Нүүр Өгүүллэг САЙХАН ХҮМҮҮС /ТУУЖ/ 9-Р ХЭСЭГ

САЙХАН ХҮМҮҮС /ТУУЖ/ 9-Р ХЭСЭГ

8 секунд уншина
0
0
442

Мария түүнийг бүү зэмлэ. Марк хүү минь нааш ир. Би чамд юу авчирсныг хар даа. Гульсараг хөвгүүнийг харан инээмсэглэхэд хүүгийн нүд сэргэн гүйж ирэв. Гульсара түүнд том хайрцагтай алсын

удирдлагатай том машин бэлэглэжээ. – Баярлалаа нагац эгчээ. – Зүгээр дээ хүүм инь. Ямагт шилдэг нь байгаарай. Гульсара хүүг үнсээд хацар уруугаа заахад Марк нагац эгчийнхээ ганган цагаан хацар дээр үнсэв.

Мария эгчийгээ харж сүүрс алдаад аягатай жүүсээ ширээн дээр цалгиулан тавиад бодолд автав. “Би таван хүүхэдтэй байхад тэр нөхөргүй, хүүхэдгүй. Одоо ер нь тэр охин амьд байгаа боловуу.” Мария

бодол тунарсан харцаар эгчийгээ харж байлаа. Гульсараг өглөө ажил дээрээ ирэхэд цахим сүлжээнд нэг дуудлага ирсэн байлаа. Нягтлан үзээд баярлан дуун алдав. “Америкийн нэгдсэн улс. Өмнөд Орлеана

муж. Катерина энд-4. 58-р байр. 1605 тоот. Хатагтай Катерина Эльвис. Олон улсын хүмүүнлэгийн элч.” – “Сайн байна уу? Эрхэмсэг хатагтай Гульсара. Таны эрхлэн ажиллуулж буй Алтан гургалдай сангийн үйл

ажиллагааг би гүнээ хүндэтгэн дэмжиж байна. Эдгэршгүй хүнд өвчин хавдрын голомтонд өртсөн зуун найман хүүхдийг эмчилгээний төлбөрөөр хангаж эрүүл мэндэд нь үнэлж баршгүй хөрөнгөө оруулалт хийсэнд маш их талархаж байна. Хэрэв та хүсвэл манай байгууллага таньтай цаашид хамтран ажиллах болон эрүүл мэндийн хамтран ажиллагч орнуудад өвчинд нэрвэгдсэн хүүхдүүдэд туслах болно. Хатагтай Катерина Эльвис. 2015.09.20” гэсэн байв. Казакстан төдийгүй Оросын холбоот улсад эмчлэгдэх боломжгүй хүүхдүүдийг олон улсын чиглэлээр эмчлүүлэх хамтын ажиллагаа нээгдэж буйд Гульсара магнай тэнийн баярлав.

Гульсара тэр дор нь хатагтай Катерина Эльвист хариу илгээж цаашдын хамтын ажиллагаанд хамтран оролцоход татгалзах зүйлгүй маш их баярлаж байгаагаа илэрхийлж, хэрэв боломжтой бол Казакстанд хүрэлцэн ирнэ үү гэж урьжээ. Дараа нь Гульсара ихэд баяртай сууж нимбэг цэцгийн хандтай цай уув. Тэрбээр компьютерийн дэлгэц ширтэн инээмсэглэх аж. Том тасалгааны ханын энгээр тавьсан хүрэн мебель шүүгээний нүд болгонд хавдар авахуулсан хүүхдийн бүртгэл, анкет хийсэн харагдана. Гульсара том хүрэн шүүгээний нүднүүдийг харж хуруугаа хөдөлгөн тоолж эхлэв. Яг зуун найман ширхэг нүдэнд зуун найман хүүхдийн бүртгэл байлаа. Гульсара зуун найман хүүхэд эмчлэгджээ хэмээн инээмсэглэв. Гульсарагийн төрж өссөн Монгол эх оронд энэ тоог ихэд эрхэмлэн дээдэлдэг байсныг санав. “Тиймээ Монголчууд тэр тусмаа буддын шашинтнууд энэ тоог эрхэмлэдэг. Сайхан Монгол нутагтаа нэг очихсон. Сэвшээ цэнхэр салхиар нь нэг амьсгалахсан. Хайртай аавын минь алтан цогцсыг хучсан Цамбагарав Хайрхандаа очиж мөргөхсөн. Хөөрхий ээж минь ч гэсэн Монголдоо нойрсч байгаа. Ээжээс үлдсэн ганц нагац эгч минь ч тэнд байгаа. Амрыг нь эрж учрахсан.” Гульсара Монгол орноо бодон ихэд сэтгэл догдлон байтал туслах нь зөвшөөрөл аван орж ирэв. –

Захирлаа таньд захидал ирсэн байна. Гульсара түрүүчийн бодлоосоо салаагүй учир туслахаа харж инээвхийлэв. – Баярлалаа Марта. Хаанаас ирсэн захидал байна. – Монгол улсаас ирсэн захидал байна. – Ай Аллах. Ямар гоё мэдээ вэ? гоё мэдээ байх ёстой гэсэн Гульсара туяхан цагаан хуруудаа сарвасхийлгэн гараа тосч босон харайв. Ямар нэгэн сайхан мэдээ сонсох юм шиг зүрх нь түг түгхийн цохилно. Туслах захидлыг түүний гар дээр ихэд найрсгаар тавиад амжилт хүсэн эргэж гарав. Мартагийн үзэсгэлэнт шаргал үс харагдахгүй болон хаалга хаагдахад Гульсара яаран захидлыг задлав. Захидлыг Гульсарагийн анхлан үсэглэж уншиж бичиж сурсан Кирилл- Монгол үсгээр бичсэн байсан тул Гульсара баясан дуу алдав. – Сайн байна уу? Гульсара минь. Чиний бие тэнхлүүн сайн, ажил амжилттай сайн байгаа гэдэгт итгэлтэй байна. Дүү охин Мария чинь хүний эхнэр болж, олон хүүхдийн ээж болсон биз дээ. Олон жил, арван таван жил өнгөрчээ. Чи минь ч гэсэн сайхан амьдарч, сайн ханьтай болсон гэдэгт итгэлтэй байна. Найз нь Монголдоо арван таван жил шоронд сууж байна даа. Тэр жил та хоёрыг Казакстан хүргэж өгөөд буцаж ирж Өсөрбектэй нэгдсэн. Эр улс болохоор бид учраа олцгоосон. Одоо Өсөрбектэй цуг ял эдлэж байна. Өсөрбекийн шазруун зан хэвээрээ ч тэр их хөгширсөн.

Маш их өөрчлөгдсөн. Тэр шоронгоос гарах болоогүй ээ. Дахиад данхайсан арван жил шоронд сууна. Түүний амьд гарах эсэхийг Аллах мэдэх хэрэг. Харин би энэ онд шоронгоос гарна. Надад ганц охин дүү байсан. Өсөрбек түүнийг алсан. Харин би түүнийг алж чадаагүй. Түүнээс би чамайг салгаж авсан. Би чамд хайртай байсан. Надад хийж чадах юм одоо нэгэнт үгүй болжээ. Би чиний дэргэд очиж нэр хүндийг чинь унагахгүй. Харин чи надад амьдрах замыг минь чиглүүлж өгвөл их баярлана. Чамдаа аз жаргал улам их амжилт хүсье. Мурат. 2015.08.21. Монгол улс гэсэн байлаа. Гульсара дахиад баярлан дуу алдав. “Хөөрхий Мурат минь амьд байна. Би түүнтэй очиж уулзах ёстой. Марияд хэлье. Хамт Монгол явъя. Дүү минь нутагтаа очихыг бас хүсч байгаа.” Гульсара үсрэн босоод шууд гүйн гарч машиндаа орж суун яаран хөдлөв. Түүнийг очиход Мария гал тогооныхоо өрөөнд зогсоод нарийн ногоо дарж байлаа. – Сайн уу? Гульсара. Юу болоо вэ? Чи их баяртай байх чинь. – Сайн. Би их баяртай байна. Мария хоёулаа Монгол явъя. – Юу Монгол явах аа. Чи галзуурав уу. Сайхан амьдарч байж. Тэнд очихын хэрэг юу байна вэ? – Муратаас захидал ирсэн. Мариягийн ам ангайхын хирээр хоёр нүд нь бас томорч ирэх нь тэр. – Мурат…

Мурат гэнээ. Ямар Мурат вэ? Тэдний амьдралд Мурат байгаагүй юм шиг, сайхан сэтгэл гаргаж туслаагүй юм шиг Мария түүнийг ор тас мартсан байгаа нь Гульсарад таагүй санагдан ихэд гонсойход хүрэв. – Мария чи үнэхээр түүнийг санахгүй байна уу? – Үнэхээр санахгүй байна. – Мария надтай хамт Монгол явах уу? – Гульсара намайг уучлаарай. Би үнэхээр хүсэхгүй байна. – Ойлгомжтой. Дэндүү харамсалтай санагдахад Гульсара буцаж алхав. – Гульсара. Гүзээлзгэнэтэй цай уух уу? Мария гэнэт сандрах шиг болоод түүнийг аргадахаар гүйн гарч ирээд Гульсарагийн араас хашгирахад тэрээр аль хэдийн элгэн хүрэн өнгийн BMB машинаа асаан хөдөлж байлаа. Мария сандран гүйж очиход Гульсара машиныхаа шилийг доошлуулав. – Ямар нэгэн юм хэлэх гээ юу? – Дотогш орж гүзээлзгэнэтэй цай уух у? – Баярлалаа. Би яарч явна. – Гульсара ажлаа бод. Бидний хамгийн их зовсон тэр газар битгий очоорой. Монгол ээлгүй нутаг.

Мария учирлах байдлаар хэлээд эгчийгээ аргадангуй харав. Гульсара толгой дохиод – Тиймээ. Би мэднэ. Харин чи энэ нутагт элэг бүтэн сайхан амьдарч байгаа гэснээ машинаа асаан давхиад явчихав. Мария араас нь гайхан харсаар хоцров. “Нөгөө охиных нь сураг гарсан юм биш байгаа даа. Гараагүй байх ёстойсон. Мурат гэж хэн билээ. Мурат. Мурат” хэмээн амандаа үглэх аж. .. … Катерина Эльвис охиноо төрөлхи Монгол орноос нь холдуулахыг хүссэнгүй. Охин Эрдэнэчимэг нь Орлеана мужид ерөнхий боловсрол эзэмшихэд түүнийг ээж нь Монгол улсын их сургуулийн Түүх нийгмийн ухааны ангид оруулжээ. Эрдэнэчимэг маш гоё дуулдаг тул хөгжмийн коллежид суралцаж төгсгөсөн байв. Катерина үзэсгэлэнт сайхан охиноороо ямагт бахархдаг билээ. Охин Эрдэнэчимэг нэрээ мэдэхгүй тэр нэрэндээ дасаагүй тул тэрбээр түүнийг Алтана хэмээн энхрийлэн дууддаг байлаа. Алтана Монгол улсын Их сургуульд ороод гуравдахь жилдээ суралцаж байлаа.

Ээж нь хүмүүнлэгийн ажилдаа шамдаж ертөнцийн нэг бөөрөнд ажиллаж буй тул охин хичээлдээ шамдаж Монголын эртний Их хаадын түүхийг нэг бүрчлэн судлахаар шийдэж Уйгаржин Монгол бичигт суралцаж, уншиж бичиж чаддаг тул хичээл тармагц сургууийн номын санд оройжин суудаг байлаа. Алтана Монголд ирсэн өдрөөсөө л балчир насандаа байсан Хүүхэд хөгжлийн төвөөр орж Эрдэнэчимэгийг сураглаад ямарч амжилтанд хүрсэнгүй. – Миний аавыг ирэхлээр чи миний аавдаа дуулж өгөх гэж байсан дууг дуулж өгөөрэй. Найзынх нь толгой өвдөөд байна. Алтана Эрдэнэчимэгийн ядруу дууг сонсох шиг болж өвчинд шаналсан хөлстэй нүүрийг нь харах шиг болоход гэнэт хиртхийн цочив. “Юу билээ. Би яагаад ч Довчин гэж овоглх ёсгүй дээ. Эмээ минь ч Алимаа багш ч намайг Алтаннуур гэдэг байсан. Хэн ч намайг Эрдэнэчимэг гэдэггүй байсан. – Бичиг баримт чинь олдохгүй байсан учраас ээж нь охиноо авч чадалгүй нэг жил гаруй хүлээсэн” гэх ээжийнх нь яриа сонстох шиг болоход дахин хиртхийн цочив. – Эрдэнэчимэг эргэж ирэхгүй. Тэр аав уруугаа холын холд явчихсан гэх Дориг багшийн дуун сонстох шиг болохуйяа ар нуруу уруу нь хүйтэн ус асгарах шиг болж Алтана дуун алдав. – Юу вэ? Эрдэнэчимэг нас барж түүний овог нэрээр намайг ээжид минь өгчихсөн юм биш байгаа даа. Багш нар… Олон хүүхдийн шуугих чимээ сонстох шиг болохуйяа тэрбээр давхийн цочив. Эрдэнэчимэг огт явж чадахгүй гуйвчих тул

Гэрэл Алтана хоёул түүний хоёр талаас түшин урагшлана. Шат дэндүү хол санагдана. Өмнө нь Зоригоо Золбоог хөтлөн явна. Бяцхан Золбоо ахдаа хөтлүүлсэн гараа суга татан аваад хоёр гарынхаа алганд нийлүүлж атгасан алимнаас хазна. Зоригоо мөн тэсч чадахгүй байгаа бололтой алимнаас хазна. Түүнийг харсан Алтаннуур ч алимаа халааснаас авч сэмхэн хазна. Гэрэл дүү нараа харж шүлсээ залгин тэсч цааш алхаж ихэд халамжтайгаар Эрдэнэчимэгийн хөлсийг арчина. Тэр үеийг эргэн санахад үнэхээр өрөвдөлтэй санагдаж Алтана сүүрс алдана. – Багшаа миний толгой өвдөөд байна. Хүүхдийн аргадсан сулхан дуун. Аврал эрсэн гуйлт. Хариуд нь архирах мэт зандралт, тасхийтэл алгадах чимээ. Тиймээ тэр өдөр Эрдэнэчимэг нас баржээ. Харин түүний овог нэрийг надад өгчээ. Арай ч дээ. Алтана тэсч сууж чадалгүй гүйн гарч салхины уулгалан сэрчигнэх тоолон газарт унах шаргал навчисын дор гунигт дарагдан суув. “Тиймээ би Эрдэнэчимэг биш.

Би хэн гэдгээ тодруулах хэрэгтэй. Би Монголд байна. Тэрээр Баруун-хараа гэдэг нэрийг тод санаж байлаа. Тийшээ явах ёстой.” Алтана гэнэт шийдэн босон харайж номын сан уруу гүйж ороод Монгол улсын аймаг хотуудын лавлах гэсэн зузаан ногоон хавтастай номыг шүүрэн авав. – Одоохон… Одоохон… Энэ… Баруун- Хараа. Баруун-Хараа энэ байна. Сэлэнгэ аймаг. Баруун-Хараа энэ мөн байна. Улаанбаатар хотоос зуун дөчин километр юм байна. Тийм ч холгүй юм байна. Тэнд очвол эмээгийнхээ сургийг гаргаж магадгүй юм. Эмээг минь Жамал гэдэг байсан. Бас багш. Миний багш Алимаа. Шууд цэцэрлэг дээр нь очих хэрэгтэй. Би дуулж бүжиглэдэг байсан. Магадгүй миний багын зураг тэнд байж болох юм. Бас Мария эгчийн сураг гарч магадгүй. Тэгвэл би төрсөн ээжийгээ олж болох юм. Миний ээжийг Гульсара гэдэг байсан. Харин хэний Гульсара гэдэг байсан юм бол. Алтана эцсийн шийд гаргахыг зорин Баруун-Хараа явах болов. Баруун аймгууд уруу явдаг Драгон төвийг зорин очиход Дархан хот явах том оврын автобус яг хөдлөх гэж байлаа. Тэрээр автобусанд амжиж суусандаа баярлаж байлаа. Гурван цаг гаруй явсны эцэст Баруун-Хараа суманд автобус зогсоход Алтана буув.

Сэвэлзсэн зөөлөн салхи нүүрийг нь илбэхэд тэрбээр гүнзгий сүүрс алдаад урагш алхав. Хэдий олон жил өнгөрсөн ч танил дотно санагдана. Хайртай эмээтэйгээ хөтлөлцөөд дэгдэн гүйж явсан үе нүднийх нь өмнүүр өндөлзөн босч ирэх шиг санагдахад хоолой өөд нь нэгэн гашуун огшоод ирэх шиг болоход тэрбээр нулимс бүрхсэн нүдээр орчноо хараад сүүрс алдав. “Намайг Алтаннуур гэдэг байсан. Ингэхэд би хаана төрсөн юм бол. Би Эрдэнэчимэг биш. Би одоо яах вэ? Миний найз Эрдэнэчимэг минь хаана яваа бол.” Алтана маш их сэтгэлийн догдлолоо хүчээр дараад хаашаа явж хэнтэй уулзах гэж байгаагаа ч үл мэдэн урагш алхав. Яваад л байв. Хөл доор шаргал навчих гунигтайяа гишгэгдэх аж. Гэтэл түүний өмнөөс хөвөнтэй хүрмэн дээр сур ороон бүсэлсэн өндөр өвгөн хэдэн үхэр туун зөрж өнгөрөв. Яагаад ч юм бэ? Алтана нэг мэдэхэд өвгөний дэргэд очсон байлаа. – Сайн байна уу? Та. – Сайн. Сайн байна уу? Хүүхээ. Хэн байна даа. Өвөө нь танихгүй мунгинаж байх чинь. – Таны зөвөө өвөө. Та намайг танихгүй. – Тийм байх. Ер үзэглэхгүй байсан юм. – Өвөө та энд олон жилийн өмнө амьдарч байсан Жамал гэж хүнийг таних уу? Өвгөн тэнгэр өөд нүдээ онийлгон хэсэг зуур бодлогшров. – За хүүхээ. Уг нь ч нэг тийм Казак эмэгтэй байсан даа. Арваад жилийн өмнө нас барчихсан юм.

Түүнээс хойш тэднийхэн энд байхаа больсондоо. Дүү нь гээд нэг эмэгтэй амьдардаг байсан. Ноднин нүүгээд явсан даа. – Баярлалаа өвөө. Дүү нь хэн гэж хүн байсан юм бол. Та нэрийг нь мэдэх үү? – Мэдэлгүй яах вэ? Зөнөлхаан гэдэг юм нөхрийг нь. Өөрийг нь Гульжайна гэдэг юм. – Тэд хаашаа нүүсэн юм бол. – Мэдэхгүй ээ хүүхээ. Нутгаа бараадсан гэцгээдэг. – Тэдэнтэй холбогдох утас байхгүй биз. – Өвөөд нь мэдэх юм алга даа. – Баярлалаа. Өвөө та Алимаа гээд цэцэрлэгийн багш байсан хүнийг мэдэх үү? – Аан. Манай Алагаагийн эхнэр үү? Нас нь өндөр болсон доо. Тэр ногоон дээвэртэй байшинг харж байна уу? Өвгөн үхэр тууж явсан шилбүүрээр дохин заахад ногоон дээвэртэй хоёр давхар ягаан байшин харагдав. – Тийм байна. Тэр хоёр давхар ягаан байшин уу? – Тиймээ. Тэнд Алагаа багшийнх амьдардаг юм. Ийм хурдан багшийгаа олсондоо жигтэйхэн баярласан Алтана цүнхээ ухаж нэг уут чихэр, жижиг шилтэй ундааны хамт өвгөний гар дээр тавиад Алимаа багшийнхыг зорин гүйж яваагаа ч өөрөө мэдсэнгүй. Том ногоон хаалга онгорхой байх агаад том биетэй дөрвөн нүд халтар хар нохой танихгүй хүнийг тасар татна гэх шиг уяан дээрээ дүүлэн хуцах аж. – Басар боль чи. Одоо байтлаа хүн барих нь уу гэж нохойгоо загнасан өндөр биетэй цагаан толгойтой өвгөн ойртон ирсэнээ Алтанаг асуунгүй харав. – Сайн байна уу? Та. Би Алимаа багштайгаа уулзах гэсэн юм. – Сайн. Сайн байна уу? Хүүхээ. Алимаа багштайгаа гэнээ… Ор ор хүүхээ гэсээр өвгөн эрүүгээрээ байшин уруу дохиход тэрээр дотогш оров. Өмнөөс нь халуун дүүгсэн сайхан өдөр байлаа. –

Суу. Охин минь. Алтана өвгөний заасан зөөлөн сандалд цомцойн суув. – Алимаа хө. Нэг хүүхэд уулзах гээд ирсэн байна. – Өө хөөрхий. Манай хэдийн нэг байлгүй дээ. Би очлоо. Очлоо. Энэ ялдам дуун хар нялхаас тархинд нь хоногшсон тул Алтанагийн зүрхээр часхийн хатгуулж нүдийг нь нулимс бүрхэх аж. Хөлийн чимээ гарч цагаан толгойтой махлаг хөгшин нэг гартаа ном, нөгөө гартаа цагаан хүрээт нүдний шил барьсаар гарч ирэв. – Сайн байна уу? Багшаа. Алтанагийн нүдийг нулимс бүрхэж хоолой зангируулан мэндлэв. – Сайн. Сайн байна уу? Хүү минь. Иш хөөрхийдөө. Хэн нь байна даа гэсэн багш Алтанаг халуун дотноор тэврээд энхрийлэн үнсээд ихэд няхуур харцаар анхааралтай гэгч нь ажиглан харсанаа – Хүүе энэ чинь миний Алтаннуур шив дээ гэж хоолой зангируулан хэлээд дахин тэврэн авахад Алтана буурал багшийн дулаан зөөлөн элгэнд хацраа наагаад мэгшин уйлав. – Миний охин ямар үзэсгэлэнтэй сайхан бүсгүй болоов дээ. Багш шивнэх шахам хэлээд Алтанагийн нулимстай нүүрийг алгаараа арчин зулай дээр нь зөөдөн үнэрлэв. – Тиймээ багшаа. Би Алтаннуур байна. Таньтай уулзсандаа маш их баяртай байна. Алтана гэнэт гунигт дарагдан хэлэхэд цагаан толгойт өвгөн хөргөгч онгойлгон мах гаргаад хоол хийхээр тонголзоход эмгэн Алтанагийн гараас хөтлөн цаад өрөөндөө орж тэр хоёр чимээ шуугианаас бүрэн тусгаарлагдав.

Алтаннуурын яриаг сонсч суусан багш алгуурхан гараа дэрэн доогуураа явуулж нэг даралтны эм, хоёр зүрхний эм авч амандаа хийгээд шил аягатай уснаас амссаар байв. – Охин минь танайх тэр жил мянга есөн зуун наян зургаан онд манай Баруун-Хараад ирж байсан юм шүү дээ. Тэгээд мянга есөн зуун наян долоон онд чамайг цэцэрлэгийн бага ангид өөрөөр хэлбэл манай ангид өгсөн юм. Чи эмээтэйгээ хоёулаа амьдардаг. Чиний ээж, аав хаана байдаг талаар эмээ чинь ярьдаггүй байсан. Эмээгийн чинь дүү Гульжайна гэгч эмэгтэй аймгийн депутат, аж ахуйн аварга саальчин нэр хүндтэй нэгэн байсан тул өвөөг чинь өнгөрөнгүүт эмээ чинь дүүгээ бараадаж ирсэн байх л даа. Чиний төрсний гэрчилгээ байсан. Танайх Баян-Өлгий аймгийн Сагсай сумаас нүүж ирсэн айл. Чамайг Алтаннуур гэдэг. Овгийг чинь санахгүй байна. Эмээ чинь, эмээгийн чинь дүү ч гэсэн Казак хүмүүс байсан. Тэгэхээр чи яаж ч бодсон Эрдэнэчимэг биш. Аав чинь ч Довчин биш. Чи минь ямар их авьяастай мундаг охин байлаа. Яасан айхтар зовлон үзээ вэ. Гэхдээ миний охин сайн ээжтэй таарчээ. Ашгүй минь багш бодолд дарагдан хэлээд Алтанагийн гарыг халуун дотноор атгаж, нулимс бүрхсэн нүдээр ширтэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *