Home Лайфстайл ЗАЛУУС БАЙГАА ДЭЭРЭЭ ЯАГААД АЯЛАХ ЁСТОЙ ВЭ?

ЗАЛУУС БАЙГАА ДЭЭРЭЭ ЯАГААД АЯЛАХ ЁСТОЙ ВЭ?

2 second read
0
0
244

Яагаад залуус аялах ёстой вэ гэдэг талаар жаахан туршлагаасаа үндэслэн ойлгосон бодлоо бичие.Аялал гэдэг зүгээр нэг гоё газар очоод, гоё зургаа авхуулах биш.

Энэ бол илүү олон мөн чанартай. Чи наад зах нь өл дааж сурна, сонсож сурна, олон орны хүмүүсийн үзэл бодлыг сонсож, бусдыг хүндэтгэхийг сурна, ойлгоно, аливаад хурдан шийдвэр гаргадаг болно,

илүү сониуч болно, бэрхшээлийг давж сурна, зорилготой байхын чухлыг ойлгоно, амьдралыг илүү ойлгож үнэлж, хайрлаж сурна, илүү том мөрөөдөлтэй болно, өдөр тутмын бухимдаад байдаг хамгийн том

бэрхшээл мэт санагддаг байсан зүйлс чинь ямар өчүүхэн жижиг байсныг ойлгоно, илүү өргөн хүрээнд харах өнцөг чинь тэлнэ. Зарим хүмүүс магадгүй ном, кино үзээд эд нарыг чинь ойлгочихно ш дээ гэж

магад. Нэг талаас тийм, би ч бас ном унших дуртай. Гэхдээ ном бол надад өөр сонголтууд байдаг юм байна гэдгийг санал болгох хувилбарыг өгдөг талаас нь хардаг. Түүнээс биш би зарим хүмүүс шиг

нэг ном уншчихаад түүнийгээ хорвоо ертөнцийн туйлын үнэн гээд бүхий л амьдралынхаа турш харах өнцөгөө нэг номоор хаачихдаггүй. Үндсэндээ ном, кино бусад зүйлс бол бусад хүмүүсийн л харах өнцөг, бодол шүү дээ. Тэр хүмүүс бичихийг, үзүүлэхийг хүсээгүй бол бичихгүй, гаргахгүй, тэгтэл яг тэр үзүүлээгүй зүйлс нь чиний хайж байсан зүйл байж болно. Жишээ нь би блог дээрээ аяллын тэмдэглэлүүдээ бичдэг. Зарим муухай зүйлсээ, хүмүүст дуулгахад таагүй сөрөг зүйлсийг хааяа бичилгүй орхидог.

Тэгэхдээ тэргүй хүмүүс бухимдалтай, амьдралд хар бараан зүйлс зөндөө л байхад заавал би дахиж бичээд яах вэ гээд муу зүйлсээ өөртөө л хадгалаад үлддэг. Аяллын тухай ном, бичлэг, блогоос ердөө чи урам зориг, сэдэл, санаа л авна. Харин чи өөрөө аялж байж л жинхэнэ өөрийнхөө өнцөгөөр харна. Жишээ нь нэг хүн Парист очоод цамхагийг хараад уулга алдаж болно, тэгтэл нөгөө хүнд нь тэнд амьдарч буй хүмүүс илүү сонирхолтой санагдаж болно, хүн бүр л өөрийн гэсэн харах өнцөгтэй, дотоод ертөнцтэй. Чи өөрийн биеэр явж үз, өөрийнхөө нүдээр хар, үз, мэдэр, ойлго.

Сүүлд Тесла моторс-ийн эзэн Elon Musk-ийн тухай номыг уншиж байхад “Чи дэлхий ертөнц дээр, тэнд юу байгааг нь мэдэхгүй байж, яаж, юу хийх ёстойгоо мэдэх юм бэ?” гэсэн утгатай өгүүлбэрийг уншаад их зүйл бодуулсан. Бид дэлхийд нэрээ дуурсгана, монголоо хөгжүүлнэ гээд л амны уншлага болтолоо хүн бүр хэлдэг. Яг үнэндээ бид дэлхийгээ эхлээд үзэж байж дараа нь юу хийх ёстойгоо, юу хийж чадахаа, яагаад хийх ёстойгоо ухамсартайгаар ойлгоно. Хүн зүгээр сонсоод тийм ш дээ гэх нэг хэрэг, харин өөрийн биеэр туулаад, алдаад, туршлага хуримтлуулаад, түүнээсээ ухаж ойлгоод өөртөө шингээнэ гэдэг бол жинхэнэ үнэ цэнтэй бөгөөд насан туршид үлддэг гэдгийг би ойлгосон.

Би залуу байна одоогоор надад мөнгө алга гэж магад. Тиймээ, би ч гэсэн өнөөдөр та нартай л адил. Гэхдээ энгийн нэг нэмэж хасах үржүүлэх үйлдэл хийгээд үзье. Монголд нэг хүний сарын цалин 600 мянган төгрөг гэж бодоё. За аав, ээжийндээ амьдардаг нэг залуу байна гэж бодоё. Байр, хоол, унаа гээд үндсэн зардлуудаа төлнө. Эндээсээ болж өгвөл 300 мянган төгрөгийг сар бүр хуримтлууллаа гэж бодоход 12 сарын дараа 3 сая 600 мянган төгрөг. 2 жилийн дараа гэхэд л 7 сая 200 мянган төгрөг.

Эсвэл би сард 600 мянган төгрөг авдаггүй түүнээс бага авдаг, эсвэл надад сард 300 мянган төгрөг хуримтлуулах ямар ч боломж байхгүй гэж магад. Тэгвэл боломжоороо сардаа 10000 төгрөг ч гэсэн хуримтлуул. Хэрэгцээгүй зүйлсд зарцуулдаг зардалаа тана. Жилийн дараа 120 мянган төгрөг болоод ядаж л ойрхон нэг аймаг руу явахад энэ мөнгө хүрнэ. Сардаа 10000 төгрөг хуримтлуулах боломж байхгүй л гэж битгий хэлээрэй, хэрэв ийм шалтаг тоочиж байгаа бол өөрөөсөө үнэхээр аялахыг хүсэж байна уу гэдгээ нэг асуугаарай. Хүсэл байхгүй л хүн шалтаг тоочдог. Амьдралд шалтаг тоочиё гэвэл зөндөө л зүйлс байна, шалтаг тоочлоо гээд юу өөрчлөгдөхийн???

Аяладаг болсоноос хойш би өөртөө илүү их зорилго тавидаг болсон. Илүү олон газраар аялахын тулд би илүү сайн ажиллах хэрэгтэй, илүү бүтээмжтэй байж, илүү их сэтгэж, илүү их хөдөлмөрлөж, илүү их их хичээх ёстой гэдгээ ухамсарлаж ойлгосон. Тийм ч учраас цаг хугацаагаа илүү үр дүнтэй өнгөрөөхийг хичээж, хүсэж буй зүйлдээ амьд байх цаг хугацаагаа зарцуулахыг хичээдэг болсон. Аялал хийгээд муу талаар өөрчлөгдсөн хүн гэж байдаггүй байх. Жишээ нь өнөөдөр нэг залуу бага зардлаар Бээжин рүү үүргэвчтэй аялал хийлээ гэж бодоё. Буцаж гэртээ ирээд ирэх жил цааш Сингапур руу аялах зорилго тавиж болно. Тэр залуу Сингапур руу аялах хүртэлээ аяллын зардалаа цуглуулна. Илүү их цуглуулахын тулд тэр залуу ажилдаа өмнөхөөсөө илүү сэтгэлтэй, шаргуу, бүтээмжтэй, сэтгэлээсээ хандана. Залуу ч мэдлэгээ дээшлүүлэх ёстойг ухамсартайгаар ойлгож түүнийгээ хийнэ. Залуугийн бүтээмж нэмэгдсэнээр тухайн байгууллагын бүтээмж өснө, байгууллагын бүтээмж өсвөл улс орны хөгжил урагш ахина. Энэ худлаа гэж зарим нь хэлж магад, гэхдээ би үнэн гэж хэлнэ. Яагаад гэвэл би өөрөө яг энэ бодол, замаар явж байгаа.

Ер нь сүүлийн үед ингээд л анзаараад байхад дэлхийн алдартай гэх хүмүүс бүгд л залуудаа энэ тэрүүгээр үүргэвчээ үүрээд л аялж байсан байх юм. Аялал хүнд өөрийгөө олох боломжийг олгодог.

Зарим хүмүүс намайг гаднаас минь хараад жижигхэн биетэй, брэндийн хувцас өмсөөгүй, үнэтэй цаг зүүгээгүй, тамхи татдаггүй доожоогүй, бүдүүн баргил хоолоогүй, дуу шуу багатай, арчаагүй залуу гэж хардаг юм шиг байгаа юм. Гэхдээ яг тэгж харж байгаа залуустай, хүмүүстэй юм яриад суухаар тэдний амьдралын харах өнцөг, сэтгэлгээ, мэдлэг нь ердөө л зурагт, шар мэдээ, хов жив, бусдын хэлсэн зүйлс байдаг. Ямар ч өөрийн гэсэн дотоод итгэл үнэмшил, тэмүүлэл, бодол гэж байхгүй, дэлгүүрийн шилэн хоргоны цаана байх үнэтэй брэндийн хувцас өмсүүлсэн хиймэл моделиудаас ялгаагүй.

Залуусаа өөрсдийн гэсэн дотоод ертөнцийг ол, түүнийгээ хөгжүүл. Дотоод ертөнц нь хөгжсөн хүмүүс цаанаасаа л өөр бөгөөд сонирхолтой, сайхан байдаг. Амьдралд мөнгө чухал ч, мөнгөнөөс илүү туршлага гэдэг хүний амьдралд насан туршид үлддэг. Аялж явахад зарим хүмүүс намайг ямар зоригтой юм бэ гэдэг, би зоригтой хүн биш. Надад зүгээр л хийх маш их ХҮСЭЛ байдаг, түүнээс маань үүдэж зориг гэдэг зүйл бий болдог.

Амьдралд аливааг битгий хүлээ, хүлээснээр хүн эцсийн эцэст харууслаас өөр зүйл авч үлддэггүй юм, хиймээр санагдвал хий.

Аял… 🙂

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…