Нүүр Өгүүллэг “АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “13-Р ХЭСЭГ”

“АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “13-Р ХЭСЭГ”

4 секунд уншина
0
0
475

Нэг шөнө шал согтуу ирсэн хойд эцэг дүү бид хоёрыг халуун хэвтрээс минь өшигчин хөөж гарган илүү гэрт хийж цоожлонгоо, ээжийн бүх хувцсыг нь нүцгэлж дотоожийг нь хүртэл тайлаад өнөөх сайхан

гэзгээр нь нүгэлт гараа хэдэнтээ ороогоод дугтчин тамлаж эхлэх нь тэр. Тэгэхэд дөнгөж л дөрвөн сарын дунд үе байсийм. Дулаарах яагаа ч үгүй. Манай Алтайд зун ч хөвөнтэй дээлтэй л өглөө, оройдоо зусдаг

хүйтэн газар. Чи миний жаргалд саад болсонл гэнэ. Тэр сайхан хүүхнийг хөөж явуулсан л гэнэ. Адаглаж манайхтай айлсдаг хэн ч байхгүй. Хойд эцгийн авир аашнаас манай нутгийнхан дөлж зугтдаг

байсийм. Муу ээжээс минь сүүлдээ ёолох дуу ч гарахаа больж эр нөхрийнхөө хүчит гарт зүгээр л чирэгдэж яавах шиг болсийм. Миний зүрх цээжээ дэлбэлэх мэт хүчтэй цохилж, уур хилэн цээжинд буцлавч

би юу ч хийж чадахгүй, хүчтэй цочиролд орсон.Охин дүүгээ тэвэрсээр уйлж суулаа. Үүр гэгээрэхийн өмнөхөн хойд эцэг, ээжийг минь чирсээр том гэрт ороход, ашгүй одоо нэг ядраад унтчих байх гэж

горьдтол үгүй шүү. Муу ээж минь янцаглан зөөлөн мэгшиж – Битгий баашил, олигтойхон… гэх хойд эцгийн хилэнт дуун зүрх зүснэ. Гэтэл ээж минь нэг удаа маш хүчтэй ёолоод чимээ тасрахад, би тэсэлгүй дүүгээ өвөр дээрээсээ түлхэж унагаад зуухан дээрээ гишгэж, илүү гэрийнхээ тооноор муур шиг үсрэн буулаа. Хөөе чи юу гэж тангараглалаа гэх шиг сарны гэрэлд нэгэн юм гялтагнасан нь мөнөөх эцгийн толгойг хага цохих андгайтай хөх чулуу хаяанд хэвтэж байв. Би тэгээд л харанхуй шөнө нулимс шиг гялтганасан хүйтэн чулууг гартаа чанга гэгч нь атгасаар мяраан очиж, том гэрийн хаалгыг татвал онгорхой байлаа. Гэрийн хойморьт дэвссэн том ширмэл ширдгэн дээр ээжийг минь чармай шалдан хэвтүүлж, цөв хаьцаа нь тонгойж суусан хойд эцгийн яг ар дагзанд нь миний гар дахь хүнд чулуу тасхийн бууж би анх удаа өөртөө өргөсөн эр хүнийхээ андгайд хүрэх нь тэр. Одоо бодоод байхнаа тэр муу яргачин миний ээжийн умдагных нь үсийг нэг нэгээр нь зулгааж балмад тачаалаа тайлж

байсийм байна лээ. – Та тэгээд хойд эцгийгээ… – Тиймээ. Ганц цохилтоор амийг нь авсийм. – Ээж чинь… – Ээж минь наян оны сүүлчийг үзсээн. Миний хойноос шуудай үүрч ирдэг л байсан. – Хойд эцгийн чинь үхэлд хууль таныг харж үзсэн үү? – Үзсээн үзсэн. Монголын төрд би гомдох учиргүй хүн. Хойд эцэгт гаргасан хонзон минь яваандаа миний замд хөндөлссөн бүх хүнийг үзэн ядахад хүргэж тэр бүх хүний цусыг би бас урсгасан юм. – Аймаар юм. – Айлаа гээд өөрөөсөө айна гэж байхгүй шүү дээ. Хааяа нэг муу дүүгээ л боддог юм даа. – Дүүтэйгээ холбоо бариач. – Үгүй дээ. Муу дүү минь аль хэдийн намайг сэтгэл зүрхэндээ оршуулаа биз. Архангайн хүнтэй хожим нь суугаад явсан сурагтай. Олон охин хүүхэдтэй л болсон гэдэг юм. Яг одоо хаана явааг мэдэхгүй л дээ. Мэдээд ч хэрэггүй. Миний дүүг багад нь Өлзийханд гэдэг байсан. Хожим нь миний дүү нэрээ сольсон сурагтай. – Таны жинхэнэ нэр Жорж биш биз дээ. Сэтгэлээ онгойтол ярьж суусан өнөөх эр Одончимэгийн голд хүйт хургатал муухай харж – Яах нь вэ чи? Монголын цагдаад намайг барьж өгөхнө үү? гэхэд

Одончимэг жигтэйхэн сандарч – Яалаа гэж дээ. Би зүгээр л дүүг чинь бодоод ингээд асуучихлаа. Өнөөх эр хүйтэн инээд царайнда тодруулж – Хм. Надад битгий сэтгэл гарга. Надад сэтгэл гаргаж туслах гэсэн хүнийг би ердөө л алж орхидог юм гэхэд Одончимэг айгаад дуугарч чадсангүй. Жорж мөн л инээмэр аядаад – Харин би чамайг нэг л таньдаг хүн шиг санагдаад байх юм. Наад том нүд чинь нэг л таньдаг юм шиг. Анх би чамд өөрийгөө дурлачихлаа гэж бодсон үгүй юм аа. Тавь гарсан би хорь дөнгөж гарч буй чамд дурлаад ч яах юм билээ дээ. Ер нь чамд сэтгэл татагдаад байсан юм. Авчраад чамтай унтъя гэж бодоод аваад ирэхээр бас болохгүй санагдаад. Сэтгэл нэг л дотно оргиод үйлчилгээнд гаргадаггүй байсны гор гарч өнөөдөр чиний бие эрхтэнг үнэлэх болчихоод явж байдаг. Гэхдээ би чамайг тийм байдалд хүргэхгүй ээ. Бээжинд буумагц чамайг найдвартай хамгаалалтан дор Монгол руу буцаана. Улаанбаатарт удажнөгөө бидний хамсаатнуудад

баригдаж балрав. Тэд чамайг амьд үлдээхгүйг сайн санаарай. Хөдөө орон нутагтаа очоод л ичсэн тарвага шиг чимээгүйхэн амьдраарай. Би чамд мөнгө хангалттай өгнө. Ганц удаа ч болов Монголын сүлд баярлаг. – Таньд баярлалаа ахаа. Харин таньд санаа зовж байна. Та эзэгтэйдээ миний талаар юу гэж хэлэх юм бэ? Намайг явуулсан гэхээр эзэгтэй таныг лав өршөөхгүй дээ. – Битгий инээд хүргээд бай. Жаахан хүүхэн минь. Би даалгавараа амжилттай биелүүлнэ. Бээжингийн гудамжинд гуйвалсан Монгол хүүхнүүд зөндөө. Тэдний нэг л чиний оронд үхлийн ширээнд хэвтэнэ биз. – Юу? Яана гэнээ. Өөрийн эрхгүй сандарч уулгалсан Одончимэгийг ийн цочирдон дуун алдахад Жорж чангаар хөхөрч – За за. Тоглосон юм гээд хилэнт нүдэнд нь хүйтэн оч дахиад гялсхийхэд айж балмагдсан Одончимэг дагжин чичрэв… … Өмнөх ширээн дээр нь хөглөрөх нилээд олон гомдлын өргөдлийг ээлж дараалан уншсан Тулгаа эрүүгээ тулан бодлогоширно. Япон руу ажиллах гэрээгээр явсан гэх дөчин залуу бүсгүй хаачдаг байна вэ?

Ажиллах гэрээгээр Япон руу оюутан голдуу дөчин залуу бүсгүй явсан гэх ар гэрийнхний яриа. Охид нь ор сураггүй, хэл чимээгүй алга болсон хорь гаруй эцэг эхийн гомдлын өргөдөл өмнөх ширээн дээр нь байдаг. Охидыг Японд гэрээгээр ажиллуулахад зуучилж явуулсан “Гэрэл” хэмээх компани Улаанбаатарт төдийгүй Монголын бүх аймаг хотуудад бүртгэлгүй байдаг. “Гэрэл” хэмээх хуурамч нэрийн дор хэн байж болох вэ? Японд очих ёстой байсан охид хаачив? Хэдэн сарын өмнө “Хөдөлмөрийн гэрээгээр” Япон явсан гэх охидын талаар тэднийг хэрхсэнийг мэдэхэд туслаач гэж хүссэн цагдаагийн газрын нот бичгийн хариуд Монгол улсад суугаа Японы элчин консулын газраас Япон улсад тийм охид очоогүй болохыг дурьдсан байлаа. Залуу сайхан охид бүсгүйчүүдийн амьдрал, хувь заяа, амь нас хэний гарт очсон байж болох талаар бодож, зовинон суусан залуу өмнөх утсаа дуугархад овсхийтол цочив. – Байна уу? – Нөхөр ахлах дэслэгч. Эгч чинь гээд нэг эмэгтэй таньтай уулзана гээд байна. – Аан тиймүү. Хэн гэж байна. Би ажил ихтэй байдаг. – Учрал гэнээ. – Өө за. Тийм тийм.

Нааш нь оруулчих тэгэх үү. “Яасан сонин юм бэ? Учрал эгч над дээр ирж байдаг. Том ах зүгээр байгаа” гэх бодол цээжийг нь төөнөхөд Тулгаа босон харайж бэр эгчийн орж ирэхийг хүлээлгүй тосон гарав. Учрал эгчийнх нь сайхан царай улайсхийн нилээд сандарсан бололтой нүд нь ойрхон ойрхон анивчина. – Тулгаа сайн уу? Миний дүү. – Сайн. Сайн уу? эгчээ. Тулгаа бэр эгчийгээ өөриймсөн түшсээр суудал дээрээ аваачин суулгав. Ширээн дээрх бичиг сачгыг нүд гүйлгэн ажсан Учрал инээмсэглэн Тулгааг харж – Ажиллаад л байна уу гэв – Ажил ихтэй л байна. Эгч минь заримдаа миний толгой гашилчихсан юм шиг дүнхүүрээд бодит дүгнэлт хийж чадахгүй юм. – Чи чаднаа. Эгч нь дүүгээ шударга сайн хуульч болно гэж итгэдэг шүү. Их ч бага ч бай, хүний хувь заяаг тэнсэх ажил хийж байгаагаа ямагт санаж хариуцлагатай байгаарай. Миний дүү. Цаад ах чинь чамаар их бахархдаг шүү. Тулгаа баясан инээж – Би ч бас ахаараа их бахархдаг. Урьд нь ахыгаа ойлгохгүй, муухай аашнаас нь тээршээн зугтдаг байсан. Таньд их баярладаг шүү эгчээ. Та л биднийг ойртуулж, ах дүүсийн холбоог бэхжүүлсэн. Таны л ач. Учрал мөн л инээмсэглэж – Миний ач гэж юу байх билээ дээ. Цаад ах чинь наадаа уурлаж

хөхөлзөж байсан ч цаанаа та нарыг бодож явдаг цагаан хүн шүү дээ. Ингэхэд ээж нь сайн биз дээ. – Их сайн байгаа. Ядам, Учрал хоёр минь нүүлгэж өгсөн гээд бөөн хөөр. Үе мөчнийх нь өвчин ч гайгүй. – За ашгүй дээ. Нүүлгэж өгснөөс хойш очиж чадсангүй. Зав болохгүй юм. Эгч нь дүүгээ ажил ихтэй байхад нь саад болоод байнаа даа. – Зүгээрээ эгчээ. Тархи толгой мангуурсан энэ үед таньтай ярилцах сайхан байна. Та ярь ярь. Учрал хэлэх үү байх уу гэх шиг Тулгааг гайхашрангуй харж – Эгч нь нэг хүний талаар ярилцах гэж ирлээ л дээ гэж үгээ зөөн хэлэв. – Ярь ярь эгчээ. Би таны яриаг гадагш нь задруулахгүй. Энэ нь Ядамд хэлэхгүй гэсэн үг болохыг Учрал ойлгож, баярлах шиг болов. – Тиймээ дүү минь. Ах чинь юмны цаад учрыг ойлгохыг хүсэхгүй шүү дээ. Ийм учиртай юм л даа. Манай орцонд нэг өнчин хүү аавтайгаа амьдардаг юм. Ээж нь нас барчихсан юм зайлуул. Эцэг нь хүүгээ тэжээх гээд ажил хийдэг. Чухам ямар ажил хийдгийг нь ч эгч нь мэдэхгүй юм. Харин тэр хүү миний танил болсон юм. Их сайн хүү л дээ. Ээжээсээ хойш их зовж яваа бяцхан амьтан. Харин сүүлийн үес тэднийг нэг эмгэн хаанаас ч юм бэ ирж хамт амьдрах болсон. Гэтэл сарын өмнө тэр эмгэн тархинд нь цус харваад нас барчихсан. Тэгсэн хүүгийн эцгийг тэр эмгэний үхэлд сэжиглээд

хорьчихсон. Энэ хугацаанд хүүг асрах хүнгүй учир хүүгийн хүсэлтээр хүүнь миний асрамжинд өгчихөөд байгаа юм. – Хүү хэдэн настай вэ? – Дөнгөж арван хоёр настай нялх амьтан. – Та хүүгийн эцгийн талаар юу гэж бодож байна вэ? – Би сайн танихгүй л дээ. Их л зөв хүн шиг санагддаг. Амьдралын мөр хөөсөн гэмгүй хүн шиг харагддаг. Эхнэрээ амьд байхад нь хоёр лааз пиво уудаг байсан. Одоо хүүгийнхээ хэрэгцээнд хадгалаад пивоо ч уухаа больсон гэсэн. Тэр талийгаач эмгэний арын бүхий л ажлыг хүүгийн эцэг дааж буян үйлдсэн гэсэн. – Хаанахын хэн гэдэг мөрдөн байцаагч дээр байгаа хэрэг вэ? Та мэдсэн үү? Учрал цүнхээ ухаж жижиг тэмдэглэлийн дэвтэр гарган харснаа – Улсын мөрдөн байцаах газар. Дэслэгч Ганхүү гэж байна. – Өө манай хүн амины гэмт хэрэгтэй тэмцэх тасаг байна ш дээ. Ганхүү чинь манай ангийн хүүхэд ш дээ эгчээ. – За ашгүй дээ дүү минь. Эхээсээ хагацаж, эцгийгээ санаж бэтгэрч буй тэр бяцхан хүүхэд тус болохыг хичээгээрэй дээ миний дүү. Эгч нь яах вэ? Юу хийвэл болох вэ? – Би эхлээд байцаагчтай нь уулзъя. Магадгүй өмгөөлөгч хэрэг болох байх. –

Авъя авъя. Би маргааш хүрээд ирэх үү? – Хэрэггүй ээ эгчээ. Би уулзчихаад тань руу яръя. Та битгий санаа зов. – За ашгүй. Баярлалаа дүү минь. Эгч нь явъя даа. – Битгий зов эгчээ. Би хэргийн байдалтай нь танилцаад орхиё. Тулгаа хайрлаж хүндэлж явдаг бэр эгчийгээ ийн гаргаж өгчихөөд алга болсон эмэгтэйчүүдийн овог нэр, насыг, сурч байсан сургуультай нь танилцвал ихэнхи нь Тулгаагийн төгссөн дээд сургуулийн оюутнууд тул залуу мөрдөгч бүрч гайхширч жаал сууснаа бэр эгчийнхээ хичээнгүйлэн гуйсныг санаж Ганхүүгийн утсанд залгавал нилээд шүгэлдэн дуудсаны эцэст Ганхүүгийн дуун сонсдов. – Хөөе ямар сонин хүн ярьж байнаа. Хаана байна найзаа? – Ажил дээрээ. Харин чи. – Чи манай өрөөнд ороод ирвэл болж байна уу? – Нөхөр ахлах дэслэгчээ энэ тушаал уу. Цолын эрэмбэ бас байна уу? – Үгүй дээ найз минь. Анд нөхрийн л хүсэлт байна. – Чи хүнгүй байгаа юм уу? – Хүнгүй харин чи. – Бас яг адил. Үдээс хойш ганц явна. – Чи тэгээд над дээр ирэх юм уу үгүй юм уу? – Би одоохон дэгдээд орлоо. Хүлээж хайрла найз минь. Утас тасарч төд удалгүй Ганхүү инээд алдсаар орж ирэв. Тэр хоёр жаал ноцолдсоноо ширээндээ суулаа. – Ингэхэд найз минь, чи чинь яагаад хүн дарамталж өрөөндөө дуудчихаад хоосон суугаад

байгаа юм бэ? Алив дайлаач. Тулгаа ширээнийхээ нүдийг ухаж Учралын авчирч өгсөн зөөлөн чихрээс атган Ганхүүд өгөв. Ганхүү чихрийг хоёр гардан авснаа. – Иш. За боль доо найз минь. Чихэр хүлхсэн хэвээрээ юу? Бас ээжийн өврөөс гараагүй. Сахил хүртчихсэн юм шиг л байх юм. Нүдээ нээгээд хараач. Сайхан хүүхнүүд эргэн тойронд чинь эрээн даашинзтайгаа л байна ш дээ. – Надад аль нь ч хэрэггүй ээ. – Өө. Дүү минь ээ. Дүү минь ээ л гэхээс бас л өнөө Одноо юу. Дурлалын романс дуусдаггүй ээ. – Дуусаа ч үгүй. Дундраа ч үгүй л байна. За энэ яах вэ найз нь чамаас нэг зүйл асуух гэсэн юм. Чам дээр Нацаг гэж ямар нөхөр хоригдож байнаа. – Аа тийм нэг эмгэн чадхийлгэсэн нөхөр 91-ээр цагдан хоригдсон. – Яг нотолгоотой юм уу? – Ер нь бол нотлогдонол доо. Өөрөө гүрийгээд байгаа юм. Зургаан сар хатаад ирэхэд өөрөө гуйж өчгөө өгөх байлгүй. – Чи тэр нөхөрт хэний гомдлоор эрүү үүсгээд байгаа юм бэ? – Хохирогч эмгэний бэр, хүү хоёр гомдол гаргасан юм. Бэр нь жинхэнэ хоншоортой, найраатай гар. – За тийм байдаг байж. Нацагийн ард өнчин хүүхэд байгаа юм биш үү? – Хүүхэд ч гэж дээ. Нацагийн төрсөн хүүхэд биш. Асрамжаас хүүхэд

аваад. Тэр хүүхдийнх нь эмээ нь талийгаач хөгшин. Хөгшнийг хүүхдээ авчихна гэж айгаад мань хүн дарамталж байгаад чад. – Өөрөө хүлээн зөвшөөрсөн юм уу? – Хэн Нацаг уу? Тэр хүлээн зөвшөөрөхгүй гээд хаачдаг юм бэ? Боссуудын камераар хэд хэсүүлэхэд л ах хүү үгээ хэлээд эхэлнэ дээ. – Хүүхдийг нь яая гэж бодож байна вэ? – Хүүхдэд санаа зоволтгүй. Одоо нэг баян хүүхний асрамжинд бий. Тэр хүүхэн жаахан эгчмэд ч дажгүй царайлаг хүүхэн байсан шүү. Би нэг жаахан савах санаатай байгаа. Энэ үгэнд Тулгаа дүрсхийтэл уурлаж – За болиорой чи. Хирээ мэдэж дуугараарай. Ганхүү тачигнатал хөхрөн улам сагсуурч – Үгүй чи мөн алах юм аа. Яасан нөгөө дурлалын романс дуусаагүй л гээд байсан. Сайхан хүүхний сургаар надаас харамлаж, уурлаад байгаа юм уу хаашаа юм бэ? – Чи тэгээд хүүхдийг нь яах гэж байгаабэ? – Асран хамгаалагчид нь өгөх санал оруулна. – Тэр нь хэн юм бэ? – Юу хэн юм бэ гэж. Хүүгийн төрсөн эцгийн дүү нь талийгаач Надмид эмгэний хүү Золбоот. Золбоот эхнэрийн хамт Болд хүүг асрамжиндаа авч хүүгийнд амьдрах болно. – Хүүгийн хууль ёсны эцэг Нацаг яах болж байна. – Хүн алсан хүн хаана байх ёстой вэ? Тэр газраа

л очих болно. – Өө за за. Чи ч бүр Нацагийн авах ялыг төлөвлөчихсөн байх шив дээ. Тулгаагийн илт дургүйцэн уурлаад байгаад Ганхүү гайхан – Ингэхэд чи Нацагийг яагаад асуугаад байна вэ? Арай чиний хүн биш биз. Хэрэв чиний хүн бол найз нь зохицуулж болно ш дээ гэхэд Тулгаагийн дургүй хүрч – Ёо ёо бөөлжис цутгачихлаа. Чи хүний хувь заяаг ингэж шийдэж арай л болохгүй байхаа. Чи яаж ч хийсвэрлэсэн бай, би энэ хэргийг орхихгүй. Нацагийг би танихгүй. Гэхдээ л би энэ хэргийг орхихгүй. Үнэний нотолгоог гаргах л болно. Чи ганц орж яах гэж байгаа юм бэ? – Яах юу байх вэ? Нацагийн хугацааг сунгана. Тулгаа найздаа юу ч хэлсэнгүй. Хар аяндаа л бухимдаад байх тул Ганхүү даруйхан гарч явахдаа “Ээ энэ муу даравгар амуу. Золбоотын эхнэр Долгортой холбоотой гээд шууд утгаараа хэлчихдэг. Тэнэг чинь өөрийгөө цусгүй алав аа даа. Новш гэж. Энэ хэнхэг Тулгаа Нацагийг яагаад сонирхоод байнаа. Худлаа найз, найз гэчихээд миний улыг шагайгаад байгаа юм биш байгаа даа. Төрийн түшээ, тэргүүн

баяны дүү гээд оодорчихож. Онгироо новш чинь. Гэхдээ энүүнтэй муудаж болохгүй. Удирдлага Тулгаагийн талд л бат зогсоно. Аргагүй ш дээ. Ард нь ах нь байгаа юм чинь. Уг нь Долгор авгайгаас тэр хоёр сая төгрөгийг нь авчихвал хэрэгтэйсэн. Тэгээд Нацагийг хүндхэн зүйлчилж шоронд илгээнэ. Яс юман дээр ингэвэл Долгор хоёрхон сая төгрөгөөр байртай боллоо гэсэн үг. Тэгэхээр нэмэх нь зөв. Би ч гэж би. Адаглаж хүн байртай болгох гэж байж таван сая төгрөг нэхдэг байгаа. Одоо ч нэхсэн Долгор байртай болохын тулд өгнө л дөө. Гэхдээ одоо жаахан болгоомж хэрэгтэй боллоо. Нацаг арай энэ Тулгаагийн хамаатан садан биш байгаа даа. Тэгвэл ч бүр өнгөрлөө л дөө. Хэнхэг Тулгаа сүржигнээд, өнөө айхтар ах нь архираад, манай удирдлага дагаж ханараад. Ганхүү сүйрнэ гэсэн үг. Тэгэхээр одоохондоо болгоомжилж хүлээх нь зөв хэмээн Ганхүү бодож байхад Тулгаа Учралын утсанд залгаж – Эгчээ би асуулаа. Ер нь нилээд төвөгтэй болчихсон байна. Одоо яаралтай өмгөөлөгч л авах хэрэгтэй болчихсон байна гэв. Энэ цагаас хойш нэлээд хэд хоног өнгөрсөн ч Тулгаа бэр эгчийнхээ гуйлтаньд туслах зав гаргаж чадсанүй. Сүүлийн үес “Онц аюултай гэмт хэрэгтэй тэмцэх тасаг”-т хүндрэлтэй хэргүүд олноор

гарч, эрүүгийн мөрдөн байцаах албаныхны сэтгэлийг түгшээх нь ихсэв. Хурандаа Бадамын өрөөнд дуудагдсан Тулгааг хэлтсийн даргын өрөөнд ороход хэдэн өдөр шөнө харилгүй суусан хурандаа нойргүйдлийн улмаас бэлцийн хавдсан нүднийхээ зовхийг долоовор хуруугаараа дарлан улайсан нүдээр залуу мөрдөгчийг харж – За залуу минь. Ажиллаад л байна уу? Бариад авах сэжүүр гарах нь уу? Охидыг хэдийд Монголын хилээр гаргасныг мэдэж байна уу? Гаалийн бүх боомтыг шалгав уу? – Одоогоос зургаан сарын өмнө буюу өнгөрөгч оны 12-р сарын 16-ны өдрийн Улаанбаатар Бээжингийн нислэгээр ниссэн нь нотлогдсон. Гаалийн шалгалтын бичлэгт үлдсэн дүрс бичлэгийн хальстай эрэн сурвалжлагдаж буй зарим бүсгүйчүүдийн зураг нь таараад байна. – Бичиг баримтын бүртгэл шалгалт хийгдсэн үү? – Хийгдсэн. Бүгд өөр овог нэрээр хил давсан байна. – Бүсгүйчүүдтэй хамт ямар хүмүүс явсныг мэдэж чадав уу? – Яг бүсгүйчүүдтэй хэн хамт явсныг нотолж чадаагүй юу? Урт пальто бүхий гурав дөрвөн залуус явсан байна. – Нэг удаагийн нислэг бараг тэдэнд зориулагджээ дээ. – Би ч бас тэгэж таамаглаж байна. – Бүсгүйчүүдийн ихэнх нь оюутнууд гэлүү? – Тийм байна лээ. Сонин л юм болоод байна. Нөхөр хурандаа бүсгүйчүүдийн ихэнх нь миний төгссөн “Санхүү менежментийн дээд

сургууль”-н оюутнууд байх юм. Хурандаагийн хурц харцанд нэгэн бодол төрөв үү гэлтэй гялсхийснээ хуруугаа инчдэн – Зааг. Их л сонин юм болох нь. Тэгээд эдгээр бүсгүйчүүдээс таньдаг хүн чамд байна уу хэмээн Тулгаагаас шамдуулан асуухад Тулгаа толгой сэгсэрч – Над дээр байгаа материалаас харахад миний таньдаг оюутан байхгүй байна. Харин манай сургуульд суралцдаг байсан нь ар гэрийнхнийх нь мэдүүлэгээс харагдаж байна. Хурандаа мөн л бодлогоширч – Ингэхэд танай сургуулийн захирал чинь хэн билээ? – Манай захирал Домпил шүү дээ. – Аа тийм. Тийм халзан До байх нь. – Одоо чи тэгээд мөрдөх ямар ажиллагаа хийж байна вэ? – Гадаадад ажилтан явуулах жуулчлах “Гэрэл” хэмээх компани ерөөсөө байхгүй юм байна. – Санхүү Менежментийн Дээд сургуулийн орчмоор явж таньдалт хийсэн үү? – Хийж байгаа. – Оройн хорин цагт дахин ороод ирээрэй. Мөрдөлтийг группчилсэн хэлбэрт оруулж шинэ ажиллагаа боловсруулах ёстой. Миний энэ удаагийн чамайг дуудсан нь бас нэг эзэн холбогдогчгүй мухар хэрэг чамд өгөхөөс аргагүй боллоо. Хүн хүч дутмаг байгааг ойлгоно биз дээ. Залуу минь. Тэгээд ч залуу хүний бодож сэтгэх чадвар

арай л илүү хурц дайчин байх. Тулгаа хурандаагийн өгсөн хавтаст хэргийг нээвэл, Чинзориг 6 настай эрэгтэй гэрийнхээ орчим тоглож байгаад алга болсон. Болорцэцэг 8 настай, сургуулиасаа гэртээ харих замдаа алга болсон. Ану 9 настай гэрээсээ дэлгүүр орох гэж яваад сураггүй алга болсон. Даваахүү 11 настай. Сургуульдаа явна гэж гараад алга болсон гэх мэтчилэн хориод бага насны хүүхдийн зураг, оршин байсан газрын хаяг. Эцэг эхчүүдийн олж өгч туслахыг хүссэн өргөдлийн хамт байлаа. Хүүхдүүд ихэвчлэн нэг өдөр алга болсон бөгөөд цөөхөн хэдхэн хүүхэд л ганц хоёр өдрийн хойно урьд алга болсон байв. Залуу бүсгүйчүүд алга болсон. Одоо хүртэл хэргийн ээдрээ тайлагдаагүй байхад дахиад нялх балчир хүүхдүүд алга болдог. Хоног өнгөрөх тусам алга бологсдод, хүүхдүүдэд аюултай тул Тулгаа ихээхэн бачуурав. Ай халаг минь. Энэ иш мухаргүй хэргийн учгыг яаж нэг тайлахсан даа. Юу л болоод байна даа. Сайхан Монгол эх орон минь. Одоо бүр эрдэс баялгаа харийханд алдаад зогсохгүй эмс хүүхдээ бид чинь хаашаа ч юм бэ алддаг боллоо. Тулгаа ийн цөхрөн бодсоор гарч ирвэл өрөөнийх нь үүдэнд аливаад шаламгай байрын гуч гаруй насны эгчмэд бүсгүй түүнийг инээмсэглэн угтаж – Та мөрдөн байцаагч

Тулгаа юу? Өмгөөлөгч Энхээ. Намайг таньтай уулзаарай гэж Учрал гэдэг хүн хүссийн. Таниас гуйх бага зэргийн зүйл байна гэх яриа хөврүүлсээр өрөөнд нь орж ирэв. Тулгаа өмгөөлөгч бүсгүй эелдгээр хүлээн авч гар барингаа “Учрал эгч маань тэр хүүгийн төлөөнөөс өмгөөлөгч авчихаж. Сайхан сэтгэлтэй тусархаг хүн дээ” хэмээн бахархан бодонгоо өөрийнх нь зүгээс ямар тус хэрэгтэй байгааг өмгөөлөгчид хэлж, ажил ихтэй байгаагаа тайлбарлан ойлгуулав. Өмгөөлөгч бүсгүй харваас ажил хэрэгч хүн болох нь андашгүй бөгөөд – Миний таниас хүсэх зүйл бол яллагдагч Нацагийн гэр, хохирогч Золбоотын гэрээр хамт очиж өгөөч гэж хүсэх байна. Мөрдөн байцаагч нь харваас нэг талыг барьж, Нацагийг хэрэгт хийсэн гэх нотолгоогүй хирнээ хэргийг түүнд хүчлэн тулгаж, камерыг нь удаа дараалан солиулж, дарамтлуулах, өмгөөлөгчгүй мөрдөн байцаалт явуулах зэрэг сөрөг үзэгдэл гаргаж Эрүүгийн хуулийг урвуулан ашиглаж байна. Нацагийн хүү Болдыг асрамжиндаа түр авсан Учралыг, хүүг эцэгтэй нь уулзуулах хүсэлт гаргахад эргэлт оруулахыг зөвшөөрөөгүй байна. Би Нацагтай өнөөдөр уулзлаа. Түүний бие тааруухан байгаа ч мөрдөн байцаагч нь батлан даалтаньд гаргахыг зөвшөөрөхгүй байна гэхэд,

Ганхүүгийн яриаг эргэн санасан Тулгаа ер нь нэг салхинд гарахаар шийдэн гадуур хувцсаа өмсөв. Өмгөөлөгчийг хажуудаа суулгасаар хөдлөх Тулгааг харсан Ганхүү гайхширч, “Энэ Тулгаа ер нь Нацагийг таньдаг юм уу эсвэл хамаатан садных нь хүн болох нь тодорхой боллоо. Муу санаатай амьтан чинь надад үнэнээ хэлэхийн оронд миний бөгсийг ухах нь шивдээ. Тэгвэл ч бүр өнгөрлөө л дөө. Ер нь л тэр Долгорыг дуудаж мөнгийг нь салгаад хэргийг нь прокурорт хурдан шилжүүлж амаръя” гэх бодолд хөтлүүлж, Долгорын утсанд залгаснаа больж Нацагийн хүүхдийг асрамжиндаа авсан Учрал чухам хэн болохыг мэдэхээр яаран гарав. Тулгааг өмгөөлөгчийн хамт очиход тэднийг ирэхийг сонссон Учрал ажлаасаа ирчихсэн Болд хүүгийн хамт хүлээж байлаа. Даруухан зассан ширээний ард суусан Тулгаа, Учралыг хүндэтгэнгүй харж – Эгч минь. Өлссөн байна шүү. Та өөрөө наашаа суу л даа гэхэд Учрал сайхан инээж – Бас л нэг ах шиг ээ ажил ажил гэж шургачих дөхсөн хүн гарлаа даа. Эгч нь сайхан шөл хийж байна. Бодвол та хоёр өдрийн хоолонд орж амжаагүй бололтой. Би ч мэдсэн юмаа гээд өмгөөлөгчийг ч мөн дайлж гарав. Ширээний цаад буланд цомцойн сууж уруу царайлах жаал хүүг өмгөөлөгч өрөвдөнгүй харж – Хүүе энэ хөөрхөн хүү чинь Болд уу даа. Ямар сайн хүүхэд вэ? Өмгөөлөгчийн ийн хүүд дотноссонд баярласан Учрал хүүгийн толгойг

илж – Манай Болдоо чинь ёстой сайн хүүхэд байхгүй юу. Эгчдээ мөн ч их тус болдог юм. Болдоо миний дүү өө. Энэ эгч нь тусалж дараагийн долоо хоногт хоёулаа аавтайгаа уулзана. Аавыгаа эргэж очино за юу. Чухам энэ үг л хэрэгтэй юм шиг хүүгийн хоёр хар нүд цогтон гэрэлтэж, хоёр хацар нь улайгаад ирэв. Тэрбээр үсрэн босч Учралыг тэврэн авснаа хариугүй дээшлээд ирсэн нулимсаа хүчлэн цаашлан залгиж – Нээрээ юм уу эгчээ. Байцаагч нь зөвшөөрөх юм уу? Шивнэх шахам халуу төөнүүлэн хэлэх хүүгийн энэ үгэнд Учрал өөрөө ч уйлах шахаж хүүг элгэндээ шахан тэвэрч – Тэгэлгүй яах вэ. Энэ эгч нь аавынх нь өмгөөлөгч байхгүй юу. Бидэнд тусалж байгаа сайн өмгөөлөгч гэлээ. Өмгөөлөгч Энхээ, Тулгаа хоёрыг Нацагийнд ороход тэдний том өрөөний хойморьт байх шилэн хоргоноо талийгаач Дарийн зурагны дэргэд Надмид хөгшний зургийг хадгаар ороож байрлуулж, өмнө нь том зул бадмаалан асч байв. Бас өмнөх жижиг аяганд нь цай, хоолны шинэхэн дээж тавьж, жижиг тавганд чихэр амттан хийсэн бөгөөд арц, хүж зэрэг ариун үнэртэн үнэртэх аж. Өмгөөлөгч тэр бүхнийг ажиглаж байснаа жаал хүүгээс – Болдоо миний дүү энэ хэний зураг вэ? гэж асуухад жаалхүү – Манай Надмид эмээгийн зураг. Би дандаа л өмнө нь чихэр нэмж зулыг нь сэргээдэг юм. Эмээ бас ээжтэй адилхан хол явчихсан. Хүүг өрөвдөнгүй харсан өмгөөлөгч – Миний дүү гэрээ сайхан цэвэрлэжээ. Сайн хүү юм. Танихгүй эгчээр ийн магтуулсандаа

баярласан хүү – Аавыгаа ирэх байх. Ирээд баярлаг гээд гэрээ дандаа цэвэрлэдэг юм. Гэнэн цайлганаар ийн ярих хүүгийн үг болгон хүний хатуу орчлонгоос аавыгаа нэхсэн, аавыгаа хүлээсэн, эргээд ирнэ гэдэгт итгэсэн итгэлээр дүүрэн байлаа. Гэр хороололын энхэл донхол бүхий сэгсчүүлэн явсан Тулгаа ч, хажууд нь суун бодлогошрох өмгөөлөгч ч зөвхөн эцгээ үгүйлсэн хүү Болдыг л бодож явлаа. – За энэ л байх шив дээ. Өнөөх айл чинь. Тулгааг тормоз гишгин ийн хэлэхэд Энхээ цүнхээ ухаж нэг цаас гарган харснаа – Мөн байна гэснээр тэд дотогшлов. Том дааман хаалгыг цохих тоолон дүн дүн дуугарах хонхны чимээнээр нэгэн бяцхан хүү гүйн ирж жижиг явган хаалга нээв. – Сайн байцгаана уу? Тэднийг ийн мэндлэхэд том өрөөний голд ямар нэгийг хийх махлаг цагаан эхнэр толгой өндийлгэн харж, дур муутай толгой дохиод сандал уруу заав. Байшингийн хана дагуулан тавьсан хоёр хүрэн орны нэгэн дээр үс толгой нь арзайсан нэгэн эр чимээтэй гэгч нь хухирна. Өмнө нь дотор тал нь бохир түмпэн хэвтэнэ. Ямар улс, бас ямар яршиг удах гэж ирэв гэсэн шиг гэрийн эзэгтэй тэднийг таагүй харж шилбэлзэнэ. Энхээ ам нээж – Та Золбоотын эхнэр үү? Би өмгөөлөгч Энхээ гэдэг хүн байна. Энэ бол мөрдөн байцаах газрын

мөрдөн байцаагч. Яалт ч үгүй албаны улс болох нь тодорхой тул Долгор инээд алдан босч цай аягалан тавагтай чихэр дөхүүлэнгээ нөхөр өөдөө муухай хялалзаж – Хөөе Золбоотоо босоочээ. Албаны улсууд ирчихээд байна гэсээр очиж дугтчив. Золбоот хэмээх согтуу эр эхнэрийнхээ хүчтэй дугтралтаньд арайхийн сэрэгчүү аядан – Ёох ёох дотор шатлаа байна. Хүйтэн юм өгөөч гэж ээрч хуурайшсан хоолойгоор үглэнэ. Эхнэрийнх нь санаа зовсон бололтой түүнийг нудчин – Цагдаагийн хүмүүс ирчихээд байна гэхэд согтуу эр огло харайн босч орон дээрээ суув. – Би яллагдагч Нацагийн өмгөөлөгч Энхээ гэдэг хүн. Та нартай уулзах гэж ирсэн юм. Хохирогч Золбооттой л голчилж уулзах гэсэн юм. Энэ үед Тулгаа дуу хураагуураа сэмхэн нээж орхив. – Тиймүү. Энэ маань бие нь тааруухан байна. Таньтай уулзаж таван үг сольж чадах юм уу даа. Би уулзаж болохгүй юу? – Та ч болно л доо. Талийгаач хөгшний зургийг харж болох уу? Өмгөөлөгчийн үгэнд Долгор сандрах шиг болж – За байз энд ч зураг алга л даа. Гадаа хөгшний авдранд байгаа байх. – Аа за за. Гадаа гэхээрээ ойр биш юм шиг байна. Тиймээ зураг тийм чухал биш л дээ. Харин би Монгол заншлаар талийгаачийн зурагны өмнө хүндэтгэлийн зан үйл байхгүй болохоор л асуусан юм. – Үгүй юу л даа. Энд өнгөрөөгүй болохоор. Тэгээд ч талийгаач бид хоёр харш жилтэй

юм л даа. Тэгээд зургийг нь энэ тэр болоогүй юм. – Тиймүү? Та ч яах вэ. Талийгаач хөгшинтэй харш гээд ажил явдалд нь оролцоогүй юм байна. Золбоот ганц хүү нь юм чинь яагаад эхийнхээ ажил явдалд оролцоогүй юм бэ? – Нада мөнгө өгөөгүй юм наад Долгор чинь. Тиймээ ганц хүү нь. Миний ээж сайн хүн байсаан. Даанч энэ муу шулам гэрээс хөөчихсөн юм. Гэрээс нь хөөчихөөд гэрийг нь зараад идчихсэн. Үхсэн муу новш. Өөдлөхгүй дээ чи хэмээн согтуу Золбоот агсарч гарав. – Үгүй чамтай хэн ярьсан юм бэ? Дуугүй болоод өгөөч чи. Үгүй та минь. Би мөн зовсон хүн шүү гэсээр айж ичсэндээ нүүр нь час улайсан Долгор давхин очиж нөхрөө орон дээрнь цохиж өнхрүүлэв. – Манай энэ ийм улаан архичин. Агсам гэж жигтэйхэн. Би мөн ч их зовж байна даа. Энхээ үл мэдэг инээмсэглэн – Та тайвшир. Та ч тэр, нөхөр чинь ч тэр талийгаач эхийнхээ ажилд явдалд оролцоогүй байж түүний үхэлд Нацагийг буруутай гэж яаж мэдсэн юм бэ? Долгор өмгөөлөгчид хариулж чадалгүй хэсэг эг маг хийснээ – Юу л даа. Манай тэр талийгаач ерөөсөө өвдөж энэ тэрээ болдоггүй юм болохоор нь л сэжигтэй санагдаад. Үгүй бид чинь ингэхэд хүний үр хүүхэд юм чинь гэнэт нас барсан эхийнхээ үхэлд Нацагийг сэжиглэж шалгуулах эрхтэй Монгол улсын иргэд юм байгаа биз дээ. – Тиймээ та нарын

иргэний эрхэнд хэн ч халдах гээгүй. Ингэхэд талийгаачийн оршуулгын зардлыг хэн гаргасан юм бэ? – Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр Нацаг өөрөө гаргасан. Нацагийн хүү гээд байгаа, тэр хүү манай энэ нөхрийн төрсөн ахын хүүхэд. Энэний ах нь эхнэртэйгээ хамт машины ослоор нас барчихсан тул хүүг асрамжинд өгсийм. Харин тэр хүүг асрамжаас Нацаг өргөөд авчихсан. Тэгээд талийгаачаас хүүхдээ харамлахдаа л тэр хөгшнийг сүйд хийчихсэн юм билээ. Бид тэр хүүгийн хууль ёсны асрамжлагчид байх ёстой. Хүүг асрамжиндаа авахын тулд бид шүүхэд хандаад байгаа. – За ойлгомжтой. Би сайн ойлголоо. Би Нацагийн өмгөөлөгчийн хувьд Нацаг ямартаа ч хүүгийн хууль ёсны эцгийн хувьд мөрдөн байцаах газарт , прокурорын газарт ч, харъяалалын шүүх байгууллагад ч хүсэлт тайлбар бичиж, шүүх хуралд Нацагийг төлөөлөн биечлэн оролцоно. Тийм учраас та нарын зүгээс хүүхдэд сайн муу ямарч халдлага хийж болохгүйг сануулъя. Хүүхдийн хувь заяаг ингэж ч шийдэхгүй л байх. Ер нь та нар хүний хувьд ихээхэн муу хүмүүс бололтой хэмээн тэвчиж чадалгүй ширүүхэн хэлээд явахаар боссон өмгөөлөгчийг Долгор гөлрөн ширтсээр хоцров. Энэ үед мөрдөн байцаах газрын дуудлагын машинаар яаравчлан ирсэн Ганхүү Ядамын үүдийг тогшоод зогсож байлаа. Хэн ч хаалга тайлж өгсөнгүй тул эргээд доош уруудан орцны

жижүүрт ойртон очиж үнэмлэхээ дэлгэн үзүүлж – Энэ орцны жаран найман тоотынх хэнийх вэ? Гэхэд цагдаагийн сүр хүчнээс айж жийрхсэн эмэгтэй – Жаран найман тоотын айл уу? УИХ-н гишүүн Ядамынх гэх нь тэр. Энэ нэрийг сонсоод Ганхүү давхийтэл цочин “За баларсаан. Даанч Тулгаа хэнхэглээд Нацагийг асуугаад байсан юм. Очиж очиж тэр айхтар ахтай нь Нацаг танил байдаг. Ах, дүү хамаатар садан ч юм уу хэн мэдлээ. Нацагийн тэр хүүхдийг асрамжиндаа авсан тэр эмэгтэй Ядам гишүүний эхнэр нь байж таарах нээ. Даанч цаанаа нэг бардам ихэмсэг байсан юм. Одоо тэгээд яавал дээр вэ? Долгороос хэдэн төгрөгийг нь аваад л хэргийг нь прокурор уруу шидчихдэг юм уу. Арай л болохгүй байхаа. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлтэнд талийгаачийн үхлийн шалтгаан цус харвалт гэж гарсан. Нацаг эмгэнийг айлган сүрдүүлсэн, дарамталж, сэтгэл санааны хямралд хүргэснээр үхэлд хүргэсэн гэж ял тулган хорьчихоод байгаа нь хуулийн зүйлчлэлд нийцэхгүйг Ганхүү хуульч хүний хувьд мэдэхийн сайнаар мэдэж байлаа. Ер нь Долгороос 5 сая төгрөгийг салгаж авчихаад хэргийг нь прокурор уруу шидчихээд алга болчих уу. Таван сая төгрөг намайг гэвч хэд хоног тэжээх билээ дээ. Новш гэж.

Ядаж Навчаа хурим хийнэ гээд байдаг. Мөнгөний ч хэрэг их л байна санж. Цалин гэж олигтой юм байх ч биш тоотой хэд нь хаанаа ч хүрэхгүй яасан ч хяслантай юм бэ? Тавч байна уу хоёр ч байна уу сая төгрөг надад их л хэрэгтэй байна. Гэхдээ л болохгүй болоод явчих шиг боллоо. Тулгаагийн ахыг бол хэн ч барж идэхгүй. Түүний замд хөндлөн гишгэсэн хэн ч сайнаа үзэхгүй. Тэгэхээр яана гэсэн үг вэ? Мөрдөн байцаалт төөрөгдүүлж худал мэдүүлэг өгсөн гээд Долгорыг яллах уу. Үгүй ингэхэд Долгорыг яг энэ зүйл дээр нь айлгаж байгаад хэдэн юм салгачихаж болох юм биш үү. Нээрээ тийм ш дээ. Яг тийм ш дээ. Ээ дээ Долгор чи л надад хэрэг болох нь хэмээн солиотой бодолд хөтлөгдсөөр ирсэн Ганхүүг хэлтсийн дарга нь тун ч ууртай угтах нь тэр. Хурандаагийн махлаг бүдүүн хуруу түүнийг ууртайгаар чичлэн – Нөхөр минь цаана чинь юу болоод хөгшин залуу хоёр авгай яршиг төвөг удаад байгаа юм бэ? Хүүхэд авна ч гэх шиг, байр нь манайх ч гэх шиг. Чи нөхөөр. Яасан хариуцлагагүй холион бантан хутгадаг нөхөр вэ? Чиний хийх ажил бол Нацаг, Надмидыг алсан гэх нотолгоотой

үнэн. Үгүй бол Надмидын үхэлд Нацаг буруугүйг нотолсон мөрдөн байцаалтын ажиллагаа. Нацагийн хүүхдийг хэн асрамжиндаа авах, тэдний байранд хэн орох бидэнд огт хамаагүй, түүнийг чинь Монголын иргэний шүүх байгууллага шийддэг юм. Ер нь чи энэ шуналтайдаа боогдсон авгай нарын үгээр хүн хохироогоод байж болохгүй шүү. Чамд тийм эрх байхгүй. Хуулийн дагуу л бүх асуудлыг шийд. Тэр Нацаг хэд хоног цагдан хоригдож байна вэ? Хурандаагийн ийн зэмлэх, сургах хослуулан зандрахад Ганхүү жаахан хүү шиг хүзүүгээ маажиж – Гурван сар гэж шивнэхэд хурандаа толгой сэгсрэн – Тээр энүүхэн хэргийг өдий хугацаанд шийдчихэж чаддаггүй. Тэр Нацагийн өмгөөлөгч над руу бас яриад л байна. Хууль буруу

хэрэглэсэн энэ тэр гээд. Цаад хоёр шуналтай авгайгаа явуулчихаад, Нацагийн хэргийг аваад ороод ир гэхэд Ганхүү год үсрэн гарахыг харсан Төмөр хурандаа толгой сэгсрэн муухан инээмсэглэж – Томоогүй ч амьтан бол доо. Угтаа бол нэг том хүн амины хэрэг илрүүлчихсэн том мөрдөгч. Болоогүй л байна даа. Сайхан залуу нас. Уг нь төрөөс манай залуусын цалин хангамжийг жаахан нэмээд өгчихдөг болч. Сайхан залуус даа хэмээн ганцаараа ярьж тамхиа асаачих санаатай асаагуураа эрж байтал нь утас нь дуугарав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *