Нүүр Өгүүллэг “ТАСЛАЛ, ТАСЛАЛ ТАСЛАЛ, ЦЭГ” өгүүллэг “2-р хэсэг” 🔞Зөвхөн насанд хүрэгчдэд зориулав🔞

“ТАСЛАЛ, ТАСЛАЛ ТАСЛАЛ, ЦЭГ” өгүүллэг “2-р хэсэг” 🔞Зөвхөн насанд хүрэгчдэд зориулав🔞

0 секунд уншина
0
2
2,031

1963 он. Налгар намрын өдрүүд үргэлжилсээр, найр хуримын сар нэгэнт ард хоцорч малчид өвлийн бэлтгэлдээ орон хадландаа гарах нь гарч, хярамцаг, гүзээтэй шар тос, идэшний махаа бэлтгэн ид ажил

өрнөнө. Бөхчулуун ижийтэйгээ хоёул авга ах Пэлдэнгийнтэй айлсан амьдрах бөгөөд цөөн хэдэн ямаа, ганц уналгын морьтой. Багаасаа хар бор ажил хийж сурсан бие хаа сайтайн дээр ажилсаг тул Пэлдэнгийн

болоод ойр хавийн бэл бэнчин, мал хуй ихтэй айлуудын хүнд хүчир ажлыг нугалан хөлсөө урсгасны хүчинд ямартай ч өвлийн идшээ бэлдээд авчихна. Ижий нь ч бас зүгээр суухгүй хэдэн ямаагаа

маллахын хажуугаар дээл, хувцас гутал гээд аль чадахаараа үйл урлан сууна. Бөхчулууны эцэг амьд ахуйдаа гэрийн бараа харах нь ховор хүн байсан тул тэрээр аавыгаа санаж дурсахаас илүүтэй эхдээ л санаа

зовдог нэгэн. Аав ээж хоёр нь анх айл болохдоо бусдаас дутахгүй л мал хөрөнгөтэй нийлсэн хоёр. Гэвч эцэг Батчулуун нь хүүгээ гэдсэнд байхаас эхлүүлээд мөрийтэй тоглоом тоглож, хар ус эргүүлдэн хамаг

байдгаа үрэн таран хийж хүний нутгаас оргуулж босгуулах шахам авчирч ханилсан гэргий Дуламыг их ч зовоосон доо. Хөөрхий Дулам бүрэг даруу болохоор нөхрийнхөө өөдөөс ганц хатуу үг унагаж ам зөрж байсангүй. Газар дээр заяасан ганц хүүгээ л харж баясан хорвоогийн хатуу хөтүүг умартаж өдийг хүрчээ. Хэдэн өдөр гадуур хэсэн архидаж тоглосон шал согтуу Батчулуун мориндоо чирэгдэн бурхан болсноос хойш эх хүү хоёр талийгаачийн том ах Пэлдэнгийн хаяанд ирж буун өдгөө арваад жилийн нүүр үзсэн нь энэ билээ. Нутаг нугандаа харамч хахираараа алдартай Гиймаа авгайн цэцэг цэврүү шиг гурван охины хамгийн бага нь Сувд. Эдний гурван охин ажилсаг, царайлаг, нуруулаг гэж тоймгүй тул нутгийн харцуул хоног төөрүүлчих санаатай орой үдшийн цагаар тэднийхээр бууж мордох

нь олон ч ааштай Гиймаад зад загнуулан буцна. Охид ч эхийнхээ үгнээс гарна гэж байхгүй, орой үдэш залуустай болзож барьсан удаагүй намба аальтай сайхан өсчээ. Охидын эцэг нь ямар хүн гэдгийг Гиймаагаас өөр хэн ч үл мэднэ. Харин нилээн тарчиг амьдралтай, олон хүүхэдтэй айлын охин байсан Гиймааг хэнээс ч юм мэдэгдэхгүй жирэмсэлж төрснөөсөө хойш гэнэт л шинэ таван ханат гэртэй, нилээн хэдэн хонь ямаатай болсныг бүгд гайхан жиг жуг гэцгээсэн ч тэгсгээд мартсан билээ. Гиймаа эцгийнхээ умгар гэрээс жаахан зайтай шинэ гэртээ охинтойгоо хоёулхнаа амьдардаг байхад элэг барих гэсэн залуус орой үдшээр очоод яг үүдэндээ уясан аварга том банхарт нь бариулах шахаад буцдаг байв. Үнэхээр хайрлаж дурлаад ханилж сууя гэж гуйсан залуус байсан хэдий ч хатуу бүсгүй хэнд ч нүүр өгсөнгүй явсаар том охиноо төрүүлсний дараа жил нь, тэрний дараа жил нь гээд гурвантаа төрж гурван сайхан охинтой болоход хүмүүс дахиад л

гайхан “Энэ Гиймаа чинь хэнийхээ хүүхдийг төрүүлээд байдаг юм бэ?, ямар адтай залуу нь тэр том нохойны хаагуур нь ороод амжуулчихав?, эр хүн ойртуулдаггүй хажиг юм байж жил дараалан хүүхэд цувуулаад байдаг нь ямар учиртай тийрэн бэ?, энэ яг чөтгөр шуламтай нөхцсөн эм биз!” гэх зэргээр баахан хов ярьцгаасан ч мөн л цаг хугацааны эрхээр мартагдсан аж. Гиймаа ер нь л тийм ааш муутай хүн үү, аль эсвэл жаахан хөрөнгөтэй болоод зан нь эвдэрсэн үү, аав ээжээсээ хойш хэдэн муу ах дүү нараасаа дөлж ганц гэрээрээ нутаглах болсон бөгөөд гурван охинтойгоо хэдэн хонь ямаагаа маллан зундаа тараг сүү, өвөлдөө ганц хоёр хонь, ямаагаа төхөөрөн амьдарч, мал ахуй нь ч бага багаар арвижин өсчээ. Бас нэг хачин юм нь сум суурин явлаа гэж дуулдахгүй хирнээ тэр үедээ л ховорт тооцогдох торго дурдан, ээмэг бөгж зүүсэн байх нь нутгийн авгайцуулын харцыг булаана. Ийм л нэг сонин нууцлаг амьдралтай бүсгүйн бага охин болж төрсөн Сувд нас

биед хүрч хайр сэтгэлтэй учирсан ч ээжээсээ айсандаа тэр бүхнээ зүрхнийхээ чанадад нуун хоног өдрийг өнгөрөөж байлаа. “Эр хүнтэй саамагнаж маяглаад үзээрэй! Юу юу ч болоогүй нэг гуйлгачин, архичин юмтай хүзүү сээрээ холбоод гэдсээ чирээд ирвэл тэр чигтээ тонилоорой, дахиж миний нүүрийг харахгүй шүү!” гэж гурван охиндоо хатуухан сануулдаг Гиймаа нас явахын хирээр сэтгэл нь зөөлөрсөн үү яасан сүүлийн ганц хоёр жилд охидоо хаа нэг найр наадамд явахыг нь зөвшөөрдөг болжээ. Түүгээр барахгүй, олон ч айлын бэр гуйсан хадгийг буцаасан мань авгай энэ жил том охин Сэвжидийг нь гуйсан хажуу сумын баян Арслангийн хадгийг авч тэр голоор нэг шуугиан тариад авав. Хөөрхий Сэвжид сайн таньж мэдэхгүй, өөрөөс нь нилээн хэдэн насаар ах эртэй гэрлэхдээ дургүй байсан ч эхийн хүслээс зөрж зүрхэлсэнгүй ээ. Энэ бүхэн Сувдад бага ч

гэсэн итгэл найдвар төрүүлж Бөхчулууны сэтгэлээ илчлэхийг битүүхэн хүлээж байлаа. Хэн хэндээ сэтгэл алдарсан хэдий ч түүнийгээ хэлэлцэж ярилцаж чадахгүй яваа хоёр маань хаа нэгтээ таарахдаа харцаараа л баахан харилцана. Бөхчулуун өмнө нь бүсгүй хүнтэй дотносож үзээгүй болохоор яаж Сувдад ойртохоо ч мэдэхгүй ичингүйрч явсаар, өдөр хоног урссаар л… Намрын сүүлчийн бороо шивэрсэн бүүдгэр өдөр Сувд бүсгүй хониныхоо захад бодолд автан суув. Бодолд нь нөгөө л нэг үеийн сайхан залуу эргэлдэж буй нь тодорхой. Ид хайрлаж дурлах насан дээрээ яваа залуу бүсгүй юм чинь арга ч үгүй биз. “Бөхөө надад сэтгэлгүй бол яах вэ. Уг нь надтай таарахдаа хардаг тэр харц нь нэг л өөр санагддаг юмсан… Магадгүй би буруу бодсон юм болов уу… Ингэж байтал хэн нэгэн намайг гуйгаад ээж зөвшөөрчихвөл яана аа. Ямар Бөхөө дээр өөрөө гүйж очоод

сэтгэлээ илчлэлтэй биш дээ. Хэцүү ч юм аа даа, бодогдоод болохгүй байгаа чамайгаа би яая даа…” Яг энэ үеэр дурлалт хархүү нь хажуугийн хавцлаас өөрийг нь дурандан сууж буйг бүсгүй яахин мэдэх билээ. Бороо зөөлөн шивэрсээр л… Бүсгүйн сэтгэл бүр л эмзэглэн болох бүтэхгүй зүйл төсөөлж гунигт автаж орхиод хэн нэгэн ирж буйг анзаарсангүй. Бүүдгэр үүлсийн сиймхийгээр нарны туяа гялсхийн нүдийг нь гялбуулахад Сувд сая нэг бодлоосоо салж толгой өргөтөл хонь нь тэртээ хол бэлчиж харагдана. Нүдний буланд хүн харагдах шиг болсноо зүүд нойрноос салдаггүй өнөөх залуу гүвээ даваад өөдөөс нь алхан ирж яваа харагдав. Бүсгүйн зүрхний цохилт даруй хоёр дахин түргэсч сандарсандаа шалавхан босоод хормой хотоо гүвмэр аядлаа. Бөхчулуун алхаагаа сааруулсангүй амьсгаадсаар ирэн Сувдтай нүүр тулж нүд рүү нь эгцлэн ширтэж байгаад: ~ Би чамд сэтгэлтэй…

Үргэлж чамайг боддог. Чамтай хамт байхыг юу юунаас их хүсэж байна хэмээн нэг амьсгаагаар урсгаж орхив оо. Цаг хугацаа зогсчих мэт… Ямар ч чимээ аниргүй талд шиврээ бороон дунд хайртай хүнийхээ өөдөөс хараад сэтгэлийн үгийг нь сонсох… Яг л сэрмээргүй сайхан зүүд мэт, мөрөөдөл мэт санагдана. Сувд юу ч хэлж чадахгүй хэдэн хором зогссон хэдий ч харцнаас нь хайр, аз жаргал урсахыг Бөхчулуун зүрхээрээ мэдрэв. ~Би ч гэсэн…би ч гэсэн чамд сайн… 2000 он. Нялх хүүхэд часхийтэл чарлан уйлах дуугаар Ганбат нойрноос сэрсэн ч нүдээ нээлгүй, хөдлөх ч үгүй хэвтсээр. Хүүхдийн дуу улам чангаран байшингаар нэг цуурайтахад хөгшин эх нь үглэн орноосоо босч буй нь сонстов. “Күй ер, охин юм гэсэндээ адтай чарладаг монш юм гээч. Хажуу хашааны тахианаас өмнө л хар үүрээр хашгичиж сэрээх юм. Өдий өндөр насалчихаад бүтэн нойртой хонох ч тавилан надад алга

даа” гэж янших нь Ганбатад тээртэй санагдан босоод гараад явчихмаар санагдана. Долгорыг нас барснаас хойш огт уудаггүй байсан Ганбат бараг бүтэн сар уун согтуурхаж ажилдаа ч яваагүй билээ. Хань ижлээ алдаад хэцүүхэн байгааг нь мэдэж буй дарга нь харин түүнийг ажлаас халсангүй дахин нэг сарын чөлөө өгчээ. Өдөр хоног өнгөрөх хирээр Ганбат ч овоо нэг уухаа больж сэтгэл санаа нь арай дээрдэн ажил төрлөө хийх болов. Охиндоо Гансувд гэдэг нэр хайрласан бөгөөд ээжийнхээ гэрийг буулган хурааж гурвуул хамт байшиндаа амьдрах болсон аж. Эхийн сүүгээр бойжих хувьгүй төрсөн Гансувд охин эмээгийнхээ өгсөн бор цай, үнээний сүүг голохгүй ховх сорон эрүүл саруул бойжиж байлаа. Ганбатын ээж Норжин хэдий үглэж янших нь их ч гэлээ эх хүн гэсэндээ өөрийн яс цусны тасархайг угааж арчин, хуурайлах үедээ хуурайлж угжин, бүүвэйлэн унтуулж ямартай ч хоосон ходоодтой, нойтон даавуутай байлгалгүй өдөр хоногийг өнгөрөөнө. Харин Ганбат охиноо бараг л гар дээрээ авахгүй

цэрвэн хааяа нэг удаан гэгч нь харж сууснаа санаа алдахаас хэтрэхгүй. Үнэндээ энэ хүүхэд эхийнхээ хэвлийд бүрэлдэхээс өмнө Ганбат Долгороос салах талаар боддог болчихсон байсан. Гэхдээ Долгорыг ингээд гэнэт л үгүй болчиход түүнд ямар их хайртай байснаа сая л ойлгож, түүнд хүйтэн хандсандаа харамсан шаналаад барахгүй хэсэг архи ууж мансуурсан билээ. 2002 он. Сайхан нуруу туруу, нүдэнд дулаахан царай зүстэй ч угийн даруу талдаа, хүүхэн шуухан найрах гэдгийг мэдэхгүй Ганбат ажил гэрийн хооронд шогшсоор хоёр жилийн нүүрийг үзэв. Энэ хугацаанд сэтгэлийн шарх нь бага ч болтугай бүдгэрч Долгорыг үгүйлэх нь багассан ч өөр хүн амьтантай ханилж суух бодол огтхон ч байсангүй. Гансувд охин хэлд, хөлд орж хүний харц булааж эгдүү хүргэм болжээ. Норжин үглэж яншсан хэдий ч охинтой хоногийн хорин дөрвөн цаг зууралдсан хэвээр. Хэдийн дал шүргэсэн буурай хойно нялх хүүхэдтэй зууралдаад ядарч түүртэн

бухимдах нь аргагүй биз дээ хөөрхий. Ганбат овоо охиноо тэвэрч үнсэн эрхлүүлдэг болж орой тараад амттай шимттэй чихэр жимс аван харина. Охин аавыгаа хараад “Аабаа, аабаа” гэж шулганан тэнтэр тунтар алхах нь өхөөрдмөөр. Ийнхүү хөгшин, залуу, нярай гурван хүн амар тайван аж төрсөн хэвээр байлаа. Оройн 19 цаг. Ганбат ажлын хувцсаа солиод гартал ширүүн бороо асгарч байх нь тэр. Сарын өмнө шинэхэн машин худалдаж авсан болохоор “Машингүй байсан бол ч балрахаар өдөр байна шүү” гэж өөртэйгөө ярин маадгар амьтан машиндаа дөнгөж суутал нөгөө талын хаалга онгойн урт хар үстэй хүүхэн ороод ирлээ. Цочсон гэж яана. Сэгсийсэн урт хар үстэй улаан цувтай танихгүй хүүхэн хар усан борооноор гэнэт машинд ороод ирэхээр хэн ч л цочно шүү дээ. Ганбатыг дуугарахын завдалгүй өнөө бүсгүй хиймэл сормуустай нүдээ тормолзуулан: ~ Яанаа ёстой уучлаарай. Аймар бороо ороод… такси олддоггүй… тэгсэн харин өөрөө машиндаа суухыг хараад… боломжтой бол дөхүүлээд өгөөч тэгэх үү? ~ Аа…юу…нөгөө юу л даа… би таксинд явдаггүй юм л даа… ~ Хихи би

чамайг таксины жолооч гээгүй шүү дээ. Угаасаа чиний машин чинь таксинд явахаар машин биш л байна л даа. Зүгээр эр хүний сайхан сэтгэлээр тэвдэж яваа бүсгүйд туслаач гэх гээд л… гэртээ харих замд чинь дайгдах л гэсэн үг юмуу даа. ~ Хэхэ заза тэгье дээ. Хаашаа явах вэ? ~ Хороолол руу гэвэл танайхаас холдчих уу? ~ Өө нэг зүгт юм байна. Би бас хороолол явна. ~ Хөөх тиймүү. Ямар сонин тохиол вэ кк ашгүй ашгүй. За тэгвэл урагшаа залуу минь. Хоёулаа замдаа сайхан танилцана аа хихи… Бороотой тул зам түгжрэлтэй машинууд зугуухан урагшилна. Улаан цувтай бүсгүй их л нүүрэмгий нэгэн бөгөөд Ганбатын хэл амыг сугалчих шахан явав. Ундармаа гэдэг, 27 настай, их дэлгүүрт худалдагч хийдэг гэнэ. Одоо найзынхаа төрсөн

өдөрт очихоор яваа нь энэ аж. Ганбат хэдий даруу төлөв ч гэсэн эр хүн гэсэндээ бүсгүйг хулгайн нүдээр хэд хэд хараад аятайхан бүсгүй байна гэж боджээ. Ойрд бүсгүй хүнтэй ингэж ярьж хөөрөн ойрхон суугаагүй болохоор сэтгэл санаа нь догдлоод ч байх шиг, бүсгүйн үнэр танар хүртэл нэг л таатай, жингэнэсэн инээд нь чих гижигдээд ингээд л яваад баймаар санагдана. Тэд бараг хоёр цагийн дараа хороололд ирлээ. Ингээд л салаад явчихна гэхээр Ганбатад жаахан тиймхэн санагдавч бүсгүйн утасны дугаарыг асууж зүрхэлсэнгүй. Ундармаа харин буухаасаа өмнө цүнхнээсээ цаас гарган дугаараа бичээд “Дараа

яримаар санагдвал залгаарай. Өнөө шөнө байсан ч болно. Хүсвэл намайг шөнө гэрт хүргэж өгч болно ш дээ” гээд аальгүйтэн жуумалзсаар бууж одов. Ганбат алга дарам цаасыг атган улаан цувтай, урт үстэй бүсгүйг шөнийн клуб руу орон ортол харсаар л байлаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *