Нүүр Өгүүллэг “АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “21-Р ХЭСЭГ”

“АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “21-Р ХЭСЭГ”

1 секунд уншина
0
0
447

Ойлгомжтой. Би таны хэлснийг хүссэнээр чинь хийе. – Амжилт хүсье генералаа. – Баяртай. Баярлалаа эрхэм гишүүнээ. Эрчүүд хэн хэн нь сэтгэл ханамжтай инээлдэн утас тасрав. – Байна уу? – Хурандаа Бадам

сонсч байна. – Ороод ир. Сугардорж генерал Бадамыг хүлээнгээ “Зуслангын харш. Хоёр давхар шүү. Байгаль нь үзэсгэлэнтэй. Аа нүнжигтэй эд байгаа даа. За хэрэг ч бүтэх нь тэр дээ. Ядам ер нь

хоншоортой баян шүү. Дүүгээ Харвардад явуулах нь. Тэр нь ч дээр. Тэр чөтгөрийн залуугаас болж Ядамтай шөргөөлдөх осолтой. Тэр нөхөр нь дураараа гэж жигтэйхэн. Нөгөө сүр хүчит ах нь түүнийхээ хойноос

хөөцөлдөнө гэж жигтэйхэн. Ямба нь дэндсэн баячууд. Тэр хойно орсон нөхрийг ньч гаргаж орхиё. Тэрүүн шиг амархан юм алга. Бадамд тушаагаад л боллоо. Ай зуслангийн харш. Харш шүү, нүнжигтэй эд

байгаа даа. Эхнэр маань мөн ч их юманд дуртай гэж нүгэлгүй. Арга ч үгүй юм байгаа зайлуул.” Гэнэтийн олзондоо ихээхэн баярласан Сугардорж генералыг ийнхүү хоёр гарынхаа алгыг хооронд нь үрчин

баярлан холхиж байтал хурандаа Бадам орж ирээд ёслов. – Нөхөр генералд. Хурандаа Бадам дуудснаар ирлээ. – Суу. Хурандаа минь суу. Генерал нь ихэд баяртай байх тул Бадам гайхасхийн суулаа. – Бадамаа. Чи тэр “Баян Хайрханы” менежер нөхрийг сулла. Ядам гишүүнд хүргэж өг. Тэр хэл ам таталсан нөхрийг яахаа гишүүн өөрөө мэдэг. Бадам хоолой засан суудалдаа тухлаад генерал өөдөө гайхан харав. Генерал алгаа хооронд нь үрчин – За ийм шивдээ. Хурандаа нь ингэж л дуудсан юм. Генерал нь адаглаж Бадамаас хариулт ч авсангүй. Үгүй ер нэг хэсэг нь онц аюултай, нийгэм цочроосон хэрэгтнүүдийг барих гэж унтах нойр, идэх хоолоо хасан зовж явдаг. Арайхийн нэг юм бариад авахаар эд нар ингэж хүндрүүлээд байдаг. Та нарын энэ башир арга хэнд хэрэгтэй юм бэ Бадамын дургүй ихээхэн хүрээд явчихсан учир дахиад суудлаа засан, биеэ цэхлэн суув. Анх удаа генералын өөдөөс

эсэргүүцэж тайлбар хийж байгаа нь энэ. – Энэ удаа амжихгүй ээ генерал аа. Би Бөмбөгийг суллахгүй. Арайхийж нэг хэргийн гогцооноос атгаж байна ш дээ бид. Генерал дороо зогтусан тогдгосхийн эргэж – Яаж байгаа юм бэ? /хэмээн ууртай асуулаа – Бөмбөг онц аюултай гэмт хэрэгт сэжиглэгдсэн – Нотолгоо нь хаана байна вэ? – Аливаа нотлох баримтыг мөрдөлтийн явцад бүрдүүлдэг юм. Наад захын жишээ нь удаа дараалан өөр овог, нэрээр хил зорчсон. Тэр этгээд хэнээс нуугдаж, юу хийж зүсээ хувиргаж явсан юм бэ? Бүр удаа дараалан шүү. – Тэр том корпорацын менежер хүн. Ажлын шаардлага гарч болно биздээ. – Ямар шаардлагаар тэр нөхөр нэрээ нууж, зүсээ хувилгадаг юм бэ? Эсвэл тэр “ Баян-Хайрхан” корпораци тийм нууц ажиллага эрхэлдэг юм уу хаашаа юм бэ? – За Бадам минь больж үз. Түүний цаана хэн байгаа билээ. – Хэн ч байсан, би хийх ажлаа хийнээ. Энэ чинь та өөрөө бод л доо. Бид чинь хэн билээ. Бид

шалгана. Үнэнийг олно. Тэр нөхөр буруугүй бол би энэ мөрөн дээрхээ хуулж ажлаа өгөөд яваад өгье. Гэхдээ тэр нөхөр буруутай. Би нотлох болно. – Юу л даа Бадам минь. Тайвшир. Юундаа ингэж бухимддаг юм бэ. Ингэсэн юм Ядам гишүүн гуйгаад байгаа юм л даа. – Гишүүн өөрөө ойлгоно ш дээ. Энэ хууль тогтоомжийг чинь тэр хүн өөрөө батлалцсан биздээ. Та гишүүнд ойлгуул. Би чадахгүй шүү. Би одоо явж нийслэлийн прокурортой уулзаж тэр нөхрийг танилцуулна. – Чи хүлээл дээ. Гишүүн ийм тоглоомонд дургүй шүү. – Би хэнтэй ч тоглох гээгүй. Тэр тусмаа хуулиар. Би хуулиа, төрөө дээдэлдэг юм. Би хуулийн дагуу л ажиллаж байна. – Тэгвэл би таниас гуйж байна. Та өөрөө л мэд – Та яагаад өөрөө өөрийгөө үгүйсгээд байгаа юм бэ? – Би таныг ямагт намайг дэмждэг гэж боддог шүү – Дэмжинээ. Бид зорилго нэгтэй улс. Харин замын дунд бүдрэх ёсгүй. – Та намайг бүдэрлээ гэж хэлэх гээд байна уу? – Бүдрээд унахад түшээд босгох нөхөд хэрэгтэй учраас би таныг ойлгоно. Дотны хүндээ үгүй гэж хэлэх хэцүү л дээ. Гэхдээ л

миний хувьд үгүй. Ийн хэлчихээд эргэлзэх ч юмгүй гараад явчихсан Бадамын араас Сугардорж занаж зүхсэн харцаар харсаар хоцров… … Нэг сэрэхнээ даарах шиг болоход Болд нүдээ нээн аяархан дээш харав. Намхан шавар байшингийн ханийн энгээр зассан үргэлжилсэн модон нааран дээр унтсан хүүхдүүд нам жим. Байшинд гэгээ байхгүй. Дотор нь арзайгаад даараад байгаа юм шиг бие нь арзайгаад аяндаа л чичрүүс хүрнэ. Босоод суух гээд өндийтөл толгой нь эргэж дэвсгэр дээрээ ойчоод өгөв. – Хүү гараа хүчлэн хөдөлгөсөн ч гар нь сул оргино. Ямар ч чадал хүч үгүй бололтой. Ам нь маш их цангаж, хуурайшсан хэл нь аргана. “босох юмсан” цонхыг нь онгойлгоод зугатах юмсан. Аав, аав хүлээж байгаа. Аавдаа.. цай ..цай чанаж өгөх ёстой. Би. Би хаана байнаа. Үгүй нисээд байгаа ч юм уу. Тийм байна. Тийм байна нисээд байна. Дотор хачин оргиод бөөлжих гээд. Ааваа, аав минь.. ирээд намайг аваасай.. аав.. намайг эрж байгаа. Олохгүй л удаад байх шиг байна. Одоо өглөө болж байгаа юм боловуу. Аль эсвэл шөнө юм боловуу. Харанхуй.. ха..ран..хуй шөнө. Шөнө ч юм шиг байна. Хүүгийн

ухаан орон гаран балартаж эхлэв. Толгой дээр нь хэн нэгэн даажинтай хөхрөх шиг болоход хүү агдасхийн цочив. Гарт нь их үстэй, эвэр хошуутай. Шулам баригдах шиг. Хүүд бүх юм аймшигтай байлаа. Ааваа. Хүүгээ аваачээ. Хүү хөнжлөө барьж аван түүнээсээ цочин айж, хамгийн хайртай хүн аавыгаа ийн дуудав. Аав нь сонсоогүй бололтой алга байлаа. Хүүгийн хамаг бие дайвалзан дахиад л нисээд байх шиг болов. Би шувуу болчихоод нисээд байгаа юм боловуу. Тэгвэл аав минь яанаа. Эцсийн хүчээ дайчлан жаалхүү бодно. Нэг харахнээ ээж нь тээр дээр яг л тэнгэрт юм шиг нэг одны хажууд зогсчихсон юм шиг санагдана. Гараараа даллах ч шиг. Хүү ухаан алдаж эхлэв. Хүмүүсийн ярих бүүр түүрэн сонсогдох ч шиг. Аав юм боловуу. Дахиад хүү юуг ч сонсч чадсангүй. Жижигхэн шавар байшинд гэрэл асчээ. Гарьд, Мөнхдалай хоёр байшингийн хоёр ханын дагуу тавьсан модон наарнуудын дундуур холхино. – Бүх хүүхдүүд ухаангүй байна. Заримынх нь гар хөл хөшчихсөн байна. – Найман охин байгаа билүү? –

Тийм – Охид яах вэ. Ухаан алдвал алдаг. Маргааш өдийд тэдний цус юүлэгдэн эд эртхэн нь тусгай саванд хадгалагдах болно. – Яадаг юм бол? – Баян авгай нарын хөгширсөн цусыг сэргээж, муудсан эд эрхтнийг нь нөхөх биз. – Хөвгүүдийг яах бол? – Тэднийг үхүүлж болохгүй гэсэн шүү за тэгээд лалынхан л юм чинь тусгай сургууль хийлгэж хөлсний алуурчин, амиа золиослогч, адгын наад зах нь өдөөн хатгагч нар л болно биз. – Аллах нь хилэгнэдэггүй юм байхдаа? – Чи бид хоёрт ямар хамаатай юм бэ – Амьдрал залгуулах хэдэн юмтай л болж байвал юуны хамаатай юм бэ. Яршиг зүгээр энэ хэдэн хүүхдийн шилний хонхорыг харж нэг амрах юмсан. – Би ч заримдаа айх юм. Сүүлийн үед хар дарж зүүдлээд ч болох биш. – Энэ бидний нүгэл биш – Тэгээд хэнийх гэж? – Тэр хүний. Нөгөө далд хүний – Аан. – Нөгөө эмч хаачивдаа. Мөнхдалай цагаа харснаа –болоогүй арван минут дутуу байна. Бөмбөг шоронд орчихсон нь үнэн юм уу? – Хэн мэдлээ. Эмч хүүхнийг ирэхэд нохдыг уяад хошуувчийг нь хийчих. Гай болох вий. – Машин ирэх шиг боллоо. – За гар гар – За юу болж байна гэсээр залуухан эмч бүсгүйг орж ирэхэд Гарьд сэжигтэй харц чулуудсаар угтав. – Ялангуяа хөвгүүд үхэж болохгүй. – Заримынх нь гар хөл

хөшчихсөн байна өө. – Би үзье. Эмч бүсгүй хүүхдүүдийг сайтар үзэв. – Одоо хүүхдүүдэд нойрсуулах тариа хийж болохгүй. Хоёрч хүүхдийн зүрхний цохилт их муу байна. Гурван хүүхэд амьсгалын дутагдалд ороод байна. – Одоо тэгээд яах вэ? Хүүхэд үхүүлж болохгүй. – Эмчлэх хэрэгтэй байна. – Энд удаан байж болохгүй. – Амьсгалын дутагдалд орж буй хүүхэд аюулд учраад байна. Хүүхдэд эмчилгээ хийх шаардлагатай. – Та хөлсөө авсан биз дээ? – Авсан л даа. Та нар өөрсдөө хүүхдүүдийг.. – Гэхдээ боломж алга. Бид энд удаж болохгүй. Эмч бүсгүй хэт нойрсолд автсан хүүхдүүдийг түгшүүртэйгээр харж сүүрс алдав. – Ганцхан шөнө л торгоох хэрэгтэй байна. – Би зарим эмчилгээг хийе. Би чинь одоо юу л болоод байнадаа. Хиртэй хэдэн төгрөгнөөс болж гэх мэтчилэн эмзэг бодолд автсан бүсгүй хүүхэд бүрийн судсыг барилан нүднийх нь зовхийг татаж үзнэ. Заримд нь иллэг массаж хийж, заримд нь тайвшруулах тариа хийгээд эргэх үед Гарьд тулан зогсч – За яасан бэ? Дууссан уу? гэж шүдээрээ салхи сийгүүлэн асуухад эмч бүсгүй цочих шиг болж дотор нь палхийгээд явчихав. – Гайгүй боловуул гэж бодож байна. Гарьд залуу бүсгүйн чагнуур барьсан гарын шуун дээрээс

атгаад авлаа. Хоромхон зуур бүсгүйн биеийг айдас бүрхээд ирэв. Нүднийх нь хүүхэн хараа өргөсч айсандаа бүлтрэх мэт нүд нь томорсон бүсгүй хий л амаа ангалзуулав. Мөнгө гээч хамгийн адгийн дэв шингэсэн бузар зүйл ажээ. Бүсгүй чадлаа шавхан байж арай хийн хойш цахдан гэдийв. Эргэн тойрон амьгүй цогцос хэвтэх шиг унтаа хүүхдүүд үл хөдлөнө. – Та..та яаж байнаа. Тавиач.. – Чи бас овоо гайгүй царайлаг юм гээч. – Гурвуулаа хамт жаахан цэнгэе л дээ. Дараа нь гадаа хашаанд бяруу шиг хоёр нохой хүлээж байна. Ойрд хооллоогүй байгаа юм. – Үгүй ээ. Би таньд мөнгө өгье л дөө – Хонгор минь. Мөнгө чухал биш. Ер нь юмыг яаж мэдэх вэ хэлийг нь эхлээд сугалчих уу? Яах ийхийн зуургүй хурц үзүүртэй урт чинжаал хутга өмнө нь гялсхийхэд бүсгүй хормой сугсалзан дагжтал чичирч эхлэв. – Өө сайн бүсгүй. За хувцасаа тайлчих. Бүсгүй яарч сандчин хувцасаа тайчин эхлэв. “Ойрд жаргасангүй. Адаглаж эзний ааш адсага шиг болчихоод. Энэ хүүхнийг устга гэсэн юм чинь. Нэг сайн тоглож зугаагаа гаргаад зүйл дуусгая” хэмээн Гарьд бодож байлаа. Эмэгтэйн хагас нүцгэрсэн цээж үрүү чинжаалын үзүүр гялалзан хүрэхэд бүсгүй нүдээ тас

аньчихав. Ингээд л дуусдаг байж. – Ха ха. За битгий маягла. Харач наашаа. Бараг л амьд үхдэл болчихоод байсан бүсгүй арай ч үхээгүй юм байна гэж болон нүдээ зориггүйхэн нээв. Залуугийн хутганы үзүүрт бүсгүйн хөхөвч харагдана. – Хөөе чи. Олигтойхон байна шүү. Нүцгэл. Бүсгүй дагжин чичирсээр дотоожтойгоо үлдэв. Гарьд мөнөөх л айдас хүрэм хутгаа барин сүрдүүлж – За яах вэ бас энүүгээр цоолох уу? гэхэд бүсгүй хурдхан гэгч нь дотоожоо тайлав. – Хөөе мангуу минь энэ гоо үзэсгэлэнг харж байна уу? За одоо одоо. Харин доошоо чи явахгүй шүү. Тамхины нилхийсэн муухай үнэр ойртож Мөнхдалай бүсгүйн хоёр хатуу хөхийг тэсч ядсан байртай базалж тамхи, архины эхүүн муухай үнэрт зузаан уруулаараа бүсгүйн торго шиг зөөлөн, жимс шиг ягаарсан улаахан уруулыг үмхлэн хамах үест Тулгаагийн дохиогоор тусгай албаны хоёр залуу банзан хашааны дээгүүр сэвхийн үсрэн буув. Том гинжинд уягдсан хоёр том нохой дороо гийнан шороо малтавч хошуувч нь саад болон эзэддээ дохио өгч чадсангүй. Азаар Мөнхдалай шавар байшингийн гаднах хаалгыг түгжээгүй тул залуус төвөггүй байшинд нэвтэрч чадав. – Цагдаа байна. Зогс. Гараа өргө.

Сайхан бүсгүйн гоо үзэсгэлэнд ой ухаанаа алдах шахаж уруулаас нь зуучихсан байсан Мөнхдалай энэ дуунд цочирсон ч үгүй. Гарьд ухасхийн халаас уруугаа гараа хийн яах ийхийн зуургүй буугаа шүүрэн авч баримжаагүй буудаж гарахад залуус доош суун тусан сумнаас бултав. Сая учрыг нь ойлгосон Мөнхдалай ухасхийн буу уруугаа гар явуултал хэн нэг нь араас нь татаж унагав. Өрөөсөн гараа барин шалан дээр өнхөрсөн Гарьдын дэргэдэх бууг тонгойн авсан Тулгаа амаа ангайн гөлөрсөн бүсгүйд цагдаагийн савхин цамцаа тайлж нөмөргөөд – Та зүгээр биз? гэхэд бүсгүй арайхийн толгой дохих аядав. – Төвөө төвөө төвөө. Нойрон дунд нь хэн нэгэн ийн дуудах шиг сонсдоход ширээ дэрлэн зүйрмэглэсэн Бадам хурандаа давхийн сэрэв. Ширээн дээрхи радио холбооны улаан гэрэл улалзан – Төвөө төвөө төвөө хэмээн дуудсаар. Хурандаа яарч сандран холбоогоо шүүрэн авав. – Төв сонсч байна. – 01, 01 ярьж байна. Нөхөр хурандаа хэрэгтнийг үйлдэл дээр нь таслан зогсоож баривчиллаа. Хүүхдүүдэд эмнэлгийн тусламж яаралтай хэрэгтэй байна. – Ойлголоо. Ойлголоо. Одоохон. Тэсч үзээрэй. Миний хүү бүх хүүхэд амьд мэнд үү? – Бүгд амьд. Гэхдээ амьсгалын дутагдалд орсон хүүхэд тав зургаа. Хурандаа эмнэлгийн

тусламж. Хурандаа яарч адган байж эмнэлгийн тусламж явуулчихаад салгалан чичигнэх зүрхээ даран хэсэг суув. Нүдээр нь нулимс мэлтэгнэн урсана. Эр хүн хө. Эр хүн дээ хө. Тулгаа. Хүү минь одоохон. Сайн байна. Өвгөн ах нь очиж байна. Очих ёстой. Жигтэйхэн баярлан догдолсон хурандаагийн зүрхээр урагдах мэт дахиад л ширхийн хатгуулав. Толгой нь эргэн манан суунаглана. Нүдээр нь нулимс мэлтэлзэн дүүрснээ аажмаар хацрыг нь дагаад горхилон урсана. “Үгүй ер хөгширч дөө хөөрхий. Уйлж байх шив. Өнөө эм хаана байна даа.” Бадам ширээн доторхоо гарын таамгаар онгичин байж эмээ олоод ам уруугаа хийгээд нүдээ анин хэсэг суув. Дотор нь овоо онгойж зүрхнийх нь хатгалт намжаад ирэх нь тэр. Дотуур утас нь хангинан дуугарав. – За сонсч байна. – Нөхөр хурандаа машин бэлэн боллоо. – Би одоохон. Хурандааг хэргийн газар очиход түгшүүрийн дохио хангинуулсан хэд хэдэн эмнэлгийн машинууд давхин одов. Хашааны бүдэг гэрэлд гарыг нь ард нь гавалсан хоёр хүн туусан Тулгаа өмнө нь гараад ирэв. Залуусын хийморьлог харц, баясалтай инээд хурандааг угтан авлаа. Ай сайхан залуу нас. Монголын цагдаа ийм л хийморьлог доо. – Нөхөр хурандаад Гүйцэтгэл 1 ажиллагаа амжилттай хэрэгжсэнийг илтгэе. Ахлах дэслэгч Тулгаа. – Болно доо болно хүхдүүд минь. Алив нааш ирцгээ. Бүгдийг чинь тэврэе. Хурандаа догдолж

баяссан нүдээр залуусаа харна. Шөнийн тэнгэрийн одод талархах мэт анивалзана. Дахиад л зүрхээр нь ёгхийн хатгуулна. Энэ муу зүрх ер юу чив дээ. За хатгавал хатгаж л байг. Яршиг цаашаа. Залуус хөгжилдөн инээцгээнэ. Гэтэл хурандаагийн дуу тасхийгээв явчихав. – Номхон! Залуус ярсхийтэл өмнө нь зэрэглэн зогсоно. – Хүүхдүүдийг хамгаалалтаньд ав. – Гүйцэтгэе! – Гэмт хэрэгтнүүдийг тусгай харгалзагчтай цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ яаралтай ав! – Тушаал ёсоор гүйцэтгэе!Хурандаагийн дуу зөөлөрч Тулгаад хандан – Хүү минь энэ юун эмэгтэй вэ? – Хүчинд автсан эмэгтэй. Их цочролд орсон байсан. – Тайвшруулж хонуулаад өглөө мэдүүлэг аваарай! – Мэдлээ. – Бас энэ ажиллагааг хэвлэлийнхэнд огтхон ч мэдэгдэж болохгүй. Нууцыг чандлан хадгал. Манай ажиллагаанд саад учруулна шүү. Хоёр этгээд “Баян-Хайрхан”ых биз. – Тиймээ. – Ахдаа ч хэлсний хэрэггүй. – Ойлголоо. – За баяр хүргэцгээе залуусаа. – Эх орны төлөө зүтгэе! Шөнийн тэнгэрт одод тааваараа яралзан хаврын үнэгэн сэвшээ салхи хацар нүүр өөд туулайчилж их хот тайван нойрсч байлаа… … Хэдэн өдрийн турш их хотыг хөндлөн гулд туучиж хүүгээ хайсан Нацаг, Золбоотын хамт шөнийн тэн болсон хойно урам муутайхан ирж шат өгсөн үүдэндээ ирж хаалгаа тэмтчин түлхүүрээ

ухангаа нүднийх нь үзүүрт харанхуйн дунд нэгэн юм бөртөлзөхийг олж үзээд ухасхийн тэвэрч авав. – Миний хүү, миний хүү юу. Аав нь ирлээ гэсээр өнөөх дүрсийг аг даггүй тэвэрсээр байлаа. Нацагийн хадам эх хэдэн өдөр дараалан Нацагийнхийг эргээд байхгүй тул яадаг ч байсан хүлээж байж уулзахаар шатан дээр суугаад зүйрэгмэглэж байтал нь хэн нэгэн муухай орилж, дуугарч чадахгүй болтол нь амьсгалыг нь боогдуулан дараад тавихгүй зуурахад золтой л зүрх нь зогсчихсонгүй. – Ээ бурхан багш минь. Би гэмгүй хүн. Амь авар гэж хэлэх гэсэн ч амьсгал авч чадахгүй, дуугарч болохгүй байлаа. Эцэст нь Нацаг хүүгээ биш гэдгийг мэдэрч хуурай мэгшээд хойшоо ухрав. – Хэн бэ та чинь? Босооч. Ямар үлийгээ хийж энд суудаг юм бэ? Хичнээн горьдов оо. – Хэн бэ энэ чинь. Манай Нацаг уу даа. Яаж байгаа барам бэ? Золтой л зүрх зогсоочихсонгүй. – Таныг энд байна гэж би яаж мэдэх вэ дээ. Хүүгээ л гэж бодлоо. – За тийм ч байгаа даа хөөрхий. Оръё хүү минь. Тэд гэртээ орж ирлээ. Хадам эх нь барьсан тортойгоосоо халцуун савтай цай, масло түрхсэн талх гарган Нацагийн өмнө тавьж – Хаагуур явав хүү минь? Сураг ажиг байдаггүй юу?Нацаг үг дуугүй

толгой сэгсрээд Золбоот уруу харж цай уугаач гэлээ. – Одоо яадаг билээ. Тэнгэр бурхан харж үзээсэй билээ. Хөөрхий муу бүлтгэр бор хүү минь. Нацаг хадам эхийгээ гайхан харав. Хацрыг нь дагаад нулимс урсч байлаа. Үнэн яриад байгаа бололтой. Хадам эх ярьсаар. Би ч заяагүй амьтан даа. Нүгэлтэй муу өөдгүй чавганц. Тийм хөөрхөн амьтныг ад үзээд. Ёр дуудсан усан тэнэг чавганц. Нацаг нүдээ бүлтийлгэн байж хадам эхээ харав. Барьж ирсэн торноосоо хонины гуя гаргаж ирсэн хөгшин өөрийгөө зүхэн үглэсээр “Үгүй ер сонин юм болох нь шив дээ. Энэ одоо миний хүүд харамсан өөрийгөө зүхээд байгаа юм байхдаа. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр. Гийгүүлж дээ.” Нацаг ийн хорсон бодов. “Хөөрхий дөө муу охины минь сүнс гомдож байгаа байх даа. Ганц үрийг нь айлгаж гомдоосон нүгэлт эхдээ.” Хадам эх нь яалт ч үгүй өөрийгөө зүхэн үнэн сэтгэлээсээ ийн зүхээд байлаа. Нацаг хадам эхийгээ эцэст нь өрөвдөж эхлэв. “Чааваас даа. Энэ муу хөгшин бүр уймарчихаж. Наанаа элдвээр харааж, харсан юмандаа шунаж байдаг ч цаанаа цагаан юм даа зайлуул. Би ч гэсэн дээ. Юм л бол нэг өнцгөөс харж энэ муу хөгшнийг адлаад. Сайхан охинтой нь ханилж

яваагүй юм шиг. Эртийд хүртэл учир байдлаа хэлээгүй байж уурлаад л ширээг нь өшиглөөд гарсан. Өшиглөөд байхдаа ч яах вэ дээ. Дээрэлхэж байгаа юм шиг муухай гэдэг нь.” Нацаг ийн бодож өөрийгөө буруутгав. – Ээжээ та хоол хийх гэсэн юм уу? Яах гэсэн юм бэ гараа авчихна. Эсвэл би хийгээд орхиё. – Миний хүү амарч бай. Өдөржин явган доншоод ядраа биз. Та хоёр амарч бай. Би яах вэ. Хийсэн юм байх биш. – Та ч бас цөхөртлөө хүлээж ядраа биз. Даралт маралт чинь ихэсчихнэ. Алив нааш нь өг. Би хийгээд орхиё. Нацаг эцэст махыг шүүрэн авч хөшиглөж гарав. Золбоот суугаагаараа зүйрмэглэнэ. Цонхоор үүрийн гэгээ цухалзахад тэр гурав дүгхийхээр хэвтэцгээв. – Байз. Хаалга тогшоод байна уу даа гэсээр өндийсөн хөгшин Нацагийг сэрэх янзгүй хаалга нээхээр босов. – Нацаг гэдэг хүн энд амьдардаг уу? Хорооны цагдаа залуу үүд голлон зогсоно. “За нэг юм ч болох нь боллоо” гэсэн бодол төрсөн хөгшин чухам юу сонсох бол гэхээс зүрхшин дуугарч чадалгүй толгой дохив. – За ашгүй байна уу? Улсын мөрдөн байцаах газар мөрдөгч Тулгаа гэдэг хүний өрөөнд одоохон яваад оч. – За хүүхээ гээд эргэсэн хөгшин “Бурхан тэнгэр минь юу л дуулах бол. Нүгэлт хар чавганц” гэж үглэнэ. – Нацагаа хүү минь босоорой. Тулгаа гэдэг цагдаа одоохон ир гэж байна. Нацаг огло

харайн босов. Тэд яарч сандчин гарцгаалаа. Тулгаа хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгөв. Ганц, хоёр хүүхэд ихээхэн сульдснаас үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэх болж бусад хүүхдүүд эцэг эхийнхээ асрамжинд очсоны дотор Болд хүү оров. Ихэд ядарч сульдсан Болд хоёр гараа сарвайлгасаар эцгийнхээ энгэрт ирээд наалдчихав. Нацаг ч хүү ч багтраад дуугарч чадсангүй. – Миний хүү. Ганцхан үр минь. Хайртай хүү минь. Аавыгаа уучлаарай! Дахиад хэзээ ч хоёулаа салахгүй ээ. – Ааваа би таныг зөндөө санасан. Би унтаад л байсан. – Миний хүү. Бурхан хүүг минь аавд нь буцаагаад өгчихлөө. Одоо хоёулаа хэзээ ч салахгүй ээ. Хэзээ ч. – Ааваа би өлсөөд байна. – Одоохон машинд сууна. Гэртээ харина. Бүдүүнэ эмээ нь зөндөө мах авчирсан. – Би бүдүүн эмээгийн авчирсан махыг идэхгүй. – Тэгдэггүй юм. Миний хүү. Бүдүүн эмээ нь их сайн эмээ болчихсон. – Ааваа. Болдоо аавынхаа нүүрийг зөөлөн илээд. Зөндөө турчихсан байна. Хоол идээгүй юм уу? – Хүүдээ зовоод. – Би ч бас таньд зовсоон. – Ааваа цамц чинь хар болчихож. Очоод шууд солиорой. Хүнд муухай харагдахгүй шүү

хоёулаа. – Ухаантай үр минь. Нацаг хүүгээ тэврэн үнссээр. Халуун нулимс хар аяндаа л урсана. Урсч л байг. Нацаг нулимсаа ч арчсангүй. – Хөөе такси, такси гэсээр хадам эх нь машин зогсоов. – Ээжээ надад мөнгө байхгүй ш дээ. – Хамаагүй ээ. Хамаагүй сууцгаа. Бүдүү эмээ нь бас өвөр хоосонгүй шүү. Тиймээ. Миний алаг нүдэн хүү. Эмээ нь хүүдээ гоё юм авч өгнө. – Ааваа гэж Болд аяархан шивнэснээ – Бүдүүн эмээтэй сайндчихсан юм уу гэв. Машин давхисаар. Эргэн тойрон зам дагуу дүүрэн машин. Тиймээ амьдрал үргэлжилж байна. Эвтэй байхад юм бүхэн бүтэмжтэй тайван налгар аж. Болд хүү бүдүүн эмээгээ сайтар харав. Эмээгийн нүднээс нэгэн том нулимс бөнжигнөн гарч ирснээ хацрыг нь даган бөмбөрч машины суудал дээр унав. Дахиад л нэг тув тунгалаг нулимс эмээгийн нүдэнд бөнжигнөв. Хүү чичирхийлсэн гараараа эмээгийн тэр нулимсыг арчихад хүүгийн хамрын үзүүр шархирч хүүгийн нүднээс бас л нэг нулимс бөнжигнөн урсахад эмээ нь тэр нулимсыг энхрийлэн арчив. Сэтгэл ариусчээ. Машин зам даган довтолно. Аавдаа наалдсан хэвээр хүү инээмсэглэв. Эмээ бас инмээсэглэх аж. Машины цонхон дээр шижиртэн буусан нарны цацраг инээх шиг хүүд санагдав. Нар бас инээж байлаа… – За

хүү минь. Генерал дуудаж байна, ор доо. Тулгаа өрөөндөө яаран орж дүрэмт хувцсаа өмсөөд генералын өрөөний хаалгыг зөөлөн тогшоод оров. – Нөхөр Генералд таны дуудсанаар ахлах дэслэгч Тулгаа ирлээ. – Болно. Суу ахлах дэслэгчээ. Юуны өмнө таньд баяр хүргэе! Тулгаа номхон зогсч – Монгол улсын төлөө зүтгэе! – Суу хүүхээ. Ямар ч байсан хэдэн хүүхдийнхээ халуун чихийг бүрэн бүтэн атгах нь атгалаа. Дараа нь одоо яадаг юм бол доо. Хоёр гэмт хэрэгтэн хоёулаа ахын чинь хүмүүс байдаг. Ахын чинь нэр хүнд, бизнес, ажил төрөлд ч аюул учирлаа даа. Энэ талаар чиний бодлыг би сонсох гэсэн юм. Тулгаа генерал өөд толгойгоо бардам өргөн харав. – Нөхөр генерал. Ярихыг зөвшөөрнө үү! – Ярь ярь хүүхээ. – Миний ах хэрэгт ямар ч хамааралгүй. Би ахдаа итгэж, ахаараа бахархдаг юм. Гэмт хэрэгтнүүд ахын корпорацид ажиллаж байсан нь үнэн ч тэд бол хувь хүмүүс. Зүгээр л ахын далбаан дор хорт санаархлаа гүйцээх гэсэн атгаг хүмүүс. Ийм хүмүүс миний ахад зүтгэж байсанд л би харамсаж байна. Тийм учраас би хэргийн үнэн мөнийг олох болно. – Ах чинь дүргүйцэх юм биш биз? Лав л дуртай байхгүй дээ. – Энэ бол миний хийх ёстой ажил. Ахаас

шалтгаалахгүй. – Ах чинь мөрдөлтийг зогсоохыг гуйсан юм. – Манай ах их уян зөөлөн хүн л дээ. Гэмт этгээдүүдийн нийгэмд учруулсан гэм хорын уршгыг мэдээгүй учир тэднийг өрөдвдөж байгаа байх л даа. – Хүү минь чи ахтайгаа энэ талаар нэг уулзаарай. – Тэгнээ би өнөө орой уулзана. – Чамтай ярилцах гэсэн амин хувийн яриа энэ. Одоо төрийн ажилдаа оръё гээд генерал туслахаа дуудаж газрын даргын тушаал уншив. Онц аюултай гэмт үйлдлийг таслан зогсоож, хорин хүүхдийн амь насанд учирсан аюулаас зайлуулж, онц аюултай гэмт бүлэглэлийг илрүүлсэн тул хугацаанаас нь өмнө ахмад цол олгож, “Цагдаагийн алдар” медалиар шагнасан шагнал Тулгаад гардуулав. Тулгаа шууд л хурандаагийн өрөөнд орж зөвшөөрөл ч авалгүй – Нөхөр хурандаад. Ахмад Тулгаа илтгэхийг зөвшөөрнө үү! гэв. Хурандаа хоёр гараа алдлан залуу ахмадыг тэвэрч аваад халуун дотноор үнсч мөрөн дээр нь алгадаад – Ахмад минь суу. Ажил байна гэв. Хэргийн байдал хаашаа эргэхийг ажигласан хурандаа Тулгааг уг ажиллагаанд оролцуулахыг хүссэнгүй бололтой гадагш чухал мөрдөлт хийлгэх болсноо дуулгав. – Хүү минь. Чи л Макао явж өнөө хэдэн хүүхнээ авчрахыг боддоо. Үнэнхүү дэслэгч бид хоёр энэ хэдтэйгээ учраа олж байя. – Мэдлээ

хурандаа. Би явахаасаа өмнө Одончимэгтэй уулзаж ярилцмаар байна. – Уг нь ч тийм. Одончимэг мэдүүлэг өгөхгүй байгаа. Тэр айж байна. Тиймээс түүнийг одоо хүчиндээд хэрэггүй. Одончимэг, Бөмбөг, Гарьд, Мөнхдалай нар бүгд л ус балгасан юм шиг дуугүй. Далд эзнээсээ эд нар их айж байна. Бүр мэдүүлэг өгөхгүй ч байж мэднэ. Харин зайлшгүй үнэнийг нотлох нотолгоог бид л гаргаж өгөх үүрэгтэй. Тэгэхээр миний хүү Макао яваад ир. Чи чаднаа. Энэ Веверди зочид буудал. Буудлын эзэн нь Урнаа гэж Монгол эмэгтэй бий. Зураг нь энэ. Энэ эмэгтэй хорь гаруй жилийн өмнө Тайваны нэгэн баян худалдаачны эхнэр болж явсийм. Хэдэн жилийн дараа эргэж ирээд арваад охид дагуулж яваад охидын сураг тасарсан. Охидын ар гэрээс тодорхой гомдол гаргаагүй учир бид орхисон. Энэ эмэгтэй шижигтэй санагдаад байгаа юм. Энийг нэг саначихаарай. Бас энэ зургийг сайн хар. Халзан Цэнд гэгч зартай эр. Хориод жил шоронд суугаад оргосон юм. Хамгийн сүүлд нэг дор гурван хүүхний амь хөнөөгөөд сураггүй алга болсон. Макаод явж

байхыг нь манай нэг хүн харсан байсийм. Хэрэв энэ хүн таарвал яаж ийгээд авчрахыг л бодно шүү. Дэндүү аюултай гэмт хэрэгтэн. Болгоомжтой явна шүү. Хүн алахаа огтхон тоохоо больсон цагаандаа гарсан дээрэмчин. Тусгайгийнхнаас хоёр хамгаалагч дагуулж яв. Бичиг баримт, замын зардал бэлэн болсон. – Хурандаа би хэзээ явах вэ? – Маргааш яв. – Мэдлээ. Яагаад ч юм бэ Тулгаа хурандаад их л дасч дотноссон байлаа. Ямагт эцэг хүний үнэр халхалдаг энэ хурандааг Тулгаа өөрийн эрхгүй хүндэлж, хайрлаж хэдэн цагаар ч хамаагүй үгийг нь сонсч суугаад баймаар байдаг байлаа. Энэ удаа ч хурандаагаас салмааргүй хачин совин татаад явчихсан ч тушаал авсан цэрэг хүн яалтай билээ гар өргөн ёслоод гарав… Ядам сүүлийн үед тогтвор алдан ихэд уур бухимдалтай байлаа. Одончимэг газрын гаваар орох шиг алга болж, Бөмбөг хоригдож, Мөнхдалай, Гарьд хоёр сураггүй болчих юм. Мөнхдалай надаас урваж болно. Гарьд надаас урвахгүй дээ. Тэр хоёр байхгүй болохоор нууц цэг, нөгөө хүүхдүүдийн байгаа газрыг ч мэдэхгүй.Ерөөсөө ийм нууц ажиллагаанд олон гэрч

хэрэггүй. Үгүй ингэхэд муусайн новшнууд бүх гарцыг мэдэх юм чинь хүүхдүүдийг аваад зүг буруулав уу. Хүүхдүүдийг тэр муусайнууд тийм ч амархан Бээжин гаргаж чадахгүй ээ. Гэтэл Бхутто надаас бараа нэхээд байдаг. Энэ ер нь юу болж байна вэ? ямартаа ч өнөөдөр Сугардоржтой ярьж Бөмбөгийг авахыг бодъё. Бөмбөг, Одончимэг хоёр хоёулаа аюултай. Тэднийг л устгах хэрэгтэй байдаг. Сугардорж гэж нэг дүлэгнэсэн золиг бөөрөнхийлөөд олигтой арга хэмжээ аваад өгөхгүй юм. Өөдгүй хог, шуналтай новш өнөөдөр нэг ярьж үзээд олигтой ахиц гарахгүй бол улсын прокурортой ярихаас гэсэн шүү юм бодож суусан Ядам эхлээд удсаа дуугарахыг мэдсэнгүй. Утас нь дахиад дуугарахад авч харвал Сугардорж генерал байлаа. Ядам баярлах шиг болж ярих товчлуурыг дарав. – Байна уу? Генералын дуу ууртай ч юм шиг сандруу ч юм шиг санагдана. – Байна. Ядам сонсч байна. – Эрхэм гишүүн минь би бүр ойлгохоо ч болилоо. Өнөөдөр дахиад танай хоёр хүн хүүхэд хулгайлсан үйлдэл дээрээ баригдаж хоригдлоо. Ядам огло харайн боссоноо өөрөө ч мэдсэнгүй. – Юу яачихсан гэнээ гэж зэрлэг балмадаар орилов. – Тэнд хорин хүүхэд байсан. Хүүхдүүд мансуурлын байдалтай, зарим хүүхэд амьсгалын дутагдалд орж амь нас нь

хохирдог дээрээ байсан. Тэр хоёр нөхөр бас болоогүй нэг залуухан хүүхнийг хүчиндэх гэж завдал хийж байгаад гардагдсан байгаа юм. – Түй хар новшнууд. Үхэж далд орморууд. Тэнэг хар малууд хэмээн харааж зүхсэн Ядам – Тэгээд, тэгээд тэр нөхдүүд манай хүмүүс мөн юм уу гэж арга тасарсан байдлаар асуулаа. – Мөөн, мөн. Иргэн Гарьд, Мөнхдалай гэж – Мөн л дөө. Мөн, новшнуудыг хэн барив. Генералын хоолойд хий инээд сонсдон – Бас л их сонин тохиолдолд. Тэр нөхдийг барьж илрүүлсэн мөрдөгч нь танай дүү шүү дээ. Гүйцэтгэх ажлын тактикыг маш нарийн боловсруулсан байсан шүү. Манайдаа л Шерлог Холмос юм байна. Тэр залуу. Би өөрийн эрхийн хэмжээнд “Ахмад цол” “Цагдаагийн алдар” медалиар л шагналаа даа. Хэтсийн дарга нь төрийн одон медальд тодорхойлсон байна лээ. Би дэмжсээн. Энэ чинь хорин хүний амь аварч, нийгэмд аюултай гэмт хэрэгтнийг цаг алдалгүй барьж хорьсон. Гавъяа шүү дээ. Ядам юу ч хэлж чадалгүй шууд л утсаа тасалчихав. “Хэрцгий муу сөөсгөр новш. Заавал тэр байхдаа яадаг юм бэ? Яана гэнээ. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэж яг үнэн. Хүн тэжээвэл толгой цусдана гэж очиж очиж Тулгаа шүү. Тулгаа

өөдгүй новш яаж ч бодсон яаж миний өмнөөс гар сарвайж миний ажилд саад хийж чаддаг байнаа. Одоо би өнгөрлөө, өнгөрлөө. Би ингээд ийм амархан сүйрчихнэ гэж үү дээ. Очиж очиж миний дүү шүү. Итгэж найдаж бүр хайрлаж явсан дүү минь намайг сүйрүүллээ гэж үү дээ. За гайгүй ээ. Би чамайг одоохон, ердөө л өнөө орой хүзүүг чинь хуга мушгиад орхиё. Миний өмнө хөндлөн гишгэсэн хэнийг ч би няц гишгэх болно. Гишгэсээр ч ирсэн. Хохь нь. Тэр үүнийг л хүсээд байгаа бол тэгье л дээ” Учир начиргүй уурсан Тулгааг үзэн ядах зүрх сэтгэлээр буцлаад явчихсан Ядамын цус хурсан ширүүн хар нүдний үзүүрт нэг юм гялсхийгээд өнгөрөв. Түүнийг хэн нэгний хурц гэрэлтэй нүд цоо ширтэх шиг болж хамаг бие нь зарайгаад ирэв. Юу ч вэ энэ чинь ядаж байхад. Хаана харлаа. Нүд шиг юм сэтгэлд зуралзаад. Аа хог тийм. Эртний Түвдийн сүм дуганы ханан дээр ийм нүд байдаг ш дээ. Тэгэхэд нөгөө Английн сенатчид Түвдээс эртний хийцтэй алтан бурхан худалдаж авч өгөх гэж шал дэмий үрлэг зарлага болсон юм. Тэнд л тийм нүд харсан даа. Аа цусаар урс. Түвдчүүд шиг тэнэг хүмүүс

энэ хорвоод байдаг юм болов уу. Дахиад л халуу дүүгэх шиг болоод явчихав. Үгүй ер солиорох нь шив дээ. Арай миний нүглийг нэвт хардаг нүд гараад ирсэн юм биш биз. Дахиад л халуу дүүгээд. Энэ удаа Ядам үнэхээр эвгүйцээд явчихав. Хохь нь муу сөөсгөрийг бяц гишгэнээ. Хүзүүг нь хуга мушгина. Дахиад л нүднийх өмнө хос цагаан туяа. Яадаг юм ална муу новшийг. Зүрхийг нь хэн нэгэн базаад авсан аястай хөдөлгөөнгүй болж халуу дүүгэн давчидахад Ядам арайхийн амьсгал авч айж түгшсэн дуугаар – Хөөе хүн байна уу гэж хашгирав. Сандарсан туслах нь гүйж орж ирэхэд хилэгнэж хорссон нүдээр улангасан ширтсэн Ядам – Архи аваад ир гэж мөн л бахирав.Тэрээр чичирч салгалсан гараар архийг шүүрэн авч том аяганд юүлээд нэгэн амьсгалаар хөнтөрч орхив. Ёох яасан сайхан юм бэ одоо л нэг дотор онгойлоо байна. Дахиад нэг хийж залгилав. өнөөдөр мал болтлоо согтож болохгүй. Өнөө муу тэрчгэр шаард хариу шанг нь хатуухан

амсуулна. Одоо би яах юм бэ? Учрал хүртэл намайг. За тэр ч яах вэ? түүнийг мартая. Мөнгө байхад тэр зэргийн хүүхэн олдоно. – Хөөе хүн байна уу. Дахиад л туслахынх нь айж гайхсан царай. Тэр шорондоо хатаж үхвэл таарна. Энэ ч мөн адилхан өөдгүй амьтан. Ядам дотроо бүх хүнийг адлан тэднийг дотроо үзэн ядаж байлаа. – Корпорациас хуулийн зөвлөхийг дууд. – Одоохон эрхэм ээ. – Миний хамгаалагч нараас хоёрыг нь нааш оруул. – Мэдлээ. – Мэдлээ мэдлээ гээд нахилзаад байх юм. Чиний энэ хиймэл төрхөөр би яадаг юм бэ хурдлаач тэгээд. Туслахын ухран гарах харагдаж аажмаар хаалга хаагдав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *