
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ БОЛОН ОУ-Н ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОХЫГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР ГАРГАСАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГУУДЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ:
Монгол Улсын иргэний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийн төсөлд Монгол Улсын сум, нийслэлийн хорооноос тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад харьяалах сум, хороондоо
хамгийн өндөр оноо авсан тус бүр 1 иргэнийг сонгон шалгаруулж, дотоодын төрийн өмчийн их сургуулийн Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад бэлтгэх тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх, тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгсөж,

дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан иргэнд сургалтын тэтгэлэг олгох, мөн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хүлээн зөвшөөрсөн олон улсын олимпиадад амжилттай оролцож медальт байрт шалгарсан иргэдэд тэтгэлэг олгох талаар тусгасан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр суралцуулах мэргэжлийн хуваарилалтыг Монгол Улсын хөгжлийн бодлого, Засгийн газрын баталсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлтэй уялдуулан тогтоох бөгөөд тэтгэлгээр суралцаж төгссөн иргэн орон нутагтаа хөгжлийн түүчээ болон ажиллах юм. Монгол Улсдаа ирж ажиллах, ажлын байраар хангах зэрэгтэй холбоотой асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусгах асуудлыг судалж, зохион байгуулахыг зарлигт тусгажээ.
Монгол Улсын иргэдийг Ерөнхийлөгчийн тэтгэлгээр дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад шаардагдах зардлыг улсын төсөвт жил бүр тусгаж, жил бүрийн III улиралд багтаан Монгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд мэдээлж байхаар мөн тусгажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журмыг боловсруулж Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцэж батлах юм.
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОХЫГ ДЭМЖИХ, УРАМШУУЛАХ:
Монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлж, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхүүлэн дэмжиж, олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргалаа.
Сүүлийн 5 жилийн хугацаанд Монголын баг Олон улсын математикийн олимпиадаас 4 алт, 7 мөнгө, 13 хүрэл, физикийн олимпиадаас 3 мөнгөн, 8 хүрэл, мэдээлэл зүйн олимпиадаас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл, химийн олимпиадаас 2 мөнгө, 6 хүрэл, биологийн олимпиадаас 1 мөнгө, 4 хүрэл, нийт 5 олимпиадаас 52 медаль хүртсэн амжилттай байна.
2021 онд Монголын баг Олон улсын математикийн олимпиадаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль, физикийн олимпиадаас 2 хүрэл медаль, мэдээлэл зүйн олимпиадаас 1 мөнгөн медаль, химийн олимпиадаас 2 мөнгө, 1 хүрэл медаль, биологийн олимпиадаас 1 мөнгө, 2 хүрэл медаль нийт 5 олимпиадаас 15 медаль хүртэж түүхэндээ хамгийн олон медаль хүртлээ. Ялангуяа Олон Улсын Математикийн олимпиадад 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл буюу багаараа медаль хүртэж дэлхийн 107 орноос Монгол Улс 11 дүгээр байранд орсон нь Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын зүгээс бодлогоор дэмжих, урамшуулах зүй ёсны шаардлага бий болсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 8-р сарын 3-ны өдөр олон улсын математик, физик, мэдээлэл зүй, хими, биологийн олимпиадаас медаль хүртсэн Монголын багийн төлөөллийг хүлээн авч уулзаж, баяр хүргэх үедээ “Оюун ухааны олимп гэгддэг Олон улсын олимпиадад ороод амжилт гаргаад ирсэн хүүхдүүдийг Монголын төр, засаг зүй ёсоор үнэлдэг болох ёстой. Тийм цаг ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудлаар миний бие зарлиг гаргана гэдгээ хэлье” гэсэн юм. Тэгвэл энэ зарлиг хичээлийн шинэ жилийн өмнө гарч байна.
Улмаар олон улсын олимпиадад амжилт үзүүлж, медальт байрт шалгарсан сурагчдад нэг удаагийн урамшуулал олгох, Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа улсын олимпиадуудын шатлал, цар хүрээг нэмэгдүүлж олон улсын олимпиадын ангилалтай уялдуулан зохион байгуулах, хүүхэд бүрд улсын хэмжээний олимпиадад оролцох тэгш боломжийг бүрдүүлэх, олон улсын олимпиадад сурагчдыг бэлтгэх, оролцуулах, шаардлагатай багаж төхөөрөмжөөр хангах, багш нарыг дэмжих, олимпиадыг зохион байгуулах хорооны тогтвортой үйл ажиллагааг дэмжих зэрэг асуудлыг Зарлигийн төсөлд тусгажээ.