Нүүр Өгүүллэг “АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “7-Р ХЭСЭГ”

“АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “7-Р ХЭСЭГ”

2 секунд уншина
0
0
505

Чи чинь яасан удаан хаалгаа тайлдаг юм бэ? Би гучаад минут зогслоо ш дээ. – Өө чи байсан юмуу.Би нам унтчихжээ.Ирэх байсан юм бол хэлэхгүй яасан юм бэ? – Хм. Бүр амар юм болох нь шив дээ.Чи байсан

юмуу гэнээ. Өөр хэн ирэх ёстой юм бэ? Эхнэрийнх нь байдал ер л нэг сэжигтэй санагдаад явчихсан тул хохилдтол уурлан,эхнэрээ гал зууханд орж хоол цай зэхэх зуур бүх өрөөнүүдээрээ явж шкаф

шүүгээгээ онгойлгож сандал ширээн доорхийг хүртэл шалгаж үзээд сэжигтэй юм үзэгдээгүй тул тайвшран унтлагын өрөөндөө орж өргөн орон дээрээ хувцсаа ч тайлалгүй тэрийн хэвтэж байтал эхнэр нь уур

савссан аягахан шөл барин орж ирэв. – Алив Ядамаа бос л доо. Аяга халуун шөл уучих. Чи чинь яачихаа вэ? Нэг их уугаагүй байсан биз дээ. – Үгүй дээ. Их ч уусангүй. Дээд зэргийн хүлээн авалт болохоор бас

уухгүй ч байж болсонгүй. Оросын тэр айхтар улс төрчийг унтаад өгөхөөр нь чамайг санаад хүрээд ирлээ.Тэгж их хүсч хайрлаж, ирж байхад чинь урамгүй гэдэг нь хаалгаа тайлж өгөхгүй. Өөдгүй ш дээ чи.

– Би ядраад унтчихсан байна лээ. Чамайг ирнэ ч гэж бодсонгүй. Нөгөө л хүнд хүнээ л муудчихсан юм байх гэж хичнээн их айваа ёох гэж. – За за тэр яах вэ? Амьд явах хоногийн тоо нь гүйцээгүй бол тэр нэг юм чинь эдгэнэ л биз. Цаг нь ирсэн л бол юмны мөхөж сүйрэх амархан ш дээ. Миний үхэх цаг ирсэн л бол тэгээд л гүйцээ. Үхэж л таараа. – За харанхуй шөнө битгий билэггүй юм яриад бай. Аяга халуун шөл ойчоод орхи. – Тэр хоол цай яах вэ? Чи өөрөө л нааш ир. Чамайгаа яг одоо хүсч байна. Нааш ир л дээ. – Үгүй чи л байж бай л даа. Хоол. цай. – Зөвхөн чи л байхад боллоо. Хэдхэн цагийн өмнө залуу балчир охиныг хайр найргүй эдлэгч Качалкин гэнэт харагдах шиг болж, ихээхэн дур хүсэл нь оволзоод явчихад Ядам эхнэрээ цээжээр нь агдлан тэвэрч зөөлөн танхил уруулыг нь хаман озов. Бээрсэн саран одтой ханьсч цонхон дээр эргэлдэнэ… Пүрэв гариг тул хичээл тарсны дараа Тулгаа Ядам ахынхаа хэлснээр түүнтэй уулзахаар Корпорац дээр очив.

Жолооны сургуулиа амжилттай төгссөн тул Тулгаа ч ахын өмнө нүүр бардам байлаа. Харваас ах нь ажил ихтэй бололтой ажлынхаа өрөөнд бөөн бичиг цаас дэлгэсэн хэдэн хүнтэй хамт сууцгааж байв. – Захиралаа таны дүү ирлээ. – Өө тийм тийм. Нааш нь оруулчих. Өрөөнд байсан бүх хүний харц Тулгаа дээр тусахад нь Ядам юунд ч юм бэ? их л баясалтай инээвхийлж – Та нар харцгаа. Миний дүү ирээдүйн хуульч.Энэ хавар төгсөх юм. Надтай адилхан байгаа биз. За залуу жолооны сургуулиа амжилттай төгссөн үү? Өдрийн хоолонд орсон уу? Бүр нэг хүний ах хүн гэсэн шиг найрссан ахыгаа харж өөрийн эрхгүй баясаад явчихсан Тулгаа жаахан хүүхэд шиг толгойгоо маажлан – Тийм төгсчихсөн. Үнэмлэхээ авчихсан гэсээр үнэмлэхээ барин ахдаа дөхөж очив. Ядам дүүгийнхээ жолооны үнэмлэхийг ёс төдийн харж толгой дохингоон. ”Энэ золиг санаснаас бүр овоо шүү. Аавын хэдэн

хүүхдээс энэ л надад хань болох шинжтэй.Зөв зарах юм бол бас ч хоосон толгой биш бололтой. Муу эцгийн минь сүнс ч баярлаг. Алс нь надад ч хэрэг болно. Энэ тэрчгэр золигийг жаахан өөд татах нь зөв бололтой.” Дотоод сэтгэлдээ ийн өгүүлсэн Ядам дотуур утасныхаа нэг товчлуурыг дарж санхүү хариуцсан захирлаа дуудуулав. – Энэ миний дүү. Жолооны сургуулиа амжилттай төгссөн байна.Нэгэнт жолооч болчихсон хүнийг явган явуулаад байлтай нь биш. Нэг унааны арга бодно байгаа. Хараасаар байтал санхүүгийн захирал ахынх нь хэлснийг толгой дохин зөвшөөрч – Тэгэлгүй яах вэ. Та дүүгээ яалаа гэж явган явуулах билээ. Машин гаргаж өгөх үү? Та юу гэж бодож байна хэмээн өгүүлэв. ”Энэ ах чинь одоо яагаад байгаа юм бэ, Би машинаар яах вэ дээ. Хаана унах юм бэ, Ангийн хүүхдүүд ч юу гэх юм бэ” гэж бодсон Тулгаа ахдаа дөхөн сандрангуйгаар – Зүгээрээ ахаа. Надад машин хэрэггүй. Тэгээд ч би… Ядам түүнийг цааш нь үг хэлүүлэлгүй

үгийг нь таслаад – Ах нь юу гэж чамайг явган явуулах билээ. Харин чи нөхөөр. Миний дүүг дагуулж яваад өнгө үзэмж төгс,хурд,хүч сайн хамгийн сүлийн загварын жип машин авч өг. Үнэ мөнгөн дээр битгий гар татаарайхэмээн тушаал буулгав.Барааг нь харах нь байтугай сэтгэлдээ бодохоос толгойтой үс нь өрвийн арзайдаг хатуу хариг ах нь төрөл арилжсан мэт өөр болж байгааг Тулгаа гайхаад барахгүй байлаа. Шинэ машиных нь нүд гялбуулам шил толин дээр наран очтон бууж уламч өнгө үзэмж нэмнэ.Санхүүгийн захирал хэмээх нас тогтож яваа хахир хатуу ч гэж хэлж болмоор үг дуу цөөтэй эхнэринээх ярвайхыг хослуулан – Май энэ машины чинь бичиг баримт. Ингээд та тос нь ханхалсан шинэ машины эзэн боллоо.Одоо ч ахынхаа төлөө зүтгээд байх юм байгаа биз дээ гэв. Өвлийн жавар шүдэн завсраараа сийгүүлэн ийн өгүүлэх ахынх нь туслахын хэлсэн үг цаанаа зэвүүтэй санагдахад Тулгаагийн дургүй хүрч. – Мэдэхгүй юм даа. Ах энэ машиныг ахын ёсоор надад өгсөн болов уу л гэж бодож байна. Харин

ямар нэг далд санаа алсын хариу барилт хэрэгтэй бол хөрөнгө мөнгө байхгүй ядуу оюутан надад энэ том бэлгийг авах шаардлага байхгүйгэж түс тас хэлэхэд санхүүгийн захирлын хүйтэн гөлчгөр царай ихэд сандрангуй болж – Үгүй яалаа гэж ах чинь таниас хариу нэхэх билээ. Би л наргиж байгаа нь энэ. Та ч ахтайгаа усны дусал шиг адилхан юмаа.Ер нь ч тэгээд би яг бодож байснаараа сайн машин авчихлаа захирал ч их баярлана даа гэсээр Ядамын утсанд залгаж – Захирлаа бид таны хэлснээр японд үйлдвэрлэсэн цоо шинэ машин авчихлаа. Бид тань дээр яваад очих уу?гэхэд харилцуурт Ядамын хахир хатуу дуу нь цуурайлж – За ашгүй дээ. Чи өөрөө хүрээд ир.Харин наад нөхрөө одоо яриулаад орхи гэж тушаахад санхүүгийн захирал утсаа хурдхан гэгч нь Тулгаад өгөв. – Машин сэтгэлд чинь таалагдав уу? За болж дээ. Ах нь ажил ихтэй байна. Өнөөдөр чамтай амжихгүй нь бололтой. Ингэхэд чи хөө. Машинаа бариад харьж чадна биз дээ. Хамаагүй хурдтай явж болохгүй шүү.Өвлийн гудамж хальтиргаатайг байнга санаж яв. Чиний хувцаслалт үнэ чанар тохирсон байна.

Маргааш гар утсаа соль. Би утас авхуулж өгөмц. Харин чи нөхөр минь нэр битгий баасдаад байгаарай! Маргааш би захиралтай чинь уулзана. Нойлтоогүй биз. Нэр хичээж сургуулиа нэр хүндтэй төгсөнө шүү гээд хариу хүлээлгүй утсаа таслав.Бардаж аархах баян ахынхаа ярианд ганц нэгхэн үгээр хариулагчуу болж зогсохдоо Тулгаа нэг зүйлд ихээхэн гайхаж бас уур нь хүрэх шиг болсон ч түүнийгээ ил хэлсэнгүй. Яахаараа би ядаж ахын ганц дүү нь болчихдог билээ.Энэ ах яахаараа бусад ах эгч нарыг минь тоодоггүй юм болоо. Намайг ч бас тоодоггүй л байсан. Сүүлийн үед надад яагаад ингэж саймшраад яагаад намайг өөд татаад байгаа юм бол гэх бодол харих замынх нь турш хүүгийн сэтгэлд эргэлдэн байлаа. Хаалган дээр машин ирэх шиг болж төд удалгүй баавгай нэрт нохой нь хашааны хаалга самардан гийнахад Өлзий эх гайхасхийн нөмгөн дээлтэй бүдчин гарахад отгон хүү нь хашааны хаалга цэлийтэл нээж эхийн үзэж хараагүй гоё машины жолоо залсаар орж ирэх нь тэр. “Буянаа нэм гэж. Овоо доо миний хүү чинь машин бариад сурчихаж. Золиг чинь дэггүйтэж

ахынхаа машиныг л барьж ирсэн юм боловуу даа. Хүний нас ахих ийм л сайхан шүү. Ядам минь одоо л ухаажиж энэ дэрчгэр золигийг их эрхлүүлэх болж. Ахынхаа хайрыг зөв эдэлж зөв л явбал болох нь тэр дээ” Өлзий эх ийн баясан бодоод хүүрүүгээ майтран хүрч – Миний хүү чинь дандаа хүргүүлж ирдэг болж. Муу ахдаа ажил удаад л байна уу чи. Миний хүү машиныг нь өөрөө бариад ирж байгаа хэрэг үү? Тулгаа ээж өөдөө баясалтай харж цагаан цайлган зангаар инээж – Ээжээ энэ чинь миний машин гоё байгаа биз. Ах надад дөнгөж сая авч өглөө. Жолооны сургуулиа сайн төгслөө. Үнэмлэхий нь мялааж байгаа юм л гэнэ.Жолооч дүүгээ явган явуулахгүй ч гэх шиг юм яриад л байсан. Манай ах ч одоо л нэг аав шиг болж байна даа. Өлзий эх баярлаж хөөрсөн бага хүүдээ юу ч хэлж чадсангүй. Эхийн жалх нь аль хэдийн харьсан хонин бор нүдийг нь хоромын төдийд ус бүрхээд ирэх нь тэр. Баярласнаас хамаг бие нь доргин чичирхийлж хоолой өөд нь нэг зүйл тагалраад байсан тул арайхийн гүнзгий амьсгаа авч өмнө нь баярлаж хөөрснөөс нүд нь очтон гялалзсан отгон хүүгээ тунч хүчгүй болсон гараараа татан өвлийн салхи үнэртсэн төмбөгөр духан дээр нь

зөөлөн үнэрлэж – Ахыгаа баярлуулж яв даа миний хүү гэж зөөлөн шивнэв.”Еэ насаа нэм гэж. Муу өвгөн минь амьд байсан ч болоосой. Хэдэн хүүхдийнхээ сайн сайхан явааг хардагч болоосой ” хэмээн зүрхэндээ шивнэсэн эх нулимсаа арчиж өдрөөс өдөрт өсч томрон өргөн ханхар болж буй хүүгээ босго өөд тэмтчин өгслөө. – Ээжээ хачин юмаа. Нөгөө муухай ааштай харамч ах маань яг л аав шиг мушилзаад л надад мөнгө ч өгөөд бүр энэ машиныг үнэ цохиж авч өглөө. Би бүр гайхаад байх юм. – Муу ахыгаа битгий элдвээр хэлж бай. Бүрлээч эцэг чинь энэ хүүдээ мөнчиг их хайртай байсан юм.Арга ч үгүй биз дээ хөөрхий.Зан ааш нь хахилзуурч гэсэн манай Ядам чинь хүний хайлан байхгүй юу. Муу дүүгээ хүний зэрэгтэй явуулъя гэж санаж дээ хөөрхий минь. Ядам ах чинь ухаантай хүн. Харин чи зөрүүд дураараа шүү. Ахыгаа гомдоогоод л зөрүү буруу зан гаргаад байгаарай чи. Энэнээс илүү яах вэ! Ахынхаа өгсөн буяныг зөв дааж эдлээрэй миний хүү. – Хүү нь ойлгож байна л даа. Харин том ах яагаад намайг ганц дүү минь гэдэг юм бол. Тэр ахад надаас өөр гурав бас байгаа биз дээ. – Чамайг хамгийн бага нь болохоор л тэр биз дээ. Ядам ах чинь бусад ах эгч

нарт чинь сайн л байдаг даг. Чи чинь яагаад ахаасаа өө хайгаад байдаг золиг вэ. – Том ах надаас бусад дүү нараа тоож харах нь байтугай хүн байна гэж боддоггүй байхаа. – Цөг чи. Ахыгаа юу гэж элдэвлээд байгаа золиг вэ чи. Чи бүр ах захаа хүндлэхгүй их уйваагүй болж байнаа. Сайхан мэдээрэй чи! Эртийд ирэхдээ хэдэн дүү нараа цөмийг нь асууж байсан даг. – За за. Та дандаа л Ядам ахыг өмөөрч үнэнийг нь хэлсэн намайг загнаж байдаг даг. Гэхдээ би аавтай адилхан ахдаа хайртай л даа. Тэгээд ч том ахыг ойлгож хүндэтгэж байна. Харин ах маань нөгөө муухай зангаа бүр хаяаасай билээ. Өлзий эх ахынхаа зарим занг тэвчиж чаддаггүй үнэнийг нь хэлчихдэг бага хүүгээ буруутган айлгаж дургүйцсэн харцаар харж -Миний хүүхдүүд эвтэй л байцгаа. Ахыгаа дүүгийн ёсоор хүндэлж яв. Ээжийнх нь ганц л хүсэх юм энэ гэсээр өрөөрүүгээ сажлан орж бурхан Зонхова багшийн маанийн сургаалиас гүвтнэн уншив. “Ашиг алдрын зэрэглээг Хөөж яахин гүйцэх вэ Аминч хүслийн цангааг Тайлж яахин барах вэ Ум маани бадми хум. Аяа бурхан багш та яасан үнэнийг та айлдана вэ Мөнгөөр аргалж болдоггүй Мөнх бусыг санаарай Өнгөөр хуурч болдоггүй Үйлийн үрийг бодоорой Ум маани бадми хум. Юугаар ч

хуурч болдоггүй хорвоогийн мөнх бус. Өнгө мөнгөнд тулгуурласан энэ цагийн үйлийн үрийг туулахгүйгээр явах цагаан замыг үр ачид минь хайрла бурхан минь. Нүүр дүүрэн амьдрал, нүнжиг сайт хань байсан ч үрийн заяа дутуу Ядам хүүг минь өршөөж болгоо бурхан дарь эх минь. Том минь үрийн хутаг хайрла. Хорин нэгэн дарь эх минь.” Гэрэлт наран уулын цаагуур шургаж газар дэлхийн өнгө бүүдийн ирэх үес Өлзий эхийн уншлага ийн үргэлжилж байлаа… …Үдийн гялаан тэнгэрт түгэх үес ээжийнх нь биеийн байдал дээрдэж халуун нь буурч оволзон байсан амьсгаа нь намдахад Одончимэгийн сэтгэл амьсхийн, зуух тогоо нийлүүлж хуурай гишүүний хөх галын дөл тогоо долоолж төдөхнөөл сүү амтагдсан шаргал цай захаасаа шазвалзан буцлахад аав нь малд өмсөж явсан зузаан сэгсүүргэн дээлээ тайлж мод толгой нийлүүлж, өдрийн алжаалаа нэг мөсөн арилгахаар тухлан суув. Өдөржин өвчинд шаналж ёолсон эхийгээ өрөвдөнгүй, царайчлангуй харсан дүү нь нар нь өвөр зуураа шивнэх шахам тоотой хэдэн үг солилцож зөөлөн зөөлөн гишгэлж энэ тэрийг цэгцэлнэ. – Алив өвгөөн нааш ирээч Эхийн ийн ядруу тамирдуу дуун гэр дэхь хэдийг цочоож

ханьдаа зовж зүдэрсэн өвгөн суугаагаараа мөлхөн өвчтөний зүг тэмүүлэн хүрэв. Насаараа ханилж цэцэг цэрвүү шиг хэдэн сайхан үрийг нь төрүүлж өгсөн хайрт ханийх нь царай лааны гэрэлд цасан цагаан болж мөр нь тэгшрэн,нүднийх нь харц аль хэдийн бөхөн бүүдийснийг харж өвгөний дотор палхийгээд явчих нь тэр. Хүний орчлонд юугаар ч нөхөгддөггүй хамгийн хатуу, хамгийн харгис, хамгийн эмгэнэлт гунигийг шингээсэн цөхрөлт хагацал гэрт нь ороод ирснийг өвгөн төвөггүй ойлгож ханийхаа хатаж жижгэрсэн зөөлхөн гарыг уулгалан атгалав. Хархан зүрх нь хэдэн хэсэг зүсэгдэн хэрчигдэх шиг санагдаж, бие нь салсхийн суларч, самсаа нь шархирч тэр дорхиноо л нүдээр нь усан хүрээ бүрхэн буув. Ард нь том охиных нь цээлхэн дуу сонсдож – Ааваа ээжийн бие овоо дээрдлээ. Та малд яваад ядраа биз дээ. Жаахан унтаж амар гэхэд хорвоогийн мөнх бусын өмнө юу ч мэдэхгүй гэнэн цайлган охиноо өрөвдсөн өвгөн зүрхэндээ дахиад л уулгалав. – Хүүхдүүд минь. Муу аавыгаа… битгий ганцаардуулаарай… Аавын чинь… даралт их шүү. – Ээжээ бид бүгдээрээ л хамт байна ш дээ. Эхийн сүүлчийн хүчээ шавхан байж эвлүүлж ядан хэлсэн үгийн учрыг үл ойлгосон хүүхдүүд нь ийн хариулахад өвгөний дотор харанхуйлаад явчихав. – Алив аягахан сүү

өгөөч. Бас толгойг минь өндийлгөөд өгөөч. Энэ үг өвгөнийг ихээхэн цочоож насаараа ханилж явсан ханийнхаа, хадаг шиг намирсан цагаан сорт үсийг энхрийлэн илбэж тэргүүнийг нь илгэндээ наан суув.Одончимэг ээждээ аягатай сүү мэлтэлзүүлэн ойртуулахад эх гурван удаа сүүнээс балгаад дахин ууж чадсангүй. Лавсан орсон цасан ширхэг тооноор ар араасаа бууж бөөр нь улайдсан зуухан дээр шард шардхийн хайлна. – Алив өвгөөн аяга сайхан хонийн шөл уухсан. Амьдын хорвоогоос хүссэн бүхнээ гүйцээх эхнэрээ ширтсэн өвгөн бүр цээжнийхээ гүнээс ихэд гүнзгий санаа алдав. Охид тушаал авсан цэрэг шиг ухасхийлдэн аяга сайхан шөл зэхэхдээ “Ашгүй дээ ашгүй. Ээж минь хоолонд орж байна. Ядарсан бие нь тэнхээжин бидэндээ эргэн ирэх байх” хэмээн битүүхэн горьдоцгооно. Өвчинд ноёлогдсон эх аанайхан л шөлнөөс гуравхан халбагыг хороогоод нүдээ анин хэсэгхэн зуур чимээгүйхэн хэвтэв. Насны ханийнх нь хархан цээж доороос нь түшиж халуун зүрхнийх нь цохилт сонсдох нь тааламжтай. Хэсэгхэн хугацаа анир чимээгүй өнгөрч зуухан дахь гал бадмалан дүрэлзэнэ. – Өвгөөн долоон бурхан од тэнгэрт түгэж үү? Эхийн энэ үг бас л бүгдийг цоцроож тээж, төрүүлсэн таван хүүхэд нь ар араасаа цувралдан гарч гүйхдээ нэг нь босгондоо бүдрэн унаад, эргэж галдаа цуцал нэмэн гүйн

одов. “Ээж одоор яах гэсэн юм бол” гэх бодол анх удаа Одончимэгийн дотор харван орж ирэхэд тэрээр цөхрөнгүй санаа алдав. Том ширхэгтэй цасан малгайлан оровч жавар тачигнасан өвлийн бүүдгэр тэнгэрийг гэрэлтүүлэгч саран авхайн хажууханд “Долоон бурхан од харанхуй газрыг гэрэлтүүлэн түгснийг миний хүүхдүүд ижийдээ битгий хэлээрэй!” өөртөө ийн шивнэсэн өвгөн дохио зангаагаар ч болов хүүхдүүдээ ойлгуулж чадаагүй байтал хамгийн бага хүү шурхийн орж ирмэгцээ эхийн эцэнхий мөрнөөс зөөлөн угзарч – Ээж ,ээж л дээ. Долоон бурхан од тэнгэрт байна. Гэж шивнэх нь тэр. Эх цаанаа л нэг тайвширсан өнгөөр – За ашгүй дээ. Миний хүүхдүүд тэр бурхан ододыг дээдэлж яваарай. Хүний зовлонг хугаслагч шидэт одод шүү. Ялангуяа бүсгүй хүний зовлонг хугасладаг юм. Хүүхдүүд амьсгал нь дээрдэж ирсэн эхийгээ ус гүйлгэнэсэн нүдээр өрөвдөлтэй ширтэнэ. – Ганц муу ах минь амьд мэнд болов уу? Эх хэсэг амьсгаадан хэвтэнэ. – Өвгөөн .. ахиад.. ахиад …жаахан сүү. Охид уралдан эхэд дахиад л аягатай сүү ойртуулав. Ямарч байсан хөөрхий эх хүчилж байж хэд балгав. – Одончимэг ээ ..ми.. ний.. о..хин. дүү.нараа. ми.. ний.. хүүх..

дүүд.. аав..ы.. гаа.. харж.. а..сарч.. хайр.. лан… яв… Үртэй хүний гол тасардаггүй үгийн үнэнийг баталж хөөрхий эх сүүлчийн мөчөд ихэд удаан тарчлав. Насан туршийнхаа ханийн ханхар цээжинд наалдаж халин одохын цагт хайртай хэдэн хүүхдээсээ аминчлан гуйх эхийн цор ганц хүсэл нь мөнөөхөн хатуу цэвдэг хорвоог хамт элээж баяр гунигаа хуваалцсан хань нь байлаа. Орхин одохын зуурт хоргодон хоргодсоор хагацдаг хяслант орчлонгийн элгэнд үрээ, ханиа үлдээсэн эхийн биеэс холдсон сүнс одод орчихын үес огторгуйн уудамд хөөрч байлаа.Цагаан сүүг нь хөхөж цайлган сэтгэлийг нь цалгиаж өсгөсөн ачит эхээсээ цаг зуурын хагацал үзсэн Одончимэг ажил явдлын гашуудал үерлэсэн өдрүүдэд шал өөр хүн болон хувирснаа өөрөө ч үл анзаарна. Эхийг хөдөөлүүлсэн тэр аймшигт мөчид хэвлийд нь нэгэн зүйл туниа муутайхан арвалзан хөдлөхөд Одончимэг цочин давхийв. Тэргүүн бөхийлгөн асга царайлан хүрлийгч аавынхаа шаналалт царайг харах бүр, зүрх нь ширхийн урагдах шиг болж ээжийнх нь эцсийн арайхийж хэлсэн үгс санагдахад өөрийн эрхгүй нулимс нь асгарна. Яахаа мэдэхгүй самгардсан хэдэн дүү нар нь Одончимэгийн амнаас гарах үг бүрийг шүүрэн сонсч аяыг нь харна. Хайртай ээжээ

хөдөөлүүлж дөчин ёс хоногыг нь хураасан ч аав,дүү нарынх нь энэ байдал үргэлжилсээр. Яасан хэцүү юм бэ дээ. Одоо яах вэ? гэсэн бодол цээжийг нухчихын зэрэгцээ нэгэн нууцхан бодол бие сэтгэхүйг нь цочрооно. Нээрэн гэжүү. Арай ч үгүй байлтай. Очиж очиж энэ аймар хүнээс. Одоо би яаж хүний нүүр харах юм бэ? Бас тэгээд яаж амьдрах юм бэ? Дээр дээрээсээ үргэлжлэх хяслант бодол цээжийг нь дэлдэхэд хаашаа харж хэнд хандахаа мэдэхгүй Одончимэг цөхөрч байлаа. Амьдрал уруудаж доройтохын хирээр буян заяа ч бас алсалдаг бололтой. Жаргалант сумын ихэнхи нутгаар тэнгэр цастайгаа нураад ирэвүү гэмээр цасанд дарагдаж бог мал бэлчээрт хүрэлгүй хөлдөж, хүн малгүй ихээхэн зутарч Одончимэгийнх амжиргааны хэдээсээ салах аюул хаяанд нь ирэв. “Одоо яая гэх билээ. Хэдий хүсээгүй ч гэлээ хүүхдийг нь хэвлийдээ тээсэн тэр аймшигт баянд л зорьж очихос биш. Тэр хүн яаж ч мэдэх л хүн. Жирэмсэн болов. Өөр хүнтэй унтав л гэж захиад байсан. Таниас хүүхэд олчихлоо гээд очихоор яах бол. Дургүй нь хүрээд үгийг минь сонсох ч үгүй хөөгөөд гаргах юм боловуу. Гэтэл

хэвлийд минь байгаа хүүхэд түүнийх шүү дээ. Өөр арга байхгүй.” эл бодол бүсгүйн цээжийг нухчин нүднийх нь өмнө харсаар байтал уруудан доройтож , үгүйрэн хоосрох амьдралаа хараад сууж тэвчихийн аргагүй тул Одончимэг хот явах бэлтгэлээ базааж эхлэв. – Ааваа би ойрмогхон хот яваад ирье! – Охин минь хүйтэн тачигнасан өвөл хар цасны хайрууд хол газар яваад юу хийх билээ. Нэгэнт л хичээл сургуулиасаа чөлөө зөвшөөрөл авсан юм бол хотруу юундаа ч яарах билээ дээ. Цагийн хайруу хүйтэнд хүүхдүүд минь нэг дороо л байцгаа. Хагацал зовлон үзсэн энэ үед халуун бүлээрээ байцгаасан нь дээр.Одончимэг эцгийн хэлсэн энэ үгийг эргэцүүлж ихэд бодсонч мөнгө олж эцгийн нуруунд үүрэгдсэн хүнд ачааг хугаслахыг хүсэн их хот,Ядам хоёрыг зорин тэнгэр хуйсганан буригласан нэгэн зэвүүн өдөр замын машинд дайгдан хөдөлжээ. Ядам урьдын адил “Маргад” зочид буудлынхаа нэгэн тансаг тасалгаанд Одончимэгийг хүлээн авч уулзав. Залуу бүсгүйн сайхан цагаан царай үл мэдэг сэвхтэн боролж, том алаг нүд нь гүн гунигт хучигдан ихэд гундуу байх ажээ. Охины байдлаас бүхнийг ойлгож бэлхүүс нь үл мэдэг бүдүүрснийг анзаарсан Ядам дотроо нэгийг таамаглаж тэр таамагтаа ихэд эвгүйрхэн,уур нь хүрсэн

ч түүнийг улайн цайм хөөгөөд гаргачихаж чадалгүй бухимдаж байлаа. Үг л хэлбэл уйлчих гээд өмөлзөөд байсан тул Одончимэг ширээ тохойлдон доош тонгойж хивсний хээ харан гөлөрч суув. – Чи тэгээд хэзээ ирэв дээ. Зайлуул . ээж чинь бурхан болчихсон уу? Хөндий хүйтэн ийн өгүүлэх Ядамын дуунд агдасхийн цочсон Одончимэг хоолой дээрээ хатуулдан зангирах гашуун нулимсыг хүчлэн залгиад хүн сэтгэлээ аль хэдийн уландаа гишгэсэн түүнийг гөлрөн ширтэж – Тиймээ ээж минь бурхан болсон. Гэхдээ энэ бол миний зовлон. Би таньтай ярилцахаар ирлээ. Таньтай холбогдсон зовлон надад бас бий болсон. Хорсол цөхрөлдөө багтран нулимсандаа хахаж цацах бүсгүйн үгийг сонсч уур цухал нь хөдлөөд явчихсан Ядамын царай чинэрэн улайсан ч биеэ хүчлэн барьж – Чи тэгээд юу гэх гэд байгаа юм бэ? хэмээн архирах шиг болоход Одончимэг цочин давхийв. – Би таниас жирэмсэн болсон. Би таны хүүхдийг тээж явна. Ядамыг энэ үг өвсхийтэл цочоож өмнөх ширээн дээрхээ бутартал дэлсэж – Би чамайг битгий жирэмсэл гэж хэлсэн биз дээ. Арчаагүй бузар эм. Чамайг би

ердөө л хүзүүг чинь хуга мушгиад орхий. Баян эрийн хилэн бадарсан энэ үгийг сонссон жаал бүсгүйн ар нуруу уруу хүйтэн ус асгах шиг цочролд оруулав. -Энд миний буруу юу байгаа юм бэ? Би ч үүнийг хүсээгүй. Би бас амьдрах хэрэгтэй байна ш дээ. Ядам түүнийг хорсон занаж жигссэн харцаар заналхийлэн харж “Хохь чинь дээ. Муу гичий. Энэ муу янхан эм зориуд миний хүүхдийг тээж байхгүй юу. Андуурч дээ чи. Хүүхдийг нь тээчихээд надаас мөнгө саагаад төвөггүйхэн амьдарчих юм бодож дээ. Муу гичий чиний хүний амьдралаар амьдрах хоногийн тоо чинь ингээд дуусч, золбин гичий шиг амьдрах зам нь эхэлж дээ. Миний өмнө тэрсэлдсэн хэнийг ч боловч би хайрлахгүй няц гишгэж орхино. Заяа чинь тэр дээ хонгор бүсгүй минь. Гэдсэн дэхь хүүхдийг чинь устгуулчихаад чамайг би Макаогын гудамжинд аваачаад чамд зарлагадсан хэдэн төгрөгөө хэд дахин олчих байлгүй дээ. Макаогын гудамжнаас чам байтугай нь эргэж ирдэггүй юм. Золбин нохойн амьдралаар амьдрах зам чинь ингээд нээгдэж, золбин нохойн золгүй тавиланд ийм ч амархан хөл тавих гэж дээ чи! Би чамайг жирэмсэлж болохгүй гэж эс хэллүү. Миний

гараар орсон өмнөх хэдэн хүүхнээс чамайг арай дээр юм байх гэж бодсныг яана. Заяа чинь тэр дээ.” цээжинд нь хөврөх энэ ад идийн бодлоо ил гаргахгүйг хичээсэн Ядам Одончимэгийг долоовор хуруугаараа чичлэн – Энэ өдрөөс хойш миний зөвшөөрөлгүй хаашаа ч явж, хэнтэй ч уулзаж болохгүй. Нэгэнт миний хүүхэд юм бол би чамд өрөө байр гаргаж, ахуй нөхцлийн хангамж өгөх болно. Харин хэлсэн үгнээс зөрөх юм бол чиний л хохь шүү. Ойлговуу чи. Түүний хэлсэн үг болгон айдас түгшүүр агуулж хамаг биеийг нь зарайлгавч эцгийнх нь ядуу цөхрөлт царай дахин дахин харагдах тул Одончимэг, Ядамын хэлснээс зөрж чадсангүй. “Энэ муу зальт эмийг тун хурдан далд оруулж Макаоруу явуулахгүй бол ямар нэгэн шум дэгдэж, муусайн хэрэгт дуртай сэтгүүлчид шиншилж сонгууль дөхсөн энэ үед бөөн сенсаац дэгдээж гай болох ч юм уу хэн мэдлээ. Өнөөх Бхуттотой холбогдож энэ асуудлыг цэгцлэх нь зөв. Бхутто ямар өнгөлөг эмээс буцах биш. Ер нь өнөөгийн Макаод Бххутто толгой цохиж байгаа нь нууц биш. Аз хүү байвал ёоз хүүгээр цохино гэж. Бхуттотой холбогдсноор бас нэг мөнгөний орлого нээгдэх ч юмуу хэн мэдлээ.”

Цээжинд бодогдсон эл бодолдоо хөтлөгдсөн Ядам Одончимэгт өөрийг хэлсэнгүй хүйтэн ширүүн харцаараа салхи татуулан гарч буудлын менежер өндөр цагаан залууг өмнөө номхон зогсоож – Тэр Одончимэг нөхрийг хэнтэй ч уулзуулж хаашаа ч явуулж болохгүй. Намайг заавар тушаал өгтөл тусгай өрөө гаргаж ахуй нөхцлөөр хангаж бай. Тэр нөхөр амиа хоролчихвий. Тэгэх юм бол чи толгойгоороо хариуцна шүү! гэж тушаал буулгаад хүнд нүсэр алхаагаар шал доргиулан алхаж одоход хамгаалагчид нь дагалдав. Ноён Ядам энэ орой гол анхаарах цэг болсон Намын байрлуугаа ч явсангүй, бас гэртээ ч харьсангүй. Корпорац дээрээ яаран ирж туслахаа дуудан яаралтай Макаоруу тэндхийн нэр нөлөө бүхий бизнесмен ноён Бхуттотой холбогдоодохь хэмээн тушаал буулгав.Бхутто бол Ядамын гадаад харилцааны хүндтэй нэгэн түншлэгч бөгөөд Макаогын эдийн засаг,үйлдвэр худалдааны хэд хэдэн томоохон газруудыг өөртөө нэгтгэсэн нэр нөлөө бүхий нэгэн билээ. Тэрээр Пакистаны унаган иргэн бөгөөд “Лалын Улаан Сүмийн” тэргүүн эцгийг нь ёс бусаар амь насыг нь хөнөөсөн тусгай албадынхнаас цусан өшөө авахаар тангарглаж, Лалын хэт

даврах үзэлтний нэгэн томоохон бүлгийг толгойлж, үндсэн хуулийн үйлчлэлийг зогсоож онц байдал зарлан террорист,лалын хэт даврах үзэлтэн нэрийн доор олон хүнийг баривчилж, саатуулагдсан хүмүүсийн өмгөөлөгч авах эрхийг хасан, хувийн телевизүүдийн нэвтрүүлгийг зогсоон, хөл хорио тогтоож, босогчдын хууль бусаар залхаан цээрлүүлэгч ерөнхийлөгч Мушаррафын эсрэг босч хорлон сүйтгэх ажиллагаанд хутгалдан орсноор Пакистаны ардын намын лидер ерөнхий сайд асан Ифтихар Чаудриг эх орондоо буцаж ирэх үеэр угтсан олны дунд тэсрэх бөмбөг хаяулж 300 хүний аминд хүрч улмаар ерөнхийлөгч Мушаррафтай сөргөлдөгч байр сууриа бэхжүүлж нууц ажиллагааных нь цар хүрээ өргөсч, хориотой наймаа эрхэлж, эдийн засгийн хүрээгээ тэлсээр хэдэн жилийг ардаа орхин,айлган сүрдүүлэх, тулган шаардах ажиллагаанд гаршиж,эцгийн цусан өшөөг хангалттай нөхөж улмаар ерөнхийлөгчийн байр суурийг ганхуулж нэгэн цагт тусгай албадынханд алдсан Лалын Улаан Сүмийг эргүүлэн

авч чадсан ч хэт даврагчдын үйлдэл, улс орныг бутрааж, сэхээтний сөрөг хүчний томоохон эсэргүүцэлтэй тулгаран өөрийн бүлгийн аюулгүй байдлыг хангах үүднээс Пакистаныг орхин явахаас өөр аргагүй болж Макаог сонгосон ажээ. Макаод ирээд ч ноён Бхуттогын нууц ажиллагаа зогссонгүй. Нэгэн цагт алдсан эцгийн өшөөг хэн нэгнээс хангалттай авч үе үе цус асгаруулсан хорлон сүйтгэх ажиллагааг хэн нэгний захиалгаар аль ч улс оронд гүйцэтгэсээр байлаа. Хэд хэдэн томоохон казиног өөртөө нэгтгэж чадсан. Бхутто хэдхэн жилийн дотор хар тамхиар Дундад Дорнодыг угжиж, хүний наймаагаар хөлжиж, хүний арьс нөмөрсөн чоно болон хувирчээ.Бхуттогын тухай бодол хэлхэж, түүний байр суурийг дэмжиж, түүний зиндаанд очих эхний алхам бол сонгуульд ялах гэж өөртөө үүрэг болгон суусан Ядамын бодлыг туслах нь саатуулж ноён Бхуттотой холбогдоход бэлэн болсныг илтгэв. Төдөлгүй Бхуттогын ширхэг үсгүй мулзан толгой, ширүүн харц, ширвээ сахалтай нүүр

дэлгэцэнд тодорч, амьсгаа ихтэй чанга дуу царгиж, гар өргөн мэндчилэх нь харагдахад Ядам ч мөн өөрийн байр сууриа илэрхийлэн мэндчилэв. – Ноён Ядам шинэ сонгуульд бэлдсээр байна уу? Заавал ялалт байгуулаарай. Тэгээд ялзарсан коммунизмыг няц гишгэ. Би таныг дэмжиж байна. Бас итгэж байна. – Баярлалаа ноён Бхутто. Таны бүхий л үйл ажиллагаанд би амжилт хүсч таныг дэмжиж байна. – Танай Монгол ашигт малтмалтай газраа хувьчилсан гэл үү? Нөөц ихтэй хэд хэдэн алтны орд газар надад хэрэгтэй байна. – Газрын асуудал маргаан ихтэй байна. Гадаадынханд газар хувьчлахыг засгийн газар зөвшөөрөхгүй байна. – Надад нөөц ихтэй алтны орд газар бас, Монголын өргөн уудам тал нутаг хэрэгтэй байна.Гэсэн ч миний итгэлт түнш ноён Ядам төрийн парламентад суудал авах тул би юундаа санаа зовох билээ. Харин энэ удаа эрхэм ноён таны надтай холбогдох шалтгааныг сонсч болох уу? – Таны үнэт цагаас хумсалж буйдаа уучлалт хүсье! Өнгө үзэмж сайн, нас бие залуу амьд бараа таньд хэрэг болох уу? – Тэгэлгүй яах вэ? Ноён Ядам. Яг таны хэлж буй

амьд бараа эхний удаад тавиад хэрэгтэй байна. Аажимдаа түүнээс нялх бага амьд бараа хоёр зуугаад хэрэгтэй байна. Эхний ажиллагаа амжилттай болбол дараа дараагын операцид бэлтгэх хэрэгтэй болох байх. Надаас хүн хүчний тусламж хэрэгтэй юу? – Би өөрөө Монголд бүхнийг зохицуулна. Харин барааны солилцоог Бээжинд хийхээр тохиръё. – Үнэхээр гайхалтай ноён Ядам та бид хоёрын гар гайхмаар нийлдэгт би бахархаж байна. Улс орноо мөхөөх аюулын харанга дэлдэж, сонссон хүний бие арзайж, аймшиг ханхлуулсан хоёр эрийн эхний ярилцлага амжилттай өндөрлөж, хэн хэн нь сэтгэл ханамжтай байлаа. Ноён Бхуттогын хүссэн барааг бэлдэхийн тулд Ядам энэ нууц наймаанд Одончимэгийг ашиглаж түүний гараар бүхнийг хийлгэхээр сэтгэлдээ бат тогтов… Учралын шамдан хийсэн эмчилгээний хүчинд Гансүхийн биеийн байдал дээрдсэнд хэн хэн нь баяртай байлаа. Гансүхийн эмнэлэгт амьдралыг харж,зүрх нь шимширсэн Учрал сүүлийн үес түүнийг хараа оруулж болох бүхий л боломжийг хайж, ямарч байсан түүнд шинжилгээ хийлгэхээр Дэлхийн Орбита багийн

бүрэлдэхүүнд багтдаг нэгээхэн том төв Оросын Холбоот Улсын Эрхүү хотын төвд байрладаг “Нүдний институт” клиникийн эмнэлэгрүү түүнийг явуулах бүхийл боломжийг бүрдүүлж чадсандаа тэрээр ихэд баяртай байлаа. Сүүлийн үеийн өндөр түвшинд хийгдсэн оношлогоо шинжилгээний багаж төхөөрөмж авах зайлшгүй шаардлага ч гарсан тул, эмчилгээ эрхэлсэн орлогчдоо даатган Гансүхийг алсын замд нь үдэв. Түм түчигнэсэн, бум бужигнасан Улаанбаатар өртөөнд тэднийг ирэхэд өвлийн саарал тэнгэр хуйсганаж хормой хот дэрвүүлэн цасан ширхэг хөвсөлзөн буух ажээ. – За Гансүхээ чамд амжилт хүсье! Оношлогоо шинжилгээгээ сайн хийлгээд хүнд хэцүү ч гэлээ эмчилгээгээ сэтгэлийн тэвчээр зоригоор даван туулаад хараатай болоод эргээд хүрээд ирээрэй! сэтгэл догдлон байж чин сэтгэлээсээ ийн хэлж, халуун дулаан гараараа гарыг нь атган Учралын ийн үдэхэд Гансүхийн хоолой зангирч, хараагүй нүдээрээ орчноо хий тэмтчих нь өөрийнх нь хувьд бурхны илч болон ирсэн хүнлэг, тусч сайхан сэтгэлтэй залуу сайхан тэр эмэгтэйг олоод харчих юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн нь илт. Түүний хараагүй аньсага чичирхийлж

сэтгэл нь ихэд догдолж хязгааргүй баярласнаас хамаг бие нь чичирхийлж – Та их сайн хүн юмаа. Хэдийгээр таны ачийг хариулж чадахгүй ч, би насан туршдаа таньд баярлаж явах болно. Би хараа ороод, инээд алдсаар иргэж ирнэ. Авъяас билэг, өнгө үзэмж, бие бялдарын сайн сайхан цогцыг өгсөн хирнээ,нарт ертөнцийг харах мэлмий хайрлаагүй бурханы бүтээл, зовлонт залууг ийн өгүүлэхэд хажууд нь зогсоо түүний ганц эгч нулимсаа барьж дийлсэнгүй. Учралын гарыг талархалтайгаар атгаж нулимс хурсан тунгалаг нүдээр ширтэн – Их баярлалаа дүү минь. Ядарсан бидэнд ийм том тус хүргэдэг, та аргагүй л бурхан хүн юм. Ачийг чинь эгч нь хэзээ ч мартахгүй хэмээн шивнэж сулдаа асгарах нулимсаа шудран арчив. – Надад баярлах яах вэ эгч минь. Бид нар чинь хүмүүс шүү дээ. Хүмүүс бид л бие биенээ хайрлахгүй юм бол хэн биднийг хайрлах билээ. Би Гансүхийг хараа ороосой гэж маш их хүсч байна. Гол нь шинжилгээний хариу нааштай гарвал тэгээд болоод явчих нь тэр. Хүүхдүүддээ ар тийшээ зовох хэрэггүй ,би хүүхдүүдийг чинь эргэж тойрч байна.Шинжилгээ амжилттай болбол эмчилгээ бас хүндхэн

байх болно. Тиймээс та дүүтэйгээ хамт явсан нь дээр шүү. За сайн явцгаагаарай! Амжилт хүсье! гэсээр галт тэрэгний дуутай зэрэгцэн үдэж хоцорсон бүсгүйг Гансүхийн эгч нулимстай нүдээр харсаар, хүний орчлонд шоовдорлогдсон хараагүй дүүгийнхээ гарыг чанга атгасаар хөтлөн холдов. Тэр хоёрыг асарч халамжилж явах үүрэг хүлээсэн Учралын төлөөний хүн, эгч дүү хоёрыг хөтөлсөөр тухлаг өрөөнд авч оров. Нөхрийнх нь сонгуулийн бэлтгэл ажил цар хүрээ өргөнтэй явагдаж, архи уух нь бүр холдож дэндүү их ажилласнаас хоёр нүд нь хонхойн турсан тул Учрал нөхөртэй ихээхэн халамж анхаарлаа хандуулж байлаа. Эмчилгээнийх нь ажил ч урагштай, үйлчлүүлэгчдийн тоо ихэсч эмнэлэгийнх нь нэр хүнд өсөх тусам Учрал ихээхэн сэтгэл ханамжтай байлаа. Ядам сүүлийн үес бүр нэг эр хүн шиг загнаж, хойд эхээ ойр ойрхон эргэж, бага дүүгийнхээ хичээл сургууль, ахуй хэрэглээнд ахын ёсоор анхаарал тавих болжээ. Жаргалтай амьдралд өөр юу хэрэгтэй байх билээ. Гэр бүлийн бүлээн дулаахан уур амьсгалыг дагаж үрийн зулай үнэрлэх цаг ирж л таарна

гэсэн итгэл сүүлийн үес Учралд сүүмэлзэх болсон ч нэгэн зүйлд сэтгэл түгших нь мөнөөхөн хараагүй дууч Гансүх байлаа. Гансүх хараа ороосой. Нөхөр минь сонгуульд ялаасай гэсэн хүсэл түүний турьхан цээжийг сүүлийн үес байнга дэлдчих бөлгөө. Өвлийн сүүлийн өдрүүд өнгөрч, хаврын эхний өдрүүд үргэлжилж,хүйтний илч харимагласан нэгэн өдөр, эмчилгээ эрхэлсэн орлогчоос нь ирсэн цахилгаан мэдээ баяр агуулан орж ирэв. Эрхүүгийн “Нүдний институт” Клиникийн эмнэлэгийн танилцуулгатай хамт Гансүхийн нүдний онош нааштайгаар хавсаргагдан иржээ. Өвчтөн нь эмчилгээнд орох найдлага төрөөд явчихсан эмчийн ёсоор Учрал хязгааргүй их баярлаж, өмнөх ширээн дээр нь нүднийх нь өмнө дурайх шинжилгээ“Нүдний шар толбон дээр буух тусгалын гажиг” хэмээх Гансүхийн шинжилгээгээр оношлогдсон онош энэ. Энэ нь тодорхой эмчилгээний явцад хараа орох боломжтой гэсэн онош ажээ. Дэлхийн Орбита багын бүрэлдэхүүнд багтдаг Эрхүүгийн “Нүдний институт”

Клиникын ерөнхий эмч доктор Павел Павлович Зорин гайхалтай нээлт хийж нүдний бүх төрлийн хагалгааг маш өндөр түвшинд чанартай хийж маш олон хүнийг хараатай болгож нэр алдар нь дэлхий дахинаа дуурсаж байгаа ажээ. Доктор Зорин бүх хагалгааг лазераар хийж дэлхийг шагшруулж байх энэ үед азаар Гансүх эмчилгээнд хамрагдаж чадсанд л бүсгүй баяртай байлаа. Гансүхийн нүдний хагалгаа амжилттай болно гэдэгт итгэлтэй болсон, Учрал одоо гол анхаарах зүйл бол нөхрийнх нь сонгуулийн сурталчилгаанд өөрийн зүгээс юу хийж болохыг төлөвлөж, зөөлөн сандлын түшлэг налан тухалж нүдээ хагас анин бодолд автаж суутал нь хаалга тогших шиг болов. Бүсгүй суудлаа цэгцлэн өндийн зөвшөөрөл өгвөл, тормолзсон том алаг нүдтэй гоолиг тэгшхэн биетэй, царайлаг сайхан охин гэрэвшингүй, ямар нэг зүйлэс айж эмээсэн шинжтэй орж ирэв. Охин харваас сэтгэлийн шаналгаатай тул Учрал түүнд тайвшрал өгөхийн тулд найрсаг инээмсэглэн суух зөвшөөрөл өгөв. – Эмчээ. би.. би таниас зөвлөлгөө авах гэсэн юм. – Нэр хэн билээ? Тайван суугаад ярь. ярь. – Намайг Одончимэг гэдэг. Би үр хөндүүлэх гэсэн юм. Охины сайхан алаг нүдээр нулимс мэлтэсхийн дүүрч, гуниг гутралын сүүдэр

нүүрийг нь бүрхээд ирэхийг Учрал ажиглаж – Одончимэгээ тайван суугаад тодорхой ярь. Чи хэдэн настай билээ? Анхны жирэмслэлт үү? Охины үзмэн ягаан уруул тэрүүхэндээ өмөлзөж -Би хорин нэгэн настай. Тиймээ анхны жирэмслэлт гэж шивнэв. Мөн охин нэгэн дээд сургуулийн оюутан. Ар гэрийн гачигдлаар жилийн чөлөө авсан. Аймшигт хагацал тохиож ээж нь нас барсан, ар амьдрал нь тунч хэцүүхэн хоцорсон. Хүүхдийнх нь эцэг тун ч олхиогүй, хүн чанаргүй нэгэн бөгөөд өөрийн гэр бүлтэй, тэрч бүү хэл Монголын толгой цохих баячуудын нэг хүн сэтгэлгүй харгис хатуу нэгэн гэдгийг охин яриад жаал уужрав бололтой уртаар сүүрс алдав.Бас хүүхдийн эцэг баян эрхэм охиныг хэвлий дэхь хүүхдээ устгуулбал Япон уруу гэрээгээр ажлуулах боломжтой. Урьдчилгаанд нь өгөх мөнгийг нь ар гэртээ явуулаад Япон явмаар байна. Та надаа аборт хийж өгөөч хэмээн хичээнгүйлэн гуйж байлаа. Учрал охины хэцүүдсэн амьдралыг шимшрэн сонссон ч өмнө нь суух цэцэг цэврүү шиг охины биед харамсаад барашгүй согог суулгахыг хүссэнгүй. Эмэгтэй хүний хувьд өөрөө ч үрийн хүсэлд шаналж яваа нэгэн билээ. Тиймээс нэгэн цаг зуурын амьдралын гачигдлаас болж насан туршдаа харамсах гашуун тавиланд өөрийгөө хөтөлж болохгүй гэдгийг охинд ойлгуулж, анхны жирэмслэлтийг таслан зогсоохын хор уршгыг ухааруулж бас Япон бол

хүний эрхийг дээдлэсэн газар болохоор очоод зовох зүйлгүй төрж болно гэж ятгав. Сайхан ааштай эмч эгчийн зөвлөснийг сайтар бодож түүнийг дагахаар шийдсэн Одончимэг хүйтэн цэнгэг агаар ханатал амьсгалахад цээжинд нь хатуулдан зовоогч аймшигт бодол түүний зүрхийг базлана. “Ээж минь надад эргээд ч ирж байгаа юм билүү.” Амьд явбал алтан аяганаас ус ууна гэгчээр амьд мэнд явбал учир нь олдох биз. Нээрээ Японд хүний эрх хөгжсөн орон юм чинь учир нь олдоно биз. Арайхийж очиход жирэмсэн гээд ажилд авахгүй байвал яана. Дахиж ийм боломж олдохгүй ш дээ. Яадаг юм бэ Ядам гуайд очоод хүүхдээ авхуулчихлаа л гэж хэлье! Энэ боломжийг алдахгүй байж, Япон явахаа л бодъё ! Ядам гуайг өнөөдөр мөнгө өгвөл аав, дүү нартаа л гуйвуулъя даа. Би яах вэ? Олны дунд явж байгаа юм чинь учир нь олдох л биз. Хэмээн бодож дахиад л сүүрс алдав. Овоо тайвширч ирмээр болсноо охины сэтгэлд дахиад л бөөн гуниг үерлэн нэмэгдэх аж. Хөмсөг зангируулан, харц нь ширүүсэх Ядамын дүр нь цээжинд ургах шиг болж хамаг бие нь жихүүцээд ирэхэд охин нүдээ хурдхан гэгч нь аньчихав. Ядамын зэвүү хүрмээр хатуу ширүүн үгс

чихэнд нь сонсдох шиг болохуйяа охин дахиад л сүүрс алдав. – За Одончимэг чи сонс нөхөр минь. Надаас хүүхэд гаргачихвал жаргалтай сайхан амьдрана гэж бодоо юу. Андуурч дээ. Миний өмнөөс сөргөсөн хэнийг ч болов няц гишгэж чадна би. Гэхдээ яах вэ чамд нэг боломж олгоё. Надаас жирэмсэн гэдэг чинь үнэн юм бол наад зулбасгаа авхуул. Гарах зардал мөнгийг нь би хангалттай төлнө. Хэрэв чи миний уурыг хүргэхгүй миний үгнээс гарахгүй байж чадах юм бол цаашид ч чиний амьдралыг харж үзэх болно. Яах вэ чи надад ганц хоёр удаа таалагдаж,зугаацсны хариу болог. Би чиний насны охидыг

Японд хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллуулах болсон. Цалин хөлс өндөр. Ахуй хангамж сайн. Ар гэрийн чинь амьдрал гуйлгачин юм чинь тийшээ яв. Тэр өлбөрч үхэх гэж байгаа эцэг, дүү нартаа ганц, хоёр сая төгрөг надаас авч өгвөл өг. Үүний хариуд нас ойролцоо, нөхөрт гараагүй, царай зүс сайхан гучин охин дагуулаад ир.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *