Нүүр Өгүүллэг “АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “1-Р ХЭСЭГ”

“АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “1-Р ХЭСЭГ”

10 секунд уншина
0
0
733

Учрал уйтайхан бодолд хөтлөгдөн цонхоор мэлрэн ширтэхэд том алаг нүднээс нь сувдан урсах нулимсан дуслууд ар араасаа бөмбөрч цонхны тавцан дээр чимээтэй гэгч нь унах ажээ. Түүний нулимстай

нүдэнд бөртөлзөн харагдах гадаад орчны өнгө ч, тээр дээр мэлтийн бүртийх ч үүлгүй тунгалаг хөх тэнгэрт цэгийн төдий жижгэрсээр одох хоёр бараан шувуу ч гуниг цалгиана. Хорвоогийн ирж буцах учралыг

санагдуулсан намрын улирал хэдийнээ ирсэн аж. Цардмал замаар хөглөрөх шаргал навчис салхины сэвшээ тоолонд дээр дээрээсээ хуйлран бөөгнөрөх нь цаанаа л нэг гунигтай. Цэвэрлэгчийн тонтгор

шүүр ууртай гэгч нь шилбүүрдэж хөөрхий навчсыг бөөгнүүлж шатаахад бэлэн болгоно. Зэрэглээ цэлэлзсэн хаврын цэнхэр өдрүүдийг чимэглэж байсан гоо навчис хүйтэн цэвдэг энэ хорвоод илүүдсэн ч юм

шиг. Үнэндээ хорвоогийн жам ийм юм даа. Дэндүү их зовлонг алдхан биендээ үүрч дааж чаддаг хүн жаргалд харин амархан сөхрөх нь бий. Хүн ч бас навчис шиг хэврэгхэн юм даа. Нүүдлийн шувууд шиг үдлэх

энэхэн насандаа нүнжигтэй амьдралаас зугатах хэн ч байх билээ. Харин нүүдлийн юм шиг энэ богинохон амьдралд хүмүүн заяатын нүглийн тогоонд чанагдаж байгаагаа эс мэдэх нь даанч харамсмаар… Гал зуухны өрөөнөөс хамар сэтлэм ханхийх сайхан хоолны үнэр Учралын нөхрөө хүлээх сэтгэлийг улам яаруулна. Хоол цайны тансаг үнэр нөхөртөө гоморхох сэтгэлийг нь мартагнуулж цонх руу очиж ойр ойрхон харахад хүргэнэ. Учралын нөхөр Ядам түүнээс дөрөв таван насаар ах хөрөнгө чинээ эд мөнгөөрөө аархсан нэгэн. Амьдралынхаа арваад жилийг хамт өнгөрөөсөн ч ханийн хайр халамж, халуун дулаахан үг түүнээс холуур байдагт бүсгүй нэг их харамсдаггүй ч үе үе гунигт автаж нууцхан нулимс унагаах нь бий. Нэгэн томоохон үйлчилгээний газрын эзэн нөхөр нь гэртээ тогтох нь тоотой.

Нөхрийнх нь салхи татуултал хэлээд гарсан хэдэн хатуу үг бүсгүйг гомдож цөхрөн нэгийг бодоход хүргэнэ. “Өсч үрждэггүй бузар эм…” энэ үгийг бодохоос л хоолой нь зангирна. Яаж ч уурласан байлаа ч бодож сэтгэх амьдралын ухаантай хүн амьдралын ханиа ийн хэлж болно гэжүү? Гомдлоо гээд ч яах юм билээ дээ. Дэндүү хатуу ч гэсэн тэр үгэнд үнэн оршино . Нээрээ надаас яагаад хүүхэд төрдөггүй юм бол? Шаналалын хажуугаар энэ бодол цээжийг нь багтрааж байж суухын аргагүй болгоно. Гомдлын нулимс горхилоод байгаа хирнээ л нөхрийнхөө машиныг хэзээ булан тойроод гараад ирэх бол гэж гадагш харуулдана. Ийн зогссоор шөнийн тэн хагас болсныг ч тэрээр мэдсэнгүй. Цагийн харанга шөнийн 01 цаг дэлдэх үес бүсгүй урам муутайхан унтлагынхаа өрөөг чиглэжээ. Тэрээр нөхрөө ирээгүйд гомдол шаналал нь улам ихсэхийн зэрэгцээ хардах харамлах бодол

төрнө. Нөхрийнхөө памбагар зузаан том дэрийг бяд муутайхан хоёр гараараа хэсэг цохилсноо дэрэнд нүүрээ нааж мэгшин уйлахад хэрэгт дуртай саран цонхон дээр ёлтолзоно. Учрал жигтэйхэн цочсондоо огло харайн босч, чичирхийлэн салгалах гараараа булиглан цохилох зүрхээ даран уужуухан амьсгаа авах гээд чадалгүй бөмбөлзтөл чичрэн хэсэг зогсов. Үүрийн 04 цагийн харанга тэрүүхэндээ чимээтэй цохилон хаалганы хонх ууртайяа тачигнах ажээ. Нөхөр нь ирж байгаа нь тэр. Үүр шөнийн цагаар өөр хэн тэднийд ирэх билээ. Ихэд согтсоноос минчийн хүрэнтсэн нүүрээр нь хүйтэн хөлс чийхарч, нойтон магнайнаас нь уур савссан түүнийг жолооч нь түшсээр оруулж ирэхэд Учрал урдаас нь түшин авч жолоочтой хамжин байж хүнд лагс биетэй нөхрөө арайхийн оронд нь хэвтүүлээд унтчих болов уу гэж горьдон гэрлээ унтраахад жолооч залуу түүн уруу учиртайхан нүд

ирмэчихээд гарч одов. Гудамжаар хаа нэгтэй холхих хөлийн чимээ онгорхой салхивчаар сонсдон чийглэг сэвшээ салхин сэвэлзэнэ. Хөлчүү нөхрөө сэрэхээс болгоомжилсон бүсгүй шөнийн түнэр харанхуйг цуучин гэрэлтүүлэх гэрэл чийдэнгүүд гоёсон их хотын нэгээхэн хэсгийг ямарч зорилгогүй мэлрэн ширтэж сэмхэн сүүрс алдав. Энэ утгагүй амьдрал хэдий хир үргэлжлэхийг хэрхэн тааж мэдэх билээ. Намрын урин хирнээ хүйтэвтэр сэвшээ салхин салхивчаар нь урсан ирж нүүгэн хэнхдэг чээж рүү нь үлээнэ. Орцных нь үүдэнд машин сүрхийн зогсох чимээнээр анхааран харвал эмнэлгийн машин ажээ. Машинаас цагаан халаадтай залуухан эмч бүсгүй яарч сандчин халаадны хормой дэрвүүлэн бууж эмчилгээний хэрэгслээ барьсаар орц руу орохыг харсан Учрал “хэн нэг нь өвдөж дээ” гэж өөртөө сэмхэн шивнэв. Хэцүү ч юмаа даа яахаараа ингэж

хүмүүний эдлэх зовлон, жаргал өдөр шөнө шиг зааг ялгаатай байдаг байнаа. Зөвхөн орон сууцны энэ бяцхан орцонд л гэхэд нэг нь хүнд хэцүүгээр өвдөж энэ орчлонгоос явахгүй гэхдээ үхэлтэй тэрсэлдэн хайртай болгондоо хоргодож тэднийгээ зовоож, өөрөө зовж байхад нөгөө нь ёстой л бод идсэн боохой гэгчээр баян таргандаа бялуурч цэнгэл жаргалаа багтааж ядаж хэтрүүлчихээд түүнийгээ шингээх гэж өөрийгөө ч өрөөлийг ч зовоож бачуурах бөлгөө. Үл мэдэг толгой сэгсрэн, сэтгэл гонсгордуухан нөхрөө харсан Учрал дахиад л түргэний машиныг ширтэв. Төд удалгүй орцны хаалга савагдан онгойж хоёр хүн гүйн гарч эмнэлгийн машинаас том дамнуурга аван яарч сандран эргэж ороход эмч хүний хувьд мэргэжлийн гэмээр сэтгэхүй бүсгүйг хүлээн авч дотор нь палхийгээд явчихав. Яана даа их л тааруухан байгаа бололтой хэмээн түгшин бодов. Хэдэн мөчийн дараа хэдэн хүн

хэн нэгнийг дамнуурган дээр өргөсөөр эмнэлгийн машинд оруулахад тэдний өмнө хойно орон гүйж явсан жаахан хүү ханцуйгаараа хамраа шудран арчиж -Аав аа би ээжтэйгээ хамт явъя л даа гэж шөнийн агаарыг цочоон цангинуулахад Учралын бие салсхийн чичрэв. Гэсэн ч тэр орчны гэрэлд өдөр юм шиг харагдах сандарч тэвдсэн хүмүүсийг харсаар л байлаа. Жаал хүүд хэн хариулсангүй. Бас хэн ч түүнийг эмнэлгийн машинд оруулсангүй. Яарч сандарсан тэд чухамдаа хүүг анзаараагүй ч байж болох л юм. Хүүгийн “Ээжээ” гэх дуун гомдолтой сулхан сонсдож, нусаа татан шуухитнаж уйлж байгаа бололтой доош тонгойн хэсэг сууснаа босч урам муутайхан орц уруугаа алхахад бүсгүй гүнзгий санаа алдав. Хувь тавилангийн бурхан энэ жаахан хүүг ивээж хамгийн хайртай ээжийг нь түүнд буцааж өгөөсэй билээ. Хүүг орсны дараа сэтгэл нь ихээхэн хямарсан бүсгүй нөхрөө сэрээчихвий гэж төвөгшөөн болгоомжтой гэтэн алхсаар орондоо хүрч, өргөн

орныхоо нэгээхэн өнцөгт хярсан туулай шиг айж цочин чимээгүйхэн хэвтэв. Нөхөр нь согтохоороо элдвийн таагүй араншин гаргах тул ийн болгоомжлох ажээ. Хэсэг хугацаанд өрөөнд анир чимээгүй болов. Гэнэт нөхөр нь чимээтэй гэгч нь янцаглан босч нүсэр том биеэрээ ганхан алхсаар хоолны өрөө руу яваад орчихов. Бүсгүй араас нь их л сэрэмжтэй харав. Ам нь аргаж хатан, хэл нь хуурайшсан Ядам шил аягаар дүүрэн хүйтэн ус цоргоноос гоожуулж тэр чигт нь залгилж орхив. Холоос хөлөртлөө давхиж ирсэн морь шиг хар хөлс нь аандаа л цутгаж зогсолтгүй салгачин чичирхийлэн, зүрхээ даган зузаан махлаг бие нь тэр чигтээ л салгалах Ядам гал залгичихсан юм шиг халуу төөнөх цээжээ барилан хэсэг зогссоноо гэнэт агзасхийн өндийж унтлагын өрөө уруу шуналтай гэгч нь харж шүлсээ гүдхийтэл залгив. Хэсэгхэн зуур түүнээс алслагдсан нэгэн зөн совин тархинд цус ойтол цутган орж ирэхэд тэрээр бүдэг гэрэлд махлаг хацраа цүлцэгнүүлэн ганцаар инээж – Аа, цусаар урс. Ойрд эхнэрээ жаргаасангүй. Адтай муу золигийг. Одоохон чамайг. Ай сайхан сайхан Мөнхийн ганц хүү

жаргаж байна даа гэж ганцаараа ярихыг сонссон Учрал толгой дээгүүрээ хөнжлөөрөө бүтээчихэв. Ядам аахилж уухилан хэсэг зогссоноо шийдэв бололтой эхнэр уруугаа тэнтэр тунтар алхсаар орныхоо урд ирж хөнжил дотроо бөмбөлзтөл чичрэн хэвтэх эхнэрээ алмайран хэсэг харснаа гэнэт өнөөх түрэмгий зан нь хөдлөв бололтой хөнжлийг нь угз татан авч үүд уруу хөсөр шидэв. Тэгснээ үл мэдэг бодолхийлэн амьсгаа нь дээрдэж ирснээ яарч сандчин эхнэртээ хүрч цонхны гэгээнд цавцайн цайрах эхнэрийнхээ ганган цагаахан биеийг нь тэвэрч авав… Үүр манхайтал цайжээ. Хайр энхрийлэл, гуниг цөхрөл, өвчин хагацал, төрөх баясах зэрэгцсэн нэгэн шөнө өнгөрч шинэ өдрийн гэгээн наран тасалгаан доторхийг гэрэлтүүлнэ. Учрал яарамгүйхэн босч дээшилж цахилгаан тулгаа залган шинэ өдрийн шинэ цай чанав. Нөхөр нь унтсаар л. Бүсгүйн цухалдал хэвээр л байлаа. Урьд өдрийн гомдол хэвээрээ түүний хоолой өөд гашуун оргиулан цоролзох ажээ. Бүсгүй чичирч салгалсан гараараа салхивчаа

цэлийтэл нь нээхэд өглөөний тунгалаг агаар цэлсхийн орж ирж тэрвээр цээж дүүрэн амьсгалав. Нөхрийнх нь ихээхэн цухалдан байж хэлсэн мөнөөх хэдэн үг зүрхийг нь хатгачин, хоолой аргуулахад тэр дэмий л цонхоор харж зогсов. Довжоон дээр нэгэн жаахан хүү бараг л цээж нүцгэн шахуу хэн нэгнийг хүлээсэн бололтой сууна. Бяцхан оюундаа нэгийг бодож тун ч гунигтай суух түүнийг харсан Учрал үл мэдэгхэн санааширч дотор нь давчдаад явчихав. Хөөрхийдөө шөнийн уйлаад үлддэг хүү мөн шиг байна. Гэрийнхэн нь ирээгүй л байгаа юм байна. Ээж нь яаж байгаа бол гайгүй л байгаасай гэх бодлын дээрээс “Нээрээ надаас яагаад хүүхэд гардаггүй юм болоо. Ай бурхан минь энэ хүү шиг хөөрхөн хүүтэй болохсон” хэмээн хүсэмжлэн бодов. Сүүлийн үес түүнд энэ бодол давамгайлах болсон тул зүрхээр нь ширхийн хатгуулав. Бүр шанааных нь судал гүрэлзэн лугшин хатгуулахад тэр сулхан ёолж сандал дээр суух гээд уначихав. Хэдэн хормыг тааз ширтэн хэвтэх, суух хоёрын хооронд өнгөрүүлтэл өглөөний тунгалаг агаар зүслэн хэн нэгэн уяралтай гэгч нь дуулахад бүсгүй огло харайн

босч цонх уруу очив. “Олны дундаас чамайгаа Онцлон онцлон хайсандаа Оройн буурал жавраар ч Оддын дор хүлээсэн дээ”. Сайхан дууны аялгуу цухалдсан цээжийг нь ариусгах мэт түрэн орж ирэхэд дотоод сэтгэл баясаасан гэгээн гуниг бүсгүйн зүрхийг тогшлоно. Тиймээ олны хишиг горьдон амь зогоож гудамжинд дуулдаг өнөөх сохор дууч хүрээд ирчихсэн гэгэлзтэл дуулах авай. Ааа ааа ааа Нүдэн бүсгүй чи минь дээ. Ай хөөрхий амьдралаа гэж. Хэн нэгэн нүдэн бүсгүй хөөрхий дуучийн сэтгэлийнх нь гүнд хадгалагдсан нандин дурсамж нь ч юмуу аль эсвэл хөөрхий тэр дуучийн мөрөөдлийнх нь гэгээн дагина ч юмуу хэн мэдлээ. Дуучийн хажууд мөнөөхөн жаал хүү хэдийдээ ч юм бэ оччихсон гунигтайхан зогсох нь харагдана. Хорвоогийн гэсгээлт тавилан хүмүүний заяагаар дэндүү даажигнавч чадал мөхөс энэ нялх үрийг л битгий нэрвээсэй билээ. Ай бурхан минь. Учрал ийн бодож зогсов. Тэрбээр мөнөөхөн цонхныхоо янз мод

түшин шөнийн танил болсон бяцхан хүү, гудамжны дууч хоёрыг харсаар зогсов. Аялгуу сайхан дуугаар мялаалгасан намрын нэгэн шинэ өдөр ийнхүү эхэлж зулай дээрээс төөнөх намрын шар наран алтлаг туяагаараа сохор дууч, бяцхан хүү хоёрыг ивээнгүй төөнөхийг тэр харсаар л. Ийнхүү миний зохиолын баатар эмэгтэй өөртэйгээ хамт романыг минь хамт туулах гудамжны сохор дууч, жаал хүү хоёрыг мартахын аргагүйгээр сайтар харжээ. Зохиолч миний бие ч бас л зохиолынхоо энэ гурван баатрыг мартахын аргагүйгээр мандах нарнаар харсан юм. Өглөөн мандах нарнаар гэрчлүүлэн эхэлж буй зохиол минь ингээд үйл явдлынхаа өрнөл хэсэг уруу оръё доо. Орцны үүдэнд нэгэн шар такси тоосоо босгосоор ирж зогсоход Дуучийн дэргэд байсан хүү годхийн гүйж ирэв. Машины хаалга товхийн онгойж тор сав болсон хэдэн хүн бууж, нэг нь бүлтэгнэн зогсоо хүүг элгэндээ наан, -Үр минь яана даа бид хоёр гээд хоолой нь тагжран мөр нь чичрэгнэх нь хүүгийн эцэг бололтой. Тэр эрийн уй гашуутай царай яавч сайн юм

болоогүйг илтгэнэ. Учралын энэ бодлыг таах мэт нэгэн настайвтар эхнэр тэнгэр бурхныг дуудан цахиртсан хоолойгоор орилоход жаал хүү дагалдан чарлаж хар аяндаа бүсгүйн ар нуруу хүйт оргиод явчихав. Тэр хойшоо хэдэн алхам ухрав. Ай халаг. Хорвоогийн хүсээгүй хагацал. Ийм хөөрхөн хүүтэй эхийг хар үхэл аваад байхдаа ч яах вэ дээ. Мөнөөхөн уй гашууд автсан хэд бие биенээ түшин уйлсаар л. Хэдхэн алхмын цаана болж буй уй гашууг эс тоон сохор дууч дуулсаар л. Уй гашуудаа багтарсан хэд дотогш ороход сэтгэл ихээхэн эвгүйцсэн эмэгтэй энэ л буруутай гэх шиг дууч өөд хяламхийв. Тэр дуулсаар л. Бүсгүй энэ орчлонд хайртай бүхнээ орхиод одсон тэр үл таних эмэгтэйд харамсан хоолой нь зангирна. Хөөрхийдөө тэр эмэгтэй тийм ч таатай бус энэ хүйтэн цэвдэг орчлонд хөөрхөн хүүгээ орхиод явчихаж дээ. Ямар харамсмаар юм бэ дээ. Ямар хатуу хорвоо дээр бид эзэн нь болж төрөв дөө. Ай халаг. Хэдийгээр нүгэл ихтэй ч энэ цэвдэг хорвоогийн сайхныг хүмүүн орхихын цагтаа мэдэрдэг ч байж болох л

юм. Тиймээс ч хорвоог орхихдоо хоргодож, нүглээ үлдээгээд оддог бололтой. Зөвхөн орхин одохын цагт хамгийн сайхан ертөнц хүний л энэ шаргал орчлон юм шиг. Нэгэн сайхан эх хүүгээ орхиод явчихаад байгааг ч үл анзаарах хүмүүний амьдрал хөвөрч хотын гудамжинд нэгэн өдрийн ээлжит амьдрал нүргэлж эхлэв. –Хүүш чи минь яачихаа вэ? Яг л өрөнд орсон хятад шиг. Яах чинь энэ вэ? Учрал жигтэйхэн цочиж ухасхийн эргэв. Нөхрийнх нь хахир хатуу даажинт дуун эхнэрээ ийн цочоожээ. Дотоожоос өөр хувцасгүй нөхөр нь үелэг том гартаа жижигхэн дугтуй барьчихсан ард нь гайхангуй зогсоно. Түүнээс архины эхүүн муухай үнэр ханхийн нүд бөлцийн хавагнажээ. Цонхийн цайсан эхнэрийнх нь дуун урамгүй цөхрөнгүй болж -Өө чи байсан юмуу. Ямар их цочив оо. Нөхөр нь үл мэдэг инээхжүү аядан -Хм цочихоо. Юунаас тэр билээ. Чи байсан юмуу гэнээ. Өөр хэн байх байсан гэж, аан хэмээн нухацтайхан хэлж нүд нь хорсолтойгоор гялалзах нь бас л хэн нэгэнтэй утга учиргүй харддаг өвчин нь эхэлж буй бололтой. –Нээрэн би чамаас их цочлоо сая харахад л ухаангүй

унтаж байсан даг. Эхнэрээ ийн таагүй өнгө аястай хэлэхэд Ядам үс бүрхсэн шөрмөслөг гараараа эхнэрийнхээ мөрийг хумин тэвэрч, уруул хацрыг нь үрчин үнссэнээ нэг их худал хөхөрч –Унтахаа гэж.. Зарим хүүхнүүд нөхрөө унтуулчихаад л өөр бусадтай амжуулдаг гэлцдэг. Арай миний хонгор тийм зан сурч байгаа юм биш биз… аан гэхэд Учралын дотор зарсхийн түүний тэврэлтээс мултрав. Нөхөрт нь эхнэрийнх нь энэ байдал тийм ч таатай бус байгаа бололтой цонхруу энэ л буруутай юм шиг хөмсөг зангидан харав. Түүний харц нэгэнтээ эхнэрээ таа муутайхан ширвэх нь. Тэнд хэн байгаа юм бэ? гэх шиг бүсгүйд санагдаж дотор нь зарсхийв. Эхнэрээ хардаж тачаадан ойр орчныг харцаараа хянамгай нэгжин харсан Ядамын нүдэнд сэжигтэй юм юу ч харагдсангүй. Харин түүний нүдэнд нэгэн сонин юм харагдсан нь мөнөөхөн сохор дууч, бас ажил төрлөө зохицуулах гадагш дотогш явуулах гэж үймж бужигнах уй гашууд автсан хэд ажээ. Учрал нөхрийнхөө нүд өөд цөхрөнгүй ширтэж -Хэн нэг эмэгтэй нас барчихжээ. Тэр жаахан хүүхэдтэй юм байна. Ядамд энэ үг ямарч

байдлаар нөлөөлөөгүйгээр үл барам бүр түсхийтэл инээд алдах нь тэр. Эхнэр нь түүнийг зэмлэнгүй бүр үзэн ядсан ч гэмээр харцаар цоргин ширтэхийг ч тэр тоосонгүй. –Хн. Чи үүнийг л, энэ хэдэн нус нулимс болсон юмнуудыг л хараад зогсоод байгаа юмуу. Чааваас даа тэгээд нэг хүүхэн талийчихаа юу. Юун ч сүртэй юм бэ дээ? Ха ха ха. Үгүй тэр орилолдож байгааг нь ямар дарга, сайд үхчихсэн биш. Ядам аа чи юу ярьж байгаагаа мэдэж байна уу. Үхэх, төрөх хорвоогийн зохицолдоонд сайд дарга, ард иргэдийн ялгаа байдаг юмуу. Энэ чинь хэнд ч тохиодог хүний ёс. Арай ч дээ… Учрал өөрийн эрхгүй толгой сэгсрэв. “Ай бурхан минь ийм арилсан дотортой хүн бас байдагаа”. Чухамдаа Ядам эхнэрийнхээ үгийг сонсохыг ч хүсээгүй бололтой. Уйлж бахардсан хэдийг харж нулимсаа гартал хөхрөв. –Иш чааваас даа. Энэ нэг хэсэг хэдэн юмны уйлж байгааг нь. Үгүй мөн сүртэйеэ хө. Тэгснээ тэр гудамжны сохор дуучийг олоод харчихав. –Үгүй хөөш та минь ээ. Юу вэ хөөе. Дуулаад байгаа юмуу даа. Нээрэн дуулаад байна гээч хөөш. Хахаж цацан хөхөрч, аагирч омгорхсон дуунд цочин цөхөрч хямарсан бүсгүй сая л харж байгаа юм шиг гудамжны дуучийг гөлрөн ширтэв.

Гудамжны дууч дуулсаар дуундаа уярч цээжээрээ үл мэдэг ганхах ажээ. Намрын сэвэлзүүр цэнхэр салхи түүний нүүр хацрыг илбэн тоглох мэт. Өмнөө тавьсан цүнхнийх нь онгорхой аманд өрөвч цайлган нэг нь тав, арван төгрөг хийх нь харагдана. Түүнийг харсан Ядам дахиад л тачигнуулан хөхөрч, тагнай ташин шогшров. –Ай чааваас даа. Хүн амьд явахдаа мөн ч их юм үзнэ шүү. Нээрээ үгүй тэр хараач хөөе. Амьтан хүн тэр муу цүнх шүү юманд нь мөнгө хийгээд байна гээч хөөе. Их идээ хөөе. Их эд юм гээч хэмээн хөхөрсөөр л байв. Нөхрийнхөө эл байдалд Учралын дургүй ихээхэн хүрч түүнийг ууртайгаар харан –Яах нь вэ хөөрхий, ядарсан амьтан. Амьдрах аргаа олж л байвал болоо ш дээ. Хараагүй хүн гэхэд харин ч хэн нэгний гарыг хараад суулгүй өөрт байгаа авъяасаараа хэдэн төгрөг олоход яадаг юм бэ гэж өмөөрөв. Эхнэрийнхээ үгийг сонссон Ядам дахиад л түсхийтэл инээд алдаж –Үгүй ер тэгээд сохор байдаг нь ч юу чивдээ. Өө

нээрээ тийм юм байна ш дээ. Хажууд нь таяг нь байна. Нээрэн сохор юм байна гээч. Тачигнатал хөхөрч бусдын зовлонгоор доог тохуу хийгч нөхөртөө Учрал ихээхэн дургүйцэж дуугаа хураав. Үгүй ер ийм хүн байх гэж арай ч дээ. Манай энүүнд хүнийг хайрлах халуун сэтгэл даанч алга даа.. Эхнэрээ учиргүй хардан эргэн тойронд нь байгааг нэгжин харсан Ядам хэнийг ч олж хараагүйдээ сэтгэл нь амран гар дахь дугтуйтайгаа хоолны ширээн дээр чулуудаж буйдан сандал дээр амьсгаадан суув. Учрал уур савссан цай түүний өмнө чимээтэй гэгч нь тавингаа -Халуун цай уучих. Чамд бусдын зовлон хүртээлгүй. Чам шиг хөрөнгө чинээ, нэр хүнд сайтай хүн бусдын зовлонгоор доог тохуу хийх их л тусгүй дээ. Тэд зовж гутарсан хүмүүс чамд шоолж, тохуурхуулах ямар гэм хийсэн юм бэ? гэж ширэв татахад Ядамын нүд томрон “Энэ одоо юу гээд хэлчихэв” гэх шиг эхнэрийнхээ өөдөөс мэлрэн ширтэв. За юу болчихов. Ямар тахилыг чинь буруугаар өрчихөв. Хар өглөөгүүр уурлаж цэхэлзээд юу болчихоов. –Чамд үнэн

байдлыг чинь хэлж байна. Бусдын зовлонг ойлгодоггүй юмаа гэхэд доог тохуу хийхгүй байгаач. –Би яачихаа вэ? Энэ борчууд надад ямар хамаатай юм бэ? эсвэл чи зовоод байгаа юмуу. Чамайг би зовоогоод байна уу? Энэ үгийг сонссон Ядамын царай мэлрэн хүрэнтээд ирэв. Эхнэр өөдөө харц солбичуулан муухай харж –Миний бодоход чам шиг жаргалтай эхнэр энэ муу Улаанбаатарт тоотойхон байдаг байх шүү. Ингэхэд чи ер нь миний буянд алтаньд умбаж, торгонд хөлбөрч, мөнгөнд хөвж байгаагаа арай мартаагүй биз. Арай мартаагүй л баймаар юм. Энэ байдал чинь надад таалагдахгүй л байна шүү хө. Тиймээ муу нохойн гэдсэнд шар тос зохихгүй гэж. Чиний буянг би даахгүй юм шиг байнаа. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж надад л таарсан үг юм шиг. Надад ч бас хүсэл мөрөөдөл, дур сонирхолтой ажил гэж байдаг юм шүү. Би мэргэжлийнхээ ажлыг хиймээр байна. Ядам эхнэрлүүгээ нэг их том харснаа юу ч хэлсэнгүй аахилан боссоноо ширээн дээрээс дугтуйтайг авч эхнэрийнхээ өмнө

чимээтэй гэгч нь шидэж “Олон юм донгосоод байлгүй төрсөн өдөртөө бэлд. Пүрэв гариг ойртож байна шүү. Май энэ мөнгө хүний нүдэнд өртөж шунал гозойлгомоор олигтойхон гоёо ав. Харсан хэний боловч атаа шунал нь хөдөлмөөр нүнжигтэйхэн гоёл аваарай. Бусдыг би зохицуулна. Миний эхнэрийн төрсөн өдөр ямар болдгийг үзэг, харцгааг. Бут авнаа. Энэ муу Улаанбаатарыг доргионо. Өө тийм, нэр цууд гарсан алдарт гавъяатнуудаас хэнийг нь ирүүлэх вэ? Чамд хэн нь илүү таалагддаг юм бэ? Тэрнийг ч бас урина. Монголын нөлөө бүхий улс төрчид баячууд ирнэ. Монголын номер нэг бизнесмений эхнэрийн төрсөн өдөр ямар болдгийг үзэг. Муусайн атаач юмнууд мэдэж аваг. Бас миний нөлөөг ойлгог. Миний өмнө хөндлөн гишгэсэн хэн боловч хохь нь. Тиймээ надтай тэрсэлдсэн хэний боловч хохь нь л болно. Үүнийг миний эхнэр гэгдэх үргүй эм чи ч ойлгох л хэрэгтэй. Шүдээ хавируулан ихэд зуунги ийн өгүүлсэн Ядамын зангидсан гар зандан ширээнээ түсхийн буухад, гангар шаазан ханхийх чимээ гарч,

бөөрөлдөн унасан аяганаас асгарсан шаргал цай ширээн дээгүүр горхилон урсч нулимс шиг гялтаганан мөнгөтэй дугтуйг нэвчин норгов. Үгээр илэрхийлж хэлэхийн аргагүй бөөн юм хоолой өөд нь хуралдаж гашуун оргиулахад Учралын цээжин бие нь хөндүүрлэж хамаг бие нь салгалав. “Үгүй ер дөө энэ одоо намайг сүрдүүлж байгаа ухаантай юм байх даа. Сүрдүүлэх хүнээ ч мөн олж дээ” Учрал өөрийгөө хүчлэн байж нөхөр өөдөө тун ч ширүүн харав. –Чиний өөрийгөө олны өмнө рекламдах нэг хэрэгсэл болж хувирах нээ би. Чамд үр төрүүлж өгч чадаагүй эм хүний хувьд би чамаар төрсөн өдрөө тэмдэглүүлэх гавъяагүй хүн. Миний төрсөн өдрийг тэмдэглэсний хэрэггүй. Би тэнд чинь очих ч үгүй. Зангидсан гар дахиад ширээн дээр түсхийн бууж, чи очих л болно гэх хахирган дуун чихэн дээр нь хадаад явчихав. –Би чадахгүй ээ, Ядмаа. Чи намайг яавал яа. Бие биенийхээ дээр гарах гэж өрсөлдсөн баячууд та нарын ярих нь хүртэл зэвүү хүрэм. Инээх нь хүртэл хуурамч байдаг. Би тэгж

тоглоомын хүүхэлдэй болж чиний бусдад үзүүлэх амьд үзүүлэн болж чадахгүй. Ядам уурлаж бачуурсан эхнэрийнхээ үзэсгэлэнт царайг харж, дух уруу нь гогцоорон унжсан хөхөл үсийг хойшлуулж алгадмаар аядан -Юундаа ингэж уурлаад байгаа юм бэ? Дургүй байгаа юм бол болихгүй юу гэчихээд унтлагын өрөө уруугээ зүглэв. Тэрээр эргэж эхнэрээ хялайн харснаа өөртөө үл мэдэг инээвхийлж “Цусаар урс. Уг нь ч миний эхнэр хэний ч харааг булааж, зүрхийг шархлуулах ховорхон сайхан хүн л дээ. Лусын дагина л гэсэн үг. Харин хүүхэд гаргахгүй нь л жаахан тиймхэн юм даа. Үгүй ингэхэд энэ нөхрийг өөрт нь сайхан гэж мэдэгдэж болохгүй. Өөрийнхөө үнэ цэнийг мэдэрсэн эм хүн энэ гэрт тогтохгүй. Сайнтай нь ханилж, сайхантай нь явалд гэж. Тиймээ, энэ цаг үеийн овсгоотой, хөрөнгө чинээтэй эрсийн баримталдаг үзэл. Нээрээ ер нь тэгээд эхнэрээ олны өмнө гаргаж төрсөн өдөр энэ тэр гэхээ ч болъё. Нэг нь толгойг нь эргүүлж өөртөө татчихаж магадгүй. За тэгээд ч цусаар урс, энэ амьтан надаас явж

чадахгүй дээ, чадахгүй. Үүнийгээ ч өөрөө сайн мэдэж л байгаа. Ядамд аргамжигддаггүй юмаа гэхэд миний гарт түүнийг өөрийн эрхгүй цаламдан татах мөнгө гэгч хүчирхэг зэвсэг байна. Ай, сайхаан сайхан. Дэлхийг эзэгнэгч аугаа их мөнгө миний гарт байсан цагт нэг байтугай арван Учрал ч өврөө дэлгээд гүйгээд ирэх л болно. Ай сайхаан сайхан. Мөнхийн ганц хүү жаргаж байна даа. Жаргаж байна гэх таатайхан бодол хөврүүлж суулаа. Энэ үед Учрал нөхрийнхөө тоомжиргүй, дээрэнгүй, бийлэгжүү, бардам ихэмсэг төрхийг дургүйцэн түүнд гомдон чимээгүйхэн сууж байлаа. Ядам эхнэрээ мөн л бардам сүрлэг харж –За тэгэхээр би явлаа. Машин ирчихлээ. Нөхөр минь чи ойлгосон биз. Биеэ сайн бэлдээрэй гэв. Эхнэр нь түүнийг харсан ч үгүй хөдөлсөн ч үгүй бодолд автсан хэвээр толгой сэгсэрч -Үгүй ээ. Ядам минь. Би тэгж ажил болгомооргүй байна. Энэ үгийг сонссон Ядам юу ч хэлэлгүй хүнд биеэрээ шал хотолзуулан алхаад үүд чиглэв. Явуут дундаа гадуур хувцсаа өмсөх гэж уухична. Гаднаас жолооч нь орж

ирэхэд тэд үүдэнд ганц хоёр үг солилцон гадагшлав. Хаалга тасхийн хаагдаж хүнд нүсэр хөлийн чимээ алслав. “Ажилд орно доо орно. Яадагийн, тэгэх тусам чинь ажилд орж л таарна даа. Чамаас салсан ч ер нь яадаг юм бэ гэж бүсгүй гоморхон үглэж нүднээсээ нулимс унагав. Ай халаг гэж. Амьдралын аяыг олох тун ч хэцүү ажээ. Нээлттэй салхивчаар сэвшээ хонгор салхи мөнөөхөн сайхан дуутай хамт урсан орж ирэн тасалгаанд түгэнэ. …Дээлтэй сарнай чамайгаа Дуундаа яаж ч мартах вэ Ааа аа аа аа Нүдэн бүсгүй чи минь дээ. Хөөрхий дээ. Дууны сайхан нүдэн бүсгүй нугачаат энэ амьдралын альхан талд нь явдаг бол доо. Арай над шиг зовсон амьтан биш байгаа даа. Үгүй л байгаасай. Дууны тэр сайхан бүсгүй дэндүү сайхан жаргалын эзэн байгаасай. Бүсгүй дууны тэр сайхан бүсгүйг гэнэт ийн бодоод сулхан

сүүрс алдав. Тэр эл хуль оргих зүрхэндээ маш их ганцаардаж байлаа. Хорвоо дэндүү давчуухан юм шиг мөртлөө бас дэндүү уужим ч юм шиг. Өдрөөс өдөрт үргэлжлэх энэ амьдралынх нь өнгө түүний гучаад насанд нэг л зохицохгүй ч юм шиг хачин оргиод байлаа. Тэрээр гэнэт адгасан ч юм шиг яарч сандчин хувцаслаж эхлэв. Гадаа намрын сүүлчийн наран хонгортсон сайхан өдрүүдийн нэг байлаа. Хөлийн дор үргэлжлэх газар эх тааламжтайяа налайн хөхөмсөг цэнхэр зэрэглээ орчны байшин барилгын оройгоор хөвсөлзөнө. Машин тэрэг хөлхөж, ажил сургуульдаа яарсан том жижиг хүмүүсийн цуваа ар араасаа хөврөнө. Өмнөө жижгэвтэр хүрэн цүнхний ам нээж тавьсан сохор дууч хөшилдөн өнгөрөх олны чимээг чагнаархан тэднээс хишиг буян гуйн хүйтэн цэвдэг хүний хорвоог аргадан аргадан гэгэлзтэл дуулах авай. Бүсгүй цардмал зам товшлон алхалсаар сохор дуучинд ойртон очив. Тэр царай тунгалаг бие хаа сайтай сайхан залуу байлаа.

Чухамдаа алтан гургалдайнх л гэж хэлж болмоор уянгалаг сайхан хоолой заяасан ч бурхан түүнд орчлонг харах мэлмий дутаасан нь юутай харамсалтай билээ. Тэртэй тэргүй л ихээхэн хямралтай явсан бүсгүй түүнтэй тулан ийн зогсохдоо түүний золгүй тавиланд харамсах өрөвдөх зэрэгцэн хар аяндаа л хоолой зангируулах ажээ. Хэн нэгэн хажууд нь ирж сониучирхан харж зогсохыг үл мэдсэн гудамжны дууч дуулсаар л … …Шаргал улаан нарнаар Санан санан учирсандаа Шанх үсээ цайсан ч Чамайгаа яахин мартах вэ Аа аа аа Нүдэн бүсгүй чи минь дээ. Гудамжны дуучийн хоолой үлэмж яруу тансаг ажээ. Тэр дуулаад байгаа хирнээ уйлаад ч байгаа юм шиг бүсгүйд санагдана. Чухамдаа золгүй тэр дуучийн өмнө хүйтэн цэвдэг хорвоогийн амьдралын нэгэн өдөр нар салхитайгаа уяран бөхөлзөх мэт санагдахад бүсгүй зөөлөн санаа алдав. Дууч дуулахаа түр зогсоов. Хажуудаа хэн нэгэн ирснийг анзаарч мэдсэн бололтой. Нар салхинд дуулснаас уруул нь хагарч хөхөрсөн харагдана. -Сайн байна уу та

-Сайн, хэн байна даа. Танихгүй дуу хоолой байх чинь. -Та их гоё дуулах юмаа. Би таны дууг дандаа сонсдог юм. -Гялайлаа. Та ч бас залуу сайхан бүсгүй бололтой. Бодвол та жаргалтай сайхан хүн байхдаа. Тийм ээ. Дууч бүсгүйд ийн найрсаад энхрий ялдам дуутай тэр бүсгүйг олоод харчих гэсэн юм шиг мэлмийгүй нүдээрээ орчлонг хий тэмтчихэд бүсгүй хирдхийн хойш ухарснаа өөрийгөө дотроо зэмлэв. Бүсгүй дуучийн үгэнд хариулахдаа юунд ч юм бэ түгдчин сандчаад байлаа. – Тиймээ. Үгүй юу л даа. .. Бүсгүйг ийн ээрэхэд гудамжны дууч мэлмийгүй тэргүүнээ ихэмсгээр өргөн таягаа тэмтчин олж бариад цүнхнийхээ амыг яаран хамхихад бүр ч тэвдэв. Дууч бүсгүйтэй ярихыг хүссэнгүй бололтой. Бүсгүй яарч сандчин цүнхээ нээж гар эсгэм цоо шинэхэн арван мянгатын дэвсгэрт хэдийг түүнд атгуулав. Мөнгөний тоог өндгөөрөө имэрч мэдсэн дууч амандаа нэгийг бувтнан цааш эргэхэд бүсгүй урамгүйхэн хоцров. Цардмал замыг товшлон тог тог хийх таягны дуу намрын сайхан өдрийг үл мэдэг цочоох мэт түгшүүр түрүүлнэ. Учрал намрын агаар сорон нэг сайхан уужимхан

амьсгалаад их хол явсан мэт санагдан гэр өөдөө зүглэв. Довжоон дээр өнчирч хоцорсон жаал хүү нусаа шордхийтэл татан халтартсан нүүрээ нэг гараараа илж бодлогошрон сууна. Хүү цээжин биедээ ганцхан дан нимгэн цамц өмссөн тул үл ялиг чичрэх ажээ. Хэдийгээр наран хонгортсон намрын шаргал өдөр байлаа ч дан цамцтай хүүгийн хувьд даарах нь ч аргагүй биз. Хүү доголон нулимстай нүдээрээ Учралыг өрөвдөлтэйеэ харж өөрийн эрхгүй уруул нь өмөлзөж гүн санаа алдахыг тэр анзаарав. Тэрээр сэтгэл нь ширхийж алхаагаа удаашруулав. –Миний дүү энд юу хийж суугаа юм бэ? Хүйтэн байна ш дээ. Даарчих юм биш биз. Гэртээ орооч дээ. Хүү түүнийг гунигтайхан ширтэж толгой сэгсрэв. –Аав нь байгаа юу. -Аав ч байгаа л даа. Эгчээ, миний ээж нас барчихлаа. Хүүгийн уруул улам ч өмөлзөж дуу нь сааралтан доош ширтэхэд хацрыг нь даган бүлээн нулимс садран асгарав. Хүүг харсан Учрал жигтэйхэн сандарч, -Тиймээ. Эгч нь мэдсэн. Миний дүү дулаан хувцсаа өмс. Хувцсаа өмсөх хэрэгтэй шүү

дээ. Гэртээ ор доо. Манайд олон хүн байгаа. Эмээ бас ирсэн. Эмээ намайг загнаад байдаг юм. Би гэртээ орохгүй. Учрал хүүг аргадаж гуйсан харцаар харав. Хагацал үзсэн бяцхан хүү жигтэйхэн их гунигтай байлаа. -Хүүе миний дүү өө. Эгч нь ээжид чинь маш их харамсч байна. Чи гэртээ орох дургүй байвал манайд оръё тэгэх үү. Манайд надаас өөр хэн ч байхгүй. –Эгчээ та хүүхэдгүй юмуу. Учрал чимээгүйхэн толгой дохиод хүүгийн саарьтаж холцруутсан гараас нь хөтлөн орц уруугаа оров. Эхээсээ хагацсан нялх амьтан эмэгтэй хүний зөөлөн гарт хөтлөгдөн их дуртай явлаа. Ийм жаахан нялх амьтныг хайрлахгүй өнчрөөдөг аргагүй л хүйтэн цэвдэг хорвоо юм даа. Хүүг Болдоо гэх бөгөөд арван хоёр настай тавдугаар ангийн сурагч, наснаасаа хэрсүүжсэн ухаалаг хөөрхөн хүү байлаа. Хүү энэ орчлонг тамгалаад арав гаруйхан жилийн нүүр үзсэн ч бяцхан биендээ ахдаж

их зовлон үзсэн нэгэн байлаа. Хүүг энэ орчлонд мэндлээд хэдхэн сарын нүүр үзэж байхад аав, ээж нь машины ослоор нас барж орчлонд орь ганцаар хоцорсноо ч үл мэдэх бяцхан хүү үнэгчлэн өмөлзсөөр өнчин хүүхэд асрах төвд хүргэгджээ. Гэвч жилийн дараа ой өнгөрч буй хэний ч хайрыг татам тэр жаалхан амьтаньд аз таарч түүнийг хаврын нэгэн хохилзуур өдөр үрийн мөрөөс болсон нэгэн эх үрчилж авсан нь талийгаач эх Дарь нь байв. Дарь бол дөрвөн хүүхэдтэй айлын ууган охин бөгөөд зүрхний ужиг өвчний улмаас хүүхэд төрүүлэхийг эмч хориглосон нэгэн. Тэрээр эргэлдсэн том алаг нүдтэй царай зүсээр ч тэр, ажил үйлсээрээ ч тэр хэний ч дор оромгүй эрвэлзсэн цагаан бүсгүй байлаа. Дарийн нөхрийг Нацаг гэх бөгөөд үг дуу цөөтэй, эмэгтэй хүнд л байвал илүү зохимоор том алаг нүдээрээ үргэлж инээвхийлж явдаг нуруулаг эр. Дарь Нацаг хоёр ханилан суугаад арваад жилийг үзсэн ч хэн хэн нь үрийн мөрөөсөл болж сэтгэл гундуу явдаг байсан ч Болд хүүг үрчилж авснаас хойш энэ айлд аандаа л инээд баясал цалгиад ирсэн аж. Цулцайсан цагаан хацартай, тас хар

даахьтай, ход ход инээсэн тэр нялх амьтныг хайрлахгүй ч байхын аргагүй. Дарь Нацаг хоёр дээлтэй ирсэн нялх үрээ үүлэн сүүдрээс хүртэл харамлан бөөцийлж өсгөж байлаа. Нацаг томоохон засварын газарт ажиллаж боломжийн цалин авна. Дарь ч өвчиндөө гутарч биеэ чагнаж суулгүйгээр ойролцоох нэгэн томоохон оёдлын үйлдвэрт ажиллаж бас л гайгүй цалин авч амьдрал хэвийн үргэлжилж байв. Нацагийнд хүүхдийн дуун цангинаж жаргалтай инээд цалгилж амьдралын сайхан жаргал үргэлжилж байлаа. Хүүтэй хүний сэтгэл өег ажил үйлс ч бүтэмжтэй байдаг аж. Хүүг сургуульд орсон намрын тэр хонгор өдөр эцэг эх хоёрын нүдийг хар аяндаа л уярлын нулимс бүрхэж сурагчийн дүрэмт хувцсаар гоёсон хүүгээ дундаа хөтлөн явахдаа энэ хорвоогийн хамгийн их баяр жаргалыг зөвхөн тэр гуравт л зориулагдсан мэт сэтгэл хангалуун байсансан. Ийнхүү Нацаг, Дарь

хоёр хайртай хүүтэйгээ арав гаруй жил жаргалтай сайхан амьдарч амьдралын утга учрыг хүүгээсээ л олж мэдэрч бүхий л боломжийг хүүдээ л зориулж байдагт Дарийн эх Цэвэл гуай тун ч дургүй байлаа. Он гарсаар Дарийн зүрхний ужиг өвчин хөдөлж ердөө л хоёрхон сарын дотор хэвтэрт орж бусдын асрамжинд байх болсноос хойш Дарийн ээж Цэвэл гуай тэднийхээс салахаа болив. Бүдүүн лагс биетэй, эр хүнийх шиг чанга дуутай тэр эмээгээ ирсэн үед Болд хүүгийн нүдний гàл бөхөж, өвчтэй эхийнхээ хажуунаас үл холдон чимээгүйхэн томоотой суудаг байв. Эмээг ирсэн үед л хүүд хамгийн хэцүү. Ээжийнхээ дэргэд суугаад хичээлээ хий дээ. Миний хүү цайгаа уу. Миний хүү хоолоо ид. Ээж нь хүүдээ хайртай шүү хэмээн үгээ зөөж тавин аргадаж, хөхөрч хүйт оргисон уруулаараа зөөлөн үнслээ. Үүнийг харсан бүдүүн эмээгийн уур дүрсхийгээд явчихна. Дууных нь хахир хатууг яана. -Аа цус гэм. Дарь чи одоо юу гэж энүүнийг ингэж толгой дээрээ гаргаж байдаг юм бэ? Өөрийнхөө биеийг л бод. Хүний

хүүхэд хүрэн бөөртэй гэж наад золиг чинь нэг л өдөр хамаг юмыг чинь цөлмөөд арилна биз. Хүн тэжээвэл толгой цусдана гэж мэдэхүү чи. Заяа муутай хар золиг чинь нэг л өдөр хамаг юмыг чинь цөлмөөд арилна биз. Заяа муутай хар золиг ямар сайндаа л эцэг эхийнхээ толгой идэв гэж. Алив чи гар битгий өвчтэй хүн зовоогоод бай гэж хашгичин загнахад хүүгийн нүдээр хоромхон зуур ус хурж хурдхан гэгч нь ээжээсээ холдож өөр өрөөнд ороход эмээ хүнд нүсэр гараараа араас нь цохиод авах нь олонтой. Хүүгийн ард Дарь ээжийнх нь уйлан гинших, хүүг өмөөрч эмээтэй нь хэрэлдэх тодхон сонсогдоно. Хүү бүдүүн эмээгийн чанга дуунаас айж дээрдэж ирсэн амьсгаагаа дарж аль нэг өрөөний буланд нуугдасхийн суухдаа үе үе цонхоор хяламхийж “Аав минь л хурдан ирээсэй” гэж өөрийн эрхгүй хүсэмжилнэ. Учир нь аавыг нь байх үед эмээ хүүг зодож, загнаж чаддаггүй байлаа. Ээжийнх нь бие өдрөөс өдөрт муудсан тул хүү энэ бүхний буруутан мэт эмээгээс хамгийн их цээрлэл хүртэнэ. Ээжийн эм тарианы мөнгө өдрөөс өдөрт нэмэгдэх болсон тул аав нь өдөр шөнөгүй ажиллаж гэрийн бараа харах нь улам л цөөрөв. Ээжийнх нь бие улам

муудаж хатуу ааштай эмээгээс нь хүүгээ өмөөрч ч чадахаа болив. Хүү өглөө босоод л ээжийнхээ хажууд очиж орных нь өмнө зогсож миний ээжийн бие эдгэсэн болов уу гэж горьдон харна. Харамсалтай нь хоног өнгөрөх бүр хүүгийн хайртай ээж хүүгээ харж чадахаа больсоор байв. Хүү ээжийгээ горьдонгуй хэсэг харснаа хичээлдээ явахаар эргэв. Эхийн том сайхан нүд ухархайдаа ширгэн орж хамар нь хавчийн хонхойж, нүднийх нь доогуур нь хүүг үргэлж энхрийлж үнсдэг бүлээн дулаахан уруул дээгүүр нь хөхөлбий туяа бий болж цаанаа л нэг аймшигтай харагдав. Хүү чичирхийлсэн гараараа ээжийнхээ нүүрийг зөөлөн илэв. Ээжийн нь нүүр бүлээхэн байлаа. Ээж нь хүүгийнхээ гарыг таньсан бололтой нүдээ зөөлөн нээв. Хүүгийн бяцхан зүрх баяраар цалгиад явчих нь тэр. Өвчиндөө туйлдаж ядарсан эх хүүгээ хараад инээмсэглэнэ. –Ээжээ та эдгэчихсэн юмуу. Таны бие одоо зүгээр тиймээ. Ээжийнх нь ам зөөлөн өмөлзөн хөдөлж нэг юм хэлэх шиг болохуйяа хүү ээжийнхээ аманд чихээ аваачин наав. –Аан юу гэнээ ээжээ. Би сонсохгүй байна. –Миний хүү хичээлдээ яваа. Ээжийнх нь

бие сайн байн. – Та жаахан чанга ярь л даа ээжээ. – Миний хүү ээжийнхээ өвөрт орох уу. За ороод ир. Хүү баярлан дэвхцэж – Тэгье, тэгье ямар гоё вэ. Болд хүү ээжийнхээ өвөрт харайн орж хатангирч эцсэн цээжинд нь нүүрээ наав. Ээж нь хүүгээ тэвэрч энхрийлэх гэж сулхан ёолно. Хүү ийнхүү ээжийнхээ өвөрт хэсэгхэн жаргав. Ээжийнх нь ухархайдаа ширгэж гал нь бөхсөн нүдээр ус гүйлгэснээ, туранхай хацрыг нь дагаад бөмбөрөхөд хүү чимээгүйхэн мэгшиж ээжийнхээ нулимсыг арчив. Ээжийнх нь дуу овоо тодорч эхлэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *