Home Өгүүллэг “ГЭМГҮЙ ГЭМТНҮҮД” өгүүллэг “1-р хэсэг”

“ГЭМГҮЙ ГЭМТНҮҮД” өгүүллэг “1-р хэсэг”

0 second read
0
1
1,003

Удвал охин энэ жил арван хоёрдугаар ангиа төгсөнө. Аав нь хүндээр өвчлөөд нилээд хэдэн жил болсон тул сургуулиа төгсөөд Анагаахын их сургуульд орно. Эмч болоод аавынхаа өвчнийг илааршуулна гэх

зорилго өмнөө тээн өглөө эртлэн босоод долоон цагтай уралдан сургууль дээрээ ирж шалгалтандаа бэлдсээр хэдийнээ хэвшил болжээ. Угийн сэргэлэн цовоо тэрээр хичээл сурлага, урлаг, спорт гээд ангидаа

толгой цохих тэргүүний охидын нэг. Царай зүс, биеэ авч яваа байдал, өмссөн хувцас зэргийг нь харвал баян тансаг амьдралтай айлын эрх охин мэт харагдавч амьдрал дээрээ тэс өөр. Ээж нь томоохон

худалдааны төвд үйлчлэгч хийдэг, аав нь элэгний хавдар өвчний улмаас хэвтэрт ороод удаж буй. Удвал доороо таван настай, арван таван настай эрэгтэй эмэгтэй хоёр дүүтэй. Ээжийнх нь цалин аавынх

нь эмчилгээ, өдрийн зээлний хүү, хоол хүнс гээд амьдралдаа хүрэлцэхгүй тул охин хичээлийн хажуугаар оёдлын үйлдвэртэй гэрээ хийн гэрээрээ бэлэн бүтээгдэхүүний цэвэрлэгээ хийж хир таарсан

хөөрхөн мөнгө олчихоно. Түүний хурдан шаламгай, ажилдаа нямбай занг үйлдвэрийн захирал эмэгтэй ихэд үнэлнэ. Охин үйлдвэрээс гарсан илүүдэл даавууны өөдөс зэргийг ашиглан өөртөө болон дүүдээ хөөрхөн хувцас урлаад өмсчихдөг байв. Хэдий ядруу амьдралтай айлын том охин ч гэлээ түүнд цаанаасаа заяасан гэмээр толгой дээгүүр эрхэмсэг бардам зан бий. Тэрээр урьдын адил өглөө эртлэн боссон ч яаран сургууль руугаа явж чадалгүй байсаар хичээлийн хонх дуугарахтай зэрэгцэн арайхийн амжиж оров. Ээж Тамир нь шөнө гэртээ ирж хоноогүй тул охин ийнхүү саатжээ. Эхний цагийн хичээл түүний хамгийн дуртай химийн хичээл байсан ч охин хичээлдээ төвлөрч чадсангүй. “Ээж минь яагаад гэртээ ирж хоносонгүй вэ? Ямар нэгэн муу зүйл болоогүй л байгаасай” гэсэн бодол толгойд нь

эргэлдсээр арайхийн хичээлийн нэг цагийг өнгөрөөж эхний цагийн завсарлага болонгуут найз Жаргалынхаа утсыг гуйн ээж рүүгээ залгасан ч гар утас нь холбогдсонгүй. Ямар нэгэн муугийн совин татан охин хичээлдээ төвлөрч чадахгүй л суув. Дөрөвдүгээр цагийн хичээл орж байтал ангийнх нь хаалгыг хэн нэгэн тогшсоноо – Сайн байна уу? Багшаа. Энэ ангид Удвал гэж байдаг уу гэсээр нилээд түрэмгий байрын ганган цагаан эмэгтэй багшийг хариу ч хэлэх завдал өгөлгүй ороод ирэхэд Удвал ихэд гайхан харав. Дээр гэрт нь ирээд ээжээс нь мөнгө нэхэн гэрийг нь түйвээгээд явсан галзуу эмэгтэй байсанд охины царай барайн доош тонгойн суув. – Тиймээ. Тэр сууж байна. Та юун хүн билээ. Багшийн асуултаа ч дуусгаж амжаагүй байтал мөнөөх эмэгтэйн харц ширүүсэн Удвалын хажууд дүүлж ирээд – Муу балиар луйварчид. Чиний ээж чинь миний мөнгийг луйвардаж авчихаад хичнээн удаж байгааг мэдэж байна уу. Өө хө та нар хар даа. Энэ луйварчингийн зулбасгыг. Ямар дэгжин луйварчин бэ чи. Эх чинь тэнд луйвар хийж

мөнгө олоод тэрүүгээр нь чи энд гангалж суудаг. Хэн бэ? чи хэмээн хашгичсаар охины өчигдөрхөн оёж өмссөн гоёмсог цэнхэр хантаазтай, толийтол индүүдсэн цагаан цамцных нь захнаас хоёр гараараа заамдан чирэхэд эмэгтэйн гарын аясаар цагаан цамцных жижигхэн товчнууд ханз татагдан энгэр цээж нь тэр аяараа задгайрав. Эмэгтэйг тйим зүйл хийнэ чинээ санаагүй байсан багш эмэгтэй гарнаас нь зууран ноцолдож улам уурлан улангассан эмэгтэй охины нүүрийг хэгз хэгз маажлан үснээс нь зулгаан сэгсчинэ. Ангийнх нь хүүхдүүд салгахыг хичээн тал талд нь овоорч бөөн шуугианаар орж ирсэн жижиүүр багш арайхийн үймээнийг дарж эмэгтэйг ангиас хөөн гаргаад Удвалыг сургуулийн эмчийн өрөөнд хөтлөн оруулав. Булбарайхан цагаан хацар дээр нь эмэгтэйн урт хумсаар маажилсан

гүнзгий шарх гарч шархан завсраар нь цус дусална. Цамц нь юу ч үгүй урагдан сйичигдэж хуйх нь хорсон өвдөнө. Цээжинд нь тэр гэхийн тэмдэггүй гомдол үерлэн уйлсаар үг ч дуугарах тэнхэлгүй болтлоо бахардсан Удвалд тайвшруулах тариа хийн хэвтүүлсэн сургуулийн эмч охины биед гэмтлийн акт тогтоогоод захирал багшийн өрөөнд ороход мөнөөх эмэгтэй хий нь гарсан гүзээ шиг шалчийн худал инээмсэглэн зусардаж, захирал багш цагдаа дуудсан бололтой эргүүлийн хоёр цагдаа ирсэн зохицуулалт хийж байлаа… Жилийн өмнө ээж Тамир нь тус худалдааны төвдөө үйлчлэгч биш эмэгтэй бэлэн хувцасны томоохон дэлгүүр ажиллуулдаг байв. Гэтэл нөхөр Ганбат нь хагалгаанд орох болсон тул гэнэтийн зүйл болж их хэмжээний мөнгөний эрэлд гарсан Тамир мөнгө хүүлэгчээс өдрийн хүүтэй мөнгө зээлэн барьцаанд нь дэлгүүрээ тавиад алдчихжээ. Ингээд ажилгүй орлогогүй болсон тэрээр гуйж байж худалдааны төвдөө үйлчлэгчээр үлдсэн нь тэр байв. Өдөр тутам тавин сая

төгрөгний хүү төлнө гэдэг маш хэцүү. Олсон мөнгөө тэр чигээр нь өгөвч зээлсэн мөнгөнөөсөө биш хүү нь төлөгдөж явсаар сүүлдээ барааны эргэлт хийх мөнгө ч үгүй, зарж өгөх бараа ч үгүй болж дэлгүүрээ тэр чигт нь өгөөд ч өнөөх мөнгөнөөс нь гавьтай хасагдаж шальсангүй. Дээр нь өвчтэй нөхөр, сургуулийн насны гурван хүүхэдтэй эмэгтэйд амьдрал улам л хэцүү хатуу болж байлаа. Худалдааны төвд үйлчлэгч хийснээс хойш өдрийн хүүгээ ч өгч чадахаа больж арван таван хоногт гар дээр нь ирэх багахан цалингаас өчүүхэн хэсгийг нь гэрийнхээ хэрэгцээнд авч үлдээд бусдыг нь зээлэндээ хийдэг ч мөнгө хүүлэгчийн мөнгөний хүү улам л ихсэн өр нь нэмэгдсээр байлаа. хэрэв Тамир арилжааны банкнаас ч юмуу банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан бол мөнгөнийхөө барьцаанд алдсан дэлгүүр нь өрийг нь тэр чигээр нь дарж цаана нь түүнд

багахан ч гэлээ эргэлтийн мөнгө үлдэх байв. Гэтэл гэнэт гарсан их мөнгөний гачигдал, яаруу хэрэгцээ түүнийг банкнаас бус хувь хүнээс их хэмжээний өндөр хүүтэй мөнгө зээлэхээс аргагүйд хүргэж амьдралыг нь орвонгоор нь эргүүлнэ чинээ хөөрхий эмэгтэй яахин мэдэх билээ. Иргэд хичнээн худалдаа арилжаа хийдэг ч санхүүгийн боловсрол муугаас ийнхүү хэсэг бүлэг мөнгө хүүлэгчдийн олз болдог аж. Тамирт мөнгө зээлүүлсэн Туяа хүүхэн түүнээс өдөр тутам зээлүүлсэн мөнгөнийхөө нэг хувийн хүү болох таван зуун мянган төгрөгийг бүтэн зургаан сарын турш өдөр бүр авсан ч гэрээнд заасан хугацаандаа үндсэн мөнгөө эргүүлэн төлөөгүй тул түүний мөнгөний барьцаанд тавьсан ганц амин зуулга болсон дэлгүүрийг нь хорьхон сая төгрөгөнд бодон авч, түүгээр ч үл барам үлдсэн гучин сая төгрөгнийхөө нэг хувийн хүүг өдөр тутам бодсоор үлдсэн зургаан сар

гарны хугацаанд хөөрхий бүсгүйг асар их мөнгөний өрөнд оруулж орхив. Эмэгтэй учир зовлонгоо хэлэн өчнөөн гуйсан ч их мөнгөний амтанд нэгэнт орсон хүнд хүний зовлонг ойлгох өчүүхэн ч сэтгэлийн хэлтэрхий үгүй болдогийг яс махандаа шингэтэл ойлгожээ. Өдөр бүр ажил дээр нь ирж мөнгөө нэхэх Туяа Тамирыг одоо амьдарч байгаа хашаа байшингаа өгөөд өрнөөс сал гэсэн боловч хүнд өвчтэй нөхөр, сургуулийн насны гурван хүүхдээ дагуулаад очих газар, орох орон байхгүй бүсгүй зөвшөөрөөгүй тул Туяа цагдаагийн хэлтэст гомдол гарган Тамирт зээлүүлсэн мөнгөний гэрээг хавсралт болгон өгөхдөө Тамирын төлсөн мөнгөний баримт түүнээс авсан дэлгүүрээ огт тусгасангүй. Туяад дан бэлэн мөнгөөр хүү төлдөг байсан тул Тамирт тийм мөнгө өгсөн гэх ямарч баримт баталгаа байсангүй тул түүнд залилан мэхлэх гэмт хэргээр эрүү үүсгэн эмэгтэйг ар гэртэй нь ч холбоо бариулалгүй Ганц худаг хэмээх урьдчилан хорих төвд

хүргүүлжээ. Туяа өдрийн цагаар Тамирын ажил дээр очин мөнгөө нэхдэг байснаа тэр өдөр ирээгүй тул Тамир жаахан ч гэсэн санаа амран гэртээ харьжээ. Том охин нь ээжийнхээ ядаргааг тайлна гээд сайхан банштай цай хийж, нөхрийнх нь өвдөлт арай бага байгаа бололтой өндийн суугаад яриа өрнүүлэн, хоёр бага хүүхэд нь цаад өрөөндөө шагай өрөн тоглоод гэр бүлийн тайван жаргалыг мэдрэн сэтгэл тэнүүн суутал хашааны хаалгыг нь хэн нэгэн пижигнэтэл нүдэхэд ихэд гайхсан Удвал гарч гүйв. Ганган дэгжин хувцасласан Туяа хаалга нээгдэвүү үгүй юу дайран орж ирэхэд ихэд сандарсан Тамир босч зогсоод бөнжигнөтөл чичирч байв. зориуд Тамирын гэртээ амрах цагийг тааруулан гэрээн дээрх иргэний үнэмлэхний хаягаар гэрт нь ирсэн Туяа Тамирын айж мэгдсэн царайг хараад бах нь ханасан хүний ихэмсэг байдлаар цэмбийтэл цэвэрлэсэн шалан

дээгүүр нь гуталтай хөлөөр туучин буйдан дээр очиж суухад Тамир салгалж чичирхийлсэн гараар цай аягалан барив. Эмэгтэй ээжийнх нь өөдөөс нь хямсалзан – За энэ цай май ч яахав. Би мөнгөө авмаар байна. Хүний мөнгө авчихаад өчнөөн удааж байж ичдэггүй хүн юмаа чи. – Үгүй эгч минь та ойлго л доо. Та харж байгаа биз дээ. Хань минь хүнд өвчтэй хэвтэрт байна. би ажил хийгээд чадлаараа л таньд өгч байгаа шүү дээ. – Хмм. Чадлаараа гэнэ шүү. Ямар их мөнгө авсанаа мэдэж байна уу чи. Чиний тэр өгсөн өчүүхэн мөнгө чинь нэг хувьд нь ч хүрэхгүй ойлгож байна уу чи. Эмэгтэйн дуу ширүүсэн цаанаа нэг дээрэлхэнгүй хандана. Гал дээр хоол даргилан буцлахад Удвал гаргахаар очив. – Үгүй ерөө. Хүний мөнгө өгөхгүй байж бас банштай цай чанаж иднэ гэнээ. Гэтэл би чамаас болж хоосон хонох гэж байна. ойлгож байна уу чи. Миний хүүхдүүд тэнд өлсч байна. Гэтэл чи чинь

харин жигтэйхэн том хашаатай сайхан байшинд сэтгэл амар тарвалзаж, бууз банш чихэж хэвтдэг юм бишүү. Арчаагүй муу луйварчин. Аль тэр мөнгө өгөөдөх өө. Чам шиг луйварчид хүний юм луйвардаж авчихаад ингэж сайхан амьдардаг байхгүй юу. Адгийн муу луйварчин. Луйвардсан мөнгөөрөө ар гэрээ тэжээдэг юм байна л даа. Өшөө хичнээн хүнийг ингэж луйвардсан бол доо чи. Пий энэ хүүхдүүдийнх нь байж байгааг. Бүр нэг бод идсэн боохой шиг. Гүй энэ ганган дэгжнийг нь яанаа. Танай ээж чинь хүн луйвардаж та нарыг гангалдаг юм мэдэх үү та нар… Эхнэрийг нь элдвээр хараан доромжилж сүүлдээ бүр үр хүүхэд рүү нь үсчих ганган эхнэрт ихэд дургүйлхсэн аав нь – За эмэгтэй минь наад дуугаа аядаж үз. Харуй бүрий болж байхад айлд орж ирчихээд аяга цайны амсар зуулгүй

хэрүүл хийгээд нялх нойтон хүүхдүүд айлгаад та чинь яасан Монголоо алдсан хүн бэ? тэгээд ч миний эхнэр луйварчин биш. Жинхэнэ луйварчин гэвэл та өөрөө байна даа. Хүү гэж өчнөөн мөнгө авчихаад дээрээс нь бүхэл бүтэн дэлгүүр бараатай нь авчихаад одоо биднээс ву авах гээ вэ? Яасан барагдаж ханадаггүй өр гэхээрээ тийм байдаг юм хэмээн ихэд чадал гарган хэлээд амьсгаадан унахад авгайн нүд улаанаараа эргэлдэн – Юу гэнээ муу луйварчид. Эр эмгүй сурчихсан луйварчид байна л даа гэж хашгичсан авгай түрүүхэн гал дээрээс гаргасан тогоотой хоолыг өшигчин унагаж Тамирын өмнө нь тавьж өгсөн тавагтайг авч шидлэн ээж рүү нь дайрч давшлахад Удвал ээжийгээ өмөөрөн цагдаа дуудсанаар тэр оройн хэрүүл өндөрлөжээ. Туяа урд нь өөрөөс нь зээл авсан өчнөөн айлыг ийнхүү түйвээж доромжлоход ихэнх айлын охид хүүхдүүд уйлалдан юу ч хийж

чадалгүй дээрэлхүүлж үлддэг бол Удвал тэгсэнгүй. Удвалын биеэ даасан байдал, цаанаа эрхэмсэг бардам төрх, дүү нараа удирдан дагуулж, бие даан шийдвэр гаргаж буй нь Туяагийн дургүйг цаанаасаа л хүргэнэ. “Үгүй ерөө. Ээж нь ийм нунж дорой. Аав нь тийм үхлүүт ядруу хүмүүсээс яахаараа ийм ухаалаг хэрсүү хүүхэд төрдөг байнаа. Уг нь надад заяасан бол сайхан амьдрах тавилантай хүүхэд байж. Даанч аз дутахад адгийн муу луйварчин Тамирт төрж дээ. Гайгүй дээ чи. Надтай тэрссэнийхээ хариуг амсанаа” хэмээн хөмхийгөө зууж явав. Тамирын амьдарч буй хашаа байшин Туяагийн шуналыг гойд хөдөлгөх тул ерөөсөө л айлгаж дарамталж байгаад хашаа байшинг нь өрөндөө авъя. Угаасаа хашаа байшингаас өөр өгөх зүйлгүй гуйлгачин ядуу хүүхэн миний өлмийд сөхрөөд өөрөө надад өгөх байлгүй гэж бодсоор бодсоноо ажил болгохоор санаа шулууджээ. Гэвч Тамирт санаагаа хэлтэл зөвшөөрөөгүй тул төрсөн ах, дүүргийн

цагдаагийн хэлтсийн эдийн засагтай тэмцэх гэмт хэргийн мөрдөн байцаагч хошууч Галттай уулзахаар явав. – Сайн байна уу? Ахаа гэсээр инээд мэлтэлзүүлэн орж ирсэн дүүгээ ихэд уриалгахан хүлээн авсан Галт – Сайн сайн уу дүү минь. Үгүй миний дүү чинь турчихаа юу даа гэсээр очиж хацар дээр нь үнсвэл – Харин тиймээ ахаа. Дүү нь бүр балраад байнаа. Нэг балай хүүхэнд баахан мөнгө зээлдүүлээд. Тэгсэн нөгөө хүүхэн чинь мөнгө байтугай хүүг нь ч өгдөггүй. Би өөрөө бүр баахан өрөнд орчихлоо. – Үгүй би чамд мөн ч их хэлдэг дээ. Битгий хүн их хэмжээний мөнгө өндөр хүүтэй зээлүүлж бай гэж. Урд бас яалаа чи. Мартаагүй биз дээ. Тэр хэргээс чинь болж би хүртэл ажлаа өгөх дээрээ тулж байсан байхаа. – За агаа. Тэгээд л муу дүүгээ загнадаг юм. Би бүр балраад байнаа. Тэр муу өөдгүй хүүхэн хүнээс баахан мөнгө авчихаад намайг бүр удам судраараа луйварчин гэж загнаж байгаа юм даа. Бүр

цайчихсан хүүхэн байна лээ. Та жаахан айлгаад надад хашаа байшинг нь аваад өг л дөө ахаа. – Чи одоо дандаа ингэж амьдарна гэж байхгүй шүү нөхөр минь. Хэдэн амьтныг орох оронгүй болгох гэж яваа бол доо чи. – Үгүй ээ ахаа тэр хүүхэн бүр аймаар зэвүүн хүүхэн байхгүй юу. Тэр надаас зээлсэн мөнгөө өөр юманд ашиглаад аягүй баяжчихсан байхгүй юу. Тэгээд муу дүүг чинь хань ижилгүйгээр нь далимдуулаад нөхөртэйгөө нийлээд элдвээр хэлээд, үгүй тэр том охин нь хүртэл өөрөө тогоотой хоолоо цацчихаад цагдаа дуудаж намайг гэрээсээ хөөж байгаа юм даа. Намайг ямар өмөөрөөд очих хань ижил байх биш. Тэрийг минь мэдээд үнэн дээрэлхэж байгаа байхгүй юу. Нөхөр нь хүртэл намайг элдвээр доромжлоод бүр барьж авч цохисон ш дээ ахаа. Та намайг худлаа ярьж байна гэвэл эргүүлийн цагдаагаасаа асуу л даа. Тийм дуудлага айл өгсөн үү гээд Туяагийн нүдэнд нулимс цийлэгнэн үнэмшилтэй нь аргагүй жүжиглэхэд төрсөн дүүгээ өмөөрсөн ахын

царай барсхийгээд явчихав. – Тэгээд би таныг зорьж ирэхээс өөр яах юм бэ ахаа. Төрсөн ганц дүүгээ ингээд хүнд дээрэлхүүлж доромжлуулж явахад та өмөөрөхгүй юм уу Туяа ахынхаа эмзэг газрыг олж хатгаснаа улам бүр лавшруулан багынх шигээ эрхлэн уруулаа унжуулж хуруу гараараа оролдон доош харахад төрсөн ганц дүүдээ итгэсэн Галт хошууч дүүгээрээ хохирогчийн өргөдөл бичүүлж гомдол гаргуулаад Тамирт эрүү үүсгэн шалгахаар прокурорт хүсэлт оруулж зөвшөөрүүлээд ийнхүү Тамирыг шалгах нэрээр баривчлан саатуулжээ. Түүнд зээлүүлсэн тавин сая төгрөгний хүү нэмэгдсээр

зуун хорин сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан байлаа. Төрсөн ахдаа Тамирыг даатгасан Туяад түүний том охин Удвалын бардам ихэмсэг зан бодогдон зэвүү нь хүрсээр байсан тул арван найм ч хүрээгүй жаахан охиныг чадахаар сургууль дээр нь очин баахан үймээн дэгдээсэн нь тэр байв…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…