
Архинаас гарах эмчилгээгээ дуусгасан өдөр Идэрийн ах, эгч 2 түүнийг эмнэлгийн үүднээс тосон аваад ах нь: -Миний дүү нэг л зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Чи бид нар бүгдээрээ л эцэг эхээ эрт алдсан хүмүүс.
Гэлээ гээд бид нар сэтгэлээр унаж амьдралд сөхөрсөнгүй. Амьдралд 3-н зовлон байдаг. Өсөхийн цагт эцэг, эхээ алдахын зовлон, өөдлөхийн цагт хань ижилээ алдахын зовлон, өтлөхийн цагт үр хүүхэдээ
алдахын зовлон байдаг юм. Миний дүү 2 зовлонг биеэрээ туулсаныг чинь ах нь мэднэ ээ. Тиймдээ ч эхэндээ чиний зовлонг ойлгож дураар чинь орхисон нь бидний буруу байжээ. Одоо миний дүү дахин архи
бүү уугаарай. Өнгөрсөн 5-н жилд эгч бид 2-ынх нь зүрх зүсэгдэж сэтгэл сэмэрч явсан. Харин одоо нуруун дээр байсан том ачаа алга болсон мэт сайхан байна. 3-лаа алдахгүй ээ гээд 2 дүүгээ тэврэн авлаа. Ах, эгч
нарын хоорондоо ярьж тохирсон зүйл байжээ. Идэрийг эмчилгээгээ хийлгэсэний дараа сум руу явуулахгүй бөгөөд эс тэгвэл дахиад л өнөөх журмын нөхөдтэйгөө нийлэхээс сэргийлэв. Хотод аятайхан түрээсийн

байранд оруулж ойр зуурын хэрэглээг нь бэлдэж өгөөд танилын хүрээгээ ашиглан гайгүйхэн цалинтай ажилд оруулж өгөх төлөвлөгөө. Төлөвлөсөний дагуу бүх зүйл боллоо. Идэр ч сэтгэл хангалуун байв. Харин шинэхэн ажилдаа 7 хоногын дараа орох тул ойр зуурын хэрэглээний мөнгө ах, эгчээсээ аван Дархан хотын зүг бяцхан охинтойгоо 5-н жилийн дараа уулзахаар сэтгэл догдлон аян замдаа гарлаа. Ах, эгч нь өөрсдөө уулзах гэж байгаа мэт Идэрийн адил догдолж түүнд үнэтэй чамин тансаг гоёхон хослол, зузаан хүрэм авч өгөн гоо сайханд оруулан үргэлж архи үнэртүүлж явсан хүнийг танигдахын аргагүй болтол өөрчлөн Дархан хот явах галт тэргэнд суулгаж өөрсдөө Сайншандын галт тэргэнд суун явцгаав. Хэдхэн хоногын өмнө галт тэрэгний дүнгэнэх дуу уйтгартайхан хөгжимийн хэмнэл шиг сонсогдож байсан бол энэ удаа дүнгэнэх дуу чимээ цэрэг эрсийн жагсаалын сүрдэм хөгжим шиг сонсогдож охин руугаа яарах Идэрийн зүрхэнд гал цог асан дүрэлцэж байв. Өдрийн турш суудал
дээрээ 5-н минут ч тогтвортой сууж чадсангүй. Галт тэрэг Дархан луу ойртох тусам хурд нь саараад ч байгаа юм шиг санагдаж галт тэрэгнээс үсрэн буугаад гүйчихмээр тийм ихээр яаран байлаа. Замын турш л охинтойгоо уулзаж буйгаа төсөөлөн бодолдоо хэдэн янзаар зураглана. Түүндээ баясан ганцаарханаа инээмсэглэхэд хавь ойр суух хүмүүс Идэрээс жаахан зай барина. Галт тэрэг Дарханд ирж зогсоход хамгийн түрүүнд бууж ирээд вокзалын хойно байх тоглоомын дэлгүүрээс чихмэл тоглоом амттан авч боолгоод цээж тэнэгэр баяр баясалтайхан хадам эгчийнхээ гэрийг зүглэв. Байрны гадаа ирэхэд хуучины сайхан дурсамжууд кино шиг харагдах нь тэр. Талийгаачтайгаа анх болзож байсан саравч. Хамтдаа суун ярилцаж байсан сандал гээд бүх зүйл яг л хуучинаараа. 4-н давхарын урт тагттай цонх. Гарын алганы дайны хийморийн тод цэнхэр дарцаг нар бороо салхинд гандаж цагаан цэнхэр болсоныг эс тооцвол бүх зүйл яг л хэвээрээ. Орцоор орон алхахад сэтгэлд дулаахан дотно сайхан мэдрэмж. Ханыг тэмтрэн илсээр 4-н давхарт ирлээ. Хүний гар хүрэмгүй цагаан шохойн ханан дээр бидний хайр мөнхөд бадраг
И+Х=хамтдаа гэж бичсэн үгс бүдгэрэн уншигдахын аргагүй болжээ. Тухайн үед хайртыгаа мөрөн дээрээ гаргаад бичүүлж билээ. Яг л тэр үе рүүгээ эргээд очсон мэт догдолж хацар даган урсах нулимсаа арчиж жаахан тайвширан байж хадам эгчийнхээ хаалгыг тогшлоо. Хариу байсангүй. Нэлээн удаан тогшив. Гэрт хүнгүй байгаа нь тодорхой. Орцны цонхоор гадаа хэдийн бүрэнхий болжээ. Удахгүй ирэх байх гээд хаалганы дээд талын шатан дээр суугаад хүлээв. Шөнөжин хүлээж өглөөтэй золгосон Идэр яахаа сайн мэдэхгүй хий дэмий л холхино. Дахиад л эгчээс нь дуудлага ирлээ. Өчигдрөөс хойш л ах, эгч 2 нь ээлж дараалан залгаад байгаа нь Идэрээс дутахгүй догдлон байгаа нь тэр. Гэвч эдгээр хүмүүсийн төсөөлөн байх аав охины гэгээн сайхан учрал хүлээлт үүсгэнэ. Ашгүй хажуу талын хаалганаас нэгэн эгч гарч ирлээ. 6, 7-н жилийн өмнө хайрт ханьтайгаа танилцаад шөнөжин энэ орцонд болзож байхад үе үе дэргэдүүр нь зөрөн өнгөрдөг байсан эгч. Урьд нь харж байсан болохоор ч тэр үү танил дотны хүнтэйгээ таарсан мэт баярлан догдолж: -Эгчээ сайн байна уу? Та ажилдаа явж байна уу? -Сайн сайн. Чи чинь хэн билээ гээд Идэрийг их л сонжингуй
харлаа. -Би нөгөө. Нө…. нөг.. нөгөө гээд ээрэн байж өөрийгөө яг юу гэж танилцуулах учраа олохгүй будлин байсанаа ханан дээрх бүдэгхэн бичээс рүү заан байж: -Та энэ бичгийг санаж байна уу? Бичигний эзэн байна гэвэл эгч хэсэгхэн хугацаанд чимээгүйхэн бодолд автсанаа Идэр лүү дахин гүн гүнзгий ширтэв. Тухайн үеийн сайхан бие хаатай, өөгүй цэвэрхэн царайтай Идэр биш болсон шүү дээ. Хоолтой хоолгүй олон сар жилээр архи хэмээх хортой нөхөрлөсөн түүнд туранхай бие, хорчийсон хар царай үлдэнэ. Тиймдээ ч өнөөх эгч таньж ядан: -Манай орцны дурлалт хосын нэг мөн үү? -Тиймээ. Идэр байна гэхэд эгчийн царайнд гуниг харууслын дүр зураг тодрон харцаа үл ялиг доошлуулан: -Хөөрхий дөө. Эгч нь маш их харамсдаг. Хааяа та 2-т муухай ааш гарган орцноос хөөж байсандаа харамсдаг юм шүү. Талийгаач маань сайхан охин байсан гээд санаа алдав. -Эгчээ зүгээр дээ. Би охин дээрээ… гэтэл үгийг нь таслан өнөөх эгч баяр бахдалтайхан гэгчээр: -Танай охин чинь их хөөрхөн. Насандаа баймгүй цовоо сэргэлэн. Яг л ээж шигээ гэхэд Идэрийн харц гэрэлтэж ирээд: -Тийм юм уу? Би охиноо огт харалгүй 5-н жил болсон. -Ээ
хөөрхий дөө. Би ч сүүлийн 1 жил гаруй огт харсангүй дээ гэх үгийг сонсоод Идэр гайхаж: -Үгүй ээ. Юу гэсэн үг вэ? -Танай хадам эгч байраа зараад хот руу нүүчихсэн шүү дээ. Та хэд чинь холбоотой байдаггүй юм уу? Энэ хэдэн үг Идэрийн догдолсон баяр хөөрийг үгүй хийв. Их л хэцүүхэн айл байсан даа. Үргэлж хэрэлдэж зодолдоно. Тэд гэрлээд 10 гаруй жил болж байгаа хүмүүс. Одоо болтол өөрсдийн гэсэн үр хүүхэдгүй. Танай охин ирсэнээс хойш тэдний хэл ам зодоон нүдээн нэг хэсэгтээ намжсан. Зах бирж дээр лангуу ажиллуулж сардаа 1, 1-ээрээ ээлжлэн бараандаа явна. За даа тэгээд тэгэж их зүтгэсэний эцэст өөрсдийн гэсэн том бизнестэй болсон бололтой. Одоо Улаанбаатарт хэн бүхэний мэдэх сүлжээ дэлгүүрийн эзэд болсон. Олоход амархан л болов уу даа. Дүүд хэлэхэд хичнээн их алдсан ч (эгч Идэрийн гаднах дүр төрхөөс ажихдаа шорон оронд орсон хэмээн бодсон бололтой) гэлээ өөрийн төрсөн үр хүүхдээс илүү эрхэм зүйл байхгүй юм шүү. Охиноо заавал өөр дээрээ аваарай гээд зөндөө олон зүйл ярьсаныг Улаанбаатар луу явах таксинд дотроо бодон бодон явлаа. Хотод ирээд Идэр яаран хадам эгчийнх рүүгээ очихыг хүссэнгүй. Хэдий ихээр
охинтойгоо уулзахыг хүсэвч хүнд төрүүлэх анхны сэтгэгдэл нэн чухал тул өөрийнхөө царай зүсэнд анхаарал тавьж эхэллээ. Олон жил ажил хөдөлмөр хийгээгүй Идэрт шинэхэн ажил нь маш их таалагдаж ажилаа чин сэтгэлээсээ хийж болж өгвөл өөртөө зав үл гарган ажиллана. Тойрон хүрээлэгчид нь өөрчлөгдөн солигдохын хэрээр Идэрийн амьдралын хэв маяг ч даган шинэчлэгдэж сэтгэл санаа тогтворжихын хэрээр царай зүс нь өнгө ороод ирэв. Цаг зав гарах бүрт ямар ч хоолыг амтархан идэж, орой гэртээ хариад чанартайхан амттайхан хоол хийх жорыг интернетээс харж даган хийж иднэ. Олон жил хоол ундгүй шингэн усаар амьдарсан түүний бие махбодь ч амттайхан шимтэй бүхнийг шингээн авч 1 сар гаруйн дотор хуучин үеийн Идэрийн хүдэр чийрэг махлаг биеийг бүтээлээ. Өнгө зүс орсон дүүгийнхээ сайхан зургийг фб хуудсаар нь үзээд ах эгч нарын баярлаж байгаа гэж жигтэйхэн. Одоо дүүгээ дахин алдахгүй гэдэгт гүнээ итгэж найдан оюун бодол санаагаа амраана. Идэр орой бүр унтахын өмнө орондоо ороод хадам эгчийнхээ фб руу орон охиныхоо зургуудыг үзэн
хэвтдэг байв. Охин яг л ээж шигээ үзэсгэлэн төгс хөөрхөн энхрийхэн. Инээж байгаа нь өөрийг нь дуурайсан. Ирэх амралтын өдрөөр охинтойгоо уулзахаар шийдэж хадам эгч рүүгээ фб зурвас илгээлээ. -Сайн байна уу эгчээ. -Би Идэр байна. -Охинтойгоо энэ амралтын өдрөөр уулзах гэсэн юм. Та хаягаа юм уу холбогдох дугаараа өгөөч. -Итгэл маань их том болжээ. -Та заавал хариу өгөөрэй. -Би хотод ажил хийж байгаа. -Байна уу. -Хариу хүлээж байна гэж бичээд хариу ирэхийг хүлээсээр унтчихав. Дахиад л өнөөх өнгө өнгийн цэцэгс алагласан хээр тал. Давхиж буй мориноосоо үсрэн буугаад зэргэлдээ байх том мод руу алхлаа. Модыг тойртол охин нь зогсож байна. -Миний охин гээд алхах гэтэл Идэрийн хөл огт хөдөлсөнгүй. Ямар нэг зүйл түүний бүхий л биеийг баглаад хүлсэн мэт хөдлөх завдал өгсөнгүй. -Ааваа та ямар их уддаг юм бэ? Та охиндоо хайргүй юм уу… -Аав нь охиндоо хайртай байлгүй яахав дээ. Аавдаа хүрээд ирээч. Аав нь үнсье. -Ааваа та тэр сарыг хар даа. Тэнд ээж маань байгаа гэхэд охины заасан сар луу харчихаад эргээд охин руугаа хартал хов хоосон гүн цэнхэр тэнгэрт ганцаарханаа жингүйдэж байв. -Миний охин. Охин минь. Итгэлээ гээд бархирсаар зүүднээсээ сэрлээ. Дахиад л учир
нь үл ойлгогдох зүүдээ. 3 дахиа зүүдэлж буй нь энэ. Итгэл охинд нь ямар нэг муу зүйл тохиолдох гээд аавыгаа дуудаад буйг Идэр зөнгөөрөө мэдэрч утсаа шүүрэн аваад хадам эгч рүүгээ холбогдох гэтэл аль хэдийн фб дээр Идэрийг блоклосон байв. Идэр ажил дээрээ ирээд урьд өдрүүдийн адил хурдан шаламгай хөдөлж чадсангүй. Түүний гараас ажил нь ч олигтой гарахгүй сэтгэл санаагаар унасан хүн сууж байхыг өөдөөс нь харан хамт ажилладаг Сувдаа бүсгүй анзаарлаа. Их л яриа хөөрөө, хөгжилтэй хүн байдаг сан. Бие нь өвдсөн юм болов уу? гээд их л зүйл эргэцүүлэн бодсоор үдийн цайны цаг болоход Идэр бас л хоолоо олигтой идэлгүй утас руугаа цоо ширтэж сууна. Сувдаа босож Идэрийн гараас атгасаар үйлдвэрээс гаран: -Идэр чи зүгээр үү? Юу болсон юм бэ? Нууц биш бол найздаа хэлээч. Чадах зүйл байвал тусалъя. Идэр юу ч дуугарсангүй. Сувдаа дэргэд нь хэсэг чимээгүй зогслоо. Утас руугаа ширтэн зогсох Идэрт хандан Сувдаа: -Би үзэж болох уу? гэвэл Идэр өөрийн утсаа түүнд өгөөд: -Миний охин. -Юун хөөрхөн охин юм бэ? Инээж байгаа нь яг чи юмаа. Миний найз яг юу
болсон юм бэ? Найздаа хэлчих л дээ. Чамайг ингээд байхаар надад хэцүү байна. Ажлын цайны цагийн завсарлагааны 40-н минутад багтаан өөрийнхөө тухай бүгдийг ярьлаа. Өчигдрийн зүүдээ ч ярив. Энэ бүхнийг сонсож зогссон Сувдаа: -Идэрээ чи байж байгаарай. Намайг иртэл огт хөдөлж болохгүй шүү гэсээр ажил руугаа гүйн орлоо. Нэг их удалгүй Идэрийн гадуур хүрмийг барьсаар гарч ирээд: -Миний найз хадам эгчийнхээ дэлгүүр лүү яг одоо яваад оч. Тэдэнтэй уулз ярилц. Ажилдаа бүү санаа зов. Сая би мастерт чамайг өвдөөд байна гэж хэлээд чөлөө авчихлаа. Чиний хийх төлөвлөгөөт ажлыг найз нь хийчихнэ. -Үгүй ээ. Яаж дээ. Орой ажил тараад очиход болно. -Тэнэгтээд байгаач. Манай ажил хэдэн цагт тардаг билээ. Ажил тараад очих гэсээр байтал дэлгүүр нь хаачихна. Тэгээд ч одоо чамайг эргээд орвол би мастерт худал хэлсэн болж харагдана. Алив хурдан явж охинтойгоо уулз гээд Идэрийн хүрмийг өмсгөж өгөөд үйлдвэрийн хашааны том хаалга руу зүглүүлэн түлхлээ. -Баярлалаа Сувдаа. Баярлалаа баярлалаа гэсээр инээмсэглэл тодруулан Идэр гүйв. Хадам
эгчийн 3-н салбар дэлгүүрийн өөрт хамгийн ойр байх дэлгүүр лүү орлоо. Зохион байгуулагчыг нь сураглан олж очоод хадам эгчтэйгээ холбогдох дугаарыг олов. Өөрийгөө Идэр хэмээн бодит үнэнээр танилцуулсангүй. Өглөө фб дээр блок хийсэн хүнтэй яаж харьцахаа тэрбээр сайн мэдэж байлаа. -Сайн байна уу? -Сайн сайн -Болор захирал мөн үү? -Тийм байна. Өөрөө хэн билээ. -Би танай Сонгино хайрхан дүүрэг дэх салбар дэлгүүрийн ЗБ-гээс таны дугаарыг авсан юмаа. -Аан за -Танай дэлгүүрт үхрийн шинэхэн мах нийлүүлж байх түншлэлийн гэрээ сонирхож яваа малчин хүн байна. -Зөв зөв. Манай дэлгүүр тийм зүйл судалж байгаа. Та одоо завтай бол хүрээд ирэх үү? -Тэгье тэгье Идэр худал ярин байж хадам эгчтэйгээ уулзах болов. Заасан хаягийн дагуу өндөр шилэн барилгийн 12 давхарт лифтээр гарлаа. 1024 тоот
хаалгийг татаад ортол нарийн бичиг бололтой охин: -Сайн байна уу? Та ямар ажилаар явна гэх үгээр тосон авлаа. -Болор захиралтай уулзах гэсэн юм. -Та түр хүлээгээд сууж байна уу. Уулзалтын зорилго нь юу билээ -Үхрийн мах нийлүүлэлтийн гэрээ гэхэд нарийн бичиг охин ширээн дээрх утасны харилцуур аван: -Захиралаа тантай үхрийн мах нийлүүлэлтийн гэрээ хийх гэж хүн ирсэн байна. -За ойлголоо захиралаа гэж хэлээд харилцуураа тавин Идэрт хандан: -Та орж болно. Ц.Болор ерөнхий захирал гэх хаягтай том модон хүрэн хаалгийг татан орж байх энэхэн мөчөөс түүний ээдрээт амьдрал эхэлж буйг хэн ч мэдсэнгүй. Идэрийг ороод ирэхэд Болор хараад дуу алдан баярлаж: -Идэр мөн үү? Хүүе хэзээ ирсэн юм бэ? Алив эгч нь үнсье гээд түүний 2

хацрыг ээлжлэн үнсээд гараас нь түшин зөөлөн буйдан дээр суулгалаа. -Дүү нь хотод ирээд бараг л 2 сар болох гэж байна. -Миний дүү махны ченж хийгээд байна уу? -Тийм бишээ. Үхрийн мах гэж худал хэлсэн юмаа гэхэд Болорын нүд бүлтийж ирэн гайхаж: -Үгүй ээ. Юу гэсэн үг вэ? Надад тэгэж худал хэлэх шаардлага юу байв…. 2-р хэсэг төгсөв.