Нүүр Өгүүллэг “ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “26-р хэсэг”

“ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “26-р хэсэг”

7 секунд уншина
0
0
717

Прокурорын зөвшөөрөл хэрэгтэй шүү дээ. – Зөвшөөрөл авах мөн таны ажил. – Ажлын хэсгийн ахлагч одоогоор эзгүй байна л даа. – Хэн нэгний хүнд суртлаас болж хохирогч хохирсоор л байхуу? –

Өмгөөлөгчөө таньтай ойлголцоход хүндрэлтэй байна шүү. Мөрдөн байцаагчийг ийн хэлэхэд Саруул уурласнаас нүүр нь минчийтлээ улайж, зүрх нь салагалн, тархиар нь хүчтэй гэгч нь хатгуулахыг

мэдрэн цүнхээ торхийтэл онгойлгон нэг өвчин намдаагч эм ам уруугаа хийхийг мөрдөгч хараад шил аяганд ус хийн – Даруулах уу? Таны бие муу байх шиг гэж асуув. – Ажлын хэсгийн ахлагч чинь

хаачсан юм бэ? Тэр хүн хэзээ ирэх юм бэ? Хэмээн Батхүүгийн тухай сонсох санаатай сөргүүлэн асуулаа. – Хэзээ ирэхийг нь би таньд хэлж мэдэхгүй байна. Завханд аав нь нас барсан. Ажил явдлаа өнгөрүүлээд

наашаа гарсан сурагтай. Тэгээд ирдэггүй. Би гайхаад л сууна. – Хачин юм даа. Хүний хорвоогийн хачин хэцүүг ойлгож би лавдаг чадахгүй юм шиг. Жигтэйхэн уйтгартайгаар хэлээд царай нь барайн гарсан

өмгөөлөгч бүсгүй их удаан догонцох мэт гарахыг ахмад Амар гайхашран харж суулаа… … Үл мэдэг урин салхи цонхоор хүүгэн орж ирэхийг сөхөөгүй өдөр тутмын нэгэн сонин гарчиглаж суусан хурандаа Гэндэн овсхийтлээ цочин өндөсхийв. “Үнэнийг олох гэсэн мөрдөн байцаагч учир битүүлэг алга боллоо.” “Миний охиныг үхсэн гэж цагдаагынхан төөрөгдүүлснээс бид асар их хохирол амслаа.” “Дээд хэмжээ сонсоод амь хэлтэрсэн ялтан Дүүрэн алуурчин мөн үү” “Таван жилийн өмнө хөнөөгдсөн хохирогч бүсгүй хэн бэ” “Жинхэнэ алуурчныг юуны учир хурандаа Гэндэн хамгаална вэ” гэсэн гарчигууд ярайж, тэр бүгдэд мөрдөн байцаах хэлтсийн дарга цагдаагын хурандаа Гэндэн хэмээн цоллуулсан өөрийхөө тухай уншихаас өөр аргагүй болсон Гэндэнгийн ар нуруу уруу хүйт урсан хүйтэн хөлс дааварлаад ирэв. “Новш гэж. Хэн ингэж миний улыг шиншлэнэ вэ? Хүзүүг нь булга татаад өгөх юм хум. Тэр Батхүүгийн алга болсонтой бас намайг

холбож, Есөнтуг гэж нэг новш үнэр авхуулчихсан юм биш биз. Намайг оролцуулсаныг бодоход ямар нэгийг шиншилсэн нь илт байна. Хэн бэ? Оюунзулын эцэг цэргийн тэр хурандаа бас юу ч билээ. Адилхан төрд зүтгэж байж яах нь вэ? Бас ч аргагүй юмуу? Төрсөн эцэг нь шүү дээ. Яаж уснаас цэвэрхэн гарах вэ? Энэ хэргийг тэр Дүүрэнг мөрдсөн нэг мануухай бий. Хамаг юм тэр цусаас болж байгаа юм. Түүн үрүү тэр золгүй золиг уруу л чихээд нэг үзнэ дээ. Бас дэмий юм бичих юм даа. Энэ хэвлэлийнхэн. Тэр Дүүрэн алуурчин мөнүү ч гэх шиг. Мөн л юм чинь одоо яах вэ? Дээ” гэхчилэн бодлогширч суусан хурандаа цай барьж ирсэн эхнэрээсээ сонингоо нуух гэж сүрхий сандрав. -Өвгөн минь юу болоод ямар юмаа ухаад байгаа юм бэ? дээ. Цайгаа ууж үз. – За яах вэ? яахав. Дан л цай, цай гэх юм. Ажил ихтэй байхад төвөгтэй гэдэг нь. – Хэдийнээс эхлээд цай хоолонд дургүй болчихоо вэ? өвгөөн. – Би чамд хэлээд байна ш дээ. Ажил ихтэй байнаа гээд .. – Сонин уншиж ажил хийдэг болоо юу? – Миний ажлын онцлог байж болно биз дээ. Би

улсын ажил хийж байна. – Гийгүүлж дээ. Чамайг ямар мэдэхгүй биш. Улсын ажил, улсын ажил гэж унан тустал хуурчихаад л эмс охидтой зугаалж нэг насаар минь намайг зовоосондог. – Чи ч одоо юу солиороод байгаа юм бэ? Сонин уншиж чамайг зовоохдоо би яагаа вэ? Үгээ олж хэлээрэй чи. – Ичээсэй билээ. Ач зээгээ тойруулчихаад хүүхэн шуухан өглөг авлагын хэрүүл хийж байгаа даа. – За чи ядаж байхад битгий хэрүүл өдөөд бай зүгээр. – Хө ер. Би хэрүүл өдөхдөө яагаа вэ? Чамд цай ойртуулсан минь буруудаж. Тэгээд хоол идэж гийгүүлэх юмуу? үгүй юу? – Үгүй ээ үгүй. Үгүй гэж байна чамд гэж хилэгнэн хашгирсан Гэндэн эхнэрийнхээ араас мэлрэн ширтсээр хэсэг таг чиг суув. – Байна уу? Нөхөр минь юу болоод байгаа нь энэ вэ? Ахмад та ер нь ажиллаж чадах хүн үү? үгүй юу? Сонин дээр баахан балай юм биччихсэн байна. – Хурандаа надад алхах урагшлах боломж алга. Та тэр бүхнийг хаагаад байгаа шүү дээ. Бас Батхүү ахмад алга болчихоод байгаа нь их сэжигтэй. “Тэр гэм хөөе. Энэ Амар муу нохой их но-той жинхэн өөр санаатай гөлөг дөө. Хоолноос чинь салгаад өгнөө чамайг би” хурандаа дотроо хорсон бодох аж. – Уухайс тэр нөхөр ирээгүй юу?

Бүр нэг ажил хийдүүлж,тэнэхийн дон шүглэсэн солиотой амьтан. Бас нэг газар худлаа хийрхээд тэнэж яваа биз. – Энэ удаа Батхүү ахмадад нэгэн гай нүүрлэсэн бололтой. Ахмад зөвхөн үнэнийг олохыг л хүссэн. Тэр бас хагацал үзээд удаагүй. Уг нь Батхүү ахмадын үгийг хүлээн сонсдог хүн байвал… Түүний ээж дүү нар нь сая ирээд таныг байхгүй болохоор газрын дарга уруу орлоо. Гэндэнгийн хоолой бачуурч толгойтой үс нь аргаш налах шиг болов. – Юу чи юу гэнээ? Тэгээд тэд нар генерал дээр ороо юу? Батхүү хаана очив гэж. Ирнээ. Ирнэ. Ээж дүү нарыг нь тайвшруулаад буцаа. Генерал дээр орж ажил удахын хэрэггүй. – Тэд дарга дээр орчихсон байнаа. Гэндэн хий бачууран хэлэх үг олдсонгүй. – Сонин дээр бас балай юм бичигдээд. Хэн бичээд байнаа? – Хурандаа. Уг нь балай юм биш л дээ. Бодвол бодохоор.. Тухайлбал хохирогч Оюунзулын өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалсан маш олон хүсэлт манайд, газрын даргад, ерөнхий прокурорын газарт гаргасан. Би удирдамж хүлээсээр цаг их алдлаа ш дээ. Та ч мэдэж байгаа. – Тэр өмгөөлөгч нь тэгээд хэн юм бэ? – Өмгөөлөгч Саруул. Их ажил хэрэгч хүүхэн байдаг шүү. – Хм. Утас тасарч Гэндэн түхэлзтэл амьсгаадснаа дахин нэг утсанд залгав. –

Дорлигжав дарга уу? За өдрийн мэнд. Ажилч лут сайн биз дээ? – Сайн. Сайн. Үгүй энэ чинь Гэндэн хурандаа. Ямар сонин эрхэм хүн ярьж байна даа. За таны ажил төрөл сайн биз дээ? – За яая гэх вэ? Түүчээ тэрэг өнхөрч л байна. – Сонин дээр таны талаар эвгүй юм гарчихаж. “Муу нохой бас хэрэгт дурлаж байна шүү” хоромхон зуур Гэндэн шаралхан бодов. – Одоо яая гэх вэ? Бичих нэг нь бичиж байхаас биш. Бүх муу юм цагдаа. Цагдаа ямар муулуулж, магтуулж ханах биш. – За тийм дээ. Өөр сонин юутай вэ? дээ. – Тэр Саруул гэж ямар… – Аан. Саруул уу? Манай өмгөөлөгч. Үзэсгэлэнтэй залуу сайхан бүсгүй. Та сонирхоо юу? Уг нь сайхан хүүхэн. Даанч тэр талд чанд хатуу хүн. Нөхөр нь Англид сурдаг. Нэг хүүхэдтэй. Ийм л хүүхэн. – Тиймүү? Өөр ярих юм ч олдсонгүй тул Гэндэн утсаа тасалж – Новш чинь. Бас нэг шулам гараад ирлээ хэмээн зэвүүцэн үглэж байлаа. – Муу гичий чамд муусайн сонинууд байдаг бол надад бас өөр арга бий. Солиорсон юм шиг ганцаараа үглэж өрөөндөө нааш, цааш холхиж, хэн нэгэнтэй утсаар ярьж байгаа Гэндэнгийн өрөө үрүү гэргий, хүүхэд нь орж чадахгүй байх аж… … Энэ үед Саруул Улсын мөрдөн байцаах газрын дарга генерал Батболдын өрөөнд зөвшөөрөл аван оров. Генерал бага

зэрэг цагаан сор сууж буй шингэн халимагаа арагш нь самнаж, нүдэндээ цагаан хүрээт харааны шил зүүсэн шалмаг хөдөлгөөнтэй хүн байлаа. Саруул өмнө нь хэд хэдэн удаа энэ хүнтэй тааралдаж байсан ч уулзаж ярилцаж байсангүй. -Та суугаач. Ямар хэргээр явна даа. – Намайг Саруул гэдэг. Би өмгөөлөгч хүн. Миний үйлчлүүлэгчийн талаархи хуулинд тусгагдсан зарим эрх ноцтойгоор зөрчигдөж, үнэнийг нотлоход мөрдөн байцаагч нар тухайлбал “Онц аюултай гэмт хэрэгтэй тэмцэх” хэлтсийн дарга хурандаа Гэндэн саад хийгээд байгаа тул би таньтай уулзаж байна хэмээн Саруул яриагаа эхлэв. Генерал албаны том ширээгээ тойрон ирж Саруулын өмнөх сандлыг татан суугаад сонсч эхлэн, зарим зүйлийг тэмдэглэн авна. Дүүрэнгийн хэргийн талаар, хохирогчийн цогцос солигдсон. Петтийн талаархи өмгөөлөгчийн дүгнэлт, мөрдөх хэсгийн ахлагч Батхүүгийн алга болсныг ихэд анхааран сонсч зарим зүйлийг лавлан асууна. – Тийм. Тийм би санаж байна өмгөөлөгчөө. Хохирогч Оюунзулын эцэг Балбарын гаргасан гомдлын өргөдлийг би хүлээн авч тушаал үйлдээд холбогдох хэсэг үрүү нь шилжүүлсэн. Би энэ хэрэг дээр анхаарч дахин

судалж үзэх болноо. – Баярлалаа. Ажлын хэсгийн ахлагчийн тухайд… Миний бодоход тэр хүн… – Би тэр мөрдөгчийг бас санаж байна. Үнэнийг хэлэхэд тэр хэний ч зөвшөөрөлгүй, хувийн ажлаар гадаадын орнууд уруу явсан. Ажил тасалж урт удаан хугацаагаар алга болсон учир би ажлаас нь халсан. Харин Оюунзулыг олж, Петтийг баривчилсан учир дахин үүрэгт ажилд нь томилсон. Одоо тэр залуу бас алга болоо юу? Энд би бас анхаарнаа. Та зоволтгүй. Таны үйлчлүүлэгчийн тухайд холбогдох хэргийн мөрдөлт хэвийн үргэлжлэх болно. Хэргийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөнөөс хойш Дүүрэнд холбогдох хэргийг бас дахин хянах таны саналыг бас хүлээн авлаа. Би прокурорын нөхдүүдтэй ярина. Генералын ажил хэрэгч байдалд жигтэйхэн баярласан Саруул даргын өрөөнөөс нулимс мэлтэлзүүлэн гарч ирэхдээ “Дүүрэн минь. Дүүрэн минь. Чинийхээ, хүүгийнхээ, бас өөрийнхөө төлөө би чадаж байна” хэмээн үглэн байлаа. Саруулыг биеэ бодолгүй ажилдаа орж, Дүүрэнгийн хэргийн араас эрчимтэй хөөцөлдөж эхэлснээс хойш түүний төлөө зовинох болсон Тамжид

тохиолдож болох эрсдлийг бодон бие хамгаалагч авч түүний дүү Нямыг ажлаас нь түр чөлөөлүүлж Саруулын унаж байгаа машиныг бариулж, хоёр Билэгсайхан ч хамгаалалтын залуусын хараанд байх болов. Телевизээр оройн мэдээ үзэхээр суваг сольж суутал утас нь дуугарав. Саруул ярьж байлаа. -Миний охин бие нь гайгүй юу? – Ээжээ та сувгаа хорин нэг дээр тааруул даа. Саруул өөр юм хэлээгүй тул Тамжид сувгаа хэлсэн дээр нь тааруулав. Цагдаагын нэг хурандаа хэвлэлийн бага хурал хийлгэж хүүгийнх нь харгис аллагын тухай, Балбарын охин Оюунзулыг хулгайлсан гэмт хэрэгтэн Дүүрэнтэй гэмт хэргийн холбоотой байсан байх магадлалтай учраас дахин мөрдөн шалгалт явагдаж байгаа хэмээн өөрийгөө цэвэрхэн хамгаалан ярилцлага хийж байлаа. -Ялтан Дүүрэнд хөнөөгдсөн гэх хохирогч эмэгтэйн хэн болохыг буруу тогтоосон тухай ярилцах боллоо. Энд мөрдөн байцаах ажиллагаа хангалтгүй, хариуцлагагүй явагдсан гэж ойлгогдож байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ? нэг сэтгүүлч ингэж асуухад Гэндэн чихээ далжийлган байж сонсоод – Тиймээ. Цогцос солигдсон. Хохирогч амьд байгаа нь үнэн. Манайхан

одоо муу юм болбол хамгийн хэрэгтэй үедээ цагдааг хүсдэг. Хэрэгцээгээ хангаад эргээд муулж гүтгэдэг. Зарим нэг сонин хэвлэлээр биднийг ингэж гүтгэж байгаа. Гэмт хэрэг гарсан. Хохирогч нь эмэгтэй хүн байсан. Нүүрийг нь хутгаар сийчиж танихын эцэсгүй болгосон хохирогчийн цогцосын дэргэдээс нь шахам алуурчинг барьж дахин гэмт хэрэг хийхээс нь өмнө таслан зогсоож чадсан. 1-р сарын 20-ны өдөр алга болсон эмэгтэйчүүдэд судалгаа хийж ар гэрийнхэнийг нь дуудаж таниулга хийлгэхэд хохирогч Оюунзулын эцэг, эх манай охин мөн байна гэсэн. Энд биднийг буруутгахаас гадна тэр гэр бүлийнхэн бас буруутай. – Мөрдөн шалгалт хийгдэж байхад бүх төрлийн шинжилгээнүүд хуулинд заагдсан хэмжээнд явагдах ёстой. Дүүрэнд холбогдох гэмт үйлдлийн хохирогчид криминалистикийн, генетик шинжилгээнүүд хангалттай хийгдээгүйгээс хохирогчдод нөхөж болшгүй хор уршиг үүсч гэж ойлгож болох уу? – Мөрдөн шалгах ажиллагаа бүх нотлох баримтанд тулгуурладаг. Таны энэ асуултанд “Шүүх эмнэлэг””ийн дүгнэлт бүрэн хийгдсэн гэж хариулах байна. – Магадгүй мөрдөн шалгах ажиллагаа төөрөлдсөнөөс хүн амины гэмт хэрэгт Дүүрэн хэлмэгдсэн юм биш биз? – Үгүй гэж би бардам хэлэх

байна. Оюунзул биш ч гэлээ түүнд алагдсан хохирогч байгаа шүү дээ. Харинч Дүүрэнгийн гэмт хэргийн хамтрагч нар баригдаж ирсэн байж болзошгүй. Бид шалгаж байна. – Магадлал хир өндөр байна вэ? – Бараг далан хувьтай. – Тэгэхээр Дүүрэн олон улсын шинж чанартай алан хядах ажиллагаанд оролцсон болж байна уу? – Бид шалгаж байна. Магадлал, таамаглал бол байгаа. – Мөрдөн шалгах ажиллагаанд ноцтой төөрөгдөл гарснаар хохирогч Оюунзулд эрүүл мэндийн хувьд нөхөж баршгүй хохирол учирлаа. Энэ талаар таны бодол… – Оюунзулыг эцэг эх нь үхсэнд тооцсон. Хүний газарт өвчилж зовж явахад нь бас түүний амийг хөнөөх гэмт халдлагаас түүнийг манай цагдаа, манай мөрдөн байцаагч олж, хамгаалж авчирч өгсөн. Энд бас цагдаагын гавьяа байгаа шүү. Хохирогч эрүүл мэндийн хувьд эдгэх байх гэж найдаж, хүсч байна. – Хохирогч Оюунзулын хэрэг дээр ажиллаж байсан мөрдөн байцаагч алга болсон гэж ярилцах юм. Гэндэн сэтгүүлчдийг харж гараа өргөн малилзтал инээмсэглэв. – Та минь. Сэтгүүлч нараа. Ингээд л төөрөлдөөд байгаа юм шүү дээ. Тэр мөрдөн байцаагчид хувийн гачигдал гарч Завхан аймаг яваад ирээгүй байгаа юм. – Ялтан Дүүрэнд хөнөөгдсөн гэх хохирогч эмэгтэй хэн бэ? –

Би хавтаст хэргийн нууцыг задруулах эрхгүй шүү дээ. – Энэ хэргийн үнэнийг тогтооход цагдаагын удирдлагын зүгээс саад учруулаад байгаа юм биш үү? – Та нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бидний үйл ажиллагааг прокурор хянадаг юм. Петтэд хариуцагдах энэ хэрэг дээр бол бүр улсын прокурорын хяналт явагдаж байгаа. Хэвлэлийн бага хурал дуусч Цагдаагын хурандаагын малилзтал инээсэн төрх дэлгэц дүүрээд замхрахад Тамжид гүнзгий сүүрс алдав. “Яасан ч үйлтэй юм бэ? дээ. Муу хүү минь тэр газраас нэр цэвэр гарах нь бүр өнгөрч. Одоо яая гэх вэ? Үйлийг үүрч л дуусгахаас биш” хэмээн өөртөө өгүүлж гялтайж ирсэн нулимсаа арчив. Утас нь дуугарч Саруул ярьж байв. – Ээжээ та үзэв үү? Тэр хурандаа үнэнийг ингэж гуйвуулж арьсаа хамгаалах гэж ядаж байна. Арчаагүй байгаа биз? – Охин минь одоо хүүгийн хувьд наашлах юм байгаа юмуу даа. Харин ч муу хүүг минь олон улсын алан хядагч нартай холбоотой гээд бурхан минь өнөөх дээд хэмжээг нь өгчих юм биш байгаа? – Үгүй ээ ээжээ. Одоо бид ухрах замгүй болсон. Ялтны эрх зүйн орчинг тодорхой нотолгоогүйгээр хэн ч дордуулах эрхгүй байдаг юм. Монгол Улсын Шүүх Дүүрэнг олон улсын шинж чанартай аллагад оролцсон гэж тогтоогоогүй, захирамж гаргаагүй. – Тэглээ гээд бид яах ёстой гэж? Охин минь чиний бие муу байна шүү дээ. – Дүүрэн бол миний амьдарал, хүүгийн минь эцэг бас

таны хүү. Би Дүүрэнгээ аврахын тулд үнэнийг олохын тулд өвчнийг тэсвэрлэн давж чадна. – Охин минь. Охин минь дээ. Хүүгийн хохирогч эмэгтэй байгааг бас мартаж болохгүй шүү дээ. – Үгүй ээ. Тэр түүнийг алаагүй. Ерөөс миний Дүүрэн хүн алах хүн биш. Бид ингэж алгуурлаж, муу хүмүүст боломж олгож болохгүй. Би Батхүүд бас зовж байна. Үнэний төлөө, бидний төлөө гэж яваад тэр хүн бас эрсдэлд орчих шиг боллоо. – Бурхан минь. Батхүүг яах билээ? Хувийн мөрдөгч авах уу? – Харин. Нэг ч их ашиг гарахгүй л болов уу? Батхүү маань амьд байгаасай гэж залбирах байна даа. – Яана даа. Бурхан минь. Бид юу үзэх гээд байна даа. – Тэгэхээр ээжээ ялтны нэр хүндийг бодит нотолгоогүйгээр өөрт ашигтай байдлаар хэвлэл, мэдээлэлийн хэрэгслэлээр зориуд унагасан. Ял эдэлж буй гэмт хэргийнх нь бүрдэлт буруу хийгдсэн. Миний хүүд холбогдох хэргийг дахин мөрдөн шалгуулж өгнө үү гэсэн утгатай бодоит байдлыг нарийвчлан тоочсон гомдлын өргөдлийг та маргааш өглөө Улсын Ерөнхий Прокурорын газарт хүргэж өгөх хэрэгтэй байна. – Тэгье дээ. Охин минь. Чи тэгж бодож байгаа бол ээж нь зөвшөөрөлгүй яах билээ. Харин хүүгийн

өмгөөлөгчтэй нэг ярьдаг юм уу? – Уг нь тэр хүн одоо хөдөлдөг бол хэргтэй л байна даа. – Ээж нь нэг холбогдоод орхиё! Тамжид бэрийнхээ дайчин зоримог байдлыг туйлын ихээр таашаан талархаж байлаа… … Хурандаа Гэндэн санасан хэргээ бүтээсэн хүний цатгалан инээд нүүрэндээ тодруулсаар өглөө ажилдаа ирмэгц ахмад Амарыг дуудан хэргийн явцтай танилцав. -Тэр Петтээс мэдүүлэг авахад би байлцана. Энэ Батхүү бас яагаад алга болчихдог байна даа. Түүний унаж явсан улсын дугаартай машин хотын хойд захаас олдсон байна. – Юу? Тэр машиныг тэгээд хэн олсон байна вэ? – Хөдөлгөөнт эргүүлийнхэн. – Тэгэхээр тэр нөхөр хотод ирсэн байхнээ? – Машины баруун хаалгыг хажуунаас нь мөргөсөн бололтой шил толь хагарч, гэмтсэн байсан. Түүн үрүү хэн нэг гэмт этгээд дайрсан нь тодорхой байна. Чингэлтэй дүүргийн цагдаагын мөрдөн шалгах ажлын хэсэг ажилдаа орсон байна. – Уухай. Хурандаа өөр үг хэлж чадахгүй гацахыг Амар ажиглаж байлаа. “За яах вэ? Шалгаг. Шалгаг. Шалгаад юу олж долоохыг чинь энэ хоёр цэхрээрээ харах юм хуна. Өдийд та нарын тэр сүйд болоод байгаа чөтгөр аль хэдийн чөтгөрийн замдаа ороо биз. Хэнтэй яаж тэрсвэл яадгыг тэр залуугын азгүй сүнс мэдрэг. Хохь нь дээ. Тэр чөтгөр зайлсан цагт одоо миний өмнө хэн хөндлөн гишгэх юм бэ? одоо тэр

Петт ч элдвийн гэрч болж монголын шоронгын хоол хороогоод хэрэггүй. Гяндангаас Дарваан Санжааг дуудлагаар авчруулж Петтийн улаан голыг самруулчихсан цагт таван жилийн өмнө андуурагдсан цогцос хэн болох нь тодорхойгүй мөнх нойрсох болно. Нэгэнт л үхчихсэн юм чинь ер нь түүнийг дахин шинэчлээд яах юм. Муу ёртой гэдэг нь. Аа бас тийм нөгөө галзуурсан Оюунзулын өмгөөлөгч гэж нэг галзуурсан хүүхэн гараад ирсэн. Хэргийн онцлогоос болсон уу яасан? Хөөрхий тэр залуу сайхан хүүхэн бас ухаан санаа нь самуурч цонхоороо үсэрчихсэн байхыг хэн үгүйсгэх юм бэ? Манай Есөнтугын залуус ийм ажилд шаламгайг яана. За тэгээд нэг муу тэнэмэл гадаадын иргэнийг Халхын шоронгын шийдчихсэн хулгайч нухчихсан байхад нэг их гайхаад ч байх юм байхгүй. Харин манай сайн ажилтан мөрдөн байцаагч Батхүүгийн амийг хөнөөсөн нэг золгүй алуурчин бас хэрэгтэй болох нь. Тэр золгүй амьтныг энэ шороо чулуу шиг язганалдсан Улаанбаатарчуудаас олох л болно би” Гэндэнгийн сэтгэлд оволзсон нүгэлт бодлыг олоод мэдчих санаатай юм шиг ширтэх ахмад Амараас өөрийн эрхгүй хараа буруулав. – Үгүй тэгээд… Үгүй тэгээд тэр эвдэрсэн машин манай залуугын машин яг мөн юмуу? – Ахмад өөрөө машингүй учир найз Сүрэнхүүгийнхээ

машиныг унаж явсан юм байна. Машины эзэн таньж байна гэнэ. – Үгүй ер. “Ингээд л өгөөш өөрөө аманд ороод ирдэг юм” гэж баярлан дуу алдсан хурандаа түүнээ баллах гэж ахмад Амарыг харж инээгээд – Үгүй ер. Тэр найз нь машинаа өгсөн юм чинь манай хүнийг яасныг нь мэддэггүй юм байхдаа гэв. Амар тийм ч таатай бусаар даргыгаа харж толгой сэгсрээд – Ноцтой нөхцөл байдал үүсээд байнаа. Даргаа гээд өөр тийш харав. Гэндэн мөрдөн байцаагчийг гармагц хэргийг мөрджө буй цагдаагын хэлтсийн мөрдөх тасгын даргатай утсаар холбогдов. – За хө. Танай тэрүүгээр ажлын явц ямар байна вэ? Манай хүний хэрхсэн талаар бодит баримт юу байна вэ? – Ахмад Батхүү үрүү гэмт этгээдүүд дайрсан нь тодорхой байна. Дамбадаржаагын эцсийн буудал өөд өгсч явахад нь баруун гар талаас нь мөргөсөн. Урьд нь хөндлөн зогссон машины мөр, баруун хажуугаас нь мөргөсөн байдал нь зориуд зохион байгуулалттайгаар түүн үрүү дайрсан байж болзошгүй гэх бодол төрүүлж байна. Эцсийн буудлын орчимд ахмадын ээжийнх байдаг юм байна. Тэгээд ахмад өөрөө алга болж машиныг замын хажуу уруу түлхэж оруулаад орхичихсон байна. – Тэр машин тэгээд түүний машин мөн юм уу? – Мөн. Улсын дугаартай улаан хүрэн өнгийн ВМВ жип машин. Энэ машины эзэн нь Батхүүгийн багын найз Сүрэнхүү

гэгч. Сүрэнхүү гэгч нь МУИС-н Нийгмийн ухааны факультетэд багшилдаг юм байна. Батхүүгийн төрсөн дүү Батсүх анх харж, Сүрэнхүүд мэдэгдсэнээр Сүрэнхүү Хөдөлгөөнт Эргүүлийнхэнд хэлсэнээр манай ажил эхлээд мөрдөн шалгаж байна гэж товчхон илтгэв. – Тэгээд тэр Сүрэнхүүгээс гэрчийн мэдүүлэг авсан юм уу? – Сүрэнхүү машиныг өөрийн машин мөн гэдгийг бас Батхүүд унуулж байсан зэргийг хэлсэн. – Батхүүг тэнд очно гэдгийг мэдэх Сүрэнхүүгээс өөр хүн байна уу? Ер нь түүн үрүү дайрсан этгээд хэн болох талаар дүн шинжилгээ хийсэн үү? – Шинжлэн судлах ажиллагаа явагдаж, мөрдөлт эхэлсэн хурандаа. Харин гэмт этгээдүүд ахмад Батхүүг шууд хөнөөхийг чухалчлаагүй бололтой. Түүнийг нэг газар барьцаа маягаар байлгаж байгаа боловуу гэх таамаг байна. – Утга нь. – Ахмадын одоогын мөрдөж байгаа хэрэгтэй холбоотой байж болох юм. – Хэнээ. Хэн чи сонс. Тэр найзыг нь.. Сүрэнхүүг эрүүгийн хэрэгт сэжигтнээр тат. Батхүүг хэзээ ирэх, хаана очихыг ганцхан тэр мэдэж байсан. Найзын цаана их юм бий шүү. Аан. – Хурандаа би ойлгосонгүй. – Ойлгох хэрэгтэй. Энд ойлгож ядах юм алга. Тэр нөхөрт таслан сэргийлэх, цагдан хорих арга хэмжээ аваад хэрэг бүрдэлтэнд

сэжигтнээр тат. Ойлговуу? Нөхөөр. Миний нэг мөрдөн байцаагч залуу сайхан эр алга болчихоод байна. Амь насанд нь аюул учирсан ч байж болох. Та нар муу ажиллаж байна. Хангалтгүй байна хэмээн тачигнан загнахад ярилцагч этгээд ихэд хүлцэнгүйгээр сонсч байв. Цагын дараа цагдаагын ажилтнууд Сүрэнхүүг ажил дээрээс нь баривчилж гавлан авч явахыг багш оюутнууд үүлгэртэн харсаар хоцров… … – Хөөе наашаа суу хулгайчаа. Тамхи байвал гаргаад тавьчих. Халимаг үстэй, ганган хувцастай. Их том гарын нөхөр юм шив дээ. Хаанахын босс вэ? чи. Мөрдөн байцаах газрын дуудлагаар ирээд байсан Санжаа, хүлээлгэнд далан хоёр цаг хоригдоод нийтийн камерт шилжсэн Сүрэнхүүг сүрдүүлэнгүй угтав. -Би босс бишээ. Багш хүн. – Хэ. Хэ. Хэ. Багштан. Үгүй багш гуай тэгээд яагаад энэ нүхэнд морилчихдог билээ. Айл андуураад ороод ирсэн хүн шиг. – Сэжиглэгдээд. – Ямар хэрэгт тэр вэ? мөнгө цохичихсон уу? – Үгүй дээ. Хүн амины хэрэгт сэжиглэгдээд. – Багш шавийгаа нударч орхисон уу? Хэ. Хэ. Хэ. – Яалаа гэж дээ. Найзын маань үхэлд намайг буруутгаад. – Тэр найз чинь тэгээд үхчихсэн хэрэг үү? – Үхсэн амьдыг нь мэдэх юм алга. Амьд байгаасай гэж залбирч сууна. Ингэхэд би таныг нэг их үзсэн хүн шиг.. – Үгүй зөнөж байгаа юм

боловуу даа. Өөрийг чинь харсан ч хүн шиг оргиод хэрэгт дурлаж суугаа нь энэ. Өөрөө хаана ажилладаг юм бэ? – МУИС-д багшилдаг юм. – Паа базарваань. Би бол халаасны хулгайч. Хаа нэг дургүй хүргэсэн юмыг хатгачихдаг юм. Хамгийн сүүлийнх нь үхээд. Тэгээд гяндлуулаад тэндээс ирлээ дээ. Мөрдөн байцаах газар надад бас нэг юм тохох гэж байгаа биз. – Та тэгээд гяндангаас ирсэн хэрэг үү? – Тэглээ. Хэд хоног энд хэвтэнэ биз. – Дүүрэнг таних уу? Дарваан Санжаа энэ үгийг сонсоод өндийн түүнийг уламч шимтэн ажиглаад инээвхийлэн Сүрэнхүүд ойртон суугаад – Даанч тийм байхаа. Цус гэж нэг их таньдаг хүн шиг санагдаад байсан юм. Алив хамаа наашаа гар. Хөөе хулгайчаа чи тэр үүд үрүү зайл. Энд миний хажууд гараад ир. Эр хүний замын хүзүү урт гэж энэ дээ. Новш гэж мартаж орхиж. Өө нээрэн тийм. Дүүрэн дэглэм буурчихсан. Бид хоёр гайгүй сайн танилцсан. Харинчиг дажгүй хулгайч байдаг шүү. Юм үзсэн шинжтэй шийртэй аавын хүү дээ цаадахь чинь. За энэ яах вэ? За хамаа чи минь ингээд ороод ирдэг болохгүй шүү. Санаж байгаа биз дээ. Манай байцаагч Батхүүгийн өрөөнд чи надад арван төгрөг өгсөн шүү дээ. Тэр хулгайч чинь би байна. Өөрийг нь таньсандаа дуугаа өндөрсгөн хөөрөн баярлах

түүнийг хараад Сүрэнхүүгийн сэтгэл ч жаахан уужраад ирэв. – Нээрэн тийм шүү дээ. Бид тэнд таарсан. Дүүрэн, Батхүү бид гурав багын найзууд байгаа юм. – Тэгэхэд чи тэгж хэлж байгаагүй юу. За миний хамаа. Одоо өөдрөг цоглог байна шүү. Энд ер энд ч гэж. Халхын шоронгын аль ч өнцөгт муу хам чинь хаан сууж, ноён голлоно шүү дээ. Яамаар байна. Тамхи татах уу? Баавар уухуу? Одоохон аж ахуйн хэдэн хоргиогоор нуугсан сайхан хуцваа хийлгээд ирье. Энэ газар миний хам газардахгүй шүү. Хам нь хажуудахиа хамраар нь хатгуулдаг хоншооргүй хулгайч бас биш. Сэтгэл гэдэг юм агуу ш дээ. Эр улс сайхан танилцах сайхан. Тэгэхэд чи надад ямар сайхан сэтгэл гаргалаа. Харин Батхүү ч дээ гээд чимээгүй болоход Батхүүгийн хойноос бас өөрөө энд байгаа даа маш их хямарч байсан Сүрэнхүү санаа алдав. – Наад хувцас гонжоом энэ тэр чинь нэмэргүй ээ хө. Миний юмнаас өмс. Бие чинь ч амрахгүй. Чөлөөтэй хувцас өмс. Цай хоолны дараа Дарваан Санжаа түүнийг ийн халамжлав. – За тэгээд миний хам ямар гайнаас болоод яагаад энд орчихов доо. – Би чамаас юуг нь нуух вэ? хө. Батхүүгийн аав Завханд нас бараад буцаж ирэх

замдаа үхсэн амьд нь мэдэгдэхгүй алга болчихлоо. Батхүүгийн унаж явсан машин миний машин байсан юм. Тэгээд намайг сэжиглээд… Харин чиний хэрэг гайгүй юу? – Гайтай ч байсан хам нь ажрахгүй. Чиний энэ хэрэг ямар сонин юм бэ? тэд арван дөрөв хоногийг ихэд ойр дотно өнгөрүүлэв. Сэжигтнээр хоригдох хугацаа өнгөрч Яллагдагчаар татагдсан Сүрэнхүү Саруулыг өмгөөлөгчөөр авав. Сүрэнхүү өмгөөлөгчтэй байцаалт өгч байлаа. – Та Батхүүгийн амь нас хохирсон гэх нотолгоог гаргаагүй байж яагаад Сүрэнхүүд “Хүний амь нас” хохироосон гэх зүйлчлэл оноож байгаа юм бэ? таны энэ ажиллагаа хууль зөрчиж байгаа тул би эсэргүүцэж байна гэх Саруулд мөрдөн байцаагч тайлбар хийж чадахгүй байлаа. – Хүүе хамаа. Энэ сонин дээр чиний тухай биччихэж. За мөн алж өгчээ гэсээр Санжаа нэг сонин барьсаар ирэв. “Мөрдөн байцаах газрын хурандаа дахин нэг хүнийг “Хүн амины” гэмт хэрэгт хилсээр татаж өөрийн гэм хорын уршгийг нууцаллаа” гэх Саруулын ярилцлага бүтэн сонины нүүр дүүрэн байлаа. Сонинг уншиж дууссан Сүрэнхүү “нээрэн энд нэг нууцлаг зүйл байна” гэж бодон айдасгүйгээр нийгэмд үнэнийг

тунхаглаж яваа Саруулын төлөө зовинож эхлэв. Батхүү чухамдаа үнэний байр суурин дээр байж байгаад эрсдэлд учирсан билээ. “Батхүү яасан бол. Амьд мэнд байгаа болов уу? Би бас. Энэ чинь одоо тэгээд би яах билээ. Би чинь хүн алчихсан гээд энд сууж байгаа биз дээ” хэмээн бодохоос өөрийн эрхгүй дотор нь давчидна. – За мөн алдаг өмгөөлөгчөө. Энэ ч харин жинхэнэ том гар юм даа. Сайхан ч хүүхэн юм. Чи ч азтай юмаа. Ийм мундаг хүүхнээр өмгөөлүүлээд удахгүй, удахгүй эндээс гарна. Олон үг болон сайхан хүүхэн харан өндөлзөх Санжааг харсан Сүрэнхүү – Энэ хүүхэн Дүүрэнгийн эхнэр шүү дээ гэв. – Паа за тийм ч биз дээ. Дүүрэн өөрөө ихэмсэг хүн. Ийм эхнэртэй байхаас ч биш яахав. Ийм эхнэртэй байж харин тийм хэрэг хийдэг. – Дүүрэнгийн хэрэгт үнэнийг хэлэхэд их но бий. Дүүрэнгийн эхнэр энэ Саруул машинд дайруулаад үхлээс арайхийн аврагдсан. Бас Батхүү үнэний зам дээр зогсч байснаас тэр эрсдэлд өртсөн. Харин би сүүлчийнх нь золиос байгаасай гэж залбирах байна. – Яг үнэнийг хэлэхэд та нарыг би ойлгохгүй юм. Харин тэр Батхүү чинь ер нь үнэний зам дээр зогсч чадах юм уу даа. Юу ч хийхээс сийхгүй нохой

шүү дээ. – Би найзыгаа сайн мэднээ. Батхүү Дүүрэнгийн хэргийн үнэнийг олох гэж байж.. – Юу? Тэгэхлээр.. Батхүү Дүүрэнд тусалж байсан гэв үү? Сонин юм даа. Харин Батхүү Дүүрэнг алуулах гэж байсныг л би мэдэх юм байна. – Арай үгүй байхаа хө. Миний найз Дүүрэнгийнхээ хэргийн үнэнийг олох гэж байж хэцүү байдалд орсон юм шүү дээ. – За хамаа. Би муу хүнч гэлээ чамд бол худлаа хэлэхгүй. Чамайг ийм байдалд байгаа болохоор бас чи намайг огт танихгүй байж хүн гэж тоосонд би чамд баярлаж явдаг. За чи Батхүүгийн өрөөнд надтай таарснаа нэг сана даа. Гянданд ял эдэлж байсан намайг тэр үед Батхүү дуудаж нэг даалгавар өгсөн юм. Тэр нь Дүүрэнг алах. Хэнд ч мэдэгдэлгүй шүү. – За. За найз минь би чамд итгэж байна. Гэхдээ… гэхдээ… Батхүү… ямар учраас .. очиж, очиж Дүүрэнг ойлгохгүй байна. – Ямар учиртайг би мэдэхгүй шүү дээ. Харин чи хэзээ нэгэн цагт Дүүрэнтэй уулзаад дарваан Санжаа гэдэг хулгайч чамайг хоёр удаа алахыг завдсан уу? Гээд нэг асуучихаарай. Үүнээс өөрийг битгий хэлээрэй хө. Энэ бол эр улсын нууц. Батхүү бид хоёрын нууц бол бид хоёрынх түүгээрээ өнгөрөг. Харин би чамд үнэнийг хэллээ. Энэ бол чи бид хоёрын нууц. Үнэнийг хэлэхэд цаадахь чинь юу ч хийхээс

сийхгүй. Тэр хоёр шөнөжин сууж Дүүрэнгийн хэргийн талаар, Оюунзулын амьд байгаа талаар ярилцаад үүрийн гэгээ сараалжтай гэгээвчээр цухуйх үес унтахаар хэвтэцгээв. “Батхүү Дүүрэнг алуулах гэж яаж зүрхэлдэг байнаа. Ягааны хүүг Гаадангынд өгүүлэх гэж ямар их хүчилж түүндээ Сүрэнхүүг ашигласныг яана. Саруулын талаар их эвгүй асууж орж ирсэний дараахан тунч удалгүй Саруул машины осолд орсон. Осол зориудын санаатай үйлдэл гэмээр байсан. Тэр нэг үес Дүүрэнд их дургүй байсан” нойр нь хүрэх шинжгүй хулжин одсон Сүрэнхүү Батхүү найз нь Дүүрэнгээ хөнөөлгөх захиалга өгч байсан гэх санаанд багтамгүй, чихэнд наалдацгүй үгийг бодсоор түүндээ гайхан шаналж хэвтэв. “Яалт ч үгүй Дүүрэнгийн амьдралд тэр үед хэн нэгэн заналхийлж байсан нь үнэн. Яах гэж… Тэр Батхүү байсан гэж үү? Бас яах гэж Ягааны хүүг тэднийд өгөх болов? Ягаан баян айлд хүүхдээ өгөхийг хүсэв үү? Батхүү, Ягаан хоёх янаг амрагын холбоотой байсан нь бас үнэн” энэ бодол цээжийг нухлахад Сүрэнхүү өндийн суув. “Арай. Арай Ягааны хүү Батхүүгийн хүүхэд биш байгаа даа. Ягаан хүүхдэд эх нь болох тийм хариуцлага хүлээх дургүй хүн. Батхүүг

хүүхдээ ав гэж шахсан юм боловуу? Яаж ч бодсон Батхүүгийн эхнэр тэр хүүхдийг хүлээн зөвшөөрөхгүй байсан нь ойлгомжтой. Тэр үед Дүүрэн дээд хэмжээ хүлээж байсан. Дүүрэнг амь хэлтрэхгүй гэж Батхүү ярьдаг байсан. Тэгээд хүүхдээ Дүүрэнгийн хүүхэд гэж ойлгуулан тэднийд өгсөн юм болов уу? Үнэндээ ч тэр хүү тэднийд жаргалтай сайхан өсч байна. Харин Дүүрэнгээ алуулах гэдэг нь ямар учиртай юм бол? Иш чаавас миний найз тийм аймаар санаа өвөрлөж явсан юм гэж үү? Яаж байгаа юм бэ? Яаж байгаа юм бэ? очиж, очиж Дүүрэнгээ, Дүүрэнгээ шүү. Даанч дээ. Тийм юм санаж байдаг” гэж бодохуйяа Сүрэнхүүгийн хоёр шанааг даган нулимс асгарч байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *