Home Өгүүллэг “ААВ НЬ ОХИНОО САНААД Л БАЙНА” өгүүллэг “3-р хэсэг”

“ААВ НЬ ОХИНОО САНААД Л БАЙНА” өгүүллэг “3-р хэсэг”

46 second read
0
0
350

Хадам эгч Болор нь Идэрээс ирсэн чаатыг уншсан эсэхээ ч санахгүй байв. Магадгүй өчигдөр нэгэн том баяр дээр очоод уусан зүйлдээ нэлээн согтож болчимгүй үйлдэл гаргасан байж болох юм. Гэхдээ л

блок хийх хэмжээний үйлдэл гаргамгүй юм гээд өөртөө итгэж ядан блокны хогийн савнаас Идэрийн фб хаягийг гаргалаа. Анх удаа охинтойгоо уулзах гэж байгаа Идэрийн хамаг бие салгалан чичирч

байж ядан зогсоно. Охиныхоо юунд дуртайг мэдэхгүй тул хадам эгчээсээ зөвлөгөө аван Итгэлийн дуртай амттан болоод тоглоомыг дэлгүүрээс аван хадам эгчийн гэрийг зорив. -Охин нь их жаахан. Тийм

болохоор одоохондоо өөрийгөө аав нь гээд танилцуулж болохгүй шүү. Хэдүүлээ хэн хэнийхээ байр байдлыг ажья. Тэгэж байгаад дахин нэг өөр шийдвэрт хүрцгээе гэх хадамын үгийг нэг бүрчлэн дагах болов.

Хаалга онгойлгоод орох тэрхэн агшинд -Ээжээ ээжээ гэх охины цовоо сэргэлэн цээлхэн дуу хоолой сонсогдоход Идэрийн хамаг биений судасаар гүйх цусны халуун мэдрэгдэх шиг болж тэрүүхэн тэнд бүхий

л бие нь чимчигнэн чичирч байлаа. Мөрөө давсан тас хар үсээ задгайлан тавиад намируулан гүйж ирээд охин ээжийгээ тэврэн авав. Идэрийн зүүдэнд ирсэн охин нь яг дүрээрээ… -Ээжээ өнөөдөр би К үсэг заалгасан. Одоо 8-н үсэг заалгачихвал бүх үсэг дууслаа гэж багш хэлсэн гээд охин ээжтэйгээ ярилцан байхдаа Идэр лүү үе үе харц илгээж байв. Хадам эгч охиноо газарт буулган гараас нь хөтлөөстэй: -Миний охин танилцаарай. Ээжийнх нь төрсөн дүү. Миний охины нагац ах нь гэхэд охин ичингүйрэн жаахан аальгүйхэн инээмсэглээд амаа дарсанаа: -Намайг Итгэл гэдэг Зүүдэндээ л хараад байсан охин үрээ бодитоор харсан Идэрт бүх л зүйл сайхан санагдаж охиноо дахин хэзээ ч алдахааргүй чангаас чанга тэвэрмээр санагдаж өөрийн эдлэн буй энэхэн жаргалдаа бялхан аз жаргалтай гэгч инээмсэглэнэ. -Намайг

Идэр гэдэг. Миний охин наашир аа.. аа.. аав нь гэсэнээ ингэж болохгүй ш дээ хэмээн гэнэт санаж сая хэлсэн үгнүүдээ бүгдийг буцаан залгиж шуудхан л: -Миний дүү ахдаа хүрээд ир. Ах нь үнсье гээд Итгэлийн зөөлхөн 2 хацрыг энхрийлэн үнсэхэд болчимгүй үг унагах гэж байсан үйлдэлд нь санаа зовон зогссон хадам эгч сая нэг тайвширан буй бололтой нэг гараараа цээжээ даран уртаар санаа алдлаа. -Итгэлээ миний дүү ах нь чамд бэлэгтэй ирсэн гээд өөрийн авчирсан бүхнээ охиндоо өгөв. Идэрийн авчирсан бэлэг сэлтийг дааж ядан өргөсөөр цаад өрөө рүүгээ ороход Идэр хадам эгчийгээ даган зочины өрөөнд тухлан суулаа. -Эгч нь чамд хурдхан шиг хоол хийж өгье. Миний дүү яараагүй биз дээ. -Өө үгүй үгүй юунд яарах билээ дээ. -Охин маань энэ жил сургуульд орсон. Би гэж хүн өдөржин завгүй ажиллах юм. Манай

хүн уул уурхайн бизнес хийгээд бараг гэртээ үзэгдэхгүй. Өчигдөр оройхон ирээд өнөө өглөө эрт яваад өгсөн. Манай хадам ээж Итгэлийг сургуульд хүргэж өгч авдаг. Энэ 2 маань л өдрийг хамтдаа өнгөрүүлэх юм гээд ярьж байтал Итгэл гүйн орж ирээд: -Агаа агаа та миний дуртай юмнуудыг яаж мэдсэн юм бэ? Дандаа гоё юм байна. Баярлалаа агаа гээд задгай тавьсан үсээ 2 гараараа хойш засан чихнийхээ араар оруулан эргэх тэр л мөч талийгаач хань ижилтэй нь усны дусал шиг ижилхэн харагдана. Нэг их удалгүй Итгэл дахин өрөөнд орж ирээд Идэрийг агаа агаа гэсээр гараас нь хөтлөн жижиг өрөө рүү дагуулан ороод авчирч өгсөн тоглоомоор нь хамт тоглохыг хүслээ. Идэр охинтойгоо тоглох үнэхээр сайхан байв. Аав охин 2 дураараа инээн

хөгжилдөж бие бие рүүгээ энхрий зөөлхөн харц шидэлцэнэ. Тэдний аз жаргалтай хором бүрийг ажиглан суусан Итгэлийн эмээ: -Миний хүү чи их буянтай хүү бололтой. Манай Итгэл аавтайгаа ч ингэж тоглодоггүй хүүхэд юм шүү дээ. Итгэл миний охин сайн тоглоод ав гэхэд аав охин үргэлжлүүлэн тоглолоо. Итгэл тоглоомоо бүгдийг нь газраар дүүрэн асгаад тоглоом болгоноо нэг нэгэнгүй тайлбарлаж өгөв. Энийг ээж, энийг аав, энийг эмээ авч өгсөн гээд… -Агаа та надтай ямар ижилхэн инээдэг юм бэ гээд Итгэлийг хэлэхэд Идэр: -Тийм байна уу гэж хэлэв үү үгүй юу нүднээс нь нулимс бөмбөрөн уначихав. Орж ирсэнээсээ хойш тэвчин тэвчин дотогшоо залгин байсан нулимсаа энэ удаа барьж дийлсэнгүй. -Агаа та яасан бэ гээд өөр лүү нь цоо ширтэх бяцхан охиндоо нулимсаа үзүүлэхгүй гэсэндээ гарынхаа алгаар 2 нүдээ даран нууж: -Агаа нь сая хуруугаа нүд рүү оруулчихлаа гээд

усны өрөө рүү орж нүүрээ угаав. Тэгэхэд нь хүртэл бяцхан охин хойноос нь даган орж: -Агаа их өвдсөн үү? Одоо яаж байна гээд халамжилан асуухад нь бүүр ч ихээр нулимс нь асгарахын хэрээр цоргоноос гоожих хүйтэн усны даралтыг нэмэн байж нүүрээ шалба норгон сааралтсан хоолойгоор: -Одоо зүгээр дээ санаа зоволтгүй. Ээж нь дуудаад байх шиг байна гэхэд охин цааш эргэн: -Ээжээ гэсээр усны өрөөнөөс гарав. Идэр усны өрөөний хаалгийг түгжин нуруугаараа хана даган гулсаж эхэр татан уйллаа. Охинтойгоо тоглосон цаг мөч яасан ч хурдан өнгөрчихөв. Хэдийн 3,4-н цаг өнгөрчээ. Идэрийг явахад Итгэл охин өрөөнөөсөө хавтастай зүйл авчирсанаа тэндээс нэгийг сугалан: -Агаа танд би энийг өгье. Та гэртээ очоод гоё будаад дараа ирэхдээ надад авчирч өгөөрэй гээд хүүхдийн буддаг зураг өгөв. -За

тэгье тэгье. Ах нь дараа ирэхдээ гоёор будаад ирье гэвэл охин: -Баяртай гээд шууд эргэлээ. Охинтойгоо уулзсан түүний сэтгэл дотор бөглөрөн байсан бүхэн юу ч үгүй алга болж лифтээр биш 10 давхараас доош шатаар аз жаргалтайхан дуу аялан буув. Орцноос гараад ах эгч рүүгээ хөөр баяртайхан залгаж охины зургийг тэдний хувь чаат руу нь илгээвэл ах, эгч нарын баярлаж байгаа гэж жигтэйхэн. Ээжийгээ тэр чигт нь дуурайчихсан юм байна ш дээ. Миний дүүгийн юуг дуурайсан юм бол гэхэд хамтдаа инээмсэглэн хөгжилдөж байсан зургийг илгээвэл… -Еэ хөөрхий дөө. Яг аав байна шүү. Миний дүү ийм сайхан охинтой тул алдах эрхгүй сайн сайхан амьдрах учиртай юм шүү гээд ах, эгч нар нь захиас захив. Гэр лүгээ яаран явахыг хүссэнгүй олон сайхан бодол тээж ирээдүйгээ гэгээлэгээр төсөөлөн мөрөөдөж алхсаар…. Дахиад охинтойгоо уулзана гэхээр л нойр нь хулжиж

шөнөжингөө хөрвөөн хэвтсээр ажилдаа ирлээ. -Амжилттай юу гээд мэндийн зөрүүгүй Сувдааг асуухад Идэр эрхий хуруугаа гозойлгон нүдээ ирмээд бахдалтайхан инээмсэглэхэд Сувдаа: -Ашгүй дээ гээд уртаар амьсгалаа гарган Идэрийн адил инээмсэглэн аз жаргалтай гэгч харцаар түүн рүү ширтэв. Батбазар энэ жил 34 настай. Тэрбээр өөрөөсөө 10 насаар дүү нялх амрагтайгаа танилцаад 6-н сар болжээ. Өөрийнх нь хариуцдаг уурхай дээр хүний нөөцийн түр орон дээр ирсэн жаахан охиныг зуны халуун нар, аадар бороо салхинаас халамжилан хамгаалсаар нэг л мэдэхэд хайр сэтгэлийн холбоотой болсон ажээ. Сум аймгийн төв рүү албан ажилаар яваад ирэх бүртээ нялх амрагтаа амттай сайхан бүхнийг хэд хэдэн тор дүүрэн авчирдаг бөгөөд халуухан шинэхэн хосууд бие биенээ хачин ихээр санаж гал халуунаар уулзан шөнөжин нойргүй хононо. Бусад өдрүүдийн адил

Батбазар энэ удаа сум аймгийн төв биш улсын нийслэл орж ирсэн болохоор хайрт бүсгүйдээ нүнжигтэйхэн том бэлэг болгож брэндийн гоёхон гутал авчирчээ. Уурхайн даргын өрөөнд тэднээс өөр хэн ч орж зүрхлэхгүй бөгөөд тэд өргөн том орон дээр нялууран бие биесээ эрхлүүлэн аз жаргалтай байхад нялх амраг нь: -Чинийхээ бэлэг бүхэнд би нь ханаж цадахгүй нь. Миний шунал улам л ихсээд байх юм кккк гээд аальгүйтэн хөхрөн инээхэд Батбазар түүн рүү хошуугаа цорвойлгон дөхөж очоод: -Миний хонгор өөр юу хүсмээр байна. Хайр нь чамд авч өгөхөд бэлэн. Би чиний хүсэл биелүүлэгч бирд байна гэхэд Батбазарын цорвойсон уруул дээр долоовор хуруугаараа даран чимээгүй байхыг тушааж эхээс төрсөн чармай нүцгэн гоёхон биеэрээ бүтэн эргэн өлмий дээрээ гүйсээр толины урдах ширээний нүднээс гонзгой урт гоёмсог боосон зүйл түүний нүдэн дээр бариад: -Хайр нь

хотод том хаусанд гүнж шиг амьдармаар байна. Бас тэр хаус ийм том байх хэрэгтэй гээд 2 гарныхаа уртын хэмжээг тултал бөөрөнхийлж үзүүлээд хошуугаа унжуулан эрхлэхэд: -Тун удахгүй тийм байшинтай болно. -Удахгүй гэж яг хэзээ юм гээд гоёмсог боодолтой зүйлээ ардаа нуун эрхлэн асуухад Батбазар толгойгоо маажин тааз руу ширтэн байсанаа: -Уурхай маань 1 жилийн дараа ашигаа өгч эхэлнэ. Тэгэхээр жил хагасын дараа юм байна гэвэл нялх амраг боодолтой зүйлээ түүнд өгөөд: -Хайрт хонгор минь 1 жил хагас биш ирэх хавар гэхэд тийм хаустай болох хэрэгтэй болж дээ гээд Батбазарын араар дэгдэн орж хүзүүгээр нь тэврээд: -Миний хонгор наадахаа задлаад үз дээ… Батбазар уг боодолтой зүйлийг задлан байхдаа нүдний шил үзэг балны юм бодож нэг их яаралгүй задалтал 2 улаан зураастай

жирэмсэний тест байх нь тэр. 10 гаран жил ханилсан ханиасаа өөрийн гэсэн үр хүүхэдтэй бололгүй өдий хүртэл явсан Батбазар өөртөө итгэж өгөхгүй байв. Үр хүүхэдтэй болохгүй байгаа шалтгааныг өөртөө тохон ирсэн тэрбээр ийм мэдээ сонсоод баярлахын дээдээр баярлаж нулимс дуслуулан нялх амраг лугаа харан: -Энэ үнэхээр үнэн гэж үү? Би ингээд аав болох юм уу? -Тиймээ чи аав болсон. Одоо эцгийн хариуцлагаа үүрч хүүхэд бидэн 2-тоо ирэх хавар гэхэд толгой хоргодох орон сууцтай болгох хэрэгтэй байна даа. -Бидэн 2 биш 3-лаа хамтдаа байх байр гээч -Чи эхнэр охин 2-оо орхиод бид 2 дээр ирлээ юу гээд хөхрөн инээхэд нялх амрагийнх нь инээд Батбазарын хор шарыг хөдөлгөж орхив. Шүдээ зуун: -Тэр охин минийх биш гэдгийг чи мэдэж л байгаа шүү дээ. Харин би өөрийнхөө хүүхдэд эцэг шиг эцэг байх болно. Чи харж л байгаарай. Батбазар олон жил хүсэж мөрөөдөж

явсан өөрийн гэсэн үр хүүхэдтэй болж буйдаа туйлын их баярлаж ажил дээр чанга хатуу байдаг удирдах дээд тушаалын хүн хачин сайхан зөөлөн ааш гарган таарсан болгонтойгоо аядуу зөөлхөнөөр харьцаж явна. Даргаа ийм байхыг огт хараагүй хүмүүс түүний энэ байдалыг нялх амрагтай нь холбон жиг жуг хийн ярилцана. Хүүхэдтэй болохгүй байсан шалтгаанаа олох гэж эхнэртээ мэдэгдэхгүй ганцаарханаа эмнэлэг орон шинжилгээ өгөхөд хариу нь өөрийнх нь эсрэг гарсан ажээ. Энэ талаар хэнд ч хэлэхгүй олон жил нууж явсан түүний хувьд өчигдрийн гайхалтай мэдээг дуулаад хөл нь газар хүрэхгүй баяр хөөртэй алхаж яваа нь энэ. -Эмнэлгийн шинжилгээний хариу худал гарсан эсвэл миний ууж хэрэглэж ирсэн эмний ид шид гарчихлаа. Харин энэ 2-тоо яаж байр авч өгөх вэ??? Уул уурхайн эргэлтийн мөнгө дуусаж байдаг. Банкны зээл дээд хязгаартаа тулсан.

Уурхай ашигаа 1 жил гарны дараа өгөх гээд байдаг. Уурхайгаа зараад энгийн сайхан амьдардаг ч юм уу? Эд хөрөнгөгүй үлдчихээр залуухан хайр маань үр хүүхдийг минь аваад явчих юм болов уу!!! яая даа байз хэмээн Батбазар ажлынхаа өрөөнд толгойгоо базлан бодолд дарагдан байхад утас нь дуугарав. -Байна байна -Миний хань ажил нь дажгүй юу? -Ажилаас их юм алга даа. -Би охиныхоо эмчтэй уулзаад гарч ирлээ. Охины зүрх гайгүй гэнэ. Он гаргаад төлөвлөгөөт эмчилгээндээ 21 хоног хэвтэж эмчлүүлбэл цаашдаа дажгүй гэнэ ээ. -Ашгүй дээ. -Чамд хэд хоногоор гэр орондоо амрах завдал гарах нь уу? -Тэр худал байхаа. -Сониноос өчигдөр охины аав Идэр ирээд явсан. Охин зөнгөөрөө аавыгаа мэдрээд байх шигээ. Аавтайгаа тоглоод их л амархан дотносох шиг болсон. -Аав нь охиноо авъя гэнэ үү? -Яг ч тийм зүйл тодорхой ярьсангүй. Гэхдээ л дотроо тийм зүйл бодож л яваа байх даа. Охиноо

авъя гэвэл чи яах вэ? -Төрсөн эцэг нь үр хүүхдээ авъя гэвэл өгөхөөс өөр яах билээ. -Би өгмөөргүй л байна. За тэгээд юу болохыг цаг хугацаа харуулах биз дээ. Би ч тэгээд эр нөхөргүй ганц бие бүсгүй шиг л явах юм. Ер нь тэгээд юу дутлаа гэж хөдөө хээр баахан мөнгө төгрөг гарздан байж байдаг юм бэ дээ чи минь. Дэлгүүрийн бизнес бидэнд хангалттай л санагдах юм. Наад уул уурхайгаас чинь ашиг хэзээ ч орж ирэх юм бүү мэд. Охиныхоо эмчтэй яриарай. Танай эмч найз миний мэдэхгүй баахан гадаад нэршилтэй онош монош яриад байна лээ. Чи намайг бодвол дээд сургууль төгсөж 2,3-н гадаад хэл мэддэгээрээ учрыг олно биз гээд Болор утсаа уур уцаартайхан таслаж орхилоо. Идэрийг ажилаасаа гарч ирэхэд гадаа анхны цас будран хаялж байлаа. Том том ширхэгтэй цасыг алгаараа тосон алхаж байтал Идэрээ гэх дуу хойно сонсогдлоо. Хойш эргэн харвал өвдөгөө давсан урт нарийнхан пальто

өмсөөд энгэрийг нь задгай тавьж ханцуйнаасаа нэг хуруутай цав цагаан зузаан бээлий санжигнуулсаар Сувдаа гүйн ирээд: -Ямар сайхан орой вэ? -Харин тийм байна. -Охинтойгоо уулзах ямар байсан бэ? -Үгээр илэрхийлэхийн аргагүй үнэхээр сайхан байсан. Гайхмаар нь охин намайг мэдрээд байх шиг санагдсан. -Аргагүй шүү дээ. Чиний охин юм чинь. 2-лаа ийм сайхан зүйлийг тэмдэглэе. -Гэхдээ би ууж гээд Идэрийг гацангуй зогсоход Сувдаа түүнийг сугадан аваад: -Чамайг градустай юм ууж болохгүй гэдгийг би мэднэ. Тэгээд ч тийм

зүйлгүйгээр тэмдэглэж болдог юм. Би чамайг гоё хоолоор дайлъя гэсээр цааш дагуулан явлаа. Үйлдвэрийн хашааны гадна Сувдаагийн машин байсан хэдий ч тэрбээр машиндаа сууж явахыг хүссэнгүй. Цас зөөлөн хаялсан үдшээр Идэртэй дурсамж яриа дэлгэн явахыг хүсчээ. 3-р хэсэг төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…