
Чамайг намайг эс зөвшөөрвөл би чиний охин дүү Марияг бага эхнэрээ болгож авна. Бас чамаас гэрлэлтийн баталгаагаа салгахгүй. Та нар надтай яаж ч тэмцээд намайг дийлэхгүй шүү. Муу өлөгчин минь чи
намайг цагдаад өгөөд юу олж долоосон юм бэ? Аан. Чи тийм юм олж долоосон гээд надад хэл дээ. Надад мөнгө байна. Эрх мэдэл байна. Чамайг алсан ч би чадна. Дархан хотод гурван өрөө шинэ байр
юугаарч дутахгүй тансаг тавилга, үнэт хивсээр дүүргэж Гульсараг авчирсан өдрөө Өсөрбек түүнд хатуу тавилангийн эхний буултыг амсуулав. Хөмхийгөө язартал зуусан Гульсара ёоч гэж хэлсэнгүй
зузаан хивсэн дээр өнхрөн унав. Өсөрбек Гульсараг цохиж унагасан байв. – Хөөш өлөгчин минь чи миний дэргэд үлдэх үү. Эсвэл дүү Мариягаа үлдээхүү. Шийдээ хэл дээ. Өсөрбек улангасан хашгирсаар
Гульсарагийн хүрэн үснээс базаж өндийлгөв. – Тиймээ. Марияг орхи. Би чиний дэргэд үлдэе. Үүнээс хойш чамд үнэнч байя. Аллах хараг. Өсөрбек дахин Гульсараг цохиж унагав. Гульсара ухаан балартан хэсэг
хэвтээд өндийхөд Өсөрбек дахин түүнийг үсдэн босгож ирээд – Өлөгчин минь түрүүчийн үгээ хэл гэв. – Тиймээ. Марияг орхи. Би чиний дэргэд үлдэе. Үүнээс хойш чамд үнэнч байя. Аллах хараг. – Үнэн үү. – Тиймээ. Аллах мэдэг. Өсөрбек галзуурсан мэт чангаар инээснээ хүнд махлаг биеэ дааж ядах мэт маш удаанаар янцаглан боссоноо Гульсараг өмнөө зогс гэж гараараа дохив. Гульсара айж дагжин түүнд дөхөн очвол тэрээр гэнэт ухасхийн хүүхний хувцсыг тасар татан урж чармай нүцгэн болгов. – Эргэ. Одоо наашаа хар. Чи аргагүй сайхан шулам юмаа. Одоо миний хувцсыг тайл. Дээшээ хараад хэвт. Энэ харгис хэрцгий хүн ганц дүүг нь барьцаалсан болохоор Гульсара түүний хэлсэн үг бүрийг биелүүлж түүний үгээр байхдаа зүрхэндээ цусаар уйлж, хоёр ихэр охиноо, ээжийгээ, хайр сэтгэлээ өгсөн Доржийгоо санан бэтгэрч байв.
Доржоос өөр хүний гар хүрээгүй уран галбирт биеэ хөсөр хаян нүдээ тас аньсан түүний дэргэд бүдүүн болхи Өсөрбек амьсгаадан ирж аахичсаар дээр нь нөмрөн хэвтэхэд харамслын гашуун нулимс хоёр шанааг нь даган горхилон урсч байлаа. – Би чамд хайртай. Одоо дахиж чамайг зодохгүй. Чи намайг хуурч болохгүй шүү. Чи минийх. Чи зөвхөн минийх. Чи зөвхөн намайг жаргаа. Өсөрбек дуу алдан ийнхүү үглэж байлаа. … Амьдралыг ханиа алдаж төрсөн ганц бүсгүй дүүгээ бараадан Баруунхараад цөөн хэдэн малтай ирсэн Жамал Өсөрбекийн гарт атгагдаж хаана байгаа нь мэдэгдэхээ больсон охин Гульсарагийн нялх охин Алтаннуурыг ихэд энхрийлэн өсгөж байлаа. “Сайхан хүүхэн зовдог гэж ямар үнэн үг вэ? Хөөрхий Гульсара минь яажшуухан яваа бол. Амьд мэнд байгаасай билээ. Миний хөгшин уг нь ухаантай хүмэн. Тэр хараал идсэн Өсөрбекэд ямар гайд хөтлөгдөн охиноо өгөв дөө. Ай Аллах минь. Сайхан үрийг минь авралдаа авч нүгэлт гайхал Өсөрбекийг зад ниргээд өг. Ниргээд өг” хэмээн залбирч байв. – Эгч минь ингэж суухаар ажилд ор. Сангийн аж ахуйн даргад хэлсэн. Та арван таван үнээ саагаад байж чадна шүү дээ. Цахилгаан саалтуураар саах юм чинь гэж дүүгээ хэлэхэд ихэд баярласан Жамал саалийн фермэд саальчин болов. Тэрбээр саалинд гарахдаа Алтаннуур охиноо орныхоо хөлнөөс бүсээрээ уяад гардаг байв. Улаанбаатар хотод Санхүүгийн техникумд сурдаг охин Марияд мөнгө хэрэг болсон тул нутгаас авчирсан хэдэн хонио зарж хэдэн төгрөг болгож охиндоо өгөв. Мария охин нь царай зүс тунгалаг, бие гоолиг учир эх охиндоо зовохгүй байж чадсангүй.

Буянтны буян сайн нөхрөөс үлдсэн таван саалийн үнээтэй учир Жамал балчир охин Алтаннуурын хамт боломжтой амьдарч байв. Сангийн аж ахуйгаас сардаа дөрвөн зуун төгрөгний цалин авдаг учир тэрээр санхүүгийн жижигхэн хуримтлал үүсгэж шинэ амьдралдаа сүрхий дасч байлаа. Алтаннуур охиныг гурван нас хүрмэгц цэцэрлэгт өгч ээжтэйгээ усны дусал шиг ижилхэн байгаад зогсоогүй авьяас билгийг нь хүртэл өвлөсөн мэт авьяаслаг тэр охин цэцэрлэгийн багш ажилчид төдийгүй сангийн аж ахуйн тайзанд гарч дуулдаг болов. Нар минь нар минь битгий жаргаач Навчис унаж байна түүнийг өрөвдөөч Настай ээжийг минь жаргуулаарай Миний гараас үргэлж хөтлөөрэй. Алтаннуур охин энэ дууг дуулах их дуртай. Алтан шаргал үстэй үлгэрт гардаг үзэсгэлэнт ээжийгээ нэг л өдөр ороод ирнэ гэж охин бяцхан ухаандаа бодон хүлээдэг байлаа. Охины ээж ирэхгүй л байлаа. Охин бас Мария эгчийгээ ярих дуртай. Харин Мария эгч нь түүнд тиймч сайн биш. Нэг удаа Мария гэртээ ирсэн шөнө охин анх удаа өөрийнхөө тухай таагүй яриа сонсчээ. – Ээжээ та их буруу юм хийжээ. Наад Алтаннуураа тэр эцэг шүү юманд тэр ихэртэй нь хамт өгөх байсан юм. Мария эгч нь ихэпд ууртай эмээд нь хэлжээ. – Чи юу ярина вэ? Аллах чамайг ивээг.
Ийм хөөрхөн амьтныг яаж тэгж хэлж болдог юм бэ? Эмээ нь Алтаннуурыг шууд өмөөрөхөд охин ихэд баярлав. “Би эмээгийн хөөрхөн охин юм чинь.” Охин өөртөө ихэд бардам бодов. – Би яаж эд нарт сайн байх юм бэ? Ерөөсөө эд нараас болж миний аав үхсэн. Анхнаасаа Гульсара эгч тэр Өсөрбектэйгээ суухгүй яах гэж Монгол эртэй суусан юм. Гульсара эгчээс болж миний аав нас барсан. Гэтэл одоо хүүхдээ хүртэл авахгүй тэр Өсөрбекээ дагаад явсан биз дээ. Мария эгч нь бүр хоолой зангируулан хэлээд орондоо орж уйлж байгаа бололтой буруу харан хэвтээд өгөхөд эмээ нь хариу хэлээгүй ч ор уруугаа мөлхөн охины үсийг энхрийлэн илээд хонхойдог хацар дээр нь үнсэхэд унтсан мэт хэвтсэн охин инээмсэглэв. Охин Мария эгчээсээ айдаг байлаа. Тиймээс эмээгээ хүзүүдэн тэврээд – Эмээ Гульсара гэж хэн бэ? гэж чихэнд нь шивнэн асуухад эмээ нь мөн л шивнэж – Гульсара бол чиний ээж гэв. – Миний ээж над шиг хөөрхөн үү? – Тэгэлгүй яах вэ? чам шиг хөөрхөн. Маш хөөрхөн гээд эмээ нь санаа алдах аж. – Эмээ Гульсара ээж манайд ирэх үү? – Ай Аллах минь Гульсара минь ирээсэй билээ. – Та Гульсара ээжид хайртай юу? – Хайртай байлгүй яах вэ? Тэр минь миний охин шүү дээ. – Болиочээ. Та нар ямар их ярьдаг юм бэ? Хүний нойр сэргээчих юм. Би амармаар байна гэж
Марияг уцаарлахад Жамал хэлээ гаргаж Алтаннуур эмээгийнхээ цээжинд нүүрээ наан унтаад өгөв. Маргааш нь Мария явахдаа ээжийнхээ банкинд хадгалуулсан хэдэн төгрөгийг хуу хаман авч явжээ. – Миний ээжид чи эрхлээд байх шаардлагагүй шүү. Би чамайг энэ гэрээс зайлуулахдаа л зайлуулна. Энэ үг Мариягийн заналхийлэн хэлсэн эхний үг биш байлаа. Алтаннуур охин таван нас хүртэл эмээ Жамалын асрамжинд өнгөжин цэцэглэх бадамлянхуа цэцэг шиг жаргалтай сайхан өсч байв. Охиныг таван нас өнгөрч байх үес Жамалын бие өвдөх болж хоолноос аажим аажмаар гарч байлаа… … Гульсара таван жил болоход Өсөрбекийн хүүхдийн төрүүлсэнгүй. Өсөрбекийн түрүүчийн гурван эхнэрийн арван хэдэн залуус байдаг ч тэдний хэн нь ч Гулсарагийнд ирдэггүй байлаа. Өсөрбек сайхан хүүхнээс тэгсхийгээд уйддаг боловч шулам гэж өөрөө нэрлэдэг Гульсарагаас холдож чаддаггүй байв. Өсөрбекийн том хүү гуч гарсан залуу эр эцгийн бага эхнэр Гульсараг эргүүлэх нь бий. Өсөрбек ийш тийшээ удаан хугацаагаар алга болдог ч Гульсараг гэртээ аваачсан таван жилд түүнээс огт холдсонгүй. Энэ хугацаанд Гульсарагийн нүдний гал бөхөж биеийн эрүүл мэнд ч таагүй сул суварган нэгэн болж хувирчээ. Архи ууж согтуурхсан үедээ Өсөрбек Гульсараг нэвширтэл зодох нь сүүлийн хоёр жилд бас багассан ч хөөрхий бүсгүйн сэтгэлийн зовлон дууссангүй. Өсөрбекийн удирдлаганд байдаг нүдэнд хүйтэн хэдэн залуус түүний удирдлагаар нэг тийш яваад алга болж хоёр гурван сарын дараа ирэхдээ лусын хааныд зочилсон мэт их эд баялаг мөнгө төгрөг авчирч өгдөг байв. Талдаа унасан жавар салхи нь
Ташуур алдам хүйтэн жавраа ай хө Танхил өссөн намайгаа болбол Аашилж загнаад юугаа хийх вэ? ай хө… Өсөрбек залуустайгаа хаашаа ч юм одож Гульсараг гэрт нь цоожлон явсан тул хүүхэн сэтгэлийнхээ зовлонг арилтал дуулав. Ээжийнх нь ёолох сонсдох шиг болохуйяа гэнэт тэднийгээ бодон хангинатал санаа алдаад асгаруулан уйлав. “Би яасан азгүй хүн бэ?” Гульсара сүүлийн үед хэлэх дуртай болсон өнөөх үгээ хэлээд дахин уйлснаа босч цонхоор харав. Тоодойсон богинохон юбкатай хэдэн хөөрхөн охид орцны үүдэнд тоглоцгооно. “Ай Аллах минь. Миний охид өдийд ийм хөөрхөн болчихсон байгаа даа.” Гульсара гунигт автан дахиад л уйлав. Сэтгэлд гуниг хуралдсан их хүнд өдөр өнгөрч оройн харуй бүрий болох үес Өсөрбек ганцаараа орж ирэхэд нь зодуулахаас айсан Гульсара түүнийг аймсан харав. – Эй Гульсара нааш ир. Миний хөөрхөн шуламаа. Өсөрбек их сайхан ааштай байлаа. Тэрээр Гульсараг тэвэрч уруулаас нь шитж үнссэнээ – Чи ээжийгээ санаж байна уу гэж асуухад Гульсара уйлж орхив. – Мэдээж хэрэг хонгор минь. Би ч бас хүн шүү дээ. Өсөрбек тийм муу эр хүн биш. Чиний ээж Жамал чиний бяцхан охины хамт Баруун-Хараад байна. Чи маргааш тийшээ явж ээж охин хоёртойгоо уулзаж гурав хоноод ир. Би чамайг уучилсан. Охиноо авчир. Хамт амьдар. Өсөрбекээс ийм үг сонсоно чинээ санаагүй Гульсара ихэд баярлаж түүнд яаж талархахаа ч мэдсэнгүй ухасхийн тэвэрч аваад түүний архи, тамхинд нэлхийсэн муухай үнэрт уруул, хацар, дух хаа таарсан газар нь үнсч эхлэв. Үнсээд л байлаа. Гульсара маш их баярласан байв. – Эй Гульсара чи харав уу.
Би тийм муу хүн биш байгаа биз. Гульсарад ноолуулж үнсүүлсэндээ ихэд тааламжийг эдэлсэн Өсөрбек ихэд сайхан зантай хөхөрч Гульсараг татан өвөр дээрээ суулгав. – Өсөрбек чи энэ дэлхийн хамгийн сайн хүн. Гульсара тэр шөнийг нүд хамхилгүй босон сууж өнгөрөөв. Маргааш нь Өсөрбек түүнийг дагуулан гарч Дарханаас Улаанбаатар орох автобусанд суулгаж өгөв. Гульсара Өсөрбекийн зааж өгсөн Баруун-Хараагийн буудалд бууэ саальчдын хороог сурсаар очиход нагац эгч нь хашааны хаалган дээр таарч гоё ганган хувцасласан Гульсараг гайхан харж – Гульсара юу гэж асуув. – Нагац эгчээ сайн байна уу? Тиймээ Гульсара байна. – Чи хаана байж байгаад ирж байгаа нь энэ вэ? – Би Казакстанд амьдарч байгаад ирлээ. Өсөрбекийн зааж өгсөн үгийг хэлэв. – Тийм байх л даа. Охин минь чи ээжтэйгээ уулзах хувьгүй байж дээ. Аллах мэдэж байгаа байх. Дотогш орооч. – Юу… Миний ээж хаачсан гэж… – Нас барсан. Өдийд Аллахын дэргэд очсон биз. Оршуулаад гурав хонож байна. Алтаннуур охин чинь том болсон доо. Гульсара мэгшин уйлсаар гэр үрүү гүйн оров. Мариягийн дэргэд хуруугаараа оролдон тонгойсон хөөрхөн охин зогсч байсан нь шууд Гульсарагийн нүдэнд тусав. Охин ихэд уруу дорой харагдах ажээ. Мария гульсараг харснаа босч зогсов. – Гульсара чи хаанаас гараад ирэвээ. – Би… би Казакстанаас ирлээ. Өсөрбекийн зааж өгсөн өнөөх үгийг хэлээд Гульсара асгаруулан уйлав. – Одоо уйлаад яах вэ? жаахан эртхэн ирж болсонгүй юу? Мариягийн хэлсэн үг болгон түүнийг буруутгаж байх шиг санагдахад “Иш яаавас миний яаж зовсныг энэ мэддэг ч болоосой. Өөрийг нь зовоохгүй гэсэндээ өөрийгөө золиослож байхад…” гэж бодсон Гульсара гашуунаар мэгшин уйлав. Ямарч гэсэн Мария цэхвэлзээд суугаад байж чадсангүй босч том халуун савтай цайнаас хийж Гульсарад бариад ханхийтэд санаа алдсанаа Алтаннуурыг харж – Алтаннуураа чиний ээж Гульсара. Гоё ээж байгаа биз гэж инээн гэнэт сайхан ааштай болов. – Нааш ир. Миний охин ээждээ ир. Гульсара уйлсан хэвээр хэлээд гараа сарвайхад охин гүйн ирж нүүрээ элгэнд нь наагаад биенээс нь зуураад авахад Гульсарагийн зүрхээр часхийн хатгуулав. – Том болсон байгаа биз. Үнээний сүү хөхөж өссөн дөө.

Манай Алтаннуур бас гоё дуулдаг. За Алтаннуур ээждээ дуулаад өг дөө. Марияг ихэд магтан хэлэхэд охины нүүр улайж баярласандаа дахин эхийнхээ элгэнд наалдаж – Ээжээ намайг бүүр аваад яваарай. Мария намайг загнадаг гэж шивнэв. Мария түүнийг ихэд хартай харж – Юу гэнэ вэ? наадах чинь хэмээгээд муухай харав. – Намайг санасан гэнээ. Битгий яваарай гэж байна. – Мэдээж Гульсара чи одоо Алтаннуураа аваад явна биз дээ. Би ээжийн хашаа гэрийг нагац эгчид зарчихсан. – Тэгнээ. Би охиноо аваад явна. – Тэгсэн нь дээр. Гульсара дахин Марияд гомдож нулимс дуслуулан охиноо тэвэрч суулаа. – Ээжээ би чамд дуулаад өгөх үү. Чимээгүй байдлыг эвдэн Алтаннуур охины цовоо дуу хадахад Гульсара баярлан инээж Мария ч гэсэн мушилзав. Энэ хорвоод ээж сайхан Ээжтэй хүүхэд энхрий шүү Өвөр дээрээ энхрийлээд Өнжин тоглох сайхан даа. Алтаннуур маш эвлэг сайхан хоолойгоор цангинуулан дуулахад Гульсара охиноо тэврээд мэгшин уйлав. Түүнд өөрийнх нь бага нас харагдах шиг болов. Ээж нь яг дэргэд нь зогсоод түүний дуулахыг чагнадаг байсныг тэр санав. Түүнийг дуулахад Мария ихэд анхааран гараа өвөр дээрээ тавиад сууж байдаг байв.