
Нэгэн сайхан гэр бүлд үрийн тэнгэр харьсан гэлтэй үнэрлэх үр заяалгүй нилээдгүй хугацаа өнгөрч гэнэ. Арга дом, засал хийлгээд ч чимээ аниргүй байх агаад хэдэн өдрөөр зүсрэн орсон бороонд манан
будан бууж, тэнгэр газар сүлэлдэн байх мөчид тэсгэл алдан хоёул уйлж мэгшин “ҮР ХАЙРЛААЧ” хэмээн гуйж гэнэ. Тэр үеэс төд удалгүй тэнгэр эцэг хишгээ хайрлан дэлхий ээжид дуугаан хадаан Уужим
алдартай томоо хөх мэнгэтэй мантгар бор хүү мэндэлжээ. Үнэрлэх үртэй болсон улс газар дээрх ганц үр минь гэж хаа явсан газраа дээлийн энгэртээ хурганы нэхий дэвсэн нялх үрээ өвөртөлж явсаар
хөөрхөн бойжуулаад авав. Элэг бүтэн, эрүүл саруул дутагдах гачигдах зүйлгүй айлын эрх ганц хүү Уужим, эцэг эхийнхээ хайр халамжинд эдийн дээдийг эдлэн, амтатны сайхныг хүртэж, хүний амьдралын
зовлон зүдгүүрийг мэдрэлгүй өсөж өндийсөөр л… Удам дамжин хүндлэн дээдэлж, шүтэн мөргөж явдаг хайрхандаа өдрөөс өдөрт өссөөр эрийн цээнд хүрэх гэж буй хүүгээ ижий аав нь даатгаж явдаг байв.

Ажаад байхнээ Уужим хүү эрх танхи болоод ч тэр үү, зөрүүд дураараа болоод ч юм уу сургууль соёлд тогтож сууж чадалгүй гарчихав. Хичээнгүйлэн чамбай амьдарсан аав ээж нь бэлтэй бэнчинтэй болтлоо хөдөлмөрлөсөн болохоор нас биед хүрсэн хүүгээ нутаг хошууны удам угшил сайтай Төмөрийн ганц охин үг дуу цөөн, төлөв даруу бүсгүй үртэй ханилуулахаар сүй тавьж сарын сайныг товлон байж нэг гэрт ёстой төртэй оруулж айл болгов. Залуу хосууд ч жаргалдаа умбан, үргэлжид дутагдах гачигдах зүйлгүй элбэг дэлбэг
байх юм шиг санан дураараа байдаг байв. Таван жилийн нүүр үзэн хоёр сайхан охидтой болж амьдралын зах зухаас ойлгож мэдэрч эхлэв. Хүн мөнхөд жаргал дүүрэн байдаггүй, зовлон ээлжлэн ирдэг нь жам юм. Мөнх бусын хорвоод үүрд аав ээжтэйгээ байх мэт аяглах түүнд нэг л өдөр аянга цахилж, аадар буух мэт хар тэнгэр харанхуйлан бараан үүл нөмрөн авах нь тэр. Эцэг эх нь ойр ойрхон мөнх бусын хорвоод зуурдаар ар араасаа одож уй гашууд автан, амьдралын тойрогт ойлгомжгүй хатуу зовлон бэрхшээлүүд ээрч голомтыг харлуулж, сэтгэлийг эмтрүүлэн орчлонд Уужим хүүг орь ганцаар үлдээв.
Амьдрал гэх хөлгүй далайд живчихгүйхэн мэнд мэлтийхийн тулд ухаан сууж, уужуу бодох хэрэг зайлшгүй гарч ирэв. Түүний ирээдүй ээдрээтэй эгзэгтэй бүрхэг болжээ. Хэдэн өдөр, хэдэн шөнө өнгөрснийг ч мэдэх сөхөөгүй гүн хямралд орж гөлийж суусаар нүднээс гарч, царай зүс нь гундаж орхиж. Гэртээ тогтож сууж чадалгүй хаашаа ч хамаагүй харсан зүгтээ гэлдэрч яваад зогссон газраа хэвтэн уйлж, тааралдсан хүмүүсийг гал нь унтарсан нүдээрээ цоо ширтэн горьдлого тээж харагдана. Эргэх орчлонгийн хатуу үнэнтэй нүүр тулан гудайх түүнийг тэнгэр эцэг, дэлхий ээж аргадах мэт зөөлөн шиврээ бороонд
угаан, чийг аван дэлгэрэх шинэхэн үндэс, эмийн ургамалыг ид гэсэн шиг сагсайлгах нь тэр. Бороонд норсон түүний тархи толгой сэргэн ухаан орж эргэн тойрноо нэг хэсэг ажиж харав. Жим гартал аав ээжийнхээ гэрийн буурийг алсуур тойроод яваад байсан аж. Зөнгөөрөө гороолж эцэг эхдээ буян хурааснаа гэнэт бодов. Эхнэр болон хаяа манан хамтдаа байх айл хотлын хүмүүс бүгд түүнд саад тотгор бололгүй алсаас ажаад, гашуудах тэр хэдэн хоногийг түүнд өөрт нь үлдээсэн аж. Уужим ухаан оржээ….. Тэр хэдэн өдөрт болоод өнгөрсөн бүгдийг эргэцүүлэн бодож толгойндоо цэгцэлж, зүрхэндээ хатамжлаад

шүд зуун босож гэрийн зүг том том алхалсаар явав. Юу гэж ярих бол гэсэн шиг эхнэр нь галаа өрдөнгөө чимээ чагнан суув. Бага балчир хоёр охин нь учир байдлыг ойлгосон мэт ээжийнхээ хоёр бөөрөнд наалдан тойг мөлжин, хүлхээд суух нь тэр. Хэлж ярих гэсэн ч үг яриа нь эвлэхгүй болохоор нь тахил өөд өндийн зул бадраав. ( үргэлжлэл бий…)