
Мөрдөн байцаах газрын онцгой хэргийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа Бадам ярьж байна. – Амрыг эрье. Ажил ихтэй байна уу? – Өө яах вэ? Ажил ч их. Харин чи яах гэсэн юм? –
Толгой мансуураапд байна. Ганц нэг хундага хоосолж хэд нүүх үү? – Tэр бололгүй яах вэ? Харин чи манайд уу? Би танайд уу? Ингэхэд генерал явчихсан уу? – Чи ч мэдээгүй юм уу? Ерөнхийлөгчийн ивээл
дор хийгдэж буй хуульчдын чуулга уулзалтаньд явчихсан. Генерал лав гурав хоногтоо ирэхгүй. – Тэгвэл дэд дарга? – Дэд дарга бас явчихсан, миний нөхөр нойрноосоо сэр л дээ. – Чөтгөр гэж. Тэгвэл бид
эзэн хааны мэдэлтэй хоцроо шив дээ. За за ерөөсөө ингэе. Чи намайг урьсан юм чинь. Би танайх уруу туугаад очъё. Ха ха хэ хэ гэх эрчүүдийн бүдүүн паргиа инээд сонсодсоор утас тасрахад тамхи асаах
гэснээ бүр больсон Төмөр хурандаа их л чухал ажилтай мэт яаран гарав. Бадам хурандаагийн өрөөнөөс их л яаруу гарч ирсэн Тулгаа Төмөрийг харж ёслон зогсоход хурандаа баясангуй харж инээмсэглээд

махлаг гараараа мөрөн дээр нь түсхийтэл алгадаж – За тэгээд залуу ажиллаад л байна уу? Сайн байна. Ажиллаад л бай. Энэ газрын эзэн бол та нар шүү дээ гэснээ яачихав даа гэмээр дуугаа өндөрсгөн – Нөхөр ахлах дэслэгч гүйгээд гэж командлахад, түсхийтэл инээд алдчихсан Тулгаа гүйж одов. Бадам хурандаатүүнийг их л найрсагаар угтлаа. – Өө миний нөхөр дэгдээд ороод ирэв үү? – Миний дэгдэх яах вэ. Чиний туслах л харин жинхэнэ дэгдээд алга боллоо доо. – Аан чи манай Тулгааг хэлж байна уу? Жинхэнэ шазууртай босоо эр дээ. – Хөөш мартсанаас танай энэ нөхөр машинаа солиод цоо шинэ Ниссан уначихсан байна лээ шүү. Бадам хурандаа гараа савчин – Баячууд шүү дээ. Тэд яах нь бидэнд хамаагүй. Төмөр хурандаа аахилан сууснаа – Хамаагүй ч биш дээ хө. Тэр дундаасаа танай хэлтсийн ажилтаньд. Уг нь энэ залуу бүр нэг мөрдөгчийн төрхтэй юм байна лээ. Эд хөрөнгө
нүдийг нь таглачихвий л гэж түгших юм байна ш дээ. – Эрхэм гишүүн энэ дүүгээ их онцгойлон үздэг юм билээ. Байсхийгээд л машиныг нь солих юм. Хэдэн сарын өмнө эх дүү хоёроо шинэ байранд оруулсан байсан. Тэнд ч удалгүй тэндээс нь гаргаад хамгаалалттай байранд оруулсан. Бас л машиныг нь солилоо. – Уг нь ч хөөрхий машиныг нь л чанаржуулаад байна л даа. Байр нь ч бас зөв л байна. Одоо энэ залуу дээр хар армийн толгойлогчдын хараа тусаатай байгааг ах нь мэдэлгүй яах вэ. – Ядам гишүүнийг их л хахир яхир хүн гэцгээдэг. Энэ нөхөр ч тэгээд ахдаа хүүхэд л байгаа ш дээ. Энэ нөхөрт ч бас эрх зөрүүд зан харагдаад байдаг юм шүү. – Энэ золиг зөрүүд гэж жигтэйхэн. Бөндгөр хоосонгүй. Өөрийнхөөрөө зүтгэсээр байгаад л өнөөх “ноёд”-н хэргийг илрүүлээд орхисон шүү дээ. За тэгээд нөхөр хурандаа манай залуус нэг иймэрхүү. Харин танай шинэ сөөсгөрүүд ямар байна вэ? Эмс охид харж, айлгүйтэж мар сар инээсэн нэг өндөр нөхөр гүйгээд л
байгаа харагдах юм. – Юу тэр чинь манай Ганхүү байхгүй юу. Сайн. Сайн залуу байгаа юм гэсээр насныхаа ихэнхийг эрхт улсынхаа энх амгалангын манаанд зориулсан хоёр хурандаа хундага өргөв. – За хөө Төмөр минь. Цаг ч нэг л бишээ. Нийгэм бүр бохирдож гүйцлээ. Бидний ажил ч дийлдэхээ болих нь. Сайхан бүсгүйчүүд хулгайлагдаж, араас нь хүүхдүүд алга болох боллоо. – Бидний өмнө үй түмэн бэрхшээл, хөрөнгө мөнгөгүйн гачигдал. Манай энэ нийгэм ер хаашаа л яваад байна даа. Хүний санаанд оромгүй нүгэлт хэргүүд ар араасаа олшроод л. Цагдаагийн сонор сэрэмж алхам тутамд л хэрэгтэй болж. Ер нь тэгээд нилээн том гарууд л энэ нийгэмд гай тариад байгаа нь худлаа ч биш дээ. Хоёр хурандааг ийн ярилцаж ганц нэг хундага татаж суухад, дор хоёр давхарт дэслэгч Ганхүү жинхэнэ тулааны гол дүрд орчихсон байлаа. Түүний өмнө нулимсаа байн байн арчих Долгор – Байцаагч минь. Та намайг ойлго л доо. Алуурчин Нацагийн хүү бол миний нөхрийн төрсөн ахын хүүхэд. Манай Золбоотоос өөр тэр хүүд хэн ч
байхгүй. Бага насны хүүхэд ганцаараа амьдрах нь аюултай. Би хоёр хүүхдийн эх хүн. Тэр балчир хүүд санаа зовоод байна. Тэр хүүг асрамжиндаа авахын тулд манайх нүүж хажууд нь орлоо шүү. Ямарч байсан таньд дуулгая гэхэд гаднаас лагс тарган биетэй бүдүүн шар хөгшин тас дайран орж ирээд – Үгүй ер. Юу юу гэнэ вэ? Хэн миний зээг асрамжиндаа авах гээд байгаа юм бэ? Тийм ч юм байхгүй байх шүү. Болд бол миний төрсөн охины хүүхэд. Нацаг бол миний хүргэн. Тиймээс би Болдыг асрамжиндаа авна гэж даналзав. Юу болоод байгааг ойлгох гэж хичээсэн Ганхүү бүдүүн эмгэн өөд харж – Алив чимээгээ та минь. Ингэхэд та чинь хэн гээч билээ. Өнөөх эмгэн байцаагчийн өмнө ташаа тулан ханхалзаж – Юу хэн бэ гэж. Би Болд хүүгийн эмээ нь байна. – Аа тиймүү. Эцгийг нь саатуулж шалгахад хүүг асрамжлагч хүн олдохгүй байсан учраас… – Тийм гэсэн залуу минь. Би эзгүй байсан юм. Одоо хождох юу байхав? Одоо очиж хүүтэйгээ цуг байх минь. Даанч нэг шулам шиг хүүхэн намайг ойртуулахгүй байна. – Зөв л дөө. Тэр эмэгтэй хүүхдийг түр асрамжлагчаар авсан юм чинь. Долгор хажуунаас нь ярианд оролцож – Ингэхэд авгай минь таньд тэр хүүхэд ямар ч хүртээлгүй. Хүүхдийн
цусан төрлийн ахан дүүс нь бол бид. Охин чинь ч одоо алга. Тийм болохоор таньд ердөө хүртээлгүй. Энэ үгийг сонсоод бүдүүн эхнэрийн уур омог дээд цэгтээ хүрэв үү гэлтэй нүд нь аяганаасаа бүлтрэх нүү гэмээр томорч Долгор уруу ханцуй шамлан дайрч – Үгүй ер. Юу юу гээд хуцчихав аа чи. Хүүхдийн цусан төрөл гэв үү чи. За нохойн гулгидас. Та нар тийм л их цусан төрлийн ах дүүс юм бол тэр хүүг улаан цурав үлдэж байхад нь авахгүй яасан юм бэ? Хүн болох үгүй нь мэдэгдэхгүй тэр нялх амьтныг миний охин авч хүн хийсэн юм. Мэдэв үү. Миний охин. Цээжээ дэлдчин ийн хашгичин орилох бүдүүн эхнэрээс айж хойш ухарч Ганхүүгийн араар орсон Долгор – Тэгсэн ч гэсэн төр түмэн нүдтэй, Төрөл төрөл өө л дагана. Хууль шийдээд өгнө хэмээн хашгичихад Ганхүүгийн дээгүүр ганцхан сарвалзсан бүдүүн эхнэр Долгорыг үсрээд байцаагч залуугийн мөрөн дээгүүр бөгтрүүлэн дарахад жигтэйхэн сандарсан Ганхүү – Хөөш больцгоо гэж байна шүү хэмээн чанга хашгирахад гаднаас дүрэм сахиулагч цагдаа орж ирэв. Уул толгодын цас цоохорлон хаврын урь аль хэдийн орсныг харж явсан Тулгаа гэнэт санаа авсан мэт хоёр талынхаа хаалганы шилийг
чинэнд нь тултал нээж шинэ машиныхаа ид шидийг сорих мэт хурдлан давхив. Машины хурдан давхилтаньд нэг хэсэг хоёр чих нь шуугин ирснээ аажмаар дасч хүнд ачаалалд түүртэж явсан тархи толгой нь саруулсаад ирэв. Тулгаа Буянт Ухаа дахь “Олон Улсын Чингис Хаан” нисэх буудлыг зорин яваа нь энэ. Нисэх буудлын үүдэнд ирсэн Тулгааг машинаасаа буухад ах Ядамынх нь “Баян Хайрхан” корпораци дээр олонтой тааралдсан өндөр цагаан залуутай таарч толгой дохин зөрөн өнгөрснөө гэнэт зогтусан түүнийг хянамгай гэгч нь ажиглахад мөнөөх залуугийн царай хувьсхийн дотогш яаравчлав. Гэтэл чанга яригчаар Улаанбаатар-Москва зорчигчид дотогш орохыг анхааруулан зарлав. Ахын төлөөний хүн Орос явж байгаа юм байна гэж Тулгаа бодоод л өнгөрөв. Нислэг удирдах төвийн ерөнхий захиралтай нь уулзсан Тулгаа өөрийгөө танилцуулан 2007 оны 12-р сарын 16-ны өдрийн 15 цагт Улаанбаатар-Бээжингийн нислэгээр зорчсон хүмүүсийн дүрс бичлэгийг дахин тайван харуулахыг хүсэв. Ажил ихтэй байна гэж нилээд цааргалсан ч хуулийн өмнө хүн бүр хариуцлага хүлээх шаардлагатайг тайлбарлуулсан захирал мөнөөхөн
Цагдаагийнхны анхаарал татсан бичлэгийг дахин үзэхийг зөвшөөрөв. Гаалийн гүйцэтгэх ажилтан уг бичлэгийг нээж эхлэхэд Тулгаа шууд л давхар бичиж гарахад ажилтан дургйцэн – Цагдаагийнхан манай ажилд дур мэдэн оролцох эрхгүй гэх ухааны юм хэлсэн ч Тулгаа огтхон ч тоосонгүй ажилдаа улайран – Тэр хамаагүй. Онцгой байдлын улмаас онц хүнд гэмт хэргийн мөрдөлтөнд саад хийх юм бол та ч бас хариуцлага хүлээх ёстой гэхэд мөнөөх ажилтан чимээгүй болж зөвхөн Тулгаагийн бичиг баримтыг сайтар тэмдэглэн авч байлаа. Бичлэг жирэлзэн өнгөрч бүсгүйчүүд цуварч эхлэв. Гэнэт Тулгаагийн амьсгаа ихдээд ирэх нь тэр. Юу вэ энэ чинь. Энэ, энэ танил дотно царайг Тулгаа насандаа ч мартаж чадна гэж үү. Яалт ч үгүй түүний өмнө дэлгэц дүүрэн танил царай харагдахад тэрээр яаж байгаагаа ч мэдэхгүй – Зогс. Зогсоо гэж адган хашгирав. Дэлгэц дүүрэн Одончимэг. Мөрөвчтэй жижгэвтэр бэсрэг цүнх үүрчихсэн Одончимэг дэлгэцнээ сэтгэл нь ихэд догдолсон бололтой хиргүй цагаахнаар инээмсэглэн
зогсоно. “Ай халаг минь. Одноо минь бас эдгээр бүсгүйчүүдтэй хамт алга болчихсон гэж үү дээ.” Би чинь юу үзэж сонсох нь энэ вэ? Нилээд хугацааг ийн самгардаж гөлрөн суусаар өнгөрөөсөн Тулгаа хяналтын ажилтны гайхсан царайг гэнэт ажаад хоромхон зуур биеэ эзэмдэхийг хичээн – Цааш нь явуул гэж сульхан дуугарав. Гэтэл бас нэг цочирдол залууг эзэмдэх нь тэр. Одончимэгийн араас урт пальто өмссөн өндөр эр гарч ирсэн нь ахынх нь дотны туслагчдын нэг болох хэдхэн мөчийн өмнө Москва ниссэн Бөмбөг байлаа. Тулгаа дахиад гар өргөн зогсоо гэж хашгиирав. Яалт ч үгүй Бөмбөгийн цэвэрхэн царай дэлгэц дүүрэн харагдана. Харин саахь эрийн харц тогтворгүй сайтар ажиглавал сандарч мэгдсэн шинжтэй байлаа. Дараа нь Тулгаа тухайн өдрийн Улаанбаатараас Бээжинд зорчигчдын биеийн байцаалтыг үзэж, хүн нэг бүрээр нь буулгаж авав. Одончимэгийн зурагтай гадаад серийн паспорт Чулууны Отгон нэрээр байх бөгөөд Бөмбөгийн паспорт Батхүүгийн Баяраа нэрээр тэмдэглэгдсэн байлаа. Нэгэнт л өөр бичиг баримтаар хил зөрчсөн нь тодорхой болсон тул Одончимэгт эрсдэлтэйнөхцөл үүссэн нь тодорхой. Үнэнийг хэлэхэд Тулгаа шаналж эхлэх нь тэр. Харин ямар учраас тэр өдөр Бөмбөг өөр нэрээр хил зөрчив. Тохиолдол уу. Эсвэл Бөмбөг, бүсгүйчүүдтэй ямар нэг
холбоотой юу. Тэрээр мартсанаа санасан мэт энэ өдрийн Улаанбаатараас Москвад ниссэн зорчигчдын дунд Бөмбөгийн шүүж үзэв. Сүхийн Амгалан. Үгүй ер. Энэ нөхөр яахаараа ингэж овог нэрээ сольж урагш хойшоо холхиод байна. Тулгаа Бөмбөгийн бичлэгийг бичиг баримтын хамт буулгаад машиндаа суун хөдлөхөд сэтгэл нь тэр чигтээ хов хоосон болсон мэт чимээгүйхэн харанхуйлж байлаа… … Коридороор хөнгөн хөлтэй хүний яарангуй гүйх хөлийн чимээ сонсдон хэн нэгэн зөвшөөрөл ч авалгүй орж ирэхэд Учрал яаран өндийв. Ээлжийн сувилагчийн сандрангуй царай чухалзаж – Эмчээ хүнд хүн ирлээ. Хүндрэлтэй анхны төрөлт. Цус алдаад гэх мөртлөө үгээ гүйцээлгүй эргэн ухасхийхэд Учрал явуут дундаа халатаа углан араас нь дагав. Түүний өмнө том мэлмэрсэн алаг нүдтэй турж эцэсний улмаас ядаргааны доройтолд орсон жаахан бүсгүй гэншин ёолж ам нь ангалзана. Учрал түүнийг сугадан авч – За алив. Тайван тайван. Ээж болох гэж байгаа хүн чинь тайван амгалан байх ёстой шүү дээ гэхчилэн эелдэглэж, юуны өмнө үзлэг хийхэд бүсгүйн хаван чинээндээ тулсан, даралт нь огцом өсөх тул даралт буулгах тариа хийгээд хүлээзнэхээс өөр аргагүй боллоо. Оройхон тийшээ бүсгүй хүчтэй
өвдөж эхлэхэд савны амсрыг нь нээхийг зорьсон Учрал хэд хэдэн тариаг угсруулан хийв. Эхийн биеийн байдал тийм ч сайнгүй байлаа. Хүндрэлтэй төрж буй анхны төрөлтийг орхиод явж чадаагүй Учрал жолоочоо явуулж Болдоог авчруулан хооллоод өрөөндөө оруулж унтуулчихаад жаахан амсхийн өвчтний түүхийг харж хэсэгхэн суув. Намсрайн Одончимэг. 23 настай. Эрхэлсэн ажил сургуульгүй, Архангай аймгийн харъяат гэхээс өөрийг бичээгүй байлаа. Тунч ядруухан төрж буй түүнийг сураглан ар гэрээс нь ч ирсэн хүн алга тул эмчийн сэтгэл зовинон байлаа. Ийнхүү бүтэн шөнийн турш дуншиж өвдсөн Одончимэг үүр гэгээрэх үес амаржиж, ийм ядруу эхээс яаж төрөв өө гэмээр мантайсан цагаан хүү төрснийг Учрал инээмсэглэн байж өлгийдөв. Хүүгийн уйлах дуун чанга гэж чигтэйхэн. Хүний орчлонг эр хонгор дуугаараа цочоосон нэгэн эр хүн ийнхүү үүр шөнийн заагаар Учралын гар дээр мэндлэх нь тэр. Хорвоо дэндүү уужим гэдэг нь энэ ажээ. Амьдралынх нь хань, Ядамынх нь цус энэ бяцхан амьтны судсаар гүйн, орчлонд эр нөхрийг нь тамгалан үлдээх
цорын ганц үр гар дээр нь мэндэлж буйг Учрал яахин мэдэх билээ. Учир зүггүй үрчилзэн орилох хүүгээ амлуулах гэж оролдсон Одончимэг хөхөндөө ямар ч сүүгүй байгааг мэдэрч гүн санаа алдав. Яаж төрдөг билээ гэсэн бодол, амь өрссөн аюул дунд ч дагаж явсан бол, яаж хүүгээ тэжээх билээ, хаана очдог билээ гэх бодол залуу эхийн дотрыг маажсаар гурав хоногыг ардаа орхив. Одончимэгийн байдлыг гадарласан сайхан сэтгэлт эмч бүсгүй хүүд нь нэмэгдэл хоол, өлгий өгч ихээхэн баярлуулав. Хотын гудманд очих газаргүй хаачдаг юм билээ. Хүүхдээ тэврээд тэнүүчлэлтэй биш. Толгой хоргодох орон байр ч үгүй хүн чинь одоо яадаг билээ. Хүүхдээ харангадааж орхилгүй хөдөө гэртээ очихсон. Гэхдээ Одончимэг Улаанбаатарын гудамжаар нүүр бардам алхахаа нүүргүй болсон нүгэлтэн. Бас түүний дайснууд, түүнийг хайж олж харах л юм бол, алж орхихоос сийхгүй аймшигтай хүмүүс. Үртэй хүн үхэх эрхгүй гэж ээжийнх нь хэлдэг үг ямар үнэн үг вэ? эхлээд Одончимэгт дөнгөж төрсөн хүүгээ харахаас айгаад байлаа. Өнөөх аймшигтай эцгийгээ дуурайсан байвал яана гэж бодохоос айдас төрөн нүдээ анивчив. Гэтэл зориуд тэгэхээс тэгэх гэсэн юм шиг
эмчийн дуу чихэн дээр гарч – Одончимэг ээ ийм хөөрхөн хүүтэй боллоо ш дээ. Хүүгээ хар. Дөнгөж төрсний дараа нүдээ аньж болдоггүй юм. Одончимэг аргагүй эрхэнд нүдээ нээн зүрхэшсээр тэр жаахан амьтныг харав. Тэр хүү өнөөх аймар эцгийгээ биш Одончимэгийг өөрийг нь дуурайсан булцайсан цагаан хүү байлаа. Ашгүй дээ. Бурхан гэж бас байдаг л юм байна. Одоо муу хүүгээ яаж тэжээж, бид хоёр хаана толгой хоргодох билээ гэх бодол эхийн өрцийг нухалхад нүдээр нь нулимс мэлтэсхийн дүүрээд ирэх нь тэр. Эмчийн наашлах гутлын өсгий ойртох тусам Одончимэгийн зүрхээр түг түгхийн хатгуулах аж. “Яадаг билээ. Эмч ирлээ. Одоо бид хоёрыг гар л гэнэ дээ. Хаачдаг билээ” гэх бодол хоолой өөд нь гашуун оргиулна. Хаалга зөөлөн онгойн Учралын инээмсэглэсэн царай үзэгдэхэд Одончимэг зовиуртай гэгч нь санаа алдав. Учрал инээвхийлэн унтаж буй хүүгийн дэргэж очин дээрээс нь шуналтай гэгч нь харж сэмхэн сүүрс алдахыг Одончимэг ажиглав. – За манай хоёр яаж байна? Зүгээр үү? Нярайн эмчид хүүгээ сайн үзүүлээрэй. Хүүгийнх нь хүй нь цөглөчихсэн байна. Ингэхэд та хоёр хаана гарах улс вэ? Эмчийн энэ асуултаньд хариулахыг Одончимэг огтхон ч чухалчилсангүй. Нүд нь очтон гэрэлтэж, толгойд
нь нэгэн бодол тогхийтэл ороод ирэв. “Яадаг юм бэ? Энэ эмч харваас сайн хүн. Хүүхэдгүй ч юм билүү. Миний хүүг ямар их шуналтай харав аа. Хүү минь л сайн хүний гар дээр сайн сайхан өсвөл болох нь тэр. Би яаж ч зовсон яадаг юм бэ?” Хоромхон зуур Одончимэгийг ийн бодол эзэмдээд байлаа. Эх хүн үрийнхээ төлөө юу л бол юу хийж чаддаг бололтой. Учрал Одончимэгийг асуунгуй харж зогсоно. Одончимэгийн нүдээр ус гүйлгэнэн мэлтэгнэн – Юу л даа эмчээ. Та хүүхэдтэй юу? гэж асуухан мөн л Учралын сэтгэл ихээхэн цалгиж – Үгүй ээ. Би хүүхэдгүй гээд гүн сүүрс алдав. “За тэр шүү” гэх бодолд хөтлөгдсөн Одончимэг -Уучлаарай эмчээ. Та та та миний хүүг голохгүй бол хүүгээ болгож авахгүй юу? Одончимэг ийн тод гэгч хэлснээ аажмаар дуу нь бүдгэрч бүр чимээгүй болж хоёр мөр нь чичигнэн мэгшин уйлж гарах нь тэр. Ямар ч сайн, сайхан хүн байлаа ч гэсэн төрсөн үрээсээ салах ямар хэцүү байдгыг энэ алдрайхан бүсгүй сайтар мэдэрлээ. – Юу гэнээ охин минь гэсээр Учрал мэгшин уйлагч бүсгүйг энхрийлэн тэвэрч авав. – Эгчээ би урьд нь тань дээр ирж байсаан. Та надад үр хөндүүлэхийн хор уршгийг тайлбарлаж өгснөөр би цаашид хүүгээ гаргахаар шийдсэн. Хүүгийн минь эцэг үнэхээр аймшигтай хүн. Тэр хүн намайг
одоо харсан газраа алах болно. Гомдолтой гээч цөхрөнгүйгээр ийн ярих жаал бүсгүйн яриаг Учрал түгшүүртэй гэгч нь сонсч байлаа… “Маргал” зочид буудалдаа тухлан оросын Төрийн Думын гишүүн ноён Качалькинтай яриахаар хүлээн суусан Ядам утсаа дуугарахад нь дуртай дүргүй авч харвал эхнэр нь байлаа. – Өө миний өвгөн ирэх болоогүй юм уу? Би чамайг хүлээж байна. Эхнэрийнхээ энэ баясалтай дууг сонсон хүйтэн төрх нь жаал зөөлөрсөн Ядам инээхчүү аядаж – За яасан. Миний хонгор, яасан баяртай байх юм бэ? Танай эмнэлгийн өнөөдрийн орлого сайн байв уу гэж хэг хэг хөхөрхөд Учралын дургүй ихээхэн хүрч “Түй новш энүүнд мөнгөнөөс өөр бодох юм байдаг юм уу” жигтэйхэн цөхрөн ийн бодсон ч түүнээ мэдэгдэхгүйг хичээн – Ядмаа гэртээ ир л дээ. Би чамтай баяраа хуваалцмаар байна гэлээ. – Чи чинь одоо юу болоод маяглаад байгаа юм бэ? Ямар юмандаа ингэтлээ баярлаад түүнээ хэлэхгүй хүн зовоогоод байгаа юм бэ? – Ядамаа бид хоёр цулцайсан цагаан хүүтэй болсон шүү. Чамтай адилхан ч юм шиг. – Юу? Ямар юмаа донгосоод байгаа юм бэ? Чи жирэмсэн болоо юу айн. За миний хонгор үнэнээ хэлчих. Ядамын амьсгаа дээрдэн хоолой өөд нь гашуу оргиод ирэв. “Үгүй үнэн гэж үү. Би хүүтэй боллоо гэж үү.
Тэгэж. Ерөөсөө л Учрал жирэмсэлчихэж. Тэр ингэж тоглох хүн биш.” Тэрбээр үрийн сургаар сүрлэг том биеэ ганхуулан догдолж – Учралаа байна уу гэж аль хэдийн тасарчихсан утсаа авчран хашгирав. Сэтгэл нь нэг л сайхан цэлмээд явчих нь тэр. Гэнэт тэрээр сайхан сураг сонсгоод утсаа тасалчихсан эхнэртээ учиргүй уурласнаа төдхөн өхөөрдөн эхнэрийнхээ утсанд залгаж – Аа чи муу адтай золиг. За чи битгий золигтоод бай. Нээрээ юм уу. Ийнхүү амьсгаа нь ихдэж догдлон ярих нөхөртөө гэнэт баярлаад явчихсан Учрал – Яг үнэн. Энэ бол сюрпризгээд дахиад л утсаа тасалчихав. Ядам том толгойгоо загзалзуулан ганцаараа хөхөрч – За мөн адтай золигоо. Одоохон одоохон би очиж байгаал муу хүүхнийг болгоод өгөх юм хуна хэмээн амьсгаадан хувцаслаж эхлэв. Яарч ядаж байхад дахиад л утас нь дуугарах нь тэр. Ихэд дургүйцэн утас руугаа муухай харсан Ядам Тулгаагийн дугаарыг хармагц яаж ч чадалгүй авав. Дүүгийнх нь цовоо дуун сонсдоход Ядамд анх удаагаа тэр дуу ихэд дотно энхрий санагдав. Дүүгийнхээ дууг сонсоод тэр өөрийн эрхгүй инээмсэглэх аж.
– За ах нь сонсч байна. Чи хаанаас ярьж байгаа юм бэ? – Ажил дээрээсээ. Ахаа ажил ихтэй байнаа. Таниас асуух нэг зүйл гараад. – Нэг зүйл гараадий. Юу юм бэ? тэгээд. Ах нь бөөн баяр болж байхад. – За за баяр болж байгаа юм бол болъё доо. Уг нь таны нэг ажилтны чинь талаар л асуух гэсэн юм. Ингэхэд юун баяр болж байгаа юм бэ? Ахаа надад энэ баяр чинь хамааралтай юм уу? – За дүү минь. Чи жаахан юмтай болж байгаа юм биш биз. Ажил ажил гэж яваад. Надад хамааралтай баяр юм уу ч гэх шиг. Хамаатай байлгүй яадаг юм бэ. Жаахан дүүтй болж байж. Энэ үгсийг сонсоод Тулгаагийн дуу утасны цаанаас хадаад явчих нь тэр. – За ахаа баяр хүргэе. Ямар гоё юм бэ? Би ёстой их баярлаж байна. Би тань дээр одоохон яваад очъё. – Чи над дээр ирээд хэрэггүй ээ. Би эгч рүү чинь явлаа. Тэр мундаг хүний ээжид хурдан очмоор байна. – Яг зөв тэг ахаа. Одоохон гэртээ харь. Энэ бол манай гэр бүлийн баяр. Би ч ажилаа орхиод ээжид энэ баяртай мэдээг дуулгах минь. – Тэгж үз. Дүү минь гэсээр утсаа тасалсан Ядам
ганцаараа инээсээр гарах гэтэл өмнөөс нь нэг туслах нь гүйн ирж – Ноён захиралаа, ноён Качалькинтай холбогдоход бэлэн боллоо гэв. Урьд өмнө нь энэ нэрийг сонсмогц бүхнийг умартан ухасхийдэг Ядам энэ удаад аз жаргалд нь саад хийх мэт өмнө нь хөндөлсөн туслахаа тун ч муухай харан – Тэр Качалькинтайгаа тонил гэчихээд том том алхлан гараад явчихад туслахынх нь нүд томорсоор үлдэв. Ядам жигтэйхэн баяртай гэртээ ирж Учралын хийсэн хоолыг идэн яриаг сонсч нэгэн чигтээ гөлрөн суухад Учрал ихээхэн зовж байлаа. Учир нь эхнэрээ жирэмсэн болсон гэдэгт бат итгэж ирсэн Ядам эхнэрээ шал танихгүй эмэгтэйгээс хүүхэд өргөж авах болсныг нь сонсоход – Хаа газрын ямар гуйлгачны хүүхдийг авч байгаагаа ч мэдэхгүй байж хэмээн эхнэртээ нэг дүрсхийн уурлах гэснээ больчихов. “Үгүй нээрээ тэр хүүхдийг нь авчихъя байз. Энэ Учрал ч гадуур тэнэхгүй амар” ийн зөөлөн бодол урсан орж ирэхэд Ядам эхнэрээ анх удаа ихэд зөөлөн энхрийлсэн харав. Учрал чухамдаа энэ харцыг л нөхрөөсөө хичнээн ч жил хүссэн билээ дэ. – Хүүхэд тэгээд яг эрүүл юм уу? – Бүх шинжилгээ хийгдсэн. Эв эрүүл. Цовоо цолгиун хүү. Яагаад байгаагаа ч мэдэхгүй их л уян зөөлөн болчихоод байгаагаа Ядам гайхаад ч барахгүй байлаа.
Хүний хүйтэн хорвоод мэндлээд хэдхэн хонож буй тэр жаахан хөвүүн хувь заяаны нэгэн хатуухан төөрөгөөр адгуус шиг хатуу хариг эцгийгээ ийнхүү далд зөн ухамсараар нь удирдаж байлаа. Өөрийнх нь эхнэрээс биш, харь танихгүй тэнэмэл оюутны хүүхэд гэж сонссон ч тэр бяцхан хүү ийн Ядамын чихийг зөөллөөд байгаад Ядам гайхсаар байлаа. – Хүү одоо хаана байна вэ? Эцэст нь шаргуу асуух Ядамыг харж энэ маань бүр үрийн мөрөөсөл болчихож гэж өрөвдөн бодсон Учрал – Аавынд ээжтэй нь хамт хэд хонуулж байгаа гэхэд Ядамын мөнөөх дүрэлзүү зан хөдөлж өөрийнхөөрөө зүтгэн – Чи очоод яг одоо аваад ир. Би тэр хүүхдийг хармаар байна. Харин эхийг нь авчраад хэрэггүй. Бүр түүнд гэрээ зааж өгөх, өөрсдийнхөө хэн болохыг ч хэлээд хэрэггүй. Ахиухан хэдэн төгрөг өгөөд хөөгөөд явуул. Хүүхэд биднийх л болсноос хойш тэр эмэгтэй манай хаалгыг алхах эрхгүй. Нэг л ингэсэн бол яагаад ч аргалж болдоггүй нөхрийнхөө занг сайн мэдэх Учрал хүүг авчрахаар машин дуудав. Ер нь ч хатуу ширүүн нөхрийнхөө ийн ааштай хандсан дээр хүүг авчрах нь зөв гэж Учрал шийджээ. Учралыг хүүг авчрахаар гарсны дараа мөн л өнөөх далд ухамсартай
захирагдсан Ядам хэдэн өрөөгөөрөө ээлжлэн орж гарынхаа хоёр алгыг хооронд нь үрчин – За даа. Ямар гээч мундаг эр орж ирэх бол доо. За мөн баларсан юм ч болноо доо. Би хүүдээ Монголын төрийг хамгийн олон жил барьсан их хаан Хубилайн нэрийг өгөх юм хуна. За ингээд л маргаашнаас эхлээд Ядамын Хубилай гээд нэг мундаг эр Монгол Улсын иргэний бүртгэлд орно доо. Жаргаж байна даа. Жаргаж байна. Мөнхийн ганц хүү хэмээн ганцаараа ярин холхих аж. Хаалга цэлхийтэл нээгдэн тохойн чинээхэн жаахан юм тэвэрсэн эхнэрээ орж ирэхэд Ядам өлмий дээрээ гишгэлэн очиж – Зөөлөн зөөлөн. За мөн мундаг эр юм даа гэсээр тэврэн авахад Учрал жигтэйхэн их баярлав. Тэр хоёр хүүгээ хамгийн сайн тэжээлээр хооллон бөөн бужигнаан инээд болох ажээ. Хоолоо идсэний дараа үнэгчлэн нойрссон хүүг өмөлзөн уйлагнахад Учрал Ядамаас өрсөн тэврэн авахад хүү уйлсаар тул Ядам хүүг авч эв дүйгүйхэн тэврэхэд хүү чимээгүй болж үнэгчилсээн хөөрхөн гэгч нь унтаж орхив. Бяцхан хүүг харж хирдээ л хөөрцөглөсөн Болд хүүг ч Ядам урьдын адил адалсангүйгээр үл барам толгойг нь илж – Ааваас нь сураггүй юу? Муусайн хогнуудруу ах нь
зандраад орхиё. Тэгэхэд гаргахгүй хаашаа зайлдаг юм тэд нар. Май мөнгө, шинэ жаахан дүүгийн хишиг шүү. Дүү дагуулж ирдэг сайн хүү. Муухай ааштай ах гарт нь цоо шинэ зуутын доллар атгуулж сайн найрсахад баярласан хүү Учрал эгч рүүгээ харж баясангуй инээмсэглэхэд Учрал эгч нь мөн л баярласан бололтой нөхрөө талархангуй харж – Миний өвгөн ч бид хэдийгээ өнөөдөр мөн ч баярлуулж байна даа гэхэд Ядамд эхнэрийнх нь энэ магтаал аштайхан санагдаж Болд хүүгийн толгойг дахин илээд – Маргааш ах нь тушаал өгнө. Аавыг нь суллуулна. Тэр муу хууль, хуульч нар ер нь юу юм бэ хэмээн бардахад Учрал сэмхэн баярлаж – Хүүгийн аав буруугүй байхаа гэж үнэн сэтгэлээсээ өчихөд -Буруутай ч байсан яадаг юм. Хүү ирсэн өдөр буян үйлдэнэ гэж Ядам өөрийнхөөрөө зүтгэв.Болд хүү Ядамын өгсөн мөнөөхөн долларыг атган Учралыг бараадан зогсоход Ядам – Учрал минь. Наад хүүдээ маргааш наад мөнгөөр нь дуртай юмыг нь авч өг. Харин утас аваад өгөөч. Хэдхэн цагийн дотор хайлсан тугалга шиг сайхан зантай нөхөртэй болсон Учрал болсон алим шиг улайран баярлаж дэгдэх нь шахуу нөхөртөө утсыг нь авчирч өгөв. Ерөөс хүүхдийн буян их ажээ. Харин нь бяцхан үр нь Учралын гар дээр биш
Ядамын гар дээр илүү тайван унтах тул Ядам – Үгүй ер юм гэдэг их учиртай юм гээч. Бурханы төөрөгөөр л надад ирсэн үр яалт ч үүй мөн юм. Хаад дээдэс ч хүртэл хүний үрээр голомтоо сахиулж байсан юм гэдэг. Чингис хаан хүртэл Шихихутагыг үрчилж тэр нь сүүлд нь агуу их хуульч болсон юм. Миний хүүч бас л нэг төрийн жолоо атгасан товарищ гарна даг шүү гэж хөөрөн бодох зуур Тулгаагийн утсанд залгав. – Үгүй Тулгаа. Нөхөр минь чи чинь яасан хариуцлагагүй нөхөр вэ? Шинэ дүү ирчихээд байхад чинь. Утасны цаана Тулгаагийн тачигнатал хөхрөх сонсдон – Ахаа та үнэн сүртэй юм6э тэр шинэ дүү чинь одоо л дөнгөж эгчийн гэдсэнд ирсэн биз дээ. – Өө чи мөн хариуцлагагүй нөхөр өө. Алив марзаганаад байлгүй ээжид утсаа өг. Ядам анх удаа хойт эхийгээ ээж гэж дуудаж байгаа нь энэ. Энэ үгийг сонссон Тулгаа ч Учрал ч ээжээ гэж хэлсэн Ядам ч өөрөө баярлачихсан байлаа. Хүний үр гээч эрхэм нандин ургийн холбоо хүнийг ийн өөрчилдөг ажээ. Баярласнаас нүүр нь улайсан Тулгаа ээжийнхээ өмнө суун тусч – Том хүү чинь ээжтэй яръя гээд амар заяа үзүүлэхгүй юм. Май ярьж үз гээд утсаа өгөв. – Байна уу? миний хүү юу? Өлзий эхийн хоолой зангиран ийн сааралтахад миний хүү гэсэн эхийн үг Ядамыг
чимхээд авах шиг болов. Миний хүү гэсэн эхийн үг ямар дулаахан сонсогддогыг Ядам анх удаагаа л мэдрэх шиг болов. Сэтгэл нь ихээхэн цалгисан тэрээр – Аан би байнаа ээжээ. Ээжээ гэх үгийг дагавар хүүгээсээ дөч шахам жил сонсохыг хүссэн эхийн сэтгэл цэлмээд явчихна тэр. – Миний хүү гэртээ байгаа юм уу? Ээж нь дүүгээс чинь сонсоод бүр баярлаад уйлчих гээд байна. Бэрийн бие сайн уу? – Сайн байлгүй яах вэ дээ ээж минь. Наад тэрчгэр шар чинь өөрөө ч ойлголгүй таньд буруу ойлгуулчихаж. Бид хүүхэдтэй болсон. Бүр хүүгээ аваад ирсэн. Та ирж харахгүй юм уу? Эцэст нь Ядам ийн хойд эхээсээ гуйхад хүрэв. – Хүүе энэ чинь. Яг ахын хамар уу дээ. Тулгааг ийн дуу алдахад Ядам ханхалзаж Учрал баярлаж – Боль гэмээ чи. Дэггүй гэдэг нь. Бурханы төөрөгөөр ирсэн үр. Эцэгтэйгээ адилхан байлгүй яадаг юм гэж Өлзий эх хөөрцөглөв. “Улсын Их Хурлын эрхэм гишүүн. Монголын тэргүүн баячуудын нэг ноён Ядам хүүтэй боллоо. Эрхэм гишүүн хүүдээ Хубилай гэж нэр өгсөн нь цаанаа учиртай. Эрхэм гишүүн хүүгээ төрийн зүтгэлтэн болгохыг зорин ийнхүү нэр хайрлажээ” гэх мэт мэдээлэл сониноос олж уншсан Одончимэгийн
нуруу уруу хүйтэн ус урсах шиг их л эвгүйцэн – Тэр аймар хүн хүүтэй болж. Харин миний хүү харь танихгүй айлд байдаг. Гэхдээ Учрал эмч сайн хүн. Яавч миний хүүг сайн хүн болгоно хэмээн өөртэйгээ ярьж санаашрана. Хүүгийн угаалга цайллагыг Ядам хөлтэйхөн хийхийг хүссэн тул хүүгийн төрсөн эх Одончимэгийг Учрал гэртээ урьжээ. Ямартаа ч төрсөн үрээ өгсөн юм чинь хүүгийнхээ цайллаганд оролцоё. Адаглаж хүү минь ямар айлд очсоныг өөрийн нүдээр харъя гэж Одончимэг бодож байлаа. Ахынх нь хүүхдийн угаалгатай заавал оролц гэсэн ч Тулгаа Одончимэгийг олохыг чухалчилж байлаа. Яалт ч үгүй алга болсон эмэгтэйчүүдтэй хамт хилийн дээс давчихсан байсан ч эрэн сурвалжлуулах хүмүүсийн дотор түүний нэр байсангүй. Хайртай байсан охиноо Архангайх гэдгийг мэддэг ч ямар сумынх болохыг мэдэхгүй Тулгаа түүний хөдөө гэрийн хаягийг авахаар сургууль дээрээ ирж До захиралтайгаа уулзав. Захирал нь түүнийг их л уриалгахан хүлээн авч дотночлон ярилцав. – Залуу ажиллаад л гялалзаад л байна уу? Харваас андашгүй байна. Ахтайгаа уулзаж
байгаа биз. – Тийм. Ажил ихтэй байгаа. Ахтай уулзаж байгаа. – За болж дээ. Миний шавь “Ноёд” банкны хэргийг илрүүлсэн гэж сонсоод багш нь их баярлаж шавиараа бахархсан шүү. – Баярлалаа багшаа. Би таньтай уулзах нэг чухал хэргээр ирлээ. – Аан за. Хувиараа юу хувьсгалын хэргээр үү? – Хувьсгалынх л даа багшаа. – За хэл хэл. Багш нь чадах чинээгээрээ тусалъя. – Багшаа. Намсрайн Одончимэг гэж гадаад харилцааны ангийн оюутан охин байснаа даа. Тэр охины хөдөө гэрийн хаяг надад хэрэгтэй байна. Харваас До захиралынх нь царай хувьсхийн өөрчлөгдсөн ч – Зааг. Тэр чинь ямар оюутан байсан билээ. Тэгээд сургуулиа төгсчихсөн юм уу? Тулгаа толгой сэгсрэн – Арай төгсөөгүй байхаа гэв. – Ер нь ингэхэд чи тэр охиноор яах гэсэн юм бэ? – Албаны нууц л даа багшаа. – За за тийм байдаг байж. Тэр нөхөр ямар нэг байдлаар хэрэгт орооцолджээ дээ. – Та тэгж ойлгож болноо. – Хм. Болчимгүй золиг. За би хөдөө гэрийнх нь хаягийг олохыг бодъё гээд захирал утсаа эргэдэв. Захирлын утас төд удалгүй дуугарахад яаран авсан До захирал – Аа за за гээд утсаа тавьснаа – Тэр нөхөр Архангай аймгийн Жаргалант сумынх юм байна. Эцэг Намсрай нь Жаргалант сумын малчин юм байна. Тулгаа Одончимэгийн аавын хаягийг аваад
талархлаа илэрхийлэн гармагц захирал До утсаа авч шууд Ядамын утсанд залгав. – Өө за. Эрхэм гишүүний амрыг эрье. Таньд хүүтэй болсонд тань баяр хүргэе! Үгүй тэгээд хүү байдаг нь. Ядам хүд хүд хөхөрч – Мундаг эр гараад ирсэн дээ харин ч нэг. Үгүй бүр намайг яг авчихснийг яана. – Дахин баяр хүргэе! Эрхэм журмын нөхөр минь – За тэгээл чамаар ямар сонинтой байна вэ? Наагуур чинь юу байна? – Манай энүүгээр гоц гойд юм ч алга шив дээ. Харин сүүлийн үеийн нэг сонин гэх үү дээ. Дүү чинь сая над дээр ирээд явлаа. – Аан манай нөгөө сөөсгөр үү? Яах гэж очсон юм бол доо манай тэр. – Харин энэ л сонин байхгүй юу. Бүр юу асуусан гээч. – Юу асуусан гэж? – Нөгөө Одончимэгийн хөдөө гэрийнх нь хаягийг аваад явсан. – Юу? Ямар Одончимэгийн… – Яагаав дээ. өнөөх тэнэг бяцхан амрагын – Яах гэсэн юм бол… – Таны бяцхан амраг ямар нэгэн хэрэгт холбогдсон бололтой. – Аа тиймүү гэх мөртлөө Ядам утсаа тасалчихав. Үгүй ер манай Тулгаа яахаараа тэр хүүхнийг сурж явдаг юм бол. Алга болсон хүүхдүүдийн
ар гэр цагдаад гомдол гаргажээ дээ янз нь. Алга болсон хүүхнүүдийг Одончимэг ятгаж, удирдсан тул Одончимэгийг Цагдаагийнхан эрж байгаа юм байлгүй. Хэрэг ч үгүй биз дээ. Аль хэдийнээ Жоржийн гараар ороод хэрчигдчихсэн Одончимэгийг миний сөөсгөр дүү хаанаас олох юм бол доо. Ингэхэд тэр сөөсгөртэй ер нь тулж ажиллахгүй бол болохгүй нь. Ядам ийн бодолдоо хөтлөгдөн Тулгаагийн утсанд залгаж “Маргадад” одоохон ир гэж шууд тушаав. – Иш наад царай зүсээ хараач дээ. Ядраад байгаа юм уу хаашаа юм бэ? Зэвхийчихээд. За наашаа сууж, халуун бүлээн юм идэж уу. Ах нь ууртай юм шиг хирнээ дүүгээ ихэд халамжлав. Харваас ах нь их л ёозгүй царайтай харагдана. – Ахаа таны бие өвдөөд байгаа юмуу? Таны царай ч гэсэн таагүй байна. Таны бие зүгээр биз дээ? – Би зүгээрээ. Харин чи ямар хэрэгтэй зууралдаад ийн хөхий даагаад ядраад байгаа юм бэ? Ах бол ах шүү дээ. Ах нь юу гэж дүүгээ эвгүй байдалд оруулах билээ. Харин туслахыг л бодно. За ярь. Битгий намайг зовоогоод бай. Тулгаа ахыгаа харвал ах нь түүнийг ширүүн хар нүдээрээ зөөлөн ширтэж байлаа. Тулгаа тэр харцны өмнөөс гүйлгэн харж сэмхэн санаа алдаад – Миний ажил гэж
ойрдоо эх адаг ч алга. Толгой гашлаад байх юм. Чухам ядраад байгаа юм уу, чадахгүй байгаа юм уу заримдаа ч аль ч учраа мэдэхээ байчих юм. – Тэгээд, тэгээд чамд ямар хэрэг өгчихөөд чи ингэж толгойгоо гашилгаад байгаа юм бэ. Би Ерөнхий газрын чинь дарга уруу ярих уу? Тулгаа ахыгаа гүймэг сандрангуй харж – Яах юм бэ. Ах та битгий яриарай. Генерал юу ч гэж бодох юм билээ. – За юу гэж боддог юм. Ер нь тэр муусайнууд яахаараа заавал миний дүүд аль хүнд хэцүү хэргийг өгдөг юм бэ? – Зүгээр дээ ахаа. Ээж та хоёр заримдаа ядаргаатай юм. Би чинь бас бие даасан том хүн биз дээ. – Золиг чинь. Хм тэгээд бас том хүн гэнэ шүү. Том хүн гуай минь наад юмнаасаа сайн идэж, ууж ав. Нэг л их том хүн. Хялайгаад уначихав. Ишиг эвэрээ ургахаар эргээд мөргөдөг гэж. Нөгөө муу ээж, бид хоёр одоо чамд ад болох нь шив дээ. Ядамыг ийн үглэхэд Тулга тавагтайг аль хэдийн

хоосолж араас жүүс залгилангаа – Би яалаа гэж ээж ах хоёроо адлах билээ дээ. Та нар хүүхэд шиг бөөцийлөөд байхаар чинь л. Тулгаа ах руугаа харахад ах нь түүнийг урьдынхаас нэг лөөр зөөлөн хөрж байснаа – Хааяа очиж дүүгээ авч бай чи. Удахгүй бас л нэг чам шиг намайг зовоосон золиг гарна биз. Тулгаа хоол идэнгээ түсхийтэл инээд алдаж – Би яаж таныг зовоосон юм бэ? та л өөрөө яагаа ч үгүй байхад зовоод байж. Таныг жаахан хүүхэд тэвэрч байгааг харсан чинь инээд хүрээд байх юм. – Байчихаад ахыгаа шоолохно уу? Сайхан мэдээрэй чи. Тулгаа, Ядам хоёрын дунд байсан хүйтэн хөндий харьцаа аль хэдийн алга болсон байгааг гэнэт анзаарсан ах дүү хоёр нэг хэсэг чимээгүй суув.