Нүүр Өгүүллэг “АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “3-Р ХЭСЭГ”

“АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “3-Р ХЭСЭГ”

1 минут уншина
0
0
531

-За ашгүй ашгүй. –Миний найз тэр арга хэмжээнд оролцчихоод ир. Тийм чухал арга хэмжээнд нь оролцож байгаа юм чинь захирал бас чамайг харж үзэх байх. Найз нь одоо чамайг явуулчихаад нөгөө

аймшигт ахтайгаа уулзаж мөнгө авчихаад хүлээж байна за. – Чи том ахаасаа нээрээ их айдаг юм шигээ хи хи хи. -Тэр уг нь бидний том ах. Харин би бол тэрний бага дүү нь. Харин би том ахыгаа харах

болгондоо л дургүй хүрдэг юм даа. Бид их өөр хүмүүс л дээ. Би лав ахдаа хайргүй. Ах бас надад хайргүй. Харин бусад ах нартаа ээждээ бол хайртай. Чамдаа бүр ч их хайртай. -Чи яагаад ахтайгаа ийм хачин

харьцаатай байдаг юм бэ? тэгээд ахаасаа мөнгө гуйгаад хэрэггүй юм биш үү? -Тэр ах маань бидэнд зөвхөн мөнгө л өгдөг юм. Бидний хүссэнийг тэр дор нь л өгнө. Би уг нь аавыгаа нас барснаас хойш энэ

ахаасаа их л нандин юм хүсдэг байлаа одоо хүсэхээ больсон. Хурдан сургуулиа төгсч хөдөлмөрлөж чамайгаа жаргааж өөрөө бас жаргалтай байхыг хүсч байна. Бас ээжийгээ жаргаахыг хүсдэг. -Би ч гэсэн

сургуулиа төгсч ажиллахыг л хүсч байна. Найз нь хурдлахгүй бол болохгүй нь байрандаа очиж хувцсаа солъё. Хоёр хоногийн дараа уулзъя за. Хоёр залуу хэн хэндээ хоргодон хэсэг зогсов. Хэн хэнд нь хоёр хоног ч гэсэн холдох хэцүү л байлаа. Одноо захиралтайгаа явмааргүй. Тулгаа түүнийгээ явуулмааргүй байсан ч энэ нийгэмд ноёрхон буй мөнгө гээч хүчирхэг зүйлийн өмнө хар аяндаа л буулт хийн хар мууг огтхон мэдрээгүй өнгөрөх нь сэтгэлдээ гэнэн цагаахан тэд халуун дотно үнсэлцэн холдоцгоов. Хэдийгээр хоёрхон хоног ч гэсэн хүний хорвоогийн хэлж ирдэггүй нэгэн нүгэл хүзүүг нь цаламдан буйг хөөрхий залуус юу мэдэх билээ. Хайртай охиноо түр хугацаагаар онц чухал ажилд үдэж явуулсан Тулгаа уулзахаас дургүй хүрдэг том ахынхаа ажил уруу яарангүйхэн алхав. Буцах

автобусныхаа мөнгөөр найз охинтойгоо хоолонд орчихсон болохоор явган алхахаас ч өөр яахсан билээ. Гэсэн ч Тулгаа баяр хөөрөөр дүүрэн байлаа. Намрын зөөлөн сэвшээ салхи залуугийн сэтгэлийг улам ч сэргээж ариусгана. Тулгааг “Баян хайрхан” компани дээр ирэхэд хөнгөн чөлөөтэй хувцасласан ах нь овоо нэг инээмсэглэх чүү аядан шатаар уруудаж ирэхтэй яг таарав. Ахыгаа хармагц өнөөх оргилуун сэтгэл нь хоромхон зуур алга болчихсон Тулгаа, ахыг нь хармагц команд хүлээсэн цэрэг шиг номхон зогсох жижүүрийн хажууд хөшин зогсчихов. Яг энэхэн хоромд энэнээс мөнгө гуйхаа больдог ч юмуу гэсэн бодол зурсхийн орж ирсэн ч Одноогийн нулимс мэлтэгнэсэн том алаг нүд харагдан аргагүйн эрхэнд зогссоор л байлаа. Төдөлгүй ахынх нь ширүүн харц Тулгаагийн толгойноос хөлийг нь хүртэл шавхуурдан үл мэдэг өөртөө инээвхийлэв. Талийгаач аавынх нь дүр нэвт гэрэлтсэн энэ хүнийг харсан Тулгаагийн зүрхээр ширхийн хатгуулж, “Энэ ах

маань аавтай дэндүү адилхан шүү” гэж зурвасхан бодож амжив. Хэрэв ахын оронд аав минь байсан бол намайг тэвэрч аваад л үнсэх байсандаа гэх бодол хамар шархируулна. Хөөрхийдөө аав минь байсан бол… ах нь нүүрэнд нь тулан ойртож халуун амьсгаа нүүр ирвэгнүүлнэ. -Ээж чинь сайн биз? -Сайн байгаа. -Чи яах гэж ирсэн юм бэ? Хичээлдээ явж байна уу нөхөөр? -Хичээлдээ явж байгаа. Надад мөнгө хэрэгтэй байна. Ахынх нь нүд солбичин түүнрүү улам ч ширүүн харах шиг. -Мөнгий. Яах гэсэн юм бэ? Дэндүү их үрлэг гаргаж байгаа юм биш биз? -Үгүй ээ. Найз охиндоо өгөх гэсэн юм. -Мөөн. Өөрөө гуйлгачин байж. Бас нэг гуйлгачин чирээд ирээ юу чи. Хэд хэрэгтэй юм бэ? -300 000 -Хм. Ах нь түүнийг зэвүүн муухай харсаар. Энгэрээ онгичин түрийвчээ гаргаж хүссэн мөнгийг нь өмнө нь гаргаж шидээд юу ч хэлэлгүй үүдээр гараад явчихав. Нохойд яс хаяхийн дайтай шидэж өмнө нь хаясан мөнгө хөлөөр нь хөглөрч ахдаа гомдсон

гомдол яах ийхийн зуургүй хоолой өөд нь огшин гашуун нулимс болж нүдийг нь бүрхэхэд нулимсаа хажуугийн хүнд мэдэгдэхгүйг хичээсэн Тулгаа хөмхийгээ тас зуун доош сууж, чичирхийлсэн гараараа мөнгийг хаман авав. Эргэн тойрон хүмүүс ширтээд ч байх шиг. Сэтгэл нь хүндэрч царай нь халуу шатна. Айдаа хэзээ нэг хүн царайчлахгүй амьдрах цаг ирэх бол доо. Түүнийг гарч ирэхэд баян ах нь хаашаа ч юм нэг тийш явчихсан байлаа… .. Гурван шөнө чимээ чагнан нөхрөө хүлээсэн Учрал мөн л цонхоор ширтсэн чигтээ зогсож өнжив. Өнөөдөр түүний төрсөн өдөр. Тэр 32 нас хүрч байгаа ажээ. Эхнэртээ уурлахаараа хэдэн өдөр ирдэггүй зантай нөхрөө сайн мэддэг ч төрсөн өдөр болохоор баярын бэсрэгхэн ширээ засчихаад цонхон дээрээ зогсч өдрийг өнгөрөөв. Ядам ирээгүй л байлаа. Нөхөртөө бага зэрэг тунирхсан тэрээр утсанд нь залгавал авч байнаа. -За гээд. Өнөөх тоомсоргүй хэнэггүй дуун чихэнд нь сонсдоход тэрээр их хайхрамжгүй болж мөнөөхөн догдолсон сэтгэл нь замхраад явчихав. -Аа чи юу. Ирэх болоогүй юу? – Ажил ихтэй л байна даа. Чи яах гэсэн

юм бэ? -Яах ч гэсэн юм алга л даа. Чамайг ирэх нь үү л гэж. -Ганцаардаад л байна уу хонгор минь. Уг нь энэ өдрийг арай өөрөөр өнгөрөөж болох л байсан ш дээ. Нэгэнт чамайг татгалзсан болохоор би нэг ажил бариад авлаа. Одоо хүмүүстэй ойр зуур хөдөө явах ажилтай болчихоод байна. -За тийм бол яах вэ, тэр ажилдаа явсан дээр биз. – Ингэхэд чи уйдаж байна уу? Юу л хийж байна даа? -Хөгжим сонсоод цонхоор харж байна. -Хм. Тэгээд юу харагдаж байх юм бэ дээ? – Гудамжны дууч дуулж байна. -Аа нөгөө сохор уу. Нөхрийнх нь дуу доогтой хайхрамжгүй болж ирэхэд бүсгүй дуугарсангүй. Нөхрийнх нь хайхрамжгүй хүйтэн дуу дахиад л хүнгэнэж -За за. Би хоёр хоногийн дараа ирэх байх. Ингэхэд чи хамт явах юмуу? Ядам эхнэрээ хамт явахгүйг мэдсэн хэрнээ ийн асуув. -Би гэртээ байсан нь дээр биз дээ. Харин чи сайн яваарай. Утас тасрав. Учралыг туйлын их ганцаардал эзэмдэн хар аяндаа л хоолой өөд нь гашуун юм огшоод ирэх нь тэр.

Арай ч дээ. Хүний хань гэж ийм байх ёстой юмуу. Яах гэж үүнтэй … гэсэн харуусал бүсгүйн зүрхийг базлан төрсөн өдрийн баярын бэсрэгхэн ширээ рүүгээ гунигтайхан ширтэв. Цонхоор оройн шаргал наран шижиртэн шаргалтаж ширээн дээр алаглан байгаа гялгар гялтгар зүйлийг улам ч үзэмжтэй болгоно. … Ай ай . Нүдэн бүсгүй чи минь дээ. Өнөөх сайхан дуун. Учрал нэг л мэдэхэд баярлан инээчихсэн байлаа. Мөнөөхөн сайхан дуун урсан орж ирсээр. Сайхан дууны аялгуунд ганцаардсан сэтгэл нь дүүрээд ирэх шиг болов. Учрал цонх уруу гүйн очлоо. Хөөрхий залуу тоглоомын талбайн сандлуудын нэгэн дээр хазгайдуухан суучихаад дуулж байлаа. Бага ангийн гэмээр хэдэн хүүхэд түүнийг тойрч хөгжилдөнө. Хүүхдүүдтэй ийн дуулах нь залууд ч бас аштайхан байгаа бололтой. Учрал тэднийг сониучирхан харж хэсэгхэн зогссоноо нүд нь зоримгоор гялалзав. Яадаг юм бэ, түүнийг урихад… тэр чанга дуугаар ганцаараа ийн ярив. Хатуу өсгийтэй гутлаар шат товшлон уруудаж амандаа “Яадаг юм бэ түүнийг урихад” хэмээн шивнэсээр л явлаа. Бүсгүйг очиход бүх юм өөрчлөгдсөн байлаа.

Саяхан л хүүхдүүдтэй дуулж сэтгэл хөгжин, баясч байсан залуу түүнийг уйтайхан угтах нь учир нь олдохгүй орчлонгийн хуурамч өнгө гэлтэй. Оройн жиндүү хүйтэн салхинд нүүр нь холцруутан сааралтаж удаан сууж даарснаас дулаацах санаатай тамхи татан гудамжны дууч уруу доройхон сууж байлаа. Түүний хажууд нимгэн курткатай Болд хүү нусаа татан шуухитнаж сууна. Тэдэнд ямар нэгэн таагүй явдал тохиолдсон нь илхэн ажээ. Залуу тамхиа ойр ойрхон шуналтай гэгч нь сорж утааг нь хамраараа савсуулан гаргаж шүлсээ цардмал зам уруу чимээтэйеэ хаяна. Бүсгүйн ойртон ирснийг харсан жаал хүү танимхайран босч инээмсэглэн шилээ маажин доош харав. Учрал ч бас хүүг харан мишилзэж -Болдоо чи юу хийж байгаа юм бэ? Тээр даарчихсан байна ш дээ гэж досносов. Хүү даарснаас улайсан хоёр гараа богинодсон ханцуйдаа тунтайлж доош харсан чигээр –Зүгээр л, Ганаа ахтай цуг байсан юм гэв. Тэдний ийн ярилцахыг дууч залуу сонссон ч юу ч үл дуугаран жишүүлдэн харж хөхөлзтөл уурлаж суулаа. Бяцхан хүүгийн санаа зовсон шинжтэй дуучид ойртон -Ганаа ахаа. Энэ эгч их гоё бас их сайн хүн гэж шивнэв. Залуу мөн л дуугүй

суусан хэвээр. -Сайн байна уу, та? -Сайн. Түүний дуу хахирган тоомжиргүй бас ууртай сонсогдсон тул бүсгй түдгэлзэн зогсов. Гэтэл саяхан хохилзтол уурласан залуугийн дуу эелдэгхэн болж -Аа та өчигдрийн эмэгтэй юу? Та надад өгсөн мөнгөө буцааж авахаар ирээ юу? Бүсгүй энэ үгийг сонсон ихэд сандарч хойш ухран -Үгүй үгүй яалаа гэж. Би харин таниас нэг юм гуйх гэсэн юм хэмээн ээрэв. Залуу толгойгоо сэжин гайхасхийн мэлмийгүй тэргүүнээ бүсгүйн зүг эргүүлэн –Юу тэр вэ? та сая юу хэлэв ээ. Надаас юм гуйна гэвүү? -Үгүй дээ гуйх ч гэж дээ. Би таныг гэртээ урих гэсэн юм л даа. Өнөөдөр миний төрсөн өдөр. Тэгээд л таныг… -Аан за за. Би одоо л ойлголоо. Би танайд очиж дуулах хэрэг үү? -Юу л даа. Та дуулсан ч болно л доо. Би зүгээр л таныг гэртээ урьж байна. Болдоо чи манайд очно биз дээ. Түүний яриаг сонсон намрын оройны жихүүн салхинд даарснаас өрөөсөн чихээ барилан далжийсан жаал хүүгийн том дүрлэгэр нүд очтон гийж залуугийн гараас чангааж -Ахаа та оч л доо. Учрал эгч таныг төрсөн өдөртөө урьж байна ш дээ хэмээн хиргүй цагаан сэтгэлээр хөөрөн баясах хүүг Учрал сайхан хар нүдээрээ

тааламжтайхан харж зогсов. -Ахаа энэ эгчийнд очъё л доо. Тэгэх үү. Хоёулаа очъё л доо. Ямар гоё вэ хэмээн дэвхцэхэд дуучийн хөхөлбий царайд инээд гэрэлтэж -За би зөвшөөрлөө. Энэ хүү бид хоёр чинь сайн найзууд байхгүй юу. Ингэхэд танайх хаана юм бэ? -Өө манайх энүүхэнд. Ердөө энэ өөдөөс харсан наймдугаар байр шүү дээ. Дууч залуу гэнэт баясгалантай болж хүүг хөтлөн урагшилж нэг гартаа таягаа авав. Түүний амь зуулга болсон өнөөх цүнх нь алга байлаа. Учрал гудамжны дууч бяцхан хүү хоёрыг дагуулан орц уруугаа орж явахдаа нөхрөө хүрээд ирэхвий гэхээс айж дагжин явлаа. Тансаг сайхан айлын үүдэнд гэрэвшин зогссон дууч эрийг бяцхан хүү хөтөлсөөр цэлийсэн том тасалгаанд орж явчихав. -За ийшээ сууцгаагаарай. Би одоохон -Эмэгтэй, би адаглаж гутлаа тайлъя даа. -За зүгээр дээ. Наанаа тухалж суу л даа. Бүсгүй тайлбар хүлээлгүй түүний гараас хөтлөн тухлаг зөөлөн суудалд суулгав. Хоромхноо л баярын зоог бэлэн болж эмэгтэй хүний энхрий ялдам ааль эелдэг зөөлөн үгэнд Болд хүүгийн сэтгэл уярч хэдхэн хоногийн өмнө орхин одсон ээж нь

санагдан нүдээр нь нулимс цийлэлзэн ирэв. Огт танихгүй эмэгтэйн төрсөн өдөрт нь уригдан хүндэт зочин нь болж суусандаа хараагүй дуучийн сэтгэл зовсон бололтой биеэ барин цомцойно. Хүүгийн өмнөх дийзэнд амтат бялуу таллан хувааж барьсан Учрал хүүгийн толгойг зөөлөн илбэж, -Болдоо миний дүү жүүс уугаарай. Бялуу ид гэхэд хүү толгой дохив. Дууч ч бас ярианд оролцон инээвхийлж -Манай Болдоо сайн хүү байгаа юмдаа. Надад их тус болдог юм. Бид хоёр сайн найзууд байгаа юм. -Болдоо бид хоёр бас сайн танилууд байгаа юм. Хүү баярын зоогноос амтархан идэнгээ ярианд оролцон инээвхийлж -Эгчээ та багш юмуу? Манай сургуулийн том ангид яг тань шиг багш хичээл заадаг. Та тэр багш эгчтэй их адилхан. Учрал толгой дохин инээвхийлж -Тийм үү? Эгч нь эмч хүн. Тэр багш эгч чинь надтай тийм адилхан гэжүү? Миний дүү нар надтай адилхан ч надад тийм багш дүү юмуу эгч байхгүй л дээ. Хүүгийн нүд томрон Учралын зүг гайхан харав. -Өө эгчээ та нээрээ эмч юмуу? -Тийм

-Манай ээжийг эмч нарын буруугаас болж үхсэн гэж аав хэлдэг юм. Тэр үнэн юмуу гэхдээ хүүгийн дуу гомдонгуй болж одоо л ээжийнхээ талаар сайн мэдэж авъя гэх шиг Учрал өөд горьдонгуй ширтэв. Хүүгийн царай барайжээ. Саяхан л инээд гийж байсан мойл хар нүдэнд нь гунигийн сүүдэр бүрхэж нулимс цийлэгнэнэ. Хүүг харсан Учралын зүрхээр ширхийн хатгуулав. Ай халаг минь. Хүүгийн ээж хэн нэгэн эмчийн хариуцлагагүй ажиллагаанаас болж амь нас нь хохирсон юм биш байгаа даа. Үгүй ч байж бас болох л юм. Эмнэлгийн тусламж авахаасаа нэгэнт оройтож очоод бүх юм өнгөрсөн хойно эмчрүү буруугаа чихэж, тэднийг буруутгадаг хүмүүс ч бас байдаг. Хүүгийн ярианаас үзэхэд ээжийнх нь бие гэртээ ихэд муудсан гэдэг. Тийм бол түүний эрсдэлд хэн нэгэн эмчийн буруу баймааргүйсэн. Учрал хүүгийн ууртай гомдонгуй нүдийг өрөвдөнгүй ширтэж –Болдоо

миний дүү эгчийгээ уучлаарай. Эгч нь ээжийнх нь тухай юу ч мэдэхгүй юм. Манай хотод олон эмнэлэг олон эмч байдаг шүү дээ. Эгчид нь лав тийм харамсалтай золгүй явдал таараагүй хэмээн аргадангуй өгүүлэв. Хүү чимээгүйхэн санаа алдаж хоёр хөөрхөн гараа хооронд нь атгалах аж. Байдал чимээгүй дүнсгэр болоход энэ байдлыг дууч эвдэж –Болдоо миний дүү. Чи бид хоёр чинь энэ эгчийнхээ төрсөн өдөрт нь уригдаж ирсэн зочин шүү дээ. Бас бид хоёр чинь эр хүмүүс. Эр хүмүүс зовлонд гунддаггүй юм. Төрсөн өдөрт ирсэн хүмүүс чинь яах ёстой билээ гэхэд хүүгийн гуниг шингэсэн нүд дорхноо л очтон гийж –Төрсөн өдөрт үү? Хүүе Ганаа ахаа. Эгчээ. Манай ангийнхан байна ш дээ. Манай ангийн Навчаагийн төрсөн өдөрт очоод оройжин бүжиглэж, дуулсан ш дээ. Манай ангийн Уянга байна ш дээ. Казак бүжгийг аймаар гоё бүжиглэдэг. Халиунаа болохоор шүлэг уншсан. Хүүхдийн цовоо цолгиун дуун гэрт нь ийн хангианахад Учрал дуртай байлаа. Дууч залуугийн дуун дахин

хүнгэнэж -Болдоо хоёулаа энэ эгчдээ төрсөн өдрийн баярын мэнд хүргэж дуулцгаах уу? гэхэд хүү баярласандаа царай нь гэрэлтэн -Тэгье тэгье. Би эхлээд дуулъя тэгэх үү, Ганаа ахаа? -За тэг. Манай Болдоо чинь сэргэлэн маш ухаалаг хүү шүү дээ. Бас их тусархаг. Олон удаа нүд минь болж ахдаа тусалсан сайн хүү дээ. -Сайн хүү юм даа. Хүү ах, эгч нарын энэ магтаалд баярлан царай нь улайж эвлэг хөөрхөн хоолойгоор дуулж гарав. ….Зөндөө олон ээжүүдийн дундаас Зөвхөн миний ээж л алгуу даа. Дууч залуу хүүг дэмжин аяархан дуулах аж. Тэнгэрээс хол явчихсан гэх юм Тэгээд та минь ирдэггүй юмуу даа. Хүүгийн торомгор хархан нүдийг гуниг бүрхэн хучиж, халуухан нулимс хацрыг нь дагаад бөмбөрөв. Хүүгийн байдлыг сайтар мэдэх Учрал түүнийг өрөвдөн ганц нэгэн нулимс унагав. Гэсэн ч Учралын хувьд төрсөн өдрийн баяр үнэхээр сайхан болж байлаа. Гансүх сайн чанарын сархад ганц хоёр хундагыг тогтоож царай нь улаа бутран их л баясгалантай байв. Тэд амттан алагласан ширээний ард сууцгааж гуниг баяраа хуваалцан удтал сууцгаав Дуртмал хархан нүдэнд чинь

Дасан дасан учирсан даа Дээлтэй сарнай чамайгаа Дуундаа яаж л мартах билээ дээ. Аа аа аа Нүдэн бүсгүй чи минь дээ. Сайхан дууны аялгуу тасалгаанд дуурсч цээж дотор ариусгана. Цэл залуу настай цэвэр сайхан царайтай ч орчлонг харах мэлмийгүй түүнийг ямархуу тавилан хүлээж буйг хэн мэдлээ. Үнэнийг хэлэхэд гудамжинд сууж өл залгадаг, хэнд ч хэрэггүй сохор залууг төрсөн өдрийн баяртаа урьсан, учир нь үл олдох, усгал намуухан дуутай, залуу сайхан чинээлэг энэ бүсгүйг Гансүх ойлгохгүй байлаа. Хэн нэгэнд гомдож ганцаардсан хүн юм болов уу даа хөөрхий. -Ингэхэд та ганцаараа амьдардаг юмуу даа? -Нөхөр маань хөдөө ажлаар явсан л даа. Гэнэт ажил гараад. Тэгээд л ганцаардаад та хоёрыг урьсан юм. -Хачин юм даа. Та бас ганцаарддаг гэжүү дээ. Энэ асуултаньд бүсгүй хариулсангүй. Түүний үл мэдэг санаа алдан уйтайхан толгой дохихыг залуу мэдсэн бололтой. Залуу мөн л толгой дохиж -Би бас заримдаа их ганцаарддаг юм. Миний ганцаардал ээжийг минь өнгөрснөөс хойш бүр ч ихэссэн дээ. Ээж минь амьд байхдаа миний төлөө бүхнийг хийдэг байлаа. Одоо би маш

их ганцаардаж байна. Миний төрсөн эгч нар бий л дээ. Баян чинээлэг амьдралтай нь ч бий. Тэд нарынхаа хэнд нь ч би дараа болохыг хүсдэггүй. Харин нэг эгчийн минь нөхөр нь нас бараад одоо тэр эгч минь хэдэн өнчин хүүхэдтэй зовж яваа даа. Ээжээс үлдсэн ганц өрөө байрандаа бид хэд хамт амьдардаг юм. Муу эгчдээ тус дэм болох л гэж би ингэж гадаа гандаж, амьтан ах дүүсээс тав арван төгрөг горьдож суудаг юм даа. Үнэнийг хэлэхэд хүмүүс намайг хараагүй болохоор дэндүү их дээрэлхэх юм даа. Өнөөдөр л гэхэд овоо хэдэн төгрөгтэй цүнхээ хэн нэгэнд алдчихаад харамсаж суугаа нь тэр. Тэр алдсан цүнхэнд минь өчигдөр өөрийн чинь өгсөн мөнгө ч бас байсан юм. Хайран ч мөнгө минь. Лав долоо хоногийн хоолны мөнгө байсандаа. Чин сэтгэлээсээ ийн харамсан харамсан ярих залууг бүсгүй ихэд өрөвдөн суулаа. Хөөрхий минь дээ. Бас л нэг зовсон амьтан. Түүний цээжний гүнээс ундран гарах дуун нэн уянгалаг шигээ амьдрал нь дэндүү хэцүүхэн нэгэн аж. Оройхон Учралтай уулзахдаа хөхөлзөж, зэвийн цайсан царай нь туяаран ягаарч мишээл тодроод цээж ханхалзуулан суусан дууч эр мөнөөх сайхан дуугаа дахин нэг дуулаад

явахыг завдав. Уг нь Гансүх нүд хөмсөг сайхантай, өндөр чийрэг биетэй сайхан төрсөн нэгэн юмсанж. Гансүх долоон хүүхэдтэй айлын отгон хүү бөгөөд эцэг, эхээс хагацсанаас хойш зүдгүүрт энэ амьдралтай зохицох гэж ядаж л яваа хүнсэнж. Учрал шөнийн тэнгэрт үй түмэн одод орчих үес Гансүх, хүү хоёрыг хүргэж өгөхөөр гадагшилжээ… “Оройн хорин хоёр цагийн үес хашааны дааман хаалганы үүдний хонх жингэнэн дуугарахад Өлзий гуай цаг уруу нэг хяламхийснээ, нүүр харагдтал зүлгэж арчсан том цагаан данхан дээр гараараа дарж халуун юманд хүрмэгц -Халцгай гэж уулгалан ядруухан өндийж гадагшлав. Үе үе өвдөж зовоодог үе мөчнийх нь өвчин бас түүнийг зовоож өвдөгнийх нь нүдээр суун тустал хатгуулах ажээ. Намрын сүүлчийн сар учраас гадаа аль хэдийн харанхуй болжээ. Бяруу шиг том биетэй том хар нохой өтөл эзнээ дайрч унагачих шахан цоройлж эрхлэх нь тээртэй. Өлзий авгай өөртөө их л яаран хашааны хаалгаруу урагшлангаа нохойтойгоо хэрэлдэж, – Алив баавгай холдооч гэм. Хөл өвдөөд ядаж явахад дайрч унагачих гээд золиг чинь гэсээр

явж хаалгаа нээхэд цувцаа хүрэмнийхээ энгэрийг задгайлсан Тулгаа урам муутайхан орж ирэхэд том хар нохой залуу эзнийхээ энгэр өөд цоролзон дайрч баярлан давхихад эзэн нь ядарсан бололтой. -Баавгай холд л доо гэж төвөгшөөхийг ч үл тоон баавгай нэрт нохой нь баярлан давхиж хөл гартай нь ноцолдоно. -Миний хүү яасан их оройтох юм бэ дээ. Бие нь зүгээр үү? Ээж нь бүр санаа зовоод. -Би зүгээрээ. Ээжээ таны бие зүгээр биз? Наад хөл чинь дахиад өвдчихсөн үү? Эм байгаа билүү? Би яах вэ, нэг ажил гараад том ахын ажлаар очиж уулзаад ирлээ. Тэгээд оройтчихлоо. Эхийн дуу зовинонгуй сулхан болж – Өө тэгээ юу. Байна уу тэгээд цаад ах чинь? Царай зүс нь ямар байна. Бие хаа нь зүгээр байна уу? -Надтай зөрөөд л нэг тийшээ явчихна билээ. Ямар таван үг сольж хүн шиг ярьж хөөрөх ч биш дээ. -Ажил гараа л биз дээ зайлуул. Уулаасаа л үг дуу цөөтэй хүүхэд. Яах гэж муу ахыгаа тэгдэг юм чи. Орж цай хоолоо ид. Өлзий хүүгээ гэрэлд хараад өөртөө л цочирдон гайхав. Хүү нь цамцаа нэвчтэл хөлөрчихсөн ажээ. Хоол, цайгаа ховдоглон үмхлэх хүүгээ харсан Өлзий дотроо ихэд хайрлан хүүгийнхээ толгойг илбэж “муу хүү минь арай хүн амьтнаас зугатсан

юм биш байгаа даа” гэж уулгалав. -Миний хүү яасан ч их хөлөрсөн юм бэ дээ? Хүн амьтнаас айж зугтаасан юм биш биз дээ,арай? -Юу гэж дээ. Ээж дандаа балай юм бодож байх юм. -Миний хүү яасан их оройтдог юм бэ дээ. Эртхэн ирэхгүй яасан юм бэ? Тийм их ажил гарсан юмуу. Ээж нь бүр санаа зовоод. -Би яав л гэж дээ. Унааны л мөнгөгүй болчихгүй юу. Тэгээд сургуулиасаа наашаа явган алхчихсан юм. -Пээ бурхан минь. Унааныхаа мөнгийг яачихсан хүүхэд вэ? -Хоол аваад идчихсэн. -За аргагүй ч байхаа даа. Хоолоо ид миний хүү. Ингэхэд миний хүү том ах дээрээ яах гэж очсон юм бэ? Миний хүүг тэгээд ах нь хүлээж авав уу даа? -Тэр намайг гудамжны нохой шиг л хялайж хараад өнгөрсөн. Том ах ч гэж дээ. Би л лав. -За цөгөө. Тэгээд яах гэж түүн дээр очдог юм бэ дээ, миний хүү. Эхийн хоолой чичигнэн цаанаа л нэг гомдонгуй цөхрөнгүй сонсдов. Эхийн энэ байдлыг үл анзааран хооллох Тулгаа үл анзааран -Өө, ээжээ миний халаасанд гурван зуун мянган төгрөг бий. Түүнийг та аваад хадгалчихаарай. Би яг хоёр хоногийн дараа авна. Хүнд өгөх юм шүү. Энэ мөнгийг олох л гэж тэр

нэг юмтай очиж уулзсан юм. Эхийн царай цонхийн сааралтаж -Хүү минь чи чинь өрөнд орчихоо юу? Тэр их мөнгөөр чи юу хийсэн болж таарч байнаа? -Үгүй ээ ээжээ. Би өртэй бишээ. Миний нэг дотны найзад мөнгөний хэрэг болчихоод би тэр ах гуайгаас мөнгө гуйж очсон юм. -Болж л өгвөл миний хүү, тэр ахдаа дахиж битгий төвөг удаарай. Тэр хүүдээ муу аав чинь ёстой амь шиг хайртай байсан юм даа. Сайн сайхан л яваасай даа хөөрхий минь. Одоо хүртэл үр хүүхэд заяахгүй юм. Нас нь дөч хүрчихлээ байна. Эхнэр нь уг нь их л сайн хүүхэн шиг. Яамаарч юм бэ дээ. Гэнэт Ядамын төлөө сэтгэл зовж дотор нь шархираад явчихад Өлзий гүн санаа алдахад Тулгаа хүү нь эх өөдөө нүд буландан харж -Тэд нарын амьдрал таньд ямар хамаатай юм бэ? гээд аягаа угаахаар босов. –Хош чи. Юу хэлэх чинь энэ вэ? Одоо бүр эх захаа алдаж гүйцэх нь. Тэр чинь чамтай л адилхан миний хүүхэд. Том толгой гаргаад байгаарай чи. Сүүлийн үес Өлзий эхийн бие цаанаа л нэг тамирдаад байх болсон нь хүүгийн сэтгэлийг түгшээж байлаа. Тулгаа ээжийнхээ нүүр өөд харахад ээж нь нүдэндээ торолзох нулимсаа арчин, бөөвийж суух нь их л өрөвдөлтэй

харагдахад “Том ахын тухай хэрэггүй л хэллээ. Өөрийнх нь төлөө ингэж зовж байхад тэр ах ганц ч гэсэн хүрээд ирээсэй” гэж бодов. Энэ зуур Өлзий эхийн сэтгэл ганц Ядамд ч зовсонгүй. Бага хүү Тулгаагийнхаа хэрэгцээг яажшүү таслахгүй байх талаар дотор хүнтэйгээ зөвлөж суув. За байз. Маргааш нөгөө тэтгэврийн хэдийг ч өгчих ч арга байхгүй л байх даа. Энэ хүүхэд маргааш автобусны мөнгөгүй болчихдог мөн тоогүйеэ. Уг нь энэ жил л нэг тэсчихвэл ирэх хавар сургуулиа төгсчих юмсандаа. Үгүй энэ хүүхэд одоо юу л болоод байна даа. Бас Ядам дээр очих тун ч дургүй л хүүхэдсэн. Түүнээс очиж мөнгө гуйхыг бодоход их л чухал ажил гарч дээ. Одооны охид их айхтар болсон гэлцэх юм. Элдвийн охид толгойг нь эргүүлээд байгаа юм биш байгаа даа. Яадаг ч юм билээ дээ. Энэ хүүхдийн байдал нэг л биш. За байз яая даа. Муу хүүдээ маргаашийн хоолны мөнгө зардлыг нь хаанаас олж өгөх билээ дээ. Должин дээр ордог юм билүү. Хүүхдүүд маань яагаад ойрд үзэгдэхгүй байгаа юм бол доо. Энэ муу багыг хэдэн талаас нь дэмжээд сургуулийг нь төгсгөчих юмсан. Бас ч гэж хүний төрсөн юм гэж. Ааш авир муутай ч муу Ядам минь сургуульд оруулж,

жил болгон төлбөр мөнгийг нь төлж өгч л байна. Сэтгэл нь хаа байх вэ бас ч гэж Ядам маань баян чинээлэг гэлээ ч муу эцгээсээ хойш хүний хувьд их л ганцаардаж байгаа байлгүй хөөрхий. Манай энэ хэд ааш авираас нь жийрхээд ойртож , дотносох ч үгүй юм гэх бодол хөврүүлсээр Өлзий эх бага хүүгийнхээ зардал олохоор хөрш хөгшнийх рүүгээ яаран гарахад -Ээжээ таа хаачих гэж байгаа юм бэ? гэх Тулгаагийн дуу ард нь хоцров. -Иш Өлзий минь. Яасан орой явна даа хө. Наад бие чинь гайгүй юу? Сонин сайхан юу байна даа хө? Хөрш нь дээр дээрээс нь давхцуулан ийн асуухад Өлзий шархиран хатгуулах өвдгөө барилан үл мэдэг ярвайж -Сонин юу байх вэ дээ хө. Ойрд энэ муу өвдөгний өвчин хөдлөөд. Мөн ч хэцүү байнаа. Их л орой болсон хойно айл хэсч явна даа. -Наад хөл чинь зүгээр бол орж ирэхэд яадаг юм бэ? Май хөө цай уу. -Ойрд том хүүхдүүд маань ирдэггүй ээ. Өнөө тэтгэврийн хэд маань ч сураггүй. Хүүгийн зардал тасарчихаад сандарч явнаа. Ямар сайндаа л харанхуй шөнө хаалгыг чинь онголзуулж явах вэ дээ. -Еэ харлаа. Зарим үед ч сандрах юм ч их гарах

юм даа бидэнд. -Харин тиймээ. Энэ муу хүүгээ энэ жил сургуулийг нь нэг дүүргээд авбал ч бас учиртайсан. -Тэгэлгүй явах вэ дээ. Өлзий минь. Танай хэд ч уг нь томоотой, сурлага хичээлдээ сайн хүүхдүүд дээ. Бүгд сайн сайхан л явцгаана. -Үгүй яах вэ дээ. Энэ багаас бусад нь өөр өөрсдийгөө л болгож явна даа. -Өнөө Ядамаас сурагтай юу? -Ажил ихтэй, гэр оронгын бараа тоотойхон хардаг л хүний сураг сонсдох юм. Сайн л яваа бол болоо доо. Хөөрхий минь. Манай энэ бага хааяа очиж уулздаг бололтой. Энэ муу дүүгээ ямар ч гэсэн бүхнийг нь даагаад сургууль төгсгөх гэж байна даа, хөөрхий. -За болж дээ. Багын их хэрсүү хүүхэд дээ. Эцгээсээ хойш сар шинээр л нэг үзэгдэх юм даа чам дээр… -Ажил ихтэй байдаг бололтой зайлуул. -Тийм л байх даа зайлуул. За тэгээд Өлзий минь би ч бас эдийн засгаар маруухан л сууна. Чамд хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ дээ. Надад байгаа нь л таван мянган төгрөг байна. Хоёулаа хуваах уу даа. -Тэгье дээ хөө. Би удахгүйг л хичээе. -За яах вэ, боломжоороо л бол. Би энэ муу хоёр үнээний буянаар болж л байна. -За гялайлаа Должин минь. Би явъя даа. Чи минь амарч үз. -Өө тийм зөнөнө гээч нь л болж байх шиг байна даа, харла гэж. Чамд өглөө л оруулж өгөх гээд мартчихаж. Май энэ цайны сүү. Энэ тараг. Хүүдээ уулга. -Иш Должин минь. Чухам л гялайлаа. -За

Өлзий минь бүдрээд уначихавзай. Хоёр үнээний буян болж байнаа. Орж ирээд цайны сүү авчихаж бай л даа чи. -Тэгнээ тэгнэ. Намрын гил хархан шөнийг сүлж үй олон одод тэнгэрт яралзана. Машин тэрэгний хөлд хонхойж овойсон гэр хорооллын энхэл донхол замд бүдчин урагшилсан Өлзий өмнөөс ирэх сүүтийсэн хар юмнаас сүнсээ зайлтал цочив. Золтой л бидонтой сүүгээ алдчихсангүй. Сүүтийсэн дүрс түүнд ойртож -Ээжээ та чинь хааччихдаг байнаа. Миний бүр гайхаш тасраад сүүлдээ бүр айлаа ш дээ. Айлд орох байсан юм бол хүүдээ хэлэхэд яадаг юм бэ? Алив хүү нь түшээд авъя. Санаа нь амраад явчихсан хүү нь ийн дотносон хэлээд эвлэгхэн нь аргагүй ээжийгээ түшин урагшлав. -Ээж харанхуй шөнө айлаас юм гуйгаад яваа юмуу даа? -Должин эгч нь сүү бас тараг өгөөд. -Та заавал харанхуй шөнө орж авдаг нь юу юм бэ? -За яадаг юм бэ? Чамд өгөх гэж л тэр. Ээ ёо ёо хөл. -Тээр ийм байж. Шал мангар юм. Дахиж битгий ингээрэй за юу ээжээ. -За миний хүү. Ээж нь дахиж харанхуй шөнө айл хэсэхгүй ээ. Ээж хүү

хоёр ийн ярилцсаар гэртээ орж ирэв. Хэдэн жилийн өмнө талийгаач эцгийнх нь барьсан дүнзэн байшин цаанаа л нэг сэтгэлд өег тухлаг. Өлзий хүүгийнхээ хажууд ёолохгүйг хичээн босч талийгаач нөхрийнхөө мөнгөн аягыг авч тараг хийн жаахан элсэн чихэр хутган хүүгийнхээ өмнө тавьж мойнийж яваа хэдэн хуруугаараа толгойг нь энхрийлэн илбэж -Миний хүү уучих. Унтахын өмнө эм гэсэн үг. Должин эгчтэй нь ээж нь насаараа л энэ гудамд айлслаа даа. Ээждээ зовох юм байхгүй ээ. Миний хүү л сургуулиа төгсчихвөл ээж нь тэгээд болох нь тэр. Хүү нь ээжийн яриаг сонссон үгүй хоёрын хооронд эцгийн аягатай таргыг амтархан идэх зуураа нэгэн зүйлийг чухалчлан бодсоор суув. Энэ нь мөнөөхөн дээрэнгүй авирт баян ахыгаа л бодож түүнд дотроо гоморхож суусан ажээ. -Ээжээ, Энэ Ядам ах тэгж байгаад аавтай их адилхан юмаа, тиймээ? -Тэгэлгүй яах вэ, та нарын том ах шүү дээ. Миний хүү болж л өгвөл том ахтайгаа эвтэй байгаарай. -Тэр чинь тэр хүнээс л шалтгаална даа. -За цөгөө. Ахыгаа

юу гэж хэлэх чинь энэ вэ? Миний хүү ямар хүнд ахаасаа мөнгө авч өгсөн юм бэ дээ? -За ээж одоо ямар хэрэгт дуртай юм бэ дээ. Би сайн найздаа л авч өгсөн юмаа. За за би ядраад байна унтлаа шүү. -За тэгдээ тэг. Өлзий эх унтаж байгаа хүүгээ сэрээхгүйг хичээн шархиран өвдөж хөл гарынхаа өвчинд шаналан эргэж, хөрвөөж хэвтэхдээ маргаашнаас эхлээд хүүгийнхээ унаа хоолны мөнгийг мянган төгрөг болгохоор шийдэв. Өлзий эх бас сэтгэлдээ адайр аашт, баян тарган дагавар хүүгээ бодож хэвтэв. Тэр хүүгийн тухай сонсоод зовохгүй ч байхын аргагүй мэт. Арай ч тийм ааштай хүүхэд байгаагүй л юмсан. Муу юмны хорлол, атаа жөтөө, хар цагаан хэл амнаас болж хүний ааш зан ингэтлээ өөрчлөгддөг юм болов уу. Эхнэр нь уг нь их сайхан зантай хүн харагддаг. Эхнэртэй нь уулздаг юм билүү. Ядам ямар ч хүний үгийг үг гэж сонсох ч биш дээ. Хар нялхын л муухай ааштай хүүхэд байсан. Талийгаач эцгээсээ хойш сар шинээр нь ирж золгодогт нь Өлзий дотроо баярладаг билээ. Бас ч гэж адайр хахир зантай ч гэсэн энэ хэдийгээ очиход хүссэн юмыг нь өгдөг л юм гэсэн. Тэгэхээр хэдэн

дүү нараа бас улайм цайм орхиж чаддаггүй л юм шиг. Нэг эцгийн цус судсаар нь гүйсэн энэ зургаан хүүхэд бие биенээ дээдэлж хүндэлж явах шиг сайхан юм хаана байхсан билээ дээ. Ээ бурхан минь. Насны энэ өндөрлөгөөс эргээд харжээ байхад Ядам эцгийгээ нас барснаас хойш ирэх нь ховордсоор одоо жилд аргагүй ёсыг бодож цагаан сараар л ганц удаа ирэх боллоо доо. Тэгэхээр тэр хүүхэд надад л битүүхэн гомдоод байдаг юм болов уу даа. Муу өвгөний минь сүнс надад гомддог байх даа хөөрхий. Загасны мах заагтай гэгчээр манай энэ хэд ахаасаа арай л дэндүү хол байх шиг. Маргааш ер нь Ядамыгаа Дамчаа хувилгаанд үзүүлж арга засал хийлгэнэ байгаа даа. Бас Учралтай очиж уулзъя байз. Ер нь Ядам маань бас ааш нь хөдөлбөл эхнэрээ зовоогоод байж мэдэх л хүн. Энэ хүүд бодвол тэдний утасны номер байдаг биз гэсэн бодол орж ирэхэд нь хүүгээ харвал хүү нь цаашаа харчихсан унтаж байх тул эх сэмхэн босч хүүгийнхээ номоо хийдэг

цүнхийг онгойлгож утасны дугаар бичдэг жижиг тэмдэглэлийн дэвтрийг нь авбал дотроос нь царай тунгалаг залуухан эмэгтэйн зураг гарч ирэхэд тэрээр сониучирхан авч үзэв. Сайхан охин ажээ. Охин эхийн өмнөөс танан цагаан шүд яралзуулан инээнэ. Эхийн сэтгэлд баяр түгшүүр хоёр зэрэгцэн орж ирэв. Отгон хүү нь өсч голомто тусгаарлах цаг болсон аж. Үр хүүхдийнхээ гэрийн утааг үзэж, үрийнх нь зулайг үнэрлэх чухамдаа эх хүний хамгийн том аз жаргал. Энэ бол Өлзий эхийн хүсч чимээгүйхэн бурхандаа залбирч байсан хамгын том баяр. Харин .. харин бараа зүс нь ч харагдаагүй байж хүүгээр нь ахаас нь их хэмжээний мөнгө зээлүүлэгч энэ охин хэн бэ? Хүүгийн ахаасаа мөнгө зээлж сайн найздаа өгөх гэдэг нь зөвхөн энэ охин гэдгийг эх мэдээд авав. Арай .. Арай хүү минь элдэв бус явдалтай охинтой сэтгэлийн холбоотой болчихсон юм биш байгаа даа. Эхийн сэтгэлд бас түгшүүрийн харанга дэлдээд явчих нь тэр. Тэр охин хэн юм болоо. Эх дахиад зургийг сайтар ажиглав. Уруул дээрээ том хүрэн мэнгэтэй юм. Бас хацар нь инээхээрээ хонхойдог ажээ. Уруул дээрээ мэнгэтэй эмэгтэй хүнийг амны хишигтэй гэдэгсэн. Хүүгийнх нь найз охин амны хишигтэй аз жаргалтай хүүхэд байгаасай. Тиймээ, тийм ийм

сайхан охин жаргал авчралгүй яах вэ? -Хүүе, ээж та чинь юу болоод хүний цүнх ухаад байгаа юм бэ? гэх дуунаар эх агдасхийн цочив. Шалдан нүцгэн хүү нь үсрэн босч ирж эхийн гараас охины зургыг шүүрэн авав. -Ваа золиг гэж. Хичнээн цочив оо. Яаж байгаа монш вэ? -Тэгэлгүй яадаг юм бэ, хүний юм дураараа аваад. -Сайхан охин байна. Ээж нь нэг хөөрхөн бэртэй болох нь уу даа. -Ээж ингээд байдаг юм ш дээ. Хүү нь өөр юу ч хэлэхгүй ичингүйрч мөнөөхөн охиныхоо зургийг шүүрч, орондоо толгой дээгүүрээ хөнжлөө нөмөрчихөв. Өлзий эх хүүгээ уцаарлангуй харж -Хөөшээ. Алив хүү минь Ядам ахынхаа эхнэрийн утсыг олоод өгөөч гэж гуйв. -Та түүний утсаар яах гэсэн юм бэ? Юу гуйх гээд байгаа юм бэ? -За цөгөө. Хэзээ би тэднээс юм гуйж байсан юм бэ? Ядамын эхнэртэй уулзах хэрэг байна. -Наана чинь хамгийн эхний хуудсан дээр байгаа. -За за. Энэ оллоо. Ядамын

эхнэрийн утсыг олж авсан Өлзий эхийн сэтгэл нэг талаар амсхийх шиг болж шархиран өвдөх хөлөө дарсаар ор уруугаа дөхөхөд Хайртай охиныхоо зургийг санаандгүй ээждээ үзүүлсэндээ нэг талаар ичиж нөгөөтэйгүүр баярласан Тулгаагийн нойр сэргэж Одончимэгийн зургийг элгэндээ наан энхрийлж зөөлөн үнслэн түүнийгээ туйлын их хүсэмжлэн хайрлаж хэвтсээр нойрондоо дийлдэн унтав…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *