Нүүр Өгүүллэг “ХАЙРЛУУЛАХ ХУВЬГҮЙ НЭГЭН” өгүүллэг “3-р хэсэг”

“ХАЙРЛУУЛАХ ХУВЬГҮЙ НЭГЭН” өгүүллэг “3-р хэсэг”

0 секунд уншина
0
0
498

Адьяагийн духнаас цус годгойдон хир даг болсон хивсэн дээр дуслав. Гэнэтийн нөхцөл байдлаас үүдэн хийсэн цочмог үйлдэлдээ шоконд орсон Цанлиг яахаа мэдэхгүй гартаа төмрөө барьсан хэвээр хэсэг зуур

гацаж орхиод “Би…Би хүн алчихлаа гэж үү…одоо яанаа” хэмээн амандаа үглээд хойш ухран ганц алхтал ашгүй Адьяа бүгтхэн ёолон гараараа нүүрээ дарах нь харагдлаа. Хүү сэхээ орж төмрөө газарт

шидэж орхиод ээж рүүгээ очин “Ээжээ та амьд уу? Ээжээ сэр л дээ” гэж орилон мөрнөөс нь сэгсчсэн ч хариу байсангүй. Адьяа аймшигт араатан шиг архиран гараа тулж өндийнгөө “Лалрын зулбасга чинь

яаж байнаа, өөрийгөө үхсэн гэж мэдээрэй” хэмээн хараахыг хараад Цанлигын нүд айсандаа зоосон мөнгө шиг дугуйран бушуухан өрөөнөөс гарч өөрийнхөө өрөөнд оронгуутаа хаалгаа нам түгжиж

аваад цагдаа руу залгалаа. Түүнийг цагдаад дуудлага өгч байх зуур Адьяа ашгүй хаалга балбасангүй. Цус нь гол горхи шиг л асгараад байсан тул тогтоох санаатай зузаан хөнжил рүү нүүрээ шаан хэвтэж

байгаад тэр чигтээ ухаан алджээ… Цагдаа, түргэн хоёр зэрэг шахуу дохиогоо хангинуулан ирж тэр хавьдаа л хамгийн үзэмжтэйд тооцогддог хоёр давхар байшингийн гадна зогсоход хэрэгт дуртай хөршүүд гаднаа гарч ирэн зарим нь бүр хашаанд орж ирчихсэн харж зогсоно. Азаар хэний ч амь үрэгдээгүй байлаа. Адьяа, Алимаа хоёр хоёулаа ухаан алдаж муужирсан байдалтай байсныг түргэний эмч сувилагч нар анхны тусламж үзүүлэн сэргээж эмнэлэг рүү авч явав. Цагдаа нар энэ бүхний ганц гэрч болох Цанлиг хүүгээс мэдүүлэг авчээ. Хоолойгоо хэт хүчтэй боолгосноос амьсгалын цочмог дутагдалд орж

муужирсан байсан Алимаа эмнэлэгт нэг хоноод маргааш нь гэртээ ирэв. Адьяа язарсан духандаа нилээн хэдэн оёдол тавиулж боолт хийлгээд биеийн ерөнхий байдал гайгүй байсан тул эмнэлэгт хоёр хоноод цагдаа руу шилжжээ. Ээж нь эмнэлгээс гараад хоёр хоног архи уулгүй хэвтэж өнжсөнд Цанлиг битүүхэн баярлаж “Одоо л нэг ухаарсан бололтой. Дахиж тэр муухай хүнтэй нийлэхгүй байлгүй дээ. Өөрийг нь алах шахсан шүү дээ. Ингээд архи уухгүй, ажилд ороод хуучин шигээ сайхан ээж болоосой” гэж бодно. Цанлиг насанд

хүрээгүй, тэгээд ч аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэн цагдаа нар хүүд хэрэг үүсгэсэн ч үгүй. Адьяа гомдолтой гэж өргөдөл гаргасан ч түүний байцаагч нүүрэн дээр нь өргөдлийг нь урж хаяжээ. Энэ аварга биетэй араатнаас айлгүй эхийгээ хамгаалж нүүрэн дундуур нь болгоод өгсөн хүүг цагдаа нар харин ч бахархаж байв. Цанлиг ээждээ бантан хийж орных нь урд тавиад цусанд будагдан хүрэн эрээн болсон хивсийг угааж эхлэв. Цааш харан хэвтэж байсан Алимаа гэнэт өндийн босч ирээд хүү рүү зэвүүцэнгүй харж байснаа: ~ Наадахаа юуг нь угаадаг юм бэ, чөтгөр ав гэж. Зүгээр гаргаад хаяач мал минь! Чи ер нь яах гэж

Адьяаг цохиж байгаа юм. Үхчихсэн бол яана! ~ Тэр новш таныг алчихсан байна л гэж би бодсон. Тэгээд…Тэгээд уурандаа л… ~ Бид хоёр нэгнээ ална уу тална уу. Чамд ямар падлий байна аа! Нэг их баатар болж гэнэ. Зүгээр мөрөөрөө тэр өрөөндөө хэвтэж бай чи. Битгий миний хэрэгт хошуу дүрж бай мэдэв үү! Цанлиг гомдсондоо юу ч хэлсэнгүй. Ийм үг сонсоно чинээ бодоогүй билээ. Чимээгүй л нусаа татан хивсээ зүлгэж гарлаа. Алимаагийн утас дуугарч хэн нэгэнтэй яриад гарах гэж байгаа бололтой босч хувцаслаж эхлэв. Хүү ээж рүүгээ

гунигтай хараад царайчилсан өнгөөр: ~ Ээж ээ хаачих гэж байгаа юм бэ? Таны бие сул байгаа биз дээ? ~ Цагдаа цагдаа. Өөр хаачдаг юм би. Очиж чамд алуулах шахсан нөхрөө гаргаж авья гэхэд хүүгийн царай хувьсхийн босч ирээд: ~ Юу уу? Та тэр новшоос салахгүй юм уу? Тэр чинь таныг алахаа шахаа биз дээ? ~ Согтуу хүн уурандаа алдаа гаргаа л биз юун сүртэй юм. Чамд ер нь миний хэнтэйгээ амьдрах хамаагүй шүү. ~ Ээж танаас гуйя. Та намайг бодоод тэр хүнээс салчих л даа тэгэх үү? Би үнэхээр тэр хүнээс айж байна. ~ За битгий хуцаад шалчигнаад

бай. Эр юм байж юун шалчигнуур шээс вэ. Айгаад байгаа юм бол нүдэнд нь үзэгдэхгүй л байхгүй юу чи. Би тэр хүнд чинь хайртай ойлгов уу! Чиний хараал идсэн эцэгт хаягдсанаас хойш энэ хүн л намайг хайрласан юм. Тийм болохоор дахиж иймэрхүү юм ярих хэрэггүй шүү. Аятайхан хоол хийгээд байж байгаарай гээд Алимаа гарахаар хаалга руу зүглэв. Цанлиг бууж өгсөнгүй ээжийнхээ урдуур хөндөлсөж хаалга алдлан зогсоод: ~ Би таныг явуулахгүй. Одоо энэ новшийн архидалт завхайрлаа дуусгах болсон юм бишүү! Би энэ балиар заваан амьдралаас чинь залхаж байна. Та ер нь эх хүн гэдгээ мэдэж байна уу? Та өөрийнхөө төрүүлсэн хүүхдэд анхаарал тавьж

халамжлах үүрэгтэй шүү! Ингэж новшийн амьдруулах байсан юм бол яах гэж хүүхэд төрүүлдэг юм бэээ! хэмээн нулимсандаа хахаж цацан нэг амьсгаагаар хашхичлаа. Алимаа харин үүнд огт сэтгэл нь хөдөлсөн шинжгүй хүүг тас хийтэл нь алгадаж орхисноо хойш ухран нэг алхаад: ~ Төрүүлсэн үрээ гэнээ? Би чамайг төрүүлээгүй новшоо! Хүүхэд төрүүлэх боломжгүй болохоор л чамайг дөнгөж төрөнгүүт чинь өргөж авсан юм. Чиний тэр хайрлуулж халамжлуулах ёстой төрсөн эх чинь чамайг хэдхэн төгрөгөөр надад худалдчихсан юм за юу азгүй амьтан минь. Харин ч чамайг өдий болтол өсгөөд тэжээгээд явж байгаад баярлаарай. Гүнцэгт хаягдахгүй гэсэндээ л чамайг өргөж

авсан. Гэсэн ч тэр новш чи бид хоёрыг юу ч үгүй хаяад явсан байхад би чамайг хэрэггүй боллоо гээд хаявал хаях л байсан. Тэрнээс илүү яалгах гээв чи! Одоо бүхнийг мэдсэн болохоор энэ гэрээс зайлвал зайлаарай. Чиний тэр халамжийн хэдэн төгрөгтэй төгрөггүй би болчихно! Алимааг гарсан хойно Цанлиг сулбайн унаж шалан дээр унаад хэнгэнэтэл уйлж бахардан хашхирсаар сүүлдээ ямар ч тэнхэлгүй болон чимээгүй гөлийн баахан хэвтлээ. Жаргах нарны улбар туяа нээлттэй цонхоор тусан хүүгийн нүдийг гялбуулсан ч хүү нүдээ цавчирсангүй. “Би хэн юм бэ? Яах гэж энэ хорвоод төрсөн юм бэ? Намайг хайрладаг ганц хүн гэж бодож явсан ээж минь… Би хэнд

хэрэгтэй юм бэ? Надад одоо хэн ч алга. Би хэнд ч хэрэггүй азгүй новш. Ингэж амьдрахаар үхье ер нь” Цанлиг салгалан босч өрөөнөөс гараад шатаар доош уруудсаар гадагш гарлаа. Нүд нь ямар ч амьгүй мэт гөлгөр болжээ. Үхэхээр шийдсэн хүн ч хорогдож эргэлзмээр дэндүү сайхан орой байлаа. Хүү нүдээ анин гараа дэлгэж салхины илбэлт, нарны дулаан илчийг мэдрэн хэсэг зогсов. Яг л Гэгээгийн инээмсэглэл шиг дулаахан сайхан мэдрэмж… Гэгээтэй хамт өнгөрүүлсэн жаргалтай мөчүүд нэг нэгээрээ тархинд нь эргэлдэн дурсагдана. “Над шиг ийм азгүй, арчаагүй амьтантай таарч бүрэнхий амьдралд минь хэсэгхэн зуур ч болов гэрэл гэгээ оруулсан чамдаа баярлалаа. Чи хэзээ

ч минийх болохгүй, хэзээ нэг өдөр хэн нэгнийх болсон тэр өдөр би үхэхээ мэдэж байна. Тийм болохоор одоо л бүгдийг дуусгаж энэ зовлонт амьдралаас үүрд хагацъя” хэмээн дотроо шивнээд нүдээ нээлээ. Хүү угаасан хувцсаа байнга тохдог байсан хашааны шонд уяастай нарийхан олсыг яаралгүйхэн тайлж аваад дотогш орон өрөө лүүгээ зүглэв. Шатны тавцан бүр өмнөхөөсөө өндөр болчихсон юм шиг, хүү хөлөө арайхийн зөөж өгссөөр дээш гарч өрөөндөө ороод хаалгаа түгжлээ. “Миний цогцсыг хэд хоногийн дараа олох бол? Ээж миний хөхөрсөн нүүрийг хараад харамсаж уйлах болов уу?” гэсэн

хачин гунигтай бодлууд хөвөрнө. Сандал дээр гарч гэрлийн бүрхүүлийн төмрөөс олсны нэг үзүүрийг уяж бэхлээд унжсан үзүүрт нь гогцоо гарган толгой багтах хэмжээтэй болгов. Ингээд бэлтгэл ажил дууслаа. Хүү сандал дээр гарч зогсоод унжсан олсноос хоёр гараараа барин ээжийнхээ түрүүний хэлсэн үгийг эргэн санахад нулимс нь аягандаа багтахгүй мэлмэрч өрөө нь бүрэлзэн харагдахаа болив. Чив чимээгүй таван хором өнгөрлөө. Цанлиг сэтгэл шулуудан олсыг хүзүүндээ углахаар толгойгоо шургуултал шүүгээн дээр байсан гар утас нь гэнэт чанга дуугарч хүү цочсондоо золтой л сандал дээрээс уначихсангүй арай гэж тогтоод олсыг толгойноосоо буцаан гаргасан ч сандал дээрээсээ буусангүй. Утас нь дуугарсаар л… Хүү утсаа авах

эсэхтээ эргэлзэн зогссоор л… Утас чимээгүй болж дахин аниргүй ноёлов. Цанлиг урт гэгч нь санаа алдан “Заза боллоо” гэж хэнд ч юм хэлээд олсноос дахин барьж автал гар утас нь дахиад л хангинаж гарлаа. Энэ удаад хүү эргэлзсэнгүй шууд үсрэн бууж очоод хартал огт танихгүй жи мобайлын дугаар байв. Ногоон товчлуур дээр дараад чихэндээ наатал… ~ Байна уу? Байна уу? Цанлиг аа? гэх Гэгээгийн дуу тээр хол сонстох нь тэр. Хүүгийн зүрх хүчтэй цохилон амьсгаа нь дээрдэж хамар нь сарталзаад хариу хэлж чадсангүй орон дээр лагхийтэл суулаа. ~ Бай..айна уу? Сонсож байна уу? Байна уу? Цанлиг инээмсэглэн зүрхэн дээрээ гараа тавиад: ~ Байна байна. Гэгээ… Чи

сайн уу? ~ Сайн сайн. Миний найз сайн уу? Удаан холбоо барьж чадсангүй найзыгаа уучлаарай. Энд огт сүлжээ барихгүй юмаа. Хүний утсаар гуйж ярьж байна. Чи юу хийж амарч байнаа? ~ …Нөгөө юу…юу…хичээлээ хийгээд л. Миний найз сайхан амарч байна уу? Хөдөө гоё байна уу? ~ Ёстой гоё байна аа. Би үнээ сааж сурсан ш дээ сониноос. Хөдөөний бор охин болсоон, чи намайг очихоор бараг танихгүй дээ гээд охины жингэнэтэл инээх сонстоно. Цанлиг өөрийн эрхгүй охиныг даган чанга инээгээд: ~ Тийм үү сайхан юм аа. Хэзээ хотод ирэх юм бэ? Хичээлээ хамт давтах юмсан. Чамаас асуух юм их гарах юмаа… даанч утас чинь холбогдохгүй. ~ Найз нь удахгүй очно

оо. Энд бараг л даалгавраа хийж амжихгүй байна аа. Ээжийн амралт ирэх долоо хоногт дуусаж байгаа. Тэгэхээр одоо хэдхэн хоноод очих байх. ~ Заза тэгвэл удахгүй уулзах юм байна. Найз нь хүлээж байя аа. Өөр сонин сайхан юу байна даа? ~ Өөр зөндөө зөндөө. Уулзахаараа ярьж өгөмз. Заза найз нь тасаллаа шүү. Утасны эзэн нь явах болчихлоо гэнээ. Баяртай Цанлигаа ~ Баяртай Гэгээ… …дийд дийд дийд… Цанлиг утсаа ширтэн инээмсэглэсэн хэвээр хэсэг суув. “Гэгээ надтай ярих гэж хүнээс утсыг нь гуйсан байна шүү дээ. Тэр намайг санадаг юм байна. Намайг гэх хүн байдаг юм байна. Би ямар тэнэг юм

бэ. Гэгээг орхиод үхнэ гэж яаж бодож чадав аа. Би түүнийхээ төлөө амьдрах ёстой. Одоо надад ганц тэр минь л байна. Гэгээ…Би чинийхээ төлөө энэ бүх хараал идсэн зүйлсийг давж гарнаа” гэж өөртөө амлаад босч таазнаас уясан олсоо тайллаа. Алимаа хичнээн хөөцөлдөж гүйсэн ч Адьяа зүгээр өнгөрсөнгүй гучин хоногын баривчилгаанд явжээ. Хөөрхий хүү ямар ч байсан нэг сар айдасгүй амьдрахаар боллоо. Алимаа архиа уудгаараа ууж өмнө нь согтуудаа хүүтэй нэг их харьцдаггүй байсан бол одоо харин агсамнан элдэв бусаар хараана. Ёстой л одоо бүхнийг мэдсэнээс хойш яавал ч яаг гэсэн янзтай харьцаж байв. Цанлиг харин түүний бүх муухай үгсийг шүд зуун

чихнийхээ хажуугаар өнгөрөөнө. Энэ новшийн байшин, энэ сэжгийн авгайгаас холдоод зайлаад өгмөөр байвч төрсөн эцэг эх, ах дүүсээ ч мэдэхгүй хөөрхий хүү хаана хэн дээр очих билээ дээ. “Ямар ч байсан энд толгой хоргодож байгаад сайн сурч төгсөөд их сургуульд ороод ажил хийж мөнгөтэй болохоороо эндээс зайлах юм шүү” гэж хүү бодно. Адьяа буцаж ирээд түүнийг зүгээр өнгөрөөхгүйг хүү мэдэж байсан болохоор битүүхэн айдас төрөвч “Хууль цагдаа гэж байхад тэр муугаас юунд нь айдаг юм” гэж өөрийгөө зоригжуулж байв. Ашгүй хүүгийн хүсэн хүлээсэн өдөр болж Гэгээ хотод ирлээ. Тэр хоёр өдөр бүр номын санд сууж хамт хичээлээ хийсээр Цанлиг гэртээ ирээд ч шөнөжин номоо уншиж химийн томъёо цээжилнэ. Ар гэртээ болсон

бүхнийг Гэгээд ярьсан ч амиа хорлох гэж байснаа л нуужээ. Гэгээ найзыгаа үнэн сэтгэлээсээ өрөвдөж тусалж чадах бүхнээрээ туслахыг хичээн хичээлээ хийхээр ирэхдээ хоол хүртэл бэлдэж авчирдаг байв. Охины энэ халамж анхаарал хүүг түүнд улам бүр дасч дурлуулсаар… Цанлиг үнэхээр хичээлдээ шаргуу байгаа нь Гэгээд бахархмаар санагдаж байнга хүүг урамшуулан дэм өгсөөр байлаа. Адьяа суллагдан гарч ирэх өдөр Цанлиг өглөө эрт гэрээс гарч өдөржин номын санд сууж хичээлээ хийгээд орой цэцэрлэгт хүрээлэнд нар жаргатал дэмий суув. Гэдэс нь өлссөндөө хоржигнон дуугарна. Хармаанд нь зуун төгрөг ч байсангүй. Өнөөдөр Гэгээ ээждээ туслах гээд ирж чадаагүй

болохоор өдөржин хэлэн дээрээ юу ч тавиагүй крантны ус л гэдсээ цүрийтэл уусан аж. Хүү өлсөхийн эрхэнд гэрийн зүг сажиллаа. Автобусны мөнгөгүй байнга алхсаар байгаад хөөрхий муу гутал нь элэгдэж ул нь бараг л цоорох шахсан болохоор шороо чулуу нухах нь мэдрэгдэн хөлийн ул нь өвдөнө. Шөнийн арван хоёр болж байхад хүү гэртээ ирж сэмхэн гэтсээр дээш гараад коридорын хойд буланд байрлах хоол хийдэг шүүгээ, зуух тэргүүтэй хэсэг рүү шууд очин идэх юм хайсан ч юу ч олдсонгүй. Хөргөгчинд л идэх юм байж магадгүй. Гэхдээ хөргөгчийг ээж нь өрөө рүүгээ оруулж тавиад удаж байгаа аж. Хүү муур шиг л гэтсээр нөгөө хоёрын өрөөний үүдэнд ирж чимээ

чагнан хэсэг зогсов. Эр хүний чанга хурхирах сонстоход хүү баярлан “Унтчихаж” гэж амандаа шивнээд хаалгыг болгоомжтой түлхэн жаахаан зай гаргаж гулсан орлоо. Хөргөгчинд нэг хазаад орхисон годгор хиам, хэдэн зүсэм талх байсныг аваад бушуухан гарч өрөөндөө ороод ам руугаа чихэн идэж гарав… Маргааш өглөө нь хүү хөргөгчнөөс хиам хулгайлсан гэж Адьяад зодууллаа. Хиам талх бол зүгээр л нэг шалтаг байсан нь ойлгомжтой. Эх нь түүнийг өмөөрөх байтугай бах нь ханасан янзтай “Больж муу хулгайч. Өлсөөд байвал өөрөө хоолоо олж иднэ биз” хэмээн тавлан зогсохыг хараад хүү уурлан: ~ Миний халамжийн мөнгийг та авдаг биз дээ. Надад хоол өгөхгүй юм бол би өөрөө мөнгөө авч байя тэгвэл! ~ Битгий солиор. Энэ байшинд үнэгүй амьдарч байгаагаа мэдэж байна уу чи! Тэр мөнгө чинь өрөөний түрээс

мэдэв үү хэмээн амыг нь таглажээ. Адьяад хоёр цохиулж нүүр нь хавдсан хүү арайхийн зугтаж өрөөндөө орон хаалгаа түгжээд “Цагдаа дуудлаа шүү новшоо” гэж хашхирснаар Адьяа ашгүй нэг түүнийг орхив. Хэсэг байзнаад Цанлиг цүнхээ үүрэн гарахдаа тэдний өрөөний хаалгаар шагайж “Би энэ удаа цагдаа дуудсангүй. Дахиж надад гар хүрвэл цагдаад мэдэгдэнэ шүү. Надаас холхон байгаарай” гэж ширүүхэн хэлчихээд гарлаа. Адьяа зэвүүцэн ширээн дээрх архины шавхрууг балгаад: ~ Энэ зулбасгыг зайлуулаач. Чиний хүүхэд биш гээ биз дээ гэхэд Алимаа: ~ Наадхынхаа мөнгөөр авсан архийг гударч

байгаагаа мэдэж байна уу. Хэрэгтэй болоод л байлгаж байна. Би өөрөө мэдчихье. Тэртээ тэргүй насанд хүрээд улсаас мөнгө авахгүй болохоор нь хөөгөөд явуулчихаа мэдэлгүй яахав. Чи зүгээр тоолгүй орхи! ~ Харахаас зэвүү хүрээд байх юм. Миний нүүрийг ямар болгосныг нь хар л даа чи. Муу чонын бэлтрэг. Алимаа наалинхайтан түүний өвөр дээр очиж суугаад: ~ Миний сайхан залуу тайвшир даа. Дотор нь яаж байна? Хайр нь гараад шар тайлах юм аваад ирэх үү? гэхэд Адьяа маасайн толгой дохив оо. Нүүр ам нь хөх няц болсон Цанлигийг

хараад Гэгээ маш их санаа зовж цагдаад очиж мэдэгдье гэсэн ч Цанлиг эсэргүүцэв. Тэр араатанг иймхэн хэргээр удаан хоригдохгүйг хүү мэдэж байсан болохоор араа бодсон нь энэ билээ. “За яахав. Та хоёр нийлээд намайг ингэж л бай. Би хэн гэдгээ харуулах цаг ирэх байлгүй” гэж хүү бодоод шазуур зуун гараа атгалаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *