Нүүр Өгүүллэг “ААВ НЬ ОХИНОО САНААД Л БАЙНА” өгүүллэг “1-р хэсэг”

“ААВ НЬ ОХИНОО САНААД Л БАЙНА” өгүүллэг “1-р хэсэг”

48 секунд уншина
0
0
328

Хээр хоносон тал сарыг галт тэрэгний цонхоор бодлогоширон ширтэх Идэрт юмс бүхэн өөр шиг нь ганцаардмал хийгээд гунигтай ч юм шиг санагдана. Галт тэрэгний дүнгэнэх дуу чихэнд нь уйтгар гунигтай

хөнгөн хөгжмийн хэмнэл шиг сонсогдож хавь ойр байх хүмүүс ч шөнийн нойрноосоо дөнгөж сэрсэн нам гүм орчин. Сар луу ширтэн явахдаа өнгөрсөн амьдралынхаа талаар их л зүйлийг бодон тунгааж

аз жаргал болоод гуниг харуусалтай бүхнийг ээлж дараалан бодоход галт тэрэгний цонхонд Идэрийн инээмсэглэх бас ганц нэгхэн нулимс дуслуулан санаа алдах дүр тусан харагдахад түүнтэй хамт яваа эгч нь:

-Дүү минь их л зовлон үзлээ дээ хөөрхий. Дотроо юу бодож яваа юм бол. Амьдралд дахин алдах эрх байхгүй шүү. Эгч нь дүүгээ үргэлж хамгаалж явах болно. Миний дүү сайхан харагдаж байна хэмээн

сэтгэл дотроо өөртэйгөө ярилцан дүү рүүгээ дөхөн очоод: -Өнөөдөр сайхан өдөр болох нь ээ гээд Идэрийн бодлыг сарниулан яриа дэлгэхэд сэмхэн унагасан нулимсаа эгчдээ үзүүлэхгүй гэсэндээ 2 гарынхаа

шуугаар ээлжлэн нулимсаа шувтраад багахан инээмсэглэл тодруулан: -Харин тиймээ. Хот руу ч ойртож байх шиг байна. -Миний дүүгийн бие нь яаж байна. Хэт их юм бодож болохгүй шүү. -Бие маань зүгээрээ. -Миний дүү сонс доо. Одоо чамд хийх эмчилгээ маш сайн үр дүнтэй. Олон ч аавын хүүхдүүд хийлгээд амьдралаа сайн сайхан авч яваа зөндөө олон бодит жишээ байна. Өнгөрсөн амьдралыг мартах хэрэгтэй. Сэтгэл санаагаа тогтвортой байлгах хэрэгтэй шүү. -Ойлголоо эгчээ. Дүү нь та хэдийнхээ хичээл зүтгэлийг алдахгүй ээ гээд эгчийнхээ гарнаас зөөлхөн атгахад эгч нь Идэрийн гарыг өөрийнхөө хацарт наагаад: -Миний дүү ийм ухаантай ш дээ. Дүүгээ эрүүл саруул байхыг харалгүй их уджээ. Хараад л баймаар гээд түүний эгч Идэр лүү итгэл дүүрэн харц илгээхэд: -Өнгөрсөн бүхэнд муу дүүгээ уучлаарай…

Одоогоос 5-н жил гаруйн өмнө түүний хайрт хань нь авто ослоор Идэрийг 6-хан сартай бяцхан охинтой нь үлдээн хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Зовлонг даван туулах сэтгэлийн тэнхээ дутаж архи хэмээх хатуу гашуун ундаагаар сэтгэлд хургасан зовлон гунигаа аргадан байсаар өөрт байх бүхнээ алдав. Ажил төрөл, нэр төр, найз нөхөд, хамаатан садан, гэр орон гээд бүгдийг… Эд бүгдээс хамгийн гол зүйл амьдралын утга учир амьд явахын гол тулгуур болох бяцхан охиноо өөрийнхөө дэргэд бус өөр нэгэн гэр бүлд гэрэл гэгээ, баяр баясал бэлэглүүлэн алдсан юм. Өдөр шөнөгүй архи зооглон явахад нэг л өдөр талийгаач эхнэрийнх нь төрсөн эгч нөхөртэйгөө хамт ирээд дөнгөж 1 ой хүрсэн бяцхан охиныг нь Идэрийн эгчийн гэрээс өөрт нь мэдэгдэхгүй аваад явжээ. Яг үнэндээ бол хулгайлсан. Өөрт тохиолдсон үхэл хагацалд зовж шаналан гаргах нулимсгүй болтолоо элийрсэн

Идэрт дахиад л нэг хагацал тохиолдож өнөөх сэтгэл засагч гашуун ундаагаа бүүр ч ихээр уух шалтаг шалтгаан болов. Эхлээд гэр доторхи эд хогшилоо нэг нэгээр нь зарж ууна. Сүүлд зарах зүйл нь дуусаад ирэхэд ах, эгч нартаа: -Дүү нь одоо архи уухгүй ээ. Илүү олон жил амьд явахаа бодох хэрэгтэй гэж хэлээд 2, 3-н хоног эрүүл саруул хүн шиг байна. Гэвч сумын төвөөр хамт ууж иддэг нөхөд нь цаг үргэлж тэднийхээр орж гарахад тэвчээр алдан ах эгчийнхээ авч өгсөн гурил, будаа, махыг ганц 1 шил юмнаас зарж эргээд л өнөөх хогын амьдралтайгаа зууралдана. Ах, эгч нартаа олон удаа ингэж худал хэлсэн дээ. Сүүлдээ ч Идэрт итгэх хүн байхгүй болж өөрийг нь хэн ч тоохоо болив. Түүнд ганцхан зүйл үлдсэн нь хамт архиддаг журмын хэдэн нөхөд. Бас толгой хоргодох 5-н ханатай хоосон гэр. Гэвч тэрбээр гэрээ нэг л өдөр зарж орох орон, оочих аягагүй болж ууж иддэг

журмын хэдэн нөхдийнхээ гэрээр ээлжлэн толгой хоргоддог боллоо. Заримдаа хонох газар олдохгүй үед сумын төвөөр байх нэг давхар байшингын нөмөр хийгээд сургууль цэцэрлэгийн давхар барилгын подвальд жижүүрт нь хөөгдөн туугдан хононо. Ах эгч нь ганц дүүгээ дээш нь татах гэж өчнөөн оролдоод ч барсангүй. Яаж хийж байгаад тэднээс мөнгө салгах эсвэл гэр ороноос нь жижиг мижиг хулгай хийж архи уусаар. Сүүлдээ ч Идэрийг амьд мэнд явж л байвал болно доо гээд тоохоо болив. За тэгээд зарим нэг хүмүүс түүнийг ингэж муу амьд явсанаас үхсэн нь дээр хэмээн боддог биз… Сумын төвийн архичдын хүндлэлийг хүлээсэн 40 гаруй насны хижээл эр архины хордлогоор өнгөрөхөд хамаатан садан үгүй түүний ажил явдалыг сумын төвийн засаг захиргаа боломж бололцоогоороо хийж билээ. -Хөлийг нь түших үр хүүхэдгүй хорвоог дуусгалаа даа хөөрхий гээд хүн бүхэн л дотроо

халаглан харуусана. Ажил явдал дууссан орой Идэр журмын хэдэн нөхдийнхөө хамтаар Молиг Даржаагийнд цугларцгааж гашуудалаа тайлан ууж идлээ. Молиг Даржаа гэрийнхээ хойморт баавартайхан сууж байс хийгээд 4-н настай охиноо өвөр дээрээ суулгаад эрхлүүлж үнсэн: -Хөлөө хучуулах охин үртэй байна гэдэг жаргал шүү дээ гээд маасайтал инээж яагаад ч юм Идэрийг онцгойлон хараад ч байх шиг санагдав. Даржаагийн аархаж бардамхан хэлсэн үг түүний зүрх сэтгэлийн дотоод гүн рүү орох шиг боллоо. Нүдээ аних төдийд бяцхан охин нь үзэгдэж чимээгүйхэн санаа алдахад бүүр ч ихээр бодогдоно. Бодолоо үргээх мэт толгойгоо сэгсэрч: -Алив надад нэг сайн хийгээд өгөөч гэвэл архи хундагалаж байсан залуу: -Идэр хүү гэнэт юу болчихов. -Архи дуусаж дэлгүүр хаах болж байна. Би хурдхан шиг гараад 2 шил юм авчихъя гэвэл гэрт байсан хэд архины сураг сонсоод яриа хөөрөө нь чангарч: -Идэрт хийгээд өг -Дахиад хийгээч -Арай бага

байна -Дүүргээд өг гэсээр түүнд аяганы амсар мэлтэлзүүлэн дүүргэж өглөө. Идэр нэг хөнтрөлтөөр бүгдийг ууж ширээн дээр байх аягатай цуйвангаас гараараа базлан авч амандаа үмхээд гарч явлаа. Үр хүүхэдгүй хорвоог дуусгасан талийгаачын эмгэнэлт явдал мөн охин хүүхэдтэйгээ эрхлэнхэн тоглох эцгийн аз жаргалтай мөч бас ч үгүй зөвхөн өөрт нь зориулсан мэт Даржаагийн хорон үг бодлоос нь огт салахгүй явсаар нэг л мэдэхэд дэлгүүрийн үүдэнд иржээ. Даржаагийнд орох болгонд өөрөөс нь ямар нэг зүйл горьдох мэт нүдээ бүлтийлгэн ширтэх бяцхан охины дүр зураг санаанд нь бууж ирэхэд лангуун дээр тавигдсан 2 шил архины нэгийг нь буцаан худалдагчид өгөөд: -Энийг буцаачихъя. Жоохон охин хүүхдэд өгчих амттан юу байна гэхэд дэлгүүрийн худалдагч бүсгүйн царайнд баясал тодрон ирж: -Идэр ахаа охин чинь ирээ юу? Охин чинь, охин чинь гэх дуу Идэрийн чихэнд

цуурайтан сонсогдож -Миний муу охин яаж яваа юм бол доо. Охинтойгоо нэг уулзах сан гээд бодолд өнжин байхад: -Хүүе Идэр ахаа… гээд түүний нүүрний өмнүүр дэлгээтэй 2 алгаа сэрвэлзүүлэн хөдөлгөхөд сая нэг цочоо аван: -Өө яасан. Юу гэсэн бэ? -Таны охин чинь ирээ юу? -Үгүй ээ үгүй. Молигын охинд л юм авах гэсэн юм гээд худалдагчын санал болгосон амттанг худалдан аваад гарав. Хойморт суух Молиг Даржаад дэлгүүрээс авсан ганц шил архиа гаргаж өгөөд гэрийн зүүн талын орон дээр өөрийгөө саатуулан тоглох жаахан охинд өвөр дүүрэн амттанаа цувуулан гаргаж өгөхөд баярлаж байгаа гэж жигтэйхэн. -Охин дээрээ ингээд очвол миний охин ямар их баярлах бол. Өдийд аавыгаа танихгүй л байх. Гэхдээ л миний охин шүү дээ гэж бодон айлын үрийн баярлан догдолж буйг харан суухдаа эгээ л нэг охинтойгоо уулзсан юм шиг магнай тэнийн хөлс нь урсах

шиг боллоо. -Миний охин Идэрээ ахдаа юу гэдэг билээ гээд Даржааг хэлэхэд бяцхан охин орон дээрээ босож зогсоод: -Баярлалаа гэхэд Идэр охины толгойноос энхрийлэн бариад 2 хацрыг нь зөөлөн үнсэв. -Ахаа чамаас баба юм үнэртэж байна гэж охиныг хэлэхэд Идэр өөрөөсөө санаа зовон амьсгалаа дотогш сорон авлаа. -Идэрээ 2 дахь шил юм чинь хаана байна гэх согтуу хөлчүү нэгний дуунаар цочин: -2 шил юм авах гэсэн чинь мөнгө дутаад 1-ийг авчихлаа. -Алив үлдсэн мөнгөө өгчих. Би дээр нь нэмээд нэгийг авчихъя -Үлдсэн мөнгөөр нь охинд юм авчихсан гэхэд нөгөө хэд нь толгой сэгсэрэн Идэрийн хийсэн үйлдэлд дурамжхан буйгаа илэрхийлэв. Архи тойрсоор Идэр дээр ирэхэд тэрбээр уруулдаа хүргэх төдий хүртээд буцаана. Хамт байх хэд хорвоогийн элдэв сонин хачинг ярин инээлдэн хөгжилдөхөд Идэр л ганцаарханаа бодлогоширон гунигтайхан сууна. Яг одоо гараад ганцаарханаа баймаар байвч түүнд очих газар байхгүй. Цаг орой болсон тул Молиг Даржаагийнд өнөөдөр яаж хийгээд хоног төөрүүлэх

бодол тээнэ. Шөнө дунд харих нэг нь харьж тасарч ухаанаа алдсан нь ширээний хажуугаар хөндлөн хэвтэнэ. Тасарсан нэгний хажуугаар Идэр орон хэвтлээ. Өнгө өнгийн цэцэгс алагласан хөдөө хээр талд морь унан давхих юм. Хаашаа яваа нь тодорхой биш ч өөрийнх нь өмссөн ногоон торгон гоёмсог дээл өөрт нь зохисон гэж янзтай. Салхи сөрөн хурдлах морин дэл дээр исгэрэн давхиж байтал түүний малгай салхинд хийсэн уналаа. Саяхан морин дээр давхиж байсан хүн малгайныхаа хойноос явган гүйж байх юм. Малгай жингүйдэн явсаар нэгэн том модны араар орчихов. Мод тойроод очвол тэнд малгай биш 5, 6 орчим насны бяцхан охин эхэр татан уйлж байлаа. Идэр охин руу дөхөн очоод: -Миний дүү яагаад уйлав. Аав, ээж нь хаана байна. Ах нь хүргээд өгье гэхэд саяхан уйлж байсан охин инээмсэглэн хойш харахад Идэр өнөөх охины царайнаас өөрийгөө олж харлаа. -Та миний аав шүү дээ. Охиноо танихгүй байгаа юм уу? Ааваа намайг дагаад яваарай гээд хариу хэлэхийн завдал өгөлгүй цааш эргэхэд Идэр дагаж гүйсээр. -Миний охин зогс л доо. Аав нь охиноо үнсье. -Ааваа та энэ

олон жил хаана байсан юм бэ? Яагаад охиндоо ирээгүй юм бэ? Та охиноо санадаг уу? -Аав нь үргэлж санадаг. Миний охин зогсооч гээд аав охин 2 ярилцан гүйсээр. -Ааваа та охиндоо хурдан ирээрэй. Тэгэхгүй бол охин нь ээж рүү явлаа шүү. Би аавтайгаа хамт баймаар байна. Би ээж шигээ ээж болмоор байна гэсээр гүйж яваа охин сарнин бүдгэрч дуу нь цуурайтан татарсаар алга болоход Идэр өөрийн мэдэлгүй газар сөхрөн суучихлаа. Салхинд хийссэн малгай түүний өмнө үзэгдэхэд шүүрэн аваад асгарсан их нулимсаа малгайгаараа арчин: -ААВ НЬ ОХИНОО САНААД Л БАЙНА… Ер бусын сонин ч гэлээ гайхалтай сайхан зүүднээсээ шөнө дунд сэрсэн Идэр эргэн унтах гэж хичнээн хичээвч чадсангүй. Амьхандаа охиныхоо царайг харчих санаатай байсан боловч бүтсэнгүй. Охиноо зүүдлээд сэрсэн шөнийн уртад маш их зүйлийг эргэцүүлэн бодсон бололтой тэр мөчөөс эхлэн Идэр архи уухаа больж Молиг Даржаагийн бяцхан охинд цаг заваа

гаргаж олдсон хэд гурван төгрөгөөрөө охиныг эрхлүүлж аавын эзгүйд халамжилан хоол унд хийж өгөн Даржаагийн гэх айлд 1 бүл нэмэн байх болжээ. Айлын охин ч Идэрт тааламжтай байх нь Молиг Даржаад зол болов. Хүүхэддээ санаа зовох зүйлгүй гадуур архидаж орой ирэхэд гэнэт сахил хүртсэн гэгээнтэн Идэр хоол унд хийсэн угтах нь сайхан. Сумын төвийн зэргэлдээ орших 3-н цагаан дэлгүүрийн үүдэнд хар өглөөнөөс эхлээд шөнө дөл болтол зогсдог архичид дунд Идэр дүү нь үзэгдэж харагдахгүй хэд хоноход хүний л эгч юм хойно санаа зовон тэдэн дээр ирж дүүгээ асуулаа. -Манай Идэр архи огт амсахаа больсон. -Уухгүй 10 гаруй хоног болж байна. -Дахиж уухгүй гэсэн. -Хажууд нь уухад тоох ч үгүй байна лээ. -Манай Идэр маниусыгаа бодвол ухаантай гэсээр бүгд ам уралдан ярьцгаав. Идэрийн эгч эдгээр үгсийг сонсоод итгэж ядан дахин дахин нягтлан асуувал: -Хэрэв итгэхгүй бол өөрөө очоод үзээч.Молиг Даржаагийнд байгаа гэхэд: -Баярлалаа баярлалаа гээд явах гэтэл тэдэн дундаас нэг

нь Идэрийн эгчийн баярласан сэтгэл хөдлөлийг овжиноор ашиглан: -Бурмаа нэг юм гуйя. Бид дотроо засах гэсэн чинь 1500 төгрөг дутаад болдоггүй. Чи нэг зохицуулаад өгөөч гэхэд Бурмаа өнөөх залууг дэлгүүр дагуулан ороод: -2 шил архи авъя. -Ямар архи вэ? -Тэрнээс нь хэмээн заагаад дагуулж ирсэн залуудаа өгөөд худалдагчид хандан: -Над дээр биччихээрэй гээд гарав. Идэрийнхээ буянаар үнэтэй 2 том архи авсан хүмүүс тэрийгээ ууж чадсангүй. Зэргэлдээ байх дэлгүүр лүү ороод хямдхан 4-н шил архиар солин хэн нэгнийхээ гэр лүү хөөр баяртайхан одцгоолоо. Даржаагийн жаахан охинд савлуур хийн өгч байгаа бололтой Идэр их л баяр баясгалантайгаар мод хөрөөдөж газар суулгаж олсоо уяна. Бяцхан охин Идэрээс огт салахгүй даган явж хоорондоо шулагналдан инээмсэглэхэд охины аав Даржаа гэр жорлон 2-ынхоо дунд шартсан байдалтай холхисоор. Идэр үнэхээр аз жаргалтай байх ажээ. Түүний унтарч бөхсөн нүдний харц цаанаасаа л нэг аз жаргал тодруулсан байхыг Идэрийн эгч хашааны гаднаас бүхнийг харан зогсохдоо нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн зогсоно.

-Миний дүү охинтойгоо байсан бол өдийд ингээд аз жаргалтай байх байсан даа. Идэрийн охин маань ямаршуухан явдаг юм бол. Охинтой нь нэг уулзуулчихвал дүү минь амьдралын зорилготой болно доо гээд элдэв янзын зүйл бодсоор гэр лүү оролгүй буцав. Ороод очих л юм бол дүүгийнхээ баяр баяслыг үргээчих юм шиг санагдсаныг биз ээ. -Ээжээ ээжээ Идэр ах ирж байна гээд хүүхдүүд шуугилдсаар гэрт орж ирэхэд Бурмаа хийж байсан зүйлээ орхин цонхоор харвал хэрэндээ л цэвэрхэн хувцас өмссөн бололтой. Үргэлж сэгсийж явдаг үсээ толийтол самнаад сахал үсээ авчихсан дэгжин сайхан залуу байшингийн хаалга руу орж явна. Бурмаа ч тэрүүхэндээ сандран хормогчоо хурдхан тайлж гараа угаах аядан байхад гэрийн хаалга ч онгойх сонсогдов. Яаран сандран дүүгээ тосон очоод: -Чи минь яасан сайхан харагдана вэ. Алив том өрөө рүү ор. -Эгчээ май. Танд жаахан юм аваад гээд толгойгоо маажин өгөхөд дүүгээсээ бэлэг авч үзээгүй Бурмаагийн нүднээс нулимс унахад ойрхон байлаа. Ойрхон байх нулимсаа дотогшоо нэг залгиад: -Баярлалаа. Миний дүү сууж бай гээд гал тогооноос аягатай цай барин ирж Идэрт өгөв. Тэд хэсэг хугацаанд

юу ч ярьсангүй. Идэр ямар нэг зүйл хэлэх гээд байгаа бололтой гэгэлзээд суудал дээрээ тогтож ядан хавчигнана. Эгч Бурмаа нь бас юу гэхээ мэдэхгүй дүүгээ ярихыг хүлээнэ. Идэр сая л нэг ам нээж: -Танай хүүхдүүд их том болжээ. -Өө тийм. Одоо бага охин маань жаахан томорчихвол болчих гээд байна. -Эгчээ би танаас 1 зүйл гуйх гэж ирсэн юмаа гээд хэлж дуусав уу үгүй юу эгч нь: -Тэг л дээ миний дүү. Санаа зоволтгүй шууд хэл гээд Идэр лүү улам ойртон суугаад гарыг нь атгалаа. -Эгчээ би охинтойгоо уулзмаар байна. Охиноо санаад байна гэх хэдхэн үгийг хэлж байхдаа сэтгэл дотор байх гуниг болоод ганцаардалаа нулимстайгаа хамт асгах мэт цурхиран уйлав. Эгч нь ч мөн адил саяхан дотогшоо залгисан нулимсаа асгаруулан эгч дүүс уйлсаар… Эгч нь дүүгийнхээ сэтгэлийн шархыг ойлгохын дээдээр

ойлгож хүслийг нь биелүүлэхээ амлав. Харин тэдний том ах Идэрийг ухааран өөр хүн болж буй хором мөчийг эгчтэй нь адил нүдээр хараагүй тул итгэсэнгүй. Охинтойгоо уулзахыг дэмжих боловч Идэрийг дахин архи уухгүй байх баталгаа хэрэгтэй тул нэг болзол тулгачээ. Тэр нь Идэрийг архинаас гаргах эмчилгээ байсан юм. Идэр ч эмчилгээг хүлээн зөвшөөрч ийнхүү эгчтэйгээ хамт Улаанбаатар хотыг зорьж яваа нь энэ билээ. 1-р хэсэг төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *