
Хуучны чамин хийцтэй хоёр давхар том байшингийн нээлттэй цонхоор эр эм хоёрын хэрэлдэн хашгичих сонстоно. Бодвол энэ сайхан байшингийн эзэд, эхнэр нөхөр хоёр бололтой. Хэрэгт дуртай хэн нэгэн
хажуугаар нь зөрөхдөө чих тавин сонсъё уу гэвэл дотор нь эвгүйцэж хурдхан холдмоор тийм л балиар заваан үгсээр нэгнийгээ хараан зүхэх нь аймшигтай… Хэрүүл маргаан зогсох шинжгүй улам л
ширүүсч аяга таваг хагарах чимээтэй хослоод ирэх үеэр байшингийн хаалга онгойж арван нэг, хоёртой болов уу гэмээр жаахан хүү гарч ирэн хаалгаа хүчтэй савж хаагаад гудам руу зүглэв. Хүүгийн нүд
уйлснаасаа болоод үлмэдэг бүлцийж, харц нь уйтгар гунигаар дүүрсэн нь аав ээжийн хэрүүлээс болсон гэдэг нь ойлгомжтой. Хүү хоёр хөлөө зөөж ядан удаан алхсаар цэцэрлэгт хүрээлэнд ирээд хүнгүй сандал
олж салдархийн суув. Нар жаргах дөхөж сэрүү буугаад гадаа үнэхээр сайхан байх тул хүний хөл хөдөлгөөн тасрахгүй холхино. Жаалхүү гунигтай нүдээр жаргах нарны зүг ширтэн бодолд автлаа. Саяхан л

аав ээжтэйгээ хамт гурвуулаа энэ цэцэрлэгт хүрээлэнд ирдэг байсан сайхан дурсамж нь бүдгэрсээр одоо бараг л зүүд зэрэглээ ч юм шиг санагдана. Яагаад…Яагаад аав ээж хоёр нь дандаа хэрэлддэг болж, өөрийг нь хайрлаж халамжлахааа больсныг хүү үл ойлгоно. Хүүг сургуульд орсноос хойш л аав ээж хоёрынх нь харьцаа хачин болчихсон. Тэгээд л хөөрхий жаал аажим аажмаар зожиг муухай зантай болж, хүүхдүүдтэй найзлаж тоглохоо ч больсон… Аав Гүнцэг нь өндөр нуруу, сайхан биетэй, царайлаг ч гэж ойгүй, дөнгөж л гуч гарч яваа нэгэн. Тогтсон ажил мэргэжил байхгүй ч янз бүрийн бизнес хийн онохоосоо алдах нь их. Харин ээж Алимаа нь нөхрөөсөө хэдэн
насаар эгч, нүдэнд дулаахан аятайхан эмэгтэй. Эцгийнхээ бэлэглэсэн жижиг компанид захирлаар амжилттай ажиллаж байсан ч Гүнцэгт толгой мэдүүлснээс хойш уруудсаар компаниа алдсан билээ. Гэсэн ч сайн эцэг эхийн буянаар сайхан орон гэртэй, хадгаламжиндаа мөнгөтэй амьдарсаар ирсэн. Сүүлийн хэдэн жил Алимаа их дэлгүүрт лангуу түрээслэн брендийн гоо сайхны бараа оруулж ирэн борлуулж овоо амжилттай яваа. Харин Гүнцэг бас л юм юм руу үсчсэн хэвээр, эхнэрийнхээ олсон хэдийг үрэн таран хийсээр л… Бүр нэг удаа шал бүтэхгүй төсөлд хөрөнгө оруулахаар Алимаатай ярилцалгүй орон байраа зарсан удаатай. Тэгээд л тэднийх Алимаагийн эцгийн залуудаа
амьдарч байсан хуучны байшинг засч тордон амьдрах болсон аж. Гэвч Алимаа түүнд хэтэрхий их хайртай болохоор үргэлж л оролдсон бизнес бүрийг нь дэмжиж юугаа ч харамлахгүй. Харин Гүнцэг эхнэрийнхээ энэ их хайрыг даах заяа нь дутаж, жаргалдаа саган залуухан охидтой орооцолдох нь ихэссэнээр энэ гэр бүлийн сайхан уур амьсгал эвдэрч хардалтын хэрүүл маргаан салахаа байсан билээ. Алимаа хэт их хайраасаа болж хардалтын өвчин тусаад ганц хүүгээ ч хайхрах нь багасан нөхрийгөө тагнаж мөрддөг ажилтай болсон гэхэд хилсдэхгүй. Гүнцэг харин Алимаагаас залхаад удаж байгаа ч
мөнгөнөөс болоод л түүнтэй зууралдсан хэвээр өдийг хүрчээ. Хүү гар утсаа хармаанаасаа гарган ирж дэлгэцэн дээр тусах царай руугаа үзэн ядсан харцаар ширтэн хэсэг суув. “Надад бүгд дургүй. Ээж надад хайртай гэж хэлэхээ больсон. Тэгэхээр надад хайргүй болсон гэсэн үг. Намайг царай муутай болохоор л тэр биз. Энэ муухай нүүрийг, энэ цоохор сэвхийг үзэн ядаж байна. Ер нь бүгдийг нь үзэн ядаж байна” Нар жаргаж уулын цаагуур далд ороход орчин тойрныг харанхуй бүрхэж хүмүүсийн хөл хөдөлгөөн ч тасран хүүд аймшигтай ганцаардал мэдрэгдэв. Саяхан л цэлмэг байсан тэнгэр юу юугүй л бараан үүлсээр бүрхэн бүүдийж байснаа зөөлөн бороо шивэрч эхэллээ.
Гэвч тэр гэртээ харихыг хүссэнгүй. Юу угтаж авахыг мэдэж байгаа болохоор тэр муухай байшинд очмооргүй байлаа. Нүдээ анин хойш гэдийж сандлын түшлэгэн дээр толгойгоо сул хаяад бороон дуслыг нүүрээрээ мэдрэн юу ч бодохгүйг хичээж байтал хэн нэгэн хоолойгоо засах сонстлоо. Хүү нүдээ залхуутайгаар нээх яг тэр агшинд хажуугийн шонгийн гэрэл ид шидийн юм шиг гэнэт асаж, хуучирч гандсан шүхэр барьсан ер бусын царайлаг охин өмнө нь зогсож байх нь тэр. Охин хөөрхөн уруулаа нээн: ~Хөөе жаалаа чи зүгээр үү? гэхэд хүү дээш цомцойн суудлаа засаад юм хэлэлгүй толгой дохив. Тэр өмнө нь ийм хөөрхөн охин хаана ч харж байсангүй тул охиноос харцаа
салгаж чадсангүй. Зүрх нь хүчтэй цохилон, саяхан бодож суусан хамаг л бараан муухай бодлууд хийсэн одчих шиг боллоо. “Анхны харцаар дурлах гэдэг нь энэ юм болов уу…” Өнөө охин сандал дээрх бороон дуслуудыг гарынхаа алгаар шударсан болоод хүүгийн хажууд сууснаа: ~Ийм харанхуй байхад жаахан хүүхэд ганцаараа явж байж болохгүй шүү дээ. Аав ээж чинь чамд хэлээгүй юм уу? ~…Би жаахан хүүхэд биш… Чи… Чи ч гэсэн ганцаараа л явж байгаа харагдах юм! ~Би эгчтэйгээ явж байгаа юмаа. Эгч маань тэр хөшөөний цаана найз залуутайгаа болзож байгаа юм. Чи харин ганцаараа юу хийж суугаа билээ? ~Гэртээ харимааргүй санагдаад л сууж байна. ~Аан…Танайх энд
ойрхон байдаг юмуу? Манайх саяхан энд нүүж ирсэн. Намайг Гэгээ гэдэг. Чамайг хэн гэдэг вэ? гээд охин булбарай цагаан гараа хөвгүүн рүү сунгалаа. Хүү итгэж ядсан харцаар охин руу харснаа гараа дааж ядах мэт удаанаар өргөнгөө “Цан…лиг” гэж зууралдуулан хэлээд охины гарыг атгав. Зөөлхөн, дулаахан, жижигхэн…ийм гоё гар анх удаа л барьж үзсэн Цанлигын хамаг биеэр тог гүйх мэт жирэлзэж тэр гэхийн аргагүй сайхан мэдрэмж төрнө. Өмнө нь ийм хөөрхөн охин байтугай энгийн нэг охин ч түүнтэй танилцаж гар барьж байгаагүй билээ. Тэр хоёр бараг цаг гаран ярилцаж суув. Бороо аль хэдийн зогсож тэнгэрт түг түмэн од түгжээ. Цанлигт гэртээ харилгүй үүрд энэ
охинтой ингээд л суугаад баймаар санагдана. Ойрын хэдэн жил хэнтэй ч ингэж ярилцаж суугаагүй болохоор ганцаардалд автсан түүнд үнэхээр сайхан байлаа. Гэвч удалгүй Гэгээ эгчтэйгээ гэр лүүгээ явж Цанлиг ганцаар үлдэв. Гэртээ харимааргүй байсан ч Гэгээ түүнийг хариарай гэж захисан тул аргагүй харихаар бослоо. Угаасаа харихгүй гээд хаа ч хонох вэ дээ… Ашгүй гэр бүлийн маргаан өндөрлөсөн бололтой байшин нь анир чимээгүй угтлаа. Унтлагын өрөөндөө ганцаар уйлан хэвтэж байсан ээж нь хүүгээ гарч явсныг ч, буцаж ирээд өрөөндөө чимээгүйхэн орсныг ч мэдсэнгүй. Түүний хашхичиж орилохоос залхсан нөхөр нь хамаг хувцсаа аваад, хуримын бөгжөө тайлж шидчихээд яваад өгсөн аж. Өмнө нь хэд хэдэн удаа гэрээсээ явж
байсан ч буцаад л ирдэг байсан. Гэхдээ энэ удаа нөхөр нь эргэж ирэхгүйгээр үүрд явсныг тэр зөнгөөрөө мэдэрч байв… Эцэг эхийнх нь салалт Цанлигт нэг их хүчтэй нөлөөлсөнгүй. Байнга л хэрүүл маргаантай байдаг байсан гэр нь нам гүм болсон нь харин ч аятайхан санагдана. Хамгийн гол нь сэтгэл санаагаа хуваалцах шинэ найзтай болж, анхны хайртайгаа учирсан болохоор хүү жаргалтай байлаа. Гэгээ үнэхээр нэр шигээ, зүс шигээ сайн сайхан сэтгэлтэй хэн хүний хайр татам охин. Цанлиг түүнийг бурхан өөр лүү нь явуулсан сахиусан тэнгэр гэж бодно. Гэгээ түүний уйтгартай бүүдгэр амьдралд гэрэл гэгээ, өнгө будаг нэмж байлаа. Тэр хоёр өдөр бүр утсаар ярьж, хааяа нөгөө цэцэрлэгт хүрээлэнд уулздаг. Тэр уулзах өдрийг Цанлиг
тэсэн ядан хүлээсээр галзуурахын даваан дээр охины царайг харж тайтгардаг байв. Гэвч тэр Гэгээд дурласнаа өөрт нь огт мэдэгдсэнгүй. Хэрвээ мэдчих юм бол Гэгээ өөртэй нь дотно байхаа болихыг Цанлиг зөнгөөрөө мэдэрч байсан болохоор охиныг алдахыг хүссэнгүй. Зүгээр л найз мэт энгийн харьцаатай явсаар зуныг барлаа. Гэгээ…Гэгээ бол айлын бага охин. Дээрээ Туяа гэх таван насны зөрүүтэй ганц эгчтэй. Эцэг эх нь хоёул ажил төрөлтэй, гурван өрөө орон сууцанд амьдардаг, боломжийн сайхан амьдралтай байсан ч аав нь ясны хорт хавдар туссанаас хойш гэр бүлд нь гай гамшиг нүүрлэжээ. Ээж нь хайрт ханиа эрүүл саруул болгохын тулд чадах бүхнээ хийж байр, машин гээд хамаг л үнэтэй цайтай бүхнээ зарж, дээрээс нь банк хоршоонд
зээл тавин барин гадаад дотоодын эмнэлэгээр явж олон хагалгаанд орсон ч тусыг олсонгүй хоёр жаахан охинтойгоо бэлэвсэрч хоцорсон билээ. Эцгийгээ өвдөхөд Гэгээ дөнгөж таван настай байсан болохоор юу болж байгааг ч ойлгоогүй. Ээж нь байнга л эмнэлэгээр байж аавыг нь сахих ажилтай болсон тул эгчтэйгээ хоёулаа хамаатан садныхаараа дамжин жилийн нүүрийг үзэж зургаан нас хүрсэн жил нь аав нь тэнгэрт халив. Талийгчаас хойш ээж Солонго нь их зүдэрсээн хөөрхий. Цэл залуугаараа хайртай ханиа зуурдаар алдаж, хоёр жаахан охин, дааж давшгүй өр зээлтэй л хоцорч… Хоёр талын ах дүүс нь нөхрийнх нь эмчилгээнд чадах ядахаараа л тусалцгааж
байдгаа барсан болохоор ахин тэднээс гуйх нүүргүй мэт бүсгүйд бодогдож хоёр үрийнхээ төлөө ханцуй шамлан тэмцэж эхэлсэн ажээ. Тэр гурав хямдхан нийтийн байранд жижиг өрөө түрээслэн амьдардаг болсон бөгөөд ээж нь хоёр зэрэг ажил хийн гэрийн бараа ховорхон харж эгч Туяа нь л Гэгээг өсгөсөн гэхэд хилсдэхгүй. Дөнгөж арав гаранхан настай Туяа охин хоол ундаа хийх, гэр орноо цэвэрлэж, хувцас хунараа угаахын хажуугаар дүүгээ цэцэрлэгт зөөх, хичээлээ хийх гээд л ар гэрийн бүх л ажлыг бяцхан нуруундаа үүрч ээждээ тусалдаг байв. Ээж нь шөнийн ээлжийн ажилгүй гэртээ хоносон үе л хоёр охинд хамгийн жаргалтай. Ээжийнхээ хоёр талд тэврүүлэн хэвтээд сайхан ирээдүйг зөгнөн ярилцаж инээлдэн хэвтэх ямар сайхан
гээч… Солонго бүсгүй амьдралын хүнд нугачаанд бууж өгч шантралгүй бүтэн зургаан жил зүтгэсний эцэст бүх өрөө дарж дуусчээ. Үүний хажуугаар хоёр охиноо гэдэс цатгалан, мөр бүтэн өсгөсөөр өнөөдрийг хүрч, одоо л нэг өөрсдийн гэр оронтой болъё гэж шийдэн цалингийн зээлээр жижигхэн хашаа байшин авч шинэ газар нүүн ирсэн нь энэ билээ. Ээж нь ямархан хүнд хэцүүг давж өдий хүрснийг хоёр охин нь мэддэг болохоор элдэв янзын үнэтэй цайтай утас, хувцас нэхэж үзсэнгүй. Гэгээ ихэнхдээ эгчийнхээ багадсан хувцсыг өмсөнө. Ямар ч хуучин муу, томдсон хувцас өмслөө ч цаанаасаа үзэсгэлэн гоо болохоор тэр үнэхээр хөөрхөн харагддаг байв. Эгч нь ахлах ангийн
сурагч болохоор аргагүй ухаалаг утас ашиглах болж хуучин гар утас нь Гэгээд иржээ. Үеийн хүүхдүүд бүгд л орчин үеийн гоёмсог утас барьж түүгээрээ соошл ертөнцөд зугаалах ч Гэгээ тийм зүйл сонирхдоггүй болохоор хамаа ч байсангүй. Хуучин муу нокиа утсаараа ээж, эгчтэйгээ холбоо бариад байх нь л түүнд хангалттай. Цанлигт ч мөн Гэгээгийн юу өмсөж зүүдэг, ямар утас барьдаг нь огт хамаагүй байлаа. Зүгээр л Гэгээ байгаагаараа, байгалаараа нэг тийм үгээр хэлэмгүй сайхан, дулаахан энергийг түүнд өгдөг. Хэзээ ч уйтгарлаж гунигладаггүй, үргэлж л инээмсэглэж явдаг энэ охин
ганцаардалд автаж, харанхуйн ёроолд живсэн жаалхүүг бага багаар дээш нь татсаар байв. Хүү нь ийнхүү дурлалдаа бялууран гүйж явахад хөөрхий ээж нь харин гуниг ганцаардлын далайд хөлөө алдан живжээ. Ажлаасаа ч гарч өдөржин гэртээ бүгэн өнөө сайхан байшин нь дарсны үнэр, тамхины утаагаар л дүүрэн байх болов. Угаасаа чинээлэг айлын охин тул эцэг эхээс өвлөж үлдсэн хөрөнгө овоо болохоор мөнгө төгрөгөөр тасрахгүй нь яамай. Гэвч эд хөрөнгө байлаа гээд хайр халамж, элэг бүтэн амьдрал байхгүй болохоор амьдралд ямар утга учир байх билээ дээ. Ээж нь байнга мансуурлын байдалтай
байх тул Цанлиг л хоол хийж, гэрээ цэвэрлэх аядана. Аав нь харин хүний урманд нэг удаа ч тэр хоёрыг эргэж ирсэнгүй. Зуны амралт дуусч хичээлийн улирал эхлэв. Гэгээ тэдний сургуульд орохыг Цанлиг мэдэж байсан болохоор анх удаа л сургууль руугаа дуртай нь аргагүй явлаа. Цанлигийн хоёр сарын турш залбирсан залбирал биелж Гэгээ тэдний ангид орохоор болжээ. Ангийн багш нь Гэгээг дагуулан ангид орж ирэхэд Цанлиг баярласандаа золтой л хашхирч босон харайсангүй. Хайртай охин нь нэг ангид хамт сурах болсон нь сайхан хэдий ч Гэгээ хүүхдүүдийн хажууд түүнтэй харьцахгүй байх вий, өөрөөс нь ичих вий гэсэн айдас хүүг хормын дотор баглан авлаа.

Харин түүний энэ тэнэг бодол талаар өнгөрч Гэгээ түүн рүү инээмсэглэн гараа далласнаар барахгүй бүр хажууд нь ирж хамт суув. Хамгийн хойно шоовдорлогдон ганцаар суудаг хэнтэй ч ярьдаггүй, хэний ч анхааралд өртөж байгаагүй түүн рүү ангийн бүх хөвгүүд гайхсан атаархсан харцаар харах нь Цанлигт үнэхээр сайхан санагдаж байлаа…