Нүүр Өгүүллэг “ХАЙРЛУУЛАХ ХУВЬГҮЙ НЭГЭН” өгүүллэг “8-р хэсэг”

“ХАЙРЛУУЛАХ ХУВЬГҮЙ НЭГЭН” өгүүллэг “8-р хэсэг”

0 секунд уншина
0
0
497

Цанлиг шатаар уруудан яаралгүй алхах зуураа “Гэгээ зөвхөн минийх. Минийх болохгүй юм бол өөр хэнийх ч болох ёсгүй” гэж амандаа дахин дахин үгэлнэ. Орцноос гарч ирээд ийш тийш харвал хэн ч

байхгүй нам гүм. Том том ширхэгтэй нойтон цас малгайлан орсоор. Цанлиг шууд гэр лүүгээ явах гэснээ Цогтоогийн үхсэн царайг хармаар санагдаад болсонгүй тул байрыг тойрон ард нь ирлээ. Цагаан цасан

дунд нэг бөртийсөн хар зүйл хэвтэж буй нь харанхуйд бүдэг бадаг харагдана. Цанлиг ийш тийш хулмалзан хүний чимээ чагнангаа түүн рүү аажуухан ойртон тулж очоод дээрээс нь тонгойн харав. Нүүр

биеийг нь аль хэдийн цас дараад эхэлчихэж. Дагзаараа газар савж унасан бололтой, ам хамраас нь цус гоожиж, толгой доор нь нэлийсэн их цус цасанд шингэн уусч байлаа. Хэнд ч гэм хор хийгээгүй сайхан

сэтгэлт энэ хүү зүгээр л хүнд хайртай болсныхоо төлөө, хайрлуулсныхаа төлөө энэ хорвоог орхин одсон нь гунигтай яа. Аль хэдийн амьсгал хураасан Цогтоо руу Цанлиг өнөө л үзэн ядсан

харцаараа ширтэн хэсэгхэн хором зогсож байгаад томдсон савхин бээлийтэй гараа халаасандаа шургуулган бөгтийсөөр том том алхан тэндээс холдов. Хүзүүнд нь саяхан хүн боомилсон сайхан үнэртэй ороолт намиран хийсч харагдана… Маргааш өглөө нь Цанлиг яг л босдог цагтаа босч өглөөний цайгаа уугаад хичээлдээ явлаа. Цас шөнөжин зогсолтгүй орсон бололтой газар дэлхий тэр чигтээ цавцайран цайж нүд гялбуулна. Цанлиг шагайгаар татсан их цасыг туучин сургууль руу алхахдаа “Түүний бие одоо цасанд бүрэн дарагдаж харагдахгүй болсон байх даа, тэр чигтээ хэзээ ч олдохгүй газарт шингээсэй. Дахиж тэр новшийг харахгүй гэхээр сайхан байна

шүү” гэж бодов. Гэгээ саяхан ирсэн бололтой дөнгөж суудалдаа сууж байснаа Цанлигыг хараад нүүр буруулан цүнхээ ухав. Охин уг нь түүнийг хараад дандаа л инээмсэглэн гараа даллаж угтдагсан… Цанлиг харин юу ч болоогүй мэт дэргэд нь очин суухдаа “Сайхан амарсан уу” гэж ердийнхөөрөө мэндлэхэд Гэгээ сулхан дуугаар “Сайхан, чи сайхан амарсан уу” гэж хариулсан ч түүн рүү харсангүй номоо дэлгэн шагайв. Өчигдрийн явдлаас болоод энгийн харьцаж чадахгүй байгааг нь ойлгосон Цанлиг торонд эвхэж хийсэн ороолтыг өмнө нь тавиад: ~ Найзыгаа уучлаарай Гэгээ. Өчигдөр орой чамаар арай л хэтэрхий тоглочихжээ. Чи бүр итгэчихсэн юм уу? гэхэд Гэгээ сая нэг түүн рүү хараад гайхсан янзтай: ~ Айн? Тоглосон гэнэ ээ? ~ Би

саяхан нэг инээдмийн кино үзсэн чинь тэрэн дээр нэг залуу эмэгтэй найздаа хайртай гэж худлаа хэлж өөрийг нь жинхэнэ найз гэж боддог эсэхийг нь шалгаад… нэг тиймэрхүү юм болсон юмаа. Тэгээд тэрийг дуурайж чамаар тогломоор санагдаад л хэхэ… Гэгээ нүдээ тормолзуулан эргэлдүүлж түүний яриаг сонсоод нүүрэнд нь инээмсэглэл тодроод ирэв. ~ Ёооё тийм байлгүй дээ. Би бүр шоконд орсон ш дээ. Ядаж байхад чи ямар үнэмшилтэй жүжиглэдэг юм бэ? Ингэж аймар тоглоод байхдаа яахав дээ. Би бүр чамтай дахиж найзлах эсэхээ бодоод шөнө унтаж чадаагүй ш дээ мангараа ~ Хаха тэгээд чамайг гүйгээд орчихоор чинь би араас чинь тоглосон юм гэж хэлэх гээд зөндөө залгасан ш дээ. Чи утсаа аваагүй биз дээ. ~ Би тэрийг чинь

яаж мэдэх вэ дээ. Чамд бүр итгээд шоконд орчихсон байсан юм чинь. Ёооё ашгүй тоглоом байж хэхэ ~ Найз нь чамд хайртай нь ч хайртай л даа. Гэхдээ зөвхөн сайн найзын хувиар шүү гээд Цанлиг худлаа инээнгээ Цогтоогийн суудаг ширээ рүү хяламхийгээд: ~ Нээрээ Цогтоо та хоёр үерхэж байгаа гэл үү? Чи хүнтэй үерхэж байгаагаа надад хэлэхгүй өөдгүй юмаа. Сайн найзууд байж, гомдмоор юм. ~ За уучлаарай даа. Би чамд хэлье гэж бодож байсан юмаа. Угаасаа би Цогтоод өчигдөр л хариугаа хэлсэн, тэгэхээр өнөөдрөөс л үерхэж эхэлсэн гэсэн үг ш дээ. Хүүхдүүдэд харин битгий хэлээрэй, ганцхан чи л мэдэж байгаа шүү за юу? Цанлигын хөх инээд хүрч жуумалзан “Хөөрхий дөө, үерхэж эхэлсэн өдрөө үхчих гэж” хэмээн бодоод: ~ Найз

нь хүнд хэлэхгүй ээ, итгэж болно. Харин та хоёрт аз жаргал хүсье. Урт удаан үерхээрэй гэж тавлах мэт өгүүлэв. Сайн найзаасаа салахаас өөр аргагүй болчихлоо гэж бодон хямарч байсан Гэгээгийн санаа амарч Цогтоог ирэхийг хүлээн сууна. Өчигдөр орой түүн рүү залгана гэчихээд амлалтандаа хүрээгүйдээ гэмшин уучлалт гуйхаар бэлдэж байсан ч Цогтоо ирэхгүй л байв. Цанлиг ч мөн Гэгээд худал ярин итгүүлсэндээ санаа нь амрав. Хэрвээ тэгээгүй бол Гэгээ түүнээс хөндийрч холдох юм байна гэдгийг тэр сайтар ухаарч ахин тийм болчимгүй үйлдэл хийхгүйгээр, хэдэн жил ч байсан хамаагүй Гэгээг өөртөө дастал хажууд нь хамт байж хүлээхээр шийджээ. Гэгээ хэзээ ч өөрт нь хайртай болохгүйг зөнгөөрөө мэдэж байсан ч өөртэйгөө дотроо зөрчилдөн бууж өгөхийг хүссэнгүй. Энэ галзуу дурлал нь

түүний өрөвч сэтгэл, хүнлэг чанарыг бүр мөсөн идэж дуусчээ. Хөөрхий Гэгээ хайртай хөвгүүнээ хичээл тартал хүлээгээд уулзаж чадаагүй тул Цанлигтай хамт номын санд суухаар явав. Анхны хайрыг нь хөнөөсөн аймшигт алуурчинтай мөр зэрэгцэн алхаж яваагаа тэр мэдэхгүй нь харамсалтай. Цогтоо дарааллан хоёр өдөр хичээлдээ ч ирэхгүй, холбоо ч барихгүй байсанд Гэгээ гайхан санаа нь зовж цаг тутамд утас руу нь залгавч холбогдож чадахгүй л байлаа. …Моргийн өрөө. Цогтоогийн ээж Удвал хүүгийнхээ хөшиж хөхөрсөн цогцсыг тэврэн уйлж хашхирч байгаад ухаан алдаж унан тэрүүгээр нэг үймээн болов. Талийгаачийн аав Содном шалан дээр сөхрөн хүүгийнхээ мөс шиг хүйтэн болсон хөлийг атган зулайдаа наагаад мэгшин уйлсаар. Хажууд нь юу болж

байгааг ч анзаарах сөхөө түүнд байсангүй. Аминаасаа илүү хайрладаг ганц хүүгээ алдсан тэдэнд ямархан хэцүү байх нь ойлгомжтой буй за… Өнөөдөр Цогтоо бас л хичээлдээ ирсэнгүй. Гэгээд яагаад ч юм муу совин татаад нэг л эвгүй байсан тул хичээл тармагц гэр лүү нь очихоор шийдэв. Цанлиг түүний яагаад урвагар байгааг мэдэж байсан ч юу ч болоогүй мэт аашлан инээж хөхрөх нь зэвүүн ажээ. Завсарлагааны хонх дуугаран багш ангиас гармагц хүүхдүүд ширээнээсээ босч биеийн чилээгээ гарган шуугилдаж байтал ангийн багш нь уйлж улайсан нүдтэй орж ирээд түгдчин байж Цогтоог нас барсан талаар ангийнханд мэдэгдлээ. Хүүхдүүд цочирдон дуу алдацгааж сонссон зүйлдээ итгэж чадахгүй бие бие рүүгээ бүлтгэнэн

харна. Саяхан бужигнаж байсан анги хоромхон зуур чив чимээгүй болов. Гэгээгийн хамрын самсаа сарталзан нүд нь бүлтэлзэхийг Цанлиг хараад “Хэдхэн уйлаад л мартчихна даа. Би чамд хэрэггүй хүнийг чинь зайлуулж өгсөн юм. Энэ миний чамд барих сэтгэлийн бэлэг” гэж дотроо өгүүлэн охины салгалсан гарыг атгалаа. Гэгээ салдархийн Цанлигыг налж нүүрээ энгэрт нь наагаад цурхиран уйлж эхлэхэд Цанлиг сэтгэл хангалуун мөрөөр нь тэвэрч үсийг нь илэн тайтгаруулав. Охид сая л ухаан оров уу гэлтэй дуу дуугаа аван уйлалдаж эхлэхэд ангийн багш үг хэлэх гээд чадахгүй хоолой нь зангиран ангиас гарлаа. Хөвгүүд эрийн шийр заан охидоо тайвшруулахыг хичээвч өөрсдийнх нь нүдэнд ч нулимс цийлэгнэн

үзэгдэнэ… Ганцхан сарын дараа арван найман нас хүрэх ёстой байсан цэл залуухан хөвгүүний зуурдаар амиа алдсан хэрэг дээр цагдаа нар ажиллаж эхлэв. Талийгаачийн цогцост үзлэг хийхэд хоолойгоо боомилсон байж магадгүй гэмээр хүзүүнд нь хөхрөлт үүссэн байсан ч амьсгалын дутагдлаар зүрх нь хаагдаагүй гэж шинжилгээгээр гарч иржээ. Түүний үхлийн шалтгаан бол хэт өндрөөс хүчтэй унаж дотор эрхтнүүд бяцарсан ба гавлын яс цууран их хэмжээний цус алдсанаас үүдэлтэй аж. Мөн түүний ходоодноос маш их хэмжээний спирт илэрчээ. Энэ нь түүнийг архи хэтрүүлэн хэрэглээд дээврээс унаж үхсэн мэт ойлголт төрүүлэхээр байв. Хичээлдээ ч явахгүй, хоол ч идэхгүй, хүнтэй ярихгүй гөлийн хэвтэх Гэгээд ээж, эгч хоёр нь санаа зовон яахаа мэдэхгүй самгардан дэмий л аргадахаас хэтэрсэнгүй. Гэгээгийн

эгч Туяа саяхан жирэмсэн болсноо мэдэж тэдний гэрийнхэн бүл нэмэх гэж байгаадаа бөөн баяр хөөртэй байсан билээ. Гэвч Гэгээгийн гуниг шаналал тэр их баяр хөөрийг хийсгэн хөөж бүгд уй гашууд дарагдав. Ердөө хэдхэн хоногын дотор Гэгээ айхтар царай алдан сулбайсан тул аргаа барсан жирэмсэн эгч нь эцсийн аргаа хэрэглэж өлсгөлөн зарласнаар охин овоо нэг хоол унд иддэг болжээ. Харин охины энэ уй гашуу Цанлигын уурыг хүргэж байлаа. Цогтоогийн хойноос Гэгээг ингэж их гашуудна гэж тэр бодоогүй аж. Залгахаар утсаа авахгүй, хичээлдээ ирэхгүй, гадаа нь очоод ч гарч ирэхгүй байсан тул Цанлиг галзуурах шахан энэ бүхэнд хөөрхий муу талийгаачийг буруутган харааж зүхнэ. Хажуугаар нь хэргийн газар ямар нэг нотлох зүйл

үлдээсэн байх вий, камерт бичигдсэн байх вий, нэг л өдөр цагдаа нар хаалгыг нь тогшин орж ирээд өөрийг нь гавлаад явах вий гэсэн битүүхэн айдастай байлаа. Цагдаа нар Содном, Удвал хоёрт хүүгийнх нь биедээ авсан гэмтэл, үхлийн шалтгааныг бүгдийг тайлбарлаж, хэн нэгэнд хорлуулсан аль эсвэл амиа хорлосон ч байж магадгүй, одоохондоо ямар нэг баттай хариу өгч чадахгүйгээ хэлжээ. Талийгаачийн хамгийн сүүлд залгасан хүн нь Гэгээ байсан ба түүнээс өмнө өөр нэг хүнтэй минут гаран ярьсан байсныг олж тогтоосон билээ. Гэвч уг дугаарын эзэн эмэгтэй тэр өдөр утсаа хулгайд алдсан, талийгаачтай болон тэр хэрэгтэй огт хамааралгүй хүн болж таарчээ. Мөн хэрэг гарсан байрны орц, дээврийг маш сайн шалгасан ч сэжигтэй зүйл олдсонгүй. Цас их орсноос болж дээвэр дээрх гутлын

мөр алга болсон. Талийгаачийн бие болон хувцсан дээр ямар нэг өөр этгээдийн хурууны хээ, үс, цус гээд нотолгоо болчихмоор юм юу ч байсангүй. Цанлигын зол гэх үү яг байрны өөдөөс харсан хүнсний дэлгүүрийн гадаа тэр хавьдаа л ганц хяналтын камер байсан нь ажилдаггүй байж таарав. Удалгүй Гэгээ, Цанлиг гээд ангийн бүх хүүхэд асран хамгаалагч нарын хяналтан дор байцаалтанд оржээ. Цанлиг аль хэдийн 18 хүрсэн тул түүнд асран хамгаалагчийн хэрэг байсангүй. Тэр дотроо нилээн сандарч, баригдчих вий гэж айж байсан ч гаднаа маш тайван цэгцтэй ярьж цагдаа нарт ямар ч сэжиг авхуулсангүй ээ. Хүүхдүүдийн яриагаар бол Цогтоо хэнтэй ч муудалцаж байгаагүй, түүнд өш санах нэгэн байх боломжгүй гэлцэнэ.

Хөөрхий Цогтоо Цанлигын тухай мэдсэн бүхнээ хэнд ч хэлээгүй байсан нь тун ч харамсалтай… Ингээд цагдаа нарын эрэл мухардаж уг хэргийн мөрдлөг сунжрах тийшээ хандаад явчихлаа. Цогцост дахин задлан шинжилгээ хийх шаардлагагүй гэж үзсэн учраас хүүг оршуулж эцсийн замд нь үджээ. Цогтоогийн оршуулганы дараа Гэгээ хичээлдээ явж эхлэн Цанлигын нар мандав. Гэвч цовоо сэргэлэн, үргэлж инээж явдаг Гэгээ байхгүй болж гунигтай, дуугүй нэгэн болсон байлаа. Хүүгээ алдсанаас хойш Удвалын ухаан орон гаран болж даралт нь ихсэн бие нь тааруухан байх тул эмнэлэгт хэвтэж Содном эхнэрийгээ асрахын хажуугаар өдөр бүр цагдаа дээр очин хүүг нь

алсан хэрэгтэнг барьж шийтгэхийг гуйх нь өрөвдөлтэй. Өсвөр насны хүү өндрөөс унаж нас барсан тухай хэвлэл мэдээллээр хэсэг шуугиад л тэгсгээд мартагдав. Ихэнх хүмүүс хүүг хайр дурлалаас болж амиа хорлосон байх гэж таамаг дэвшүүлэн ярилцана. Харин Содном, Удвал нар хүүг амиа хорлоогүй, хэн нэгний гарт үрэгдсэн, мөн хүүг нь хөнөөсөн тэр хүн хэдэн сарын өмнө муурыг нь алж, захиа үлдээсэн хүн гэдэгт эргэлзсэнгүй. Тэр үед л эндээс нүүгээд холхон явчихдаг байж, хүүгээ гадаад руу явуулчихдаг байж гэж харуусан, хүү нь харанхуй шөнө гэрээсээ ганцаараа гараад явсныг анзаараагүй өөрсдийгөө зүхэн гашуудаж байв. Зарим нэгний хувьд уй гунигаар дүүрэн өдөр хоногууд урсан өнгөрсөөр даруй зургаан сар өнгөрсөн ч

Цогтоог хөнөөсөн гэмт хэрэгтэн олдсонгүй. Хүүг нь амиа хорлосон гэж зарлан хавтаст хэргийг хаасанд ээж, аав хоёр нь хамгаас их гомдолтой байлаа. Хэргийг дахин шинээр шалгаж мөрдөж өгөөч гэсэн хүсэлтэнд нь төр төмөр нүүрээ харуулав. Удвал сэтгэлийн гүн хямралд орсноос болж байнга ухаан алддаг, мартаж санах өвчтэй болсон тул Содном өөрийн бүх хөрөнгөө зараад эхнэрээ аван гадаад улсыг зорьжээ. Хүүд нь шударга бусаар хандсан энэ улсад дахин амьдрах хүсэл тэдэнд байсангүй. Гэгээ, Цанлиг хоёр хичээлээ уйгагүй давтсаар элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч хүссэн сургуульдаа орцгоов. Энэ хэдэн сарын хугацаанд Гэгээ баяр хөөртэй байсан нь тун ховор. Хичээлдээ анхаарал төвлөрүүлсэн үедээ л тэр Цогтоог түр ч болов мартагнаж чаддаг учраас бараг номын цагаан солио тустлаа өдөр

шөнөгүй ном дэвтэр шагайн суудаг болжээ. Хүн бүртэй инээмсэглэн ярилцдаг байснаа больж ихэнхдээ дуугаа хураан бодолд автаж суух нь олонтаа. Ээж нь түүнд санаа зовсондоо сэтгэлзүйч эмчид хүртэл үзүүлэн хоёр сар эмчилгээ хийлгэсэн ч олигтой нэмэр болсонгүй. Охины хөөрхөн инээмсэглэл, цовоо зан нь Цогтоотой хамт булшлагдсан мэт л байлаа. Хүүхдүүд ч бага багаар Гэгээгээс хөндийрцгөөж хөвгүүд өдөж хоргоохоо больжээ. Энэ нь Цанлигт үнэхээр таалагдаж байв. Хөөрхий охины ингэж их өөрчлөгдсөн нь, инээж хөхрөн ярилцдаг байснаа больсон нь ч түүнд хамаа байсангүй. Бүх зүйл түүний хүслээр болж гайтай Цогтоог цэвэрхэн гэгч нь далд оруулж, хайрт Гэгээтэйгээ нэг сургуулийн нэг ангид дахин хэдэн жилийг хамт өнгөрүүлэхээр болсондоо тун ч сэтгэл хангалуун. Одоо

тэр л ганцаараа Гэгээгийн дотны нэгэн болж, Гэгээ өөр хэн нэгний дэргэд биш өөрийнх нь дэргэд байгаа нь л сайхан санагдана. Хөндлөнгөөс хэн нэгэн энэ бүхнийг ажвал Цанлиг үнэхээр Гэгээд хайртай гэдэг нь эргэлзмээр… Ямар ч эрүүл ухаантай хүн хайртай нэгнээ зовж шаналахыг харахыг хүсэхгүй шүү дээ. Магадгүй түүний амьдралд байсан хүмүүсээс ганцхан Гэгээ л түүнд сайн хандаж, олон жил дэргэд нь байсан болохоор ийм л байх ёстой гэсэн ухамсар тархинд нь сууж, Гэгээг тавьж явуулж чадахааргүй болсон байж мэдэх юм. Учир нь тэр хайр гэж чухам юу гэдгийг, хүнийг яаж хайрлах ёстойг мэдэхгүй, хэнд ч хайрлуулж үзээгүй нэгэн билээ. Тэр шөнө Цогтоог цааш харуулснаас хойш хэсэгтээ л баригдах вий гэж эмээж

байсан ч хэн ч түүнийг сэжиглэсэнгүйгээр барахгүй, өнөө хэрэг амиа хорлолт гээд хаагдсанаас хойш тэр улам ч өөртөө итгэлтэй, тэр хирээрээ харгис хүйтэн сэтгэлтэй нэгэн болж хувирчээ. Одоо дахин хэн нэгэн түүний энэ тайван амьдралд саад болон орж ирвэл өчиггүй цааш харуулахад тэр бэлэн байлаа. Тиймээ, тэр алуурчин болсон…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *