
Алив хурдал. Бээлий аваад өг. Наад гараа ариутга. Мэс заслын хутга, хайч, утас аваад өг. Цаад тусгай шилнүүдээс нэгийг аваад өг. Эмч хачин ажил хэрэгч зарчимч байх тул Ягаан хэлснийг нь биелүүллэх
гэж будилан хөлс асгаруулан байлаа. Сэдэд өвчтөний биед ямар нэг шингэн зүйл тариад мэс заслын хутга авч өвчтэй ухаангүй хэвтээ залуугын гэдэсний тус газрыг зүсч эхлэхэд Ягаан учиргүй аймсан
хашгирч буцаж гүйн хэдэн удаа эмчид загнуулав. – Алив чи энэ цусыг арчаад орхиоч. Ямар юмаа хийгээд ангайж, зугатаж гүйгээд байгаа юм бэ? – Ямар аймаар юм бэ? Өөх энэ тэр нь харагдаад. – Битгий маяглаад
бай. Бид адилхан л хүмүүс. – Хүүе яадаг билээ. Та чинь бөөрийг нь авч байгаа юмуу? – Энэ муу бөөрөөс болоод энэ залуу үхэх гэж байж дээ. – Аймаар юм. – Мэс ажилбарын үед битгий элдвийн юм яриад бай. Утас..
– Юу гэнээ? Ямар утас? – Чаавас гэж. Надад ийм амьтан л таарна даа. Сэдэд мэс заслын утас зүү авч хагалсан хэсгээ оёж эхлэв. Хагалгаа хоёр цаг орчим үргэлжилсэний эцэст боолт хийж дууссан Сэдэд үүдэн дэхь

улсыг оруул гэж захирав. Залууг хүргэж ирсэн залуус орж ирэхэд эмч – Өвчтөн цагын дараа ухаан орно. Байсан газар нь аваач гээд амныхаа хаалтыг авав. – За туслах минь наад өрөөгөө сайхан цэвэрлээд ариутгаад орхи. – Эмчээ энэ залууг энд байлгаж болдоггүй юм уу? – Манайх зөвхөн эд эртхтэнд мэс ажилбар хийдэг юм. Дараагын эмчилгээг дараагын шатанд хийх биз. Ёох ядарчихлаа байна. Ганц хундага юм татахаас гээд эмчийг гарахад хүний халуун цусанд бөөлжис нь цутгасан Ягаан хий огисоор алчуур базаж авав. – Байна уу? Захиралаа нөгөө захиалгын бараа бэлэн боллоо. – Жан даргын онгоц одоо нисэх буудалд бууж байна. – Ямар сайн юм бэ? Яааравчлахгүй бол болохгүй болчихоод үнэнийг хэлэхэд би сандарч байлаа. Бас захиалгын зургаан хос нүд байгаа ш дээ. – Сэдэд. Сайн байна. Чи
аргагүй алтан гартай мэс засалч юм байна гээч. Одоо тэр бараануудыг цөмийг нь борлуулна биз. Бас хөндийлсөн хэдэн цогцос байгаа биз. – Тиймээ. Донор эрхтэний ханш өссөн байна лээ. Нэгэнт зам гарсных цусаа ч бас явуулчих юмсан. – Менежер чинь бүхнийг зохицуулна. Чиний хувийг би өнөөдөр өгнө. Бас нэмэгдэл шагнал ч өгөх болно. Энэ удаагын нүгэлт үйлээ амжилттай биелүүлж, ирсэн хүмүүсийг хүлээх зуураа Сэдэд тал шилтэй архинаас шимэх мэт хүртэж суулаа. Бээжингээс ирсэн хүмүүсийн дотор нарийн мэргэжлийн эмч иржээ. Нүдэндээ цагаан шил хийж ясархаг туранхай биедээ томдсон халад эгэлдрэглэсэн цагаан залуу шинжилгээний багаж гарган тусгай савлагдсан эд эрхтэнг шинжилж эрүүл бусыг үзээд сэтгэл нь ханасан бололтой бүгдийг тусгай байрлалд хийгээд баясан инээгээд гарцгаав. Ягаан чухам буян үйлдэж байна уу? Буг болж байна уу? Гэдгээ ч үл ойлгон Сэдэдийн гарын үзүүрт хөдлөх аж. – Ягаан одоо ингээд машин ирнэ. Хоёулаа төрөх эмнэлэг үрүү явах боллоо. Төрөхийн хүндрэлээр өнгөрсөн хоёр эмэгтэйн цогцосыг авчирна. – Ямар аймаар юм бэ?
Эмчээ би айгаад байна. Тэнд очмооргүй байна. – Амьдрахын эрх шүү дээ охин минь. Амьд явахын тулд алив бүхнийг хийх цаг бас үе бас байдаг юм. Хэрэв чи бид хоёр энэ асуудлыг шийддэг бол энэ бүхнийг би огт хийхгүйсэн. Нууц задруулах юм бол тэгээд маргааш гэхэд чи бид хоёрын дотор эрхтнийг хэн нэг нь онгичиж суух биз. – Аймаар юм. Хачин их айдас хамаг биеийг нь баглахад Ягаан өөр юм дуугарч чадсангүй. Эргэн тойрныг харанхуй бүрхсэн нүх шиг харанхуй шөнө байлаа. Уг харанхуйг гийгүүлэх зорилготой ганцаардсан зэгэл саарал саран дээр ёлтойж, жирэвгэнэсэн олон одод зулай дээрээс зулын гэрэл шиг сүүмэлзэнэ. Их хотыг чимэглэсэн их гэрлийн урсгал өөр өөрийн өнгөөр шөнийн харанхуйг сүлэвч айдас бүрхсэн Ягааны хамаг биеийг харанхуй дагжтал бүрхэнэ. Машин зурвас шар гэрэл цацруулсаар харанхуйг зүсэн урагшилсаар хүйт даасан нэгэн байшингийн өмнө ирж зогсов. – За орцгооё. Наслька бэлэн биз гэсээр Сэдэдийг буухад ар нуруу уруу нь хүйт урссан Ягаан дагаж буухаас өөр аргагүй болов. “Ёстой хохь нь. Ингэж явахдаа таарсан азгүй амьтан. Юу ч хийж чадахгүй цус, үхэл хоёроос өөр замгүй амьтан” Ягааны хувь заяандаа
гомдсон гомдол нь өөрийгөө зүхэхэд хүргэн цээж нь оволзох аж. – Юун хүмүүс вэ? Жижүүрийн үүрэг гүйцэтгэж буй бололтой эр хүн шиг бахим том биетэй эмэгтэй шал шажигнуулан босоод тэднийг угтав. – Бид энэ хүмүүсийн шарилыг авах гэсэн юм. Сэдэдийн өгсөн тамгатай бичгийг гүйлгэн харсан эмэгтэй цагаан халадандаа багтаж цөхөн эргэж тэднийг дагуулан алхаад нилээд томоохон тасалгааны үүд онгойлгон гаднаас ирэгсдийг орохыг урив. Арц хүжний анхилам үнэр, чийг хүйтний эхүүн үнэртэй холилдон хамар цоргино. Хүйт даасан том өрөөний бүдэгхэн гэрэлд гурван эгнээ зассан урт вандангууд дээр зэрэгцүүлэн тавьсан хүмүүсийн хэд хэдэн цогцос байх бөгөөд цогцсыг цагаан даавуугаар бүтээсэн байлаа. Хэн нэгэн араас нь нудраад авах шиг болоход жигтэйхэн цочсон Ягаан айдсаа барьж дийлэлгүй Сэдэдийг тэврээд авав. Түүний зэвхий даасан нүүр царайг ажигласан Сэдэд хүүхнийг анх удаа өрөвдөх шиг болон мөрөн дээр нь зөөлөн алгадаж тайвшруулаад цогцос тийш очив. Ягаан заасан цогцосыг мэгдэн хараад салгалсан гараараа цагаан цагаан даавууг сөхөөд
өөрийн эрхгүй дуу алдан суун тусав. Өхдөр хянган хамар, тунгаалаг цагаан царай, задгай үс нь мөрийг нь бүрхсэн хорь дөнгөж гарч буй байрын залуухан бүсгүй түүний өмнө хэвтэж байлаа. – Холын аймгын хүн юм гэсээн зайлуул. Оюутан охин. Бурханы оронд очоо биз хөөрхий. Биелэг эмгэтэй тэднээс аврал эрэх мэт аяархан хэлээд бүсгүйг даавуунд нь ороон Ягаан уруу хяламхийх нь – Алив өргөлцөөч хэмээн хэлэх шиг болоход айж дагжсан Ягаан талийгаачийн цээжин талаас өргөлцөн дамнуур орон дээр тавилцав. Гэтэл түүний чичирч салгалсан гарыг мөс шиг хүйтэн юм шүүрэн барихад – Ай хэмээн муухай орилсон Ягаан ухаан балартан сөхрөн суув. – Өө золиг болмор. Наадахь чинь айж үнхэлцэг нь хагарах шив. Талийгаачийн гар боодлоосоо алдуурч гаран дээр нь ойччихож гэх Сэдэдийн дуу хүнгэнэн хэн нэгэн түүнийг өргөн гарав. – Хэзээ ч үгүй. Би одоо явах минь. Цаашид би ажиллаж чадахгүй айж байна. Шөнө ч унтаж чадахгүй нь гэж хэлсэн Ягаан мэгшин уйлав. – Юу сайхан бэ? Дур сайхан. Чи энэ газрыг орхиж явж болно. Бололгүй яах вэ? Би бол чамайг явуулж л орхино. – Тэгээд. Тэгээд явуулж орхиоч. Би явмаар байна. – Чамайг би явуулж болно л доо. Гэхдээ чи явсан ч энд байсан ч
яг адилхан. – Юу гэсэн үг юм бэ? Би наадахыг чинь юу гэж ойлгох юм бэ? – Би чамайг явуулах эрхгүй. Чи ч бас дур мэдээд явчих эрхгүй юм ш дээ. – Тэгээд хэн мэдэх юм бэ? Би ямар шоронд багйааа биш. – Яг үнэнийг хэлэхэд бид шоронгоос дор амь дүйсэн ертөнцөд байна шүү дээ. Шоронд бол ялтан ч гэлээ хүнийг төр нь хамгаалдаг. Харин биднийг хэнч хамгаалахгүй. – Би Есөнтугтай уулзана. – Есөнтуг захирал та бид хоёрын хэн нэгнийг эндээс явбал гэрчгүй болохын тулд орчлон хорвоогын нүгэлт үйлийг бас давтах байх даа. – Та намайг сүрдүүлээд байгаа юмуу хаашаа юм бэ? – Надад чамайг сүрдүүлэх ашиг нь юу байгаа юм бэ? Есөнтуг чи бид хоёрыг ердөө алж л орхино. Би бол ингэж суухаар траншейныхаа нүхэнд хэвтэж байсан минь дээр. Гэхдээ би охинтойгоо уулзмаар байна. нас ахих тутам төрсөн үр улам бодогдоод байдаг юм байна. Би охинтой хүн. Чухамдаа түүнийхээ төлөө энэ бүгдийг хийж байна. Сэдэдийн гутруухан ярих дуунд гуниг цалгина. – Эмчээ Сэдэд ахаа та траншейнд байсан юмуу гэж нэг их чухал юмаа олсон адил Ягаан дуу алдав. – Тиймээ би траншейны архичин байсан. Харин Сэдэд түүнд ийн хэгжүүрхэв. –
Даанч тийм байхаа. Би таныг таньдаг санагдаад байсан юм. Тэр нэг шөнө… – Хар Яринпэлийг алуулдаг шөнө. Яринпэл уг нь сайн хүн байсан юм. Зовж явахад надад мөн ч олон удаа шар тайлж аминд орсон доо зайлуул. – Та… Та … тэнд байсан. Тэнд байсан нөгөө эмч байхнээ. Би яг одоо таныг саналаа. Таныг санаж байна… миний хүүг… – Би чиний хүүг … тэр айлд нь хүргээд өгчихсөн. Ягаан цахилж ирсэн нулимсаа сэмхэн арчаад шал ширтэн суув. – Тэгэхээр чи хүүтэй хүн. Харин би охинтой хүн. Тэгэхээр бид бас амьдралаас зугатаж болохгүй байгаа биз. – Миний хүү одоо миний хүү биш болчихсон шүү дээ. Би түүнийг… – Миний охин ч гэсэн дээ. Одоо намайг мэдэх ч үгүй. Би түүнийг орхичихсон юм. – Хэнтэй орхисон гэж? – Ээжтэй нь. Ээж нь охиндоо бол сайн ээж л дээ. Харин надад бол… Надад бол би түүнд хайртай байгаагүй юм. Тэд хэсэг зуур чимээгүй сууцгаан санаа алдацгаав. – Тэгэхээр хоёулаа ингээд амьдраад байхуу даа охин минь? Сэдэд яагаад ч юм бэ? Ягаанаар жигтэйхэн хань татаж сүүлийн үес түүнийг ихэд халамжилдаг болоод байлаа. – Тэгэхээс биш. .. Би ингэж цус угааж, хүүр тэвэрч явахаар биеэ үнэлдэг юм билүү гэж бодсон юм. Бодоод байсан чинь бас таныг өрөвдөөд.. Үнэн хэрэгтэй би ээжийгээ ч
өрөвдөж байгаагүй юм шүү дээ. Ээж минь хүнд өвчтэй, хойд эцэг намайг хүчиндэж, харин би тэр бүхнийг тэсвэрлэн өөрөө өнчрөх, аавгүй өсөхийн зовлонг үүрч өссөн болохоор дүүгийнхээ төлөө бүгдийг хүлцэн өнгөрүүлдэг байсан юм. Ганц дусал хав халуун нулимс хацар уруу нь бөмбөрөхөд түүнийг ихээхэн өрөвдсөн Сэдэд том алгаараа халуун нулимсыг нь арчиж өгөөд – Хараал идсэн новшийн амьдрал гэж зүхэв. – Би бага насандаа бэлгийн хавьталд орсон болохоор эрчүүдийг холгож юмыг нь салгах эрдэмд суралцсан юм. Хүүгийн минь эцэг уг нь надад сайн. Даанч тэр новшийн зальжин амьтан. Надад хэзээ ч хань болохгүй шуналын тулам байсан юм. Хүүгээ айлд бас худлаа хэлж өгсөн. Тэр хүү над дээр энэ хогын амьдралд өсвөл хүн болохгүй байсан байх л даа. Ягаан өөрөө ч мэдэхгүй шахам зовлон тоочоод хүйтэн ус залгилав. – Хөөе хоёулаа ингэж гутарч ус залгилж суухаар архи уухуу? Үзсэн харсан зовлон багасч тайвшраад ирдэг юм. Ягаан харин энэ удаа цангинатал инээж байлаа. “Хөөрхий муу Пунсал ингэж цангинатал инээдэгсэн. Энэ хүүхнүүд хоорондоо адилхан ч юм шиг. Энэ Ягаан түүнтэй их адилхан харагдах юм. Бас инээх нь. За даа энэ ч миний санаа дагасан хэрэг биз
дээ” хэмээн бодоод архи хундагалав. – За сайн сайхны төлөө явуулж орхиё хоёулаа. – Тэгье. Энэ миний сэтгэлийн үг шүү таны төлөө. Та охиноо заавал олоорой! – Чи ч гэсэн хүүдээ сайн ээж нь байж хүүгээ хайрлаж яваарай! Хожим нь харамсдаг юм шүү. За ууцгаая! Сайхан ууцгаая! Тэд хэд дараалан хөнтөрцгөөв. Ягаан ялимгүй халамцаж ирэв. – Хөөе! Би чамайг жинхэнэ эр хүнээ мэдэртэл чин жаргааж чадна шүү. Миний ганц сурсан юм бол тэр. Надтай унтвал унтаарай. Хүүхний энэ үг Сэдэдийг овсхийтэл цочиход хүргэв. “Хүн охин шигээ санаж байхад чинь тэр хэлж байгааг нь. Ангалзсан аальгүй хар шаар” өөртөө жийрхэн бодсон Сэдэд – Юу гэх чинь энэ вэ? Эцэг шигээ хүнтэй ингэж ярьж болдог юм уу? Заваан юм яриад гэж уурлав. Нэг талаар сайхан ч юм шиг. “Хөгшрөх болоогүй бололтой. Залуу сайхан хүүхэн намайг шохоорхож байна” гэх хөөргөн бодол цээжинд нь огшиход хамаг бие нь халуу дүүгэнэ. “Хм эцэг шигээ хүнтэй гэнэ шүү. Гайгүй ч юмсанж. Эцэг болсон хүн маань намайг” гэх гашуун бодол хоолой өөд нь түрэхэд гашуун оргиж, нүд нь чийгтсэн Ягаан шилтэйг дахин хоослохоор гараа явуулах үес Сэдэдийн утас тачигнав. – Байна уу?
Сэдэд сонсч байна. Ажил хэвийн. Ягаан сайн. Санасныг бодвол ажилдаа сүрхий дадаж байна. за ойлголоо. Бид бэлэн байна гээд утсаа тасалсан Сэдэд пүү хэмээн уртаар амьсгаалаад Ягааны гарт байсан шилтэй архийг авч хойш нь тавиад – Эзэн захиралд амьд зүрх хэрэгтэй гэнэ. Залуу эрийн омголон зүрхийг суулгуулах настай солонгос өвгөн “Чиний эмнэлэг”т хэвтсэн юм байх. Халуун зүрхээ сугалуулах, архинд согтсон залууг авчирч байна. Амь нас бэлэглэсэн захиралд маань баян солонгос өвгөн хэдэн зуун саяыг хаях биз. Алж, аврах багын гишүүд бидэнд эзэн захирал маань хэдэн саяыг харамгүй хаяна гэж байна. Ээх новшийн орчлон гэж архи ч ууж болохгүй нь гэж халаглахад – Бас үхэж болдоггүй хорвоо гээч гэх Ягааны гунигтай дуун гаслангын сенот шиг царгиад явчихав. – За охин минь бэлдэж үз. – Би… Би тэр алуулж байгаа архичин залууг өрөвдөөд байна ш дээ. – Бид биш Бурхан түүнийг өрөвдвөл таарна. – Бурхан ер нь хүнийг өрөвддөг юм уу? Намайг лав өрөвдөж байгаагүй юмдаг. – Одоо өрөвдөнө дөө. Чи бас юунд ингэж намайг зовооно вэ? – Мөн яриваа өвгөн гуай. Алуурчин болчихсон хойно өрөвдөхдөө ч яах билээ дээ. – Чи битгий миний эрч хүчийг сулруулаад бай золиг минь. Ягаан урьдын адил дургүйцэн урвалзахад Сэдэд түүнийг гадна үлдээхээр шийдэв. “Эмэгтэй юм. залуу
амьтан айж цочдог биз. Нээрээ ч би үүнийг үхдэл тэврүүлж, цус үнэрлүүлээд яах вэ? Хар нялхаасаа зовсон амьтан” Дотроо Ягааныг ихэд өөриймсөн бодсон Сэдэд ухаан алдсан залуугын элгэн тус газар эрлэгийн элч шиг зүсч эхлэв. Цус годхийн гадагшлахад зэрвэс харсан Сэдэд “Одоо л больё. Дахиж хүний цустай холилдохоо больё. Есөнтуг ч энэ бизнесээ зогсоох хүсэлгүй байгаа даа” гэж өөртэйгөө ярин ажлаа үргэлжлүүлэв… … Саруул өвчний мөр хөөн хэвтээд байж чадсангүй. Батхүүг гачигдлаар явсныг Сүрэнхүүгээс сонссон тэрбээр түүнийг ирэхийг хүлээсээр байсанч Батхүү ирэхгүй байгаа нь түүний сэтгэлийг зовооно. Яаж ч эргэхгүйгээр боогдчихсон анхан шатны шүүхээс эхлээд Ерөнхийлөгчийн шийдвэрт очиж хүний амь нас хөнөөсөн нь хөдөлшгүйгээр нотлогдчихсон нийгэм даяар дуулиан тарьсан Дүүрэнгийн хэргийг задлан урьдчилсан мөрдөн байцаалтанд буцаана гэдэг амаргүй гэдгийг Саруул мэдэхийн сайнаар мэдэж байлаа. Үнэндээ хариуцлага хүлээхээс ухаан алдталаа айдаг хүмүүс олширсон нь түүний сэтгэлийг бас зовооно. Мөрдөн байцаах газрынхан, прокурор, шүүхийнхэн бүгд хүнийг хилс хэрэгт ял эдлүүлсэн гэж буруудахгүйн тулд бүгд арьсаа хамгаалах ямар нэг зүйлийн нотолгоог яаж л бол яаж гаргаж ирнэ. Ер нь ч Дүүрэн ялаас мултарна гэдэг худал юм шиг санагдан сэтгэл нь тарчилна. Саруул
утсаа авч Батхүүгийн утсанд залгав. Хариу таг чиг. Арга тасарсан байдлаар Сүрэнхүү үрүү залгав. -Батхүүгээс сураг алга. Түрээсэлсэн байрандаа ч, ээжийндээ ч ирээгүй байна. Уг нь Завханаас гараад арваад хонож байна гэх юм гэж Сүрэнхүүгийн арга нь барагдсан байдалтай хэлэхийг сонссон Саруул ямар нэгэн айдсыг мэдрэх шиг болов. – Бурхан минь Батхүүд ямар нэгэн гай тохиолсон юм биш байгаа даа. – Авто осол лав гараагүй байх юм. – Сүрэнхүү би ямар нэгэн гай түүнд тохолдох вий гэж айж байна. – Гайгүй биз. Манай Монгол ч бас амар амгалангын орон шүү. – Тэр тусмаа биднийг дагасан гай түүнийг бас дагах вий л гэж айх юм. – Нээрэн. Тэр бас хааччихдаг байнаа. – нэг юи болох нь боллоо. Саруул утсаа тасалж бодлогшрон сууна. “Өнөөдөр магадлан хуралдаан. Дүүрэн минь дэглэм буурч байгаа. “Онцгой” дэглэм гэдэг тийм ч амархан самар бас биш. Хэргийн үнэнг олж цөхсөөр байтал дэглэм нь буурч таван жил өнгөрчихлөө. Хүү минь таван нас хүрлээ. Элэг бүтэн жаргалыг өнөө хүртэл миний хүү үзээгүй явна. Хүн гэдэг ямар муухай үйлийг сэтгэж үйлдэнэ вэ? Миний Дүүрэн хүн алах хүн биш. Талийгаач бүсгүй, Оюунзулын хувцсыг өмссөн байсан. Гэтэл Оюунзул амьд. Оюунзулыг Петт
хулгайлсан баа алахыг завдсан. Петтийн аймшигт үйлдэл дээр Дүүрэн унасан бололтой. Хуулинд заагдсан ном дүрмийг уландаа гишгэсэн энэ хувиа хичээгч хүмүүс үнэнийг тогтоохоос цааргалсаар байна. Тэд Батхүүг урагш нь гишгүүлэхгүй байх шиг. Дүүрэнгээ яаж аврах вэ? Би Дүүрэнгээ өмгөөлж болохгүй. Петтийг өмгөөлөх үү? Тэр араатанд ашигтай ганц үг амнаасаа унагаж болохгүй. Одоо бол Петт хүн хулгайлсан, завдсан. Яг зөв. Дүүрэнг аврах зам эндээс эхэлж болох юм. Би хохирогч Оюунзулыг өмгөөлнө. Үүнээс өөр зөв зам надад олдоно гэж үү?” Саруул өөрийн бодолдоо баясан нүүр нь халуу оргиж, хамаг бие нь чичрээд ирэв. Тэрээр чичирхийлсэн гараараа утсаа шүүрэн авав. – Байна уу? – Балбар ахаа би.. би Саруул байна. – Ямар Саруул вэ? Хүүхээ. – Яагаа вэ? Гаадангын бэр. – Өө ах нь таньсангүй. Уучлаарай охин минь. Та нар сайн уу? Бие нь яаж байна вэ? – Бид сайн ахаа та надтай уулзаач! – Би завтай байна л даа. Харин хаана уулзах билээ? – Та миний ажилладаг “Өмгөөлийн товчоон” дээр цагын дараа хүрээд ирэх үү? – Юу. Үгүй би очиж болно л доо. Харин хүүхээ чи чинь ажилдаа орчихсон юм уу? – Би цагын дараа ажилдаа орноо. Утас гэнэт дуугарсан шигээ гэнэт тасрав. Саруул косметикоо шүүрч нүүр
царайгаа яаран янзалж ажил хэрэгч байдлаар хувцаслав. Том толиныхоо өмнө очиж товчлогдоогүй товчоо товчлов. Цонхийсэн царайтай, сульдаж ядарсан бас суга таягтай Саруулыг харж өөрийгөө голон ярвайв. – Үгүй ер. Сүр хүчгүй гэдэг нь. Байж байгааг нь. Нүд нь харин зоримгоор гялалзаж байлаа. Ийм сул дорой баж хэрхэвч болохгүй. Дүүрэн бол хүү бид хоёрын амьдралын гол судас. Түүнийг аврах ёстой. Хувь тавиланг өөрөө чухамдаа би өөрөө эргүүлэх ёстой. Бурхан минь. Эзэн аврагч Есүсээ надад тусал. Надад шинэ эрч хүч өгөөч! Амен. Галзуурсан юм шиг ганцаараа тачигнатал ярьсаар өрөөсөн аягаа үүд үрүү шидэв. Бие нь дайвалзан юу юугүй шургачих дөхөн хамраараа шалан дээр унах шахсанаа тулгууртай хөл дээрээ зогсч чадав. “Тэмцэх ёстой. Тэмцэх ёстой. Зовлонтой тэмцэх ёстой. Дүүрэнгийнхээ төлөө, хүүгийнхээ төлөө, элэг бүтэн амьдралынхаа төлөө хөл дээрээ зогсох ёстой. Энэ энэ муу таяг ч бас хэрэггүй.” Саруул нулимс дуслуулан бодоод бүхий л биеийг нь тулгуурдан байгаа үлдсэн таягаа бас авч шидэв. Хамаг бие нь салсхийж хойш урагш найгалзсанаа харамсалтайгаар сөхрөн ойчив. Бие нь салгалан чичирхийлж зүрх нь хүчтэйеэ лүг лүгхийн цохилно. “Сөхрөх болоогүй
шүү. Ингэж л сөхөрсөнөөс би ийм сул дорой байна. Нэг сөхөрч болно. Дахиад сөхөрч болохгүй. Амьдралаа аврахын төлөө хорвоотой хөл нийлэн алхах хэрэгтэй. Энэ өвчнийг тоохгүй даваад гарчих юм бол хүүгээ өнчрөлөөс, Дүүрэнгээ шоронгоос, амьдралаа бүтнээр нь аврах ёстой” толгой нь эргэн өрөө нь бүхэлдээ дайвалзан эргэхэд өндийн босох гэж зүтгэсэн Саруул хойр гараа алдлан ойчив. “Иш чаавас. Ингэж ч байх гэж. Үгүй хэнд гомдох юм. Гомдож гутрахгүй шүү. Зөвхөн гэр бүлийнхээ төлөө” Саруул шүд зуун өндийж манарар муухайрах толгойн эргээ, шархиран өвдөх өвчнийг үл тоон мөлхсөөр эмээ авч өвчин намдаагчаас бас тайвшруулах эмнээс хэд хэдийг дараалан уув. “Одоо… одоо босох ёстой. Миний амьдрал шүү дээ. Балбар ахтай уулзах ёстой.” Өвчин хамаг биеийг нь баглаж хөлнөөс нь хэдэн жингийн туухай зүүчихсэн юм шиг хүндрэвч тэр алгаархан хүчилсээр өндийн босов. Халуун нулимс хоёр хацар уруу нь зам татуулан урсана. Алхаж үзэв. Болж байлаа. Ихэд догонцох ажээ. “Зүгээр алхаж би чадаж байна. Надад ээлээ өгсөн газар дэлхий минь билээ. Хайртай хоёр ээжийг минь өлгийдөж бөөцийлсөн газар шороо минь билээ. Түшээд авнаа намайг” Анх хөлд орж буй хүүхэд шиг хөл нь туйвчин Саруул арайхийн хэд алхав. Хамаг биенийх нь хар хөлс аяндаа асгарах аж. Бас нулимс. Саруул өөрийгөө хүчээр
тайвшруулахыг хичээн баруун гараараа зүүн гараа энхрий зөөлөн атгаад өөрийгөө шоолон инээвхийлж нүдээ анивчив. Сульдаа асгарсан нулимс нүүрийг нь нэвчиж ягаахан уруулыг нь даван шорвог амтагдана. Одоо яая гэх вэ? Ийм шорвог амьдралаас хойш. Явах минь. Балбар ах хүлээж байгаа. Түүнээс урьтаж очих хэрэгтэй. Тэрээр согтуу хүн шиг гуйвчин энд тэнд гишгэчсээр хаалгаа онгойлгон гараад цоожилж шатны эрмэгээс зууран аажуухан уруудав. Өвчин намдаагч эмийн хүч нөлөөлсөн үү? Аажмаар хөлний алхаа жигдрэн биедээ захирагдаж эхлэв. Харин хүнд гэмтэл авсан толгойны өвчин тэсэхэд бэрх аж. Ашгүй такси өмнө нь ирж зогсоход Саруул хязгааргүй баярлав. Саруулыг ажлынхаа өрөөнд орж өөрийнхөө ширээний ард суутал Дорлигжав даргынх нь нүд томорч босоод ирэх нь тэр. – Хүүе та минь. Энэ чинь хэн бэ? Хэн ирснийг хараач та минь гэсээр хоёр гараа алдлан босоод ирэв. – Манай Саруул ирчихэж. Аштай юу даа хөөрхий минь. – Дүү минь бие нь сайн болсон уу? Хүрээд ирлээ дээ. – Хүү нь сайн уу? Хир том болж байна вэ? – Жаахан турчихаж. Залуу насны гоо үзэсгэлэнг өвчин дийлж чаддаггүй юм байна. Түүнийг тойрсон үй түмэн асуулт дэгдэж мэргэжил нэгт эрх зүйч нөхөд нь түүнийг халуун
дотноор тойрон хүрээлэв. Саруул тэдэнд инээмсэглэсээр ер юу ч болоогүй юм шиг амар амгалан байдлаар хариулж байлаа. – Үгүй чи чинь ингээд ажилдаа орж биднийгээ гийгүүлж баярлуулах юм биш биз. Угийн хүүхэмсэг зантай Дорлигжав дарга нь үгээ зөөн байж болгоомжтой гэгч нь асуув. – Тиймээ. Би энэ мөчөөс эхлэн ажилдаа орж байна. – Их сайн байна. Охин минь. Харин бие чинь дийлнэ биз? – Би өвчинтэй шүд зуун тэмцэж байгаа. Сайн ч эмчлүүлсэн. Бие гайгүй болохоор гэрт байхаар улам өвдөөд байх шиг. Тэгээд л… – Вот. Сайн байна. Гэхдээ эрүүл мэндээ эрхэмлэнэ шүү нөхөөр. – Баярлалаа. – За тэгвэл ажилдаа оръё! Дуулиан болоод байгаа “Өмчийн эсрэг” гэмт хэрэгт манайхаас өмгөөлөл хүсч байна. Тэдний нэгийг чи авч өмгөөлнө үү? – Баярлалаа. Даргаа би өөр хэрэг дээр ажилламаар байна. Миний үйлчлүүлэгч одоо ирнэ. – Тиймүү? Тэр чинь тэгээд ямар хэрэг юм бэ? Би бас энд… – Тэгэлгүй яах вэ? Манай товчооноос тусламж хүснэ. Хүн хулгайлсан, бас алахыг завдсан. Хохирогч нь эмэгтэй хүн. Энэ эмэгтэйг би өмгөөлөх юм. – Ноцтой хэрэг байна. Болж байнаа. Ажилла. Ажилла. Биеэ сайн бодоорой. Баярлалаа. Ажлын нөхөд нь өөр өөрсдийн ажлаа эрхэмлэн гарч одоход Саруул ганцаар хоцров.
Тархиар нь байж тэвчихийн аргагүй хатгуулан өвдөхөд эмнээсээ нэгийг авч амандаа хийв. Цагаа харвал Балбар ирэхэд арван минут дутуу байлаа. Саруул түүнээс амжиж ирсэндээ маш их баярлав. Бас нэг амжуулах зүйл байсан тул утсаа гаргаж ирэв. – Охин минь бие нь яаж байна. Тамжидын хайрлаж, энхрийлж, халамжилсан дуун гарахад Саруулын урт сормуус чийгтээд ирэв. “Би эрүүл болох ёстой. Сайхан сэтгэлт энэ эх миний төлөө бас шаналж байгаа” – Ээжээ би их сайн байна. Өнөөдөр бүр таяггүй явж байна. – Ашгүй дээ. Охин минь. Хамаагүй таяггүй явж байж ойчиж энэ тэр болов доо. Эмчээс асуугаагүй таяггүй явж болох юмуу даа. – Зүгээрээ ээжээ. Зүв зүгээр байна. Харин та орой хүүг минь гэр үрүүгээ аваад яваарай. Би нэг найзтайгаа уулзчихаад араас тань очъё. – Охин минь чи гадуур яваа юмуу? Машин дуудахгүй яасан юм бэ? – Орой очоод ярья ээжээ. Одоо би машинтай явна хэмээн хадам эхийнхээ сэтгэлийг зовоохгүйг хичээн худлаа хэлээд утсаа таслав. Махлаг нүүрнээсээ уур савсуулсаар толгой нүцгэн орж ирсэн Балбар Саруулыг хараад инээвхийлж – Овоо байх шив дээ охин минь. Ажилдаа орж байна уу гэсээр ойртон ирэв. – Ахаа суугаач. Оюунзулын бие яаж байна вэ? – Нэг үе их хурцдаж ирсэнээ одоо жаахан намдах тал уруугаа орж байна. – Цаашид яая гэж
бодож байна вэ? – Эдгээж авах нь чухал байна. – Хамгийн гол нь түүний эрүүл мэнд чухал байлгүй яах билээ. Харин би та нарыг гэмт этгээдийн талаар ямар байр суурьтай байгааг мэдэх гэсэн юм. – Түүнийг хууль шийднэ биз. Охиныхоо халуун амь биеийг олж авсандаа баярлаж байна. Одоо харин яаж эдгээх вэ? Гэж бодож байна. – Дүүрэнгийн хохирогч эмэгтэйд Оюунзулын хувцсыг өмсгөсөн байснаас эмгэнэлтэй том эндүүрэл болсон. Гэмт этгээд Оюунзулыг хулгайлахын тулд зориуд энэ үйлдлийг хийсэн бололтой. Энд зохион байгуулалттай гэмт хэргийн золиос манай Дүүрэн болчихоод байна л даа. – Юу. Тиймүү? Би уг нь Дүүрэнгийн талаар Улсын прокурорын газарт өргөдөл өгсөн юмсан. – Өргөдөл бол өргөдөл шүү дээ. Үнэнийги хэлэхэд асуудал маш ноцтой болж байна. Дүүрэнд холбогдох хэрэг маш өндөрт газар авсан. Тиймээс хариуцлагаас айсан хулчгар улс үнэнийг дэлгэж тавихаас айгаад байна. Тэгээд л таныг бидэнд туслаач гэж… – Үгүй хүүхээ тэгээд… Би чамд туслахыг хүсч байна л даа. Харин… харин яаж туслахыг хэлээд өгөөч дээ. Энэ талаар би бодоогүй биш бодож л байна шүү дээ. Балбарын амьсгаа түгжигдэв үү гэлтэйчимээгүй болж Саруулыг нүдээ бүлтийлгэн ширтэв. – Ахаа би
хохирогчийг өмгөөлөх гэсэн юм. – Ямар хохирогч? – Энэ харгийн хохирогч Оюунзул шүү дээ. – Тийм л дээ. Харин одоогоор хохирогчийн мэдүүлэг өгч чадахгүй ой ухаан нь самуурчихаад байгаа болохоор… – Тэр тусмаа. Та хохирогчийн төрсөн эцгийн хувьд түүний өмнөөс Улсын прокурорын газарт, бас Мөрдөн байцаах газарт хохирогчийн цогцос андуурагдсанаас их төөрөгдөл гарч Оюунзулд эрсдэл учирсан гээд бодит байдлыг үнэнээр тусгасан гомдол гарга. Бас гамайг хууль ёсны өмгөөлөгчөөр авах хүсэлтээ гаргаад надад өгчих. Би та нараас нэг ч төгрөг авахгүй. Харин бодит үнэнийг нотлон гаргах болно. – Тэгж болдог бол их сайнсанж. Харин охины ой ухаан гайгүй болж буй энэ үед түүнд өнгөрсөн муу явдлыг санууламгүй байна. – Тэгэлгүй яах вэ? Би түүнийг тайван байлгаж чадна. Саруулын шийдэмгий байдал Балбарт их хүч өгөх шиг болов. Машины зогсоол дээр зогссон таксинаас буусан Саруул болгоомжлох мэт зөөлөн гишгэлсээр дөхөж буйг харсан Тамжид өмнөөс нь угтан гарав. Саруул биеэ хянаж уначихгүйг хичээн маш удаан явж буйг Тамжид мэдэн түүнийг өрөвдөж сэтгэл нь хямран нүдийг нь ус бүрхээд ирэв. – Миний охин таксигаар ирж байгаа юм уу? – Тиймээ. Саруул өөр юм яривал уначих юм шиг санагдаж хадам эхдээ ганц үгээр хариулан өрөөсөн гараас нь
зүүгдэж авав. “Иш чаавас даа. Энэ охин бүр зовж орхилоо. Яадаг ч юм билээ дээ. Хүүгийн араас их шаналж байгаа нь ил байна. Бие нь даанч тааруухан байна даа. Гайгүйхэн бол ганцаараа шаналж байснаас олныхоо дунд явсан нь ч дээр дээ” гэхчилэн бодоход хамрынх нь уг уруу шархирна. – Миний охин ганцаараа явдаг нь яаж байгаа юм бэ? – Би ганцхан өөрийгөө бодоод байж болохгүй нь ээ. Амьдралаа аврах хэрэгтэй байна ш дээ. Саруулын уруул бас өмөлзөх нь өрөвдөлтэй харагдана. Жижиг ууттай бэлэг хоёр хүүхдэд авчирсан нь цүнхнээс нь цухуйна. Ямарч үнээр хамаагүй Дүүрэнгээ гаргаж авах минь гэж бодно. Түүний бодлоор утга нь олдохгүй амьдрал цааш үргэлжлэх нь аймаарч юм гин санагдана… … – Орж болох уу? -Ор. Ор. – Уучлаарай та ахмад Амар уу? Би өмгөөлөгч Саруул. – Та суугаач. Суугаад ярь. – Би хохирогч Оюунзулын өмгөөлөгч. Миний үйлчлүүлэгч биеэ хамгаалах чадваргүй сэтгэцийн хямралтай байгаа учраас түүний өмнөөс би хохирогчийн нэхэмжлэл гаргах болно. – Хохирогчийн нэхэмжлэхээ?
Миний бодсоноор хохирогч Оюунзул эдийн засгийн гэмт хэргийн хохирогч бишсэн. – Харин миний бодож байгаагаар миний үйлчлүүлэгч эргэж нөхөж үл болох олон талын хохирол амссан. Хамгийн наад жишээ нь эдгэх эсэх нь мэдэгдэхгүй сэтгэцийн хямрал, Оюунзулын хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас үүдэлтэй хохирлын хор уршиг их. – Та цагдаагын байгуулагыг хэлж байна уу? – Тиймээ. – Надад энэ үгээ хэлээд би юу өөрчилж чадах юм бэ? Харин наад асуудлаа зохих шатанд нь танилцуулаач! – Санаа зоволтгүй байцаагчаа. Би бүх шатанд энэ асуудлаар хандах болно. Гэмт этгээд баригдаж ирчихээд байхад яагаад та ажиллахгүй байгаа юм бэ? – Би мөрдөн байцаалтын явц тухайлбал хавтас хэргийн нууцыг задруулах

эрхгүй. – Би үүнийг мэднээ. Мөрдөн байцаагч буруу нотолгоо гаргаж, цогцос андуурсанаас Оюунзулын байдал улам хүндэрч тэр энэ их зовлонг хүний газар эдэлсэн. Цогцосноос тайлж авсан Оюунзулын аувцасыг би криминаластик шинжилгээнд өгсөн. Хувцаснаас зарим зүйл тодорсон. Одоо цогцост дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна. Энэ ажил яагаад удаашраад байгаа юм бэ? Энэ таны хийх ажил биш үү?