Home Өгүүллэг “ААВ НЬ ОХИНОО САНААД Л БАЙНА” өгүүллэг “4-р хэсэг”

“ААВ НЬ ОХИНОО САНААД Л БАЙНА” өгүүллэг “4-р хэсэг”

1 min read
0
0
747

Идэр 7 хоногтоо 1-2 удаа охинтойгоо сайн агаагийн дүр төрхөөр уулзаад хэдийнээ 1 сар гаруй хугацааг өнгөрөөчээ. Итгэл ч сайн агаа Идэрт улам ихээр дасаж түүнийг ирэх бүрт баярлаж хөлсөө гартал

тоглон хөгжилдөж цагийг өнгөрөөдөг байв. Заримдаа Идэрийг явуулахгүй гээд хаалга тэгнэн зогсоод огт хөдлөхгүй байх үйлдэл ч гаргана. Яалт ч үгүй охиныхоо гуйлтаар нэгэн шөнө хадам эгчийндээ

хонох болов. Гэтэл Итгэл сайн агаатайгаа хамт унтана гэж орилсоор байгаад ээжийнхээ өврөөс доголон нулимстай Идэрийн өрөөнд орж ирэхэд тэрбээр охиноо аргадах төдийд нүдэндээ хурах нулимстайгаа

инээмсэглэж эрхлэнэ. Охиндоо өөрийн мэдэх бүхий л үлгэрийг ярьж өгсөн боловч охин нь унтах шинж ер алга. Аавынхаа өөдөөс цоо ширтэн хэвтээд үснээс эхлээд хамар ам уруул нүд чихний хонхорхой

бүхнийг тэмтрэн оролдоно. -Агаагийн дүү унтахгүй юм уу? -Миний нойр хүрэхгүй байна аа. Та унт унт. -Өглөө эрт босно шүү дээ миний дүү. Нойр нь хүрэхгүй бол агаа нь чамд нэг тоглоом зааж өгье. Чи хэд

хүртэл тоолж чадах вэ? -Би 1000 хүртэл тоолж чадна. -Тийм бол сайн байна. Чи нүдээ аниад дотроо 1 хонь, 2 хонь, 3-н хонь гээд тоолчих. Өглөө босоод агаадаа хэдэн хонь тоолсоноо хэлээрэй. -Агаа та ч бас тоолчих. 2-лаа хамтдаа тоольё гээд дээш харан нүдээ аниастай амандаа бувтнан хэвтлээ. Итгэл охиныхоо өхөөрдөм дүр төрхийг цонхоор тусах гудамжны гэрэлд харан хэвтэхдээ эцэг байхын жаргалыг амталж охиноо үнэртэхэд өлгийтэй байх үеийн нялх үнэр нь одоо ч үнэртээстэй. Идэрийн нойрон дунд ямар нэг зүйл нүүрэн дээгүүр нь ирвэгнэх шиг болоход нүдээ нээн харвал Итгэл охин эгц дээрээс нь хараад сууж байв. Охины задгай тавьсан үс нүүрийг нь ирвэгнүүлэн байжээ. -Агаа та ямар их хурхирдаг юм бэ? -Тийм байна уу. -Та намайг сургуульд хүргээд өгөөч -Тэгье тэгье гээд Идэрийг

босоход охин нь: -Гоё доо гоё гоё. Ээжээ агаа намайг хүргэж өгнө гэнэ ээ гээд ээж рүүгээ гүйв. Хадам эгч эртлэн босоод өглөөний унд бэлдсэн байлаа. Охин өрөөндөө эмээгээрээ үсээ самнуулан суухад гал тогооны өрөөнд Идэр хадам эгчтэйгээ ийнхүү ярилцана. -Та надаас ямар нэг зүйл нуугаад байгаа бололтой. -Эгч нь чамаас юу ч нуугаагүй ээ. -Итгэлийн яг юу нь өвдсөн юм бэ? -Үгүй ээ нөгөө юу л даа. Би яаж ойлгуулахаа мэдэхгүй байна. -Та тойруулаад байлгүй хэлээч. Би эцэг нь юм болохоор мэдэх эрхтэй биз дээ. -Чиний санааг зовоохгүй гэсэндээ чамд хэлээгүй юмаа. Тэгээд ч одоо эдгэрч байгаа. Охины зүрх нь өвддөг юмаа. -Ээж шигээ гэсэн үг үү? -Тиймээ. Харин ч эрт илрүүлж сайн эмчилгээ хийлгэсэн. Тэгэхээр одоо санаа зовох зүйлгүй ээ. Он гаргаад 1 эмчилгээнд ороод эдгэрчихнэ гэж эмч нь хэлсэн. -Яамай даа. -Идэр цаашид яах бодолтой байна. -Итгэлийг өөр дээрээ авна аа. Дахин

охиноо алдмааргүй байна. -Охин бидэнд дэндүү ихээр… гээд хадам эгчийн үгийг таслан Итгэл орж ирээд: -Агаа би бэлэн болчихлоо. Явах уу? -Миний дүү өглөөний цайгаа уучих. Тэгээд явъя. -Өө тийм ш дээ. Би мартсан байна гээд хүүхдийн гэнэн цайлган өхөөрдөм инээмсэглэл тодруулан сандал дээр суухад охины 2 талаас хадам эгч, Идэр нар санааширан нэгэн зэрэг толгойг нь иллээ. Идэр амьдралдаа анх удаа охиноо сургуульд нь хүргэж өгчихөөд хашаанаас гаран явахад хадам эгч түүнийг машинтайгаа тосон авч тэд олон зүйлийн талаар ярилцлаа. Оны дараа хийгдэх эмчилгээ болоод 1-р ангийг нь төгсгөөд Идэр охиноо өөр дээрээ авах болов. Тэр болтол сайн агаагийн дүр төрхөөр хүссэн үедээ уулзаж болно. Хадам эгч нь тэдэн 2-т хавараас аятайхан хашаа байшин авч өгье гэлээ. Өөрийн гэсэн үр хүүхэдтэй болох тавилангүй хувь заяандаа гоморхон бурхан чөтгөрийг зүхэн

явдаг Болорт олон жил өөрийн төрсөн охин шигээ хайрлан өсгөж ирсэн Итгэлийг ингээд явуулчихна гэхээр л дотор нь харлаж амьдрал нь тэр чигээрээ утгагүй санагдана. Ажил дээрээ ирээд нөхөр лүгээ залгах гэсэн боловч гар утсаа машинд үлдээсэнээ санав. Нарийн бичиг охиноо дуудаж түүний утсаар нөхөр лүгээ залгалаа. -Байна байна гээд жаахан охин утасны цаанаас дуугарлаа. Юу билээ гээд утсаа салгачихав. Би буруу залгасан болов уу гээд дугаарыг дахин харвал яалт ч үгүй Батбазарын дугаар. Бодол санаа нь үймрэн хэцүүхэн байхад энэ бас юу вэ гэсэн шүү зүйл бодож дахин залгаад уур уцаартайхан: -Батбазарт утсаа өгөөч -Та хэн бэ? -Чамд хэн хэрэгтэй юм. Хурдхан шиг өг -Утсаар соёлтой ярих хэрэгтэй шүү -Битгий солиороод бай. Хурдан өг. Би эхнэр нь байна гээд өрөөгөөрөө дүүрэн ориллоо. -Өө яана аа уучлаарай эгчээ. Дарга утсаа орхиод явсан байна. Би очоод яриулъя гээд утсаа тасалчихав. Болорын сэтгэл санаа улам ч ихээр дордож яахаа мэдэхгүй өрөөн дотроо хэдэн тийш зорилгогүй

холхисоор. Утас дуугарлаа. -Батбазар минь юу л хийгээд байна даа. -Хань нь ажил ихтэй байна ш дээ. -Чиний утсыг яахаараа өөр хүн авдаг юм. -Хотоос захиалгат сэлбэгээ авах гээд нярав охинд утсаа орхисон юмаа. -За за тэр яахав. 2-лаа охингүй болох нь. -Чи юу яриад байгаа юм. -Итгэлийг аавд нь өгөх болсон гэх үгийг сонсоод утасны цаана Батбазар хэсэг чимээгүй болов. -Батбазараа байна уу? -Байна аа. Болороо чи юу яриад байгаа юм бэ? Чи тэгээд ганцаарханаа шийдвэр гаргачихаж байгаа юм уу тээ -Дээр чамаас асуухад эцэгт нь өгөхөөс л гээд байсан биз дээ. -Битгий солиор. Чи Идэрийг эцэг нь гээд байгаа юм уу? 6-хан сартай охиноо үл ойшоон гудамжаар архидаж явсан хүн эцэг нь байж чадах уу? Уг нь би хэд хоногоос очих гэж байсан юм. Чамд дуулгах мэдээ ч байна. Намайг очтол охиныг минь тэр хөсрийн архичинтай битгий уулзуулаарай. Би Итгэлийнхээ төлөө бүгдийг хийнэ. Охины эцэг бол би. Эцэг нь би шүү. Өөр хэн ч биш гээд Батбазар утсаа тасаллаа. Тэр нэг шөнө Идэрээс эхнэрт нь ирсэн зурвасыг олж

хараад Идэрийг блок хийсэн хүн Батбазар байжээ. Итгэл охиноо эцэгт нь өгөх шийдвэр гаргасан Болор ажил дээрээ удаан суухыг нэг их хүсэхгүй гэр лүүгээ яарна. Яагаад ч юм бэ охинтойгоо өнгөрөөх хоног бүрийг сүүлчийнх мэтээр төсөөлөн аз жаргал баяр баясалтайгаар өнгөрөөнө. Өрөөнийхөө хаалгийг түгжих гээд мунгинан байхад нарийн бичиг охин: -Захиралаа та хаашаа явах юм. -Би гэр лүгээ явлаа -15:00 цагт архи ундааны гэрээт газраас хүмүүс ирнэ шүү дээ. -Тэр уулзалтыг маргааш өглөөний 09:00 цаг хүртэл хойшлуулчих гээд Болор яаран сандран гарлаа. Гэрийнхээ үүдэнд ирээд хаалгаа онгойлгох гэтэл гэр дотор Итгэл охины цангинасан хөөрхөн инээд баяр баясал сонсогдож хэн нэгэнтэй их л хөгжилтэй байгаа бололтой. Батбазар ирсэн юм болов уу? За даа тэр ч охинтойгоо ингэж тоглодог хүн биш. Тэгэхээр яалт ч үгүй Идэр ирсэн юм байна гэх бодол тээн хаалгаа онгойлгоод орвол коридороор инээлдэн гүйж явсан Итгэл ээжийгээ хараад: -Ээжээ. Аав ирсэн гээд цаад өрөө рүүгээ гүйгээд

орчихлоо. Аав гэнэ үү! Идэр охиндоо үнэнийг хэлсэн дэг шүү. Яаж байгаа юм бэ. Арай л түргэдээд байх шигээ гээд айдастайхан жижиг өрөө рүү гэтэн гэтэн очвол Идэр биш Батбазар охинтойгоо тоглож байх нь тэр. -Миний хань ирчихэв үү? Алив нааш ир ханийгаа зөндөө санасан байна гээд уруул дээр нь үнсээд: -Чам руу залгая гэж бодож байлаа. Охинтойгоо тоглоод залгах завдал гарсангүй. 3-лаа өнөөдөр кино театр орж хүүхэлдэй үзнэ ээ гээд орилоход Итгэлийн баярлаж байгаа гэж жигтэйхэн. Болор ч мөн адил баярлаж аав охин 2-ыг хувцасаа хурдан өмсөхийг шавдуулна. -Эмээ бас бидэнтэй явж болно биз дээ гэвэл аав нь: -Бололгүй яахав дээ. Ээж хувцасаа өмсөөрэй гэхэд хөгшин настай хүний баярлаж байгаа нь бөөн эгдүү. Үүдэн хэсэгт 4-лээ багтаж ядан гадуур хувцасаа өмсөж байхад Итгэл охин ээжийгээ дуудаад чихэнд нь хавь ойр буй бусдад сонсогдох төдий: -Та агаа руу

залгаад хэлчих. Хамт кино үзье гээд шивнэхэд Болор юу хэлэхээ мэдэхгүй гайхширан Батбазар луу харвал охины аав доош тонгойн Итгэлийн хамрыг чимхэлэн: -Агаа нь бүүр холоо явсан. Нэг хэсэгтээ ирэхгүй гэж хэлсэн. Намайг чамд хэлээрэй гэснийг аав нь мартсан байна ш дээ. -Бүүр холоо гэж хаана байдаг юм -Аав нь охиндоо юу гэж ойлгуулах вэ байз. Аан тийм Америк явсан. -Агаа Америк гэж яриад байсан. Гэхдээ явна гэдгээ яагаад надад хэлээгүй юм бол гээд гайхас хийн нэг цэг рүү төвлөрөн хараад хэсэг бодлогоширон зогсов. -Миний охин хурдлаарай. Тэгэхгүй бол хүүхэлдэйн киноноос хоцрох нь байна шүү гэж Болор хэлсэнээр бүгд инээлдэж хөгжилдөн гарцгаалаа. Өдөр кино театрт хүүхэлдэй үзээд оройжин тоглож гүйсэн Итгэл ядарсандаа эртхэн унтаад өгөв. Охиноо унтуулсан Болор усанд орчих санаатай өрөөнөөсөө ойр зуурын хэрэгтэй зүйлээ авах гээд ортол Батбазар орныхоо өмнө жижигхэн ширээ засаад лаа асааж дарс тавьчихсан их

л чухал сууж байх нь тэр. -Миний хань суучих. Ярилцах зүйл байна гээд цаанаа л нэг гунигтайхан хэлэхэд Болор эр нөхрийнхөө байр байдлыг хараад ямар нэгэн баяр ёслолын зүйл биш болохыг гадарлав. Болорыг айдастайхан ирээд суухад нөхөр нь түүнд дарс хундагалан өгөөд сайн сайханы төлөө гэж тулгаад шууд л хөнтөрчихлөө. -Миний хань уучих уучих гэж шавдуулсаар хундага ширээнд тавих завдал өгөлгүй дуустал нь уулгачихлаа. Дахин дарснаасаа дүүртэл нь хундагалаад Батбазар: -Чи бид 2 гэрлээд 10 гаран жил болчихлоо. Энэ хугацаанд 2-лаа хөөрхөн охинтой болсон. Итгэлийг би хэзээ ч хүний хүүхэд гэж бодож яваагүй. Охин маань чи бидэн 2-ын амьдралын утга учир. Урьд жилүүдэд амьдралаа аятайхан болгочих гээд охиндоо цаг зав гаргаж чадахгүй явсан маань миний алдаа байжээ. Сүүлдээ ч уул уурхай гэж ашиггүй зүйлийн хойноос нойр хоолгүй явсаар хайрт чамаасаа ч хөндийрчихсөн байна. Хайр нь дахиж гэрээсээ хол явахгүй ээ. Үргэлж та 2-ынхоо дэргэд байх болно гээд чин сэтгэлээсээ алдаагаа

ухамсарлан ярих эр нөхрийнхөө үгэнд уярч суухдаа Болор одоо л нэг элэг бүтэн сайхан амьдрах гэж буйдаа туйлаас их баярлаж байлаа. Гэхдээ л түүний сэтгэлд хөнгөн гуниг байсан нь яаран сандран охиноо Идэрт өгнө гээд хэлсэн үгэндээ харамсан сууна. -Өөрийгөө яая даа гэсэн хүнд охиноо өгчихөөд хожим харамсаж суухыг чи хүсээгүй биз дээ. Охин маань дутаж гачигдах зүйлгүй сайн сайхан амьдрах учиртай. Хувь тавилан нь тийм. Гэтэл чи охиноо зовлон руу явуулах гээд байна. Тэгээд ч чиний төрсөн дүүгийн хүүхэд. Чи бидний мах цусны тасархай гэдгийг сайн ойлгоорой гэх мэтийн хатуу үг хэлсээр Болорын санаа бодлыг нөхөр нь эргүүлж чадлаа. Тэд маргаашнаас шууд л шинэ байр хайж нүүдэл суудал хийх ажилдаа яаравчилан орцгоов. Нүүх болсон шалтгаан нь Идэр, Итгэл 2-ыг дахин уулзуулахгүй байх. Идэр ажилаа тараад үйлдвэрийн хашаан дотор алхаж явтал түүний нүдийг нэг жижигхэн гар араас нь таглаад: -Хэн байна таагаарай -Сувдаа л байна ш дээ гэхэд Идэрийн нүдийг дарсан

гараа татаж аваад Сувдаа зэрэгцэн алхаж гомдонгуй: -Урамгүй юмаа. Хэн бэ хэн бэ гээд жаахан тоглож болмоор юм -Энэ үйлдвэрт чамаас өөр дотно хүн надад байхгүй шүү дээ. -За тийм дээ тийм. Ингэхэд чи яагаад дандаа алхаж байдаг юм. -Алхах эрүүл мэндэд сайн -Өө мартсан байна. 11 сарын шилдэг ажилтанаар шалгарсанд баяр хүргэе гэхэд Идэр гайхан: -Хэн би юу даа -Тиймээ тийм энд чи бид 2-оос өөр хэн байгаа юм. -Баярлалаа. -Маргаашын хурал дээр шагналын 250.000 төгрөг өгөх байх. Тэр мөнгөөрөө юу хийх гэж байна даа залуу минь гэвэл Идэр их л нухацтай зүйл бодож байгаа бололтой хэсэг чимээгүй байсанаа: -Охиндоо үнсгэлжингийн цав цагаан даашинз авч өгнө өө. Ийм сайхан мэдээ дуулгасан чамайг хоолоор дайлъя гэхэд Сувдаа дуртайн аргагүй толгой дохин хамт алхлаа. Хоол идэнгээ их л зүйл ярьцгаав. Идэрийн охинд даашинз сонгоход нь Сувдаа туслахаас гадна хамтдаа охин дээр очихоор боллоо. Итгэлийн зургуудыг Сувдаад үзүүлчих гээд хадам эгчийнхээ фб руу орох гэтэл Идэрийг дахиад

блоклосон байв. Сувдаагийн фб руу ороод хадам эгчийн нэрээр хайгаад ч гарч ирсэнгүй. Шинэхэн байранд нүүж ирсэн Батбазарын гэр бүл элэг бүтэн аз жаргал баяр баясалтай өдрийг өнгөрөөнө. Болорын утас зогсоо зайгүй дуугарсанаас болж утасныхаа дууг хаажээ. Тэр бол Идэрээс ирэх дуудлага. Утсаа унтраах гэхээр нөхөр нь яах юм бэ гэнэ. Үдээс хойш гараад дугаараа сольчих гэв. Төд удалгүй нөхөр нь түүний утсыг барьсаар ирээд чихэнд нь: -Охины эмч залгаад байна. Цаад өрөөндөө ороод ярьчих. Болор өрөөнд ороод утсаа авбал өнөөх эмч: -Та нар эмнэлэг дээр яаралтай ирэх хэрэгтэй байна. Цаг хугацаа алдаж болохгүй. Охины шинжилгээний хариу давтангаар их тааруу

гарлаа гэхийг сонсоод Болор итгэж ядан: -Та юу яриад байгаа юм бэ? Хэдхэн хоногийн өмнө зүгээр л гээд байсан биз дээ гэтэл одоо юу яриад байгаа юм. -Одоо бидэнд ингэж суух цаг алга. Охины тань зүрх их муу байна. Хурдан ир. Цаг алдмааргүй байна гээд эмч утсаа салгалаа. -Батбазараа гээд орилсоор очиход ээжийнхээ уйлсаныг хараад Итгэл гайхаж даган уйлчих гээд нүд нь бүлтэлзэн бүлтэлзэн зогсоно. 4-р хэсэг төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…