Нүүр Өгүүллэг САЙХАН ХҮМҮҮС /ТУУЖ/ 10-Р ХЭСЭГ

САЙХАН ХҮМҮҮС /ТУУЖ/ 10-Р ХЭСЭГ

1 секунд уншина
0
0
1,661

Багшаа би Алтаннуур нэрээ сэргээмээр байна. – Тэгэлгүй яах вэ? Угаасаа Алтаннуур юм чинь. Багш нь тусална. Би чиний нялх хоёр наснаас зургаан нас хүртэлхи түүхийг мэднэ шүү дээ. Багш алгуур

босч шилэн хоргонд эгнүүлэн хийсэн олон альбомуудыг авч үзсээр нэгийг нь сугалан ирж Алтанагийн дэргэд суугаад – За энэ байна даа. Манай наян зургаан оны ангийнхан гээд нээлээ. Цулцгар цагаан хацар

тас хар үстэй том нүдтэй хоёр настай үеийн зургаа Алтана хармагц таньж дуу алдав. – Багшаа энэ миний зураг байна. – Тэгэлгүй яах вэ? охин минь. Эргүүлээд хар. Алтанагийн дуулж байгаа Казак, Монгол

үндэсний хувцас өмсөөд бүжиглэж байгаа олон зургийн дор багш тайлбар бичсэн байлаа. – Багшаа. Би зурагнуудыг утсан дээрээ суулгаад авч болох уу? – Тэг тэг. Би чиний иргэний бичиг баримтыг

бүрдүүлнэ. Чи чинь Жамалын Алтаннуур юм байна шүү дээ. Тэртээ нэг мянга есөн зуун наян зургаан оны цэцэрлэгийн бага ангийн хүүхдүүдийн бүртгэлээ олсон багш баярлан дуу алджээ. Алтана

багшдаа зөөлөн нэхээст ноосон цамц, амтлаг чихэр, нөхөрт нь намхан пагдгар шилтэй виски, зөөлөн чихрийн цуглуулга бэлэглээд тэднийхээс гарахад цэв цэнхэр ьэнгэрт үй олон одод яралзан байлаа. – Миний охин болгоомжтой яваарай. Багш өөрийн хийсэн цөцгий, ааруул зэргийг гарт нь бариулаад хацар дээр нь зөөлөн үнсэв. – Баярлалаа. Багшаа би удахгүй ирнэ. – Тэгээрэй. Багш нь хүлээж байна. – Багшаа сайн сууж байгаарай. Залуу бүсгүйн нуруунаас нэгэн хүнд зүйл авагдах шиг сэтгэл хөнгөрч огтхон ч айлгүйгээр буйдхан тосгоны шөнийн гудамжийг цуу зүсэн автобусны буудал уруу алхав. – Сайн байна уу? Эрдэнэчимэгээ. Судалгааны ажил чинь амжилттай юу? Алтана номын санд сууж байтал ард нь нэгэн хүн эелдэг дуугаар мэндлэхэд эргэн харав.

Том алаг нүд, хөрслөг цайвар царай, ханхар өргөн цээж өндөр нуруутай залуу шалан дороос ургасан мэт өмнө нь зогсч байлаа. – Сайн. Сайн байна уу? Таньд юу хэрэгтэй вэ? Алтана түүний өтгөн хөмсгийг харан хэлээд уншиж буй ном уруугаа анхаарлаа хандуулав. – Баярлалаа. Танилцах л хэрэгтэй байна миний хувьд… Залуу өтгөн хөмсгөө хөдөлгөн хэлээд дэргэд нь сууж инээмсэглэв. – Арай бүдүүлэг үү үгүй юу. – Уучлаарай. Эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бол. Гэхдээ бүсгүй минь одоо хэдэн цаг болж байгааг мэдэж байна уу? Лав таны оройн хоол оройтлоо. Алтана цагаа харвал оройн хорин цаг өнгөрч байлаа. – Санаа зоволтгүй ээ. Миний оройн хоол тараг байдаг юм. Гэхдээ цаг орой болж байгаа юм байна. Сануулсанд баярлалаа. Алтана номоо хаагаад босч хувцсаа авангаа цүнхний арын цахилгааныг шархийлгэн нээж машиныхаа түлхүүрийг ил гарган барихад залуу дахин инээвхийлж –

Өнөөдөр таны машин явдаггүй өдөр биз дээ гэхэд Алтана машины дугаар явдаггүй өглөө такси барьж хичээлдээ ирсэнээ санан нүүр нь бага зэрэг ягаарав. – Тиймээ. Би андуурч. Ихэмсэг бардам алхлан гарсан түүний араас залуу даган гарч – Түгжрээ ихтэй үеэр такси зогсохгүй дээ. Хэрэв дургүйцэхгүй бол би хүргээд өгье. Суучих гэхэд Алтана түүнийг гайхан харав. – Уучлаарай. Та арай миний хаана амьдардгийг мэдэх юм биш биз. – Тэгэлгүй яах вэ? яагаад мэдэхгүй гэж. Та Маршал Таун хороололын 20-р байр 421 тоотод амьдардаг биз дээ. – Өө за. Ингэхэд та хэн бэ? – Идэрболд буюу Зоригоо. Өөрөө Алтаннуур буюу Эрдэнэчимэг байхаа. Алтана зогссон газраа хөшиж орхив. “Би чамайг хамгаална. Чиний хөөрхөн нүдийг дахиж нулимстай байлгахгүй. Би чамайг өмөөрч зодолдоно. Ялагдсан ч хамаагүй” ядруухан амьдралтай, өнчин зүрхний гунигтай саарад өдрүүдийн аз жаргалтай мөч өмнө нь өндөлзөөд ирэх шиг болохуйяа Алтанагийн нүдэнд нулимс мэлтэсхийн дүүрэв. – Зоригоо юу. Зоригоо. Зоригоо минь. Их хотын оройн нүргээнт амьдралын дуу чимээг дарж Алтана уулгалан хашгираад хоёр гараа алдлан залуу руу шуугин хүрч тэврэн авав. “Баярлалаа. Бурхан минь. Маш их баярлалаа.” Шөнийн гудамжны үй түмэн гэрэл дор Алтана нулимс асгаруулан зогсоно. Зоригоо түүнийг ханхар цээжиндээ наан зогсоод тас тэвэрсэн байх агаад залуугийн халуун нулимс бүсгүйн цагаан хүзүү үрүү нэвчин урсах аж. –

Алтаннуур. Миний зүрхэнд хоргодсон хөөрхөн шувуухай минь. Би чамайгаа сүүлийн таван жил хайлаа. Би чамайгаа ямар их санаваа. Хичнээн шөнө чамайгаа бодож нойргүй хонов. Зоригоо бүсгүйн чихэнд халуун оргиулан шивнээд хацар дээр нь энхрийлэн үнсэхэд Алтанагийн шорвог нулимс түүнд амтагдаж байлаа. Алтана тайвширч залуугийн ханхар цээжинд наалдан дээш нүүр өөд нь өлийн хараад инээмсэглэв. – Уучлаарай. Таньсангүй. Дахиад л Алтанагийн нүдээр нулимс мэлтэгнэн дүүрч залуу тэр нулимсыг шингээх мэт эрхий хуруундаа шингээн арчив. – Бидний уулзсан энэ өдөр бол чи бид хоёрын өдөр. Явцгаая. Алтана толгой дохин инээмсэглээд түүний цоо шинэхэн Ланд-200 машинд орж суув. – Алтаннуур найз нь чамайг олсноос хойш бүтэн хорь хоног дагалаа. Зоригоо ялсан хүний бардам инээдээр инээд алдана. – Яасан муухай юм бэ? тэгээд хэлдэггүй. За тэгээд яриад бай даа. Гэрэл эгч, Золбоо дүү хоёр маань хаана байна вэ? – Тэд Австрид сайн байгаа. Золбоо сураад, эгч ажиллаад. Эгчийн нөхөр канад хүн байдаг. Явцгаая би тэдэнд хэнийг олсноо үзүүлж гайхуулмаар байна. Зоригоо ихэд баясгалантай хэлээд машинаа асаахад машин онгирох мэт урагш ухасхийн давхив.

Тэд шөнөжин ярилцаж биесээ түшин суусаар өглөө болгов. Зоригоо жгч дүү хоёроосоо өөр газар өсчээ. Түүний нэрийг сольж Монголын нөлөө бүхий том улс төрч Дамдин үрчлэн авчээ. Зоригоо Дамдины Идэрболд нэртэй болж Америкийн нэгдсэн улсын Агаарын цэргийн их сургуульд суралцаж нисгэгч мэргэжил эзэмшин улсын онцгой байдлын албанд алба хааж эхлээд удаагүй байлаа. Зоригоо Алтанагийн яриаг анхааралтай сонсч дуусаад мөрөөр нь ихэд халамжтай тэврээд – Юу гээч. Алтаннуур. Чи бол яалт ч үгүй Жамалын Алтаннуур. Миний бяцхан зүрх сэтгэлд мөнхжин тогтсон тэр Алтаннуур. Хоёулаа энэ нэрийг заавал сэргээнэ. Багштай чинь ч хамт очиж уулзъя. Харин бид хоёрын хөөрхийлөлт найз Эрдэнэчимэг минь амьд мэнд байдаг боловуу хэмээснээ улам чанга тэврэлдэв. – Хөөрхий минь яагаад тэгдэг байсан юм бол доо. Чи миний аавд миний дуулж өгөх гэсэн дууг дуулж өгөөрэй гэдэгсэн. Алтана хоолой зангируулан хэлээд чимээгүй болоход – Би тэр дууг санаж байна гэж Зоригоо хэлээд тэврэлтээ улам лавшруулан ганхаж Амин хайртай миний ааваа Адууныхаа бэлчээрт дуулдаг хүн байсан Бага наснаас сэтгэлд хоногшсон Баргил хоолойтой дуучин хүн байсан хэмээн дуулахад Алтана дагаж дуулав.

Ихэд уяралтайгаар тэр дууг дуулахдаа тэдний нүд нулимстай байлаа. – Миний амин нуураа хоёулаа Эрдэнэчимэгийн сургийг гаргая. – Тэгье. Баярлалаа. Алтана чин сэтгэлээсээ баясан дуун алджээ. Энэ өдрөөс эхлэн Зоригоо түүнийг миний Аминнуур хэмээн ихэд нандигнан дуудах болжээ. Алтана сэтгэлдээ ямарч эргэлзэх бодолгүйгээр Зоригоод хайрын сэтгэлээ зориулжээ. Австрид амьдарч буй Гэрэл, Золбоо хоёр тэдэнд аз жаргал хүссэн мэндчилгээ өдөр бүр ирүүлэх болсон байжээ… … Дүүргийн ерөнхий прокурор Доржийг хүмүүс нарийндаа хатсан яхир эр гэж хэлэх ч бий. Ямартай ч ганц охиноо гэсэн эцэг хүний сэтгэлээр насыг ганцаар барж охиноо өөрийнхөө мэргэжлийг өвлүүлж Хууль эрх зүйн дээд боловсрол эзэмшүүлжээ. Анхмаа үегүй мэт нугардаг, сайхан дуулж бүжиглэдэгч эцэг нь түүнийг урлагийн хүн болгохоос татгалзжээ. Анхмаа хууль эрх зүйн дээд боловсрол эзэмшээд баклаврын зэрэг хамгаалан боловсролоо бүр бататгав. Тиймээс хууль эрх зүйн чиглэлээр бие даан ажиллах зорилгоор “Хүн эрдэнэ” хэмээх хуулийн ферм байгуулав. Тэрээр голдуу иргэний хэрэгт өмгөөлөл хийдэг байв. Аав нь үе үе ажил дээр нь ирж зөвлөгөө өгнө. Ер нь Анхмаад аавын түшиг их байлаа. Анхмаа анх удаа аавынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр нэгэн тохилог рестораныг сонгон авав.

Сүүлийн үес аав нь гавьтай их уухгүй ч чанартай архи ганц нэг хундагыг тогтоох болсон тул аавынхаа ойр дотны найз хэдэн хүн урьсны дотор хилийн цэргийн хурандаа Зэвгэ найз нь оржээ. Анхмааг нялх байхын л Зэвгэ ах, аав хоёр нь түүнийг ихэд эрхлүүлэн бөөцийлдөг байсныг тэр мэднэ. Аав нь хэдэн жилийн өмнө согтоод нэг их сайхан дуучин хүүхний тухай ярьж харамсан уйлахад Зэвгэ ах түүний дал мөрийг зөөлөн алгадаад – Больж үз. Өсч өндийж буй хүүхдийн сэтгэлд битгий элдэв юм хийчих гэж загнасныг Анхмаа мартаагүй. Анхмааг жаахан байхад ихэд тус болж аавд нь их түшиг болдог байсан Цог хурандаа хоёр сарын өмнө нас барсан тул аав нь баахан ганцаардмал байдаг болсонд охин шаналан зовж байлаа. Оройн арван зургаан цаг болоход зочид цуварсаар нэг цагийн дараа дөчин хүн ирсэн байлаа. Гол зочид хүрэлцэн ирсэн Доржийн төрсөн өдөр ёслол төгөлдөр эхэлж баярын хоол, баярын бэлэг сюрприз үргэлжилсээр бүтэн таван цагийн дараа тэнгэрт од түгсэн хойно тарцгаажээ. Охиндоо баярласан Доржийн сэтгэл ихэд хөдөлж үг дуугарвал уйлчих гээд байлаа. Зоогийн ширээний ард Дорж Анхмаа хоёроос гадна Зэвгэ хурандаа бас суусаар хоцров. Анхмаа хундаганд архи дүүргэж –

Энэ хундагатайг аав, Зэвгэ ах хоёрынхоо эрүүл мэндийн төлөө өргөе. Та хоёр минь урт насалж удаан жаргана шүү. Гэхдээ та хоёр минь залуухан байна гэсээр Анхмаа хундагатайг дээш өргөхөд – Охиндоо баярлалаа. Миний охин чинь аавынхаа мэргэжлийг өвлөсөн хуульч хүн боллоо. Охиндоо амжилэ хүсэе гэсээр Дорж босоход Зэвгэ дагалдан босч хундагаа өргөв. – Та хоёроосоо охин нь нэг зүйлийг хүсэх гэсэн юм. Миний ээж ямар хүн байсныг хэлж өгөөч. Дорж ихэд самгардсан харцаар Зэвгийг харж хоолой засав. – Хм. Тэр үнэнийг мэдэх цаг нэгэнт болсон. Зэвгэ охиныг дэмжин хэлээд Доржийг харж толгой дохив. – Бүгдийг ярьж үз. Дорж минь. Ер нь бол гол хэргийн эзэн чи шүү дээ. Бусдыг хуулийн өмнө үнэнийг ярь гэж тулгадаг атлаа өөрийнхөө амьдралын үнэнийг ярихад юунд цааргалдаг байнаа гэх Зэвгийг Дорж харан инээмэр аядаад – Миний охин наашаа гэв. Анхмаа аавынхаа яриаг чих тавин сонсоод уртаар санаа алдав. – Та тэгээд ээжийг минь хайгаад олж чадаагүй юу. – Тиймээ. Аав нь ээжийг чинь олохыг одоо ч хүсч байна. Ойлголоо. Ааваа, Зэвгэ ахаа би та хоёртоо одоо нэг хүнийг танилцуулах гэсэн юм гэж царайгаа үл ялиг улалзуулсан Анхмаа үүд үрүү ухасхийхэд хоёр найз биесээ харж нүдээ учиртайхан ирмэлцэв. Гаднаас жаахан онигор бор нүдтэй, нүдэндээ зохицсон өтгөн хар хөмсөгтэй өндөр хянгадуу хамар цайвар шаргал нүүртэй өргөн цээж, өндөр ханхар биетэй залуу орж ирээд мэндлэв. –

Сайн байцгаана уу? – Сайн. Сайн байна уу? – Ааваа, Зэвгэ ахаа танилц. Миний найз залуу. Хөгжмийн зохиолч Энхбаяр. Энэ миний аав Дорж. Миний хайртай аавын найз Зэвгэ ах. Анхмаа тэднийг танилцуулж тэд хоорондоо гар барилцав. – Хүү минь суу даа. Дорж хэлэх үгээ олж ядан хэлээд залууг харан байв. – Баярлалаа. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Үүнийг таньд гэсэн залуу эр Доржид жижиг хайрцагтай зүйл барив. – Баяр хүргэе хө. Чи минь өнөр өтгөн болно доо удахгүй. Одоо хүргэнээсээ бэлэг авч байна. Удахгүй зээгээсээ бэлэг авах болно гээд Зэвгэ хүд хүдхийн хөхрөнө. – Баярлалаа хүү минь. Манайхаар ирж байгаарай. – Ааваа Энхбаяр таньд зориулж бичсэн хөгжим. Дууг нь таны хамгийн хайртай хүн дуулсан гэж Анхмааг хэлэхэд Дорж ихэд сандран хайрцагтайг нээж хөгжмийн бяцхан цомгийг компьютерт суулгахдаа гар нь чичирхийлж байв. Төдөлгүй тасалгаанд уянгалаг сайхан хөгжим эгшиглэж эхлэх нь тэр. Байгалийн гоо цогцлыг биширсэн түмэн шувуудын дууллаар уг хөгжим эхэлж цаг агаарын аюулт үзэгдэл дуу цахилгаант бороо, хүйтэн салхийг сөрөн зогссон эцэг хүний дууллаар эгшиглэсэн хөгжим уянгалж Ухаант аав минь би таныхаа

Уртын урт үргэжлэл билээ… хэмээн цээлхэн хоолойгоор дуулахыг сонсоод Дорж давхийн цочив. “Арай Гульсара дуулж байгаа юм биш байгаа. Яасан адилхан хоолой вэ?” хөгжим дуусч дуу зогсоход Дорж доош тонгойн нулимсаа сэмхэн арчиж – Мөн ч адилхан дуулах юмаа. Яасан сайхан аялгуу вэ? баярлалаа гээд инээсэн ч зүрх сэтгэлийнхээ гүнд уулгалсаар байлаа. – Ааваа би ямар дуулсан байна вэ?Анхмаа эрхлэн эцгийнхээ энгэрт нүүрээ наана. – Миний охин дуулсан юм уу? – Тийм ш дээ. Ааваа та миний хоолойг танихгүй байгаа юм уу? – Ээжтэйгээ дэндүү адилхан юмаа Дорж нэг их солонгорсон дуугаар хэлээд охиныхоо толгойг элгэндээ наан хуурай цурхирав. Охин нь том болох тусам ээжтэйгээ адилхан болж байлаа. – Ааваа – Яасан. Миний охин. – Би таньд дахиад нэг бэлэг барих гэсэн юм. – Аан. Дахин бэлэг барих аа. Юу гэх гээд байна миний охин. Дорж инээх гээд чадалгүй Зэвгийг түгшин харав. – Сайхаан. Сайхан гэсэн Зэвгэ огт тоохгүй өмнөхөө хоослон суугаа нь түүний дургүйг хүргэхэд – За анд минь чи сайхан мэдээрэй гэсэн харцаар харав. – Ааваа… – Өөв миний охин. – Би. Би таныг өвөө болгосон. –

Юу… – Одоо гурван сартай. Бид хоёр одооноос хариуцлагатай байж гэр бүлийнхээ бүрэн бүтэн байдлыг эрхэмлэж байгаа. Анхмаа аль хэдийн гүйж очин Энхбаярыг хүзүүдэн тэвэрсэн байлаа. “За мөн баллаж өгдөг охин юмаа. Чив чимээгүй байж байгаад. Ингээд өвөө болдог байжээ. Эхнэр авах будаа.” Дорж өөртөө хэлээд босч зогсоход Зэвгэ салбасхийн дуурайж босч зогёов. Дорж өөрийн мэдэлгүй малгайгаа толгой дээрээ тавьж ёслон зогсов. Зэвгэ мөн л салбалзан ёсолж ханхалзан инээд алдана. – Охин Анхмаад илтгэх нь. Хайрт охин хүргэнийхээ гэр бүлийн амар тайван байдалд сахилга батчн хариуцлага алдахгүй байхыг хичээж батлан тангараглая. Аз жаргал хүсье. Энхбаяр ихэд сандран босч Анхмаа тачигнатал инээж Зэвгэ ихэд халамцуу баахан амьсгаадан ирж мөрөөр нь тэврээд – За ямрав дээ. Амьдралд одоо нэг бууж өгч тангараг тавив уу. Аяга цайгаа хувааж уух бүсгүй заяатан бүр холдлоо доо гэж их хорноор шивнэн залуугийнх шигээ агдалзан хөхрөх нь зэвүүтэй. Учир нь Дорж Зэвгэ хоёрын дунд үе үе аяга цай хувааж уух эмэгтэйн тухай яриа байдаг байв. – Чи битгий золигтоод бай гэм. Дорж чаддагаараа Зэвгийг муухай харав. Зэвгэ тэгэхээс тэгэх гэсэн мэт мөрөөр нь лавшруулан тэврээд – Сайхан даа. Сайхан анд минь. Үүнээс илүү жаргал гэж юу байх билээ дээ гэснээ Дархан хилийн минь шугаман дээгүүр Тогоруун цуваа нисэн өнгөрлөө… гэж эрдүү цээл хоолойгоор дуулахад Дайчин нөхрийн минь булшин дээгүүр Далавчаа дэвэн нисэн өнгөрлөө хэмээн Дорж сэтгэлийн догдлолоо барьж дийлэлгүй түрэн дуулаад хоёул ёслон зогсов… … Төлөөлөгч

Намтайван өөрийн албан ажлын гүйцэтгэлийн дагуу Өсөрбек нарын хувийн хэргийг авчруулж хэргийн үйлдэл бүрийг уншиж танилцав. Мчнга есөн зуун далан есөөс мянга есөн зуун ерөн оны эхний хагас улирлыг хүртэл хил нууцаар гарч хилийн хориотой наймааг Шинжаан, Өрөмч, Хандгайт боомтуудаар хил зөрчдөг байсан бөгөөд мянга есөн зуун наян таван оны долоо дугаар сарын эхээр бүлгийн толгойлогч Өсөрбек хилийн цэргүүдтэй буудалцаж хүнд шархдан Увс аймгийн Тэс сумын нутагт байгалийн бүтцэд хоргодож долоон хоног нуугдан хэвтсэн тухай хэргийн нэг хамтрагч мэдүүлсэн байгаа нь Намтайваны анхаарлыг ихэд татав. “Долоон хоног гэнээ. Бүтэн долоон хоног хүнд шархдаад бургас, шугуй, мод хаданд нуугдсан байж болно. Тэгж хүнд шархадсан хүн долоохон хоногт хөл дээрээ босч чадах уу. Эмнэлэгийн тусламж авсан юм биш үү. Увс аймгийн Тэс суманд гэнээ. Яг энэ үеэр малын эмч байсан Довчингийн эхнэр хэн нэгэнд хөнөөгдөж Довчин энэ хэрэгт хорин жилийн ял авсан байдаг. Гэтэл яг хэрэг дээрээ Довчин эхнэрээ хөнөөгөөгүй гэдэг.” Намтайван сэжиглэн бодоод Довчингийн хувийн хэргийг авчруулж хэрэг гарсан өдрийг харвал мянга есөн зуун наян таван оны долоо дугаар сарын наймны өдөр

Довчингийн эхнэр Дээшин бусдад хөнөөгдсөн байлаа. “Бүтэн зургаан хоног Өсөрбек Дээшин эмчээр эмчлүүлээд гэрчгүй болохын тулд хөнөөсөн байж болох уу?” Намтайван сэтгэлийн хөөрөлд автан өрөөн дотуураа холхиж эхлэв. “Тэр амгалан тайван нутагт эмчийн амийг хэн хөнөөх вэ?” бодох тусам уур нь хүрч хөмхийгөө тас зуув. “Довчин ч гэсэн тэнэг амьтан юм. Ёстой хэрэг алга.” Намтайван нэг мэдэхэд ялтан Довчинг өрөөндөө дуудуулаад цонхоор харан зогсов. Хэсэг хугацааны дараа Довчин таахалзан алхсаар ирж яваа нь харагдав. “Үхсэн хойшоо. Баасны чинь атаман бол доо. ” Намтайвангийн уур нь хүрч эхлэв. – Орох уу? Ахмадаа. Таны дуудсанаар ялтан Довчин ирлээ. – Та орчихоод байгаа юм бишүү Довчоон. – Өө тийм байна. Нээрэн ороод ирсэн байна гэсэн

Довчин юм бодсон шинжгүй маасайн инээв. “Тэнэг амьтан. Ийм тэнэг хүн чинь хүний үйлдсэн хэрэг дээр унахаас яах билээ. Новш гэж.” Намтайван ийн бодоод Довчинг муухай харав. – За Довчин хэзээ гарах гэж байна даа. – Ердөө долоон хоногийн дараа гарлаа. – Мөөн их эд юм. Яг хэдэн жил суучихав даа. – Яг хорин жилийг тооллоо. – Новш юмаа. Үгүй чи тэгээд эхнэрээ хөнөөгдөөд сүйд болж байхад хаагуур тэнэж явсан байдаг юм бэ? – Ээш дарга минь. Амар юм ярих юмаа та. Тэр үед ажил гэж ид буцалж байсан үе. Мал угаалганд оруулж дуусаад долоон хоног нойргүй хоноод нэг хоног айлын найранд сууж дуулаад харьтал тийм аймаар юм угтана гэж хэн мэдэх билээ. – Ердөө энэ үү. Арчаагүй юмаа чи. – Харин тиймээ. – Хмм. Харин тиймээ гэнэ шүү. Байж байгааг нь хараач. Үнэн хэрэг алгаа. Төлөөлөгчийн учир битүүлэг зэмлэлтэнд баахан гайхсан Довчин өөрийгөө тэмтчин хараад мөрөө хавчин гарчээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *