
Улсын баруун урд хил дээр гарсан энэ хэргийг нарийвчлан мөрдөх даалгавар өгсөн Дорж хэргийг Улсыг аюулаас хамгаалах газрын тагнуулын хэлтэст шилжүүлж өөрөө хянаж эхлэв. Хил зөрчигчдийг
цагдан хорьж хатуу харгалзаан дор мөрдөн шалгаж эхлэв… … Мария хотод орж ирмэгц охиныг төөрүүлэхээр шийдэв. Алтаннуур түүний гараас хөтлөөд ихэд баяртай дуу аялан явна. – Нагац эгчээ ээж минь
маргааш ирэх болов уу? – Мэдэхгүй. Чи өлсч байна уу? – Жаахан өлсч байна. – Идэмхий гэдэг нь. Мария дургүйцсэн ч охиныг хөтлөн хоолны газарт орж нэг улаан ус, хоёр хуушуур авч өгөхөд охин ихэд дуртай
хуушуурыг идэж, ундааг уув. – Цадсан уу? – Цадсан. – Явцгаая. Мария охиныг хөтлөн Улсын Багшийн Дээд Сургуулийн өмнүүр алхсаар арслантай гүүрэн дээр гарч ирэв. Өөрийнх нь төгссөн Санхүү Эдийн
Засгийн Техникум хажууханд нь харагдана. Хөнгөн нимгэн хувцастай хүмүүс аажуу тайван алхсаар хажуугаар нь зөрж өнгөрнө. Хүмүүсийн хөл татрах үес охиныг гүүр үрүү түлхчихье гэж бодсон Марияд гэнэт
аймшигтай санагдаж “Би шоронд орно шүү дээ. Намайг хэн нэг хүн харчихвал яана” гэсэн бодол төрөхөд охиныг хөтөлж явсан гараа угз татан аваад – Энд хөдлөлгүй зогсч бай за юу. Одоо ээж чинь араас ирнэ. Би чамд мөхөөлдөс аваад ирье гэхэд охин баярлан толгой дохив. Мария охиныг хуурч орхичихоод буцан гүйж Багшийн дээдийн автобусны буудлын дэргэд ирээд эргэж харвал охин арслантай гүүрний хашлага налан зогссоор байв. “Миний аав та нараас болж хүнд алуулсан. Миний аавыг алчихаад Өсөрбек ямарч ял шийтгэл эдлээгүй. Чиний эцэг миний эгч дээр ирж, та хоёр төрж манай гэр бүлд маш их гай зовлон авчирсан. Одоо чи зовох ёстой. Амины төлөөс нь амь байх ёстой. Хохь чинь.” Мария охиныг харж амандаа шивнэн хэлээд ухасхийн цааш эргэж хүн олны урсгалд хөл нийлэн ороод уусах мэт алга болов. Монгол оронд Ардчилсан хувьсгал ялж үйлдвэр завод, хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуй, газар тариалан бүгд хувьчлагдаж бүгд нийгмийн байдалд өөрчлөлт орж ажилгүйдэл ядуурал газар авсан тул Катерина бурханы өмнө үүрэг хүлээн Монголд ирээд удаагүй байлаа.
Эцэг, хүү, ариун сүнсний агуу их сүнслэг хүчийг ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй байгаа Монголчуудыг буруутгах аргагүй ч Катерина цөхрөлтгүй ажиллаж тэдний өмнөөс хөлсөө асгартал гуйн залбирч байлаа. Монголчууд чамлахаар чанга атга хэмээн ярилцдаг. Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмд далаад хүн нэгдсэн нь хөгөөтэйгүүр чамлахын аргагүй тоо байлаа. Баруун дөрвөн замын урд уруу тээврийн товчооны дэргэд оццисслосон Катерина ихэвчлэн өөрөө гадуур явж дагалдагчдад хүрч очин үйлчилж байлаа. Арван найман настай залуу бүсгүй түүний өмнө сууна. Найман насандаа өсөлт нь зогссон тэр бүсгүй бэлхүүснээсээ доош хөдөлгөөнгүй суумгай байгаа нь Катеринагийн сэтгэлийг ихэд ковоох тул бүсгүйн биед гараа тавиад – Бурхан минь тэнгэрт оршин тогтнож буй гайхамшигт их эцэг минь агуу их эзэн Есүс минь энэ бүсгүйн итгэлийг ерөөж түүний гэм нүглийг уучлаач. Түүнийг ивээлдээ багтааж эрүүл мэндээр нь адилаач хэмээн залбирахад түүний гүн цэнхэр нүдээр дүүрэн нулимс мэлтэгнэн дүүрэв. Катерина Цэцэгмаа гэх тэр бүсгүйд сайн сайхныг ерөөж бурханы ивээл заавал чамд ирнэ хэмээн тайвшруулаад гарав. Монголын тэнгэр цэлмэг дэндүү тунгалаг тул бусдын зовлонг үүрэлцсэн зовлонгоо мартаад инээмсэглэв. Монгол орон яасан цэлмэг сайхан тэнгэртэй юм бэ? ийм сайхан тэнгэрийн дор амьдарч байгаа хүмүүс сайхан сэтгэлтэй байж таарна. Есүс эзэн минь ийм сайхан хүмүүстэй Монгол оронд ирүүлсэнд баярлалаа. Катерина бурханд талархсан сэтгэлээ илэрхийлэн цааш алхав. Алхах тутам сэтгэл ариусах шиг бие хөнгөрч
Катерина баяртай инээмсэглэнэ. Тэрбээр тав алхаад таарах элдэв бараа алаглуулан зарж зогсох наймаачид жижиг тэвшинд алаглуулсан чихэр жимс, шоколад ярайж шороотой тэр гудамжинд балчир хүүхдүүд гүйж ирцгээн шороонд дарагдсан чихэр шоколад авч амандаа хийгээд гүйлдэн одох нь таагүй харагдсан ч Катерина цааш алхав. Хоёр талдаа арслангийн баримал бүхий хоёр арслантай урт гүүрэн дээгүүр бүсгүй алхав. Тэгснээ Катертнагийн сайхан царай барсхийн дороо зогтусан зогсов. Түүний өмнө гүүрний хашлага налан зогсоод мэгшин уйлж байгаа улаан пальтотой хөөрхөн охин харагдав. “Ээ бурхан минь энэ хөөрхөн охин юунд уйлна вэ? хэн түүнийг гомдоов.” Катерина охин уруу очиж хөөрхөн цагаан гараас нь зөөлөн атгав. – Сайн байна уу? Охин минь. Хэн чамайг гомдоов. Охин гараа татаж түүнийг харснаа дахин уйлав. – Мария эгч намайг орхиод явсан. Ийн… ийн… Миний ээжийг ирнэ гэсэн. Ээж ирэхгүй байна. Ийн… Ийн… – За тайвшир. Чамайг бурхан хамгаална. Ээж нь ирнэ за юу. Катерина охиныг хөтөлсөөр тэр шөнөжин охины ээж эгч хоёрыг хүлээгээд ирсэнгүй. Катерина охиныг хэрхэхийг шийдэж чадалгүй сүмийн ерөнхийлөгч Кокос ах уруу холбогдов. – Катерина чамд баярлалаа. Ямар таагүй юм бэ? Хөөрхий охины төлөө би маш их харамсч байна.

Гэхдээ бид хүүхдийг одоогоор үрчилж авах эрхгүй. Монголын цагдаад охины талаар мэдэгдэх хэрэгтэй. – Ойлголоо Кокос ахаа. Таньд баярлалаа. Катерина охиныг хөтөлсөөр цагдаагийн газарт очиж болсон явдлыг хэлбэл өдрийн ихэнхийг хүлээлгэсний эцэст мөрөн дээрээ дөрвөн жижиг таван хошуутай дөч орчим насны эмэгтэй тэр хоёрыг хүлээн авч уулзав. – Сайн байна уу? Намайг Катерина гэдэг. – Сайн. Сайн байна уу? Би хүүхдийн байцаагч ахмад Түвшин. Та хоёр суугаач. Катерина охиныг хөтлөн байцаагч эмэгтэйн өмнөх модон сандалд суугаад болсон явдлыг ярив. Байцаагч түүний ярихыг чих тавин сонсч байлаа. – Миний дүүг хэн гэдэг билээ? – Намайг Алтаннуур гэдэг. – Чи хэнтэй цуг хотод ирсэн юм бэ? – Эмээ минь нас бараад ээж ирсэн. Миний гоё ээж намайг авах ёстой байсан. – Ээжийг нь хэн гэдэг юм бэ? – Миний гоё ээжийг Гульсара гэдэг. – Миний дүүгийн ээж одоо хаана байгаа юм бэ? – Мэдэхгүй. – Миний дүүг хэн наашаа хотод авчирсан юм бэ? – Мария эгч – Мария эгч нь хаана байдаг юм бэ? – Мэдэхгүй. Би цэцэрлэгт явдаг. Манай багшийг Алимаа гэдэг. – Ямар сайн охин бэ? Алимаа багш нь хаана байдаг юм бэ? – Манай сангийн аж ахуйн цэцэрлэгийг та мэдэхгүй юу эгчээ. – Эгч нь харин мэдэхгүй байна л даа. Ямартай ч Мария эгч гэгч нь охиныг арслантай гүүрэн дээр орхисон нь охины ярианаас нотлогдсон тул цагдаагийнхан гурван өдөр охиныг авч арслантай гүүрэн дээр хүлээгээд охиныг авах гэж хэн ч ирсэнгүй тул охиныг хүүхдийн асрамжийн Итгэл төвд хүлээлгэн өгөв. Гэсэн ч хүүхдийн төлөөлөгч Түвшин үргэлжлүүлэн шалгасаар Сэлэнгэ аймгийн Баруун Хараа суманд саальчнаар ажиллаж байсан
Жамалын зээ охин Алтаннуур мөн болохыг тогтоож охины цэцэрлэгийн багш Алимаатай уулзаж охины талаар мэдээлэл авчээ. Талийгч Жамалын төрсөн дүүтэй уулзахад Алтаннуурын ээж Гульсара ажил ядлын дараа гэнэт гарч ирээд явсан. Гульсарагийн дүү Мария охиныг хот уруу авч явсаныг хэлжээ. Харин Мария, Гульсара хоёрын хаана байгааг мэдэх хүн байсангүй эрэл мухарджээ. Итгэл хүүхдийн асрамжийн төвийн жижиг өрөөнд Алтаннуурыг оруулжээ. Арван гурван настай Гэрэл өөрийн хоёр төрсөн дүүтэйгээ энэ өрөөнд амьдардаг аж. – За Гэрэлээ миний охион. Чи бас нэг дүүтэй боллоо. Нэр нь Алтаннуур. Хөөрхөн охин байгаа биз гэж хүмүүжүүлэгч багш Гиймаа хэлээд Алтаннуурын толгойг илэв. – Тиймээ багшаа. Хөөрхөн дүү байна. – За сайн байна. Миний хүүхдүүд эвтэй байгаарай. Алтаннуур ээжийнхээ авчирч өгсөн гоё платьег энгэртээ тэврээд зогсч байлаа. – Энэ чиний ор за. Энийг Зоригоо. Зоригоо та хоёр чацуу юм байна. Харин Золбоо жаахан. Тийм болохоор тэр бас чиний дүү за. За Алтаннуураа чи миний дүү юм чинь Золбоогийн эгч нь шүү дээ. Дүүгээ үнсчих. Гэрэл Алтаннуурын өмнө дөрвөн настай Золбоог хөтөлж ирэхэд Алтаннуур түүнийг үнсэв. Зоригоо Алтаннуурт ор засахыг зааж өгөөд платьег нь авч орны толгой дээр тохов. – За ширээгээ тойроод суугаарай. Эгч нь дүү нартаа гоё юм өгнө. Гэрэлийг хэлэхэд гурван хүүхэд ширээ тойрон сууцгаав. Гэрэл жижиг савны таг авч хүүхэд бүрийн өмнө нэг, нэг алим тавихад хүүхдүүд баярлалдан алимыг авч идэцгээв. Алтаннуурын ч сэтгэл сэргэж эгч дүү нартай болсондоо баяртай байлаа.
Зоригоо үндэсний бүжгийн хувцсаа өмсч бүжиглэж үзүүлэхэд Алтаннуур бас бүжиглэж дуулж үзүүлэв. Хүүхдүүдийг ийн шуугиж байтал хаалга онгойж арван тав, арван зургаа орчим настай хоёр том охин орж ирээд хаалгыг потроос нь хаахад харваас Гэрэл айж царай нь сааралтан барайв. Хүүхдүүдийн идсэн алимны гол ширээн дээр харагдана. Том махлаг биетэй улаан хацартай охин исгэрч – Өө хөөрхий ингэж суудаг улс бий. Өрөөгөө цэвэрлээч гэх мөртлөө орнуудын бүтээлгийг хуулж газар шидэв. Тэгснээ Гэрэлийг үсдэн дугтарч – Нохой минь хаанаас алим хулгайлсан бэ? хэл гэж загнаад нүүр үрүү нь алгадахад бяцхан Золбоо айн уйлж, Зоригоо дүүгээ тэврэн зогсов. – Хүүе энэ хаанаас нисээд ирсэн шувуухай вэ? гэсэн нөгөө охин нь Алтаннуурыг шалан дээр түлхэж унагаад гараа зангидан цохиход ийм хүчирхийлэлд өртөж үзээгүй охин айж чангаар уйлав. – Дуугүй бол. Алаад хаячихана шүү чамайг. Охин айж дуугүй болсон ч нөгөө охин ам уруу нь алгадахад дахин уйлав. – Энэ чинь их ганган амьтан байх нь. Энэ хараа. Чи энийг хаанаас хулгайлсан бэ? айн. Байгаль гэх том охин ээжийнх нь авчирч өгсөн даашинзаар түүний нүүр лүү ороолгоод хумхиж базан сугандаа хавчуулж гадагшаа гарахад – Миний юмыг өг. Ээжийн минь өгсөн палааж гэж Алтаннуур хашгирахад хоёр том охин түүний дэргэд ирж – Чи ээжтэй юмуу хөөе. Тийм сүрхий ээжтэй юм бол чи яагаад энд байж байгаа юм бэ? чиний ээж янхан. Чи янхны хүүхэд мэдэв үү гэж нэг нв охины толгой уруу чичилхэд – Май чи ингээд ав гэснээ нөгөө охин нь даашинзыг нь хэдэн хэсэг цуу татан хаячихаад хөхрөлдөн гараад явчихав. Алтаннуур шалан дээр суугаад уйлж байлаа. – За миний дүү битгий уйл за. Ийм хөөрхөн нүдийг нулимсаар дүүргэж болохгүй. Бид жаахан байна. Том болж л таараа. Өөрөө зөндөө зодуулсан ч Гэрэл Алтаннурыг аргадаж босгоод нүүрийг нь угаав. Алтаннуурын ч тэр, Гэрэлйн ч тэр үсийг зулгаан зөндөө зодсон байлаа.гэрэл хэдэнтээ эхэр татсанаа өөрийнхөө үсийг самнаад Алтаннуурын үсийг самнаж өгөөд хацар дээр нь ихэд энхрийлэн үнсээд – За яах вэ? та нар тэгж л бай. Би том болоод дүү нараа хэнд ч дээрэлхүүлэхгүй гэв. Зоригоод тэврүүлсэн Золбоо уйлсаар байгаад унтчихсан байв.
Зоригоо дүүгээ орон дээр зөөлөн тавиад Алтаннуурын дэргэд ирж – Би чиний хөөрхөн нүдийг нулимстай байлгахгүй за гэж аргадаад гараас нь халуун дотноор атгажээ. Дөрвөн жижиг хүүхдийг том хүүхдүүд өдөр бүр дээрэлхдэг байлаа. Нэг өдөр том хүүхдүүд орж ирээд дээрэлхэв. – Хүүш энэ чинь даанч их цагаан царайтай байсан юм. Казак юм байна ш дээ гэж үснээс нь зулгаав. – Болиоч та нарыг багшид хэлнэ. Адилхан өнчин хүүхдүүд байж дандаа жижигхэн хүүхэд дээрэлхдэг гэж хэлээд Гэрэл бас зодуулав. Мөн л Алтаннуур, Гэрэл хоёр зодуулж хоёулаа тэврэлпдэн сэгсийсэн үстэй уйлж суутал хаалга нээгдэн тэнгэрийн өнгөт цэнхэр нүдэндээ инээд тодруулсан Катерина орж ирээд гайхаж, мэгдэн зогсов. Ард нь халамжийн төвийн захирал Түмэнбуян хүмүүжүүлэгч багш Гиймаа, Цэцгээ нар зогсоно. – Ээ бурхан минь энэ чинь юу болох нь энэ вэ? Хонгор минь Алтаннуур охин минь. Катерина дуу алдаад урагш ухасхийн түүнийг тэвэрч авав. Захирал зовсон харцаар багш нарыг хараад Гэрэлийг зөөлөн татаж гадаа гаргаад юу болсныг яриулж царай нь минчийн улайв. – Эгчээ Мария эгч минь хаана байгаа бол. Намайг загнадаг ч гэсэн би түүнтэй хамт баймаар байна. – Бүх юм сайхан болно охин минь. Катеринад хэлэх үг олдсонгүй охиныг маш их өрөвдөн нулимс бөмбөрүүлж түүнийг тэвэрсээр байлаа. – Эгчээ ээжийн минь авч өгсөн даашинзыг тэд ураад хаячихсан. Охин ихэд гомдолтой хэлээд мэгшив. – Эгч нь чамд аваад өгнө. Яг ижлийг аваад өгнө. Тайвшир хонгор минь. Катерина аль болохоор охиныг тайвшруулахыг хичээж байв. Катерина тусламжийн хувцас, хүнс, боломжийн санхүүжилт хандивласан тул асрамжийн газрын захирал, багш нар иймэрхүү байдалтай байсандаа маш эвгүй байдалд оржээ. – Дахиад та нар ийм юм гаргаад үзээрэй.
Хохь чинь шүү. Ялангуяа тэр Алтаннуурт гар хүргээд үзээрэй. Гиймаа багш том хүүхдүүдийг өмнөө номхон зогсоогоод загнажээ. Гэрэл, Зоригоо, Золбоо гуравтай нэгэн жилийн хугацаанд хамт байж ихэд ижилдэн дасч байтал хүүхдийн асрамжийн газрыг “Амгалан дахь хүүхэд хөгжлийн төвтэй нэгтгэж Амгалан уруу нүүж шинэ газар очив. Шинэ багш захиралтай болж маш ширүүн дарамтын дор амьдралын хоногууд үргэлжилсэн хүнд өдрүүд ирэв. Багш нар нь хүүхэдтэй ажиллах туршлагагүй том жижиггүй зодож харгис авирлах тул хүүхдүүд айдаст бүрэн автсан байлаа. Алтаннуур сургуульд орох насанд хүрч байгаа тул Катерина түүнийг үрчилж авахаар хөөцөлдөж эхлэв. Катеринагийн ивээл дор Алтаннуур, Гэрэл, Зоригоо, Золбоо дөрөв нэг өрөөнд оров. Гэтэл хүүхэд хөгжлийн төвөөс тархины саажилттай Эрдэнэчимэг гэдэг охиныг бас тэдний өрөөнд оруулав. Эрдэнэчимэг Алтаннууртай чацуу тул тэд хоорондоо их дасч байв. Эрдэнэчимэгийн толгой байнга өвдөнө. Эрдэнэчимэг дуулах их дуртай. Эрдэнэчимэг аавыгаа их ярьдаг байв. – Миний аав удахгүй ирнэ. Одоо хоёрхон жил хүлээчихвэл аав минь бүр ирнэ гэсэн. – Миний ээж ч гэсэн удахгүй ирэх байхаа. Миний ээж их гоё ээж. – Миний аав ч гэсэн сайхан аав байдаг. – Аав чинь хаана байгаа юм бэ? – Миний аав уу? Миний аав эрх чөлөөтэй болоод ирнэ гэсэн. Би аавыгаа ирэхээр энэ дууг дуулж өгнө. Амин хайртай миний ааваа Адууныхаа бэлчээрт дуулдаг хүн байсан Бага наснаас сэтгэлд хоногшсон Баргил хоолойтой дуучин хүн байсан гэдэг дууг Эрдэнэчимэг дандаа дуулна. Зоригоо,

Алтаннуур хоёр хамт хичээлдээ явна. Хоёулаа хичээлдээ сайн сурч уншиж, бичдэг болов. Муу казак, шар муур шартай, шарсан мах амттай гэж хүүхдүүд Алтаннуурыг хочилж, үснээс нь татаж зовоох үес Зоригоо түүнийг өмөөрөөд зодуулах нь олонтой. – Зоригоо чи намайг битгий өмөөрч бай. Чамайг хүүхдүүд зодоод байх юм. Алтаннуур Зоригоог толгойгоо хага цохиулсан өдөр хэлээд хага цохигдсон толгойных нь цусыг цэвэрлэж өгчээ. – Алтаан. Чи миний толгойны өвдөж байгаа газар гараараа зөөлөн дардаа. Өвдөөд байна. Алтаннуур Зоригоогийн толгойн тус газар зөөлөн дарав. – Их өвдөж байна уу? – Одоо зүгээр болчихлоо. Алтаан чиний гар хүрээд миний өвдөж байсан толгой зүгээр болчихлоо. Зоригоо ихэд баярлан инээхэд Алтаннуур бас баярлаж – Үүнээс хойш би дандаа чиний өвчнийг энэ гараараа дараад зүгээр болгож байна за юу. – За. Тэгвэл би чамайг өмөөрч дандаа зодолдож байнаа. – Яах юм бэ? Зоригоо. Зодолдох муухай. Хоёулаа харья. Хоёр хүүхэд хөтлөлцөн гүйсээр амьдардаг өрөөндөө ирвэл Эрдэнэчимэг орон дээрээ хэвтээд учиргүй ёолж байлаа. – Яасан Чимгээ. Найз нь чиний толгойг бариад өгье. – За. Чиний гар хүрэхээр миний толгойны өвчин эдгэчих шиг болдог. – Хэ. Хэ. Би бариад өгье. Алтаннуур, Эрдэнэчимэгийн өвдөж буй толгойг ихэд зөөлөн илж өгөв.