Нүүр Өгүүллэг “ТАСЛАЛ, ТАСЛАЛ ТАСЛАЛ, ЦЭГ” өгүүллэг “6-р хэсэг” 🔞Зөвхөн насанд хүрэгчдэд зориулав🔞

“ТАСЛАЛ, ТАСЛАЛ ТАСЛАЛ, ЦЭГ” өгүүллэг “6-р хэсэг” 🔞Зөвхөн насанд хүрэгчдэд зориулав🔞

0 секунд уншина
0
1
541

2004 он. Зальт хүүхэнд мэхлэгдэж эд хөрөнгө, сэтгэл зүрхээрээ хохирч хоцорсон Ганбат бор дарсанд дурлаж бараг л өнжөөд нэг уудаг, уух уухдаа тасарч унатлаа хэтрүүлэн хэрэглэдэг болжээ. Хөөрхий хөгшин

эх нь гайгүй боломжтой яваа үр хүүхдээ бараадаад сэтгэл амар явж болох ч хүний эх гэсэндээ бага хүүгээ, өөдөсхөн ач охиноо зөнд нь орхичихож чадахгүй зууралдсан хэвээр. Ганбат хэдий уух ч үлгэн

салган ажлаа хийж зээл, байрны түрээс, хоол ундаа ямартай ч залгуулан хорвоогийн өдрүүдийг элээнэ. Дарга нь түүнд юу тохиолдсоныг бүгдийг мэддэг, дээрээс нь өр нимгэн хүн байсан тулдаа

л түүнийг халчихаж чаддаггүй ажээ. Анхны хайр, анхны амьдрал болсон бүсгүй нь тэнгэрт заларч, ахиад галзуу ганц дурласан бүсгүй нь амаар нь шороо үмхүүлээд харьд одсон болохоор зүрх сэтгэл нь

царцчихсан мэт, амьдралын өнгө дэндүү саарал. Уг нь ачлалт эх, алдрай үр хоёр нь амьд мэнд дэргэд нь байгаасан. Гэвч Ганбат шиг сэтгэлийн хатгүй, тэнэгхэн эрд энэ аз жаргалаа олж харах билгийн

нүд байсангүй нь харамсалтай. Өдөр хоногууд зүгээр л урссаар. Нүдэн дээр нь ээж нь хөгширч, охин нь өсөж байгааг ч тэр үл анзаарна. Өглөө ямартай ч ажилдаа явна, тараад ганц юм олж уугаад орчлонгоос тасарч байвал болоо. Маргааш нь шараа тайлчихвал…тэгээд дахиад ганц юм… иймэрхүү л өчүүхэн, өрөвдөлтэй бодол тархинд нь эргэлдэн хорвоог туулсаар. Энэ хугацаанд бас ч зүгээр байсангүй байнга хоол иддэг гуанзныхаа хоёр хүүхэдтэй бэлэвсэн бүсгүйтэй хэсэгхэн уулзаж учирдаг болсон хэдий ч тэдний учрал бүтсэнгүй. Байнга уудаг хүнтэй хэн л амьдрал зохиохыг хүсээ аж дээ. Гансувд охин цэцэрлэгт ч явахгүй нийтийн байрныхаа умгар өрөөнд

хөгшин эмээтэйгээ өдрийг өнгөрөөдөг байлаа. Эмээ нь хэдий түүнд хайртай ч угаасаа л хатуу чанга ааштай, уцаар ихтэй хүн тул хайр нь дотроо, хал нь гаднаа. Охин эмээгээ уурлуулахаас, аавыгаа согтуу ирэхээс айна. Аав согтуу ирвэл эмээ уурлана. Эмээ уурласан үед охин аль болох нүдэнд нь өртөхгүй хөнжилдөө шурган буланд чимээгүй хэвтдэг байв. Аавдаа эрхэлж тоглож наадахыг ч бүр мартаж дуугүй зожиг нэгэн болсоор. Амьдрал хэцүүхэн болсноос хойш охин амттай шимтэй чихэр жимсний бараа ховорхон хардаг болжээ. Аргагүй шүү дээ, аав нь түүнд чихэр авах мөнгөөрөө архи аваад гударчихаж байгаа хойно. Цагаан сар, хүүхдийн баяр, төрсөн өдөр гээд тоотой хэдэн баяраар л охины бор ходоод баярладаг байлаа. Харин өнгөрсөн оны шинэ жилээр Ганбат байгууллагаас өгсөн бэлгийг охиндоо авчирч өгч бяцхан үр бөөн баяр хөөр болсонсон. Аав нь эрүүл саруул, тэгээд бүр

төрөл бүрийн амттан дүүрэн том ууттай бэлэг, бялуутай авчирч эмээ нь тун сайхан ааштай инээж хөхрөн бууз, салад хийж тэр гурав тансаглаж билээ. Тэр оройг Гансувд охин бүхэл бүтэн жилийн турш мартаагүй бөгөөд удахгүй болох шинэ жилийн баярт өдрийг хоног тоолон хүлээж байв. 2004 оны 12 сарын 31н. Өдөржин догдолсон охин аавыгаа хүлээн байн байн хаалга руу хулмалзан сууна. Эмээ нь заншил ёсоор буузныхаа махыг татаж, гурилаа зуураад охин жижигхэн гараараа эвлэгхэн гэгч нь гурил элдэн эмээдээ туслав. Буузаа ч чимхэж дууслаа. Гэрийн эзнийг ирэхээр жигнэнэ гээд тэр хоёр хүлээсээр л. Гадаа тас харанхуй болсон хэдий ч Ганбат ирэхгүй л байв. Хажуугийн айлууд баяраа эхэлсэн бололтой нийтийн байр дуу чимээ ихтэй. Аль хэдийн 22 цаг өнгөрч эмгэн их л бухимдуу “Энэ новш яг уугаад явчихлаа шүү. Он солигдох өдөр гэр бүлтэйгээ эрүүл саруул байчихаж болдоггүй муу ёрын хүүр юмаа” гэж үглэн буузаа жигнэхээр

тавив. Гансувд харин горьдлого тасралгүй бяцхан зүрхэндээ залбиран аавыгаа хүлээсээр суутал хаалга тогших сонстлоо. “Аав ирлээ, эмээ, аав ирлээ” гэж хашхиран хар хурдаараа харайж очоод онгойлготол шал танихгүй цагдаа ах зогсож байв. Охин урам муутайхан эргэн байрандаа сууж эмгэн үүд рүү очин цагдаатай хоёр гурван үг солисноо “Ээ бурхан минь” хэмээн чанга хашхираад ухаан алдан ойчих нь тэрээ… …Ухаан санаагаа уучихсан Ганбат өндөр байшин дээрээс үсрэн амиа хорлосон байдалтай олджээ. Ард нь хоцорч байгаа алдрай жаахан үр, өндөр настай ээжийгээ даанч бодсонгүй, өчүүхэн хар амиа хоохойлон бүүдгэр орчлонгоос зугтсан нь энээ. Гэвч энэ амиа хорлолт санамсаргүй зүйл ч биш байж мэдэх л юм. Ямартай ч эхийн хайр үзээгүй хөөрхий Гансувд охин тавхан насандаа ахин нэг амьдын хагацал үзэж бүтэн өнчирч хоцров… 1964 он. Үүр дөнгөж хаяарч байх үеэр Бөхчулуун сэрлээ. Нүд нээмэгц чанх дээр цэнхэр тэнгэр, модны саглагар мөчрүүд. Толгой нь өвдөн чамархайн судас нь лугшихын

сацуу хэл ам нь мод болтлоо хатжээ. Хаана байна вэ гэж бодохоос өмнө хажууд нь наалдан хэвтэж буй нүцгэн бүсгүйг анзаараад палхийгээд л явчихав. Бүсгүй баруун гарынх нь булчинг дэрлээд дээл нөмрөн цааш харж хэвтсэн байх тул нүүр царайг нь харж чадсангүй. Хөдөлвөл сэрчих гээд байдаг, сэрчихвэл яаж нүүрийг нь харж, юу хэлэх вэ… Өчигдөр юу болсныг нэхэн санаж хэсэг хэвтлээ. Хамгийн түрүүнд Сувд л санаанд нь орж гуниг нь дахиад л сэдэрчихэв. “Тэр минь өөр хүний гэргий болно гэж үү” гэж бодохоор л амьдрал шал утгагүй санагдаж өөр бүсгүйн өвөрт чармай шалдан хэвтэж буйгаа ч мартжээ. Гэнэт нөгөө бүсгүй яраглан хөрвөөгөөд эргэж хармагцаа нүдээ аниастай чигтээ мөрөнд нь нүүрээ наагаад цээжээр нь тэвэрлээ. “Хандмаа бишүү… нээрээ өчигдөр хажууд суугаад байсан шүү дээ. Тэнэг толгой би юу хийчихэв ээ. Сувд мэдчихвэл яана аа…” хэмээн

бодоод эвгүйрхэн хажуу тийш харж нүдээ тас анин хэвтэв. Давсаг нь чинэрээд, ам нь хатаад ядаж байхад Хандмаа сэрэх шинжгүй тас тэврэн унтсаар л. “Энэ хүүхэн чинь ямар их унтдаг юм бэ. За байз одоо яадаг хэрэг вэ. Яах гэж тэгтлээ их архи уув даа” Төд удалгүй Хандмаа сэрж буй бололтой хөдлөхөд Бөхөө нүдээ тас анин унтаж буй дүр эсгэв. Хандмаа жаргалтай гэгч нь суниагаад Бөхөөгийн хацар дээр шопхийтэл үнсэхэд нөгөөх нь цочсондоо золтой л босоод харайчихсангүй. Бүсгүйг дээл хувцсаа өмсөн гол руу явахад л сая нэг өндийж хурдхан хувцаслаад юуны түрүүн хөнгөрч авлаа. “Одоо яах вэ, би юу хийчих вэ” гэсэн бодол л толгойд нь эргэлдэн яахаа мэдэхгүй буруу харж хэсэг суув. Хандмаа тэр зуур голын усанд гар нүүрээ угаачихаад мишээл тодруулан дэргэд нь ирж суугаад: ~ Өө чи сэрчихээ юу. Сайхан амарсан уу? ~ …сайхан, сайхан… юу… нөгөө… намайг

уучлаарай… хэт их уугаад… ~ Хихи юунд нь уучлалт гуйсан юм бэ. Харин ч чамд баярлалаа. Урд шөнө үгээр хэлэмгүй сайхан байсан шүү… Бөхөө ичсэндээ час улайгаад дуугарч чадахгүй босоход Хандмаа ч ухасхийн босоод тэр хоёр наадмын гэрүүд рүү алхлаа. Хандмаа их л баясгалантай эсэн бусын юм чалчиж Бөхөө харин чив чимээгүй явсаар айрагны гэрүүд дээр ирэв. Бөхөө сая нэг ам нээж: ~ Би харихгүй бол болохгүй, ээж… гээд үгээ гүйцээлгүй морь луугаа алхахад Хандмаа салж өгсөнгүй гарнаас нь татаад ~ Дахиад хэзээ уулзах юм бэ? Маргааш орой манай гадаа хүрээд ирэх юмуу? Би илүү гэрт ор засчихъя… ~ Намайг уучлаарай Хандмаа. Урд шөнө болсон зүйл алдаа байсан. Би өөр хүнд сэтгэлтэй учраас чамтай уулзаад байж чадахгүй ээ, баяртай, уучлаарай… гээд том том алхан холдлоо. Хандмаа урвайн хоцорсон ч “За яахав, харж л байя. Удахгүй намайг хүсээд өөрөө

гүйгээд ирнээ чи” гэж бодон өөрийгөө тайтгаруулжээ. …Хоромхон зуур ч болов уулзаж ярилцаж амжилгүй хорон хошуутны үгэнд итгэсэн хос залуусын зүрх шархалж хоёр талд гансран гунигласан уйтай хоногууд хөвөрнө… Хандмаа Бөхөөг хүлээж нилээн хэд хоноод өнөөх нь сураггүй тул өөрөө дахин түүнийг эргүүлдэж эхэлсэн боловч Бөхөө түүнд нүүр өгөх нь бүү хэл таарахгүйг хичээн улаан цайм зугтах болов. Гэрт нь очихоор зөрж гараад мориндоо мордон давхиад алга болчихно, энд тэнд таарвал мэнд ус мэдэлцмэр аядаад бас л хурдхан шиг яваад өгнө. Гэвч хор шартай бүсгүй бууж өгөх талаар огтхон ч бодохгүй л байлаа. Нөгөө талд Сувд гэж хоол унднаас гарч гуньж гутарсан хүн л байх. Ээж нь тэр хоёрыг уулзахаа больсныг гадарлаж гэрт нь хорихоо болин хонь малд явуулах болжээ. Өдөр бүр хээр талд хонио хариулж явахдаа Бөхөөг давхиад ирээсэй гэж сэмхэн харуулдавч хүслээр болсонгүй бүтэн сарын нүүр үзэв. Энэ хооронд наадам дээр танилцсан Балжир гэх залуу Сувдыг эргүүлдэн байнга

тэднийхээр бууж мордох бөгөөд овоо хөрөнгөтэй айлын хүү тул Гиймаа авгай түүнд сүрхий тал засна. Харин Сувдын сэтгэл зүрх Бөхчулуунаар дүүрэн тул тэр залууг сонирхож ч хялайсангүй. …Нэг нартай өдөр Сувд бүсгүй хониндоо яваад орой гэртээ иртэл ээж нь бөөн баяр хөөртэй угтан авч ~ Миний охин удахгүй хүний хүн болох нь дээ. Өнөөдөр Балжирынхаас хүн ирж чамайг гуйгаад ээж нь хадгийг нь авчихлаа. Хурим найраа хойш тавилгүй ойрын хугацаанд өдөр судар харж байгаад хийхээр боллоо шүү дээ. Овоо сайхан нэр төртэй айлд бэр болох нь… хэмээн дуржигнуулах нь тэр. Сувдын дотор харанхуйлж үг ч дуугарч чадсангүй. Үг дуугарлаа ч ээжийн үг зарлиг тул яалтай билээ. Дэмий л тэр шөнө дэрээ нэвтэртэл уйлж хонов оо…

Хайр дурлалын асуудал нь нэг л бүтэмжгүй байсан тул Хандмаа хүүхэн дахин шулам эмгэнийд очоод санаанд оромгүй сайхан мэдээ сонсов. “Хайртай хүний чинь үр үндэс хэвлийд чинь бүрэлдсэн байна” гэсэн үгийг сонсоод нээрээ энэ сарын биений юм нь үзэгдээгүйг санаж магнай хагартал баярлан шуудхан л “Хурдхан шиг Бөхөөд хэлье. Үр хүүхэдтэй болох гэж байгаагаа мэдвэл сэтгэл нь наашлах байлгүй” гэж бодон баяртайгаар буцлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *