Home Өгүүллэг “ГЭМГҮЙ ГЭМТНҮҮД” өгүүллэг “6-р хэсэг”

“ГЭМГҮЙ ГЭМТНҮҮД” өгүүллэг “6-р хэсэг”

0 second read
0
0
837

… Хамгийн сүүлд охин нь ирээд явснаас хойш арван дөрөв хоножээ. – Бид нар зүгээрээ. Та өөрийгөө л бод. Бидэнд огтхон ч санаа зоволтгүй. Дүү нар сайн байгаа. Би оёдлын үйлдвэрт том дарга болсон шүү дээ.

Цалин ч сайн авч байгаа. Учрал гэрээрээ цэвэрлэгээний утас түүж байгаа. Бидэнд огт санаа зоволтгүй. Хашаа байшингаа зараад банкны өрөө дарсан. Таньд өмгөөлөгч аваад үлдсэнээр нь байранд орсон.

Элдэв хүн ирж дарамт үзүүлэхгүй амар байна. Одоо өмгөөлөгчтэй болсон юм чинь юмны учир нэг олдох байгаа. Миний ээж хүчтэй байж хоол ундаа сайн идэж эрүүл саруул байдаг юм шүү. Өмгөөлөгч

таныг шүүх хурал дээр энэ хэргээс мулталж гаргана гэсэн хэмээн инээмсэглэн ярих охиныхоо яриаг сонсч дотроо өмөлзөж суусан Тамир охиноо явсны дараа бодол болон хэсэг суув. Охин нь ирэх

болгондоо аавынхаа тухай огт ярихгүй байгааг тэрээр сая л анзаарчээ. – Аав нь яаж байна гэж асуух бүрт нь аав сайн байгаа гээд яриаг өөр нэг тийш дүйвүүлэн огт өөр зүйл яриад байгааг анзаарсан Тамир ийм

их сэтгэлийн тэвчээр хаттай охин хайрласан тэнгэр бурхандаа талархан эр нөхрөө аль хэдийн үгүй болсныг гадарлаж дотроо өмөлзөж суув. Тиймээ ханийнхаа биеийн байдлыг Тамир бүхнээс илүү мэднэ. Гуравхан сарын настай хүчтэй эм, тариагаар л амийг нь торгоож байсан нөхрөө ийм удаан тэсч чадахгүй гэдгийг тэрээр хэнээр ч хэлүүлэлтгүй ойлгож байв. Хөөрхийдөө дэгэж дэрвэн эрхэлж гүйж, үеийн нөхөдтэйгээ мөр зэрэгцэн суралцаж байх ёстой энхрий жаахан охин нь одоо дүү нараа тэжээн, эцгийн голомтыг таслалгүй авч яваа өрхийн бяцхан тэргүүн болжээ. Тамир энэ харанхуй нүхнээс хэзээ гарч эцэг эхээ нэгийг нь шороонд, нөгөөг нь шоронд илгээсэн хатуу тавилангийн өмнө өвдөг сөхрөлгүй өөрсдийн чадлаараа тэмцэж буй

гурван нялх хүүхэддээ очихыг хэн ч үл мэднэ. Болж бүтэж байсан амьдралаа өөрийн гараар сүйрүүлсэн санагдаж тэр нэгэн хар өдөр Туяагаас мөнгө зээлсэндээ өөрийгөө хичнээн зүхэвч босоод ирэхгүй хань, өнгөрч одсон цаг хугацааг яалтай. Нэг үеэ бодвол Тамир юманд арай сийрэг хандаж, ухаалгаар хардаг болжээ. Мөрдөн байцаагч ирж байцаалт авахдаа өөрийнхнь огт хэлээгүй яриагүй зүйлсийг ярьсан болгож гарын үсэг зуруулахаар өгөхөд нь уурандаа урж шидчихээд ажлаа ийж буй албан тушаалтны өмнөөс эсэргүүцэл үзүүлсэн хэргээр хэд хоног хатуу харгалзаанд оров. Хувь тавилан, бурхан, чөтгөр аль нь бай ерөөс бүгд түүний эсрэг чиглэсэн мэт. Ард үлдсэн гурван нялх хүүхдээ бодохоос өөрийн эрхгүй давчдан бачуурч болдогсон бол

шоронгийн төмөр хашааг даван оргочихмоор санагдана. Тамирт холбогдох хавтаст хэргийн материалтай танилцсан өмгөөлөгч Дарам үйлчлүүлэгчийг нь хууль бусаар хорьсныг хамгийн түрүүнд олж харав. Өөрөө олон жил цагдаагийн мөрдөн байцаагчаар ажиллаж цагдаагийн эрүүгийн хэргийн тасгаас тэтгэвэртээ гарсан хүний хувьд хамгийн түрүүнд үйлчлүүлэгчдээ хамрагдах хэргийн алдаатай талуудыг олж харж байлаа. Тамир хоригдоод бүтэн нэг жил дөрвөн сар болжээ. Үйлчлүүлэгчдээ ашигтай бүх нотлох баримтыг цуглуулсан Дарам Тамирыг батлан даалтанд гаргах хүсэлтээ прокурорт гаргачихаад Удвалтай уулзахаар дуудаад албан өрөөндөө хүлээж суув. Өмгөөлөгчийн хувьд сайн өмгөөлөгч хэдий ч мөнгөнд баахан дуртай нэгэн тул Тамирын охин Удвалаас хэдэн төгрөг салгахаар хүлээж

суугаа нь энэ аж. – Сайн байна уу та. Орж болох уу гэсээр Удвалыг өрөөний үүд тогшин орж ирэхэд нүүрэндээ инээд мэлтэгнүүлэн угтсан Дарам – Ор ор. За сайн уу Удвалаа. Дүү нар нь сайн биз дээ. – Сайн сайн бүгд сайн байгаа. – За тэгэхээр ийм байна. би хавтаст хэргийн материалтай танилцлаа. Ер нь бол ээжийн чинь хэрэг их хэцүү юм байна. Гэхдээ би бол ээжийг чинь батлан даалтанд гаргахын төлөө бүхнийг хийж байна л даа. Ах нь өчигдөр ээжтэй нь очиж уулзсан. Уг нь ээж чинь шүүх хурал болтол даалтаар гарчихвал өөрөө их сэргэлэн хүүхэн байна лээ ш дээ. Бүгдийг зохицуулж чадна. Зарим нэг хүнээс авцаа ч бий гэж л байна лээ. Гэхдээ гаргахад учир байнаа. Хууль журмаар нь явбал хэзээ ч ээж чинь гарч чадахгүй тэгэхээр байнаа ах нь нэг танилтайгаа уулзаад яриад ээжийг чинь шүүх хурал болтол нь батлан даалтанд гаргахаар тохирчихоод сууж байна л даа гээд

Удвалын нүүр өөд харахад охин ихэд баярлаж байгаа бололтой нүүр нь гэрэлтэн нүдэнд нь ус мэлтэгнэн дүүрч юу юугүй урсаад гарахнуу гэлтэй болж ирсэнээ хоромхон зуурт цааш залгих мэт шингээд царайгаа төв болгон инээмсэглэхийг харсан Дарам “Үгүй мөн сүрхий охин юм даа. Ийм жаахан байж хаанаас нь ийм их сэтгэлийн хат, хэрсүү ухаан гардаг байнаа. Хүүтэйсэн бол бэрээ болгочихмоор” хэмээн бодож амжив. – Баярлалаа өмгөөлөгчөө. Тэгэхээр би одоо яах ёстой вэ? – Чи яах ёстой вэ гэж үү. Чи мөнгө олох ёстой. Одоо цагт мөнгөгүй хөдөлдөг хүн ховор болсон цаг. Ах нь шударга хүн. Зүгээр нуух зүйлгүй л чамд хэлье. Миний тэр найз их нэр хүндтэй нөлөөтэй хүн л дээ. Тэгээд яах вэ намайг гуйж байгаа болохоор ээжид чинь туслая л гэж байна. Гэхдээ нэг сая төгрөг өг гэж байна. Тэгээд ах нь та нарын амьдралыг мэддэг хүний хувьд хэллээ л дээ. Нэг ядарсан

эмэгтэй нөхөр нь нас барчихсан гурван өнчин хүүхэд нь өөрсдийгөө арай ядан болгож байгаа гээд хэллээ л дээ. Гэтэл таван зуун мянган төгрөг олоод өгч чадахуу л гээд байна л даа. Тэгээд чамайг дуудсан юм. Ээжийнхээ төлөө таван зуун мянган төгрөг олж чадах уу чи. – Ээжийг минь үнэхээр даалтанд ч болохнээ гаргаж чадна гэвэл би таван зуун мянган төгрөг олж чаднаа. – За тэгвэл нөхөр минь хурдалж үз. Чи хэдий хурдан хугацаанд мөнгө олж чадна ээж тэдий чинээ хурдан гарах нь байна шүү дээ. – За би хичээеэ. Удвал ийнхүү хэлчихээд босоход Дарамын утас нь тачигнан дуугарч утасныхаа дэлгэцийг харсан Дарам байж байгаарай хэмээн Удвалыг дохиж суулгаад утсаа аван албархуу байдлаар ярьж эхлэхэд ээжинх нь тухай яриад байгааг бага зэрэг гадарласан Удвал хариу хүлээн буцаж суув. – За сонсов уу

Удвалаа. Прокурорын газраас ярьж байна. батлан даалтанд гаргах хүсэлттэй танилцсан гэж байна. Одоо жаахан түлхээс хэрэгтэй шүү дээ. Мөнгө мөнгө ойлгож байна уу мөнгө хэрэгтэй. Өнөө хүнд атгуулчихвал ээж чинь тэгээд л батлан даалтанд гарлаа шүү дээ гэхэд өмгөөлөгчийн үгэнд ихэд итгэсэн Удвал мөнгө олохоор яаран гарав. Прокурорын газраас өмгөөлөгч Дарамын өгсөн хүсэлттэй танилцаад Тамирыг батлан даалтанд гаргах зөвшөөрөл олгож байгаа ар гэрийнхэнээр нь батлан даалтанд хүнээ авах хүсэлт гаргуулаад ир гэж хэлснийг ийнхүү мөнгө олох хэрэгслээ болгож буйг охин яахин мэдэх билээ. Өмгөөлөгчийн өрөөнөөс ихэд баяр хөөрт автан гарсан Удвал таван зуун мянган төгрөг хаанаас олохоо мэдэхгүй бодол болон хэсэг алхаснаа оёдлын үйлдвэрийн захирлаасаа гуйхаар сэтгэл шулуудан

алхав. Хэзээ ч хүнээс юм гуйхгүй гэх хатуу бодолтой охин хэдий ч ээжийгээ шоронгоос гаргахын тулд нэг удаа бардам зангаа гээн анх удаа хүнээс мөнгө гуйхаар яваа нь энэ аж. Захирлаасаа цалингийн урьдчидгаа болгож таван зуун мянган төгрөг зээлсэн Удвал ердөө л хоёр цагийн дараа мөнгөө бариад Дарамын ажил дээр ирж прокурорын газарт хүсэлт гаргатал дор хаяж хоёр хүний батлан даалт хэрэгтэй гэсэн тул ээжийнхээ ээжтэй уулзахаар дахиад л яаран гарав. Аавынх нь ахан дүүс нэг хэсэг Тамирыг суллуулахаар хөөцөлдсөн ч хоорондоо элдвийг ярин хүнээс ямар учиртай мөнгө зээлснийг нь мэдэж байгаа хирнээ л байнга ээжийг нь буруутган муулдаг болохоор Удвал тэднээс бага багаар зайгаа авсаар одоо бүр уулзахаа байжээ. Ээжийнх нь төрсөн дүү нар эр эм нийлсэн зургаан хүн байвч Удвал тэдэнтэй уулзах битгий хэл зөрөөд өнгөрөхөөс ч дургүй нь хүрнэ. Уг нь тэд ээжийг нь дэлгүүр хоршоотой боломжийн амьдарч байхад

Тамираас сайн эгчгүй, ааваас нь сайн хүргэн ахгүй улс л байдаг байв. Эгч минь ах минь гээд л эхнэр хүүхэдтэйгээ, нөхөртэйгээ ар араасаа ойр ойрхон ирцгээж ээж нь ч тэднийгээ ирсэнд баярлан дайлж цайлаад өнгөтэй өөдтэй юу байгаагаа л хамж өгөөд явуулдаг байлаа. Гэтэл одоо тэдэнд Тамираас муу хүнгүй мэт ярьцгаадагт Удвалын дургүй хүрнэ. – Эгч минь яаж байна даа гээд ганц удаа эргээд очихгүй ч гэлээ ядаж л ээж нь сайн уу гээд асуухын оронд – Удам судар бузарласан балай авгай. Манай удамд шоронгийн хүн байхгүй. Өчнөөн хүний мөнгө луйвардсан юм гэнэлээ тэндээ хэвтэж байхаас өөр яахав гэх мэтээр илт доромжлон гадуурхдагт нь Удвалын дургүй хүрч тэдний алинтай нь ч харьцахаа болин холбоо тасарсан аж. Гэтэл одоо яалт ч үгүй ээжийг нь суллахад насанд хүрсэн хоёр хүний батлан

даалт хэрэгтэй тул ийнхүү эмээгээ зорин алхаж байлаа. Ээжийнх нь араас Удвалаас дутуугүй санаа тавьдаг ганц хүн эмээ нь хэдий ч бага охин Цэцэгийндээ байж хүү, охидынхоо хүүхдүүд ач зээ нараа харж тэдэнтэйгээ хэрэлдэн өдрийг барах өндөр настай эмгэн багад нь хүнд өргүүлсэн том охиныхоо төлөө юу ч хийж эс чадна. Ядаж л тэтгэвэрийнх нь хэдэн төгрөгийг бага охин нь хуу хамаад авчихдаг болохоор эргээд оччихож ч чадалгүй өнчирч хоцорсон хэдэн хүүхдийг нь бодохоос дотроо өмөрч өглөөд цайныхаа дээжийг, оройд долоон бурхан одондоо сүү өргөн бурхандаа залбирахаас хэтэрдэггүй уймраа чавганц болсон байлаа. Тамирыг хоригдоод зургаан сар болоход ганц ч удаа эргэлтээр очоогүй хүүхдүүддээ уурлан нэг зөрөөд суучихвал ойгүй зөрүүд зангаараа аашлан таягаа тулаад автобусанд суун урьдчилан хорих төвийн арын уулан дээр гараад – Ингээд ч болов

охиныхоо барааг харах минь. Нэг эхийн хэвлийгээс увж цувж төрчихөөд миний муу охиныг нэг бүдэрсэн дээр нь татаад авахын оронд амь амиа бодоод ганц удаа эргээд оччихдоггүй мөн муухай хүмүүс юм даа. Би эндээ охиноо суллагдаж гартал сууна гэж зөрүүдлэхэд Тамирын бүх төрсөн дүү нар цуглан ээжийгээ аргадаж тал талаас нь царайчилж гуйсаар Тамирт ганц л удаа эргэлт оруулж байжээ. Охиныхоо жигтэйхэн турж эцэж ядарсан царайг харж ихээхэн өрөвдсөн хөгшин одоо ч охиныхоо төлөө уймран шаналсаар л байлаа. Тэр өдрөөс хойш хэдийнээ бүтэн найман сарын хугацаа өнгөрсөн ч хүүхдүүд нь дахиж төрсөн эгчийгээ гэж очсонгүй. Хааяа хамт амьдардаг бага охиндоо үглэн тунирхавч тусыг эс олно. Тамирын хүүхдүүд хааяадаа эмээ дээрээ ирэвч бага охиных нь ядаргаатай

зангаас залхдагсан уу сүүлийн үес бүр ирэхээ ч байсанд эмгэн хий л санаа зовниж шаналахаас хэтрэхгүй. Урдын адил хэдэн хүүхэдтэйгээ хэрэлдэн уймарч суусан хөгшин хашааны хаалгыг нь хэн нэгэн тогшиход юунд ч юм бэ ихэд баярлан хаалга өөд майтрав. Бага охиных нь бага хүү түрүүлж гүйж очоод хаалга тайлснаа – Эмээ эмээ Тамир аниа ирж байна гэхэд охиноо суллагдаад гарчихаж хэмээн ихэд баярласан хөгшиний хоёр нүдийг нулимс бүрхэн хаалга руу хурдлавал Тамир биш Удвал инээмсэглэн орж ирэв. Гэсэн ч эмгэн Тамирыг ороод ирнэ гэсэн горьдлогын харцаар хаалга ширтэнэ. – Сайн байна уу эмээ. Сайн сууж байв уу гэсэн Удвал үнсүүлэхээр хацраа өгөн тонгойвол хам хум үнсмэр болсон эмгэн одоо л ороод ирнэ дээ гэсэн харцаар онгорхой хаалга ширтэнэ. – Эмээ юу хараад байгаа юм бэ? хүн ирж байхад дуугарах ч үгүй гэсэн Удвал эмээгээ өөрийг нь үл тоомсорлож байгаад гомдох шиг болж хэрэггүй ч ирчихэвүү дээ гэсэн

шүү бодол сэтгэлдээ тээн юунд ч юм бэ гомдох шиг болон юу юугүй хоолой өөд нь нэгэн гашуун огшиж хоёр нүдийг нь ус бүрхээд авахад нулимсаа хэнд ч үзүүлдэггүй зангаараа бушуухан эргэн хаалга зүглэв. – Үгүй чи хаачих нь вэ? ээж нь орж ирэхгүй яав. Гадаа байгаа юмуу гэсэн эмээгийнхээ үгийг сонсоод сая л бага эгчийнх нь хүүхэд Тамир эгч ирлээ гэж хашгираад гүйснийг санан эргэж – Иш эмээ минь дээ. Ээж биш би ирлээ шүү дээ. Ганууш харин андуураад гэсээр эмээгээ түшин гэр рүү нь алхав. Эмгэний хоёр хөл сулран түрүүхэн цээжинд нь оволзож байсан тэр их баяр унтран нэг л их хүнд бөглүү зүйл цээжийг нь баглаад авчих санагдан юу ч дуугарсангүй. Гэрт нь ороод эмээгээ орон дээр нь суулгасан Удвал сайн өмгөөлөгчтэй таарсан. Ээжийг нь батлан даалтанд гаргахаар болсон. Насанд хүрсэн хоёр

хүний батлан даалтанд гаргана гэсэн талаар хэлэхэд эмгэн залуу хүн шиг ухасхийн босч гоёлд өмсдөг ганц дээлээ сольж өмсөөд бага охин Цэцэг рүүгээ утасдан бушуухан ирж хүүхдүүдээ хар. Би явлаа гэж хэлээд хэдэн хүүхдүүдээ орхин Удвалыг сугадан гарав. Охиноо батлан дааж тэр муухай газраас гаргана гэхээс эмгэний хөл хөнгөрөн ихэд хурдан шаламгай алхана… за би нь өдрийн цагаар ажлаа амжуулаад орой жаахан эрт ирсэн үедээ чадлаараа бичиж оруулж байгаа шүү. Манайхан жаахан хүлээцтэй байж намайгаа ойлгон чат бичилгүй зохиолоо орохыг хүлээгээрэй. би бас та нарыгаа хүндлээд удаахгүй

оруулахыг хичээж байгаа ч яалт ч үгүй бүр оройтсон үедээ ядраад унтчих юмөө. өнөөдөр гэхэд л хорин нэгэн цаг болж байхад гэртээ ирээд хоолоо идчихээд бичиж эхэлсэн жаахан хэсэг маань одоо л дуусаад оруулж байна шүү дээ. тэгээд байнга дэмжиж урам хайрладаг та нартаа баярлаж байгаа шүү.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…