Нүүр Өгүүллэг “ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “27-р хэсэг”

“ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “27-р хэсэг”

6 секунд уншина
0
0
433

-Үгүй. Үгүй миний найз одоо өөр хүн болсон. Тэр үед өөр хүн болчихсон байсан гэж уруул өмөлзүүлэн мэгшихэд Санжаа өндийж ирэв. – Хөөе хамаа. Бас нэг зүйл байна. Би чамд ярих уу? Байх уу? Гэж

хоёр хоног бодлоо. Өнөө чиний хэрэгтэй холбож, өмгөөлөгчийн чинь бичээд байсан мөрдөн байцаах газрын Гэндэн хурандаа намайг дуудлагаар авсан. Нөгөө хүүхэн хулгайлсан алуурчин гээд байгаа

Петтийг чинь чимээгүйхэн цааш нь харуул гэх юм. – Юу? Тэр хурандаа яг тэгж хэлсэн үү? – Би муу хүн л дээ. Надад амьдрал байх ч үгүй. Энэ нийгэмд бол би хог шаар. Намайг хүмүүс дан муу юманд ашигладаг.

Энэ удаа ч бас.. Гэхдээ би хүн шүү дээ. Муу ч гэсэн надад сүүлийн үес бас жаахан ч гэсэн хүн сэтгэл байдаг болж. Харин та нар бол сайн хүмүүс. Дүүрэн ч тэр. Чи ч гэсэн. Бас Саруул билүү? Тэр хүүхэн. Та нар

бүгд сайн хүмүүс. Батхүү ч гэсэн дээ зайлуул намайг бодвол… Сүрэнхүү түүний мөрөн дээр гараа халуун дотноор тавиад – Чи тэгж битгий бод найзаа. Бид адилхан хүмүүс шүү дээ. Бид бүгд алддаг.

Орчлон ертөнц нураагүй байсан цагт өөрийгөө битгий муугаар бод. Чи бас л сайн залуу. Чи надад их тус болж байна. Би чамайг их сэтгэл сайтай, чанартай эр хүн гэж боддог шүү. Энэ бол миний чин сэтгэлийн үг шүү гэв. – Харин чи ийм мундаг эрдэм номтой хүн байж намайг тоогоод байгаад чинь би баярлах юм. Тэгээд л энэ бүх үнэнийг би чамд яриад байгаа юм шүү дээ. Бас хэрэв тэгээд боломж энэ тэр нь олддог юм бол та нарыг энэ зовлонгоос салаасай гэж.. – Баярлалаа. Санжаа чамд маш их баярлалаа. Тэгээд.. – Тэгээд… Маргааш өглөө тэр Петт манай камерт орж ирнэ. Би түүнийг цааш нь харуулна. – Санжаа тэгж л болдоггүй юм шүү. Петт алагдах юм бол үнэн тэр чигтээ олдохгүй тэгээд өнгөрнө гэсэн үг. – Харин би бас байхгүй болно. Мэдээж тэр хурандаа өөрийн муу үйлдлийн амьд гэрчтэй байхыг хүсэхгүй шүү дээ. – Гэхдээ чи түүнийг алахгүй шүү дээ. – Гэсэн ч тэр

надад даалгавар өгсөн. – Ямарваа нэгэн сайн үйл заавал чамайг аврана шүү дээ. Өглөө ажил дөнгөж эхэлмэгц сахал үсэндээ баригдаж, царай алдаж цонхийсэн Петтийг оруулж ирэв. Харваас тэр айж ширвээтэн байлаа. – Ноёнтон таны бие ямар байна вэ? Таньд ямар нэгэн тусламж хэрэгтэй байна уу? Петт англи хэл сонсоод нүд нь сэргээд ирэв. – Баярлалаа. Би эмнэлэгийн тусламж хүсч байна. Маиний бие муу байна. – Та энд ирээд удаж байна уу? – Нэг сар гаруй хугацаа өнгөрлөө. Миний толгой өвдөж байна. Петтэд ганц ширхэг тогойны эм сарвайсан Сүрэнхүү хэрхэх учраа олж ядан Саруулыг дуудуулах арга сүвэгчилж суухад дарваан Санжаагын хүйтэн гөлгөр харц түүнийг нэвт шөвөгдөх мэт харан суухад Петтийн ар нуруугаар хүйт даана. – Санжаа би өмгөөлөгчөө дуудуулж уулзмаар байна. – Утас нь байгаа юмуу? Түүн шиг амархан юм алга. – Байгаа. Би чамд бичээд өгөх үү? – Хэрэггүй. Ерөөсөө чи өөрөө ярь. Би чамд нэгнийх нь утсыг аваад өгөмз.

– Болох юм уу? – Болохгүй юм гэж энд нэг ч зүйл байхгүй. Энэ чиний байх газар биш. Харин энэ хулгайч монголын сайхан хүүхнүүдээр их тоглодог цусан гартай новш гэлүү? Ёо, Ёо уйдчихлаа байна. Жаахан зугаацаад орхиё. Болох юм байгаа биз дээ хэмээн биеэ сунгах мэт мушгиралдсан могой шиг цогнойн босч нүдэнд нь хөх гал маналзан байхад дотор нь зарсхийсэн Сүрэнхүүд өөрийн эрхгүй эмээх сэтгэл төрөн хойш ухран суув. – Хөөш мөнгөө гаргаад ир хулгайчаа. Санжаагын хахир хүйтэн аясаар Петт үрчилзэн бөндөгнөж байлаа. Петтээс болж зовж шаналсан Дүүрэн, Оюунзул, амь хөнөөгдсөн хэн нь үл мэдэгдэх хөөрхий тэр бүсгүй, бас амьд эсэх нь үл мэдэгдэх Батхүү нь харагдах шиг болоход Сүрэнхүү хөмхийгөө зуув. “Нээрэн энэ новшоос болж би хүртэл энд тарчилж байгаа биз дээ” Сүрэнхүү түүнийг харахаас зэвүүцэн буруу харж суув. “Үгүй ер. Бас тогойны эм өгдөг нь юу билээ. Гэхдээ энэ новшийг үхүүлж болохгүй” Дарваан Санжаа Петтийг тарчилган гоочилж, Петтийн зовиуртайяа шуухиран

амьсгаадах сонсдоход хамаг бие нь агзайн хүйт даасан Сүрэнхүүгийн толгойтой үс босох шиг болно…. … Ахмад Амар Улсын прокурор Цагааны өрөөнөөс ихэд сэтгэл хангалуун гарч ирлээ. Суганд нь халуун төөнүүлсэн нэг бичиг байгаа нь Ялтан Дүүрэнд хариуцагдах дугаар тоот хавтаст хэргийг дахин мөрдөн шалгах зөвшөөрөл аж. Хавтаст хэргийн бүрдэлттэй танилцахаас өмнө шүүхийн дараалсан шатнуудын шийдвэрийг хүчингүй болгосон учир ялтанг хорих байрнаас урьдчилан хорих төвд авчрах ёстой тул ийн яаравчлав. Түүнийг ажил дээрээ ирэхэд хохирогчийн өмгөөлөгч Саруул хүлээн зогсч байлаа. Түүнтэй хамт царай зүс тунгалаг, бие галбир тэгш даруу хирнээ гоёмсог хувцасласан нэгэн эхнэр зогсч байснаа цүнхээ ухан нимгэн дугтуйтай албан бичиг бололтой зүйл гарган ирснээ түүнийг харж -Сайн байна уу? Та мөрдөн байцаагч Амар уу? Гэсээр ойртов. – Тиймээ би мөрдөн байцаагч Амар. Та ямар хэргээр явна вэ? – За би Дүүрэнгийн ээж Тамжид гэгч хүн байна. Миний хүүг өнөөдрөөс эхэлж хэргийг нь дахин мөрдөн хянахаар болсон гэх Улсын прокуророос

хариу ирүүлсэн учир би ирлээ. – Аа за. Та ороод ир. Би одоо Дүүрэнг авчрахаар явах гэж байна. – Би хамт явж болох уу? – Би албаны машинаар явна. Та дагаж явбал яв л даа. Эсвэл хүлээж байгаад уулзсан ч болно. Надтай хамт бас цагдаа явна. – Яах вэ? би араас нь дагаад явъя. – Аа тийм эгчээ та Дүүрэнгийн өмгөөлөгчийг дуудаарай. Би бас сая удирдамж авлаа. – Баярлалаа. – Харин та мөгөөлөгчөө ямар асуудлаар… – Байдал нэгэнт тодорхой боллоо. Би хохирогч эмэгтэйн цогцост “Генетик” шинжигээ хийлгэх гэж… – Та бахархмаар ажил хэрэгч хүн юм. Надад мөн ажлын удирдамж ирсэн. Шарил хөндөхөд Шүүх эмнэлэгийн бүрэлдэхүүн бас оролцох ёстой. Би маргааш таньтай энэ асуудлаар ярилцмаар байна. – Бидний хувьд цаг чухал гэдгийг одоо та ойлгох биз дээ. Харин танай ахлах мөрдөгчөөс сураг байна уу? Саруулын дуунд харуусал хахалдах тул ахмад түүнийг гунигтайгаар харж толгой сэгсрэв… … Газрын дарга дэслэгч генерал Батболд өмгөөлөгч Саруулаас ирүүлсэн мэдэгдлийг өмнөө тавьчихаад шил аягатай уснаас бага багаар шимэн ууж суулаа. Мөрдөн байцаах хэлтсийн дарга хурандаа Гэндэнгийн хууль бус ажиллагааг өмгөөлөгч

бүсгүй дэлгэрэнгүй танилцуулсан аж. Генерал гүнзгий гэгч нь сүүрс алдаад босч цонхоор харан зогсов. Хавар болжээ. Гудамжаар холхих үй олон хүмүүс хүнд хүйтнийг ардаа орхиж, давхац зузаан хувцсаа тайлцгаан хөнгөн нимгэн алхацгаана. Хүмүүсийн толгой дээгүүр үе үе хүүсхэн үлээх урин салхин салхивчаар зөөлөн урсан орж ирнэ. Залуусын гэнэн цагаан инээд, хүүхдийн хөгжөөнт дуун цонхоор цуурайтна. Хорвоогын нэгэн налгар өдрийн амьдралын нэгээхэн хэсэг генералын өмнө нүргэлэх аж. Монгол Улсын Төрийн Цагдаа би… Хорин хэдхэн настай дэслэгчийн мөрдөстэй шавилхан цагаан залуу төрийн цагдаагын тангараг өргөж байснаа санав. “Үгү мөн. Үгүй мөн тэгэхэд би амьдралыг мөн ч өнгөцхөн харж байж дээ. Хүмүүс шүү дээ бид чинь. Адилхан хүн байж хүн хүндээ юуны учир дайсагнана вэ?” хэмээн ганцаараа ярьсан генерал ширээн дээрхи мөнөөхөн өмгөөлөгч бүсгүйн хүсэлтийг дахин нэг гүйлгэн харав. -Хм ийм юм байх гэж.хуулийн хаагуур нь энэ нөхдүүд шургалж амждаг байнаа. Угтаа бол би Гэндэн хурандаа таныг их өөр өнцгөөс харж байсан байх юм. Хохирогчийн цогцсыг буруу тогтооно гэж байх уу? Нэр хүнд, нэр хүнд л гэнэ. Хэн нэгний тэр хуурамч нэр төр хэнд ямар хэрэгтэй юм бэ?

цаана нь хүн. Хүний амьдрал хохирч байна.оюунзулыг үхсэн гэж тогтоосноос тэр бүсгүйн хохирсон эрүүл мэндийг юугаар нөхөх билээ? Хэрэв Дүүрэн хүний амь хөнөөгөөгүй бол түүний алдагдсан цаг хугацааг бас юугаар нөхөх вэ? Хамгийн гол нь хүний амьдрал хүн өөрөө хохирох ёсгүй. Хууль энгийн иргэдийг хамгаална. Гэмтнийг гэсгээх ёстой. Дүүрэнд хариуцагдсан энэ аймшигт үйлдэл энэ хэргээс хойш дахин хэдэнтэй давтагдсан. Гэндэн хурандаа дэндүү явцуу эрхийг эрхэмлэж, энэ нь бүр цагаандаа гарч нэг ялтнаар нэг иргэнийг хөнөөлгөх аллага зохион байгуулж, өнөө цагдаагын тангараг, эрхэмлэх, бахархах, эрхэм нандин зүйлээ бас уландаа гишгэж дээ. Гэндэн мөрдөн байцаах албанд гуч гаруй жил хүчин зүтгэсэн. Гучин жилийнхээ тэр нөр их хөдөлмөрийг ингэж харлуулах гэж байхуу? Сэтгэлд нь уур бухимдал, гуниг харуусал сүлэлдэж ганцаараа ярьсаар байсан цагдаагын генерал гэнэт амаа барьж, өөрийгөө зэмлэв. – Хэ мөн тоогүй еэ. Би нэг хүнээ алдчихдаг мөн тоогүйеэ. Үнэнийг хэлэхэд мөрдөн байцаагчийн хүнд хүчир хөдөлмөрт хүч өргөсөн бас олон шилдэг мөрдөгч төрүүлэн гаргасан хэлтсийн дарга хурандаа Гэндэнд

тэр харамсч бас түүнийг өрөвдөж байлаа. Цаг хугацаа эцсийн шүүгч ажээ. – Одоо яая гэх вэ? хууль бол хууль. Хууль хэний ч эрхийг зөрчих ёсгүй гэж хүнгэнүүлсэн генерал дотуур утасныхаа нэгийг авч Гэндэн хурандааг дууд гэж захирав. – Орох уу? Даргаа. – Ордоо. Ор. Гэндэн болж буй явцад илт түүртсэн зэвүүцэн дургүйцсэн бас үзэн ядсан байдалтай амьсгаа өндөртэй орж ирэв. Нойргүй хоносон бололтой хоёр нүд нь улайж, махлаг нүүр нь бэлцийн хавджээ. Генералын харц түүнийг өрөвдөнгүй ширвэж байлаа. “Иш энэний байж байгааг нь. Өөрийгөө өмөөрч бүтэх гэж байх шив дээ” – Даргаа та намайг дуудаа юу? – Ингэхэд чиний бие зүгээр биз. Үзүүлж харуулсан юм уу? – Үгүй дээ. Зав ч бас хүсэл ч алга. – Өөрийгөө зовоогоод байна уу? – Зовох ч юу байх билээ. Түрүүлж гарсан чихнээс сүүлд ургасан эвэр илүү гэгчээр нэг муу өмгөөлөгч хүүхэн гүтгэсээр байгаад санасандаа хүрч байгаа бололтой. – Гэндэн та их буруу ярьж байна даа. Амьдралыг энэ цонхоор харахад их сайхан харагдаж байна шүү. Харин энэ амьдралыг зогсоох эрх бидэнд байхгүй. – Гэмтнийг яах вэ? даргаа. – Гэмтнийг шүүх хуулийн дор шийднэ биз. – Даргаа та намайг… үгүй миний

ажлыг… одоо авах юм байгаа биз дээ? – Тиймээ. Та миний сайн ажилтан, сайн мөрдөн байцаагч, бас сайн үүрэг гүйцэтгэгч, удирдах ажилтан байсан. Харин одоо та ажлаа хүлээлгэж өг дөө. Төрд зүтгэж буй хэнд ч эрсдэл тохиолддог. Зүй нь бол тэр эрсдэлд л бид өвдөг сөгдөхгүй байх ёстой юм шүү дээ. За та одоо яв даа гээд ихэд харамссан байртай өөр тийш харсан газрын даргаа гүймэг ажсан Гэндэнгийн махлаг нүүр чичирхийлж бүлээн халуун нулимс бөмбөрөх гээд түүнийг тун ч их сандаргав. Дарга өөрийг хэлсэнгүй. Хүнд биеэ дааж ядах мэт түүртэсхийн босоод удирдлагаас үүрэг удирдамж хүлээж заншсан хүний ёсоор номхон зогсч даргын хэлэх үгийг хүлээн хэсэг зуур саатан зогсов. Батболд түүнд хандан юу ч дуугарсангүй. “Их тоогүй юм боллоо доо. Би энэ нөхрийг алдаж орхилоо. Уг нь ийм юманд хийгүй гишгэх ёстой байсан юм. Мөн ч хэцүү цаг үед ажиллаж, амьдарч байна даа бид” генералын дотоод сэтгэл ийн халаглана. Генерал нь харин түүнийг зэмлэсэнгүй, буруутгахгүй байгаа нь Гэндэнд маш хэцүү санагдаж хамаг биеийг нь ямар нэгэн юм баглачих шиг айдаст баригдах аж. “Энэ нөхрийг ингээд

орхиж болохгүй. Ийм үед нь хүнийг түлхэх мэт сул орхичих юм бол бүр ч хэцүү байдал үүснэ. Өөрийн алдаа дутагдлаа ойлгох чадвараа алдаж, хэн нэгэнд өшрөх, үзэн ядах үзэл нь давамгайлна. Манай ахмадын учир битүүлэг алга бололт энэ нөхөртэй ч холбоотой байж болзошгүй. Петт гэгчийг цааш харуулах санаархлыг хэрэгжүүлнэ гэдэг байж болохгүй зүйлийн нэг. Ийм хорт санаачлага зүрх сэтгэлдээ нуусан үед нь цааш нь түлхэж болохгүй. Хүнлэг, халуун сэтгэл энэнд уг нь бий. Хүний сэтгэл зүйг яаж л хүссэнээр нь удирддаг нийгэм юм даа. Одоо энэ нөхөрт цэвэр сэтгэл зүйг суулгаж өгөх нь миний үүрэг боллоо. Алдаагаа өөрөө харж ухаараг. Ажлын хариуцлага алдаж, иргэд нийгэмд хор уршиг учруулсан. Нэр хүндийн, албан тушаалын байдлаа хамгаалахын тулд цагдаад байх ёсгүй хор хөнөөлт үйл ажиллагаа явуулсан. Үүнийг нь би бас дэмжиж болохгүй. Авах ёстой арга хэмжээг нь авна. Монголын цагдаад энэ нөхрийн оруулсан хувь нэмэр их бий. Мартаж бас болохгүй” тэрбээр өмнөө зогсох, айж түгшсэн ажилтнаа хүнийх нь хувьд өрөвдөн харж байлаа. – За. Гэндээн та энд зогсоод яах билээ. Ажлаа дэд хурандаа Уламсайханд хүлээлгэж өг. Өөрөө хаир тушаал хүлээж бай. – Мэдлээ. – Явж бай. Гэндэн маш уруу

дороы гарч явахыг тэр харсаар хоцров. Газрын даргын тушаал цагын дараа гарч албан тушаалаа урвуулан ашигласан цагдаагын хурандаа Гэндэнд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгахыг харьяалах дүүргийн цагдаагын хэлтэст даалган, хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь огцруулж, хошууч цолтойгоор мөрдөн шалгах албанд ажиллуулахаар шийдвэрлэжээ… … Балбар Оюунзулыг хөтөлж аргадсаар бариач эмгэний хашааны хаалгыг тогшиж байлаа. -Хэн бэ? хашаанаас хүүхдийн дуу цангинана. – Бариач эмээтэй уулзах гэсэн юм. – Эмээ унтаж байна. Хүн асуувал байхгүй байгаа гэж хэлээрэй гэсэн юм. – Алив холд. Гэртээ ор гэх эмэгтэй хүний захирангуй дуун гарч хаалганы түгжээ торхийн онгойв. – Сайн байна уу? Та нар ямар хэргээр… – Уучлаарай. Төвөг удсанд. Охин маань өвдчихөөд… Тэгээд.. – Бариулах гэсэн юм уу? – Тиймээ. Бид… – Олон хүн барихаар ээж маань өөрөө ягдчих гээд байх юм. Адаглаж өнөөдөр нилээд хэдэн хүн ирлээ. Тэгээд л … – Аргагүй. Аргагүй. Тэгэлгүй яах вэ? Бид дараа ирье. – Одоо яая гэх вэ? ороод сууж бай даа. Би хэлж үзье. – Баярлалаа. Балбар охиноо хөтлөн дотогш орж, Мөнхжин машиндаа сууж хоцров. Тос даасан тэнхлүүн бор царайтай, буурал үсээ арагш нь самнаж, сүлжсэн дал орчим насны бариач эмгэнийг хараад Оюунзулын царай хөхөрч эргэн цахдав. – Алив эмгээ нь судсыг нь бариад орхиё. Хөөрхийг минь

цочроочихсон бололтой. – Эмээ замбуулин дуусах болоогүй тиймээ. Ийн. Ийн. – Болоогүй ээ. Болоогүй ийм сайхан охинд бүр ч дуусахгүй. Бариач эмгэн хэдэн мойниг хуруугаараа Оюунзулын нулимсыг арчин тайвшруулахыг хичээв. – Ганц охин минь ийм болчихоод зовж яваа улс даа бид. – Зайлуул даа. Сайхан охин байна. Цочирчихож. Бас өвдөөд удчихсан болохоор бүх судаснууд нь хатуурч түгжигдчихэж. – Ой ухаан нь ийм болчихоод байна. Тэгээд таниас аврал хүсч.. – Эмчилгээ их удаан үргэлжилнэ. Тархи мэдрэлийн цочирч хатуурсан судаснуудыг зөөлрүүлж хэвийн болгоно гэдэг маш их хугацаа хөдөлмөр, идэвхи чармайлт шаардана шүү дээ. – Охинд минь хэрэгтэй бол бид хичээлгүй яах билээ. Эмгэн Балбарыг зөөлөн харснаа Оюунзулын судсыг чагнан анхаарлаа төвлөрүүлж хэсэг суув. – Тоогүй юм болж дээ. Энэ охин төрөөд удаагүй их цочирч айн сав нь хөөрч удсанаас ухаан мэдрэл нь цочирч дээ. – Тэгсэн юмаа. Охин минь харь газар их зовлон үзсэн юм билээ. Миний охин муу улсын гарт өртчихөөд их зовж явахад нь нэг буянтай хүн бидэнд авчирч өгсөн юм. – Бурхан минь хорвоо дэлхийн хүн олны зовлон зүдгүүрийг

зайлуулж хайрла. Энэ хүмүүсийн нүглийг яана даа. – Миний охин эдгэх болов уу? – Гэмгүй амьтныг Бурхан хайрладаг юм. Охин чинь эдгэрнээ. Эдгэрэлгүй яах вэ? Бариач эмгэн Оюунзулын судсыг хөөн барьж эхлэсэн эхний шөнө сайхан унтаж хонов. Бүсгүйн нэгэн цэгт тогтон хий гөлөрсөн харц зөөлөрч ямар нэгийг санах мэт үе үе бодлогшрох аж. – Ааваа би явмаар байна. – Миний охин хаашаа явах гэж? Аав нь хамт явъя. – Би хүүхдээ эрж олох хэрэгтэй байна. – Бурхан минь яадаг билээ. Бүсгүйн зөөлөрч ирсэн харц хоромхон бодлогоширч тэгснээ бас догшрох тул Мөнхжин хий балмагдана. – Миний охин одоо тийм юм ярьж болохгүй. Аав, ээж хоёр нь охинтойгоо хамт байна шүү дээ. – Би Дүүрэнтэй тогломоор байна. Бариулж эхэлсэн эхний гурав хоногт Оюунзул ерөнхийдөө ухаан санаа нь айхтар самуурч байсан ч дөрөв дэх хоногоос нойроо дийлэхээ байж унтаж эхлэв… … Ялтан Дүүрэн шалган дээр гэх дуунаар юунд ч юм бэ? бие нь ихээхэн хөнгөрөх шиг болсон Дүүрэн гүйсээр очив. Уулзах тасалгаанд ээжийнх нь энхрий ялдам царай цухалзан цагдаагын ахмад залуугын хамт

зогсч байлаа. -Амрыг эрье. Ахмад Амар. Таны хэрэг шинэчилсэн мөрдөн байцаалтанд буцах болсон тул би таныг авахаар ирлээ. Өөдөөс нь гар сунгах цагдаагын мөрдөн байцаагчийн гарыг атгангаа Дүүрэн ээжийгээ халуун дотноор харав. – Сайн байна уу? Ээжээ. – Сайн. Миний хүү сайн уу? Одоо нэг юмны учир олдох байгаа гэж найдаж байна. -Мөрдөлт хэргийн бүрдэлтэнд өөрчлөлт орсон. Би таны хэргийг мөрдөх мөрдөн байцаагч. Тэгэхээр залуу минь таньд оногдсон шүүхийн шийдвэр цуцлагдсан. Тиймээс та юмаа аваад явахад бэлд дээ. Хорих газрын хаалгаар гараад Дүүрэн гүнзгий гэгч нь амьсгаа авахад нүдэнд нь нулимс цийлэгнэж ирэв. – Ай хувь тавилан минь чи намайг хааш нь дуудна вэ? энэ хаалгаар дахин орохгүй юмсан. Зүрх сэтгэл нь ийн шивнэж ногоон хэвнэгт онгон сахиус түүний баруун мөрөн дээр залран буухад нүдэнд нь их гэрэл цэлсхийн орж ирэв. – За залуу минь ээжтэйгээ уулзчих. Сайн хоолло. Би зарим нэг асуудал цэгцэртэл чамайг урьдчилан хорих хэрэгтэй байна. – Би ойлгож байнаа. Дүүрэн мөрдөн байцаагчид өөрийг хэлсэнгүй хэдэн жилийн өмнө тийш зүглэхээс үстэй толгой нь арзасхийдэг урьдчилан хорих төвийн чийг даасан хонгилд сэтгэл амгалан сууж байлаа. Зөн совин нь түүнийг удирдан байлаа. Хонгилд хөлийн чимээ гарч ойролцоох камерийн хаалга онгойход дарваан Санжаа сэртэсхийн босов. – Хөөш

хамуудаа хаанаас хэн ирж байнаа. Шинэков уу? Хуучин хулгайч уу? – Онцгойгоос хэрэг нь задарсан нэг хулгайч орж ирлээ. – Хэн бэ? – Дүүрэн гэнээ. – Хөөе хамуудаа. Дүүрэнг дуудаад орхи. Хэдэд орсон юм бэ? – 7-д байнаа. – За хамуудаа наад нөхөр чинь амь хэлтэрч гяндлуулаад, онцгойгоос ирж байгаа юм шүү. Би дарваан Санжаа байна. Наад нөхрийн чинь биед ганц шалбархай үүсэх юм бол тэр хулгайч өөртөө гомдоорой. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Дүүрэнгийн цээл, тод дуун сонсдох аж. – Санжаа би Дүүрэн байна. Чи сайн явж байна уу? – Хөөе. Миний хам сайн уу? Би сйан явахгүй бол хэн сайн явах билээ. Ингэхэд хөөе чи яагаад наашаа ачигдав? – Хэрэг задарсан дахиад байцаалтанд ирж байна. – За болж дээ хө. Одоо нэг учир нь олдоно биз. Хөөе чиний нэг найз энд надтай хамт байна. Дүүрэн сандрах шиг түргэн амьсгалах нь мэдрэгдэж – Хэн бэ? гэж асуув. – Сүрэнхүү гэж чиний… – Юу? Сүрэнхүү гэнээ. Сүрэнхүү гэсэн үү? Яагаад… Яагаад Сүрэнхүү энд байдаг билээ? – Яах вэ? дээ хамаа. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ дээ. Сандраад яах вэ? дээ хө. Учир нь олдох биз. Сүрэнхүү хэсэг хугацаанд байх нь байна. – Юу гэсэн үг юм бэ? Сүрэнхүү чи намайг сонсч байна уу? – Дүүрэн найз нь байнаа. Ийм л болчихлоо. Найз нь

чамд бичье. Сүрэнхүү хоолой чичрүүлэн хэлэхэд – Тэгж үзээрэй. Хурдлаарай гэх Дүүрэнгийн хоолой зангирах сонсдов. .. … Дүүрэнгээс ирүүлсэн захиаг уншин бодлогширч суусан Сүрэнхүү дарваан Санжаа, Петт хоёрын орилолдооноос сүрхий цочин нүд өргөн харав. Петтийн хамраас цус савиран гоожих харагдана. Ингэж болохгүй. Энэ новш ингэж байгаад үхчих юм бол хэргийн үнэн хэзээ ч олдохгүй. Санжаа ч үүнийг алахаас сийхгүй нь бололтой. Яадагшуу ч юм билээ дээ. Дуртай ч дургүй ч энэ новшийг хамгаалж амьд байлгах хэрэгтэй болох нь. Дүүрэнгийн бичсэн захианд өөртнь харамссан Батхүүгийн төлөө зовиносон халуун үгс цуварсан байлаа. -Яасан хамаа. Юундаа уруу царайлчихаа вэ? – Бүх юманд. Санжаа наад новшийг чинь үхчих вий гэж бас айх боллоо. Үнэнийг хэлэхэд наадхийн чинь үйлдэл дээр Дүүрэн унаад байгаа юм шүү дээ. Наадахь чинь хэргээ хүлээвэл олон юмны жинхэнэ үнэн тогтоогдох гээд байна. – Харин тэгээд айлгаж байгаад үнэнийг нь хэлүүлчихэе л дээ. Чадын хонхорт энэ тийм амархан очихгүй ээ. Амь бөхтэй хар лалар байхгүй юу… – Юм ямарч болоо билээ. Би даалтанд гарч магадгүй. За тэгвэл энэ амьтныг миний

найз өөртөө татаж, хамгаалж байж хэргийг нь хүлээлгэхийг бодоорой. Гуйх юм энэ. Эр улсын замын хүзүү урт. Эр хүний хувьд чиний ач тусыг би мартахгүй ээ. – Үгүй ингэхэд миний хам чинь захиас даалгавраа айлдаад… Ашгүй нэг эндээс сугарах нь уу? – Зөвхөн зөн совингоороо гэх юм уу даа. Нэг л гарчих юм шиг санагдаад… … Хавар аль хэдийн болсныг сануулах мэт горхи хоржигнон урсана. Хойшоо харсан амны эх өөд хөхөө донгодож нэгэн эгшиглэнт сайхан аялгуу дуурьсахад Оюунзул тэр зүг хэсэгтээ гүйснээ ядарсан бололтой сөхрөн унахад Балбар хажууд нь очив. Балбар, Мөнхжин хоёр охиноо аваад анир чимээгүй энэ нутагт ирж хэд хонож байгаа нь энэ. Доод хөндийд жижигхэн дөрвөн ханат гэр цавцайна. Мөнхжингийн гадаа зогсох нь харагдана. -Миний охион. Гэртээ орж жаахан амрах уу даа? – Үгүй ааваа. Би ядраагүй. Тэгээд ч замбуулин дуусах болоогүй. Балбар үл мэдэг санаа алдаж тэрүүхэндээ толгой сэгсрэв. – Миний охион. Ер нь бол замбуулин дуусдаггүй юм шүү дээ. Харин хүн л дуусдаг юм даа. – Ааваа би тэгээд дуусчихсан тиймээ? – Үгүй ээ. Миний охин дуусахгүй. Миний охин чинь.. – Ааваа энэ модны дээрх юу юм бэ? – Бургас гөлөглөж дуусаад, цэцэглэж байнаа охин минь. Хүн байтугай моддын

амьдрал үргэлжилж байгаа нь энэ. Амьдрал сайхан даа. Их сайхан шүү дээ. Охин минь. – Ааваа хоёулаа мод болчихоё тэгэх үү? Балбарт хэлэх үг олдсонгүй. Охиндоо туйлын их харамсах харамсал дахин үерлэж, өөртөө ихэд шаналав. Оюунзул ядрахаа үл мэдрэн дээшээ мацах тул Балбар араас нь гэлдрэнэ. Машин дуугарах шиг болоход толгой өргөн харвал гэрийнх нь үүдэнд машин зогсч хэдэн хүн бууж байгаа нь харагдав. Балбарын ойр дотны хүмүүс бариач эмгэнийг авчирч байгаа аж. – Миний охион. Манайд хүмүүс ирж байна. Хоёулаа очъё. – Хэн юм бэ? Дүүрэн юмуу? Тэгвэл явъя. Балбар охиноо хөтлөн уруу газар гэлдэрч явахдаа зүрхнийхээ хаа нэгтээ хөндүүрлэн өвдөхийг мэдрэв. “Чөтгөр гэж. Энэ хорвоо чинь яасан учир нь олддоггүй оньсого гээч вэ? Дүүрэн муу охиныг минь сүйтгээгүй байхад би түүнийг яасан их үзэн ядаваа. Муу найзыгаа эхнэртэй нь ямар их зовоовоо. Одоо ч гэсэн би өөрийн хар амиа хичээгээд ингээд явж байна. Өнөө муу Дүүрэн хүү яаж байгаа бол ? Хэрэгт нь өөрчлөлт орж наашилж байна уу? Үгүй юу? Эцэг нь эзгүй байгаа. Тамжид нялх хүүхэдтэй яах билээ? Ер нь унаа ирсэн дээр хот оръё. Тамжидтай уулзаж, Дүүрэнг эргэе. Мөнхжин охиноо хараад байж байг.” Дүүрэнг өрөвдөн өөртөө гэмших бодол нь дийлсээр Балбар ихэд бачимдах аж. –

Сайн байцгаана уу? Та гуравч байгалийн сайханд эмчлэгдэн охиноо сайхан болгоод авчээ гэсээр бариач эмгэн тэднийг угтав. – За охин минь бие нь яаж байна вэ? – Эмээ би хүүхдээ олмоор байна.ъ – Ямар хүүхэд вэ? Чамд хүүхэд байсан юм уу? – Байсан юмаа. Миний хүүхдийг Петт алчихсан. Петт алчихсан. Би Петтээс зугтаасан. Янжин намайг нуусан юм. Оюунзулын хоолой чичрэн уруул нь хөхөрч ирэв. – Охин овоо доо. Ой санамж нь эргэж сайжирч хатуурсан судаснууд зөөлөрч, цусны эргэлт хэвийн болж байна. Ийм үед эрүүл агаар, чимээгүй орчин сайн эмчилгээ болдог юм. Охин айдсаа эргэн санаж байна. Одоо тайлах цаг болж. Хэдүүлээ гол уруу очицгооё. – Би гол уруу очихгүй. Петтээс нуугдах газаргүй юм билээ. Оюунзул нилээд цааргалсаар горхины эрэг дээр тэднийгш дагаж очив. Эмгэний дохисноор нэгэн бядлаг эр горхины эрэг дээр буруу харан зогсч буй Оюунзулыг арагш нь түлхэж орхив. Часхийн орилж ар дагзаараа горхины усанд ойчсон охин уруугаа Балбар, Мөнхжин хоёрыг уралдан очиход шалба норсон охиных нь хамаг бие чичирч байлаа. – Ааваа наммайг дахиад л алж байх шиг байна. Оюунзул хоолой зангируулан хэлээд эцгийнхээ хүзүүгээр чанга гэгч нь тэврэхэд Балбарын хамрын уг уруу шархирах аж. – Энэ аягатайг уулга. Нүдэнд нь зөвхөн цагаан зүйл харагдуул.

Бариач эмгэний хэлсэнд Оюунзул дуулгавартайяа захирагдаж байлаа. Оюунзул хоёр өдөр, шөнө дараалан бөх гэгч нь нойрсов. Гуравдахь өдрийн өглөө сэрэхдээ харц нь тогтуун гунигтай харагдаж байлаа. – Ээжээ бид хаана байнаа? – Хөдөө нэг сайхан үзэсгэлэнтэй байгальтай газар байнаа. Ийм олон газраар нүүдэллэж хоноглолоо шүү дээ охин минь. Бие нь яаж байна вэ? Юм идэх үү? – Гэдэс өлсөхгүй байнаа. Толгой хүндрээд нойр хүрээд байна. – Унтвал унт даа охин минь. – Та бид хоёр хоёулахнаа байгаа юмуу? Аав .. – Аав нь Гаадангынхаар очоод ирэх ажил гараад… тэгээд … оройхон ирэх байх… – Дүүрэн гэртээ байгаа юу? – Үгүй ээ. Тиймээ байгаа. Охин минь унт даа. Мөнхжин охиноо харц нь ширүүсэн босоод ирэх вий гэхээс айж байлаа. – За. За. Унтлаа ээжээ. Би яаж яваад гэртээ ирсэн юм болоо? – Нэг сайхан сэтгэлтэй хүн туслаад… Оюунзул нэг их гунигтай сүүрс алдаад буруу харан хэвтэж тэр чигтээ жигдхэн хурхирч гарав… …Есөнтугаас дахин нэг даалгавар ирж ухаан санааг нь мансууруулсан нэг залуугын эд эрхтэнг ажилбар хийх шинэ үүрэг ноогдоход түрүүчийн ажиллагааны арилаагүй урссан хөлсөө арчиж зогссон Сэдэд өөрийн эрхгүй хирдхийн уур уцаар болов. Тэрбээр харилцуураа ууртайяа шидэв. -Хахаж үхээсэй муу бирд. Одоо бүр байчихаад.. хүний халуун цусанд

ханаж, цадахаа болио шивдээ. Адгийн шаар… Амьд бирд… хэн нэгнийг хараан зүхэх Сэдэдийг Ягаан гайхан харж – Юу болоо вэ? гэж түгшингүй асуув. – Тэгэхээр ийм болоод байна Ягаан. Есөнтуг бирд царайлан дахиад нэг залууг нааш нь ирүүлж байна. Хэнийх нь ч юм дайсан болсон бидэнд гэмгүй залууг чи бид хоёр хөнөөж, эд эрхтэнд нь шинжилгээ хийж эрүүл бол хажуугын эмнэлэгт тушаах юм гэнэ. Тэнд захиалагчид байгаа бололтой. Бас нэг цус урсах болох нь дээ охин минь. – Би залхаж гүйцлээ. Энэ Есөнтуг үхэж далд ороосой билээ. – Би яах вэ? өөрөөсөө болж Есөнтугт чөдөрлүүлж орхисон золгүй хүн. Траншейгаар гэм зэмгүй тэнэж явсан бол сэтгэл ариун нүд аних байж дээ. Одоо бол би халуун тамд тарчлах нүглийн эзэн болж. Одоо ч гэсэн энэ амьдын тамд эрлэгийн элч нь бид байна ш дээ. – Та битгий аймаар юм яриад байгаач дээ. Тэртэй тэргүй би айж, жигшиж, залхаж байхад

чинь. – Ягаан чи яаж яваад энэ Есөнтугын гарт орчихдог байнаа? Би чамд харамсах боллоо. – Ах минь дээ. Та үүнийг мэдэх хэрэггүй л байсан юм. Гэхдээ яах вэ? та зугатвал зугатаа. Би арыг нь даая. Харин та битгий баригдаарай. – Чи намайг зугтаалгаж яах гэсэн юм бэ? – Та охинтой хүн шүү дээ. Та охиндоо амьд очих ёстой. Та мөнгөтэй болсон. Хэдийгээр энэ мөнгө бохир аргаар олдсон ч таны хөлс хөдөлмөрөөр олсон мөнгө шүү дээ. Минийх бол тийм биш…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *