Нүүр Өгүүллэг “ХАЙРЛУУЛАХ ХУВЬГҮЙ НЭГЭН” өгүүллэг “9-р хэсэг”

“ХАЙРЛУУЛАХ ХУВЬГҮЙ НЭГЭН” өгүүллэг “9-р хэсэг”

0 секунд уншина
0
0
464

Амьдралын их далайд хөл тавьсан оюутан залуус хүсэл мөрөөдлийнхөө төлөө шамдан суралцахын хажуугаар олон шинэ найз нөхөдтэй болж, зарим нь хайр дурлалтайгаа учрах нь ч бий. Ялангуяа

шинэхэн оюутнууд дөнгөж насанд хүрээд удаагүй байдаг учраас найз нөхдөөрөө нийлж дарвин зугаа цэнгэл хөөх нь олонтаа. Зарим нь хүнтэй үерхэж болзоонд гүйнэ, зарим нь зөвхөн хичээлдээ л анхаарч

шоу цэнгээнээс зугтана, мөн хичээлийнхээ хажуугаар ажил хийж эцэг эхийнхээ ачаанаас хөнгөлдөг мундаг хүүхдүүд ч бий. Аль алиныг нь амжуулдаг сэргэлэн толгой ч цөөнгүй. Харин Цанлиг, Гэгээ хоёрын

хувьд насанд хүрч их сургуульд элсэн орсон ч арван жилийнх шигээ л сургууль, номын сан, гэр гэсэн зарчим нь огтхон өөрчлөгдсөнгүй. Харамсалтай явдлаас хойш Гэгээ зожиг болсон, Цанлиг угаасаа

Гэгээгээс өөр хүнтэй харьцах ч дургүй болохоор тэр хоёр бусадтай нийлэхгүй хоёулаа л үргэлж хамт явж харагдана. Анагаахын сургуульд хөвгүүд цөөхөн болохоор Цанлигт нэн таатай. Гэвч тэр

цөөхөн хөвгүүд дундаас хараа булаам сайхан төрсөн Гэгээг маань шохоорхох залуус гарч ирэлгүй л яахав. Гэгээг дахиад хэн нэгэнд сэтгэл алдрах вий гэсэн айдас Цанлигын дотор үргэлж байсаар, бусдаас харамласаар. Гэхдээ тэр шал дэмий айдас тээж байлаа. Анхны хайраа аймшигтайгаар алдсан нь Гэгээд хүнд цохилт болсон болохоор түүний сэтгэл зүрх ойрын хэдэн жилдээ өөр нэгнийг хүлээж авч чадахааргүй гэмтсэн байсан юм. Хичнээн царайлаг, нуруулаг сайхан залуу өөрийг нь эргүүлсэн ч тэр тоож ч харахгүй, өчүүхэн төдий ч шохоорхдоггүй, догдолдоггүй болчихжээ. Туяа эсэн мэнд амаржиж хөөрхөн охинтой болсон бөгөөд нөхөр нь Солонгост ажиллахаар явсан

билээ. Гэгээг инээлгэж чаддаг ганцхан хүн нь Туяагийн бяцхан охин Энэрэл болж Гэгээ орой гэртээ ирээд л түүнтэй зууралдан гунигаа мартана. Нэг нь буцахдаа уйтгар гуниг үлдээгээд явдаг бол нөгөө нь мэндлэхдээ баяр хөөр дагуулан ирдэг нь ертөнцийн жам юм даа… Өөрийг нь гэх залууст Гэгээ огт нүүр өгөхгүй болохоор Цанлигт ч дайсан гарч ирэхгүй амар тайван цаг хугацаа өнгөрсөөр удалгүй сургууль даяар Цанлиг, Гэгээ хоёрыг үерхдэг гэсэн цуу яриа таржээ. Энэ яриа Цанлигт таалагдаж битүүхэн баяртай байсан бол Гэгээд харин ямар ч хамаа байсангүй. Залуус тэгж ойлгоод өөрт нь ойртохгүй байх нь түүнд амар санагдаж хэнд ч ямар ч тайлбар хийсэнгүй. Шалгалт шүүлэг, бие даалт гээд л завгүй өдөр хоног, сар жилүүд урссаар. Цанлигын амьдралд ямар ч онц гойд зүйл тохиохгүй,

өдөр бүр яг л ижилхэн өнгөтэй. Гэгээ тэр хоёр хичээлийн талаар л хоорондоо ярихаас өөр зүйл бараг л ярихгүй. Өөр хүн байсан бол энэ харьцаа, ийм амьдрал ямар ч утгагүй, дэндүү уйтгартай санагдмаар. Гэвч Цанлигын хувьд анхнаасаа л амьдрал утгагүй байсан болохоор ийм л байх ёстой юм шиг, ингээд Гэгээг хэнд ч өгөхгүй хажууд нь манаад л байж байвал болох юм шиг бодогдоно. Шөнө бүр Цанлигын зүүдэнд Цогтоо ирдэг байв. Хамгийн сүүлд харахад ам, хамраас нь цус садарчихсан байсан яг л тэр чигтээ, аниастай байсан нүдээ нээгээд түүн рүү ширтээд л…ширтээд л… Тэр гунигтай харцанд нь Цанлиг жихүүцэн хамаг бие нь зарайж түүнийг алсандаа харамсан уйлж байна гэж зүүдэлдэг ч сэрэнгүүтээ л шал өөр болчихно. Үхсэн хойноо ч зүүдэнд нь ирж тамлаад байгаа Цогтоог үзэн ядаж, зүүдэндээ харуусан

уйлж байсан өөрийгөө гайхдаг байв. Тэр зүүдэнд уйлаад байсан Цанлиг өөрөө биш ч юм шиг… Иймэрхүү байдлаар бараг жил гаран яг л энэ зүүдээ зүүдэлж байгаад нэг л шөнө гэнэтхэн зүүдлэхээ больчихжээ. Тэгсэн чинь нэг л сонин оргиод, зүүдээ үгүйлээд байгаа ч юм шиг, тэр зүүдэнд уйлж суугаа Цанлигыг дахиад хармаар санагдаад хэсэгтээ л эвгүй. Сэтгэл дотор нь болж буй энэ хачин сонин мэдрэмж, бодлуудыг тэр бүр ойлгохоо ч больж аль болох юм бодохгүйг хичээх болжээ. Нөгөө талд Гэгээ охин ч бас сэтгэл гутралтайгаа аль чадахаараа тэмцэлдэж байв. Гэртээ ирэхээрээ бяцхан Энэрэлийг эрхлүүлэн инээж хөхөрч энгийн байдаг болсон болохоор ээж, эгч хоёр нь түүнийг зүгээр болчихож гэж бодон санаа амарцгаажээ. Гэвч

үнэндээ охин огтхон ч зүгээр биш байлаа. Хайр дурлал түүнд анх ирэхдээ хязгааргүй их жаргалыг мэдрүүлсэн ч хагацал гэдэг түүнээс илүү шаналал үлдээдгийг хөөрхий охин яаж мэдэх билээ. Хоолоор дүүрэн байсан ходоод хоосрохоороо өлсөж хямардагтай адил хайраар дүүрэн байсан зүрх нь хоосроод хямарчихсан, түүнийг нь эмчлэх хэн нэгэн хэрэгтэй байв. Ийнхүү зожиг, даруу хоёр найз маань хичээлээс гадуурх баяр наадам, шоу цэнгээнээс хол, шинэ найз нөхөд ч үгүй, гэнэтийн учрал, адал явдалгүй бүхэл бүтэн дөрвөн жилийг ардаа орхилоо. Цанлиг дарааллан дөрвөн жил төрсөн өдрөө тэмдэглэсэнгүй. Түүний төрсөн өдрөөр Цогтоо өнгөрсөн болохоор Гэгээ ирэхгүй нь ойлгомжтой, тэгээд л тэмдэглэхээ больжээ. Цастай, бороотой, нартай

олон олон өдрүүдийг тэд ном шагайсаар барав. Хэн хэн нь хорьж болохгүй хорин насыг дайраад өнгөрсөн ч нөгөө л хаагдмал, хичээлээс өөр зүйл сонирхдоггүй робот шиг хэвээрээ. Тэд бүр нэг ч удаа кино театр, цэцэрлэгт хүрээлэн ороогүй гээд л бод. Хайран ч залуу нас… Туяагийн нөхөр Солонгосоос ирж тэд тусдаа гаран нүүж байранд орсноос хойш Гэгээ ээжтэйгээ хоёулхнаа хоцров. Ганц баяр баясал Энэрэл байхгүй болохоор хэн хэн нь жаахан гунигтай л байлаа. Энэ хугацаанд Гэгээ хэн нэгэнтэй дотносоогүй учир Цанлигт хүний амь хороох шаардлага гараагүй гэхэд болно. Алчихмаар санагдтал уурыг нь хүргэх хүн ч азаар таарсангүй. Цусанд нь буцлаад байсан хүн хороох нөгөө их садист гаж хүсэл нь гэнэт гарч ирсэн шигээ гэнэт алга болчихов уу гэлтэй, Алимааг, Цогтоог яаж хөнөөснөө ч бараг мартаж

эхэлжээ. Цаг хугацаа Гэгээгийн сэтгэлийн шархыг бага багаар эмчилсээр гуньж гутрах нь багассан ч гэсэн хэдэн жилийн өмнөх сэргэлэн цовоо охин ор сураггүй. Хааяа Цогтоог боддог, үгүйлдэг нь хэвээрээ ч тэр бүртээ уйлахаа больжээ. Одоо бол тэр хэн нэгнийг хайрлахаас, хэтэрхий их хайрлачихаад түүнийгээ алдаж шаналахаас айж байлаа. Харин Цанлиг зүүдэндээ Цогтоог хардаг байснаа больсноос хойш Гэгээг ихэвчлэн зүүдэлдэг болов. Ингэх нь ч аргагүй. Тэр орондоо хэвтээд унтахаасаа өмнө Гэгээтэй хамт нэг оронд байгаагаар төсөөлөн боддог зуршилтай болсноос үүдсэн биз. Сургуульд нь тэр хоёрыг үерхдэг гэж цуу гарч, түүнийг сонсоод Гэгээ дургүйцсэн шинжгүй байснаас хойш өөрсдийгөө илүү дотно болсон мэт мэдрэмж Цанлигт төржээ. Түүнээс гадна жил ирэх тусам

Гэгээгийн бие галбир улам эмэгтэйлэг, үзэсгэлэнтэй болж Цанлиг түүнийг зүгээр л хараад байхаас илүүтэй түүнд хүрэхийг, энхрийлэхийг илүү их хүсдэг болов. Бодит амьдрал дээрээ Гэгээг үнсэхийг, тэврэхийг, түүнтэй хурьцал үйлдэхийг дэндүү их хүсдэг ч тийм боломж байхгүй учраас бодолдоо төсөөлж гар хангалга хийсээр түүндээ бараг донтсон гэхэд хилсдэхгүй. Сүүлдээ Гэгээтэй унтаж байгаагаар зүүдлэн өглөө нь нойтон, жаргалтай сэрдэг болоод уджээ. Шөнөжин зүүдэлж хоноод өглөө нь түүнтэйгээ уулзахаар шууд л тэвэрч аваад үнсмээр санагдана. Гэвч тэгэх л юм бол Гэгээг үүрд алдахаа мэдэж байгаа болохоор хүсэл тачаалаа арайхийн хорьж байлаа. Анагаахын сургуульд суралцах, тэр тусмаа эмчийн мэргэжлээр суралцана гэдэг хэцүү даваа. Тэд бүтэн дөрвөн жил сурсан ч дахиад цаана нь дөрөв, таван жил дутуу. Энэ жил тэд өөр өөр

эмнэлэгт хуваарилагдан дадлага хийж байгаа билээ. Цанлиг анх энэ мэргэжилд огт сонирхолгүй зүгээр л Гэгээтэй хамт байх гэсэндээ сонгосон бол ажлын талбар дээр дадлагажих болсноос хойш огт өөр болжээ. Гэгээ тэр хоёр өөр өөр эмнэлэгт хуваарилагдсанд Цанлиг жаахан дургүй байсан ч Гэгээг өөр хүн хартай дотносохгүй гэж итгэж байсан болохоор нэг их санаа нь зовдоггүй байлаа. Гэгээ ч бас тэр эмнэлэг дээр хэн нэгэнтэй учирна гэж төсөөлөөчгүй байсан биз. Гэхдээ учрах ёстой хүмүүс учрах л ёстой байдаг шүү дээ… …Саяхан магистраа төгссөн цоо шинэхэн эмч Ариунбаяр гэх залуу нэгэн томхон хувийн эмнэлэгт ажилд ороод удаагүй ажээ. Ариунбаяр бол сэхээтэн айлын ганц хүү. Аав ээж нь алдартай эрдэмтэд бөгөөд анх нэг гэрт орсноос

хойш ажил ажил гэж завгүй явсаар нас хэлбийх үедээ ганц хүүтэй болсон нь Ариунбаяр буюу Баяраа юм. Гурван жил үерхсэн найз бүсгүйдээ араар тавиулж салсан Баяраа дахин хүнтэй үерхэж болзолгүй эрдэмд шамдан гон бие гозон толгой явсаар хорин найм хүрчээ. Хэтэрхий гэнэн, сайхан сэтгэлтэй, тэр хирээрээ эмзэг нэгэн болохоор өмнөх найз бүсгүйдээ гомдож дахин эмэгтэй хүнтэй мөддөө дотносохгүй гэж бодож байсан ч эмнэлэг дээр Гэгээг хараад л шууд дурлачихлаа. Гэгээ ч бас Ариунбаярыг хараад харцаа салгаж чадалгүй хэсэг хөшиж орхив. Учир нь Баяраагийн царай, биеийн өндөр, үсний засалт нь хүртэл Цогтоотой дэндүү ижилхэн аж. Хэрвээ Цогтоо амьд мэнд байсан бол өдийд ийм л сайхан залуу болчихсон байх бизээ.

Анхны хайрынх нь эзэн ялимгүй нас нэмчихсэн цагаан халаадтай өөдөөс нь хараад зогсож байх шиг… Энэ олон жилийн дараа зүрх нь ахин нэг удаа хүчтэй цохилон догдлохыг бүсгүй мэдрэв. Энэ хүн Цогтоо биш гэдгийг мэдэж байсан ч… Өнөө залуу шууд л өөдөөс нь алхаж ирээд: ~ Сайн байна уу? Өөрөө дадлагажигч эмч үү? гэж эелдгээр асуулаа. “Хоолой нь хүртэл ийм адилхан байх гэж, бурхан минь” хэмээн бодож амжаад Гэгээ толгой дохив. ~ Намайг Ариунбаяр гэдэг. Дотрын эмч… гээд залуу гараа сунгахад Гэгээ манарсан ухаан бодлоо цэгцлэн төв царайлж: ~ Намайг Гэгээ гэдэг. Дадлагажигч эмч хийхээр ирсэн…гээд цааш ярих гэтэл юу ярихаа мэдсэнгүй. Яагаад ч юм энэ залуутай юм яриад л баймаар, хэсэгхэн зуур ч болов царайг нь хараад, хоолойг нь сонсоод зогсмоор… Баяраа ч бас түүнтэй дахиад удаан яриа өрнүүлмээр байвч юу ярихаа мэдэхгүй түгдчин байснаа: ~

Хэрэгтэй зүйл, асуух юм гарвал… би туслаж болно шүү… Танилцсандаа таатай байна. ~ Баярлалаа… Тэгье ээ… баярлалаа… би бас таатай байна гэснээ бүсгүй хацар нь халуу дүүгэхийг мэдрэн бушуухан эргээд цааш алхав. Баяраа түүний хойноос ширтэн зогсохдоо “Гэгээ, Гэгээ… яг л нэр шигээ сайхан бүсгүй юм” гэж амандаа шивнэн хоцорлоо. Тэр өдрөөс хойш Гэгээгийн бодлоос Ариунбаяр гарсангүй. Дахиад хармаар, ярилцмаар тийм нэг хүсэл… Эрэгтэй хүнийг огтхон ч сонирхож харахаа болиод удсан байж гэнэтхэн дөнгөж танилцсан, ганцхан харсан хүнээ бодоод байгаа өөрийгөө гайхна. “Цогтоотой адилхан болохоор л ингээд байх шиг байна…Би ингэж болохгүй” гэж бодсон ч зүрх ямар тархинд захирагдах юм биш дээ, нэг л мэдэхэд харцаараа түүнийг хайчихсан зогсож байдаг болжээ. Ариунбаяр ч бас Гэгээтэй таарах, ярилцах боломжийг алдахгүй. Тэд

өдөр бүр эмнэлэг дээр уулзалдан яриа өрнүүлж, Баяраа Гэгээд мэддэг чаддаг зүйлсээ зааж зөвлөн тусалсаар. Анх хоёулаа юу ярихаа мэдэхгүй сандардаг байсан ч яваандаа нүүр хагаран илэн далангүй яриа өрнүүлдэг, хамтдаа хооллодог болов. Цанлигаас өөр эрэгтэй хүнтэй ингэж ярилцалгүй удсан Гэгээд эхэндээ эвгүй байсан ч дотор хүн нь Баяраа руу татагдаад өөрийгөө сул тавьжээ. Баяраагийн үзэл бодол, тусч зан, цэвэрч байдал гээд бүх зүйл нь Гэгээд таалагдана. Тэр сэтгэл дотроо “Энэ хүнд дурлаж болохгүй” гэж байнга өөртөө захих ч аль хэдийн дурлачихсан байлаа. Өдөр ирэх тусам тэд бие биедээ татагдаж буйгаа мэдрэвч хэн хэн нь яарсангүй. Зүгээр л хамт байхаар нэг л таатай байдаг болохоор тэр сайхан мэдрэмжийг үргэлжлүүлсээр байв. Гэгээ Баяраагийн тухай хэнд ч, дотны ганц найз Цанлигт ч

ярьсангүй. Гэгээгийн гунигтай харц өөрчлөгдөж, инээмсэглэн явдаг болсныг Цанлиг анзаарсан ч хүнд дурлачихсан гэж санаанд нь буусангүй. Сүүлийн үед дадлагажигч эмч хийгээд Гэгээтэй ховорхон уулзаж байгаа болохоор тэрэнд жаахан хэцүү байлаа. Харин шөнө бүр түүнийг нүцгэнээр нь зүүдлэн сэтгэлээ дэвтээнэ. Эрт тарсан үедээ Гэгээгийн эмнэлэг дээр очин тосч гэрт нь хүргэж өгөх ч ихэнхдээ зөрчихөөд урамгүй харьдаг байв. Харин тэр зөрсөн үед нь Гэгээ Баяраагаар хүргүүлэн харьж таарна. Ямартай ч бурхны авралаар тэр хоёрын хамт байгааг Цанлиг харалгүй хэдэн сар өнгөрлөө. Өдөр хоног солигдсоор нэг л мэдэхэд дадлагын хугацаа дуусах өдөр ирж Цанлиг баяртай, Гэгээ гунигтай… Баяраа энэ өдөр зориг гарган Гэгээг анхны

болзоондоо урив. Гэгээ ч дуртайяа зөвшөөрлөө. Маргааш нь амралтын өдөр байсан тул тэд 12оос уулзаж өдрийг хамт өнгөрөөхөөр тохирчээ. Гэгээ тэр шөнө догдолсондоо унтаж чадахгүй хөрвөөсөөр арай гэж үүрээр унтлаа. Цанлиг утас руу нь залгахад л Гэгээ сэрэв. Нүдээ ч нээлгүй утсаа аваад: ~ Байна уу? ~ Байна байна. Сайхан амарсан уу хө ~ Сайхан сайхан. Сая л сэрлээ. Чи сайхан амрав уу? ~ Өө сайхан сайхан хэхэ. Өнөөдөр юу хийх гэж байна даа? ~ Өнөөдөр үү… гээд Гэгээ хэлэх эсэхээ бодон хэсэг эргэлзэж байснаа: ~ Өнөөдөр найз нь болзоотой гээд хэлж орхив. ~ Юууу? Юу гэсэн бэ? Бо…бо..болзоо? ~ Тиймээ. Нэг хүн болзоонд уриад…гэснээ баяртайгаар инээлээ. Цанлиг золтой л хашхирчихсангүй утсаа чанга базлан биеэ барьж: ~ Хөөх ямар сайхан

мэдээ вэ. Хэнтэй тэр вэ? Би таних юмуу? ~ Танихгүй ээ хэхэ. Найз нь удахгүй танилцуулна аа. Дажгүй залуу байгаа… ~ Аан заза. Хэдээс юм бэ? ~ 12-оос гээд Гэгээ өндийн цагаа харснаа уулга алдан : ~ Пөөх 10 өнгөрч байна ш дээ. Би бэлдэхгүй бол амжихгүй нь. За баяртай найз нь дараа ярья гээд утас тасарлаа. Цанлиг орон дээрээ салдархийн унаад: “Бас ямар новш нь гараад ирэв ээ. Би яагаад мэдсэнгүй вэ? Новш новш. Хэр удсан юм бол. Арай Гэгээ тэрэнтэй…арай үгүй байлгүй дээ” хэмээн үглэж үстэй толгойгоо зулгаан сууснаа гэнэт ухасхийн босч хувцаслаад яаран гарлаа. Гэгээ хэдэн жил гоёогүйгээрээ хирдээ л гангалж аваад гэрээсээ гаран автобус буудал руу алхав. Тэртээ булангийн цаана Цанлиг түүнийг хүлээн зогсож байснаа араас нь сэмхэн дагахыг огтхон ч анзаарсангүй… Баяраа болзсон газраа түрүүлж ирчихээд хүлээн зогсоно. Бас л удаан хугацааны дараа бүсгүй

хүнтэй болзож байгаа учраас догдлол, сандрал дүүрэн. Гартаа барьсан цэцгээ байн байн янзлан зогсож байтал Гэгээ ирж яваа харагдав. Өөр лүү нь инээмсэглэн алхаж буй тэр үзэсгэлэнт бүсгүйг хараад түүнд үнэхээр хайртай болчихсоноо сая л бүрэн ухаарч өөрийн эрхгүй “Энэ бүсгүйн дэргэд үүрд хамт байлгаж өгөөч” гэж хэнээс ч юм гуйн амандаа шивнэнэ. Гэгээ алхсаар өөрөөсөө ялимгүй өндөр, цэвэрхэн хувцасласан залуугийн өмнө очин өнөөх нь цэцэг өгч, Гэгээ цэцгийг

үнэрлэн инээхийг нууцаар харсан Цанлиг хумсаа алгандаа шигдтэл атган хөмхийгөө зуужээ. Болзоот хоёр цааш яаралгүй алхангаа хөгжилтэй зүйлс ярьж байгаа бололтой инээх нь сонстоно. Цанлиг яг л хулгайч нохой шиг тэдний араас шиншлэн, архиран дагасаар…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *