Нүүр Өгүүллэг “ТАСЛАЛ, ТАСЛАЛ ТАСЛАЛ, ЦЭГ” өгүүллэг “7-р хэсэг” 🔞Зөвхөн насанд хүрэгчдэд зориулав🔞

“ТАСЛАЛ, ТАСЛАЛ ТАСЛАЛ, ЦЭГ” өгүүллэг “7-р хэсэг” 🔞Зөвхөн насанд хүрэгчдэд зориулав🔞

0 секунд уншина
0
0
710

2015 он. Гансувд охин аль хэдийн арван зургаан настай том охин болжээ. Том болох тусам ээжийгээ өвчсөн юм шиг дуурайсан сайхан бүсгүй болж хэн хүний харц булаана. Гэвч багын л дуугүй зожиг

хүүхэд байсан нь тэр хэвээр. Нэг их найз нөхөдгүй, эмээгийн үгнээс зөрдөггүй дотогшоо нэгэн болж хүмүүжсэн байлаа. Ганбатыг өнгөрснөөс хойш Норжин авгай том хүү Ганбаатарын хашаанд гэр

барин ач охинтойгоо хоёул аж төрөн өдийг хүрчээ. Үр хүүхдээ алдсан эх хүнд ямар л олиг байхав, үргэлж бухимдангуй байх бөгөөд ач охиндоо чанга хатуу хандах хэдий ч өөрийнх нь л үр удам юм

болохоор дотроо өрөвдөн “Надаас хойш энэ муу охин яана даа” гэж боддог билээ. Ямартай ч Гансувдыг энэ хорвоод мэндэлснээс хойш эмээ, охин хоёр нэг ч хоног холдож үзсэнгүй арван зургаан жилийг

ардаа орхисон байлаа. Охин сургуульд орсон цагаасаа эхлэн хүүхдүүд аав ээжээрээ хүргүүлж ирэхийг харж, тэднийхээ тухай ярихыг өдөр бүр сонсдог болохоор өөрийнхөө хувь тавиланд гомдон гутранги

үзэлтэй болсон нь одоо ч арилсангүй. Арай багадаа хүүхэд л юм хойно тоглож наадахдаа бүхнийг умартан инээж хөхрөн гүйдэг байсан ч том болох тусам бусадтай өөрийгөө жишин сэтгэлээр унаж баяр баясалгүй нэгэн болсоор. Эцгийнхээ сэтгэлийн хатгүйг дуурайсан гэлтэй… Ганбаатарын эхнэр Халиун гэх ааштай хүүхэн хадам ээжтэйгээ тун ч таарамж муутай. Талийгаачийг өнгөрөхөд ард нь үлдсэн их хэмжээний өрийг Ганбаатар эхнэртээ хэлэлгүй төлж түүнийг нь сүүлд мэдэн бөөн хэрүүл болсноос хойш Гансувдыг илт гадуурхан нүд үзүүрлэдэг болжээ. Охин ч мөн гаднаа хэлж чадахгүй ч дотроо түүнийг үзэн яддаг байлаа. Ер нь Гансувд бусадтай нэг их юм ярихгүй мөртөө маш их зүйл бодож, дотор хүнтэйгээ ярилцдаг ажээ. …Өвлийн түрүүчээс авхуулаад даралт нь байнга ихэсдэг болсон Норжин урин

хаврыг үзэж чадалгүй нас эцэслэв. Тэрээр сүүлийн амьсгалаа татах хүртлээ ач охиндоо л санаа зовниж ядаж гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэчихээд явахсан гэсэндээ чадлаараа тэмцсэн ч хатуу хорвоогийн жам түүнийг тойрсонгүй. Норжин нүд анихаасаа хэдэн өдрийн өмнө ер нь л өөрийгөө удахгүйг зөнгөөрөө мэдэрч ач охин Гансувдыг дэргэдээ дуудан бусад хүмүүсийг гаргаж байгаад: ~ Эмээ нь дахиж тэсэхгүй бололтой. Чи минь надаас хойш яана даа. Энэ Халиун миний охины махыг их зулгаах байх, тэвчээртэй л байдаг юм шүү. Ганбаатар гэж эхнэртээ толгойгоо мэдүүлчихсэн амьтан, чамайг хөөгдөөд гарвал юу ч хэлж чадахгүй л байхвий” гээд арайхийн өндийж гудсан доороосоо цоо шинэ дугтуйтай банкны карт гаргаж ирээд ~ Энд бага шиг хэдэн төгрөг байгаа. Миний охин сургуулиа төгсөж ажил төрөлд ортлоо үүнийг гамтай хувааж хэрэглээрэй. Цаад

шулам чинь аягүй бол хоол унд ч харамлаж мэднэ. За тэгээд эмээд нь үүнээс өөр хийж чадах юм алга даа гээд санаа алдан нулимс цийлэгнүүлж өөр ярих юм байхгүй гэсэн аятай цааш харан хэвтсэн билээ. Түүнийг гэх ганцхан хүн нь байхгүй болж Гансувд энэ орчлон дээр орь ганцаараа үлдчихсэн юм шиг сэтгэл нь хоосрон болсон явдалд итгэхгүй хэдэн өдөр усан нүдэлж уруу царайлаад яах ч аргагүй үнэнтэй эвлэрлээ. Эмээгээсээ хойш Ганбаатарынд толгой хорогддог болж өдөр бүр Халиуны зэвүүн үгс, муухай харцан доор бөнжигнөн байх суухаа олж ядна. Тэдний гэрийн зарц аятай хамаг л угаалга цэвэрлэгээ, хоол хошноос авхуулаад түлээ мод, ус цасанд хүртэл явдаг ч Халиуны амнаас ганц удаа урмын үг сонсоно гэж байхгүй. Харин ч хийсэн бүхнээс нь өө хайж зэмлэж хараах нь их. Уг нь тэднийх томоо хоёр бандитай. Гэсэн ч өвлийн хар хүйтэнд хөөрхий охин гадаа мод

хагалж, тэртээ хол худаг руу тэрэг түрэн ус зөөдөг байлаа. Хэдэн сар ингэж нэргүй зарцын ажил хийгээд охин залхаж гэртээ харихгүй гадуур дэмий тэнэдэг ажилтай болов. Хичээл ном хийх хүсэл түүнд байсангүй, ерөөсөө л амьдрал гэгч тэр чигтээ утгагүй, эмгэнэлт жүжиг мэт санагдана. Том болоод ямар ч байсан халуун дулаан, өнөр өтгөн гэр бүлтэй болно гэдэг мөрөөдөл нь ч заримдаа бүтэхгүй юм шиг санагдаж сэтгэлээр унах нь олонтаа. Үеийн хөвгүүд үерхэх санал тавих нь их ч охин тэднийг огт тоодоггүй байв. Ангийнх нь охид анхны хайртайгаа учирснаа ярьж дурлалын захиа уншин инээж хөхрөлдөнө. Гансувд ч өөрийн эрхгүй хайр дурлал гэгч зүйлийг битүүхэн хүлээвч зүрх сэтгэлийг нь эзэмдэн догдлуулах хэн нэгэн гарч ирэхгүй л байлаа. Өглөө гараад үдшийн бүрийгээр гэрийн бараа харах түүнийг Халиун толгой түрүүгүй загнан заримдаа гар хүрэх нь ч энүүхэнд. Гэвч Гансувд түүнийг тоохчгүй “Угаасаа л яасан ч ялгаагүй

загнуулах юм чинь яадаг юм, хурдхан л энэ гэрээс зайлахсан” гэсэн бодолтой өдөр хоногийг өнгөрөөнө. Түүний хичээл ном, сургууль соёл яаж байгааг анхаарах хүн ч байсангүй. Цор ганц садан төрөл болсон Ганбаатар хөдөө гадаа их явдаг ажилтай тул гэрийн бараа харах нь ховор. Халиуны хувьд охинд санаа тавих нь битгий хэл хурдхан хүн амьтантай гэрлээд ч болов манайхаас зайлаасай гэсэн бодолтой. Хоёр хүү нь ч бас эхийгээ дагаад Гансувдтай их л дээрэнгүй харьцдаг байв. Гансувд удахгүй төгсөх болохоор хичээлээ ямартай ч таслалгүй үлгэн салган явж тараад гэрт харих хүсэлгүй тул эмээгийнхээ үлдээсэн мөнгөнөөс хоол авч идэх, кино үзэх, интернет кафед суух, заримдаа зүгээр л нэг сургуулийн сандал дээр гар утсаараа тоглох гэх мэтээр цагийг өнгөрөөж орой хонох газаргүйдээ аргагүй тийш зүглэнэ. Өнөөх нь ч нэг их мөнгө биш тул бараг л дуусах дөхжээ. 2016 он. Гансувд

ийнхүү өдөр хоногийг ямар ч зорилгогүй өнгөрөөж дахин нэг жил өнгөрөөд байтал гэнэтийн зүйл боллоо. Бас л гадуур явж байгаад гэртээ оройхон харьтал Халиун нилээн ууртай байж таарах нь тэр. Нөхөр нь өөр бүсгүйтэй уулздаг болсныг мэдэж бөөн хэрүүл, уйлаан майлаан болоод Ганбаатарыг хөөж явуулчихаад сууж байхад нь Гансувд ирж таарав. Халиун түүнийг оронгуут л үгийн зөрүүгүй цүнхтэй хувцсыг нь өөдөөс нь шидэж ~ Манайхаас яг одоо зайл! Тэр бузар янхан царайлсан ахынхаа араас тонил! Удмаараа бузартсан муу новшнууд хэмээн үгийн муугаар харааж гарлаа. Гансувд юу ч хэлэлгүй шүд зуун тэвчиж дүлий дүмбэ царайлан суусаар байв. Одоо гараад очих ч газаргүй юм чинь яалтай билээ. Халиун галзуу хүн шиг л хашхичиж байснаа сүүлдээ охиныг алгадаж өшиглөн ~ Би чамайг зайл гээд байгаа юм бишүү! Та нар шиг бузруудад дээрэлхүүлээд байж чадахгүй шүү! Яахаараа бүгд ийм тэнүүлч, хулгайч, янхан царайлсан

юмнууд байдаг байнаа. Эцэг нь гэж арчаагүй архичин үхэхдээ хүртэл баахан өр тавьчихаад тэрийг нь манайх төлсөн. Хүүхэд нь гэж арчаагүй хоолны сав. Зүгээр тэжээлгээд хэвтэж байх санаатай. Одоо бүр давраад гэр орны ажил ч хийхгүй гадуур янхантаж явдаг болоо биз дээ. Эхийгээ дуурайгаад л ийм болдог байх даа гэж хорсонгуй хэлэхэд Гансувдын хамаг л уур бухимдал гэнэт тэсэрч үсрэн босоод Халиуныг үсдэж аван ~ Чамд эцэг, эхийгээ доромжлуулахгүй шүү. Бузар амаараа юу юу гэнээ хэмээн хашхичиж хоёул үсдэлцэн ноцолдож тэрүүгээр нэг юм болов. Ганбаатарын том хүү тэр хоёрыг арайхийн салгаад муу ч гэсэн эхийгээ өмөөрөн Гансувдыг чирч гулдарсаар хашаанаасаа гаргаж хаяад хаалгаа дангинатал түгжингээ ~ Дахиж бүү үзэгдээрэй гэх нь сонстов. Гансувд хамрынхаа цусыг арчин шороон дээр хэсэг сууж байгаад босч хашааны хаалгыг балбаж гарлаа. Байшингийн хаалга онгойх сонстоод төд удалгүй цүнхтэй хувцас нь

хашаан дээгүүр нисэн ирж шороон дээр газардав. Охин сэгсийсэн үсээ боож аваад цүнхээ үүрэн гудмаар алхахдаа хаачихаа бодсон ч үгүй. Ямар ч байсан эндээс л холдох минь… Картандаа үлдсэн хэдхэн төгрөгөөс хагасыг нь авч гэр хорооллын хямдхан буудалд өрөө авлаа. Илт насанд хүрээгүй хүүхэд байсан ч буудлын авгай орлогоо бодоод түүний насыг ч асуусангүй. Тэр шөнөжингөө уйлж хонов. Дэндүү их ганцаардаж цаашид яахаа мэдэхгүй айсандаа үхмээр санагдана. Гэсэн ч нарт ертөнцөд амьдрах өчүүхэн төдий хүсэл байсан болохоор тэнэг үйлдэл хийсэнгүй. Өглөө нь бүлцийж хавдсан ч гэлээ шийдэмгий харцаар гэрэлтсэн нүдтэй буудлаас гарлаа. Тэр сургуулиа хаяад ажил хийхээр шийджээ. “Ажил хийж мөнгө олоод янзын баян болчихоод Халиун авгай дээр очиж нүүр лүү нь мөнгө шиднэ дээ” Одоохондоо орох оронгүй болохоор юун түрүүнд байрлаж ажиллах ажил олох хэрэгтэй гэж бодоод зар сонин авч эхнээс нь авхуулаад анхааралтай

шүүн боломжийн гэсэн зарууд руу баахан залгаж ярьсны эцэст нэг айлд гэрийн үйлчлэгчээр ажиллахаар тохиролцож гэрийг нь заалган шуудхан яваад очив. …Зайсангийн эцэст байрлах хоёр давхар гоёмсог том байшингийн төмөр хайсан хашааны гадаа ирээд охин амьсгаагаа дарах зуур энэ том байшин руу орохоос жаахан эмээх шиг болж эргэлзэн хэсэг зогслоо. Энэ байшин гаднаасаа хэдий гоё сайхан хэдий ч цаанаа л нэг хүйтэн хөндий харагдаад болсонгүй. “Арай л дээд зиндааны айл юм шиг байна. Дэмий юм болов уу? Өөр зөндөө зар байсан юм чинь больдог ч юм билүү” гэж бодон зогстол байшингийн хаалга онгойн намирсан улаан халадтай, урт хар үстэй эмэгтэй гарч ирээд түүн рүү даллан инээмсэглэлээ. Охин яах ч аргагүй зориг муутайхан хашааны хаалгыг түлхэн ороод байшин руу алхах зуураа гэрийн эзэгтэйг ажиглан “Ямар ганган авгай вэ” гэж бодож амжив.

Өнөөх ганган эмэгтэй нүүрэн дээрээ худал инээмсэглэл тодруулсан хэвээр угтан авч хоёул дотогш орон Гансувд эзэгтэйн заасан буйдан дээр цомцойн суулаа. Амьдралдаа ийм тансаг байр үзээгүй охин өөрийн эрхгүй алмайран суух зуур эзэгтэй гал тогооноос жижигхэн аягатай кофе авчран өгөхөд сандран хоёр гардаж аваад золтой л гараа түлчихсэнгүй. Эзэгтэй инээд алдан өөдөөс нь харж тухлан суугаад ~ Миний дүү битгий сандар. Хоёулаа сайхан танилцъя. Эгчийг нь Сэргэлэн гэдэг гээд урт улаан хумстай нарийхан гараа сарвайлаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *