Нүүр Өгүүллэг “ЗОВЛОНД ХЯЗГААР БИЙ” ( Бөөгийн тавилан ) өгүүллэг “8-р хэсэг”

“ЗОВЛОНД ХЯЗГААР БИЙ” ( Бөөгийн тавилан ) өгүүллэг “8-р хэсэг”

0 секунд уншина
0
0
600

Байдал бишдэх янзтайг мэдэрсэн Уужим зочдоо угтаж авахад бэлдэн урцаа тойруулан алсуур хэд хэдэн түүдэг өрдөж асаагаад, хуяглан тухлаж суугаад хэнгэрэгээ аажмаар дэлдэж байлаа. Гар хоосон ганц

бие над дээр яасан олон зочид морилох нь энэ бэ хэмээн бодов. Машинууд ирж зогсоод эрх мэдэлтэй гэмээр хар урт хүрэмтэй том бадриун бүдүүн эр залуустайгаа бууж ирээд энэ нөгөө өтны ялаа

газрын гай уулын буг чинь мөн үү? хэмээн том том инээлдэцгээв. Уужим хар цагаан дуугүй харж зогслоо. Учир нь болох зүйлсийг хэдийнээ мэдчихсэн байв. Нөгөө хэдэн залуус үгийн зөрүүгүй тал

талаас нь балбаж, хуяг хэнгэрэгийг нь тасчиж, бор овоохойг нь авдартай нь хамт бөөнд нь галдаж шатаагаад заналхийлсэн яхир хоолойгоор хад асга цуурайттал дахиад нүдэнд үзэгдвэл үг дуугүй

нухаад газарт чинь булаад хаяна шүү. Амаа хамхиж яваарай олон долоон үг гоншигнолгүй холхон яваарай хохино шүү. Чиний амийг надаас нэхэх хүн байхгүй шүү хэмээн хатуу сануулга өгөөд энэ удаад

амьд үлдээе дараа бол үгүй шүү гэж хэлээд буцацгаав. Уужимын хамаг бие нь хөндүүр арай хийж нүдээ нээн өндийтөл урц овоохойных нь дүрэлзээд дууссан нурам, эргэн тойрондоо асаасан хэдэн түүдэг цогшоод утаа май тавиад угаартах нь холгүй амжиж босов. Хамаг юмаа шатаалгасан хүний шийдсэн зангаар мөрөөр нь мөшгин доглосоор олборолт хийж буй газрын бараа харагдах газарт холоос ажлаа. Ууж идэж наргиж цэнгэсэн хүмүүсийн бахаралтай инээд, аархуу баячуудын дуу хадаж, шингэн хоолойтой хүүхнүүдийн аальгүйтэх нь чихэнд сонсогдож байлаа. Тэнд юу болж буй нь нүдэн дээр илхэн байв. Уур хилэн нь хөдлөсөн Уужим хэний ч нүдэнд өртөмгүй хамаг юмыг нь галдчихаад явна гэсэн бодолтой ухасхийв.

Найр наадам нь хавтгайрч, жаргал цэнгэлдээ умбан ухаан сөхөөгүй архидалт эд дундаа явж байтал… Гадаа гал!!!! хэмээн хэн нэгэн хашгирахад гуйвж дайвалзсан юмнууд гарч ирэв. Чухал машин техникүүдийг галдан шатаагаад хэн үйлдсэн нь үл мэдэх баримт гэрчгүйгээр зугтсан байлаа. Болсон зүйлийг харсан даруй босс нь хөмхий зуун ямааны мах халуун дээрээ би та нарт хэлсэн байхаа нөгөө новшийг амьд үлдээж болохгүй гэж… Бушуухан түүнийг ол новшнуудаа хаа байгаа газраас нь тэр гөлгийг даруйхан олж ир. Түргэн хөдлөөөч гээд бүгдийг нь зандчин хөөв. Мөрөө баллан модон дундуур төөрүүлэн зугтаж яваа Уужимыг олохгүй нь ойлгомжтой. Уужим ч зогсолтгүй хазагнан доголж гүйсээр төв суурин газрын бараа хараад амьсгаа даран хэсэг амсхийв. Үүрч цайлаа… Өнөөх нөхдүүд нь

шатсан буйрыг нь эргэж тэндээ байгаагүйг олж мэдээд цааш хөдлөв. Тэр золбин тэнэмэлээс зайлахгүй, чамайг олох л юм бол болгож тавина хэмээн заналтай явсаар бараг зэрэгцэн төв орцгоов. Жижиг суурин газар юм хойно хэн хаана байгааг амархаан мэдэж болох учир хэрэндээ л амьтан хүнд харагдахгүй алсуур явж байлаа. Хамаг бие нь цус нөж болсон халтар хар юм хазганаад явж буйг нутгийн ганц хоёр хүн хараад хүний мууд дурлан хоорондоо шивэр авир хийн ярьж байлаа. Уурхайн босс архи нь ч гараагүй аархсан амьтан машинтайгаа тоос татуулан сумын төвийн цагдаагийн хэлтэсийн үүдэнд ирж зогсоод жигтэйхэн уур хилэнтэй айхлаж амьсгаадан шууд албан өрөөнд нь ороод сая манай уурхай дээр нэг нөхөр хамаг техникийг маань галдаж шатаачихаад зугтлаа. Тэр нөхрийг даруй олж хуулийн хариуцлага хүлээлгэн эд хөрөнгөө төлүүлэх хэрэгтэй бна хэмээн ширээ шааж уурлав. Цагдаа нь гал нь бөхсөн харцаар харан та

тайвшир бид хичээнэ, хэзээ болсон хэрэг бэ? гэхэд чамд тайлбар тавьж суух зав алга гарч тэр нөхрийг хаа байгаа газраас нь олж өг тэгэхгүй бол би өөрөө олж хувийн тооцоо хийнэ шүү хэмээн төрийн цагдаагийн өмнө савчаад гарч одов. Төд удалгүй цагдаагийн чихэнд алтан хошуу хүрэх нь тэр… Баян Балдангийн ганц буянаа барсан хүү нь согтуу Базарынх руу үүрээр үзээрийн царайтай явна лээ хэмээхэд цагдаа нар түргэн авч Базарынд очтол Уужим тамир тэнхээ муу хэвтэж байлаа. Амрыг эрье иргэдийн гомдолын дагуу таныг хүний өмчид халдсан хэмээн сэжиглэн гэрчийн мэдүүлэг авахаар хэлтэс рүү авч явна. Та бос хувцасаа өмс түргэл хэмээн нилээн дээрэнгүй шамдуулаад үгийн зөрүүгүй чирээд аваад гарав. Юу болсоныг ерөнхийд нь Базар гадарлах ч ам нээсэнгүй дуугүй зогсож байв. Цагдаа нь эргэж хараад Базарт Хөөш нөхөр минь чамайг дуудаж гэрчийн мэдүүлэг авна шүү. Гэмт этгээдийг нуун дарагдуулсан

хорогдох орон байраар хангасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг ч үүсгэж магадгүй шүү дуудсан цагт ирээрэй гээд явав. Эрх мэдэлтэй хүмүүсийн халаасанд орсон төрийн хууль цааз ядуу эгэл ардад хатуу тусах нь ойлгомжтой. Ямар ч нотлох баримтгүй, гэрчгүй байхад тулган шахаж хийсэн хийгээгүй олон хэрэгт гүтгэн албадан яллах тогтоол гарган шүүхээр таслахаар боллоо. Гэм хийсэн Уужим ганц ч үг амнаасаа ган хийж унагалгүй гүрийсээр… Тэнгэр намайг мэдэх хойно гэсгээн цээрлүүлэх ёстой бол шийтгэлийг нь хүртэхэд надад харамсах юм байхгүй. Төрийн нэр барьж хуулийг завхруулж буй энэ хулгайч луйварчидаас бол ам нээж өршөөл хүсэхгүй. Намайг гэмтэн гээд батлачих тэгвэл хамаа алга ялыг чинь биеэр эдлээд гараад ирэх нас надад байна гэж гүрийсээр мөнгөтэй хүмүүсийн захиалгаар хар түрмийн хаалга татаж, шүүхийн шийдвэрийн дагуу алх тогшохыг

зүрхэндээ хэзээ ч мартахааргүй тод зураглан үлдээлээ. Энэ их хорсол зэвүүцэл, үзэн ядалт, худал хуурмаг гүтгэлэг, дарангуйлалын ачаар хүний мөн чанар, зан ааш, харилцаа бүгд худал болохыг тэр агшинд сайн гэгч ухаарлаа. Төрийн минь сүлд өршөө хэмээн сөхөрч мөргөөд мөнх хөх тэнгэр минь үрээ болгоо хэмээн чин үнэн сэтгэлээр сүслэн байхуйд хамаг зовлон нуруунаас нь салсан мэт сэргээд явчих шиг боллоо. Энэ явдлаас хойш гурван жилийн дараа магадлангаар суллагдаж үндсэн ялынхаа хагасыг биеэр эдлээд нутагтаа ирэхэд тосч авах хүнгүй толгой хорогдох оромжгүй шууд эх эцгийнхээ булшин дээр очин хамаг л зовлонгоо ярьж уйлж суугаад унтаад өгөв. Эцэж цуцан өлсөж цангасаар Базар андындаа иртэл нөгөө л хөөрхий андын сэтгэл хувирашгүй бахь байдгаараа хүлээж аван шөнөжин өдөржин

хууч хөөрөн зовлон жаргалаа ярилцан ууж идэв. Ямар ч үед тосоод авах андыгаа тэврэн найз нь төвөг удахгүй явна хэмээгээд уулын зүг алхлаа. Нилээн халамцуу хугас шил юмаа өвөртлөөд замдаа амсаж явсаар бэлдээ иртэл дүнсийх хайрхан нь сийчүүлсэн мэт энэ тэндгүй онгичиж ухагдсан дүр төрхтэй байхыг хараад сэтгэлээр унан Хорвоо арай л хатуу юу би яах ёстой бэ? хэмээн үлдсэн жаахан юмаа бүгдийг нь залгилаад хөл дээрээ тогтож ядан тонгочин явж байлаа. Баруунтай байх даваан дээрээс нөгөө уурхайн босс халамцуу машинаа жолоодон хурдалж яваа үзэгдэнэ. Машины гэрэлд салганаж яваа Уужимыг таниад Газрын гай чинь бас гараад ирээ юу дээ. Дахиад ямар бодол тээн гэлдэрч яваа гуйлгачин бэ? Чамайг одоо энд гүйцээнэ ээ хэмээн араас нь хааз гишгэн хурдалж замын хажуугийн жалга руу үсэртэл

мөргөөд тэр чигтээ зогсолгүй давхиад явжээ. Одоо чи эндээ үхэж далд ор, амьд үлдэхийг чинь харнаа гэсээр тоос татуулан хурдлан алга болов. Ээдээ ганц хүний амьдралд дааж давшгүй энэ их зовлонг хаанаасаа өгдөг гаслан шаналал бэ… Уужимын хамаг л амьдрал нүдэнд нь үзэгдэж алсарсаар муужирч байлаа. Салхин сэвшээ зөөлөн сэвэлзэж, од мичид улам бүр тодрон хүү минь бос, үр минь өндий, удам минь сэр нүдээ нээ гэх шивнээ Уужимыг арай ядан амьтай голтой тогтоож байх нь тэр. Ухаан алдахын өмнөхөн нүдний өмнүүр чонон сүрэг дагуулсан бор дээлтэй өнөөх өвгөн буурай утаа мэт манан дундаас гараа тосон ирж яваа үзэгдлээ. ( үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *