
Хүний орчлонд илүүдэж яваа Уужим багтаж шингэх газар үгүй болсон болохоор Хүйс хайрханыхаа бэлд хүнс хоолоо базаагаад урцаа бариад хэдэн сар тэндээ бүгэв. Өнгөтэй өөдтэй явахад танихгүй мэдэхгүй хүн
битгий хэл нохой хүртэл хүрээлнэ. Уруудан доройтож, ядарч зүдэрч, бүдэрч явахад амьтан хүн битгий хэл ойрын хүмүүс ч зугтаж цаашлана. Хүн жаргал даахгүй зовлон даадаг хойно хүсээгүй хатуу
тавилантайгаа эвлэрч хөдөө хөхөрч, гадаа гандаж, даарч хөрч, өлсөж зовж амьдрахын эрхэнд араатан амьтны махаар хүртэл гол зогоож байв. Өсөхийн жаргалдаа өлсөхийн зовлон үзээгүй Уужимд амьдрал
гэдэг ёстой тэсэж үлдэхийн тэмцэл гэдгийг мэдрүүлж байлаа. Сахал үс нь ургаад хүй нэгдлийн хүн шиг зүс царай нь давхайж сайртаад, нүд шүд нь гялалзаад ёстой л хайрхан уулын савдаг шиг дүр төрхтэй болж
амьд амьтан айж цочиж үргэж зугтмаар… Хээрээр гэр хийж хэдэн ч сарыг үдэв дээ. Энэ хугацаанд Уужим уулын мухарт ухаан санаагаа цэгцлэх гэхээсээ илүүтэй санаа сэтгэл нь орон гаран, солиотой мэт

хагас галзуу зэрлэг араантан шиг догширсон байдалтай болов. Хүний бараа харалгүй хэрцгий зэрлэг улангарсан чоно шиг хилэн, авиртай ч болжээ. Хүн л юм хойно ядарч цуцан тамирдаж, ухаан алдан муужран унамагц усны гүнд живж буй мэт бие нь хүндэрч дуу чимээ алсран бүдгэрсээр гэнэт дээшээ үүлэн дээгүүр хөвөх мэт нисэж байх тэр мэдрэмж дахин давтагдашгүй. Үүрд амьдын орчлонгоос хагасраад хагацаж явж буй мэт жингүүдэж байлаа. Амьсгаа давчдан гэнэт сэрж нүдээ нээгээд хөдлөх гэтэл хамаг бие нь шархирч,өөрийгөө дааж өндийж дийлэхгүй хар хөлс нь цувдаг байв. Амьд амьсгаатай мэнд
хэвтэж байгаа нь зол гэмээр… Шүд зуун амь тэмцэн байхад агуй руу хий хоосон нэг юм чирэн чангааж, угзарч зулгаагаад байгааг ч мань хүн анзаарах сөхөөгүй байлаа. Хар хөлс цутгаад хамар амнаас нь нус, шүлс, нулимас нь холилдон урсаж, үс гэзэг нь үнэр танар гэж авах зүйлгүй. Хайрханы өвсийг шилгээн хөрвөөж, хад чулуу асгыг ч тойрох юмгүй чирэлдээд дээш өөрийн эрхгүй мацаж, мөлхөөд байлаа. Тамир тасрах даваан дээр агуйн амсар дээр гарч ирээд нүд нь харанхуйлаад хөрстийн амьдралаас түрхэндээ тасран одов. Энэ хугацаа Уужим хүүгийн шийрийг үзэж, шилийг гудайлган хэлийг нь унжуулж байв.
Нүдээ дийлж ядан сүүмийж хартал. Нөгөө агуйд байсан хуягийг нөмрөөд, хэнгэрэгийг нь бариад хэвтэж байлаа. Сандарч цочих ч тэнхэлгүй болох ёстой юм зөнгөөрөө болжээ хэмээн ам нь жуумалзан хөмхий зуун хэвтэв. Байдаг чадлаараа агуйг цуурайттал чангаар хашгирч, хад чулуу доргиж хангай хайрханы амьтад үргэтэл бахархалтай нь аргагүй архирч бахирч хашгирч байлаа. Эрүү шүд нь зуурч амнаас нь өөрийн мэдрэлгүй андгай тангарагийн өчлүүд урсаад эхлэв. Хан буурал аавынхаа Хатан буурал ээжийнхээ Алаг махны тасархай Алтан ясны хэлтэрхий Хайрлаж өсгөсөн та нарынхаа төлөө Хүний орчлонгийн жамыг сөрж Халиах нүд минь хараатай байхад

Харайх хөл минь солбиотой цагт Хуяг дуулагаа хөнтөрч Хэц хэнгэрэгээ нийлүүлж Хэцүү төөрөгт ээрэгдлээ Хан тэнгэрээс харваж буусан Хатан дэлхийгээс сэрж боссон Гэрэлтэй гэгээгүйд гэгэлзсэн Харанхуй харгуйд догширсон Өөхөн цагаан өвдөг дээрээ сөхөрч Өндгөн цагаан толгойгоо бөхөлзүүлж Өчлийг тань өчиж байна Өмөг түшиг минь болоорой Би тэнгэр болсу Би Бөө болсу гэж хэлээд гэдэргээ харан саван уналаа. ( үргэлжлэл бий…)