
үнэтэй ноосон цамц өмсч наймаачны дүрд амархан хувирав. Одончимэгтэй уулзаж чадсангүй. Хурандаа яагаад надтай Одончимэгийг уулзуулахаас татгалзав. Арай бидний урьдны холбоог таамаглачихсан юм биш байгаа даа. Мэдсэн ч яах вэ дээ. Би хүн л юм чинь хайрлаж дурлаж болно биз дээ. Бөмбөгөөс байцаалт авахыг хойшлуулсан. За яах вэ, мухар сохор эрэлд дахиад л гарч дээ. Энэ удаа хүний нутагт. Ах хялалзаж, ээж уурлаад л намайг ч сайхан үдэж байна даа. Ах баахан хов ээжид зөөгөө биз. Нийгэмд хор уршигтай, аймшигтай хэрэг хийсэн хүмүүсийг би баривчилж хорихгүй гээд яах юм бэ? Тэднийг хорилоо гэж уурлаад байгаа юм байх даа. Нэр төр, ажилд нь харшилчих вий гэж зовоод байхад чинь архидаад л хүнд гар юм даа манай ах. Хурандаагийн маань царай бүрсийгээд нэг л тааруухан харагдах юм. Бие нь гайгүй байгаа даа. Үнэнбат байгаа юм байна гайгүй байгаа. Явахаасаа өмнө Учрал эгч дээгүүр ороод гаръя. Манай ах үнэн учир нь олдохгүй хүн юм даа. Өчигдөр яаж байгаа бол, хоёрын хоёр бие хамгаалагч явуулаад л. Намайг юунаас хамгаалдаг юм бол. За ээжийн уур нь гарч надад аяга хоол цай хийж өгөх нь үү, үгүй юу. Уг нь хол явж байгаа юм чинь ээжийнхээ гарын цай, хоолыг идээд явах юмсан. Тулгаа барьж явахад авсаархан жижиг чемоданд хэрэгцээнийхээ юмыг хийж, аваад гарахад бэлэн болгов. Ядам боссон
бололтой хүнд алхаа сонсдон амьсгаадна. Ээж нь ч мөн боссон бололтой гал тогоонд хаа нэг сав суулга дуугарна. Тэд хоорондоо ярилцаж байгаа нь хагас онгойлгосон хаалгаар чих дэлсэн: – Миний хүү цайгаа ууна уу? – Үгүй ээ ус уучихсан. Дотор зараа орчихсон юм шиг л байна. – Битгий их архи ууж бай. Наад бие хаагаа бод. – Өчигдөр бүр уумаар санагдаад, сөөсгөр ирсэн юмуу? – Шөнийн тэн болсон хойно л салгалж ирнэ лээ. Хар хог. Аяга хоол ч идчихгүй хэвтээд өгөх юм. Арчаагүй золиг, намайг үхэхээр яах болж байна. – За харин ч тэл талаараа сөөсгөр бид хоёр адилхан даа. Та л үхэж болохгүй шүү. – Тээр, үхлийг би бас зохицуулах уу? Яана даа, та хоёрыг би. – Сөөсгөр бид хоёр яах вэ дээ, муудаж сайдаад хоног өнгөрөөх байх даа. Нэг бол ус уугаад л нэг бол талх идээд л. Би архи уугаад л, сөөсгөр тэнээд л. – Пээ мөн үйлсгүй арчаагүй хүүхдүүд ээ. Эх ийн уулгалж Тулгаа инээд алдав. – Эвтэй л байвал болно доо миний хүүхдүүд. – Сөөсгөр ч надтай ана мана үзнэ ш дээ. – Амьддаа түүнийг ингэж задруулахгүй муу хогийг. – За яах вэ, яахав эрх золигийг. – Хайр даахгүй муу илжиг. Энэ ээж одоо яачихаад хүнд уурлаад байгаа юм бол. Хүн хол газар, хүнд ажилд зорьж явж байхад хэмээн Тулгаа гоморхон бодов. – Миний хүү
өө цайгаа уу, ээж нь аягахан шөл хийгээд орхиё! – За даа шөлөөр ч юу хийх вэ бантан л байвал. – Зэ тэгье тэгье суу хүү минь. Ээж нь Тулгааг дуудахгүй л байлаа. Зөөлөн гишгэлэх хөлийн чимээ сонсдож хаалга дэлгэгдэн ээжийнх нь ууртай царай үзэгдэн: – Хөөе золиг минь цай ундаа уудаггүй юмуу? Хөлд нь хий орчихсон юм шиг харанхуй шөнө хар өглөөгүүр дэгэлзээд. Задраад байгаарай чи. Энэ үгийг сонсоод Тулгаа ээждээ гомдоод явчихав. Яалаа гэж уурлаж надаас хэрүүл өдөөд байгаа юм бол? Харж чадахаа л больчихож гэнэ, яваад амраагаад өгье. – Хөөе дуулав уу чи, наад хоёр чих чинь дүлийрчихээгүй л байлтай. Би юм хэлээд байна шүү. – Болихгүй юу. Аяга цай хэрүүлгүй өгчихөж чадахгүй байж. Та нар өөрсдөө л хоолло, битгий хүн адлаад бай. – Чи хүүхээ, үг газар гээхгүй хэрэлддэг болжээ дээ. – Өөрөө хүн зүгээр байхад загнаад байгаа биз дээ. Та нарт гай болоод байгаа бол алга болоод өгье. Ээжийнх нь нүд жигтэйхэн ширүүсч тэгнэ вий чи гэсээр эргээд майтрав. Гомдол, тунирхал хоолой өөд нь тунараад явчихад Тулгаа явахаар гутлаа өмсөх гэж тонгойж байтал пид хийх битүү чимээ гарч ар уруу нь тасхийгээд явчихад учиргүй цочин ухасхийв. Өлзий эх алд хэрийн урт сур барьчихаад ширүүн ч харж үзээгүй хайртай хүүгээ хэд ороолгоод авах нь тэр. – Яана гэнээ чи урдаас цор цор хийгээд, юугаар дутлаа гэж чи … буруу аашлаад.. ахынхаа урдаас, миний ч өмнөөс
ярдаглаад байгаа юм чи? – За за ойлголоо, Ядам ах та хоёр дээрээс нь Эрдэнэ ах нэмэгдээд миний эсрэг нэгдээ юу. Би ер нь та нарыг яачихсан юм бэ? Санаа амар байж бай ээж минь, хэзээ ч би муу юм хийхгүй, хийгээ ч үгү. Ойлгов уу? Намайг хараад уур чинь хүрээд байгаа бол хэд хоног тайван бай. Харин биеэ сайн бодоорой. Би олон хонож ч магад, хүнд ажилд хол явж байна. Ирэхэд уур чинь гараагүй бол хүү чинь өөр газар толгой хоргодож болох биз. Баяртай гэчихээд Тулгаа цүнхээ шүүрч гараад явчихав. Хүүгээ хашраах гэсэн эхийн дотор палхийгээд явчихад араас нь сэмхэн шагайвал гомдсон хүү нь шат уруудан пижигнэсээр гараад явчих сонсдов. Нэг их том хэрэг хийчихсэн хүн шиг газар шагайсаар эхийгээ эргэхэд Ядам тагтан дээр гарчихсан зогсч байлаа. Эхдээ уурласан уурандаа тэр чигээрээ явган алхчих вий гэж айсан Ядам дүүгээ ийн чимээгүйхэн харж зогсов. Тулгаа юу ч болоогүй аятай машиндаа орж суугаад хөдлөөд явчихав. Эх арга барагдсан, тамирдуу хоолойгоор: – Дүү чинь явчихав уу? гэхэд Ядам зовсон бололтой явчихлаа гэж шивнэв. Эхийн сэтгэл зовсоор байлаа. – Энэ хүү нэг л бишээ – Хашаа явж байгаа юм бол. Нэгэнт л дийлэгдэхээ больсон юм чинь та дэмий л зодсон юм. Эх би буруутай гэх шиг шал ширтэнэ. Ганц нэг нулимс бөнжигнөн доош урсана. Энэ
сөөсөгр нэг л биш, хаашаа явж байгаа юм бол,өнөөх Бхутто… гэсэн таагүй бодол төрмөгц Ядам яарч сандчин утсаа авч залгав. Тулга утсаа авахгүй байлаа. Хэд дахин дуудуулсаны эцэст бүр тэгэхээс тэг гэсэн юм шиг утсаа тасалчих нь тэр. Бас их зэвүүн сөөсгөр өө. Ядам Өлзий эх уруу харж:- энэ сөөсгөр бүр зовоож ханахгүй ш дээ. Байдаггүй утсаа тасалчихлаа. Эх өрөвдөлтэй гэгч нь санаа алдаж толгой сэгсрэв. – Олон хоног ч гэх шиг, хүнд ажилд ч гэх шиг, тэнэг юм чинь арай хүний наймааны араас явах гэж байгаа юм биш биз. Ядам өөрөө ч сандрах шиг болон үглэж гарав. – Хаашаа тэнэх гээд байгаа новш вэ? Ер юу дутлаа гэж ингэж зөрж зовоодог байнаа. Генерал руу нь ярихаас, ердөө тайван ч байх арга алга. Хар аяндаа түгшээд явчихсан Ядам утсаа шүүр аван Сугардорж генерал руу залгав. Удтал дуудуулсаны эцэст
генерал утсаа ашгүй авч Ядамыг баярлуулав. – Ядам байна – Өглөөний мэнд! Эрхэм гишүүнээ та сайн биз? Ядамд генералтай ёсорхож, хүндэтгэлийн үг хэрэглэх зав ч байсангүй. – Генерал минь миний дүүг хааш нь ямар ажилд явуулж байгаа юм бэ? – Тэдний хэлтсээс ирсэн томилгоо, хэзээг нь би мэдэхгүй. Би яаж ч чадалгүй гарын үсэг зурсан. Дүү чинь Макао явах ёстой. – Яах гэж? Ядам бараг л хашгирав. – Тусгай томилгоо, тусгай даалгавраар. .. – Тиймээ тэр тусгай даалгавар чинь миний дүүг араа шүдээ хүртэл зэвсэглэсэн яахад ч бэлэн гэмт хэрэгтнүүдийн өмнөөс гар хоосон хөөж явуулж байгаа тийм үү? – Уучлаарай эрхэм гишүүнээ, би таныг мэдэдж байгаа гэж санаад л… –

Амь дүйсэн ажил гэдгийг нь мэдсээр байж заавал миний дүүг явуулдаг нь юу вэ? Би таниас гуйсан биз дээ, ер нь яалаа гэж та ингэж байгаа юм бэ? Танай мөрдөн байцаах газарт миний дүү ганцаарханаа байгаа юмуу? Бусдыг нь явуулахад яадаг юм бэ, миний ганцыг л дандаа болохгүй юманд… одоохон тушаал өөрчил, миний дүүг буцааж авчир.