Нүүр Өгүүллэг “АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “12-Р ХЭСЭГ”

“АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “12-Р ХЭСЭГ”

2 секунд уншина
0
0
445

Миний хүү хоолоо сайн идэж бай! Эр хүн чинь сайн хооллож байж ном эрдэм сурч, ажил хөдөлмөр хийж, эрүүл саруул явдаг юм шүү дээ. – Би сайн хоол иднээ ааваа. Та харин намайг орхиж явж болохгүй шүү.

– Хүүгээ орхидог аав байхгүй шүү дээ. Тэр дундаасаа аав нь хүүгээ хэзээ ч орхихгүй за. – Тийм дээ. Аав намайг орхихгүй. Би аавыгаа орхихгүй. За батлая ааваа. Хэлснээ батлах гэж гараа өргөн босч ирсэн хүүгээ

гунигтай байхыг анзаарсан Нацаг хүүгээ өрөвдөн сэмхэн санаа алдав. – Миний хүү өө. Эр улс чинь сэргэлэн цовоо байдаг юм ш дээ. Хүү эцгийнхээ элгэнд очиж наалдсанаа –Тийм л дээ. Бид нар эр улс. Даанч

биднийг зовлон тойрохгүй юм даа. Мөн л уртаар сүүрс алдаж хүүгээ лавшруулан тэвэрсэн Нацаг –Зүгээр хүү минь. Бид жаргах болно. Миний хүү хичээлээ сайн хийж, сайн сур. Миний хүүд хиртсэн хувцас

байна уу? Аав нь угаагаад өгье! – Үгүй ээ ааваа би өөрөө угаачихсан. Бас таны ажлын цамцнуудыг угаачихсан. – Тийм үү? Эр хүн дээ хө. За аав нь эмээгийнх нь зулыг сэргээгээд орхиё! – Би зул сэргээчихсэн.

Өдөр хичээлдээ явахаас өмнө том цөгцөнд тос хийгээд барьчихсан юм. Ааваа та харин зулын гол ахиухан хийгээд өгөөрэй. Нацагийн хоолой зангираад ирэв. “Иш хорвоо минь миний хүү бүхнийг хийж чадах юмаа. Балчир амьтан шүү дээ. Ийм хүү хайрласанд баярлалаа бурхан минь. Муу хүүгээ дахиад нэг зовлонд унагачихгүй юмсан.” Хүү эцгийн бодлыг мэдсэн мэт –Ааваа та юу бодоод байгаа юм бэ? Намайг л бодоод байна уу? Хүүгийнхээ дүлийтэл ширтэн хэлэх энэ үгэнд Нацаг хариулж чадсангүй хий л уруулаа өмөлзөж ямар нэг аюул хажууд нь ирчихсэн мэт муугын совин татаад байлаа. – Ааваа та тамхи татахаа больчихсон юмуу? – Аав нь тамхи татахаа болихоор шийдсэн. – Та яагаад тамхи татахгүй байгаа юм бэ? Та өөрөө тамхи татахаар ядаргаа арилдаг гэж хэлсэн биз дээ. Тамхи биенд хортой шүү дээ хүү минь. – Та миний төлбөрт мөнгө хийх гээд л тамхиныхаа мөнгийг гамнаад байгаа юм биш биз. Үнэнийг хэлээд байгаа хүүдээ хариулж чадаагүй Нацаг “Миний хүү дэндүү ухаантай шүү” гэж бодонгоо хүүгийнхээ

үсийг энхрийлэн илж хүүгээ өвөр дээрээ суулгав. Хүүгээ тэврээд л суугаад баймаар санагдах аж. – Ааваа та ядарчихсан байна. Одоо унт за юу. Би гүйгээд таньд хоёр лааз пиво аваад ирье тэгэх үү? – Хүүе миний хүү хэрэггүй. Аав нь пиво ч уухаа бүр больсон. Нацагийн ийн сандран хэлсний хариуд хүү –Өө энэ аав чинь бүр өвгөн болох нь шив дээ. Надад мөнгө нөөцлөөд байхаар өөртөө бас зориул –Та гунигтай байна ш дээ ааваа. Хоёр лааз пиво уугаад унтчих. Таныг ядрана гэж ээж пиво авч өгдөг байсан. Одоо ээж байхгүй ч хүү нь хажууд чинь байна шүү. Үгэнд ор за юу ааваа. Та уйдаад байвал бүр театрт юм үзсэн ч болно ш дээ. – Үгүй дээ хүү минь. Миний хүү аавдаа битгий санаа зовж бай! Аавд нь пиво, тамхи, тэр театрын тоглолт аль нь ч хэрэггүй. Ганцхан миний хүү энэ сахилагагүй жаал л хэрэгтэй гэсээр яриагаа өөрчилж хүүгээ хөтлөн гарав. – Миний хүү алим идэх үү? – Хамгийн том улаанаас нь. – За. Одоохон. Нацаг нэгэнт хүүгээ дагуулж гарсных амттайхан шүүслэг алим, бусад жимснээс хүүдээ ахиухан авав. Хавар

болж байна. Байр, байшин чийгтэй. Хүүхдэд витаминлаг хүнс, жимс хэрэгтэй.Ийнхүү Нацаг нэгэнт гарсных хүүгээ салхилуулж нилээд алхаад иртэл үүдэнд нь албаны бололтой энгийн хувцастай нэг залуу,хоёр Цагдаагийн хамт зогсч байв. Энгийн хувцастай өндөр залуу Нацагт үнэмлэхээ дэлгэн үзүүлж –Би мөрдөн байцаах газраас явж байна. Дэслэгч Ганхүү. Та Нацагт мөн үү? гэхэд гайхсан Нацаг толгой дохиж –Тиймээ би Нацаг байна гэв. – Иргэн Золбоот, Долгор нарын гомдол гаргаснаар иргэн Надмидын үхэлд таныг саатуулан шалгах учир та биднийг дагаад явна уу! Байцаагч залууг ийн хэлэхэд Болд хүү эцгийгээ ээрэн хөндөлдөн зогсч –Ааваа та битгий яв л даа. Би ганцаараа яах юм бэ? Уйлагнан учирлах хүүгийн цөхөрсөн нүдийг харсан байцаагч залуу түр зогсосхийснээ –Дотогшоо танайд оръё! Энэ хүүхэд таниас өөр асрамжлагч байна уу гэлээ. Цагдаагийн хоёр залуу үүдэнд зогсон хүлээж, мөрдөгч залуу Нацаг, хүү хоёрыг дагуулан том

өрөөнд оров. Өрөөний хойморт талийгаач Дарийн зурагны хамт Надмид хөгшний зургийг байрлуулж том хадгаар нөмөргөж, өмнө нь том зул бадраажээ. Байцаагч залуу зурагруу толгой дохиж –Энэ хэний зураг вэ? гээд Нацагийг асуунгуй харахад Нацаг –Нэг эмгэний зураг байгаа юмаа. Зайлуул ядарсан хөгшин. Хүүхдүүдтэйгээ таарамж муутай учир сүүлийн хэдэн сар хүү бид хоёртой хамт байж байгаад бурхан болсон юм. – Нэр нь хэн билээ. – Таны саяын хэлсэн хөгшин шүү дээ. Байцаагч нэгийг бодов бололтой хэсэг сатаарснаа –Аа тиймүү. Хажуудахь эмэгтэйн зураг. Нацагийг хариулах завдал өгөлгүй Болд хүү ярианд оролцож –Энэ бол миний хол явчихсан ээж. Байцаагч хүүг инээмсгэлэн харснаа харц буруулж хуруугаа хооронд нь имчин дуугаргаснаа –За тийм байдаг байж. Яая даа байз. Хүүхэд асрамжлах өөр хүн байхгүй байдаг. Гэтэл таныг саатуулан шалгах тушаал ирж байдаг. Нацагийн нүд томорч ирснээ –Ер нь юу болчихоод та нар намайг шалгах гээд байгаа юм бэ? Би өнчирч зовсон ганц хүүгээ аминдаа юугаар ч дутаахгүй л гэж хичээж явдаг нэгэн. Хэнд ч муу юм хийгээгүй л юмсан. Талийгаач хөгшний хувьд бол яалт ч үгүй өргөж асарч байж өнгөрөөсөөн. Үүнд юунд намайг буруутгаад байгааг

ойлгохгүй юм. – Үнэний цаана жинхэнэ үнэн байдаг. Бас худалч байдаг. Таны хэлж байгаагын үнэнийг л олохын тулд би тушаал биелүүлэх ёстой цагдаа байна л даа. – Та тэгээд намайг яа гэх гээд байгаа юм бэ? – Би таныг хуулийн дагуу хорьж шалгах тушаалтай. – За яах вэ үнэнээр явахад үхэр тэргээр туулай гүйцнэ. Надад яачих бол гэж айх юм алга. Харин хүүдээ л зовж байна. Бас дөнгөж сая ганцааранг нь орхихгүй гээд амалчихсан байдаг. – Та хүүгээ хэдхэн хоног ах дүү, хамаатан садан юмуу танил нөхдийндөө орхих хэрэгтэй. – Би хүүгээ хэнд ч орхимооргүй байна. – Тэгвэл төр нь өөрөө таны хүүг зохицуулах болно. Яая гэх вэ та хүүгээ орхих газаргүй бол Цагдаагийн газрын дэргэдэх хүүхдийн асрамж үйлчилгээний төвд хүүг чинь хүргэх болно. Энэ үг эцэг, хүү хоёрыг лантуугаар нам цохих шиг л болгов. – Миний хүү өө. Одоо яадаг юм билээ дээ. Аав нь заавал тэр газар нь очих ёстой гэнэ. – Ааваа та битгий яв л даа. Буцаж ирэхгүй бол яах юм бэ? ааваа. – Аав нь буцаад ирнээ. Харин минийхүү тэр газар нь очоод байж байхуу даа. Нацагийн ийн цөхрөнгүй дуун алдахад цээжинд нь наалдсан Болд хүү – Ааваа би ойлголоо. Хоёулаа тэр эмээг гэртээ оруулахгүй хоёулаа л байж байдаг байж. Та энэ ахтай явчихаад заавал

эргэж ирээрэй! Хүүдээ битгий зовоорой! Хүү нь гэртээ байж чаднаа. – Иш миний хүү яаж ганцаараа байх билээ дээ. – Зүгээрээ ааваа битгий зов. Надад Учрал эгч туслана. Таныг байхгүйд намайг дандаа гэртээ оруулдаг юм. Энэ үед мөрдөн байцаагч залуу ярианд оролцож –Учрал гэж хэн билээ гэхэд Нацаг толгой сэгсэрч – Мэдэхгүй ээ. Бодвол манай орцны нэг айлын л эмэгтэй байх. – Та дуудаач! Боломжтой бол хүүг чинь асрамжинд нь өгье! – Би дуудаад ирье! Хариуг нь сонсонгүй гарч гүйсэн Болд хүү төд удалгүй Учралыг дагуулан орж ирэв. – Сайн байна уу? – Сайн. Сайн байцгаана уу? – Та энэ орцных уу. Тиймээ. Манайх дээр дөрвөн давхарт байдаг юм. Яасан бэ? Миний хэрэг болоо юу? – Тиймээ. Бидэнд таны тус хэрэгтэй байна. Би мөрдөн байцаагч дэслэгч Ганхүү. Иргэдийн гаргасан гомдлын дагуу гэмт хэрэгт Нацаг гуайг шалгах тушаалтай. Цагдан хорих учир жаал хүүг таны асрамжинд үлдээх гэсэн юм. Царай нь хувьсхийн сандраад явчихсан Учрал Болдыг өрөвдөнгүй харж –Хүүхдийн хувьд яах вэ санаа зоволтгүй. Би хажуудаа авч сургуульд нь хүргэж, авч байж болно. Харин эцгийг нь юуны учир хорих гэж байгаа юм бэ? – Хүн амины хэргийн учир.. – Юу гэнээ? Та нар чинь. Адаглаж хүүхдийн хувь заяаг ингэж харлуулж

болохгүй шүү дээ. – Би аль болохоор хэргийг хурдан шалгах болно. – Одоо бид явахгүй бол цаг болохоо болилоо. Нацагийн нүдээр ус гүйлэгнэн Учралыг царайчлангуй харж – Хэн минь. Та миний хүүг л өөрөөсөө битгий холдуулж үзээрэй. – Тэгэлгүй яах вэ. Хүүдээ ердөө ч битгий зовоорой. Би түүнийг хүү шигээ л асрана. Харин та. – Би буруугүй. Надад хийсэн хар буруу юм юу ч байхгүй. – Би ойлголоо. Би хүүгийн чинь өмнөөс таны төлөө зарим зүйлийг хийх болноо. Гадуур хүрмээ эгэлдэргэлж хүүгээ үнсээд эргэсэн Нацагийн хоёр хацрыг даган халуун нулимс бөмбөрч байлаа. Араас нь тийм ч ширүүн бус түлхэх Цагдаагийн түлхээсээр бүдчин шат уруудах Нацагт энэ хорвоогийн бүх юм сохорчихсон хав харанхуй юм шиг санагдахад нүдээ тас аньчихав. Тап тип хийн хаалга нь хаагдаж машин хөдлөхөд Болд хүү – Эгчээ аавыг минь тэд нар аваад явчихлаа гээд мэгшин уйлав. Учрал хүүг аргадан тэвэрч – Миний дүү битгий уйл. Аав нь буруугүй учир удахгүй буцаад ирнэ. Хоёулаа манайл оръё! Эгч нь чамд гоё хоол хийж өгье! Дараа нь гоё кино үзье тэгэх үү! – Зүгээрэ эгчээ. Би энэ бүгдийг тэсээд гарчихна. Аав л хурдан ирээсэй! Миний аав хамгийн сайн аав. –

Аавыг нь хурдан ирүүлэхийн тулд эгч нь маргааш хүнтэй уулзана. Бас өмгөөлөгч авна. Тийм болохоор миний дүү битгий зов за юу. – За эгчээ. Би таньд гоё алим өгье. Аав минь авч өгсөн юм. – Баярлалаа. Ямар гоё алим бэ! – Аавын минь авч өгсөн юм болгон амттай байдаг юм. – Тэгэлгүй яах вэ. Миний дүү эгчийндээ хоночих тэгэх үү? – Үгүй ээ. Ээжийнхээ зургийг яаж орхих вэ эгчээ.Би чаднаа. Аавыгаа иртэл гэрээ сахиж байя. – Миний дүү хэнд ч хаалгаа тайлж өгч болохгүй за юу. Эгч нь гэртээ орчихоод ирье!… … Эзэн хадагтай, Одончимэг хоёрын араас даган тэдний явалтаньд нийцүүлэн сажилж явсан Жорж эзэгтэйгийнхээ тайван баацагнан алхахыг харж, “Хм, мөд бүтэхгүй юм байна л даа. Явган явахаар шийдэж, за за энэ мэтчилэнгээр сажилаад байдаг хэрэг дээ” гэж амандаа үглэнэ. Одончимэгт их л дулаахан санагдах эзэн хадагтайн жинхэнэ нэрийг нь Урнаа гэх бөгөөд Монголын хангай нутагт төрж, өссөн түүний амьдралыг мэдэх цорын ганц гэрч бол Жорж аж. Хар багааасаа л хэрэг төвөгт орооцолдож халхын шоронг нэгэн үе эзэгнэж шийртэй аавын хөвгүүдийг өмнөө сөхрүүлж явсан халзан Цэнд гэгч энэ эр хэд хэдэн хүний амь хөнөөж, ялын тавцангаас зугатааж Урнаагийн ивээлд амьдарсаар олон жилийн нүүр үзжээ. Урнааг анх Тайваны нэгэн баян эзний хүү

Монголоос дагуулан ирж, есөн зүгийн нүгэл буцалсан энэ Макаод амьдарцгаажээ. Худалдааны томоохон бизнес эрхлэгч нөхөр нь казино худалдан авч гоо үзэсгэлэнт эхнэртээ томоохон “Зочид буудал” төрсөн өдрөөр нь бэлэглэж үнэнч туслагчаар нь Жоржийг өгснөөс хойш Жорж, Урнаа хоёр нэгэн дээвэр дор хорин хэдэн жилийг хамт өнгөрөөсөн ажээ. Урнаагийн нөхөр хууль бус наймаа голчлон эрхэлж, амьдралын мөр хөөж ирсэн охидыг өөрийн эрхшээлд оруулан биеийг нь үнэлүүлж, хар тамхины наймаанд гаршиж, амиа золиослогч, хэт даврагч бүлгийнхэнтэй холбоо тогтоон Азийн орнууд, Лалын шашинтнуудын зүрхэнд ус хуруулсан том бүлгийн толгойлогч болж хувирав. Бүх зүйл мафийн зохион байгуулалтаньд орж, Урнаа хүртэл нэгэн бэсрэгхэн шөнийн цэнгээний газрын эзэн болж цэцэг шиг анхил охидын хувь заяагаар наадаж бэлжсээр өдийг хүрсэн нь энэ. 2000 оны хаврын нэгэн хуйсагнуур өдөр Хятадын нэгэн нууц томоохон бүлгийнхэнтэй цусан өш хонзонгийн улмаас тэрсэлдсэн нөхөр нь амиа алдаж, үр хүүхэд ч үгүй харийн гэюүрч өнчрөн хоцорсон Урнаа ийнхүү бохир бизнест хутгалдан орсоор өдийг хүрчээ. Бохир амьдралаар амьдрагчийг ч бас зовлон тойрдоггүйг Урнаа сайтар мэднэ. Нөхөр нь Тайваны нэгэн баян худалдаачны бага хүү тул тэд

анхнаасаа л юугаар ч дутсангүй. Түүний нөхөр ямар ч юманд сийрэг ухаанаар ханддаг, овжин сэргэлэн нэгэн. Нөхөр нь дээрээ нэг ахтай бөгөөд ах нь баян эцгийн бүхий л хөрөнгийг ганцаараа эзэгнэх хүсэлтэй тул ганц дүүгээ адлана. Ах нь баян эцгийн их эхнэрээс төрсөн тул, эрх мэдэл ихтэй. Эцгийн хөрөнгийн 70 орчим хувийг эзэгнэгч ахтайгаа илт арцалдагч бага хүүгээсээ болгоомжилсон эцэг нь бага хүүдээ гайгүйхэн хөрөнгө мөнгө тасалж, Монголын Улаанбаатар хотод хувь нийлүүлсэн компани байгуулж өгснөөр залуу Жан, Урнаа хоёрын амьдрал нэгдэж, Макаод төвлөхөд худалдаачин эцэг нь бага хүүдээ нэгэн томоохон казино авч өгснөөр Жан бохир бизнесээр амьдрах болжээ. Ийнхүү бага Жан хөл дээрээ босч өөрийн эзэмшлийн суурь хөрөнгө, мөнгө нь арвижсан тул хөлсний залуус хөлслөн Тайваньд толгойлох болсон баян ахыгаа ганхуулж хэд хэдэн удаа сүрдүүлэг үзүүлснээр ах дүүсийн харьцаа улам ч муудав. Бага Жан улмаар хэт даврагчидтай дотносон, санхүү бизнесийн томоохон төвүүдийг айлган сүрдүүлж, террорист үйл ажиллагаанд оролцон Лалын хэт даврах үзэлтний нэгэн бүлгийн толгойлогч Бхуттотай ойртон нөхөрлөснөөр ашиг орлого нь улам нэмэгдэв. Ази тивийг бүхэлд нь аалзны тор шиг хэрсэн хар тамхи болон мансууруулах бодис ноён Жаны халаасыг улам зузаалж байлаа. 2000 он гэхэд бага Жанаас ах нь

дагжин чичрэх болж аажмаар хөлд нь сууж зулгуйдах болсноор ах дүүсийн хоорондох холбоо ойртох тийшээ хандсан ч, эд хөрөнгийн маргаанаас үүдэлтэй өш хонзон ах дүү хоёрын хэн хэнийх нь цээжинд нууцлагдсаар л байлаа. Урнаа Монголд үлдсэн эцэг эх, ах дүүсээ эргэх хүсэлтэй байгаагаа дуулгахад Жан уриалгахан зөвшөөрч эхнэрээ бэл бэнчин сайтай төрхөмд нь айлчлуулчихаад ирэхдээ нөхөрт гараагүй арав гаруй залуу охин олж ирэх даалгавар өгчээ. Харь газар сайн сайхан амьдарч өнгөлөг мөнгөлөг яваа охиноо харж баярласан эцэг эх, төрөл төрөгсөд нь Урнаагийн хүсэлтийг талархан авч их мөнгөтэй ажил хийлгэх залуу сайхан охид арав байтугай л бий болох нь тэр. Тэдгээрийн дотор Урнаагийн төрсөн дүү Урангуа гэгч арван зургаан настай охин бас орсон байлаа. Даалгаварыг нь хэдэн хувь амжилттай биелүүлээд ирсэн эхнэртээ хязгааргүй баярласан Жан, охидыг тус тусад нь ажилд оруулах нэрээр ганцхан өдрийн дотор Хятад орноор ор сураггүй тарааж орхив. Эдгээр сураггүй болсон охидын дотор төрсөн ганц дүүгээ алдаж гуниж гутарсан Урнаа анх удаа нөхрөө үзэж ядах сэтгэлтэй болж түүнд гомдож цөхөрсөн нь бас бий. Дүүгийнхээ хэрхсэнийг асуухад нөхөр нь инээвхийлж – Тэр чамаас илүү аз жаргалтай байгаа зовох хэрэггүй гэснээ өөрийг хэлэхгүй тул, энэ газар

түүнд хамгийн үнэнч хүн болох Жоржид хэлж дүүгээ хаана байгааг мэдэх, болж өгвөл амьд мэнд авчрахыг хүсэв. Хэд хоногийн дараа Жорж түүнд дүү нь амьд мэнд байгааг хэлж, Урнаагийн нөхөр Жан нь түүний төрсөн ганц дүүг, ах Жаныхаа татвар эм болгож өгснийг сонсгожээ. Жилийн дараа харь хүнд очиж, олон эхнэрүүдэд нь дарлуулж, хөгшин эрийн хүчирхийлэлээс айж шантарсан дүү нь амиа хорлон нар барсны дараа ах Жаны зөвшөөрлөөр Урнаа дүүгийнхээ цогцосыг авах болж Жоржийн хамт Тайваньд очжээ. Өмссөн нимгэн цамц чийгтсэн, чийглэг уур амьсгалтай энэ орны өмнөх нутагт байрлах жижигхэн хэрнээ цэвэрхэн тохилог суурин эдлэн газар цөм ах Жаны мэдлийн аж. Далайн эргийн бэсрэгхэн усан онгоцны зогсоол өнгөрч явсаар Жаны амьдрах харшийн өмнө очиход, Жаны их эхнэр тэднийг угтан авсан боловч тийм ч таатай байсангүй. Гэрийн үйлчлэгч настай эхнэр тэднийг дагуулан хар хөшиг татсан ганц ёлтгор гэрлийн дор хэвтээ цогцосны дэргэд аваачив. Биеийг нь бүтээсэн цагаан даавууг зөөлөн сөхсөн Урнаа ганц муухай орилоод муужран унахад Жорж тосон түшжээ. Учир нь аль хэдийнь сүнс нь орхиод одсон дүүгийнх нь цогцсон биенээс төрөлх Туул голынх нь моносон шугуйд ургадаг мойл жимс шиг хоёр хархан нүдийг нь ухархаанаас нь ухаад авчихсан, онгойж байх нь тэр. Түүгээр ч барахгүй цээж, хэвлий орчмыг сэндийчилж, залуу чухал эрхтнүүдийг

нь бас авчихсан байлаа. Ийм зовлон гэж байхуу даа. Дүүгийнхээ сэглэгдэж, зэрэмлэгдсэн цогцсыг түшин алхах Урнаа ийнхүү хүний хорвоогийн хамгийн адгийн хүн араатнуудтай учирснаа ойлгов. Үгүй ер би чинь амьд байна гэж үү дээ. Яах гэж, яах гэж би амьд байгаа юм бэ? Хэмээх тэр үед Урнаа өөртөө хашгиран халаглаж байлаа. Чухам энэ их зовлонг үзэхээр Урнаа эрх хонгор дүүгээ хөтөлж авчирлаа гэж үү. Одоо тэр төрөлх Монгол орондоо, арын сайхан хангайдаа очих нүүргүй болсон. Ар царманд ургадаг алагхан цэцэгс шиг сайхан охидын хувь заяагаар нь ийнхүү эмгэнэлтэйгээр тоглож орхисон түүнийг нар үдэлж, сар саатаж тогтдог сайхан Монгол орон нь бүлээн чулуутай газар шороо нь угтаж авна гэж үү? Ийнхүү Урнаа эцэг эх, элгэн түмнийхээ ч нүүрийг харах эрхгүй нүгэлтэн болон хувирах нь тэр. Харь газрын үүл бүрхсэн өнгөгүй саарал тэнгэр, даанч хол хүрэхийн эцэсгүй, хөлийн доорхи газар шороо нь даанч хүйтэн хатуу хүлцэхээс өөр аргагүй байлаа. Өдрөөс өдөрт хөндийрч, хүйтэн хахир болох нөхөр нь хүний зовлонд улайраад хажуудах эхнэрээ үл тооно. Хэдийгээр торгонд хөлбөрч, тосонд булхаж байвч Урнаад жаргал хомс байлаа. Ганцхан жилийн дотор тавин хэдэн кг жинтэй байсан туяхан гоолиг Урнаа сэтгэлийн хямралдаа хөтлөгдөн зуу давсан жинтэй болж

таргалах нь тэр. Шаналах тусам зарим үед таргалдаг аж. Лалын ногоон жигүүртний хөдөлгөөнийхний эзэмшилд байдаг хар тамхины тариалангын талбайг нь тонон дээрэмдэж, үнэнч зүтгэгч нарыг нь хөнөөсөн алан хядагч бүлгийнхэнтэй цусан өш өвөрлөн тэрсэлдсэн нөхөр нь алуулснаар Урнаа бүр ч ганцаардан хоцров. Хэдэн өдөрч өнгөрсөн юм бэ? Хичнээн ганхирсан юм бэ бүү мэд. Нэг ухаан орохшуу болж нөхрийнхөө хойноос Монгол зан үйлээр буян үйлдсэн Урнаа шөнийн цэнгээний газрынхаа үүдийг цэлийтэл нь нээж үйлчлэгч эмсээ цөмийг нь чөлөөлөв. Цэнгээнд өмсдөг чамин хувцас, гоёл чимэглэлийг нь авсангүй. Тэр чигт нь орхижээ. Хатуу ширүүн хувь заяандаа багтарсан хоногууд үргэлжилсэн нэгэн шөнө, шил хагарах чимээнээр цочин өндийсөн Урнаа харшид нь хүч сорьсон ширүүн зодоон цохион болох чимээнээр яаран гарав. Талийгаач нөхөрт нь үнэнч үлдсэн хэдэн залуус, нүүр нүдээ халхалсан хэсэг хүмүүстэй зодолдож байлаа. Өдөөн хатгагчид хүч түрэгдэн гарахдаа шилэн харшийнх нь үүдэнд тэсрэх бодис орхиод одов. Хөл гар нь бэртэж, тархи толгой нь хагарч, цус нь бултайсан хэдэн туслагч нь – Эзэгтэй минь. Бид одоо яах вэ гэсэн харцаар түүнийг харна. Хэдийгээр хүний үнэргүй нүгэлтнүүд ч гэлээ хүн төрхтэй энэ хэдэн араатнуудын өмнө Урнаа хариуцлага хүээх ёстойгоо ухаарав. Түүнд ухрах зам алга. Бурхнаас заяатай хүмүүн төрөлхтний ганц эрхэмлэх зүйл нь амьд

явах. Хүний утсан чинээ улаан гол гээч юугаар ч солишгүй үнэт эрдэнэ. Магадгүй нөхрийнх нь муу үйлд гаршуулсан энэ хэдэн хүний алтан амь, улаан гол зөвхөн Урнаагаас шалтгаалах ёстой ч юм билүү. Ус нутгынх нь үнэр аалийг шингээсэн, бурхан шинж нь арилаагүй хэдэн сайхан охидын хувь заяа амь насыг харлуулсан мөртлөө энэ хэдэн нүгэлт дээрэмчдийн амь голыг залгуулахаар бурхан Урнааг илгээлээ гэжүү. Ай золгүй хувь тавилан. Одоо Урнаад ухрах зам, алдах харамсал гэгч үгүй болжээ. – Жорж наашаа ороод ир. Харуул манааг чангатга. Бусад нь бие тэнхрүүл. Сонор сэрэмжээ өндөржүүл. Эзэгтэйн хахирган дуун ийн цууриалахад дээрэмчин эрч навтасхийн Жорж толгой бөхийлгөн ойртов. – Саяын өдөөн хатгагчид хэний бүлгийн юун хүмүүс болохыг мэдэх үү? – Эзэгтэй би таньд хэлье. Нэгнийх нь шанаан дээрх тэмдэгийг хальт харсан. Жан ахын хүмүүс бололтой. Энэ үгийг сонссон Урнаагийн нялх ботгоных шиг мэлмэрээ хар нүдэнд анх удаа өш хонзонгийн хөх дөл манасхийж, хөмхийгөө зуухыг Жорж анхаарав. – Аа тийм бий. Жан ах яах гэж намайг өдөөн хатгадаг билээ. Тэр надад мууг хийснээс би түүнд мууг хийгээгүй шүү дээ. – Таны эзэмшилд үлдсэн өмч хөрөнгөд түүний нүдний хор орсон бололтой. -Тэр миний дүүг доромжилсоор амь насыг нь хорооход хүргэсэн. Түүгээр ч барахгүй цоцосыг нь сэндийлж эд эрхтэнийг нь хулгайлсан. Бас миний нөхрийн нэгэн насных нь өстөн дайсан байсан. Тиймээс би тэр Жан овогтоос цусан өшөө авах болно. Жорж чи хамгийн хүчтэй, хамгийн шийдэмгий алан хядагчдын толгойлогчийг маргааш надтай

уулзуул. Эзэгтэй уур хилэнгээр хэлсэн эдгээр үгэнд Жорж бүр гайхаж хоцров. Хачин юм даа. Өчигдөрхөн л үхлийг хүсч, усан нүдэлж суусан энэ жижигхэн Монгол эмэгтэй ийм аймшигтай төмөр хүн болох гэж! – Чи юу болчихоод намайг гөлөрчихөв. Би чамд тушаал өгч байгаа юм биш үү. – Ойлголоо эзэгтэй. Та өчигдөрхөн л Монгол эмэгтэй байж билээ. – Жорж… Эзэгтэй ийн уурсан хашгираад. Чи сонс. Би гэнэн цайлган Монгол эмэгтэй биш болсон. Энэ цаг мөчөөс эхлээд шуламын дүрд хувилсан эрлэгийн элч болсон гэж мэд. Чи миний хамгийн итгэлт туслагчийн хувьд казино болон бусад үйлчилгээий цэгүүдийн орлогыг өдөр тутам тооцож надад авчир. Би Жан эзэнтний адилаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой. – Ойлголоо. Эзэгтэй чи ёсчлон биелүүлнэ. Алан хядагчийн нэгэн бүлгийн толгойлогчийг маргааш таньтай уулзуулъя! – Тэр муу Жан овогтын амьдралыг би сүйрүүлнэ. Нэг амиа 10 хүнээр солих болно. Эрэгтэй хүүхдийнх нь эд эрхтэн нэг бүрчлэн авах болно. Их эхнэрээс нь гарсан охидыг нь надад авчирч өг. Би тэднийг цэнгээний газрын үйлчлэгч болгоно. Жанг өөрийг нь амьд үлдээж энэ их зовлонг биечлэн эдлүүлнэ. Үрээсээ хагацахын зовлонг миний ээж аав насан туршдаа эдлэнэ. Яг ижил ийм зовлонг Жан овогт бас эдлэх ёстой. Цусан өшөө авсны тэмдэгийг миний өмнө шөнийн түнэр харанхуйд тавь. Цаг нь болохоор эмэгтэй хүн аймшигтай харгис хэрцгий болдогыг Жорж мэдэрч анх удаа нуруу уруу нь хүйт оргиход,

түүнээ мэдэгдэхгүйг хичээн – Эзэгтэй. Та хэд хоногийн өмнө цэнгээний газрын эмсээ тараачихсан шүү дээ гэв. – Тиймээ би мэдэж байна. – Гэхдээ хэдэн охид үлдсэн. – Яагаад тэд нар яваагүй юм бол? – Тэдэнд очих газар байхгүй. Тэд өлбөрч үхэхгүйн тулд үлдсэн байх. – Тэднийг анхааралдаа ав. Чухам энэ цаг мөчөөс эхлэн эзэгтэйн бүхий л даалгаварыг биелүүлж түүний төлөө олон удаа амиа золих дөхсөн нь Жоржид бий. Нэгэн удаагийн явдал Жоржийн сэтгэлээс гаралгүй хадгалагдан үлджээ. Тэр шөнө харийн энэ хотын дээрхи тэнгэр түнэр харанхуйлж, орой дээр нь гэрэлтүүлэх ёстой хавирган сар нь ч үл үзэгдэнэ. Элэг эмтрэм явдал болж ах Жаны голомт харлан, эзэгтэй хэлсэн ёсоор л Жаны эхнэрүүд нулимсаа урсган энэлэн шаналав. Алан хядагчдын бүлгийнхэн Жан овогтынд дайран орж, хамаг хүмүүсийг нь газартай тэгшилж, цусан зам татуулаад зогсолгүйгээр охидыг нь олзлон авч, ганц хүүгийнх нь амийг хөнөөж жинхэнэ аймшгийг үйлдэв. Эзэгтэй нөхөр эзэн Жаны нууц ажлын том тасалгаанд саарал бүтээлэгтэй урт том ширээ голлон суусан эзэн Жаны бүлгийн гишүүд болох зүүн чихэндээ жижиг гархи зүүж, зүүн гарынхаа бугалганд муурын сарвуу шивсэн эрс эзэн хатагтайг гирэвшингүй харж сууцгаана. Тогтсон цаг болоход урт хар хувцас өмссөн өндөр эр гаднаас сүрийг үзүүлэн орж ирээд эзэн хадагтайн өмнө алтан тавагтай зүйлийг тавьж дээрхи хоргой бүтээлгийг нь авахад тавганд

дөнгөж өнгөө алдаж буй халуухан зүрх чичирхийлж байлаа. Энэ болгон бүлгийн тэргүүн эзэн Жаны төрсөн ах Жан овогтын ганц хүүгийн зүрх байлаа. Ганц нэгхэн цус шүүрхийлэн үхэж буй зүрхийг махлаг цагаан гараар цэлцэгнүүлэн атгасан эзэн хатагтай өөрөөсөө эхлэн хүн хүний зүүн бугалган дээрхи муурын сарвуутай шивээсийг зүрхний цусаар тамгалж бүлгийн эрсийн зоригыг чангалан цусан өшөө авалтаа дуусгав. Энэ цаг мөчөөс эхлэн “Муурын сарвуу” хэмээх сонссон хүн жийрхэн зогтусан зай аван холдож, айж цээрлэдэг бүлгийн тэргүүн Монгол эмэгтэй Урнаа болж хувирсан ажээ. Эр нөхөр Жаны явуулдаг үйл ажиллагааг хэдэн хувь илүү хүчтэй үргэлжлүүлж, Жаны хамтрагч бүхий л түншүүдтэй харьцаагаа лавшруулан, зарим үед хамтрагч нарынхаа зүрхэнд шар ус хуруулдаг эзэгтэйгээс хүн бүхэн эмээдэг болсон билээ. Эзэгтэйнхээ чийглэг агаар амьсгалан баацганан алхах алхаанд тааруулан сажилж ийн бодолд автсан Жорж казиногийн өмнө ирээд нэг гүн шүүрс алдав. “Хувь тавилан энэ Урнааг цагийн эргэлтэнд мөнчиг их өөрчиллөө дөө” гэх бодол түүнийг эзэмдэнэ. Харийн энэ нүгэлт газар шороон дээр хөл нийлсэн нэг цусны гурван хүнийг ороход казиногийн диллерүүд толгой бөхийлгөн угтав. Казиног нь сүйртэл тоглосон нөгөө хэрмэл Ирландыг харж үл мэдэг инээвхийлсэн эзэгтэй Одончимэгийг өнөөх л тайван дулаахан

харцаараа харж – За сайхан охин минь. Одоо л чиний авъяас чадварыг сорих цаг ирлээ. Тэр тэр тоглоомчин Ирландыг харж байна уу? Гоё бүсгүй минь тэр хүний адтай хортой тоглолтонд саад хийх хэрэгтэй! Эзэгтэй өөд сайхан харсан Одончимэг – Эзэгтэй би яаж тэр хүний тоглолтонд саад хийх хэрэгтэйг хэлж өгнө үү гэхэд эзэгтэй түүнийг харж инээвхийлээд – Энэ сайхан залуу бие цогцос, гоо үзэсгэлэнгээрээ тэр тоглоомчин Ирландыг сүйрүүлэх хэрэгтэй. Тэр тусмаа бүлээн цустай Монгол сайхан эмэгтэйгээс татгалзах хүсэл хэрмэл тоглоомчид байдаггүй юм. Монгол эмэгтэй бүхнийг чаддаг юм. Одончимэгийн царай сааралтан – Эзэгтэй минь би чадахгүй шүү дээ гэж шивнэхэд эзэгтэй түүнийг мөнөөх л тайван дулаан харцаараа харж – Яагаад. Чи эмэгтэй хүний ганц хийж чаддаг ажлыг чаддаггүй гэж. Хэрэв чи чадахгүй бол холын холд золбин гичий шиг зарагдах болно. “Энэ сайхан нүд, ийм сайхан харж байж ийм муухай үг амнаасаа гаргах гэж дээ. Одоо би яах билээ” зүрх нь амаараа гарчихна уу гэмээр хурдан хурдан цохилох Одончимэг үнэнээ хэлчихвэл ойлгох байх хэмээн горилон – Эзэгтэй минь би жирэмсэн хүн ш дээ. Охины шивнэн хэлсэн үг горхируулан асгаруулах нулимсыг харсан эзэгтэйн тайван цагаан царай сааралтан, амгалан дөлгөөн нүдэнд нь жавар салхи хуралдаад ирэх нь тэр. Эзэгтэйн харц ширүүсэн ширүүссээр – Өө хар гичий.

Янхан новш чинь хамаг ажил нураачихдаг байна ш дээ гэх мэтчилэн хятад Монголоороо харааж зүхснээ Жоржийг дуудаж – Энэ гичийг тусгаарла. Хурдал, өөр сайхан эмэгтэйг авчир. Тушаалыг нэг л өгдөг, эзэн хадагтайн өмнө бөхийсөн Жорж Одончимэгийн гараас угз татан эргэж дагуулан гарав. Эзэн хадагтайн тушаалыг биелүүлчихээд Жорж эзэгтэй өөд очих зуураа эзэгтэйн өөр нэг туслагчтайгаа ярилцахыг сонсон хаалганд чихээ наан зогтусав. Тэд англиар ярилцаж байлаа. – Тэр эмэгтэйг амьд гаргаж болохгүй. – Тэр аюултай. Тэр жирэмсэн учир бидэнд хэрэггүй. – Түүний залуу биеийн эд эрхтэн бидэнд хэрэгтэй. – Хугацаа алдаж болохгүй. – Бээжинтэй холбоо барь Тэдний яриаг сэм чагнасан Жорж Одончимэгт аюул тулгарч буйг зөнгөөрөө мэдрэв. Буруу явахын цагтаа Жорж дэндүү буруу явсан. Одоо ч мөн адил. Түүний жирийн нэгэн ажлын өдөр гэхэд л тамын тогоонд чанагдах нүглийг ар араасаа дуудна. Салхинд нь сэргэн өндийж, чулуунд нь бүдэрч чийрэгжсэн сайхан эх орондоо тэнүүхэн гишгэх эрх Жоржид үнэндээ үгүй ч санчиганд нь цагаан сор гялтагнах насны эрх ч юм уу сүүлийн үес тэрээр төрж өссөн газар шороо, эх нутгаа үгүйлэх болсноо өөрөө ч үл мэднэ. Харийн газар харь санаатаньд хөтлөгдөн ирж, гишгэх газраа олохгүй бүдчин байх Одончимэг хэмээх энэ эрэвгэр

жаахан бүсгүй Жоржид аль хэдийнээ таг мартагдсан хүний хорвоогийн бүхий л хэв шинжийг сануулаад байлаа. Жорж ямар Монголынхоо хээр талын алагхан цэцэгнээс ургасан биш. Цайлган сэтгэлт эхийн хэвлийгээс унаж, цагаан сүүг нь хөхөж, дэгэн дэрвэж өссөн хүний л нэгэн үр. Хүсээд мөрөөдөөд хүслээр болдоггүй заяа тавилангын хатуухан төөрөгөөр буруу замаар будаа тээсээр өдийг хүрсэн золгүй хүн. Нүглийг үйлдэх тусам даагдахгүйн тулд улам нэмэгддэг муугийн үүр уурхай аж. Ийм үүр уурхайд эргэлт буцалтгүй орсон Жоржид гэгээтэй юм үнэнийг хэлэхэд юу ч үгүй. Ийнхүү Жорж нүгэл нүглээрээ ижилдсэн эзэн хадагтайн дуудснаар ирсэн нь саваа халин дүүрэхэд тунчиг бэлэн болсон мөнөөхөн нүглээ нэмэхээр иржээ. Эзэн хадагтай Жоржыг тун ч таагүй угтаж – Чи тэр Одончимэгийг үйлчилгээнд гаргасан юм уу гээд ширэв татав. – Бүх цагуудад гаргаж байсаан. Орлого нь бичээстэй байгаа. – Хэдэн удаа гаргасан гэж… – Өдөрт хоёр удаа – Бичлэг нь байгаа биз. – Түүнийг гадаадын нэг л эр авдаг. Тэр баян эр бичлэг хийлгэхийг зөвшөөрдөггүй юм. – Тэр эмийг Бээжин рүү “Эхийн ивээл”-д хүргэж өг. – Ойлголоо. Хэзээ явах вэ? – Удирдамж ирээгүй байна. Өөрийн биеэр аваачиж өг. Алдаж орхивоо. – Энэ мэт барааг хуруу хөдөлгөх төдийд гүйцэтгэдэгийг та мэднэ биз дээ. Эзэгтэй хүн лагс биеэрэ бүтэн эргэж Жоржийг хараад – Тэр өлөгчин хамгийн аюултай нь гэнэ. Операцийн зохицуулагчдаас түүнийг устгах удирдамж ирсэн. – Ойлголоо. – Ойлгосон бол замд бэлд. “Эхийн ивээл”

гэдэг нь хүний эд эрхтэн худалдан авч, хууль бус үйл ажиллагаа явуулдаг нууц байгууллага юм. Чухам ямар хувь тавилан угтаж буйг үл мэдэх Одончимэг Жоржийн хамт онгоцны зөөлөн суудалд бүүвэйлэгдэнэ. Тэр хоёрыг дагалдан яваа хоёр эр нилээд хойгуур сууцгааж мөн л нойрмоглоно. – Чи юуны учир хаана очих гэж яваагаа мэдэж байна уу? – Лав л сайн юм биш гэдгийг мэдэрч байна. – Монголдоо очмоор байна уу? – Бусдыгаа алдчихаад ямар нүүрээрээ ч очих билээ. – Очих хэрэгтэй? – Надад ингэж хэлээд нэмэргүй ээ. Би яаж Монголдоо очих юм бэ? – Яаж ийгээд болгоё гэвэл болно. Амьд явахад учир нь олдох биз. – Та чинь өнөөдөр юу болчихоо вэ? Хувь заяатайгаа эвлэр л гэдэг биз дээ. – Би Монгол хүн ухаантай юм. – Тэгээд юу гэж? – Би бас аймшгийн алуурчин. Та нарын хэлдгээр адгын новш. – Би мэднээ. – Тийм ч байх. Энэ удаа бас чамайг алуулах тушаалтай явна. – Юу? Залуу бүсгүй ийн дуу алдаад арай ч үгүй байлгүй дээ гэж бодсон ч нүдээр нь нулимс мэлмэрээд ирэв. “Өө яахав албал ална л биз. Өчнөөн сайхан амьтаньд гай болчихоод би амьд үлдээд ч яадаг юм бэ? Тэдний минь зарим нь байхгүй ч болчихсон юм уу. Хэн мэдэх билээ” гэж бодсон ч өтөл буурал эцэг нь хэдэн өнчин дүү нь харагдаад байх шиг нүд нь бүрэлзээд ирэв. – За за битгий усан нүдлээд бай. Би чамайг явуулна. Би чамайг алуулахгүй. Чи харин Монголдоо очоорой. – Би

итгэж чадахгүй байнаа. Та ер нь… – Тиймээ би чамд ойлгогдохгүй хүн. Муурын сарвуугийнхний савар урт шүү. Бээжингээс хурдан зайлаарай. – Яаж чадах юм бэ? Надад бичиг баримт ч үгүй. Мөнгө ч байхгүй шүү дээ. – Болгож болно. Би чамд тусална. Одончимэг тэр хүйтэн эрийн жихүүн нүдийг, нулимс тунирсан хархан нүдээрээ өрөвдөлтэйе ширтэнэ. Нуруу уруу хүйт оргимоор хүйтэн аймшигтай ч саахь нүд худлаа хэлээгүйг эцэст нь ойлголоо. – Баярлалаа ахаа. Таны ачыг хэзээ ч мартахгүй. Түүний хүйтэн цийлгэр нүдэнд ямартаа ч нэгэн оч гялсхийгээд өнгөрөхийг залуу бүсгүй анзаарав. – Надад уг нь нэг дүү байсан юм аа. Бид хоёр эхээсээ хоёулахнаа юм. – Тэгээд одоо дүү чинь хаана байдаг юм бэ? – Мэдэхгүй юм даа. Муу дүү минь өдийд надаас болж амьтны нүүр харж чадахгүй зовж л суудаг байх даа. – Дүү чинь хаана байдаг юм бэ? – Хар азарганы нуруу гэж харсан хэний ч хийморь сэргэмээр хөндлөн хөх уул Говь-Алтай аймгийн “Халиун” суманд байдаг юм. Тэр сундлаа хөх уулсын нэгэн суганд л би дүүгээ хөтөлж өссөн юм. Хойд эцэг миний муу ээжийг их зодно л доо. Миний ээж гэж жижигхэн биетэй, том алаг нүдтэй, өсгийгөө цохисон урт хар үстэй, чихэр бурам шиг ааштай сайхан ээж байсийм. Дүү минь хойд эцгийн хүүхэд учир давуу эрхтэй. Би ч одоо Маугли шиг өлчир өссөн дөө. Ерөөсөө хувцас өмсөхгүй. Тугал хурганы бэлчээрт л өдрийг

өнгөрөөнө. Хойд эцгийн нүдэнд аль болох үзэгдэхгүйг хичээнэ. Ер нь л долоон настайгаасаа хойш хойд эцгийн, намайг ороолгох уурганы хуйв, чөдөр, сурны амтыг мөн ч их үзсэн дээ. Нас арван гурав хүрэхийн үест хойд эцэгт зодуулсны дараа би зөвхөн том болж эрийн цээнд хүрэхийг л шүд зуун хүлээх болсон юм. Хойд эцэг архи их ууна. Түүнийхээ хэрээр их агсам. Бас дэндүү хүүхэмсэг. Түүний хатуу гарт муу ээж минь их зовноо. Зовдог байсийм. Би заримдаа хойд эцэг тамлуулах ээжийгээ хараад газраас чулуу атган авч “энэ чулуугаар чиний толгойг заавал хага цохиноо” гэж өөртөө чин сэтгэлээсээ тангарагладаг байлаа. Манайх том гэр, илүү гэр гэх хоёр гэртэй. Хойд эцгийг эзгүй юм уу сайхан зантай үед дүү бид хоёр том гэртээ унтана. Муухай ааштай юм уу согтуу үед илүү гэртээ унтана. 1967 онд би арай хийн 16 нас хүрлээ. Энэ үед хойд эцэг “Эрээн нуур” ороод ирэхдээ цагаан царайтай нэг чантуу эхнэр дагуулж ирснээс хойш гурав, дөрөв хоног ээжийг минь том гэрт оруулсангүй өнөөх хүүхэнтэйгээ

наргисаар байлаа. Муу ээж нүд дүүрэн нулимстай царай дарсаар муухай харах тоолонд нь дальдчин хоол цайг нь бэлдээд л, өрөвдмөөр гэдэг нь. Би ч хойд эцгийг жинхэнэ үзэн ядаж эхэлсийм. Арван зургаахан настай жаал хүүгийн зүрхэнд баймгүй их хилэн тэгэхэд миний зүрхэнд буцалж бүхий л биеий минь цус судсаа даган буцалж байлаа. Тэгэж, тэгэж ашгүй өнөөх өгөр чантуу нэг юм зайлж хойд эцэг хаашаа ч юм хэд хоног алга болов.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *