
…1963 он… Цав цагаан бүрээстэй цоо шинэ гэрийн тооноор уртын дуу хангинан шуранхайлж ойр орчмын хад асганд хангинан цуурайтах нь нэн сүрдэм сонсогдоно. Уяан дээр морьд багшралдан гадаа
хүүхдүүд хөөцөлдөн наадах бөгөөд хажуугийн жижиг гэрээс авгай хүүхнүүд идээ ундаа зөөн гүйлдэх нь энэ хот айлнаа найр наадам болж буйг илтгэх авай. Том гангар шаазан дүүрэн мэлтэлзсэн айраг
хоёр гардан бариад эр хонгор хоолойгоор энгүй сайхан шуранхайлан буй Бөхчулууныг шохоорхон ширтэх нүд нилээн хэд байлаа. Арга ч үгүй аавын охидын харцыг булаамаар сайхан залуу аж. Гэрийн
баруун талд цомцойн суух Хандмаа Бөхчулууныг нүд салгалгүй ширтэх зуур “Ямар ч сайхан хоолойтой юм бэ дээ… Гар нь, хүзүү нь, цээж нь ямар гоё бадриун шөрмөслөг юм… Энэ цээжийг тэврээд өглөө
бүр сэрэх юмсан…” гэж бодон шүүрс алдах шахна. Бөхчулуун харин дуугаа дуусгаад Хандмаагаас арай доохно суугаа нэгэн бүсгүй рүү их л учиртай харах шиг болоод айргаа нэг амьсгаагаар залгилав. Хандмаад

хормын дотор хармын сэтгэл төрж сэртэсхийн тэр зүг рүү харваас нутаг усандаа ажилсаг, царайлгаараа алдартай Сувд гэх бүсгүй бяцхан ичингүйрсэн шинжтэй улаа бутран сууж байлаа. Бөхчулуун, Сувд хоёр бие бие рүүгээ сэмхэн дурлалын харц шидэлцэхийг хэсэг ажсан Хандмаа “Хнн, энэ муу хүүхэн надаас юугаараа илүү юм. Худлаа сайхан царайнаас цаашгүй, олигтой хөх дэлэн ч үгүй юм байж миний залууд бас санаархана гэнээ. Би чинь хэний охин билээ дээ. Чамд хонгорыгоо алдана ч гэж байхгүй шүү” хэмээн хорсолтойгоор бодож амжив. Оройхон хирд найр хавтгайрах тийшээ хандах үеэр бага зэрэг айраг уун улаа бутарсан Сувд үеийн хоёр найзтайгаа харихаар гарахыг Бөхчулуун хараад араас нь даган гарлаа. Гурван бүсгүйн гэрүүд ойрхон бололтой морь энэ тэр гэсэнгүй сугадалцан алхангаа тас тас инээлдэн их л хөгжөөнтэй явна. Бөхчулуун тэдний хойноос хэд
алхснаа яахаа мэдэхгүй байгаа бололтой тээнэглэзэн зогсов. “Уг нь гэрт нь хүргэж өгөнгөө ганц хоёр үг солимоор байсан юмсан. Энэ хоёр найзаасаа ер салахгүй юмаа. Хүүхнүүд яахаараа ингээд өөх, дэлүү шиг үргэлж наалдаж явцгаадаг юм бол. Өнөөдөр л зориг гаргая гэж бодож байсан ч ганцаарантай нь уулзах гээд чадсангүй шүү” гэж бодоод толгой гудайлган уяан дээр буй морь луугаа эргэлээ. Найрын гэрт Сувд байхгүй гэж бодохоор л буцаж орох ямар ч хүсэлгүй болж харихаар шийджээ. ~ Хүүе Бөхөө… гэх эмэгтэй хүний дуу ард нь гарахад Бөхчулуун зогтусан эргэж харав. Тэр хавьдаа л чинээлэгтээ ордог баян Равжаагийн ганц охин ганган Хандмаа бөгсөө хаялан гунхсаар айсуй. Бөхчулуун түүний эрээ цээргүй, аальгүй занд нь тун дургүй тул ёозгүйхэн буруу харж зогсов. Хандмаа аль байдгаараа сайхан инээн дэргэд нь ирээд: ~ Найр тарах болоогүй байхад хаашаа явах нь вэ? Чиний дуулахыг хүлээсэн хүмүүс л байна шүү дээ. ~ Орой болчихож. Эртхэн харьж амрах минь. Ээж ганцаараа хүлээж суугаа. ~ Манай
Бөхөө ч ээждээ ачлалтай сайн залуу шүү. Гэхдээ дөнгөж нар бууж байхад ингээд явчихаар чинь харамсалтай л юм… Бүрий болохоор цүү хаяж тоглоно гэсэн. Чи байвал уг нь зугаатайсан… “Хмм…харин Сувд байсан бол зугаатайсан” гэж Бөхчулуун бодож амжаад цааш эргэн алхангаа: ~ Та хэд наад даа. Би явалгүй горьгүй нь! Хандмаа аргаа баран түүний араас дэгдэх шахуу зэрэгцэн очоод: ~ Заза би ч гэсэн харьсан нь дээр байхаа. Аав ээж хоёр санаа зовж суугаа. Ашгүй замын ханьтай боллоо. Яаж ганцаар харья даа гэж бодож байсан юм. Ийм сайхан залуутай дөрөө харшуулаад хатирч үзье дээ хихи Бөхчулуун хар цагаан дуугүй алхсаар тэд мориндоо хүрч мордон тэртээд харагдах бараан уулсын зүг шогшицгоов. Хандмаа замын турш ам хамхилгүй дэмий чалчиж худлаа инээн аальгүйтэнэ. Залуу харин түүний яриаг чихний хажуугаар өнгөрөөн хайрт хонгор Сувдыг бодсоор явлаа. …1999 он… Төрөх тасгийн хүйтэн өрөөнд хуучирч муудсан өндөр орон дээр нэгэн жирэмсэн бүсгүй анхны үрээ эсэн мэнд төрүүлэхээр хамаг хүчээрээ тэмцэж байлаа. Хөлсөндөө норсон үс нь нүүр аманд нь
наалдаж минчийтлээ улайн ярвайсан ч аанай л үзэсгэлэн гоо харагдах энэ бүсгүйг Долгор гэдэг. Ямар ч будаг шунхны хэрэггүй цэвэрхэн арьс, өтгөн хар хөмсөг сормуус, өндөр шулуун хамар, өөгүй жимбэгэр уруул гээд л хэн ч харсан дурламаар сайхан бүсгүй. Өдгөө гучин настай гэхэд хорь гарч яваа жаалхан охин шиг л харагдана. Үхэл амьдралын зааг дээр дэнчигнэн тэмцэхдээ Долгор өөрийн эрхгүй ээжийгээ бодож амжив. Гучин жилийн өмнө хөөрхий ээж нь яг л түүн шиг анхны үрээ төрүүлэхээр тэмцээд харамсалтай нь төрөхийн хүндрэлээр нүд аньсан ажээ. Долгор хэдий ээжийгээ харж байгаагүй ч үргэлж сэтгэлдээ төсөөлөн боддог билээ. “Муу ижий минь намайг төрүүлэх гэж ийм их өвдөлт мэдэрсэн байх нь. Ивий дээ та минь” гэж бодох зуур нүднээс нь дусал гашуун нулимс бөмбөрч шанх даган урслаа. “Хүүе Долгор оо! Яагаад дүлэхээ байчихав аа! Намайг сонсож байна уу?” гэх эмчийн дуугаар бодлоосоо салж суларсан хоёр гараа тас атган шүдээ зуугаад дүлэв. Аарцаг нуруу нь тасрах шахам өвдөн янгинаж тэнхээ тамир нь аль хэдийн тасарсан ч “Алив дахиад дүлээрэй, хүүхэд чинь бүтэх нь
байна, өшөө жаахан дүлээд өгөөч” гэж эмчийг хашхирахад сүүлийн хүчээ шавхан ганц дүлээд ухаан балартах нь тэрээ… Хар нялхаараа ээжээсээ хагацсан Долгорын өдийг хүртлэх амьдрал тийм ч дардан сайхан байсангүй. Дөнгөж тавхан настай байхад нь аав нь сэтгэл гутралаа дийлэхгүй амиа хорлож хөөрхий охин хөгшин эмээ дээрээ үлджээ. Аль бага залуудаа нутаг нуга, хамаатан саднаа орхин хүний нутагт айлын бэр болж ирсэн эмээ нь насны бөгсөнд ганц хүүгээ зуурдаар алдаж түших тулах ч хүнгүй, өөдсөн чинээ охинтой хоцроод айл амьтны хаяа бараадан амь аргацаадаг байв. Цөөхөн хэдэн мал нь зуднаар барагдаж эмээ охин хоёр идэх ч хоолгүй бор цайгаар ходоодоо дүүргэн хоносон өдрүүд цөөнгүй. Ядаж байхад нутгийн хүмүүс сүжиг ихтэй учир ойрхон хугацаанд эцэг эх нь нас барсан хөөрхий охиноос цэрвэн ад үзэж хүүхдүүдээ түүнтэй тоглуулахгүй. Охин дандаа л ганцаараа хээр хөдөө чулуугаар гэр барин өөртэйгөө ярьж тоглоно. Заримдаа дээрэлхүү хүүхдүүд ирж охиныг босоо ороолон, шулам гэх
зэргээр хэлж шоглон уйлуулах нь энүүхэнд. Хөөрхий эмээ нь тэр бүрийд өөдөсхөн охиноо өмөөрөн хэл ам хийж явдагсан. Долгорыг арван нас хүрдэг жил эмээ нь байдаг бүхнээ шавхан замын аянчдад өгч өмгөр бор гэрээ ачиж аваад хоёул хотын бараа харж билээ. Охиныг томрох тусам нутгынхан ад шоо үзэх нь ихдээд байсан тул эмгэнд өөр сонголт байсангүй. Хаа очиж үйлэнд уран тулдаа хотод ирээд дээл хувцас оён хоёр биенээ хоосон хонуулаагүйгээр барахгүй Долгорыг сургуульд оруулав. Охин сая л нэг найз нөхөдтэй болж хамтдаа тоглож наадан баяр баясалтай өдөр хоногууд ээлжилсээр. Эмээ нь зах дээрээс худалдаж авсан зузаан харааны шилээ хамар дээрээ тохчихоод үйл урлан дуу аялж сууна. Хичээлээ тараад ирэхэд гэр нь дулаахан, хоол нь амттай. Охин амьдралдаа идэж үзээгүй чихэр жимс идэн шинэ хувцас өмсөж, эрдэм номд шамдан аз жаргалыг мэдэрч байв. Гэвч баяр баясгалан удаан үргэлжилсэнгүй. Долгорыг арван таван нас хүрэхэд далан насыг зооглосон эмээ нь хүндээр өвчилж хэвтэрт орон
охин аргагүй эрхэнд сургуулиас гарч эмээгээ асрахын хажуугаар хоол унд эм тангийн мөнгө олохын тулд ажил хийдэг болжээ. Сүүний үйлдвэрт савлагч, гуанзанд бэлтгэгч, гуталчин, оёдолчин гээд л хийгээгүй ажил гэж үгүй. Нас биед хүрч яваа үзэсгэлэн гоо түүнийг үеийн залуус эргүүлж хоргоогоод амар заяа үзүүлэхгүйн зовлон их. Элдэв янзын чихэр жимс барьж гүйдэг нойтон хамуу шиг залуугаас авахуулаад элэг барих гэсэн түрэмгий дээрэнгүй залуус ч таарна. Гэвч охин хэнд ч сэтгэлээ нээсэнгүй, хэнийг ч халдаасангүй хэдэн жилийн нүүр үзсний эцэст хамт ажилладаг Ганбат гэх даруухан залуутай нэг гэрт орсон билээ. Хөөрхий муу эмээ нь охиндоо одоо л нэг санаа зовохоо больлоо гэсэн шиг тэр жил нь бурхан болжээ. Ганбаттай ханилаад есөн жилийн нүүр үзэхдээ гурван ч удаа жирэмсэлсэн боловч хүн болсон нь нэг үгүй, гэдсэндээ зулбачихдаг байлаа. Үүнээс болж хадам эх ааштай чавганц бага бэр Долгорыгоо нэг нүдээр үзэхээ байж үгийн муугаар өөчилдөг болоод уджээ. Хөөрхий бүсгүй хүүхэд төрүүлж чадахгүй хувь заяандаа гомдон дэр нойтон хоносон шөнө
тэнгэрийн одноос ч олон. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу ийм үед гүйж очоод энгэрт нь эрхлэж тайтгарах ээж аав, эгч ахгүй нь тун ч гаслантай. Эр нөхөр нь ч цагийн аяс, эхийн ятгалгаар түүнээс хөндийрч бараг л салж сарнихдаа тулж байх үеэр Долгор ахин жирэмсэн болсноо мэдэж баяр хөөр, айдас түгшүүр дүүрэн хэдэн сарыг үдэв. Бэрээ жирэмсэн болсныг дуулсан хадам чавганц “Хээцс тэр заяагүй жингэр дахиад л гэдсэндээ хороочих байлгүй, муу ёрын ороолон” гээд тоосончгүй. Ганбат харин муу ч гэсэн хүний хань гэсэндээ жирэмсэн эхнэрээ хаяад явчихсангүй, битүүхэндээ хүүхдээ эсэн мэнд төрөөсэй гэж хүлээж буй нь илт. Долгор бараг цаг минут тутамд бурхан болсон аав ээждээ хандан гэдсэнд буй хүүхдээ хүн болгож өгөхийг гуйж залбирдаг байлаа. Түүний залбирлыг сонссон гэлтэй ямар нэг зүйл тохиолдсонгүй хүүхэд нь хэвийн бойжсоор төрөх цаг нь болж эмнэлэгт ирсэн нь энэ билээ. …Спиртний эхүүн үнэр сэнхийж Долгор нүдээ арайхийн хагас нээв. Дахиад л нөгөө аймар өвдөлт… “Би чинь нээрээ төрөх ёстой шүү дээ, миний үр…миний
сайхан үр…ээж нь чамайгаа заавал хүн болгох ёстой” гэх бодол манарсан тархинд нь бодогдон дүлэхийг хичээхэд сувилагч бүсгүй хөлстэй духыг нь илээд: ~ Дүлэх хэрэггүй, хамраараа гүнзгий амьсгаа аваад амаараа гарга, сайн амьсгалаарай гэж зааварчиллаа. Гэдсийг нь хутгаар зүсэхийг Долгор мэдрээд хагалгаа хийж буйг ойлгосон ч өндийж харах тэнхэл ч байсангүй. Сувилагчийн хэлснээр хамраараа амьсгаа авч амаараа гаргахыг хичээн хэвтэх зуур өөрийн эрхгүй бурханд залбирсаар л… Эмч сувилагч нар түүний залбирлыг биелүүлэхийн төлөө хөлсөө урсган тэмцсээр… Хүүхдийн дуу часхийхтэй зэрэгцэн эмч бүсгүйн “Цусыг нь яаралтай тогтоо” гэж сандрангуй хашхирах сонстов. Долгорын чих шуугин нүд нь бүрэлзэж байвч “Миний хүүхэд, миний хүүхэд” гэж бувтнан гараа сарвагнуулна. Хэтэрхий их цус алдаад үхэх гэж байгаагаа ч мэдсэнгүй,

төрүүлсэн үрээ харах хүсэл л түүнийг ухаан балартуулчихсангүй барьж байлаа. Сувилагч бүсгүй өөдсийн чинээ улаан нярайг даавуунд ороон тэвэрч ирээд нүүрэнд нь ойртуулан “Хөөрхөн охинтой боллоо шүү дээ” гэж хэлэхийг Долгор сонссонгүй. Нялх үрээ хармагц нүдэнд нь хэмжээлшгүй их хайр, баяр, гуниг хормын төдий гялсхийн тэр бүхэн нь дусал нулимс болж бөмбөрөн урсаад дахин сэрэхгүйгээр бүр мөсөн унтаж орхилоо…