Нүүр Өгүүллэг “ТАСЛАЛ, ТАСЛАЛ ТАСЛАЛ, ЦЭГ” өгүүллэг “8-р хэсэг” 🔞Зөвхөн насанд хүрэгчдэд зориулав🔞

“ТАСЛАЛ, ТАСЛАЛ ТАСЛАЛ, ЦЭГ” өгүүллэг “8-р хэсэг” 🔞Зөвхөн насанд хүрэгчдэд зориулав🔞

0 секунд уншина
0
0
717

1964 он. “Яхир Гиймаагийн бага охин Сувд баян айлын бэр болох гэж байгаа гэнэ. Гиймаа ч айхтар хүн дээ. Охидоо дандаа л баян айлд өгөх юм Энэ сард тэднийд дахиад нижгэр хурим болох нь дээ” гэсэн цуу

яриа хадлангаар нэг тархсан нь Бөхчулууны чихийг дэлсэж шаналж ядсан сэтгэлийг нь бүр ч хөндүүрлүүлж орхив. Хоолойгоор ч хоол давахгүй, хорвоогийн бүх л юмс утгагүй санагдаад өдөржин галзуу

хүн шиг амралтгүй бухал хадан сэтгэлийн шаналангаа мартахыг хичээж байлаа. Нүдээ анихаар л Сувдын хөөрхөн инээд харагдаад, дахин түүнийгээ харахгүй, тэр инээдийг сонсохгүй гэж бодохоор л

цээж давчидмаар… Хайргүй хүнтэйгээ ханилахаар болсон Сувдад бүр ч хэцүү байсан нь ойлгомжтой. Хуримын тов аль хэдийн гарч хоног өдөр өнгөрөх тусам тэр аймшигт өдрөөс зугтаад хаашаа ч хамаагүй

алга болчихмоор. Бөхчулууны хадлан хийж байгаа газар тэднийхтэй ойр болохоор түүнийг хүрээд ирэх боловуу гэсэн хүлээлт нь хэвээрээ. Хайртай залуу нь гэнэт ирээд түүнийг оргуулан авч яваасай гэж

мөрөөдөн орой үдэш чимээ чагнан нойр нь хулжина. Яг одоо л Бөхөө ирээд түүнийг хамт явъя гэх юм бол түүнийгээ дагаад явчихмаар их зориг зүрх түүнд байсан хэдий ч түүнээс сураг анир үгүй л байлаа. Гиймаа авгай харин өөрөө хурим хийх гэж байгаа аятай хөл хөөр болсон завгүй хүн байх. Өөрөө хүнтэй гэрлэж айлд бэр орж байгаагүй болоод ч тэр үү гурван охиноо нэр хүндтэй айлд ёс төртэй өгнө дөө гэж байнга боддог байсан билээ. Бага залуу насандаа ядуу тарчиг амьдралыг ясандаа тултал мэдэрсэн болохоор охидоо баян хүнтэй л гэрлүүлэх бас санаатай. Гурван охины эцэг нь Гиймаагаас үе мултарсан нилээн хөрөнгөтэй эр байсан бөгөөд эхнэртэй учраас

Гиймаатай нууцаар уулзаж учран нас бартлаа тэжээж тэтгэдэг байжээ. Тэр хүнд сэтгэлгүй байсан хэдий ч амь зуулгаа бодоод уулзаж явсаар гурван ч хүүхэдтэй болсон Гиймаа тэр хүний ирэхийг л насаараа хүлээж өөр эрийг ч хайрлаж дурлаж байсан удаагүй. Нэг тийм хүйтэн сэтгэлтэй гэмээр, “Хайр сэтгэл гэдэг шал дэмий зүйл, эд хөрөнгө байхад л амьдрал баялаг сайхан болно” гэсэн үзэл бодол тархинд нь шингэжээ. Тиймдээ ч бага охиныхоо нүднээс тэр их гунигыг нь анзаарч харсангүй, харахыг ч хүссэнгүй. Шулам эмгэнээс чихэнд чимэгтэй үг сонссон Хандмаа хүүхэн маргааш нь үд хэвийх үеэр Бөхчулууныд очтол өнөөх нь хэд хоногын өмнө хадланд гараад явчихсан байх нь тэр. “Ер нь хэд хоноод яг бие давхар эсэхээ баттай мэдчихээд хүлээж байя, тэгээд ирэхээр нь л хэлье дээ” гэж бодоод

буцав. Сувдын хуримны тухай ч олж сонссон болохоор давхар баяртай, сэтгэл өөдрөг байв аа… …Хурим болоход гурван хоног үлдлээ. Сувд энэ хэдэн хоногт бүр нүднээс гарч орхижээ. Сэтгэлийн шаналан дотроос нь идэж байгаа хойно аргагүй дээ. Бөхөөг хүрээд ирэх боловуу гэсэн горьдлого нь ч тасарч гомдол болон хувирчээ. Гэрт суухаар дотор нь давчдаад байсан тул аргалд явлаа гэж ээждээ хэлчихээд арагаа үүрч аваад уул руу алхав. Нилээн хол явсан хойноо л савраа мартчихсанаа мэдээд буцаж гэлдэрлээ. Гэрийнхээ гадаа очоод хаяанд хэвтэж буй саврыг авахаар тонгойтол бага эгчийнх нь дуу гэр дотроос ~ Энэ Сувдын нөгөө хар юм нь овоо дахиж үзэгдээгүй юу? Наадам дээр ирчихсэн байхаар нь санаа зовж л байлаа шүү гэх сонстов. Сувд өөрийн мэдэлгүй чих тавин доош суулаа. Гиймаа авгай хариуд нь ~ Өө тэр гуйрамч чинь Сувдтай уулзах санаатай байсан байна лээ бас. Ээж

нь сэргэлэн тулдаа л уулзуулаагүй шүү дээ хихи Балжир, Сувд хоёрын хамт явааг гөлрөөд хачин царайлчихсан юм зогсож байхаар нь очоод “Манай Сувд энэ хүнтэй гэрлэх гэж байгаа” гээд хэлчихсэн юм. Тэгсэн харин мориндоо мордоод давхичихна билээ. Үгүй нээрээ би бас амны билигтэй хүн шүү. Миний хэлснээр Балжир, Сувд хоёр нээрээ л гэрлэх гэж байна шүү дээ гээд их л баясалтай тас тас хөхрөх нь тэр. Бөхөө яагаад хонины бэлчээр дээр ч ирэхгүй байсныг сая ойлгосон Сувд бүгдийг хольж хутгаж орхисон ээждээ гомдсондоо савраа шүүрч аваад том том алхлан гэрээс холдов. Нөгөө хоёр нь чанга чанга инээлдэн ард хоцрох нь түүнийг шоолж буй мэт. “Танай тэр Бөхчулуун чинь Хандмаа гээд аюулын хөөрхөн хүүхэн дагуулчихсан явж байна лээ”

гэж хэлсэн ээжийнх нь үг санаанд нь орж тэр ч бас худал байсныг ойлгож ээжийгээ ийм зүйл хийсэнд итгэж ядан бачуурч байлаа… Үдшийн бүрий болжээ. Хадлан хийж буй залуус өдөржин ажилласан хэдий ч ядраагүй аятай гадаа тоглож наадан шуугилдана. Бөхчулуун ганцаараа майхандаа ороод уйтгарлан хэвтэж байв. Нойр нь хүрэх шинж алга. Бас л бодолд нь Сувд эргэлдэнэ. “Болдогсон бол чам дээрээ давхиж очоод чанга тэврэхсэн” Бодлыг нь тасдан нэг найз нь “Бөхөө, Бөхөө” гэж орилсоор майхны хаалгаар шагайж харснаа цааш эргэн “Энд байна” гэх дуулдав. Бөхөө юу ч бодсонгүй, эргэж ч харсангүй хэвтсэн хэвээр. Майхны хаалгаар хүн орж ирэх шиг болсноо хажууд нь ирээд суучихав. Нэг л танил дотно үнэр ханхлах шиг… “Сувдын үсийг үнэрлэхээр л ийм үнэр ханхалдагсан. Би бүр солиорч байгаа юм байхдаа” гэж бодтол эмэгтэй хүн хоолойгоо засаад ~ Сайн уу Бөхөө?

Над руу харахгүй юмуу? Бөхөө чихэндээ итгэсэнгүй хурдхан эргэж хартал сая дөнгөж л тэврэхийг хүсээд хэвтэж байсан хүн нь дүрээрээ сууж байх юм. Огло харайн босч өвдөглөөд ~ Чи мөн үү? Чи минь мөн гэж үү? хэмээн итгэж ядна. Сувдын нулимс цийлэгнэн толгой дохиод ~ Би байна аа. Чиний Сувд байна гэлээ. Бөхөө ухасхийн түүнийгээ татаж энгэртээ наан тас тэвэрсэн мөртлөө л “Энэ зүүд биш байгаа даа” гэж бодож амжив. Хэн хэн нь юу ч дуугаралгүй тэврэлдсэн хэвээр хэдэн минут өнгөрч сая нэг бодит байдал гэдэгт итгэсэн Бөхөө түүнийг тавиад асуултаар булж эхэллээ. Хэсэг ярилцаад хоёул бүрэн ойлголцож гандаж хатах шахсан сэтгэл зүрхэнд нь хайрын хур шиврэн аз жаргалын солонго татжээ. Цаашид яахаа ч ярилцаж шийдэв. …Ээж нь өөрт нь хийсэн бүхнийг сонсож мэдсэн Сувд уулан дээр ганцаараа суун нилээн удаан бодсны эцэст хатуу шийдэж гэртээ хариад юу ч болоогүй дүр эсгэн байж байгаад нар жаргав уу үгүй юу унтлаа гээд хэвтжээ. Төд удалгүй ээж, эгч хоёр нь ч орондоо орж

хурхирч эхэлсэн хойно сэмхэн ойр зуурын зүйлээ бэлдэж аван гараад давхичихсан нь энэ. Эртхэн орондоо орсон Гиймаа Сувдыг гарч явсныг ч мэдсэнгүй дуг нойрондоо дугжирч байлаа… Дурлалт хос маань биесээ тэврэн хайрандаа бялуурч хоноод үүр хаяарах үеэр мордож Бөхөөгийн гэр лүү явав. Тэнд очиж ээжтэй нь уулзан учир байдлаа хэлчихээд өөр тийш түр зугтахаар шийдсэн билээ. Хээр тал нам гүм бөгөөд үнэр анхилам. Хос залуусын зүрх догдлол сандрал, баяр хөөрөөр дүүрэн цэцэгт талаар дөрөө харшуулан давхина. …Тэр хавьдаа бараг л эмч нь болсон хөгшин лам дээр очиж судсаа бариулан бие давхар гэдгээ баттай мэдсэн Хандмаа Бөхөөг хүлээж тэссэнгүй байгаа газар нь очиж уулзахаар шийдэж хоносон билээ. Хүүхдээ гаргаад хайртай түүнтэйгээ гэрлэж аз жаргал дүүрэн байгаагаар төсөөлж бодсоор унтсан боловч үүрээр тун ч ёозгүй зүүд зүүдлэн арайхийж сэрэв. Тэр өөрөө голд живэн амь тэмцэж байхад Бөхөө, Сувд

хоёр түүнийг эрэг дээрээс хараад юу ч хийлгүй инээлдэн зогсож байснаа цааш хараад тэврэлдээд явчих юм. Тэр хойноос нь Бөхөөг дуудан хашхирах гээд хоолой нь гарахгүй, ам хамраар нь ус дүүрч байна гэж зүүдэлжээ. Буцаад унтах гэсэн боловч чадсангүй. Нэг л муу совин татаад байсан тул хурдхан шиг Бөхөө дээр очиж уулзахын түүс болон нар дөнгөж уулын цаанаас цухуйж байхад тарган хээрийгээ эмээллэж аваад мордов оо… Үүрээр хөдөлсөн хоёр маань яаравчлан давхисаар ургах нартай уралдан зорьсон газраа хүрчээ. Сувд ээжээсээ айх, гэмших сэтгэлд ороогдон хэцүү байсан ч хайртынхаа хажууд яваадаа бага ч атугай тайвшран итгэлтэй болж байлаа. Хүү нь гэнэт л удахгүй айлын бэр болох гэж байгаа бүсгүйг дагуулан ирчихээд зугтана, нуугдана барина энэ тэр гэсэн хачин юм яриад унасанд Дулам гайхаж самгардсан хэдий ч олон юм асууж шалгаалгүй байгаа үнэтэй цайтай хамаг л юмаа, идэж уух зүйлтэй бэлдэж өгөв. Бөхөө хадлан

дээр хэрэглэж байсан дээл хувцас, хөнжил гудсаа авсан байсан тул өөр нэг их хэрэг болох зүйл байсангүй. “Та минь хүүдээ санаа зоволтгүй. Бид хоёр хэсэгтээ энэ хэрэг намжтал өөр газар байж байгаад тан дээрээ ирнээ. Та минь биеэ бодоод эрүүл энх байж байгаарай. Пэлдэн ахынх хажууд байгаа хойно алзахгүй бизээ. Хүү нь удахгүй тан дээрээ заавал ирнэ” Дулам авгай хүү, бэр хоёроо нэг нэг үнсээд нүдэндээ нулимстай, сүүн цацал өргөн үдэж хоцорлоо… …Гиймаа авгай өглөө эртлэн босоод Сувдын эзгүй байсанд нэг их гайхсангүй. Үүрээр сэрээд үнээ малдаа гараа байлгүй гэж боджээ. Гэвч Сувд хаана ч байсангүй. Хонь ямаа нь хотон дотроо, үнээ тугал нь хашаандаа байх юм. Аргалд явсан юмуу гэхээр араг, савар нь гэрийн хаяанд байж байдаг. Усны хувин сав нь ч байдаг байрандаа. Гэсэн ч Гиймаагийн толгойд түүнийг зугтчихсан гэсэн бодол эхэндээ орж ирсэнгүй. Хоёрхон хоноод гэрээсээ явах гэж

байгаа болохоор сэтгэл санаа нь хямраад уулан дээр гиюүрч суугаа биз гэсэн дүгнэлт хийгээд хоёр охинтойгоо хамт саалиндаа гарав. Хайртдаа яаран давхисаар хадлан дээр ирсэн Хандмаа хүүхэн түүнийгээ олсонгүй. Сувдтай хамт явсан гэх аймшигт мэдээг дуулаад дотор нь харанхуйлан галзуу хүн шиг л Гиймаагийнх руу давхилаа. Үнээгээ саах зуураа бага охиныхоо хуриманд ямар дээл өмсөхөө бодон суусан Гиймаа тээр үзүүрийг тойроод тоос манарган ирж буй морьтой хүнийг анзаарсангүй. Ноход нь боргон хуцалдаж морин төвөргөөн сонстоход л сая толгой өргөн хартал өмнө өөрт нь ирж охиных нь талаар хошуу хүргэж байсан Хандмаа хүүхэн байх юм. “За энэ бас ямар хов жив хөөцөлдөөд хар өглөөгүүр энд явж байдаг билээ” гэсэн шүү юм бодоод босож нохой хорьсончгүй үнээнийхээ дэлэнг шувтарсаар. Хандмаа морьтой чигээрээ үнээ мал үргээн түүний хажууд давхиж ирээд ~ Сувд хаана байна? Бөхөө тэр хоёр энд ирэв үү? гэж мэндийн зөрүүгүй асуулаа. Гиймаа гайхан сая нэг өндийж ~ Чи чинь юугаа асуугаад байгаа хүүхэд вэ? Тэр залуу яахаараа манайхаар

ирдэг юм! ~ Танай охин Сувд урд шөнө хадлан дээр очоод Бөхөөг дагуулаад явсан байна гэхэд л Гиймаа сая нэг охиноо оргож одсоныг ойлгон хойш лагхийтэл суув. Хандмаа үргэлжлүүлэн ~ Айлын эхнэр болох гэж байж өөр эр эргүүлээд явдаг айхтар хүүхэн бэ! Тэр охиноо араас нь хүн явуулж олж аваачээ. Одоо холдоогүй байгаа даа. Аягүй бол Бөхөөгийнд оччихсон байлгүй гэснээ өөрөө тийшээ очихоор шийдсэн бололтой хариу ч хүлээлгүй пижигнэтэл давхиж одлоо. Сувдын хоёр эгч сандчин ээжийнхээ дэргэд ирж яахав, ийхэв болоход Гиймаа таг дуугүй хөмсгөө зангидан, хөмхийгөө зуун сууж байснаа тайвнаар ~ Эхээсээ нүүр буруулсан амьтны араас хөөцөлдөөд яахав, орхи цаашаа. Хэзээ нэг цагт буцаад ирэх юм бол босго давуулахгүй юм шүү, муу хухайг. Хоёр охинтой гэж бодож амьдаръя гэхэд том охин Сүндэр: ~ Одоо тэгээд хүргэний талынханд юу гэж хэлнэ ээ. Ёстой шившиг юмаа хэмээн гонгинов. ~ Юу хэлдэг юм, үнэнийг л хэлэхгүй юу. Би л ингэж төрүүлсэн үрээсээ болж түмний доог тохуу болоод дуусах тавилантай хүн юм байгаа биз гээд ууртай нь аргагүй гэрийн зүг алхлаа. …Хандмаа морио ташуурдан давхисаар хөөрхий муу морь

нь бахардах шахан зорьсон газарт нь хүргэв. Дулам авгай гэртээ ганцаараа цай оочлон сууж байлаа. Хандмаа босго давмагц хайсан хүн нь байхгүйг хараад тэнхэл алдран нулимс нь урсаж үүдэнд сөхрөн унахад Дулам сандран түүнийг түшиж дээшлүүлэн суулгав. ~ Бөхчулуун…бөхөө энд ирсэн үү? гээд авгай руу нулимс нь цийлэгнэсэн нүдээр харахад Дулам түүнийг өрөвдсөндөө худал хэлж чадсангүй. Энэ бүсгүй хүүд нь сэтгэлтэй болчихоод байнга тэднийхээр эргэлдээд байдгийг мэдэлгүй л яахав. ~ Түрүүхэн ирээд явчихсаан охин минь. Мөддөө ирэхгүй байх. Хүү маань хань ижил болох хүнээ олсон бололтой. Миний охин одоо түүнийг хүлээлгүй амьдралаа бодсон нь дээр гэхэд Хандмаа газар дэрлэн унаад гашуунаар цурхиран уйллаа. Дулам яахаа мэдэхгүй дэмий л түүний мөр нурууг илэн тайвшруулахыг оролдоно. Хандмаа гэнэт өндийн Дуламын өвдөгнөөс тэвэрч аваад ~ Хаашаа явсан юм бэ? Тэрийг л хэлчих тэгэх үү? Би

заавал уулзаж хэлэх ёстой зүйл байна! ~ Эгч нь ёстой мэдэхгүй шүү дээ охин минь. Явлаа л гэснээс өөр юм хэлээгүй. ~ Миний хэвлийд Бөхөөгийн хүүхэд байгаа. Тэр үүнийг мэдэх ёстой биз дээ? Та ядаж аль зүг рүү явсныг нь хэлээд өгөөд аль гээд Хандмаа нус нулимсаа арчин босов. Дулам түүний үгэнд цочирдон юу хэлэхээ мэдэхгүй амаа ангалзуулан зогстол Хандмаа түүний гараас шүүрэн чирэх шахуу дагуулж гараад ~ Аль зүг рүү юм бэ? Тэр уул руу юу? Урд сум руу юм уу? Эсвэл бүр хот руу юу? Яваад удаагүй юм чинь холдоогүй байгаа. Би хурдхан гүйцэж очих хэрэгтэй байна хэмээн шавдуулав. Дулам бүр

түүнээс айсандаа нүд нь эргэлдэн баруун уулын зүг заагаад ~ Тийшээ л явсан гэж хэлэв үү, үгүй юу Хандмаа мориндоо мордоод ташуур өгөн ухасхийв. Дулам түүний араас харан “Айхтар хүүхэн бэ. Худал ярьж байгаагаас зайлахгүй. Миний хүү арай ч тийм хөнгөн явдалтай хүн биш шүү” хэмээн хүүгээ дотроо өмгөөлөн бодсоор хоцорлоо.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *