
Япон явах бичиг баримтыг нь би бүрдүүлнэ. Миний хүмүүс та нарыг хүргэж өгөх болно. Энэ ажлыг чи зохицуулж чадах юм бол харж үзнэ эхлээд наад гэдсэндэхээ цааш нь харуулчихаад ир гэсэн нь сонсдож
дахин нэг гүн санаа алдаад эргэтэл Ядамаас Одончимэгийг авч явж хүүхдийг нь авхуулах үүрэг авсан урт хар пальтотой өндөр залуу гүйн ирж – За яасан бэ? Амжуулсан уу? Амжилттай юу? хэмээн шүднийхээ
завсраар салхи сийгүүлэн асуухад охин хурдхан гэгч нь толгой дохичихоод нүүр нь минчийн улайв. – За тэгээд миний хэлснээр болсон уу? гэж асуугаад нэхэл хатуутай гэгч нь ширтэх Ядамын
харцнаас бултахыг хичээсэн, Одончимэг хурдхан гэгч нь толгой дохичихоод гүн санаа алдахад түүнийг аборт хийлгэж үр хөндүүлсэндээ л харамсаж байна гэж ойлгосон Ядам огтхон ч
тоосонгүй. Амьдрал хатуугаа үзүүлэхээр дэндүү хатуу байдгыг хараахан мэдээгүй байгаа цэл залуухан бүсгүй баян эрийн өмнөө тавьсан боодолтой мөнгийг харж “Яаж хурдан Япон явах охид олж тэр

мөнгийг нь авах билээ л” гэж бодохоос өөр зүйл толгойдоо шингээх аргагүй болсон байлаа. “Япон явахыг хүссэн охид зөндөө л байгаа л даа. Харин тэднийг яаж олох билээ” гэх бодолд хөтлөгдсөн Одончимэг хамгийн түрүүн сургууль дээрээ очив. Сургуулийнхаа дотуур байраар орж, ойр дотныхоо хэдэн охидод учир явдлаа хэлэхэд тэр дорхиноо л охид шуугиж долоо хоногийн дараа хориод охин Одончимэгтэй хамт явахаар санал нэгдэж бэлтгэлээ базааж эхлэв. Дахиад арваад хоноход хориод охид дөчөөд болон өргөжсөнд Ядам ихэд сайхан аашилж Одончимэгт урьд амласнаас дахин нэг хувь илүү мөнгө өгсөн тул ихэд баярласан охин тэр дороо л хөдөө гэр үрүүгээ гуйвуулж аавтайгаа утсаар ярив. Аавынх нь дуу ихэд тамирдангуй ядруу дорой, ихэд цаана сонсдоно. – Би банкаар таньд мөнгө шилжүүллээ.Ааваа 4сая төгрөг шүү. – Иш охин минь юу л болж явна даа. Гэр орондоо ирж үз. Ийм их
мөнгө хаанаас хэнээс олоо вэ? Хэрэг төвөгт орчиховзоо үр минь. – Санаа зоволтгүй ээ ааваа. Охин чинь өшөө ч мөнгө олох болно. Ааваа нэг буянтай сайн хүн надаа тусласан. Охин нь Ялон яваад их мөнгөтэй болж ирээд таныгаа жаргаанаа. – Юу гэнэ вэ? Охин минь . Юу хэлчих нь энэ вэ? Япон явахаа. Хөхөө өвлийн хүйтэн,хөр цасны хайрууд өнчин нялх охиноо аав нь явуулмаагүй л байна шүү. – Санаа зовох юм ер нь юу ч байхгүй ааваа. Охин чинь дөчүүлээ явж байгаа. Бөөнөөрөө нэг үйлдвэрт гэрээтэй хугацаандаа ажиллаад л гэрээний хугацаагаа дуусахаар бүгдээрээ хүрээд ирнэ. – За тийм бол яах вэ дээ Миний охин олонтойгоо эвтэй яваарай. Гэр оронлуугаа аавдаа хэл мэдээтэй яваарай. Уулзах ч үгүй явчих хүүхэд юм даа чи. Аавдаа хурдан эргэж ирээрэй! Аавынх нь дуу гундуу цаанаа л нэг цөхрөнгүй сонсдоход охины зүрхээр ширхийн хатгуулах шиг болов. Охидын Япон явах
бэлтгэл хэдхэн өдрийн дотор бэлэн болж замын зардал, визний мөнгийг нь дааж байгаа тул зөвхөн охид төдийгүй тэдний ар гэрийнхэн хүртэл их баяртай байлаа. Япон явах гэж хөөрцөглөгч охид болон тэдний гэр бүлийнхний өмнө Ядам болон түүний туслахуудын хэн нь ч ил гарсангүй. Тэдний өмнө Одончимэг Ядамын хэлснийг үг үсэгчлэн дамжуулах ба “Гэрэл” хэмээх гоёмсог нэртэй гадаадад ажиллагсдын зуучлах төв гэгч энэ орчлонд байхгүй хуурамч тамга тэмдэг бүхий компани хэмээн бусдыг төөрөгдүүлсэн хэдэн хүн л бүх ажлыг нь амжуулж байлаа. Чухам хэний үгэнд орж хувь заяагаа хааш нь жолоодож байгаагаа, амьдралын хатуу хөтүүг дөнгөж амсаж буй балчирхан Одончимэг яахин мэдэх билээ. Сайхан амьдарч, үхснээс үлдсэн аавыгаа жаргаахын тулд мөнгө хэрэгтэй. Амьдралыг жолоодогч тэр хүчирхэг мөнгийг олохын тулд ядарч зүдрэх бол юу ч биш хэмээн тэрээр бодож байлаа… … Хүзүүнээсээ том гэгчийн эрхи
зүүсэн тэр эмгэнийг ирээд явснаас хойш Нацаг хүүгээ ганцааранг нь орхих тунч дургүй болж эзгүй хойгуур өнөөх эмгэн хүүг минь аваад явчихвий гэх айдаст байнга автаж, түгших болов. Болд хүү байхгүй болхяслант энэ орчонд Нацаг амьд яваад ч яахсан билээ гэх гутруухан бодолд хөтлөгдөнө. Болд хүү сурлагаар ангидаа толгой цохихгүй ч өөрийнхөө хэмжээнд боломжийн сурч байлаа. Хүйтний эрч сүрхий харьж хаврын урин салхи хацар илбэсэн нэгэн өдөр Болд хүүг хичээлээсээ иртэл тэр нэгэн шөнө гэрт нь ирсэн том эрхит эмгэн орцных нь үүдэнд нилээн даарсан байдалтай, нилээд хүлээсэн шинжтэй сууж байлаа. Энэ эмгэнийг гэрт нь ирсэнд тэр шөнө аав нь ихэд дургүйцэж, уурлаж бухимдсан, сэтгэл санааны гүн хямралд орж байсан тул бяцхан хүү эмгэнээс дөлсхийн тойрч орц уруугаа орохыг чухалчилсан боловч эмгэн хүүг хараад майтран босч угтан ирэв.
Эмгэн хүүг царайчлангуй ширтэж – Хүү минь хичээлээсээ ирж байна уу? Миний хүү эмээтэйгээ энүүхэн айлаар орчихоод л буцаад ир тэгэх үү? Энэ үг хүүг ихэд сандаргаж одоо л энэ эмгэн намайг ааваас хол газар авч явах нь гэсэн айдаст автан хурдхан гэгч нь толгой сэсрээд орцруугаа гүйн орж, салгалж чичирхийлсэн гараараа хаалгаа түлхүүрдэн онгойлгож сайтар түгжээд орон дээрээ гарч,томоотой гэгч нь хөдөлгөөнгүй суув. Эмгэн хүндээр амьсгаадан шат өгсөөд Нацагийн үүдийг цөхрөнгүй тогшоод гомдолтой гэгч нь буцаж гэлдрэв. “Үгүй ер нь үйл нь гололсон амьтан юм даа би. Муу хүүгээ айлгачихлаа байна. Ийм л заяа муутай амьтан даа би ч. Тэр муу нялх амьтан миний хэн болохыг мэдэхгүй юм чинь аваад явна гэхээр айлгүй ч яах билээ. Ай халаг. Цус махны тасархай энэ муу амьтныг муу ахтай нь уулзуулаад нүд анивал хөгшин миний хэрэг бүтэх нь тэр. Өөрийгөө яая гэж байж, энэ муу нялх хүүг аваачаад ч яах вэ, Хорвоог орхих тэр өдрийг иртэл
харж голоо зогоож байхсан.” Эл бодол эмгэний хоолойд торолзож ирээд, гашуун нулимсаа хүчлэн залгиад, өвдгөөр нь хүчлэн хатгуулахад тэр чигтээ шатан дээр хүчтэй гэгч нь лаг хийтэл суун тусав.Эмгэн хэдийн удаан сууснаа ч мэдрэх сөхөөгүй хувь заяаны хяслант эргүүлэгт цөхрөн суусаар байлаа. Нацаг хэдэн минутын өмнө ажлаасаа гарч хүүрүүгээ яаравчлав. Харуй бүрий орчныг нөмөрч орцонд юу ч харагдахгүй шахам тул шат алгасан харайсаар өгстөл нэг юманд тулж сүрхий цочив. Настай хүний ядрангуй дуу алдалт, зөөлөн ёолох сонсдоход Нацаг цочин зог тусч – Та хэн бэ? гэж хашгирахдаа сүүлийн үес сэтгэлийг нь зовоож буй өнөөх эмгэний тухай цухас бодоод өнгөрөв. Тэр бодлыг нь таах мэт настай эмгэний цөхрөнгүй дуу соснсдож – Энэ муу хоёр өвдөгний нүдээр хатгуулаад босч болох биш хүү минь. Нацаг ухасхийн тонгойж эмгэний тохойноос өргөн босгов. Эмгэн тонголзон ёолох аж. – Та гишгэж чадахна уу? Гэр чинь хаана юм бэ? Би оруулаад өгье. – Аа чи Нацаг хүү юу? Надмид гуай нь байнаа.
Эмгэний хэлэхийг сонсоод Нацаг хирд хийн цочиж ядруу хөгшнийг золтой л шатны уруу түлхээд өнхрүүлчихсэнгүй. – Та чинь солиорчихоод энэ харанхуй орцонд сууц байгаа юм биш биз. Ер нь л тэгсэн байх. Яах гэж наашаа ирсэн юм бэ? Таныг би битгий ир гэж хэлсэн биз дээ. Дахиж наашаа ирэх юм бол хүүхэд хулгайлах гэсэн завдсан гээд цагдаад хүргээд өгчихнө шүү. Тэгээд тэр шоронд нүд аниарай ! Би Болдын хууль ёсны эцэг нь мэдэвүү. Яв. Зайл. Дахиж нүдэнд бүү харагд. Нацагийг ийн зүхэн загнахад хөөрхий ганц үг дуугаралгүй шуухитхаж, шархиран өвдөх өвдгөө базлан тонголзох нь өрөвдмөөр. Орчлон дээр орь ганцхан хүүг нь гараас нь булааж авах хар муу санаат эмгэнд ихээхэн зэвүүрхэж байсан ч Нацаг өөрийгөөч аваад явчихаж чадахгүй эмгэнийг харанхуй орцонд орхиод гэртээ орчихож бас чадсангүй. – Үхтэл үр харам гэж. Эмээд нь өөр зорилго байхгүй л дээ. Хүүд жаахан юм авчирсан юм. – Миний хүү юугаар ч дутаагүй. Дахиж ингэж ирэхийн хэрэггүй шүү. Би хүүгээ хүний зэрэгт
хүргэж чадна. – Тийм бололтой. Азаар ач хүү маань сайн эцгийн хайртай хүү нь болжээ. Миний сэтгэл тайвширч амарлаа. Одоо ингээд эмээ нь явъя даа. Үхэл хагацал үзэж, сайхан хүүгээ цаг бусаар алдахын зовлонг үзсэн эх хүний хувьд чиний сэтгэлийг чинь ойлголгүй яах вэ дээ. Дахиж сэтгэлийг чинь зовоохгүй. Эмгэн өвчтэй хөлөөрөө тэмтчин доошлоход сэтгэл нь ихээхэн цалгилж зовнисон Нацаг эмгэнийг шат өөд хөтөлж – Ер нь та манайхаар ороод гар. Таныг ч би ойлголоо. Адилхан зовлонг эдэлсэн та бид хоёрын буруу гэж юу байхсан билээ. Ингэхэд би ч бас хүүгийнхээ удам гарлыг мэдмээр байна. Хожмын өдөр хүүд минь хэрэг болох биз. Чин сэтгэлээсээ ийн хэлээд тохойноос нь түших Нацагийн гэнэтийн асрамжинд баярлаж, Надмид эмгэн нулимс дуслуулсаар Нацагийн босгыг алхан оров. Нацагийн цээжинд байсан түгшүүр зовлон, уур хилэн алга болж нуруун дээрээсээ нэг том ачаа аваад хаячих шиг болов. – Болдоо миний хүү өө. Алив эмээгээ түшээд том өрөөнд ороод байж бай. Аав нь одоохон сайхан хоол цай
хийгээд орхиё. Эмгэн хатингар гараараа Болд хүүгийн түнжин толгойг илбэж – Иш хөөрхий минь гээд хоолой нь зангиран таг болж омголтсон уруулаараа хүүг ихэд энхрийлэн үнсэв. Эмгэний зүдгүүрт байдлыг сонсч сэтгэлдээ ихэд өрөвдсөн Нацаг ямартай ч өглөө эмээг гэрт нь хүргэж өгч байр байдлыг нь мэдэхийг чухалчлав. Хүүгээ унтуулчихаад хоолой чичрүүлэн ярих эмгэний гуниг цалгисан яриаг сонссон Нацаг шөнийн тэн болсон хойно хэвтсэн ч нойр нь хүрэхгүй хөрвөсөөр өглөөтэй золгов. Өглөө ажилдаа ч очсонгүй. Хүүтэйгээ хамт Надмид эмгэний гэрт нь хүргэж өгөхөөр хөлсний машин барьж эмгэний заасан хашааны хаалгаар алхан ороход үсээ ардаа хавчсан өндөр цагаан хүүхэн жавар хургасан нүдээр тэднийг салхи татуулан ширэв татсаар угтав. Хөөрхий эмгэний сэтгэл нь зовж арга нь барагдсан бололтой майтран алхаж чичирч салгалсан гараар хаалганыхаа цоожыг арай хийн онгойлгож гэртээ ороход Нацаг, хүү хоёр дагалдан оров. Эмгэний жижиг хойморыг эзэлсэн хүрэн зандан ширээн дээрхи жаазтай зурагны голд цэл залуухан эр,эм хоёрын
энхрийхэн тэврэлдсэн гоёмсог зураг харагдах нь Болд хүүгийн төрсөн эцэг эхийн хорвоог орхихоосоо хэдхэн хоногийн өмнө авхуулсан зураг байлаа. Гэрийн дотор хүйт хургаж эмгэн галаа асаах санаатай үнс бужигнуулан ноцолдоно. Эмэгтэй хүний хатуу өсгийтэй гутлын өсгий хөлдүү газрыг товшлон ойртож төдөлгүй гэрийн хаалга угз татан цэлийтэл нээж – Та чинь одоо хаашаа алга болчихдог юм бэ? Хашаа эзгүй хаячихаад гуйвлаад алга болчихсон байх юм.Чиний хүүрээ хаана хаях надад ямар хамаатай юм бэ? Өөрийн чинь л хохь болох байх шүү. Хашаа эзгүй хаячихаад гуйвчаад тэнээд явчихсан хойгуур чинь хулгайч ирээд хоёр хүүхдийн хоолой огтолчихоод, хамаг юм цөлмөөд явчихбал яах юм бэ? Заяа муутай бузар авгай чинь үр хүүхдийнхээ толгойг залгихаас өөр гавъяагүй заяа нь хаясан новш. Байвал байсан шиг бай. Байхгүй бол нүдэнд харагдахгүй одоохон зайл. Тэр архинд донтсон муу хүү шүү юм чинь ч алга. Бас л нэг газар үхээ биз. Хөлдөж үхээд хэрээ нохойны хоол болно биз. Хохь чинь муусайн гуйлгачингууд гэж тачигнан загнахад Болд хүү айхдаа аавынхаа
араар орж шуухитнана. Хүний урманд Нацаг, хүү хоёрыг хүн байна гэж өрөөсөн нүдээрээ ч харалгүй хөөрхий ядарсан хөгшнийг хараан загнагч хүүхэнд Нацаг ихээхэн дургүйцэж байсан ч түүнд юу ч хэлсэнгүй. Авир ааш муут хүүхэн ч хадам эхийгээ хэлэх хэлэхгүй үгээр хараан зүхэж аваад жаал тайвшрав бололтой яваад өгөв. Хөөрхий Надмид хөгшин галаа асаасан ч, зуухныхаа өмнө нь сөхрөн чимээгүйхэн эхэр татан уйлахыг харж Нацагийн зүрхээр ширхийн хатгуулах ажээ. Хөөрхий эх хүн газар дэлхийг эзэгнэгч хүнийг цагаан сүүгээрээ дархалдаг хирнээ ингэж ч гундаж явах гэж. Яасан ч хэцүү юм бэ дээ. Үхснээс үлдсэн энэ ганц хүүгийнх нь эхнэр манай хадам ээж шиг л бузар дэв болсон эмэгтэй юм даа. Энэ муу хөгшин ч энэ чигээрээ бол их л зовох бололтой. Миний хүүгийн судсаар энэ хөгшний цус гүйж байгаа шүү дээ. Яадаг шүү ч юм билээ дээ. Их л хэцүү юм болж байна даа гэх бодол Нацагийг эзэмдэж зовлонт эхийг зөөлөн харна. Нойтон модны гашуун утаа нүдийг хорсгож эмгэний нүд тэр дорхиноо
л улайж ирэв. Ямартай ч эмгэн зуух тогоо ноцолдуулж төдөлгүй тогоон дээр бор цай даргилан буцлав. Гадаа бас л хүнд хөлийн чимээ гарч өргөн ханхар цээжтэй эр найгалзан орж ирээд зүүн талын орны өмнө пидхийтэл унаж – Ээж минь дээ.Ээж минь та чинь одоо яагаад ингээд тэнээд байдаг юм бэ? Муу хүү нь яах вэ дээ. Архи уугаад тусаа л барж явна даа. Манай Долгор ааштай ч гэсэн цайлган хүн шүү. Одоо биднийг ганц тэжээж байгаа нь л ганц тэр хүн ш дээ. Заримдаа бухимдах нь ч хир биз. Хөөрхий. Ер нь тэгээд энүүхэндээ гэхэд ээжминь таныг би асрамжинд аваачаад өгчихье. Энэ Долгорын санааг ч нэг амраая. Одоо яая гэх вэ та бид хоёрын заяа энэ биз. “Өө за. за. Энэ ч бүүр дүүрчихсэн новш юм. Ичдэгч болоосой. Ийм хүү төрүүлсэн юм чинь энэ муу хөгшин зовохоос ч биш яах билээ. Архинд толгойгоо мэдүүлсэн арчаагүй муу хог юм даа чи” Нацаг хүүгийнхээ хөөрхөн булцгар гарыг атгалан хөгшний хүүд ийн өөртөө уурсаж суулаа. – Тэгье дээ хүү минь. Чамд л амар байвал ээж нь тэр газар чинь очьё! Хаана ч үхэхийн ялгаа юу байх билээ. Харин хоёр муу ачийг минь
уулзуулж байгаарай! Тэр хоёрыгоо л их санах байх даа. Эхийн дуу тунч гомдолтой их цөхрөнгүй сонсогдож ийн хэлэхэд архичин хүүгийнх нь ганц нар нь гарах шиг жигтэйхэн баяртай гарч одов. Эмгэний сэтгэл их л зовлонтой байх тул тэд хэсэгхэн чимээгүй сууцгаав. Эцэст нь эмгэн шийдэв бололтой тэргүүнээ өндийлгөн – За хүү минь чи их л сайн хүн бололтой. Хүүгээ гараасаа битгий холдуулаарай. Энэ орчлонд наад муу хүүд чинь чамаас өөр хэн ч байхгүйг харж байгаа биз дээ. Бид дахин уулзахгүй байхаа даа гэж шуудхан хэлэхэд Нацаг хөгшний өмнө өөрөө буруутай юм шиг сэтгэл нь зовинож – Та тэгээд бүр явахаар шийдлээ гэж үү? чухам яагаад ингэж сандарч, яагаад ингэж зовиноод байгаагаа ч үл ойлгох Нацаг ийн дуу алдав. – Өөр яахсан билээ дээ. Үхснээс үлдсэн ганц хүүгээ зовоож байхаар, би өөрөө хаана ч үхсэн яадаг юм бэ. Үр хүүхдийнхээ төлөө мууг үзсэн нүгэлт хөгшин толгой хаана ч үхсэн яах вэ! – Үгүй ингэж болохгүй. Эмээ та тийшээ битгий оч. Эмгэн жалх нь харьсан
нүдээрээ Нацагийг гайхан харав. – Би үүнийг зөвхөн хүүгийнхээ төлөө хийж байгаа юм. Та асрамжинд очоод хэрэггүй. Харин та манайд оч. Эмгэн түүнийг гөлрөн ширтэх аж. Яагаад ч юм бэНацаг эмгэнийг тэднийд очихоос татгалзахвий хэмээн ухаангүй айж – Эмээ та манайд оч л доо. Таньд бид хоёр ямарч хүндрэл учруулахгүй. Ерөөсөө та ингэж шийд. Миний хүү таны үгэнд сайн орно. Та миний хүүтэй хамт бай л даа гэж ятгахад учиргүй догдолсон эмгэн удтал мэгшин уйлаад майжигнан босч авдраа уудлан дээлээ сольж өмсөв. Шүтээнийхээ өмнө хэсэг саатан бодолд автан зогсоход нь Нацаг – Та шүтээн бурханаа болон өөрийнхөө юмнуудыг аваад яв л даа хэмээн аргагүйдэн өгүүлэв. Бурхан минь нүгэлт энэ хорвоогийн хатуухан буулгыг хүзүүндээ угалсан зовлонт эр өөрийн төрсөн хүүдээ хөөгдөх шахам гарч насны голомтынхаа хаалгыг зөөлөн хаагаад байшингынхаа өмнө бүртэлзэн зогсох хоёр ачаа нулимс мэлтэрсэн нүдээр ширтэж зүрхнийхээ гүнд хүчтэй гэгч нь санаа алдаад харь танихгүй хүний сайхан сэтгэлд хүүд хөтлөгдөн аажуухан алхав. Үхтэл
үр харам гэгч үгийн учрыг хүмүүн олон төдийлөн ойлгохгүй нь даанч харамсалтай… …Цагийн хүрд сааралгүй эргэлдсээр Богдхан уул ногоон торгон өмсгөлөө аль хэдийн өмсч хөхөө дуун цэнгэлтэйеэ эгшиглэсэн зуны эхэн сарын нэгэн өдөр Монгол оронд төдийгүй дэлхийн олон орны сонорыг дэлдийлгэсэн улс төрийн нэгэн томоохон үйл явдал болсон нь мөнөөхөн төрийн парламентыг сонгох их хурлын сонгуулийн компанит ажил байлаа. Бүтэн жилийн турш сонгуулийн бэлтгэл ажилд шамдаж өөрийгөө чамгүй сурталчилж нөр их хөрөнгөнийхөө тодорхой хэсгийг тавиад туучихсан Ядам энэ өдөр ихээхэн сэтгэл донслон байлаа.Ширхэг чулуугаар нь тоглож, шижир өвсөнд нь бүдчин өссөн төрөлхи тосгоныхон нь энэ өдөр түүний улс төрийн хувь заяаг шийдэх гол зангилааг атгаж байлаа. Улсын их хурлын сонгох сонгуулийн 52-р тойргоос сонгуулийн явцын мэдээ зай завсаргүй Ядамд ирж байлаа. Өглөөний 06 цагаас эхлэн ард түмний дунд явагдсан санал хураалт хэвийн явагдаж байсан үдийн арван хоёр цаг гэхэд хувьсгалт намаас нэр дэвшсэн Соном гэдэг юм арваад
саналаар түрүүлж яваа нь Ядамын уурыг хүргэж сэтгэлийг нь ихээхэн зовоож байлаа. – Түй муусайн гуйлгачингууд. Муусайн гуйлгачингууд ингээд л дургүй хүргэдэг ш дээ. Муу 52-р тойргынхонд, өлөн ходоодыг нь дүүргэж өчнөөн юм өгөөд байхад л энэ ш дээ. Миний төлөөний хэдэн амьсгаанууд бас яаж орхидог байнаа. Тэрээр нуруугаа үүрч нааш цааш холхиж эхлэхэд Учрал ч мөн ихээхэн түгшиж босч суун цонхоор харуулдана. Өөр яалтай ч билээ дээ. Ядам жаал холхисноо ухасхийн утсаа шүүрч хэн нэгэнтэй ярьж гарав. – Хөөе та нар чинь юу хийгээд байгаа мануухайнууд вэ? Санал хураалт арваад саналаар хоцорч явна. – Санаа зоволтгүй дээ. Эрхэмээ. Одоо До захирлын зургаан зуугаад оюутны санал улаан гэрлээр таньд орж ирнэ. – За тэгээд хурдалж үзээч дээ. Ядам өөр юу ч хэлэлгүй утсаа шидчихэв. Учрал түүнийг түгшингүй асуунгуй харна. – Санхүү Менежментын Их сургуулийнхан одоо надад бүгд надад саналаа өгнө гэнээ. Азаар захирал До-гийн сургууль 52-р тойрогт хамаардаг юм. Учрал нөхрөө зөөлөн харж
сэмхэн сэтгэл алдаад өлмий дээрээ гишгэлэх шахам гал тогооныхоо өрөөрүү оров. Нөхөр нь энэ хэдхэн сард турж шанааных нь яс нь товойж харагдах ажээ. “Хөөрхий минь. Их хуралд гарах гэж үнэн сэтгэлээсээ мэрийн зүтгэж байна даа. Уг нь тэр бохир улс төр ч манай хүнд нэг их зохихгүй байх л даа. Гэхдээ яая гэх вэ нэгэнт зүтгэснийх. Тэр улс төрдөө ялалт байгуулаасайдаа” гэж ханийн сэтгэлээр бодож байлаа. – Май хө. Аяга шөл уучих. Энэ янзаараа бол чи тэр их хуралд очихоосоо өмнө шургаж унах нь байна ш дээ. Ядам эхнэрээ зөөлөн харж – За за тэгье. Хоолойгоор хоол орохоо больчихоод байсан юм. Албадаад идье. Нээрээ ч ядарч байна. Чи минь ч гэсэн намайг дагаж дэвэлдээд бас л аяга юм ч идэж уусангүй. Алив хоёулаа нэг хамт цайлаад орхиё. Тэр хоёр бүр нэг эхнэр, нөхрийн уян зөөлөн харцаар биесийг харан хооллож ундлав. – Монголчууд ядраад ирэхээрээ гар сарвайж гуйдаг шигээ бас хариутай байх хэрэгтэй ш дээ. 52-р тойргынхныг би чамгүй л тэжээсэн дэг. Зөндөө л юм өгсөн дөг. Муу
гуйлгачингууд аягүй бол Ху намын тэр нөхөрт санал өгч л байгаа. Ийм л хуурамч муу новшнууд байхгүй юу. Ядам овоо нэг тайвширч ирмээр байснаа нөгөө л нэг муухай зангаараа ийн уурлаж хуйсагнаж ирэхэд Учрал бас л өөрийн дүрэлзүүр цайлган зангаараа нөхрийнхөө үгийг тас дайрч – Чи чинь одоо байтлаасаа ард түмнээ харааж зүхэхнүү. Арай хэтэрч байгаа юм бишүү. Арван хүн чиний төлөө саналаа өгсөн ч чи тэр арван хүний өмнө маш их өртэй болж байгаагаа ойлгох хэрэгтэй ш дээ. Тэгээд ч чиний хувьд 52-р тойргынхон бол чиний хувьдөөдөлж боссон өргөн олон чинь. Ард түмэн ядуу байгаа нь үнэнч. Тэр ард түмнийг ядуурлаас гаргахын оронд гуйлгачин гэж тавалж арай л болохгүй байх шүү. Эхнэрийнхээ хатуухан хэлэх үгэнд залхаж уурласан Ядам гараа хий савчаад босоод явчихав. Байн байн цагруугаа хялмалзах ядам оройн хорин цагийн орчим тэсвэр тэвчээрээ хүчээр дарах санаатай орон дээрээ бүхлээрээ буруу харан хэвтээд тэр чигтээ унтаж орхив. Шөнийн хорин дөрвөн цагийн
харанга цохиход Учралын зүрхээр ширхийн хатгуулав. Нөхөр нь нөгөө л хэвтсэн хэвээрээ нам гүмийн дунд ихэд ядарснаас зөөлөн хурхиран унтана. Учрал яарч чичирхийлсэн гараараа компьютерийн гар шүүрэн авав. Дэлгэцнээ намуудын нэрс жирэлзэн өнгөрнө. 52-р тойрог. Яадаг билээ. Зүрх нь цээжээ дэлдчин цохилно. Цааш нь МАХН – 32.6 . Соном. Пөөх. Ямар өндөр аваа вэ. Улс төрийн зургаа долоон нам оролцсон биз дээ. За яая гэх вэ. Энэ чинь өрсөлдөөн шүү дээ. Манай хүн ч ялагдаж л таарлаадаа. За энэ байна. Хөрөнгөтний нам – 40.3. Мөнхийн Ядам. Үгүй энэ чинь ялчихсан байна шүү дээ. Ядамаа. Хөөе. Ядамаа чи ялчихаж, Учралын энэ дуутай ханьсах мэт телефон утас нь тачигнаж дуугарав. – Ядамаа. Ядамаа. Хонгор минь . Чи сэр л дээ. Чи сонгуульд ялчихлаа шүү дээ. Мөрнөөс нь угзчин ийн үглэх эхнэрийнхээ дуунаар Ядам ухасхийн босов. – Утсаа авч үз. Ядам минь. Чи сонгуульд ялчихаад байна шүү дээ. Эхнэрээ дүйнгэ гөлгөр нүдээр ширтсэн Ядам утасруугаа хурдлав. – За мөн жаргаж байна даа. Жаргаж байна. Эй. алтаар урс гэж. Мөнхийн ганц хүү ингээд төр барилцдаг
байж. Намынхаа удирдлагыг хүлээх зуур Ядам ийн бодож дээд зэргийн хүлээн авалтаньд бэлтгэж сандрангуй гүйлдэх ажилтнуудынхаа хөлийн чимээг чагнан мишилзэж суув. Маргааш төрийн ордны А танхимд хуралдаантай. Хир баргийн аавын хүүг тогтоодоггүй тэр зөөлөн суудалд тун ч тухтай суух цаг хугацааны тоолол маргаашнаас эхлэнэ. Чухамдаа л энэ цаг нь ирсэн учраас Монголын төрд Ядамын цаг эхлэх нь энэ. … …Эрхүүгийн “Нүдний Институт” Клиникын эмнэлэгийн нэгэн өрөөнд доктор Павел Павлович Зорин зоримог шаламгай алхан орж ирээд үүдэн гараа алдлан зогсч – Ай эрхэм Монгол нөхрөө. Гансүх та намайг харж байна уу. Жаахан аялгуутай ч Монголоор цэвэрхэн ярих тэр эмчийг зүрх сэтгэлээрээ хүлээн авсан Гансүх ухасхийн босох гээд толгой нь эргэж ганхаж суун тусав. – Ай Гансүхээ ийм хурдан хөдөлж болохгүй. Та дөнгөж өчөгдөр л боолтоо авсан шүү дээ. Аажмаар хараагаа тохируулж дасгах хэрэгтэй. За та намайг харж байна уу. Эмч өөдөө хардаа. Доктор Зориныг орж ирэхээс өмнө лав л эгчийнхээ царайг харж жигтэйхэн их баярлаж байсан Гансүх энэ удаа эмчийгээ харж чадсангүй ихэд сандрав. – Эй залуу минь. Монголын зоригт бүргэд
минь. Хамгийн гол нь тайван байх хэрэгтэй. Сэтгэл догдлолоо тайвнаар барьж, шинэ ертөнцийг харна шүү. Та одоо цоо шинэ ертөнцийг харж түүнтэй танилцаж түүн дотор амьдрах болно. Би маш их баяртай байна. Яагаад гэвэл та ертөнцийг харж чадах боллоо. Гансүх та их азтай залуу юм. Таньд баяр хүргэе! Хүний хорвоо сэтгэлийн догдлолоор биш, тайван амгалан гэхдээ аз жаргалтайгаар хүлээн ав. Залуугийн мөрөн дээр эмчийн халуун гар итгэлтэй элэгсгээр бууж хүнд нүсэр алхаа нь шал хотолзуулсаар гарч одов. Гансүх хараа оржээ. Эгчийнх нь царай хэдхэн алхмын өмнө тодорч нулимс нь гүйлгэнэсэн том алаг нүд нь түүнийг догдлонгуй ширтэнэ. – Дүү минь. Хайртай дүү минь. Нээрэн гэж үү. Намайг эгчийгээ харж байна уу? Энэ . би бол чиний эгч чинь шүү дээ. Эгчийнх нь хоолой зангиран ойртсоор түүнийг тэвэрч аваад мэгшин уйлав. – Тиймээ тийм. Энэ чинь та юу. Би. Би таныг харж байна ш дээ. Сайхан байна. Ямар сайхан юм бэ? Миний эгч чинь. Их гоё бас сайхан хүн байна ш
дээ. – Ашгүй дээ. Бурхан минь. Таньд баярлалаа. Миний дүү хараа орчихлоо. Баярлалаа. Их баярлалаа. Тэр хоёр тэврэлдэн хичнээн их уйлсан ч юм бүү мэд. Сэтгэлээсээ нэг том бүлх аваад хаячихсан шиг хөнгөрч хэн хэн нь их л баяртай байлаа. Цонхон дээр шувуу шулганан жиргэцгээхэд Гансүх тийшээ яаран гүйж очив. Өнгө нь сэргэж хаврын зөөлөн салхинаа найгалзан ганхах модны мөчир дээр жижигхэн бас өхөөрдөм жаахан амьтад, шулганалдана. Тэр содон жиргээний эзэд нь энэ жижигхэн шувууд ажээ. Шувуу гэдэг ийм жижигхэн жигүүртэн хүмүүн олны толгой дээгүүр салхи хөлөглөн нисэн жаргадаг ажээ. Модод ч бас өөр өөрийн өнгө аястай ихэмсгээр дүнхийлдэнэ. Байгалийн энэ бүтээл бас л сайхан ажээ. Бие биеэсээ өрсөх мэт гоёмсог өндөр байшингууд зам талбай, янз бүрийн хийцийн том жижиг толь гялалзан сүлжилдэх машинууд хүмүүсийн шуугиан трамбайн зогсоол, цэцэг мэт алаглах олон хүмүүс. Үгүй ер хүний орчлон гэдэг
өөрийн нүдээр харахад ямар ч сайхан харагдах юм бэ дээ. Дорно зүгээс өндөлзөх том улаан наран гоёмсог байшингуудын орой дээр очтон бууж алтлаг олон цацраг нь орчлон ертөнцөд уламч гоо үзэмж нэмнэ. Азтай юмаа би азтай юм. Би эргэн тойрон дэлхий ертөнцийг тэр чигт нь харж байна. Бурхан надад Павел Павловичийг илгээсэн байна. Гансүх анх удаа бурханыг бүр чинь сэтгэлээсээ хүндэтгэн ийн хүсэмжлэн дуудав. Түүний сэтгэл баяр хөөрөөр дүүрэн цалгилж байлаа. Хөөрхий бурхан болооч ээжээс нь хойш түүнийг гараасаа салгалгүй хөтөлж хамт явсан эгч нь өмнө нь зогсоно. Өргөн төмбөгөр духных нь дор дүрэлзэх , том алаг нүд, шовх шулуун хамар дөлгөөн тайван царай өмнө нь ихэд баясан гэрэлтэн үзэгдэнэ. Хорвоогийн хүсээгүй зовлонг олонтой үзсэний тэмдэг цөхрөл гунигын хар сүүдэр сайхан нүдэнд нь бас цухалзан үзэгдэнэ. Хайртай ээжийг нь орлогч энэ эрхэм хүний өмнө Гансүх өөрийн эрхгүй сөхрөн суув. – Хүүе миний дүү яаж орхив доо. Яаж байгаа чинь энэ вэ? Эгчийнхээ өмнө. Босооч. – Эгчээ. Та бол. Та бол . миний хамгийн хайртай хүн ш дээ. Ээж минь
таньтай адилхан уу? Адилхан байсан тийм үү? Би ээжийгээ сэтгэлдээ төсөөлдөг байсан. Одоо нүдэндээ төсөөлөн харж байна. Миний ээж яг л тань шиг хүн байсан байх. Та охин нь юм чинь ээжтэй адилхан байх тиймүү? Хэлээч дээ эгчээ хэлээч! Эгч нь Гансүхийн гараас татан босгож алтадмал хүрээтэй том толины өмнө хөтлөн аваачив. Түүний өмнө өргөн ханхар цээжтэй өндөр бядлаг нуруу, сайхан бие цогцостой цэвэрхэн царайтай том алаг нүдтэй сайхан залуу нүд дүүрэн нулимстай зогсч байлаа. “Энэ чинь хэн бэ?” гэж өөртөө дуун алдсан Гансүх түүний өмнө өөр хэн ч биш Гансүх өөрөө л зогсож байгаагаа төдөлгүй олж мэдэв. Ийнхүү Гансүх өөрийгөө олж харах нь тэр. – Дүү минь. Сайн хар. Энэ бол чи шүү дээ. Миний дүү ийм сайхан залуу байхгүй юу. Надаас илүү чи л ээжтэйгээ адилхан төрсөн юм. Тэгэхээр бидний ээж их гоё сайхан хүн байсан байгаа биз. – Тиймээ. Бидний ээж үнэхээр сайхан ээж байсан байна. Эцэст нь хоолой нь цахиртан ийн өгүүсэнГансүх уртаа гэгч нь сүүрс алдаад зөөлөн буйдан дээр лагхийн суун тусав. Хөөрий минь дээ. Сүүдэрт энэ орчлонд хүн болж ирэхдээ
сүүтэй энгэрт нь зүүгдэж өссөн ачлалт тэр эхийн сэтгэлийг цалгиулан өсч өндийж голыг нь гонсойлгож зовоож үлдсэн үр нь Гансүх байсан даа… …Өдөр хоногууд жолоогоо саалгүй хурдалсаар хаврын налгар өдрүүд эхэлж шалгалт шүүлгүүд үргэлжилсээр нэг л мэдэхэд нүд гялбам гоёсон залуус дээд сургууль төгссөн дипломоо гардан авах баярт мөчид тулаад ирэв. Хийц маяг өнгө чанараараа өрсөлдсөн үнэтэй торгон дээлээр гангарсан охид бүсгүйчүүл цэцэг мэт алаглаж, үнэт даавуун костюм цагаан цамц тэргүүтнээр төлөвхөн гоёхон залуус сургуулийн өмнө хөшилдөж инээд энд тэндгүй цалгиж оюутан ахуй цаг нэг л мэдэхэд ард хоцорч амьдралын эхний том алхмаа хийсэн залуус нэг л өдрийн дотор томчуудын эгнээнд шилжиж орох нь тэр. Соёл хүмүүжлийн том танхим гишгэх газаргүй болтлоо дүүрч хүндэтгэлийн ширээнд сургуулийн удирдлагууд, дээрээс ирсэн зочид төлөөлөгчдийг орж ирэхэд танхимд дүнгэнэлдсэн олон чимээгүй болж ялаа ниссэн ч сонсогдохоор нам гүм орчин ноёлох нь тэр. До захирлынх нь баргилдуу чанга дуун төдөхнөө нүргэлж сургуулиа амжилттай төгсч шинэ амьдралд хөл тавьж буй оюутан залууст баяр
хүргэсний эцэст хөгжимд сайхан аялгуу дуурсч сургууль төгсөгчид нэрсийн дарааллаар сургууль төгссөн дипломоо гардан авцгаана. Удалгүй хөгжим баярын маршаар солигдож сурлага хүмүүжлээрээ тэргүүлсэн оюутнуудад шагнал гардуулж дурсгалын зураг авхуулав. Шалгуулагсдийн тэргүүнд Мөнхийн Тулгаа хэмээн дуудуулсан Тулгаа энд тэндээс гэрэл гялбуулан бичих камеруудаас дөлсхийн алхсаар индэрт дөхөн очиход До захирал малилзтал инээмсэглэж гарыг нь чанга атгаад – Залуу минь сайн ажилллана шүү. Сургуулийнхаа нэр төрийг өндөрт өргөж яваарай!гээд хажуудаа суугаа яамны төлөөлөгчид – Нөгөө Ядам гишүүний дүү шүү дээ гэж шивнэх нь сонсдов. Зүрх сэтгэл догдлуулж аньсага зовхи чийгтүүлсэн баярт мөч хүн бүрийг эзэмдэж, бие биенээсээ салж ядсан залуус оройхон хир хотоос зайдуухан нэгэн амралтын газрыг гурав хоногийн турш нүргээнтэйхэн доргиосоор оюутан насаа үдэцгээв. – За хүү минь болж дээ. Ямар ч байсан сургуулиа төгсөөд авлаа. Одоо нэг ажилтай
болчихвол ч болох нь тэр дээ. Гэхдээ ах нь нэг юм бодож байгаа биз дээ. Том ах чинь ажил ихтэй бололтой. Ойрд ирсэнгүй. Бие хаа нь сайн л байгаа байгаа даа. – Сонгуульд ялчихсан юм чинь ирэхгүй байх нь аргагүй ш дээ. – Цөг чи. Яах гэж муу ахыгаа гоочилж байдаг юм бэ? Ах захаа алдаад байгаарай чи. – За тиймээ ээжээ. Би тоглож байна. Ах завгүй л байгаа биз дээ. Нам, намаараа талцаад л хэрэлдээд байгаа юм чинь яаж завтай байх билээ дээ. Тэгээд ч шинэ парламентын шийдэх асуудал толгойтой үснээс нь их байгаа биз. – Тэгэлгүй яадаг юм. Ойрд ахтайгаа уулзаагүй биз чи. Сургууль төгссөнөө ядаж ахдаа хэлээч! – Гэрээр нь очсоон. Учрал эгч л байна лээ. Бэр эгч надад баяр хүргээд тэр зургийг дурсгаж өгсөн юм. Ямар ч байсан ах намайг сургууль төгссөнийг эхнэрээсээ сонсоо биз. Ээж хүү хоёрыг ийн ярьж суутал Тулгаагийн утас нь дуугарав. Тулгаа утсаа авч дугаарыг нь тогтоон харснаа – Өө ах ярьж байна хэмээн сонсох товчлуурыг нь дарав. Том ах нь их л сайхан зантай ярьж байх нь тэр. – За залуу . сургуулиа төгсчихсөн үү? Бас зүгээр ч үгүй онц төгссөн гэж байгаа. Шагнуулаад л болж байна. Баяр хүргэе залуу минь. Хаана байна чи одоо? Ядамын
өөриймсөг яриаг сонсоод өөрийн эрхгүй баясаад явчихсан Тулгаа баясгалантай гэгч нь инээвхийлж шилэн хүзүүгээ маажаад – Баярлалаа ахаа. Таньд ч их баярласан шүү. Би одоо гэртээ ээжтэй таныг яриад л сууж байна. – Аа тиймүү ээж тэгээд юу гэж байна. – Таныг ойрд сурагггүй бие нь зүгээр байгаадаа гэж байна. – Ха. ха. ха. Ах нь яав л гэж дээ. Бие нь сайн. Завгүй байна гэж эхэд хэлчих. Эхийн бие зүгээр биз? – Зүгээр байгаа. – Та хоёрт дутагдаж барьж байгаа юм байна уу? – Бид хоёр болж байгаа. – Нэрэлхэж болохгүй шүү. Би маргааш туслахаа явуулна. Машин чинь зүгээр биз? – Машин зүгээр. Сая хонхны баяраар ангийнхнаа жаал зөөсөн дөө. – Тэгээд ангийнхан чинь машиныг чинь юу гэж байна? Яахав. Би сууя. Би сууя гээд л байсан.
Бодвол тэдэнд таалагдаа л биз. – Болж байна шүү. Одооноос бусдыг атаархуулж амьдрах хэрэгтэй шүү. За тэр ч яах вэ. Маргааш өглөө Улсын Мөрдөн байцаах газрын 2-р хэлтэст хэлтсийн даргын өрөөнд бэлэн бай. Ойлговуу. Шинэ мөрдөн байцаагчид баяр хүргэе! – Ахаа. Би ойлгосонгүй. Энд чинь ойлгож ядаад байх юм юу байдаг юм бэ. Онц ноцтой зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч болно гэсэн үг. Бүх бичиг баримтаа авч очихоо мартваа. – Дөнгөж сургуулиа төгссөн над мэтийн жулдрайд тийм ажил олдоно гэж үү? – Чи хэний дүү билээ. Ядамын дүү гэдгээ байнга санаж яв.

Амжилт хүсье дүү минь. Утас тасрав. Өлзий эх Тулгаад ойртож сууж – За юу гэж байна вэ? Бие нь сайн гэнэ үү? – Сайн гэнээ. Таны биеийг асууж байна. Ажил ихтэй ойрд очиж чадахгүй гэнээ. Маргааш туслахаа ирүүлж хэрэгтэй зүйлсийг өгүүлнэ гэж байна. – Иш муу хүү минь. Аргагүй биз дээ. Ажил нь их л байгаа биз. Ах чинь тэгээд чамайг юу гэж байна.