Нүүр Өгүүллэг “ЗОВЛОНД ХЯЗГААР БИЙ” ( Бөөгийн тавилан ) өгүүллэг төгсгөлийн “13-р хэсэг”

“ЗОВЛОНД ХЯЗГААР БИЙ” ( Бөөгийн тавилан ) өгүүллэг төгсгөлийн “13-р хэсэг”

0 секунд уншина
0
0
1,308

Хоёул жонжуулсаар гэртээ ирэв. Онгодуудынхаа захиасыг санан санан сэтгэлдээ тээн ойрын хугацаанд ямартаа ч орон гэрээ засаж, онгодын хавсаагаа бөхөлж, хэдий хэцүү ч бөөлөх учигтай юм хойно хуяг

хувцасаа зэхнэ ээ. Заяа минь түшиж, онгодууд чинь хөглөн намайг ч өргөөд босгоод ирнэ биз. Би орь ганцаар биш гэдгээ ойлгосон. Надад гэр минь болох Хүйс хайрхан минь бий, надад аав ээж ах дүүг минь

орлох онгод буурлууд минь бий. Энэ үзсэн бүх зовлон миний туулах л тавилан байж. Ямар ч хүнд зовлон жаргал ээлжлэн байдаг хорвоо. Зовлонгүй хүн гэж үгүй тиймээс гуниж гутран юундаа ч шаналах

билээ. Үхэж үрэгдэх гэж байгаа биш амьд мэлтийж байхад энэ хорвоод ирсэн зорилгоо биелүүлээд нүүр бардам аав ээж, удмын буурлуудтайгаа уулзана аа. Дэргэд минь түшээд суух ханьтай ч болно,

түмэндээ түгээх буянаа ч цацруулна. Би тэнхээтэй явж гэмээнэ миний үр үндэс өөдтэй явна. Энэ бол яс цусны хэлхээндээ сүлэлдэн байдаг зүйл. Үүнийг ухаарч явахгүй яасан их хугацаа алдаа вэ. Энэ мөчөөс

эхлэн амьдралынхаа өдөр хоног бүрийг эрхэмлэн нандигнаж үр бүтээл дүүрэн байлгаж, амьсгалах агаар, өмсөх хувцас, идэх хоолтойдоо талархан байж би тэнгэрийн үйлнээ ч зүтгэнэ, хүмүүний амьдралаа ч өнгөлнө хэмээн бодол болон бууж байтал тэдний гадаа машин ирэх чимээ дуулдлаа. Хар машин ирж зогсоод дотроос нь нэг залуу гарч ирээд Сохор зайранд бараалхах гэсэн юм гээд ороод ирэв. Таны бие тэнхээ данги уу? үйл арвин уу? хэмээн мэнд мэдээд таныг нэг тийшээ авч явах хэрэг байна хэмээн учирлав. Уужим сонсон сууснаа харах мэлмийгүй бэдрэх би хашаанаасаа холдож үзээгүй хүн

хаа хамаагүй хүн дагаад хаашаа явах билээ дээ гэхэд. Залуу: Ах минь манай дарга өчигдөр орой машинтайгаа явж байгаад осолд ороод хамаг бие нь мэдээгүй ухаан нь орон гаран тун муу байна. Хот хүрээ авч явах боломжгүй явдал даахгүй хүн амьтанд үзүүлсэн амь нас нь аюултай тун хүнд хэцүү байна гэх юм. Сайн гэх их олон хүмүүсээс асуухад энэ нутгийн хараагүй зайран л наад хүнийг чинь тогтоох юм байна гээд байхаар нь сураг ажиг тавьж асууж хайсаар таныг олж ирлээ. Та минь ач тусаа хүргэж даргад минь туслаач гэхэд Уужимын тархинд өнгөрсөн амьдралын шаналал зовлон бэрхшээл зурвас

харагдан өөрийг нь тэр харуй бүрийд дайраад явсан дүр төрх тодоос тод ой санамжид нь гэнэт орж ирэн уймруулж байлаа. Тэр золгүй өдрөөс хойш өдий хүртэл гэрэл гэгээ үзээгүй Уужимын сэтгэл гэнэт огшин гараа зангидан, шүд зуун, нүүр ам нь таталдан аривганаж, ярих уцаарлах нь давхцаад ирэв. Махан биеэ чирээд миний бор овойхойн босгоор мөлхөөд ороод ирсэн цагт би туслах үгүйгээ шийднэ хэмээн зангирсан хоолойгоор хэлэхэд Жаргал мэл гайхан та минь яасан хатуу байх юм бэ хэмээн сандрахдаа залууд тал засан уучлаарай зайрангийн дотор нь тавгүй байх шиг байна гэхэд … Залуу үг хэлж чадамгүй жаахан эмээсэндээ ч тэрүү дуугүй гараад явав. Сая харсан мэдэрсэнээ дахин нягтлах гэж бушуухан хуураа шүүрч аван

онгодуудаа дуудан явган бөөлөөгөө хийж эхэллээ. Харуй бүрийн завсар Харваж орж ирсэн гай Хавирган сартай шөнөөр Хамхуул мэт хийсэн ирсэн лай Үлдсэн хэдэн яс нь үйрч Үгээгүй хоосон гуйлгачин бол Үнэрлэж үнсэх үргүй Удам чинь тасран туйлд Өвдөхийн зовлонг биеэрээ мэдэр Өлсөхийн гасланг биеэрээ туул Хэлдэг хараал шигээ өөрөө амьдар Хийсэн нүгэлээ өөрөө үүр Эзэнгүй хайрхан гэж байдаггүй юм Эргээд чамайг шиншилдэг юм Эзэнгүй лус гэж байдаггүй юм Эргүүлдэж удмаар чинь нааддаг юм Бузартуулсан газраа эргээд сана Булингартуулсан усаа эргээд хар Явсан мөрөө тольдож хар Явах замаа мэдэж хөдөл Нэгэнт хийсэн нүглий чинь төлөөс Нөмөрч чамайг ээрнэ Нүгэл үйлдсэн бол Нөгөө ертөнцөд

очтолоо төлөөсөө төлдөг нь жам хэмээн хамаг биеэ сул займчин бөөлөхөд Уужимын хөл жирсхийн мэдэрч байх шиг болов. Онгодууд нь ороож Уужим ч ухаангүй их л удаан бөөллөө. Харуулах бүгдийг харуулж, хэлэх бүгдээ хэлээд онгодууд нь дэгдэхийн цагт тамиргүй болсон Уужим ар гэдэргээ саван уналаа. Жаргал яах учраа олохгүй будилж хажууд нь байсан эмэг эхийнх нь тагшинд рашаан хийн ам руу нь цутгалаа. Сагнаа жодоо асаан үнэртүүлж, дээлийг нь тайлан нөмгөлж цээж рүү нь сүүгээр тургилаа. Урт амьсгаа аван Уужим гэнэт өндийлөө. Тэнгэр минь гэж энэ өдөр ирдэг байжээ. Би үхтэлээ энэ хэвээрээ явах байхдаа гэж гутарч явсан. Онгодууд минь ам мөчигөндөө хүрчээ, хайрхадууд минь эргээд сэргэжээ, хан буурал өвгөдүүд минь багтаж ядан огшиж байна. Үүнтэй зэрэгцэн хадам талаас нь сураг чимээ сонсогдох нь тэр. Нэгэн үед эхнэр хэмээн явсан хүн нь хүнтэй сууж хүүхэдтэй болсон юмсанж. Өнөөх суусан хүн нь

өөрийн хүүхдийг илүүд үзэн, хоёр охиныг нь ад үзэх маягтай байдаг гэнэ. Базар амалсандаа хүрэх гэж найзынхаа хоёр охиныг байнга сураглан асууж явдаг байлаа. Энэ байдлыг сонсож мэдсэн Базар тэр даруй найздаа гүйж ирээд хэлэв. Яадаг ч байсан би үр хүүхдүүдээ авна аа. Хойд эцгийн нүүр үзүүлж, тэр хүний аясаар хоёр охиноо бүлтэлзүүлээд суулгахыг би тэвчихгүй. Өнөөдөр би харж, явж чадахгүй ч маргааш би тэднийхээ төлөө босохоо мэдэж байна. Үр үндсээ авчирч тааваар нь жаргааж амьдарна аа. Аав нь баян цатгалан биш ч гэсэн бүх зүйлсээс хамгаалах тэнхээ надад байгаа. Нас биед хүрэн бүсгүй болтол юугаар ч дутаахгүй аав нь хоёр охиноо өсгөнө гээд Базар андаараа хүүхдүүдээ авах талаар хэл хүргүүлэв. Өдөр өдрийн наранг маш завгүй өнгөрүүлж байлаа. Үүрээр босож, нар тонгойх хүртэл тахил шүтээнээ бүгдийг өөрийн гараар тэмтчин

урлаж, хоёр нүдээрээ бус мэлмийдэн тольдон бүтээж байсан юм. Завсар зайгаар хүмүүст тус дэмээ хүргэж, өөрийн биеийг бүрэн дайчилж байлаа. Уужимын бие цаг хором бүрээр дээрдэж босоод зогсдог болов. Хөдлөхгүй ч тэнцвэрээ олоод хэсэгхэн зогсоод байлаа. Анагаахаар ямар ч боломжгүй байсан хүн онгодынхоо хүчээр ямартаа ч босоо болсон юм. Тэр нэгэн өдөр өөрийг нь эрэмдэг болгосон, уул усыг нь ухан төнхсөн, ургамал амьтдыг хайр найргүй хядсан баян хүн балагаа дийлэхгүй үхлүүт өдрийг өнгөрөөж, үйлийн үрээ үүрч нөгөө ертөнцийн үүдийг татахад ойр болов. Хамаг амьтны зүхлийг үүрэн, Уужимын туулсан бүх зовлонг өөрийн биеэр туулж яваа нь тэр. Тэр хүний бие нь муудах тусам Уужим тавирч, жаргал зовлон ээлжилдэг хорвоод нэгнийх нь зовлон ирэхэд нөгөө нэгнийх нь жаргал ирж

байдаг нь хатуу ч гэлтэй хорвоо юмуу даа. Алаг эрээн хорвоод цаг хугацаа ахин эргэж ирэхгүйгээр урсан өнгөрсөөр хэдэн сарыг үдлээ. Жаргал ч ижилдэн дасаж хоёул зүтгэсээр айл шиг айл болж байлаа. Зуны дэлгэр цаг ирээд ч тэр үү бүх л зүйл өнгөтэй сайхан, амгалан тайван байв. Хайрхан тийш ойр ойрхон очиж, лус савдагаа аргадан, уул усаа тайж тахин, өргөл мөргөлөө сэтгэлдээ хүртэл хийж хайрханыхаа чинадын гол судал бүхнийг нь сэргээн байлаа. Эмэг эхийн хээрийн онголог болох агуйгаа сайхан засаж, эрчим энергийг нь сэлгэн сэргээж хуяг хувцас хэнгэрэг тойвуурыг нь урлан онголоод амьтай, эрчимтэй, эзэнтэй болгов. Лусын судал бүгдийг тайлж аргадсанаар үржил шимээ өгөн, рашаан булаг нь сэргэлээ. Уужим овоо явдаг болсныг ч хэлэхүү сэтгэлдээ хүртэл зассан агуйдаа бөөлж дуусаад залгаа жижиг агуйд байх хэсэгт өврөөсөө тагш гарган тавиад

явах гэтэл тагшинд нь рашаан дусах сонсогдов. Яг тэр мөчид мэлсхийн нүд нь бүрсийгээд ирэх нь тэр. Итгэж чадамгүй баярлаж эргэж тонгойн рашаан дусалдаг мөлгөр хадаа тэмтэрч үзэхэд эхийн хөхний сүү гэлтэй дусалж байв. Гайхамшиг гэж л энэ байх. Хараагүй болж мэлмийн хүчээр өнөөдрийг хүртэл явсан Уужим рашаан усаа хоёр гардан тосож аваад нүдээ шавшин хэсэг суулаа. Түрүүн бүрсийж байсан нүд тэртээ холоос гялтганан сүүмийх гэрэл шиг гэгээ тусаж эхэллээ. Ээ тэнгэр минь, гялайлаа таньдаа ижий хайрхан минь, ээ гялай ээ гялай хоёр нүдийг минь нээж байгаа эмэг эхдээ гялайлаа. Хайрханы минь рашаан намайг сэргээж, лус савдагууд минь бүгд хэдэн талаас минь түшиж босголоо. Би эндээ л байх учигтай, энэ газартаа мөнхрөх учиртай гэсээр Жаргалаараа түшүүлэн гараад гэрийн зүг хурдаллаа. Маргааш үд дундын алдад Базар хөтөлгөө хоёр мориндоо ижилдэн байх хоёр сөөсгөр охидуудыг нь хөтлөөд ирж яваа

үзэгдэв. Тогтож чадахгүй морьдоосоо үсрэн буун ‘Ааваа, Ааваа’ гэх охидуудын дуунд Уужим өөрийн мэдэлгүй хэдэнтээ алхан гүйх аядаж бүдрээд уналаа. Эвий минь үрс минь нандин эрдэнүүд минь, миний амь амьдрал. Аав нь үнэрлэе алив яасан ч том болоов дээ сайхан охидууд минь хэмээн хэдэн жилийн бэтгэрсэн сэтгэлээ дэвтээн байж аавынхаа энгэрт тэврүүлэх үрсийн гэрэл гэгээ цацарсан нүд, Уужимын зүрх базалж асгарах нулимас хичнээн өрөвдмөөр… Базар хэдэн тооны мал өгөн байж авчирсныг ч Уужим яаж мэдэх билээ. Тээр жил охидыг чинь би чамд авчирч үнэрлүүлнэ ээ гэсэн андын сэтгэл ч сайхан болов. Согтуу хөлчүү явдаг ч гэсэн шударга үнэнч сэтгэлтэй анд нөхөр гэж хорвоод ховор ч гэсэн байдаг юм. Хөдөөний ажил барагдах биш завгүй зуныг өнгөрүүлсээр… Жижигхэн бор гэрээ сэлгэн шинэхэн их таван ханатай сайхан гэр урлан, хос хоёр авдар хийн ойр

зуурын сав суулга гээд овоо юм амжуулаад авав. Хоёр охиндоо ч гэсэн жижгэвтэр авдар хийж дотор нь хурганы арьс, мөнгө, сур, шинэ тэрлэг, амттан хийж өгөв. Өнөр өтгөн дөрвүүлээ болсныг ч хэлэх үү ажлыг хамжилцаал арчаатай анхиатай сайхан айл боллоо. Яах ийхийн зуургүй шаргал налайсан намар айсуй. Их нүүдэл эхлэлээ… Хүйс хайрханыхаа нөмөрт төвхнөөд авав. Тойроод дүүрэн мөнхийн цагаан уул цэцэг дэлгэрсэн, жигтэйхэн сайхан цэцэг ногоо анхилсан энгэрт дөрвүүлээ өвлийн бэлтгэлээ базаан байлаа. Цагаан идээгээр бялхаж, элбэг дэлбэг налгар намрын шаргал өдрүүд сайхаан… Тэртээ холоос нэг хүн мал туусаар наашилж үзэгдэв. Уужим холыг бүр сайн харахгүй ч бүрэлзээд нэг юм дүрсэлнэ. Охидууд Базар ах ирж явна гэж мэдээ дуулган орж ирэнгээ Жаргалд нэг нэг үнэрлүүлээд тоглохоор гараад гүйв. Жаргал ч охидтойгоо ээнэгшин дасаж дотно байдгийг ч

хэлэхүү, эрхлүүлээд л , заримдаа дунд нь орчихсон гурвуул тоглоод сууж байдаг байв. Тийм сайхан амар амгалан айл болсон байв. Базар ч ороод ирлээ. Амандаа өвс зуун малгайгаа хажуулдсан байдалтай Муу андыгаа санаад ирлээ гэж цаашлуулаад жуумалзан инээгээд л дэргэд нь налаад суув. Шимийн үнэр ханхийх аж. Энэ үнэрт нь ч дасаж дээ хөөрхий. Миний муу насны анд гэж бодоод хайрлах хүндлэх сэтгэлээр ширтэн суулаа. Жаргал ч хоол цайг жигтэйхэн хурдан хийнэ. Амттай сайхан хоол, аагтай шаргал цайгаар дайлаад… Одоо буцахгүй бол болохгүй нь. Эхнэр маань бас цангинана шүү дээ. Сонсож дассан надад шүлэг шиг л сонсогдоно. Гэхдээ надтай ханилан суусан түүнийгээ бас уурлуулаад яахав хүндлэнэ ээ. Жаргалын маань бие тэнхээ сайн уу? Хэвлий нь бас мэдэгдэхүйц томорчээ. Зүстэй хүний

нуруутай хүү мэндлэхийн байлгүйдээ. Ирэх жилээс муу найз нь та хоёртоо нэмэр болонгоо манайх бас бууриа сэлгэн хаяа дэрлэн өвөлжинө өө. Нялх нойтон хүүхэдтэй байх юм чинь бие биедээ дэмтэй явна аа хө. Шинэхэн айлдаа хэдэн мал таслаад ирлээ. Чиний буянд найз нь хүн шиг яваа. Одоо эргүүлээд чамайг би өргөнө өө гэтэл Уужим ‘Миний унаж босох үед хэзээд дэргэд минь байдаг анддаа талархлаа. Муу явахад минь түшээд босгох, сайн явахад минь дэмнээд өгөх ийм найзтайдаа үргэлж баярлаж бахдаж явна аа гээд тэврээд авав. Хүн л болсон хойно нас яваад ч тэр үү нулимас нь ойр болсон Базар нударгаараа нүүрээ нэг шувтраад (Хөгшин нь явлаа) гээд гарав.

Мориндоо мордон цааш явж байгааг нь хэсэг харсанаа Хүүе Базааар хоёулаа ганц хүртэхүү? гэтэл нүүрэнд нь мишээл тодорсон Базар эргэж харан харин яах уу тэгэхүү? андаа. Чамд хэр их шим байгаан гээд инээд алдан эргэн шогшлоо.🤣 Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *