
За муу хөгшин авгай минь. Болиод өгөөрэй. Хох чинь шүү. Чи миний хүүгээр оролдоод үзээрэй. Би чамд юу ч өгөхгүй. Түй, ийм бузар эмээс гарсан юм чинь миний хань үхэхээс ч биш яахав дээ. Зайл чи. Тэрээр
хадам эхийгээ тэр чигт нь түлхэж орхив. Хүнд нүсэр биетэй Цэвэл хүчтэй түлхэлтэнд санаандгүй өртөж золтой л хойшоо савж уналгүй тогтож бөөн хараал урсгасаар охины гэж өмчилсөн Нацагийн гэрийн
зүйлийг зөөж гаргав. Нацаг ихэд амьсгаадан буруу харж суув. Нүднээс нь нулимс сувдран асгарах ажээ. Хоёр мөр нь хар аяндаа л чичэрхийлнэ. Хадам эх нь хараал урсгасаар орж гаран юмаа зөөж
дууссан бололтой чимээ аниргүй болов. Цагаа харвал оройн 21 цаг өнгөрч байлаа. Цонхоор харвал ойр хавьд нь хэн ч байсангүй. Эмээгээсээ айгаад Болд гэртээ ордоггүй билээ. Сургууль дээр нь очдог
юм билүү. Нацаг шүүгээ саваа онгойлгон үзвэл хүүгийнх нь гэх хувцаснаас юм ч байсангүй. Дотор нь палхийгээд явчихав. Хоёр өвдөг нь суун тусч, тэрээр өрөөний анир чимээгүйг эвдэн эхэр татан уйлав. –

Бурхан минь, даанч яав аа. Миний хүү өө. Миний хүү хааччихав аа. Дарь минь одоо би чинь яана даа. Хүү минь надаас явчихаж. Би хүүгээ хаанаас олох юм бэ? Миний хүү өө, Болдоо. Тэрбээр эхэр татан цурхиран уйлав. Эмээгийнхээ харааж зүхэн машинд юм ачиж одохыг цонхоор харж зогссон Болд хүү энэ үед гэртээ орж ирэв. Тэрээр сөхрөн суучихаад уйлж байгаа аавыгаа харан “Бүдүүн эмээ аавыг минь загнаж дээ” гэж гунихран бодоод аавдаа ойртон очив. – Ааваа. Хүүгийн чичэрхийлсэн дууг Нацаг сонссонгүй. Болд хүү аавынхаа мөрнөөс зөөлөн татахад Нацаг цөхөрч сүүмийсэн нүдээр хүүгээ харж алмайран хэсэг гөлөрснөө хүүгээ тэврэн авч, нүүр нүдгүй үнсэж гарав. Тэр мөртөө эхэр татан уйлсаар л байлаа. – Миний хүү өө. Миний хүү аавдаа хүрээд ирэв үү. Ашгүй дээ, аав нь хүүгээ… Миний хүү хаачаад ирэв. Эвий минь. Миний нялх үр. Миний хүү аавтайгаа хоёулаа
амьдарна, амьдрах л болно. Хүү минь чи л аавтайгаа хамт байвал болох нь тэр. Хайртай хүү минь. Ийн үглэн цурхиран уйлах эцгийн ханхар цээжинд наалдсан жаал хүү чимээгүйхэн уйлж байлаа. Ээжийн эзгүй энэ хорвоод өнчин нялх хүү бас ч гэж аавын түшигтэй үлдсэн нь золтой ч, цаашид хувь заяа хэрхэхийг Болд хүү яахан мэдэх билээ. Шөнийн саран аль хэдийнээ цонхоор мэлтийн шагайсан байлаа. … Хөдөө явснаасаа хойш 3 дахь хоногийнхоо орой Ядам мөн л нилээд уусан бололтой архи ханхлуулсаар жолоочоороо түшүүлэн орж ирнэ. Махлаг нүүр өргөн духнаас нь хөлс дааварлан шүүрхийлнэ. Эхнэрээ харан малилзтал инээмхийлэх ажээ. Түүний ажил нь бүтэмжтэй, сэтгэл ханамжтай үедээ ийн сайхан аашилдаг зантайг Учрал сайн мэднэ. Учрал нөхөртөө гоморхож тунирхсан нэг ч үг хэлсэнгүй. Түүний гадуур хувцасыг тайчин, унтлагынхаа өрөөнд
сугадан оруулав. Жолооч нь үг дуу ч үгүй гараад явчихад Учрал араас нь очиж, хаалгаа оньслон түгжэв. Уг нь нөхрөө архи уугаагүй эрүүл ирсэн бол бүр нэг чин сэтгэлээсээ сайн ярьж авъя гэж тэрээр бодож хүлээж байсан ажээ. Ядам ч бас энэ орой гэмт хүн гэлбэлзэнэ гэгчийн үгээр хүлцэнгүй царайлж, урьдын адил эхнэртэйгээ муудалцахыг хүссэнгүй. Хорвоогийн нүгэлт мансууралд цэнгэн, залуу сайхан охиныг амтлан жаргаж байсан үе нь үе үе бодогдон түүндээ өөртөө баясан өөрөөрөө бахархаж, сэмхэн инээж мишилзэнэ. “Аа алтаар урс. Сайхан ч юм аа даа. Мөнхийн ганц хүүгийн гарт мөнгө байна. Сая сая тоологдох хөрөнгө, гарын бээлий шиг солигдох эмс охид. Яая гэхэв ээ. Чадаж байгаа юманд арга алга.” Ийн бодол толгойд нь эргэлдсэн Ядамд бас ч гэж өөртөө сэрэмжлэн эхнэрээ сайтар ажив. Эхнэрийнх нь дур булаам сайхан цагаан царайнд сайн муугийн ямар нэгэн шинж
мэдэгдсэнгүй. Тэрээр сэтгэл амарч тайвширав. Учрал уур савссан халуун кофег барин ирж, өргөн орны өмнөх жижиг зандан ширээн дээр тавин – Халуун юм уучих. Чи бодвол уусаар л ирээ биз дээ. Наад бие чинь архинд ч бараг нэвчиж гүйцээ биз дээ. Би чинь дийлэх юмуу даа хэмээн зовнингуй мишэлзэхэд Ядам янцаглан өндийж, эхнэрийнхээ гоолиг бэлхүүсээр тэврэн өөртөө ойртуулж, үзмэн ягаан уруулыг нь шуналтай гэгч нь шимэн үнсч – За харин тэгсэн шүү. Худалдаа наймааны гадаад дотоодын хэдэн түнш ирээд. Бас ч уухгүй байж болохгүй юмаа. Дан вискидээд л таарлаа шүү дээ. Хайрт эхнэр минь. Арай л хэтрүүлээд савчихаж. Чамайгаа яаж байгаа бол гэж бас зовж л байлаа. Чи намайгаа санасан уу. Алив нааш ир л дээ. Чамайгаа нэг сайхан үнсье. Энэ үг Учралд их л аятайхан сонсогдож, хэдэн хоногийнх нь ганцаардал тунирхал хоолой өөд нь огшиж, нөхрөө налан сэтгэл нь амсхийж суув. – Би яахав дээ байж л байна. 4 ханаар
хашигдаад л сууж байна. Ямар намайг хайхрах хүн байх биш. – Өө миний хань ингээд л өвгөндөө үг хаяад эрхэлж тунирхдаг юм ш дээ. За за одоо битгий ингэ. Өвгөн нь чамайг хамт явъя л гэсэн ш дээ. За алив нааш ойртоод ир. Чамайгаа жаахан сэргээгээд орхиё! Хайрын бурхан минь. Би ч бас чамайгаа хүсч байна. Энэ үг дэндүү нялуун ч юм шиг санагдахад Учрал бие зайлан сууж, – Байз л даа. Таван үгийн солиогүй хүн барьж авч ноолоод юу болчихоов. Наад нүүр царайгаа хараач! Архиндаа хордоод тас хар болчихож. Мөнгө бол яахав ээ, олдоно. Байнгын хэрэгцээ ч одоо чамд зөндөө л байгаа. Харин наад биеийн чинь эрүүл мэнд дахиж олдохгүй шүү. Би чамд мөн ч олон хэлэх юм даа. Олдсон дээр нь гэх шиг л архийг ус цай шиг л хэрэглэх юм. Ядам нэг л уруу дорой царайлах эхнэрээ гэнэт өрөвдөх шиг болов. Түүний нимгэн халаадны цаанаас цухалцах чилгэр цагаахан гуяыг шуналтайяа ширтэн энхрийлэн илбэн – За тиймээ тийм. Ойлгож
байна. Хайрт минь хоёулаа сайхан амрая тэгэх үү. – Хоолоо идэх үү? Хар ус л ууснаас олигтой юм идээгүй биз дээ. Чиний энэ аархсан, баярхсан, нэгнийхээ дээр гарах гэсэн зан чанарыг би гайхах юм. Бас надад таалагддаг ч үгүй. Ойлгох ч үгүй юм. Ер нь ч чи миний үгийг тоох ч биш дээ. Гэсэн ч хааяа ч бол санаж яваарай! Битгий унтчихаарай! Би аяга шөл хийгээд орхиё. – Дэмий, дэмий. Би юм идчихсэн. Цатгалан байна. Харин хоёулаа жаахан. Би чамайгаа санаад ирж байхад чинь. – Дуугүй хэвтэж бай! Наад бие чинь. Би удахгүй. Эхнэр нь ийн хэлээд босон явчихаав. Хийе л гэсэн бол түүнийгээ хийж санаа нь амардаг, хэлэх гэснээ хэний ч өмнө хэлчихдэг эхнэрийнхээ хөлийн чимээг сонсон хэвтэхдээ Ядам өөрийгөө нэг их жаргалтайд тооцон жигтэйхэн их баярлав. “Хөөрхий минь дээ. Ааштай ч бас халамжтай шүү. Надад ч энэ минь л аминд орно доо. Мөнгөөр даллагддаг өнөөх муусайн янхан эмс охидын дэргэд миний Учрал чинь жинхэнэ Монгол эмэгтэй байхгүй юу. Тэр муусайн хүүхнүүд намайг цааш харуулчихаад мөнгийг минь хулгайлаад зугтаахыг л
бодно. Харин миний Учрал л улаан мөнгөгүй болсон ч миний хажууд үлдэх цорын ганц хүн шүү дээ. Энэ минь бас сайхан ч хүүхэн. Харин хүүхэд гаргахгүй л юм даа. Уг нь нэг хүүхэдтэй бол зүгээрсэн. За одоохондоо хүүхдээр ч яах вэ дээ. Мөнгө байхад болох л юм чинь. Харин энэ Учралд чи сайхан л гэж хэлж болохгүй. Ганц Учрал ч биш сайхнаа мэдсэн эм хүн өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч өөр бусадтай хүзүү хоолойгоороо хэлхэлдчихдэг муу зуршилтай. Учрал ч бас тэгнэ. Тэгэхээр жаахан хатуухан гарааар барих хэрэгтэй юм шүү. За байз саяын хэд хоногт би ч бас чамгүй л жаргаж нялх ногоо зулгааж яваад ирлээ. Харин энэ Учрал хэн нэгэнтэй юу яачихсан юм биш байгаадаа. Тэгвэл ч харин дэмий шүү. Миний жолооч нэг удаа эхнэрт минь нүд ирмэсэн. Арай энэ хоёр, ай арай ч үгүй байхаа. Готов тэгж хоолноосоо салах эр хүн биш. Гэхдээ л юмыг яаж мэдэх вэ, сайн таньдана шүү, Ядам минь. Хүүхэд гаргахгүй нь хамаагүй. Учралыг л алдаж болохгүй’’ хэмээн эхнэрээ хайрлах хардах хослуулан хэвтэв. Үнэр нь ханхийсэн ботгирсон сайхан шөл уугаад Ядамын хамаг бие салсхийн хөлс нь цутгачихав. Учрал түүнийг өрөвдөнгүй харж нэвчин гарах хөлсийг нь
цэвэрхэн алчуураар арчин. – Хөөрхий дөө. Ажил гэж яваад шургачих вий дээ гэхчилэн хайрлан суухад ядам ‘’хүний хань арай л өөр юм даа. Манай Учрал ухаантай хүүхэн надаас салахгүй ээ салахгүй. Нүүрэн дээрээ ингэж байвч мөнгөнд дургүй хүн байхгүй. Ядам мөнгө хоёр бол Учралын аргамжаа. Гээд юмыг яаж мэдэх вэ, өөр эр хүнтэй л ойртуулж болохгүй’’ хэмээн бодож хэвтэв. – Чинийхээ төрсөн өдрөөр ганцааранг чинь орхиж явсанд уучлаарай! Даанч ажил болсонгүй. Чи минь ганцаараа уйдсан уу. – Уйдсан ч уйлсан ч. Ер нь би ганцаардаж байна шүү. Ядам минь би ажил хийе л дээ. – Чи минь жаахан хүлээж бай л даа. Уйдаад байвал чамдаа нэг компани байгуулж өгье л дөө. Ядам эхнэрээ тайвшруулан ийн хэлсэндээ дотроо харамсав. ‘’Пүү энэ муу ам уу. Компаний захирал ийм сайхан хүүхнийг чинь жинхэнэ томчууд эргүүлнэ ш дээ. Авгайгаа ч алдаж магадгүй. Ээ энэ болохгүй. Ядаам чи маш буруу юм хэллээ шүү’’ гэж өөрийгөө зүхэв. – Би компаний захирал болохгүй ээ. Хийж чадах ч үгүй. Тийм ажил хийх сонирхол ч алга. Хаана ч хамаагүй мэргэжлийнхээ ажлыг л хиймээр байна. Танайд эмч
хүн ямар ажил хийх юм бэ. – Учрал минь дээ. Хайрт минь. Чи минь юу хэлэх нь энэ вэ. танайд ч гэх шиг. Миний энэ корпораци чинь ганц миний ч юм биш чи бид хоёрын л хөрөнгө шүү дээ. Яах гэж ингэж байдаг юм бэ. Дуртай үедээ чи юу ч хийж болно шүү дээ. Ингэж хэлчихээд Ядам өөрийгөө бас л зүхэв. “Өө муу тэнэг толгой чинь бас юу гээд хуцчихваа. Учрал манай аль нэг компанийг толгойлохоороо миний бүх булхайг мэдэх болно. Миний нарийн бичиг Чимгээ өнөө компьютерын Навчаа бидний холбоотойг мэдэх л болно. Тэгвэл жинхэнэ надаас салах болно. Учралаас л салж болохгүй. Дахиж ийм хүүхэн надад олдохгүй. Тэгэхээр яавал дээр вэ. Энэ маань нэг ингээд дайрахаараа өөрийнхөөрөө зүтгээд яавч үгэнд орохгүй дээ. Ажил хийнэ л гээд дайрчихсан бол хийж байж л сална. Гэтэл миний эхнэр зүгээр л нэг эмнэлэгт хэн нэгний удирдлаганд ажиллах гэжүү. Миний нэр хүндэд мөн л эвгүй юм даа. Энэ асуудлыг яаж шийдвэл дээр вэ. Зөвшөөрөхгүй ингээд хатуурхаад байвал энэ нөхөр юу ч хийхээс сийхгүй шүү. Зөрүүд нь дэндчихсэн амьтан. Нэг томоохон эмнэлэг л байгуулж өгөхөөс. Нэг л арга бодохоос. Тэгээд өөрийнхөө хамгийн
итгэлтэй нөхрөөр жолооч нэртэй харуул тавихаас’’ ийн бодол толгойд нь эргэлдэн тарчилж байв. – Манай ангийн нэг залуу нэг авсаархан хувийн эмнэлэг байгуулсан гэсэн. Тэгээд намайг ажилд орвол ор гэсэн юм. Чамтай ярьж байгаад болъё л гэсэн. Ядам эхнэрийнхээ энэ үгийг сонсч огло харайн босч орон дээрээ суун царай нь зэвхийрэн уурсч хоёр хуруугаараа эхнэрийнхээ нүүр өөд чичлэн. – Чи чи тэр залуутайгаа хэзээ уулзсан бэ хэл гэж хашгичихад Учрал нөхрөө гайхширан харж. – Чи яагаад байгаа юм бэ. Би нэг найз руугаа утсаар яриад ажил хиймээр байна гэсэн юм. Чи бод доо, алийн болгон би ингэж гэрийн сахиул шиг байх юм бэ. – Тэр хамаагүй ээ. Чиний тэр найз чинь хэн юм. Нэрийг нь хэлээд орхи. Цээжээ дэлдчин ийн хашгирах нөхөртөө гэнэт дургүй нь хүрсэн Учрал. – Хэн ч байсан яадаг юм. Байтлаа утсаар ярьснаа хүртэл чамд тайлагнах хэрэг үү гэж уурсахад жаахан намдаж зөөлөрч ирсэн Ядам. – Тэгээд утсаар ярьсан юмуу? Чи ер нь юу болчихоод энэ тэр лүү утасдаад байгаа юм бэ. Би чамайг тэжээж чадахгүй байна уу. Сая хүртэл би чамд мөнгө өгөө л биз дээ. Үгүй ер нь юу дутлаа гэж утсаар ярьдаг байнаа гэж үглэхэд
Учрал бүр цухалзан ухасхийн эргэж ханын том шүүгээний нүд татан дугтуйтай мөнгө авч нөхөр өөдөө шидчихэв. – Май. Чиний энэ мөнгө надад хэрэггүй. Би өөрийгөө тэжээж чадна. Надад өөрийгөө тэжээгээд явчих чадал, оюун ухааны цар хүрээ ч бий. Тийм ч учраас би Цэцгээ рүү ярьсан юм. Яадаг юм бэ. Би ажилд орно. Би эд бараа биш хүн шүү Ядамаа. энэ үгийг сонссон Ядамын дотор онгойх шиг болон духныхаа хөлсийг арчин цэлцэгнэн инээхчүү аядаж – Аа чи Цэцгээтэй ярьсан юм уу. Чи чинь өөрөө залуу л гээд байсан биз дээ. Бүр уур хүрчихлээ байна. Учрал харин уурлаж зөрсөн хэвээр буруу харж – Юундаа чиний уур хүрдэг юм бэ. Цэцгээтэй ярьж би ажил захисан нь үнэн. Тэгээд манай ангийн Төрөөд хэлсэн гэсэн. Төрөө чинь бас манай ангийн хүүхэд байхгүй юу. Тэгээд ажил олж өгнө гэсэн юм гэнэ лээ. Би уулзаагүй хариуг нь ч өгөөгүй чамайг хүлээж суусан юм. Юмны учир ололгүй уурлаад байх юм. Ингэхэд чиний наад оюун ухаан чинь зүгээр биз. – За за, уучлаараай! Муу өвгөнийгөө. Чамайгаа алдчих вий л гэж айх юм байна ш дээ гэж үнэнээ хэлэв. Энэ үг мөн л Учралын дургүй хүргэв. “Үгүй ер, энэ намайг ер нь юу гэж боддог байнаа. Хаа
хамаагүй хүнтэй л хардаж уурлах юм. Арай л янхан гэж бодомгүй юм’’ гэж бодсон тэрбээр нөхрөө ширэв татан – Чи ер нь намайг юу гэж бодоод байгаа юм бэ. Цаашид би чиний амьд бараа болж байхыг хүсэхгүй шүү. Би өөрөө өөртөө эзэн болсон хүн байхыг хүсч байна. Би ажилд орох л болно гэж эрсхэн хэлжээ. Гомдол цөхрөл уйтгар гуниг хосолсон нэгэн шөнийг эхнэр нөхөр хоёр ийнхүү өнгөрөөж нэгэн хөнжлийн дор хардаж, хардуулж амраглан өнгөрөөж үүрээр бөх нойрт дарагдав. Бөх нойрт дарагдан өглөөгүүр унтчихсан Учралыг хэн нэгэн татах ч шиг угзчих ч шиг болоход цочин сэржээ. Нөхрийх нь царай үнсэн саарал болж махлаг тарган нүүр нь уурласнаас чичирхийлэн татвалзах ажээ. Учрал нойрмог нүдээр нөхрөө гайхан харж хөнжил дотроо суниан – Өө чи юу? Юу болоо вэ, зүрх чинь өвдөө юу? – Юуны чинь зүрх өвдөх. Юуны чинь чи юу гэж. Өөр хэнийг байлгах гээв. Надаас өөр хэн байдаг юм энэ гэрт чинь. Хар чи энэ. Энэ юу юм бэ? Түүний чичирхийлэн хөвчрөх гарт дутуу татсан тамхины үлдэгдэл байх тул нөхрийнхөө тэнэг хардалтаас айх шиг болсон
Учралын бие зарсхийв. Ядам эхнэрээ хий хардах сэтгэлдээ хөтлөгдөн хар өглөөгүүр босч энд тэндхийг онгичсоор хогийн савнаас хэн нэгний дутуу татаад орхисон тамхины үлдэгдэл олсон нь энэ ажээ. Тэрээр дутуу татагдсан тал тамхийг эхнэрийнхээ нүдний өмнө тулган барьж – Энэ энэ чинь юу юм. Хэн хэнийг авчирч миний гэрийг бузарлаж банзалдсан юм бэ гэх мөртлөө эхнэрийнхээ зүүн нүд рүү тэр чиг нь буулгаж орхив. Ийм юм болно чинээ санаагүй Учрал – Ээжээ гэж хашгираад нүүрээ даран хөнжил рүүгээ шурган ойчиж нүүрээ даран цурхиран уйлав. Хүнд нүсэр биетэй Ядамын зандалчин гэмээр төрх тэгсхийгээд намдан, махлаг том хуруугаараа эхнэрээ чичлэн – Хэл чи муу гичий. Хэнийг авчирсанаа хэл. Тасалгаа цуурайтуулан ийн хашгирсанаа гараад явчихав. Харин Учралын том алаг нүднээс сувдран асгарсан нулимсан дуслууд хэдэн мөчийн дотор алга болж, гомдол цөхрөл, үзэн ядалтын оч харцанд нь манасхийгээд алга болов. “Ай халаг минь. Чи чинь ийм новшийн арчаагүй амьтан байсан юм уу. Боллоо боллоо. Одоо гүйцлээ. Явах минь. Өөдгүй чамаас одоохон
зайлаад өгье!” хэмээн зүрх нь цээжээн дэлбэлэх нь үү гэмээр оволзоход тэрээр хамаг чадлаараа – Боллоо чамаас би явлаа. Муу яргачин минь гэж чарлав. Энэ үг бусад өрөөгөөр ямар нэгэн юмны нотлох баримт хайж явсан Ядамыг овсхийтэл цочооход хүрэв. “Үгүй ер юу гэнэ вэ. Явлаа гэнэ үү? Тэгэх байлгүй чи. Чи ч тэгнэ л дээ. Чамайг би тийм ч амархан тавиад явуулчихгүйгээ мэдэх байлгүй дээ. Чамайг би явуулахгүй дээ явуулахгүй” гэж ганцаараа ярьсан Ядам унтлаганыхаа өрөө рүү орж эхнэрийнхээ хөхрөн дов болсон нүдийг харж, хэртхийн цочиж өөрийгөө анх удаагаа зүхэв. Гэсэн ч зүрх сэтгэлдээ “Ямар ч байсан муу саваагүй эмд бууж өгч л болохгүй. Харин би энэ удаа арай л хэтрүүлчихэж” гэж өөртөө хатуу бодов. Бас энэ нөхрийг гадагш нь гаргаж л болохгүй. Тэгвэл хэвлэлийнхэн харчихвал өнөөх Ядамын эхнэрийн нүд хөхөрчихөж, эх сурвалжаас үзвэл Ядам цохьсон ч байж болзошгүй гээд нэр төрд харш юм болно. Эхнэрийнх нь дуу нь гомдол
цөхрөлөөр дүүрэн хадах нь түүний зүрхийг базална. Тэрээр эхнэрээ бас хайрлаж өрөвдөж байлаа. Энгэр задгайлагч энэ олон эмсээс эхнэр нь арай л өөр хүн гэдгийг тэр мэднэ. Учралыг өөрийн болгох гэж хэрэндээ зовлон амсаж байснаа эргээд санав. Тэгэж их явдал суудал, зовж жаргаж байж авч суучихаад одоо явуулчих гэж үү? Үгүй шүү үгүй. Бүх юм Ядамын гарт атгагдаж байх ёстой. Овоо зөөлөрч ирсэн зүрхийг өнөө атгаг хар бодол эзэмдэхэд тэр өөртөө эрэмшин толгой дохино. – Яадаг юм бэ муу яргачин минь. Би, би одоохон чамаас зайлаад нүдэнд чинь харагдахгүй болж, сэтгэлийг чинь амраагаад өгье! “Аа тийм бий вий чи. Ингэж шалтаглаж байгаад явчих санаа байна уу? Тэгэх байлгүй муу худрагагүй эм минь. Ийм нүд амтай очиж өнөөх хэнхэг эцэгтээ ховлож, намайг жинхэнэ хэвлэлээр сенсаацлаж нэр төрийг минь баллах нь. Тэгвэл нэр дэвших минь өнгөрнө гэсэн үг. Ухаантай байна шүү Ядам аа. Тайван замаар гэр бүлийнхээ асуудлыг шийдэлгүй нь горьгүй.” Толгойд нь эргэлдсэн энэ
бодолдоо хөтлөгдсөн Ядам маш тайван хөдөлж, хаалга үүдээ янгинатал нь түгжиж, түлхүүрээ авч халааслангаа “Яалт ч үгүй манайд хэн нэгэн эр хүн ирж. Тэр тамхины эзнийг олж л таараа” гэж хорсон бодов. Дараа нь огцом түргэн зантай эхнэрээ уурандаа цонхоор үсэрчих вий. Тэгвэл хүн амины хэрэгт холбогдож, шоронгийн хаалга татах юун, Их хуралд нэр дэвшихдээ манатай юм болж, нэр төр минь муудна. Бүүр ч баларсан юм болно. Ийн хаширлан бодсон Ядам эхнэрээ манан, тухтай гэгч нь суулаа. Учрал нэг хэсэг бачуурч дэвхэцсэнээ тэгэсхийгээд намдахад Ядам хүйтэн мөс авчирч эхнэрийнхээ хөхөрсөн нүүрэн дээр тавих гээд нэг сайн тийрүүлж, хурдхан гэгч холдов. “Аа муу шулам чамайг, ийм шулам чинь урт хумсаараа нүүр сийччихвэл би яаж хүний царай харах юм бэ. Өнөө хэрэгт дуртай хэвлэлийнхэнд бас л өртөж нэр төр сэвтэнэ гэсэн үг. Юмыг яаж мэдэхэв. Энэ нөхөрт ойртож болохгүй юм байна. Яг ийм үед өнөөх хэнхэг ХУ намын үнэнч фен эцэг нь хүрээд ирэх вий дээ. Тэгвэл
ч бас л баларсан юм болно. Тэгэхээр камераа ажиллуулах нь зөв” гэж бодсон Ядам эхнэртээ дахин ойртсонгүй. Ийнхүү эхнэрээ манан хэдэн өдрийг өнгөрөөсөн Ядам энэ хугацаанд эхнэртэйгээ эвлэрэх гээд чадсангүй. Эхнэр нь түүнийг харах ч үгүй хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөн буруу харж хэвтэнэ. Нүднийх нь хөхөрсөн анзаарагдахгүй шахам болж, ашгүй явна зайлна гэдэг үг амнаас нь гарахаа байсанд түүний санаа амарчээ. Угийн байгалиас заяасан зан нь энэ хугацаанд Ядамыг зүгээр байлгасангүй тул тэрээр цагийг бас ашиггүй өнгөрөөсөнгүй, өөрийнхөө байнга дарамталдаг зангаар эхнэртэйгээ холбогдсон нотлох баримтыг боломжийнхоо хэрээр цуглуулж байлаа. Ядамын амьдардаг байрны орцны жижүүр ядмаг амьдалтай эмэгтэй. Түүнд эхнэрээ төрсөн өдрөө хэнтэй хамт өнгөрөөснийг мэдэх боломж олгож нэг талаар баярлуулж, нөгөө талаар уур цухлыг нь маш ихээр хөдөлгөжээ. Хоёр тоосго цохиж, цахилгааны утас гүйлгэсэн плиткархуу юман дээр жижиг цагаан саванд ямар нэгэн зүйл
буцалгаж суусан эмэгтэй цонх ширүүхэн тогших чимээнээр цочин эргэж харвал энэ орцонд амьдардаг хамгийн баян эр ханхалзан зогсож байх нь тэр. Баян эрхэмд ядмаг эмэгтэйн тус хэрэг болсон бололтой! Хурц хар нүдээрээ бүсгүйг ширүүнээр ширтэн ойрт гэж дохин дуудав. Эмэгтэй түүнд ойртон очиход баян эр түүний өмнөөс гар эсгэм дараалсан 5000-н дэвсгэрт гарган шидэж – Чи хө мэдэж байгаа биз дээ. Манайх 68 тоотынх. Миний эхнэрийг мэдэх үү гэхэд өдөр хоногийг аргацаан өнгөрүүлж буй амьдрал ядмаг эмэгтэйд 5000 төгрөг гэдэг лусын хааны хишиг шиг санагдан тэргүүнээ бөхийлгөж энэ баян эрийн төлөө юу ч хийхэд бэлэн гэдгээ илтгэн – За тиймээ. Танайхыг мэдэлгүй яахав ээ. Эхнэрийг чинь ч мэднэ. Таны эхнэр их гоё хүүхэн байдаг ш дээ. Би таньд юугаар туслах билээ. Энэ мөнгийг надад өгч байгаа юм уу? Баярлалаа. Их баярлалаа. Алив та наашаа орооч гэсээр ядмаг оромжныхоо хаалгыг нээхэд Ядам толгой сэгсрэн ярвайж – Хэрэггүй хэрэггүй. Харин чи намайг сайн сонс. Чи намайг
ойлгож байгаа бол сайн байна. Бид тохиролцож болох юм шүү дээ. Би эхнэрийнхээ талаар л асуух гэсэн юм. Манай эхнэр өнгөрсөн 3 хоногийн дотор гадагш явсан уу? Хэн нэгэнтэй хамт гэртээ орсон уу? Гадагшаа явсан бол хэр удаан явсныг нь санаж байна уу? хэмээн өөрийгөө албадан өгөөмөр найрсаг нэгэн болох гэж ихэд хичээж буй баян эрхэмийн байдлаас эхнэртэйгээ ямар нэгэн таагүй харьцаанд орсныг ойлгож, худал үнэн тав гурван үг хэлж хоног өнгөрөөх хэдэн төгрөг олох боломж гарч буйд баярласан орцны жижүүр эмэгтэй толгой дохин инээмхийлж, дахин дахин бөхөлзөн – За тиймээ. Танай эхнэр ганган цагаан хүүхэн одоогоос 3 хоногийн өмнө гудамжны сохор дуучийг сугадаад их л баясгалантай гэртээ орж байсан. Сохор дууч танайд их удсан. Бараг шөнө дуусах үес эхнэр чинь түүнийг машинаар хүргэж өгсөн байх. Бас хоёр хоногийн ч өмнө байх. Эхнэр чинь гадагшаагаа яваад нилээд удаж ирсэн гэх нь тэр. Энэ үгийг сонссон Ядамын хоёр чих шуугин хараа нь ширүүсч, аймшигт уур хилэн хоолой өөд нь цоролзоод ирэх нь тэр. Хоёр гарынхаа алгыг тас
зангидан хана руу түс түсхийтэл цохисоноо үгийн солио ч үгүй эргэн ширүүн дориун алхан одох түүний араас ядуу эмэгтэй айж гайхширан харсаар хоцров. “Хэцгий. Очиж очиж тэр муу гудамжны сохортой шүү. Даанч тэр нэг муу сохор юмаа цонхоор хараал гөлрөөд зогсдог юм. Муу завхай эм өөдгүй новш. Мөчийг чинь санжуулаад орхиё чамайг. Ичдэггүй муу балай эм. Хохь чинь дээ чи. Тэр муу сохорыг чинь ч гэсэн ална даа чамайг. Би чамайг алж л таарна” гэх бодол цээжинд нь эргэлдэн давчидахад Ядам дахин халаасаа ухаж, дахин 5000 төгрөг авч жижүүр рүү эргэн очиж, түүнээ нүүр өөд нь чулуудан – За хө, чи сонс. Энэ цаг мөчөөс эхлэн чи миний эхнэрийг гадагшаагаа явсан, буцаж ирсэн цаг мөчийг бас ямар хүнтэй уулзаж, хэнтэй ирж, хамж явж байгааг сайн мэдэж, бүр тэмдэглэж аваад надад хэлж бай. Чи чамайг энэ мэтээр гомдоохгүй. Харин нөхөр минь чи миний нууцыг хэн нэгэнд хов жив болгох юм бол би ердөө л чиний хүзүүг хуга мушигаж орхино шүү. Гэтэл мөнөөх эмэгтэй дахин дахин толгой дохин бөхөлзөнө. Ард нь нөхрийнх нь хүнд алхаа, хүнд амьсгаа сонсогдоход
дотор зарсхийгээд явчихсан Учрал эргэн харвал нөхрийх нь хамрын самсаа сарталзан уурласнаас амьсгаа нь дээрдэн, нүд нь улаанаараа эргэлджээ. ‘’Ай тавилан минь энэ бас яачихсан юм болдоо. ’’ өөртөө ийн дуун алдсан бүсгүй өөрийн эрхгүй айдас төрж хойш ухрав. – Аа чи муу намайг яаж элэг барина гэнээ. Муу бузар завхай эм. Түүний дуу зүрх зүсэм муухай цахиртаж тас зангидсан гар нь ширээн дээр түсхийн буув. Нөхрийх нь энэ байдал зүрх сэтгэлд маш их гомдол дэврээж айж цөхөрч гүйцсэн Учрал цахилаад ирсэн нулимсаа хүчлэн залгихад дургүйцэл уур унтуу ч зэрэгцээд ирэв. -За бас яачих нь энэ вэ? мунхаг уур бяр чадлаас чинь би айна л гэж байхгүй шүү. Яаж элэг барьж, яаж доромжилж дарлах гээд байгаа юм бэ? Чиний өмнө надад хийсэн гэм, хэлсэн үг л лав байхгүй шүү. -Чи муу чи муу адгийн завхай, шалиг эм хийсэн гэмгүй гэнээ чи. Миний өмнө хийсэн гэмгүй гээд хэлчихэв үү чи. Банзал эм минь. -Наад үгээ өөртөө хэл чи. Тиймээ би чиний өмнө хийсэн гэмгүй. Энэ үгийг би ганц чиний өмнө ч тэр, бурханы өмнө ч бас шаардлага байдаг юм бол чамайг үймүүлж
танигдахгүй болтол чинь өөрчлөөд байгаа буг чөтгөрийн чинь өмнө ч ам бардам хэлнэ. Намайг үзэн ядах шаардлага чамд байгаа юм бол чиний гэрээс би одоо зайлахад ч бэлэн байна. -Юу гэнээ чи намайг буг чөтгөрт хөтлөгдсөн гэв үү. Харин чамд өөрт чинь надаас холдох шаардлага гараад чи өөрөө буг чөтгөрт хөтлөгдөөд байгаа юм бишүү. Чамайг хөтлөөд байгаа чиний тэр буг чөтгөр чинь иш чааваас. Гудамжны муу золбин сохор дууч шүү дээ. өөр юм чамд олдсонгүй юу. -Дуу чи. Учралын дуу чихэн дээр нь бачимдан цахиртаж сайхан цагаан царай нь цонхийж, махлаг цулцгар хацар дээр нь тасхийн буухад Ядам овосхийтэл цочиж хойш ухрав. -Аа чи муу танхай эм. Яана гэнээ чи. Яаж байгаа юм бэ? Ийм өөдгүй амьтан ш дээ чи хамаг сүлд хийморийг нь доройтуулж эр нөхрийнхөө толгой тархи руу цохино гэнээ чи. Энэ үг мөн л Учралыг байж ядтал нь бачууруулж дахиад нөхрөө алгадаад авав. – Яадаг юм бэ? Цохино. Яг одоо би галзуу юм шиг байна. Хэн намайг ийм болгов. Чи шүү дээ. Чи миний сүлд хийморийг доройтуулаагүй юу. Чи миний өмнө буруутай шиг би чиний өмнө буруугүй. Чи миний өмнө үнэн ч цэвэр ариухан гэж хэлж
чадахгүй ш дээ. Чадахгүй. Чи бол бузар амьтан. Эхнэрийх нь хашгичих дуун чангарах тусам Ядамын уур цухал аажмаар намжиж “Энэ ер нь болохгүй тийшээ хандах нь. Сална явна ч гэх шиг. Энэ дуу шууных нь чангыг яана. Хажуугийн айлууд л лав сонс ч байгаа. Муусайн хэрэгт дуртангууд сонинд намайг эхнэрээ зодож байна гээд сенсаац дэгдээчих вий дээ. Тэгвэл Их Хуралд нэр дэвшихэд минь бас л нэг саад” ийн бодохуйяа Ядам бага зэрэг сандрах шиг болж эхнэрээ эвлэрэнгүй харж өөртөө татан ойртуулж мяндсан хүрэн үсийг нь илбэх шүү аядан махлаг хуруугаараа сандаалж -За тайвшир. Одоо боль. Хань нь чамайгаа алдчих вий гээд л айж бачимдах юм байна ш дээ. Түүнд чинь юунд нь ингээд уурлаад байдаг юм гэхэд Учрал ч дуу нь намсч хүндээр сүүрс алдаад гараад явчихав. Гадаа хаалганы түлхүүр надад бий дээ. Учрал гадагшаа лав гарч чадахгүй гэж бодсон Ядам эхнэрийнхээ араас сэм шагайвал эхнэр нь ариун цэврийн
өрөөнд орж уйлсан бололтой хэсэг удсанаа нүдээ даран гарч хоол хийх гэж байгаа бололтой гал тогооны өрөө рүүгээ ороход -Ашгүй хоол хийх нь гэж бодож буйдан налан тухалсан Ядам нилээд тайвшрав. Гомдож цөхөрч, уурлаж цухалдсанаа нэг мөсөн гаргаж хэлэх гэсэн үгээ нөхөртөө хэлсэн Учрал овоо тайвширч сайхан хоол хийж, цай чанан ширээнээ амттан өрж зоогийн сайхан ширээ засав. Их л тайван аль болохоор найрсаг сайхан аашлахыг хичээсэн Ядам хоёр хацраа цүлцэгнүүлэн инээвхийлж зоогийн ширээний ард суунгаа “Эзгүй хойгуур нь бүр харанхуй шөнө эхнэртэй ханьсан орж ирээд зөндөө удсан” сохор дуучийг бодсоор л байлаа. Тэр хоёр бие биенээ зөөлөн нүдээр харцгаан хооллох зуур дор дороо бодолд автан дуу шуу багатайхан байлаа. – Учрал аа миний хань битгий уурлаарай! Найз нь нэг л гонсгор байна. Чиний амнаас л үнэнийг сонсмоор байна. Тэр сохор дууч яах гэж манайд орж ирсэн юм бэ? – Тиймээ би чамд
үнэнийг хэлнэ гэж бодож байсан юм. Миний төрсөн өдрөөр чи намайг орхиод явчихсан болохоор л гадаа дуулаад суугаа түүнийг өрөвдөөд бас гэртээ авчирч тэр гоё дууг нь дуулуулмаар санагдаад аваад ирсэн юм. Энд чи юунд нь уурлаж бухимдаад байгаа юм бэ? Хаа хамаагүй тэр хүнтэй хардаж нүдийг минь хүртэл тэс цохьчих шахлаа. Би цаашид ингэж амьдарч чадахгүй ээ. Хоёр нүд нь хараагүй сохор хүн хүртэл амьдрах гэж хорвоотой тэмцэж байна. Тэгэхэд би хэн ч биш болчихоод баян хүний дураа хүрэхээр эрхлүүлж баясаж, дургүйгээ хүрэхээр зуусан тамхины иш шигээ хаядаг тоглоомын хүүхэлдэй байхыг хүсэхгүй байна. Маргаашнаас эхэлж ажил хайна. Өөрийнхөөрөө амьдарна гэж эрсхэн хэлж орхив. -За за би ойлголоо. Түр хүлээ. Би нэг юм бодъё! Тэр мэргэжлийнхээ ажлыг хий дээ. Харин чи нэг зүйлийг хатуу ойлго. Чи бол үүрд минийх шүү. Энэ гэрээс явна барина гэдэг тэр тэнэг бодлоо орхиорой! Бас миний эхнэр хэн нэгэн хүний зарц байхыг би хүсэхгүй. Байр сав юусан билээ. Би бодъё зохицуулъя! Хөрөнгө мөнгөнд зовох юм байхгүй. Тэр мэргэжлийнхээ
ажлыг хий, эмнэлэг байгуул. Харин хэзээ ч миний өмнө үнэнч, надад хайртай сайн байхыг л би чамаас хүснэ. Чиний тэр эмнэлгийн ашиг алдагдал ямар байна надад хамаагүй гэж хэлчихэд шууд босоод явчихсан Ядам ” За муу хөсрий сохроос л боллоо. Чамайг даа би. Яасан их хүн эзгүйчилж айл хэсдэг сохор вэ, хашраагаад өгнөө чамайг би. Бас хүүхэн эргүүлэх санаатай. Миний өмнө гишгэсэн хэнийг ч би хайрлахгүй няц гишгэнэ. Тэр тусмаа муу заяа муутай сохор чамайг уу.” хэмээн занан бодох ажээ… …Хөхрөгчийн дор гансарч хөрстийн дээр шаналж явахдаа Нацагын ганц бодох юм хүү нь байлаа. Хайрт ханиас нь үлдсэн цор ганц эрдэнэ бол Нацагт хүү нь тул өөртөө байгаа бүхнээ хүүдээ зориулж байв. Нацагын дотоод сэтгэл шиг өвлийн хүйт даасан өнгөгүй саарал өдрүүд үргэлжилж орой ажлаас тараад ирэхэд нь тоодгор хүрэмтэй хүү нь орцны үүдэнд тосч халуу оргиулсан жижигхэн хөөрхөн гараараа ажилд эвэршиж парвайсан том гараас нь хөтлөн дотогшлох нь түүний сэтгэл тэнийн жаргах мөч нь байлаа. Энэ
удаа ч мөн л Нацагийг тоодон хүрэмтэй жаахан хүү нь угтан ирж өвлийн агаар цалгиулан “Ааваа” гэж дуудан угтав. Хүүгийнхээ ийн дуудахад Нацаг чухамдаа л амьд яваагийнхаа утга учрыг мэдэрч жаргана. -Миний хүү аавыгаа хүлээж гадаа зогсоод даараагүй биз. Хүүгийн минь хацар улайчихсан байна. -Үгүй ээ ааваа би даараагүй. Бүдүүн эмээ ирэхгүй болохоор би дандаа л гэртээ байдаг болсон. -Миний хүү хичээлээ тараад гэртээ л байгаарай. Хамаагүй хүнд хаалгаа онгойлгож өгч болохгүй шүү. Аав нь хүүгээ гадаа тоглоод даарчих вий гэж их айдаг юм. -Ааваа би гадаа тоглохгүй байгаа. Би гэртээ ганцаараа байхдаа айдаггүй тоглоод л байдаг юм. Цаг ч хурдан явчихдаг. Би бас ээжийнхээ зургийг орхиод явж чадахгүй юмаа. Нацаг хүүгийнхээ энэ үгийг сонсч элэг нь эмтрэх шиг болж дотор нь харанхуйлан дайвалзаад явчихад хүүгээ элгэндээ шахан тэвэрч, уртаар сүүрс алдав. Халаг минь ийм л хоёр амьтныг өнчрүүлээд орхидог хатуу хариг хорвоо юмсанж. Алгыг нь халуу төөнүүлсэн
хүүгийхээ халуухан гарыг энхрийлэн атгаж хөтөлсөөр Нацаг гэртээ орж ирэв. Гэр нь цэвэрхэн, хайрт ханийх нь тунгалаг царай гуун дотроос ивээнгүй инээмсэглэнэ. Хүү аавынхаа гар дахь тортойг сая анзаарч -Ааваа, энэ их юу юм бэ? Өө гоё гоё, таны цалин буусан юмуу? Зөндөө их жимс бас чихэр, жүүс яг ээжийн авчирдаг шиг. Ааваа надад ийм олон дэвтэр хэрэггүй ээ. Юм болгоноос ээжийгээ эрэлхийлсэн тэр эрхэм нандин хүнийг үгүйлсэн байдал хүүд нь анзаарагдаж дахиад л гоморхол харамслын салхи цээжийг нь зураад явчихав. Хүүгийх нь сэргэлэн алаг нүд аавыгаа инээмсэглэн харснаа эцгийн байдлаас бяцхан оюундаа нэгийг ойлгож чимээгүй болоход “Үгүй ингэж болохгүй. Миний энэ уруу дорой байдал хүүд минь яавч сайнаар нөлөөлөхгүй ” гэсэн бодол толгойд нь гялсхийн орж ирэхэд -Миний хүү өө дэвтэр илүүдэхгүй ээ гэж ээдэрсэн дуугаар өгүүлэв. -Ааваа та гараа угаачих. хоёулаа хоолоо идье. Хүүгийнхээ энэ дуунд Нацаг мөн л илбэдүүлсэн мэт гозосхийн босов. -Май ааваа цай уу. Та уугаад үз дээ.
Яг ээжийн чанадаг цай шиг байгаа биз. Нээрээ л тийм байлаа. Жаахан давс нь багадсан болохоос биш яг л талийгаач ханийх нь цай шиг шаргалтсан сайхан цай байлаа. “Миний хүү том л болж байна даа, хэдийдээ ийм сайхан цай чанадаг болчихов доо. Миний хүү ч ийм сайн хүү дээ.” Эцгийн бодлыг тасалдуулан дахиад л хүүгийнх нь дуун гарч -Ааваа бас бууз хийсэн. Яг ээжийн чимхдэг бууз шиг. Нацаг босон харайж хүүгийнхээ өмнө тавган дээр уур савсуулан цавцайх буузнуудыг гөлрөн сөхрөн суув. “ Тийм байна. Тийм байна. Дарийн минь чимхэлт мөн байна. Яг ээж шигээ чимхчихсэн байна ш дээ. Ай халаг минь би ч ингэж чимхэж чадахгүй ш дээ. Хүү минь том болж байна. Чиний минь хийдэг бүх юмыг хийгээд сурчихсан байна. Иш чааваас даа. Ийм сайн хүүгээ хардаг ч болоосой доо чи минь.” Ийн бодол хоолой өөд нь үерлэж үг л хэлбэл уйлчих гээд байсан тул тэрээр хүүгээ чанга тэврэн элгэндээ нааж нүүр нүдийг нь энхрийлэн үнсч -Миний хүү хүн л болж байна даа. Баярлалаа аав нь. Хоёулаа амьдарнаа. Бүр эр хүмүүс шиг амьдарна гэж шивнэн байв. Хайртай
ээжийгээ, хайртай ханиа өөр өөсдийнхөөрөө зүрх сэтгэлдээ үгүйлсэн аав хүү хоёр ийнхүү амьдралд борогшин бас амьдралд сөхрөхгүйн төлөө хооллож байлаа. -Ааваа май! хоолныхоо дараа уугаад унтчих. -Юу вэ? миний хүү өө энэ чинь пиво байна шүү дээ. -Тиймээ таны уудаг пиво. Хоолны дараа ээж таньд өгдөг шүү дээ. Таны өгсөн мөнгийг хадгалж байгаад авсан юм. Дахиад л гол өөд нь гашуун юм огшиж, яах ийхийн зуурдгүй хоёр нүдийг нь нулимс бүрхээд ирэв. “Иш, муу хүү минь. Өөрөө ийм хялх балчир байж намайг ээж шигээ асарч хайрлах гэж хичээдэг байхнээ. Баярлалаа бурхан минь. Надад ийм сайхан хүү заяасанд” дотоод сэтгэл нь нялхарч хүүгээ хачин их хайрлаад явчихсан Нацаг хүүгийнхээ толгойг энхрийлэн илбэхдээ ингэхэд би чинь хүүгийнхээ төлөө юу хийлээ хэмээн бодоход хүрэв. Хүүгийнх нь зүггүй зан хөдөлжээ. Аавынхаа өмнө хойно нь гүйн ирж – Тэр бөхийн нэр хэн бэ? хэмээн хонгоо алгадан дэвнэ. Эцэг хүний бахархал омогшил Нацагын цээжинд буцалж “Миний хүүгийн тоглох нь хүртэл эрийн хийморь сэргээсэн тоглоом шүү. Гайгүй дээ. Хэдэн жилийн дараа аав нь наадмын зүлэг ногоон дэвжээ ширтэн хүүгийнхээ дээлийн захыг мушгиж суухыг хэн мэдлээ. Ер нь тэгэх л

юм чинь. Харин тэр цагт муу эх нь байсан бол” хэмээн бодоод нойт оргисон нүдээ анивчив. Нацаг хадам эхтэйгээ хэд дахин хэрүүл хийж иргэний шүүхийн хаалгаар нэг бус удаа орсны эцэст залхаж төвөгшөөн байраа зарж нөгөө орцондоо 2 өрөө байр авч, зөрүү мөнгийг нь шуналт хадам эхдээ өгснөөс хойш тэдний харьцаа тасарч хадам эх нь бөөн амьсгаа давхцуулан ирж хүүг нь айлгадаг байснаа больсон тул нэг талаар Нацаг хүү хоёрын амьдрал тайван байлаа. Хүүгээ тоглохыг харж заримдаа ч хүүтэйгээ тоглон шуугисаар нилээд хугацаа өнгөрөөсөн Нацаг хэн нэгний хаалга хүчтэй нүдэх чимээгээр ихээхэн цочив. – Ааваа хаалга цохиж байна. Үргэлжлэл бий