Нүүр Өгүүллэг “ХАЙРЛУУЛАХ ХУВЬГҮЙ НЭГЭН” өгүүллэг “7-р хэсэг”

“ХАЙРЛУУЛАХ ХУВЬГҮЙ НЭГЭН” өгүүллэг “7-р хэсэг”

0 секунд уншина
0
0
472

Хайртай муураа хэрцгийгээр алуулж, заналхийлсэн утгатай захиа авсан нь Цогтоод хүнд цохилт болов. Хэн түүнд ингэтлээ өширхөөд байгааг бодоод бодоод олсонгүй. Бүх хүүхэдтэй найрсаг сайхан

харьцдаг, өмнө нь хэнтэй ч муудалцаж, хэрэлдэж үзээгүй болохоор хэн нэгэн түүнд өс санасан байна гэдэг боломжгүй зүйл шиг санагдана. Тэр нилээн эргэлзэж байгаад ямартай ч болсон бүхнийг аав

ээждээ хэлэхээр шийдсэн нь тун зөв хэрэг болсон юм. Ногооноо тэдний гэр бүлийн хүндэт гишүүн байсан болохоор бүгд эмгэнэн гашуудаж сэг зэм болсон биеийг нь эвтэйхэн эвлүүлэн оршуулжээ.

Маргааш нь Цогтоо аавтайгаа хамт нөгөө айхтар үгтэй захиаг барин цагдаагийн хэлтэст очив. Болсон явдлыг сонссон байцаагч эр нэг их сүртэй хүлээж авсангүй. “Дөнгөж арван долоотой өсвөр үеийн хүүхдэд

хэн ингэтлээ өширхөж, заналхийлэх вэ? Ойлгомжтой, бас л нэг үеийнх нь бацаан байж таараа. Бодвол нэг охиноос л болж муудацгаагаа биз. Гэхдээ муурыг нь алдаг нь жаахан хэрцгий л юм.

Амьхандаа айлгаж байгаа нь юм байлгүй дээ. Одооны энэ хүүхдүүд үү. Ёстой хачин дэггүй гэж яана. Бас сүрдүүлсэн захиа үлдээчихэж ээ хаха. Үзсэн киногоо дуурайж байгаа юм байхдаа золиг чинь” гэж дотроо бодон хөх инээд нь хүрсэн ч гаднаа худлаа сүрийг үзүүлэн хөмсгөө атируулж ганц хоёр юм асууж тэмдэглээд: ~ Өргөдлийг тань хүлээж авлаа. Бид сайтар шалгаад хэргийн эзнийг олвол холбоо барьж мэдэгдэнэ. Одоо та хоёр явж болно гэлээ. Гэвч үнэндээ аав хүү хоёрыг гарч явснаас хойш гялгар уутанд хийсэн өнөө захиаг дахиж харсанчгүй, цааш нь лаборатори луу явуулсангүй шүүгээний мухарт шидэж орхижээ. Цогтоогийн аав ээж хоёр ганц хүүд нь хэн нэгэн заналхийлээд байгаагаас маш их айж хашаандаа камер тавиулан,

хамаатныхаа том нохойг авчирснаар барахгүй цонхнууддаа төмөр сараалжин хаалт, хашаан дээгүүрээ өргөст тор хүртэл татуулав. Цогтоо харин тэр хэн нэгнээс айсангүй, хайртай муурыг нь үгүй хийсэнд гомдож, тэр хүнийг олоод шийтгэл хүлээлгэхийг л хүсэж байлаа. Энгийн тайван, аз жаргалтай байсан нэгэн гэр бүл айдас түгшүүр, уйтгар гунигт автах нь энэ ээ. Цанлиг дахин Цогтоогийн гэр лүү халдаж чадахааргүй болсондоо нэг их ундууцсангүй. Тэртээ тэргүй царай алдан унжийж явах Цогтоог хараад бах нь ханаж, сэтгэл нь тайтгарч байв. Хүний уйтгар гуниг, зовлон шаналалыг харж таашаал авдаг аймшигт араатан болж хувирч байгаагаа тэр огт анзаарсангүй.

“Миний сануулга байгаа оносон бололтой. Яахав түрдээ чамайг алахаа хойшлуулаад харж л байя. Гэгээгээс л холхон байвал би чамайг яах ч үгүй шүү дээ” гэж бодно. Цанлиг тэр шөнө мууранд маажуулсан гараа бинтээр боож далдлан Гэгээд болохоор түлчихсэн гэж худал хэлсэн билээ. Цогтоог Гэгээгээс хол байлгах гэж хийсэн аймшигт зүйл нь харин ч тэр хоёрыг улам дотно болгох гүүр болчих юм гэж хэн санах билээ. Гэгээ бага байхын л уйтгар гунигт автсан хэн нэгнийг маш их өрөвддөг, хань болж гунигыг нь нимгэлэн баяр хөөртэй болгохыг эрмэлздэг охин. Тиймээс ч анх Цанлигтай найзалсан. Харин одоо түүний анхаарал сэтгэлээр ихээхэн унаж гунихарсан Цогтоо дээр

төвлөрч, Цогтоод санаа тавихыг хичээх болов. Уг нь тэр Цогтоод аль эртнээс л сайн болсон хэдий ч өөрийн баримталдаг зарчмаасаа болоод тийм ч дотно харьцаж, анхаарал халамж тавьж байсангүй. Гэхдээ энэ удаа харж явдаг хөвгүүн нь хайртай амьтнаа алдаад өдөр бүр уруу царайлан явахыг зүгээр хараад сууж үнэхээр чадсангүй сэтгэл нь өвдөж аль болох Цогтоотой ярилцахыг хичээсээр тэр хоёр утсаар ярьж, зурвас бичилцдэг болов. Цогтоог ээж нь орой үдэш ганцааранг нь гаргахаа больсон учир тэр хоёр хичээлийн бус цагаар уулзалдаж чадахгүй анги дээрээ л нэг нэгнийгээ харж, орой нь утсаа халтал ярин дотноссоор. Цогтоо ч Гэгээгийн ачаар дорхноо дээрдэж овоо нэг инээж хөхөрдөг болоод ирлээ. Гэгээ харин Цогтоотой утсаар харьцаж байгаагаа Цанлигт хэлсэнгүй. Тэр хоёр биенээсээ бараг л юм нуудаггүй

ч энэ удаа яагаад ч юм нууцлахыг хүсчээ. Цанлиг хэдийгээр тэр хоёрын нууц харилцааг мэдээгүй ч анги дээр бие бие рүүгээ харж байгаа харцнаас нь сэжиг авсан байлаа. Тэр хардах сэтгэлдээ автан Гэгээг угаалгын өрөө рүү явсан хойгуур анх удаа гар утсыг нь нууцаар үзээд тэр хоёрын бүх мессеж, дуудлагыг олж харав. Бараг хоёр сарын өмнөөс Цогтоотой мессеж бичилцдэг болсон ч өөрт нь юу ч хэлээгүй Гэгээд уур нь хүрч хууртагдсан, араараа тавиулсан мэдрэмж төрөн хөмхийгөө зууж мессежнүүдийг уншсаар… Харин яг энэ үеэр Гэгээгийн гар утсыг оролдон сууж буй Цанлигыг олж харсан Цогтоо жаахан гайхан дотроо “Биенийхээ гар утсыг хүртэл дураараа үзэж байхыг бодвол энэ хоёр үнэхээр сайн найз бололтой. Ийм хөөрхөн,

сайхан сэтгэлтэй охинтой найзалдаг байж сэтгэл алдардаггүй юм байхдаа. Эсвэл энэ Цанлиг эмэгтэй хүн сонирхдоггүй юм болов уу? Аль эсвэл Гэгээд сайн мөртлөө хэлж чаддаггүй…” гэж бодов уу үгүй юу Цанлиг түүн рүү аймшигтай зэвүүцсэн харцаар харах нь тэр. Цогтоо түүнтэй харц тулгарсандаа цочирдон хурдхан нөгөө тийш харж суугаад “Яагаад над руу ингэж муухай хараад байгаа юм болоо. Би түүний дургүйг хүргэхээр зүйл хийлүү?” гэж бодон гайхширлаа. Хэсэг хором өнгөрмөгц Цогтоо тэссэнгүй дахин эргэж хартал Цанлиг яг л түрүүнийх шигээ өөр лүү нь муухай харчихсан, царай нь аймар хачин болчихсон байх юм. Түүний хүйтэн харцанд хамаг бие нь зарайсан Цогтоо өөдөөс нь харж чадахгүй өөрийн эрхгүй дальдчив. Бодоод

байсан чинь Цанлиг өмнө нь түүнтэй зүв зүгээр харьцдаг байснаа ноднин хавраас хойш бараг л юм дуугарахаа больсныг Цогтоо сая л ухааран бодолд автав. “Яагаад? Яагаад Цанлиг надад дургүй болчихов? Тийм шалтгаан юу байна? Арай…арай Гэгээгээс болоод надад уурлаад байгаа юм биш биз дээ… Гэгээг надаас харамлаад…” гэх бодол төрмөгц сэмхэн эргэж харвал түрүүний аймшигтай Цанлиг ор сураггүй алга болчихсон Гэгээтэй ямар нэг зүйл ярин гэмгүй инээмсэглэн суух аж. Энэ өдрөөс хойш Цогтоо Цанлигыг анхааралдаа авч сэм сэмхэн ажиглах болов. Яалтчгүй Цанлиг өөрт нь илт дургүйцэж байгаа нь түүний муухай харц, хажууд нь очиход дуугаа хураах зэргээс илт мэдрэгдэнэ. Харин Гэгээгийн дэргэд байгаа байдал, Гэгээ рүү харж

байгаа нь, шалтгаангүй инээмсэглэж байгаа зэргээс нь Цанлигыг Гэгээд хайртай гэдгийг ойлгож ядах юмгүй байлаа. Өмнө нь яагаад үүнийг анзаараагүйгээ Цогтоо гайхахын сацуу Гэгээг түүнээс харамлах сэтгэл өөрийн эрхгүй төрж эхлэв. Цанлиг Гэгээгээс болж өөрт нь таагүй хандаж байгааг Цогтоо баттай ойлгосон хэдий ч муурыг нь хөнөөж, заналхийлсэн захиа үлдээсэн хүн байх юм гэж ой тойнд нь ч буусангүй. Харин түүнийг үнэн сэтгэлээ нуун найзын дүр эсгэж Гэгээтэй үргэлж хамт байгаад нь дургүй нь хүрчээ. Нөгөө талд мань Цанлиг ч зүгээр нэг байсангүй. Цогтоо, Гэгээ хоёрын дотно үгтэй мессежийг уншсанаас хойш Цогтоог үргэлж сэмхэн ажиглаж, түүнийг яаж замаасаа зайлуулах талаар толгойгоо гашилгах болов. Гэвч түүнд

ямар ч боломж олдохгүй л байлаа. Цогтоо ганцаараа гадуур явахгүй, гэрлүү нь нэвтэрч ч болохгүй. Одоохондоо түүнийг зүгээр л үзэн ядахаас өөр хийж чадах зүйл Цанлигт байсангүй. …Арван хоёр дугаар сарын нэгэн… Цогтоо хичээлээ тараад гэртээ харьж даалгавраа хийхээр суугаад цүнхнээсээ ээлжит сүрдүүлгийн захиа олов. Яг л өмнөх шигээ эв хавгүй дармал үсгээр “Гэгээг тайван орхи. Үгүй бол чи үхнэ” гэж бичсэн байлаа. Энэ удаад Цогтоо ээж аавдаа хэлсэнгүй. Хөөрхий ээж нь нөгөө хэргээс хойш байнгын айдас түгшүүртэй байдаг байснаа одооноос л гайгүй болж байгаа болохоор ахин санааг нь зовоомооргүй байлаа. Цогтоо захиаг дахин дахин уншингаа бодолд

автав. Ямар ч байсан яагаад энэ хүн өөрт нь өш зангидсан нь тодорхой боллоо. Харин хэн бэ л гэдэг байна. Нэгдүгээрт: Энэ захиа цүнхнээс нь олдсон. Тэгэхээр сургуулийнх нь, эсвэл бүр ангийнх нь хүүхэд байх боломжтой. Хоёрдугаарт: Гэгээд галзууртлаа дурласан, Цогтоо Гэгээ хоёрын харьцааг мэддэг нэгэн байж таарна. Цогтоо нэг их удаан бодсонгүй захианы эзэн хэн байж болохыг гадарлав. Гэхдээ яг ч итгэлтэй биш байлаа. Маргааш нь Цогтоо ангидаа орж ирэнгүүтээ шууд Гэгээгийн хажууд очиж суун энэ тэрийг ярилцангаа Цанлигын ирэхийг хүлээж суув. Удалгүй ангийн хаалгаар Цанлиг орж ирээд Гэгээ, Цогтоо хоёрыг хармагцаа царай нь хувьсхийн хурдан хурдан алхсаар дөхөж ирэхийг Цогтоо нүднийхээ булангаар харсан ч огт

анзаараагүй дүр эсгэн суусаар байлаа. Цанлиг Цогтоогын ард ирээд нилээн уцаартайгаар: ~ Өөрийнхөө суудалд суугаач! гэхэд Цогтоо боссонгүй. Гэгээ тэр хоёр луу гайхсан янзтай харна. Цанлиг уурандаа бүр багтрах шахсан ч биеэ арайхийн барьж шүдээ зуун: ~ Хөөе Цогтоо! Чи чинь дүлий болчихоо юу! гээд мөрнөөс нь татахад Цогтоо сая нэг түүн рүү харснаа: ~ Өө уучлаарай. Ирчихсэн юмуу? За би суудал руугаа явья даа гэж эелдгээр хэлээд босохдоо Цанлигын атгасан гар луу хяламхийв. Урт богино хэмжээтэй нарийхан цагаан сорвинуудыг харангуутаа ухасхийн гараас нь бариад: ~ Хүүе найзаа энэ гараа яачихсан юм бэ? гэхэд Цанлиг балмагдан гараа угз татаж аваад юм хэлсэнгүй. Гэгээ хажуугаас нь: ~Цанлиг гараа түлчихсэн гэсээн. Тэр нь

эдгээд ийм хачин болчихсон юм гэлээ. Цогтоо дотроо “Муу гаж алуурчин” гэж хашхирч байсан ч гаднаа юу ч болоогүй мэт толгой дохиод өөрийн ширээ рүү явав. “Тэгэхээр энэ муу миний муурыг алж, намайг заналхийлсэн юм байжээ. Адгийн новш. Ийм балиар араатанг Гэгээгээс хурдан холдуулах хэрэгтэй. Би яах ёстой вэ? Цагдаад хэлээд ямар ч нэмэргүй нь ойлгомжтой. Гэгээд хэлвэл тэр надад итгэх болов уу?” гэх мэт бодол толгойд нь эргэлдэн тэр өдрийг барлаа. Цанлигын гэмгүй доожоогүй төрхний цаана ямархан муухай амьтан нуугдаж байгааг мэдсэн Цогтоо түүнийг зэвүүцэн үзэн ядаж Гэгээгээс яаж түүнийг холдуулах аргаа олж ядан явна. Үүний зэрэгцээ бага зэрэг айдастай байсныг ч нуух юун. “Хүний муурыг тэгж айхтар тамлан хөнөөснийг нь бодвол Цанлиг үнэхээр сэтгэцийн өвчтэй ч байж

мэднэ. Ер нь болгоомжтой байхгүй бол Гэгээ бид хоёрт муу зүйл тохиолдож магадгүй” гэж бодсон нь Цогтоогийн зөв байлаа. Цанлигын талаарх Гэгээгийн бодол дэндүү гэгээтэй болохоор Цогтоо энэ цочирдом үнэнийг Гэгээд хэлж зүрхэлсэнгүй. Хэлье гээд ч ямар ч баримт нотолгоогүй болохоор ийм зүйлд хэн итгэх билээ. Юутай ч Цогтоо Гэгээгээс аминчлан нэг зүйл гуйсан нь өөрсдийн харьцааг Цанлиг болон бусдаас нууцлах байлаа. Гэгээ ч дуртай хүлээн зөвшөөрөв. Мөн Цогтоогийн захисны дагуу мессеж, дуудлага гээд бүгдийг нь устгадаг болж, анги дээр ч бараг харьцахгүй, хааяа нэг хэнд ч мэдэгдэлгүй нууцаар уулздаг болсон бөгөөд Цанлиг харин гэнэхнээр хууртаж өөрийнх нь сүрдүүлэг нөлөөлөн Цогтоо Гэгээгээс зайгаа

барьчихлаа гэж боджээ. Ийнхүү нэг охинд дурласан хоёр хөвгүүн бие биенээ үзэн ядаж өдөр хоногыг өнгөрүүлсээр, аль аль нь бууж өгч зай тавин Гэгээгээс холдохыг хүссэнгүй. Цогтоо, Гэгээ хоёрын харилцаа ч улам гүнзгийрсээр нэг орой Цогтоо зориг гарган Гэгээгээс үерхэхийг гуйж орхив. Гэгээ харин тулгамдсан уу яасан шууд хариу өгсөнгүй ээ… Цанлиг арван найм хүрч мөн л урьдын адил ганцхан Гэгээг төрсөн өдөртөө урив. Энэ удаа тэр гадуур тэмдэглэхийг хүссэнгүй, гэртээ гоёмсог ширээ зассан байлаа. Одоо түүний замаас Цогтоо зайлсан болохоор өнөө орой өөрийнхөө үнэн сэтгэлийг Гэгээд илчлэхээр шийджээ. Тэр хоёр ширээний ард суун Цанлигын гараа гаргаж хийсэн хоолыг идэж жимсний шүүс уунгаа уншсан номынхоо талаар

мэтгэлцэн цагийг зугаатай өнгөрөөв. Цанлиг хайраа илчлэх тохиромжтой мөчийг хүлээн түдгэлзсээр нилээн орой болж Гэгээ харихаар боллоо. Цанлиг түүнийг хүргэж өгөхөөр болж тэд цастай гудамжаар хамт алхав. Гадаа зөөлөн цас будраад л, ямар ч салхигүй болохоор дулаахан, үзэсгэлэнтэй сайхан орой болж байлаа. Яг л хайраа илчлэхэд таарсан үдэш. Гэгээ ямар нэг юм ам хамхилгүй ярих ч Цанлиг юу ч ойлгож сонссонгүй. Гэгээд яг юу гэж хэлэхээ дахин дахин давтан бодож явсаар гэрийнх нь гадаа ирэв. Замын турш дуугүй явсан Цанлиг сая л нэг зориг гарган ам нээж: ~ Гэгээ… би чамд хайртай гээд палхийтэл нь хэлж орхилоо. Цанлиг энэ үгийг хэдий чанга хэлсэн ч Гэгээ сонсоогүй мэт түүн рүү гөлрөн: ~ Айн? Юу гэсэн

бэ? ~ Би чамд хайртай. Анх чамайг хараад л хайртай болсон. Энэ олон жил чамайг л хайрласаар ирсэн ч хэлж чадалгүй нууж явсан юм. Одоо л чамд хэлэхгүй бол би цаашид тэвчиж явж чадахгүй нь. Миний сэтгэлийг хүлээж аваач дээ Гэгээ гэж нэг амьсгаагаар дуржигнуулав. Гэгээ үнэхээр шоконд орсон бололтой юу ч хэлж чадахгүй зогссоор. Цанлиг түүний өмнө цасан дээр сөхрөн суугаад: ~ Би чамгүйгээр амьдарч чадахгүй ээ Гэгээ. Чи бол миний амьдралын утга учир, мөрөөдөл, бүх зүйл минь. Надтай үерхээч гээд куртканыхаа энгэрээс нандигнан боосон ганц ширхэг улаан сарнай гарган сарвайв. Гэгээ толгойгоо сэгсрэн хойш нэг алхаад: ~ Цанлигаа чи чинь гэнэт юу яриад унав аа. Чи бид хоёр чинь сайн найзууд ш дээ… Би…би чамайг хамгийн сайн найзаа л гэж боддог. Чамайг өөр нүдээр огт харж

байгаагүй. Уучлаарай…би чадахгүй ээ… Цанлиг бүр шалдаа буун түүн рүү мөлхөж уйлагнасан хоолойгоор: ~ Миний сэтгэлийг авчих л даа Гэгээ. Би чамайг хэзээ ч зовоохгүй, чиний төлөө бүхнийг хийнэ… би чаднаа… надад боломж өгчих тэгэх үү? ~ Намайг уучлаарай Цанлигаа. Би үнэхээр чадахгүй нь. Надад сайн хүн байгаа… чи мэднэ ш дээ… Цогтоо бид хоёр үерхдэг болсон. Би түүнд сайн. Тийм болохоор… тийм болохоор дахиж ийм зүйл ярихгүй байвал сайн байна. Баяртай! гээд Гэгээ хариу сонсолгүй эргэхэд Цанлиг түүний гараас зуурах гээд амжсангүй мөрөн дээрээ сул тохсон ороолтыг нь атган хоцров. Гэгээ ороолтоо ч авсангүй тэр чигээрээ гүйн гэр лүүгээ орчихлоо. Цанлиг гашуун нулимсаа урсган гар дахь сарнайгаа барьсан чигтээ хөшөө мэт суусаар… Гарт нь үлдсэн түүний ороолтноос дасал болсон сайхан үнэр сэнхийнэ. Гэгээгийн гар утас руу нь залгасан ч тэр авсангүй. Цанлиг

ороолтыг нүүрэндээ наан бүгтхэн хашхираад салгалан босч цааш алхлаа… Гэгээ гэртээ ороод сэтгэл нь тогтворгүй баахан холхив. Цанлигаас ийм үг сонсоно чинээ төсөөлж байсангүй. Одоо цаашид түүнтэй энгийн харьцаж найз хэвээр үлдэх эсэхтээ эргэлзэнэ. Цанлиг гар утас руу нь дахин дахин залгаад байсан тул утсаа унтрааж орхиод хэдий эрт байсан ч орондоо орон хэвтэв. Цогтоо энэ өдөр үнэхээр жаргалтай байв. Гэгээгээс зөвшөөрсөн хариу авсан болохоор л тэр. Уг нь өнөө орой уулзах гэсэн боловч Гэгээ Цанлигын төрсөн өдөрт явах ёстой гэсэн болохоор Гэгээгээс мессеж ирэхийг хүлээн сууна. Цанлиг ямар хүн гэдгийг мэдсэн болохоор битүүхэн Гэгээд санаа зовж байлаа. Гар утас нь дуугарахад танихгүй дугаар байсан ч Гэгээг гэж бодон

баярлан автал Цанлиг байх нь тэр. “Гэгээ бид хоёр жаахан уучихсан чинь Гэгээ тасарчихлаа. Би бас нилээн согтчихоод хүргэж өгч чадахгүй нь. Чи ирээд авах боломж байна уу?” гэж Цанлиг худлаа хэлээ орооцолдуулан ярихад Цогтоо итгэсэн бололтой “За одоохон очлоо. Хаана юм бэ?” гээд хувцсаа өмсөв. Ээж аав хоёр нь буйдан дээрээ тухлан кино үзээд хүүгээ сэмхэн гарч явахыг анзаарсангүй. Цогтоо таксинд суугаад Цанлигын заасан газар луу явангаа Гэгээгийн утас руу залгасан ч холбогдох боломжгүй байв. “Уг нь Гэгээ архи дарс уудаггүй юмсан, яагаад тасартлаа уучихдаг байна аа. Тэр муу Цанлиг л архиар шахсан биз. Гэхдээ Цанлиг надад дургүй байж яагаад ирж ав гэсэн юм бол. Бас тэр байранд Цанлигынх байдаг юм байхдаа” гэж

бодон өөрийг нь юу хүлээж буйг төсөөлсөнчгүй Гэгээ рүү л яаран байв. Цанлиг дөнгөж сая автобусанд хулгайлсан танихгүй хүний гар утсаар Цогтоотой ярьчихаад дэлгүүрээс шил архи аван есөн давхар байшингийн орц руу орж дээш өгсөн удаан алхсаар хамгийн дээд давхарт гарлаа. Шатан дээр суун архиа задлаад шууд амаар нь том балгаснаа ярвайн цээжээ дарж “Балиар юм, гэхдээ зоригоо чангалах хэрэгтэй” гэж өөртэйгөө ярьснаа дахин нэг балгав. Анх удаа архи ууж буй нь энэ. Эхэндээ хоолой нь хорсож дотор нь муухай оргисон ч төд удалгүй цээж ходоод нь халуу дүүгэн нэг л аятайхан болоод ирэхэд дахин уумаар санагдаж хоёр том балгаад “За одоо болно. Илүү согтчихвол түүнийг алж чадахгүй” гэснээ муухай ярвайн инээлээ.

Удаачгүй байдгаараа амьсгаадсан Цогтоо гүйсээр есөн давхарт гарч ирээд Цанлиг ганцаараа сууж буйг харан зогтусав. ~ Гэгээ хаана байна гэхэд Цанлиг толгойгоо аажуухан өргөн сүүмийсэн хөлчүү нүдээр түүн рүү хараад хуруугаараа дээш заан: ~ Дээр…дээвэр дээр байгаа. Би буулгаж ирэх гээд даасангүй. Хоёулаа хамт гаръя гээд хана түшин өндийв. Түүнээс архи сэнхийн үнэртэж, бас гарт нь Гэгээгийн ороолт байсан тул хэлсэн бүхэнд нь итгэсэн Цогтоо дээвэр лүү гардаг хаалга руу түрүүлэн алхлаа. Харин Цанлиг хойноос нь алхангаа Гэгээгийн ороолтны хоёр үзүүрийг гараараа ороон бэлдэв. Цогтоо дээврийн хаалгыг дөнгөж онгойлгомогц Цанлиг араас нь гэнэт дайрж унагаад нуруун дээр нь үсрэн мордож ороолтыг хүзүүнд нь углан хамаг хүчээрээ боон чангалахад Цогтоо байдгаараа эсэргүүцсэн ч яаж ч

чадсангүй хэсэг сарвалзаад ухаан балартав. Цанлиг ухаангүй гулжийх Цогтоог эргүүлэн дээш харуулаад амыг нь нээж нөгөө архиа улаан хоолойнд нь тулган цутгаж дуусгаад шилийг нь цүнхлэв. Тэгээд хөлнөөс нь чирсээр дээврийн ирмэг дээр арайхийн аваачлаа. Цас зогсох шинжгүй малгайлан орсоор л… Цанлиг хэсэг амьсгаагаа даран зогсож байгаад “Миний охиноос хол л байх байсан юм даа. Одоо яая

гэхэв. Баяртай” гэж хүйтнээр шивнээд Цогтоог түлхэн унагав. Тээр дор пидхийх чимээ гарсан ч хэн нэгний хашхирах сонтсонгүй. Цанлиг ямар ч царайны хувиралгүй буцаж хаалга руу очоод цасан дээр хэвтэх Гэгээгийн ороолтыг аван доош буулаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *