Нүүр Өгүүллэг САЙХАН ХҮМҮҮС /ТУУЖ/ 8-Р ХЭСЭГ

САЙХАН ХҮМҮҮС /ТУУЖ/ 8-Р ХЭСЭГ

1 секунд уншина
0
0
1,033

Арван таван жил өнгөрчээ. “Амгалан” дахь хорих …. дугаар ангид дэглэм буурсан хоригдлууд ирж байна гэсэн сургаар Довчин тийш очив. Арав гаруй хоригдлууд хана уруу харан зогсч байв. Тэдний дунд

нүүрэндээ эвгүй гялаан сорвитой таяг тулсан хирэнд дарайсан хар тоорцогтой янхигар өндөр өвгөн казак яваа нь түүний анхаарлыг татав. Довчин Увс аймгийн шүүхээр эхнэрээ хороосон хэрэгт

буруутгагдан хорин жилээр яллагдан уг хорих ялыг биеэр эдлэн дуусгаж буй ажээ. Харин бурхан тэнгэрийн өмнө бол үнэхээр гэм буруугүй гэж өөрийгөө бодно. Яагаад гэвэл тэр эхнэрээ хөнөөгөөгүй.

Тэнгэрийн гэсгээл гэж байдаг бол тэр ёозгүй гэсгээл тэр хар өдөр түүний толгой дээр харамгүй асгарчээ. Увс аймгийн Тэс сум гэж байгалийн үзэсгэлэн гоо зөвхөн тэнд л цогцолжээ хэмээн дуу алдам

тансаг сайхан нутаг бүхий жижигхэн сум. Довчин Хөдөө аж ахуйн их сургуулийг малын эмч мэргэжлээр төгсөөд 1984 онд Увс аймгийн Тэс сумын малын эмчээр томилогдон ажиллахаар очоод тус сумын

цуутай сайхан хүүхэн Дээшинтэй ханилан сууж 1985 онд хөөрхөн охины эцэг эх болж охиндоо Эрдэнэчимэг гэж нэр өгчээ. Дээшин сумандаа хүний их эмчийн ажилтай тул гэрийн бараа үл харна. Гэтэл тэр нэгэн гайтай хар өдөр айлын хуриманд очоод халамцуухан гэртээ ирсэн Довчин амьдардаг байшингийнхаа довжоон дээр цусанд хутгалдан унасан эхнэрээ гэнэт харж ухасхийн тэвэрч авав. – Ээ тэнгэр бурхан минь. Довчин дуу алдан хашгираад эхнэрээ тэвэрч авав. – Дээшин. Дээшин. Чи минь яаваа. Чи минь яаж орхив. Хэн чамайг минь. Ээ тэнгэр минь.

Довчин эхнэрээ тэврэн хүн эмнэлэгийн байр өөд гүйж явахдаа ийн асуужээ. Дээшин нүдээ нээж – Охиноо… сайн… гэж шивнэснээ хоолой татан амьсгал хураах нь тэр. – Дээшин… Дээшин… Цэцэг өнгө өнгөөр алагласан ногоон зүлгэн дээр эхнэрээ зөөлөн доош тавьсан Довчин гашуунаар мэгшин уйлж гарав. Дэндүү тунгалаг байсан цэнхэр тэнгэрийн дор учир битүүлэг байдалтай нэгэн сайхан бүсгүйн алтан заяа харлан одож, нэгэн сайхан айлын голомт харлан түших хоёр багана булгаран нэг нь шороонд дарагдан эх газартаа уусан үгүйрч нөгөө нь шоронд хоригдон эх орондоо дагжин чичирсээр чилийсэн хорин жилийн төгсгөл ойртож байлаа. Тиймээ Довчин эхнэрээ хороогоогүй. Тэр Дээшинд дэндүү хайртай байсан. Тэр их хайрын дундаас өнчрөн хоцорсон бяцхан охин нь одоо хорь гаруй настай сайхан бүсгүй болсон байгаа. “Ээжийгээ дуурайвал миний охин сайхан бүсгүй болсон байгаа даа. Би ч гэсэн ямар муухай ч байсан биш. Арван жилийн ч тэр, Хөдөө аж ахуйн их сургуулийн ч тэр охид бүсгүйчүүд миний хойноос гүйдэг нь цөөн байгаагүй. Тиймээс миний охин аавыгаа дуурайсан ч сайхан бүсгүй байгаа.” Довчин ихэд омогшин боддог байлаа.

Хувь заяаны эргүүлэг буруугаар эргэж эхнэрээ алсан алуурчин хэмээгдэн шоронд ирсэнээс хойш Довчин шоронгийн хатуу харгис амьдрал дунд нударгаараа амьдарсаар ирсэн байлаа. Хөөрхөн Дээшин нь хар нялхаас өнчин өрөөсөн өссөн ч царай зүс шигээ сурлага хичээлдээ бусдыгаа хошуучилсан нэгэн байсныг бодохоос байж суухын эцэсгүй харуусал төрдөг бөгөөд он жилийн уртад тэр харуусал хэн нэгнийг буруутгах гэсэн өшөө хорсол болон хувирчээ. “За яах вэ? хугацаатай ял дуусч, хуйхтай үс ургадаг хойно. Эндээс нэг гарсан байхад муу охиноо олж л таараа. Олно доо. Олно. Охиноо.” Ялын хугацаа дуусах дөхөх тусам охины тухай бодол Довчингийн өдрийн бодол, шөнийн зүүд болж байлаа. – Казак голдуу хэдэн араг яс ирж дээ. – Яаж орхисон новшнууд вэ? Онцгойгоос ирж байхыг бодоход овоо шийртэй ацнууд шив дээ. – Хэн мэдэх вэ? хэдэн тураалд орсон гөлөгнүүд, нэг таяг тулсан өвгөн л байна. – Цагтаа цаст уулын эзэд байсан гэнэ. Цаг нь ирж мөлхөө шоргоолж болсон биз. Шоронгийн атаман гэгдэх гурван эр хоорондоо ийн ярилцаад гараа халаасандаа хийцгээж таахалзан алхаж, зооны голоор хөшилдөн байтал шалганы хаалга онгойж казак голдуу арван хэдэн хүн цувран орж ирэв. Өнөөх гурав тэднийг цоолох мэт хүйтэн харцаар харсаар байв. Таяг тулсан казак өвгөн тэднийг харж бусаддаа хэдэн үг шивнэхэд нөгөө хэд нь дороо зогсоцгоон тэднийг харав. Тэд хоорондоо казакаар ярьж буйг гэнэт ойлгосон

Довчин долоовор хуруугаар дохин дуудаж зориуд өдөв. – Хойш хулгайчуудаа энэ бол халхын шорон. Халхын шоронд халхаар ярих ёстой ойлговжж. – Ойлголоо. Мөрөнд үүрэгдсэн зовлонгоо мөнжгөрөөрөө үүрээд арван таван жилийг дуусгаад ирэв. Хамаагүй ээ халхаар чинь ярина. Ханз биш нааран дээр хавиргаа зэрэгцүүлж хэвтэх хойно эр улс эвдрэлцээд юу хийх вэ. таяг тулсан өвгөн хэлээд айсан шинжгүй Довчинг харав. – Хүүе төгцөгөө энэ шорон миний шорон мэдэв үү? – Хэ кэн мэдчээлай. Халх Монгол шоронгоо хувьчилсан гэж дуулаагүйв дээ. Өөрөө хувьцаа эзэмшигч үү? Энэ шоронгийн. Таяг тулсан өвгөн хэрүүл гуйх маягтай үг өдөхөд Довчин хөх инээдээр инээв. – Тэгсэн юм. Тэгээд чи яах гээ вэ? гөлөгөө гэх мөртөө Довчин тохой хирийн хурц чинжаал хутга шидэхэд өвгөний чанх өмнө нь гялсхийн газарт зоогдов. Дараа нь Довчин шүлсээ хаяхад шүлс нь өвгөний нүүрэнд очиж наалдав. – Ярих юм байна уу? Энд зөвхөн шийртэй эрс байдаг юм. – Оо… хо… хо… Би бодохнээ энэ шоронг ландагны шорон гэж дуулсан юм байна. – Хөөш хөгшөөн үжирсэн өмхий ясаа тараалгах чинь дутаад байна уу? – Оо.. хо.. хо.. Үгийн үнэн ясны бүтэн хоёр дээрээ хэн хэн нь зам замаа дагасан нь дээр байх. Чи тэгээд толгой нь юмуу? – Хаа очиж хараа чинь сайн юм байна. – Тийм болбол хэвтрээ ахдаа өг дөө. Холын замд ядарч ягдав. – Овоохон хуцдаг төгцөг шив дээ. Юу хүлээсэн юм бэ? Түрүүний бөөсийг толгойд гаргаж, өмхий аманд нь бантан халбагадаад юу хийх вэ? Довчин толгой дохиход нөгөө хоёр нь дайрч бөөн зодоон үүсэх нь тэр. Арван хэдэн эр арван зүгт газарт тэрий хадан унасан үзэгдэнэ. Довчин өмднийхөө хоёр халаасанд гараа дүрсэн чигтээ унасан чигтээ газраар ёолон өнхрөх казак өвгөнийг муужиртал нь өшиглөөд цээжин дээр нь хөлөө тавив. –

Хөөш ойлгов уу? Төгцөгөө. – Ойлголоо. Мөрөө хөөж гэлдэрье. – Энэ миний шорон ойлгов уу? – Ойлголоо биднийг зүгээр орхи. Лан алт өгөмц. – Шаагаад байгаарай новшоо. – Үнэн гэм дээ. Би эр хүний шийртэй эр хүн шүү. – Чамайг хэн гэдэг юм бэ? – Шинжаан, Өрөмч, Хандгайтаар гүйдэлтэй “Шилийн гөрөөс” гэгч их замын дээрэмчин Өсөрбек гэгч би байна. – Бос. Аштайхан л байж үзээрэй дээ. Энэ үед агаарт цахилгаан бороохойны исгэрээн сонсдож харгалзагч нар гүйлдэн ирэв. Тэд халаасандаа гараа хийн зогсох гурван эрийг, зодуулж хамар амнаас нь цус садарсан хэдэн эрсийг ээлжлэн харав. – Юу болоод байна Довчин. Ялтан минь чи аятайхан байж чадахгүй байна уу? Хорих ангийн төлөөлөгч ахмад Намтайван хэлээд – Энэ хулгайчуудыг байранд нь оруул. Манай анги танай “Онцгой” шорон биш. Энд ялтнууд нээлттэй ял эдэлдэг. Та нар ирсэн эхний өдрөө зодоон хийж, хорих ангийн дотоод журам зөрчиж зөрчил гаргалаа. Гурван удаа зөрчил гаргавал дэглэм дээшилж, ял нэмэгдэх болно гэдгийг анхаарууллаа шүү гэснээ таяг тулсан өвгөнийн ихэд анхааран харав. – Довчин намайг дагаад яв. – Мэдлээ. Довчин ахмадыг даган таахалзан алхсаар зооноос гаран явав. –

Суучих. Тамхи татах уу? – Надад байгаа. Татчих уу ахмадаа. – Зөвхөн ганц ширхэгийг. – Баярлалаа ахмадаа. – Та хаашаа юм бэ? тэр таяг тулсан өвгөнийг зодоод дахиад хүн амины хэрэг хийх гээд байгаа юм уу? Хаашаа юм бэ? – Яг алчихъя гэж бодсонгүй. Зүгээр л нүдэнд хүйтэн харагдаад… Довчин үнэнээ хэлэв. – Хоригдол ялтан болгон таньд сайхан харагдах албагүй биз дээ. – Тиймээ. – Ганц охинтой. Ганц охиноо олж уулзана гэж яриад байгаа биз дээ. Үгүй юу… – Тиймээ. Охиноо олж уулзмаар байна. – Одоо хэдий хугацаа үлдэж байгаа билээ. – Зургаан сар. – Тэгээд охинтойгоо уулзах нь чухал бус уу. Эсвэл дахиж хэрэг хийгээд атаманы амьдрал үргэлжлэх юм уу? – Би тэнэг хүн бишээ. – Би ч гэсэн тэгж боддог. Үлдсэн багахан хугацаанд ухаантай хүний амьдралаар амьдраач дээ. – Ахмадаа. Намайг уучлаарай. Би ойлгож байна. – Яв даа Довчин гуай. Би таньд итгэж байгаа шүү. – Баярлалаа. Довчин төлөөлөгчийн өрөөнөөс гараад түсхийтэл инээд алдав. “Аа барам гэж. Томоогүй хүүхэд шиг аашлах юмаа сухай чинь. Одоо больё. Муу охиндоо очих минь.” Довчин зоон дотор бодолд дарагдан алхав. “Нээрэн миний талийгаачийг тэгэхэд хэн хороосон юм бол. Үгүй тэгээд юманд заавал нэг үнэн байдаг даа.” Бодол маш их сэтгэлийн зовиур үүсгэн шаналгах аж. – Нээг… Хоёр… Баруун мөр түрүүлж алхаад.

Оройн нарны алтлаг туяа ялтнуудын ногоон хувцас дээр шижиртэн бууж ихэд ивээнгүй тогтох аж. “Чаавас гэж. Муусайн хэдэн ялтныг нар овоо ивээж байх шив дээ. Яах вэ? дотроо даарч ар тийшээ бүгд зовж явдаг улс гаднаасаа өдөрт ганц удаа дулаацахад.” Довчин гэнэт зоогоор тойрон дэг хийх нөхдөө өрөвдөн бодов. Амьдрал цагаа тулахаар дэндүү хэврэг аж. Дээшинг би хайрласан. Дээшин намайг хайрласан. Тэр их хайр өдийд ор мөргүй ингэж алга болох ч гэж дээ. Хуурамч орчлон. Энэ нар хүртэл намайг Дээшинг яаж хайрлаж байсныг мэднэ дээ. Мэднэ. Тэгж их хайрлаж байсныг даанч дээ. Очиж, очиж би алуурчин байхдаа яах вэ дээ. Хувхайрсан муу худалч хуульч. Хаана байна тэр шударга үнэн. Хөөрхий муу охин минь. Довчин нэг мэдэхнээ хорин жилийн өмнөх шигээ өмөлзөн уйлж явлаа. – “Ээ хөөрхий. Тэнгэр тэнгэр л гэнэ. Энэ хорин жилийн хугацаанд чи хичнээн удаа аадар бороо асгаж гол ус үерлүүлэв. Хичнээн удаа цас оруулж, шуурга тавиулц өчнөөн хүн мал осгоож хөлдөөж алав. Би мэднэ шүү мэднэ. Нар ч гэсэн дээ. Нэг их шараад л байдаг. Шараад л байдаг.

Хүүхдүүд нарны хордлого болж л байдаг ш дээ. Би мэднэ шүү мэднэ.” Ихэд гомдож дэндүү олон жил хэлмэгдэж зовсноо бодон дүрэлзтэл уурлаж, зүрх нь лугшин сагсалзахад Довчин том том алхан байр өөдөө алхав. Хэнд ч юм гомдсон гомдол цээжинд нь буцалж нулимс хацрыг нь дагаад асгарав. “Аа цусаар урс. Яачихаад урсаад байгаа хар ус вэ? уйлж явааг минь мэдчих вий дээ. Хэн нэгэн.” Довчин нулимсаа хэд хүчлэн цааш залгиад нойтон нүүрээ паривгар том гараараа арчив. Тэгэхээс тэгэх гэсэн шиг нулимс урсаад тогтох шинж алга. – Новш гэж ямар юмандаа гомдоод байгаа лүд вэ? чи. Хохь чинь. Ингэж явахдаа таарсан адгийн шаар. Эцэст нь Довчин хахир чанга дуугаар өөрийгөө зандчин загнахад саяхан ял авч ирээд удаагүй байсан хоёр залуу зөрөн өнгөрснөө өөрсдийгөө загнаж байна гэж бодон айхдаа ухасхийн цааш гүйцгээв.

Оройн улаан наран Довчингийн толгой дээр мэлтэлзэн байлаа. “За нар минь чи тийм шударга юм бол Дээшинг минь хэн алсныг л олоод өг. Би чамаас өөр олон юм гуйж чалчигнахгүй.” Зооны голд хашигдсан Довчин наранд хүртэл уурсан дүрэлзэн шатаж байгаагаа өөрөө ч мэдэхгүй байлаа. Нээрэн үнэн хаана. Байнаа. Үүнийг бичиглэгч би хүртэл Довчингоо дэмжин ингэж хашгирмаар санагдаж байсныг нуух юун… … Гульсара Казакстан улсын гавьяат жүжигчин болжээ. Үзэсгэлэнт царай, гоолиг сайхан биеийнхээ хэлбэрийг алдаагүй тул түүнийг “Алтан гургалдай” хэмээн бишрэн шүтэгчид олон. Бага залуудаа хоёр ихэр охин тээж төрүүлсэн тэрбээр өөрийгөө энэ хорвоогийн хамгийн золгүы эх гэж боддог байлаа. Казакстан улсын Дуурь бүжгийн академик театрын дэлгэцнээ дэлхийн сонгодог дуурийг амилуулж гол дүрд нь дуулагч энэ бүсгүй баахан ганцаардмал нэгэн. Түүний байгуулсан “Алтан гургалдай” сан өдрөөс өдөрт өргөжин тэлж хавдрын голомтонд өртсөн зуун найм дахь хүүхдийнхээ хавдрыг авхуулж амьд явах баталгааг нь хангасан өдөр Казакстан улсын Астана хотын зүүн дүүрэгт таван давхар шинэ байшин баригдав.

Энэ байшингийн дээвэр дээр “Алтаннуур” гэсэн бичиг асч унтран харагдах бөгөөд телевизийн дэлгэцнээ долоо орчим насны хөөрхөн охины дүрс янз бүрээр өөрчлөгдөн харагдах аж. Алтаннуур төвд хүүхдийн төрөл бүрийн сургалт, хүмүүнлэгийн ажиллагаа явагдана. Хатагтай Гульсара хүүхдэд зориулсан төрөл бүрийн ажиллагаа явуулахын зэрэгцээ машины ослоор өнгөрсөн хайрт охин Алтаннуурынхаа гэгээн дурсгалыг ямагт дээдэлж тэнгэрийн орноос миний охин ээжийгээ харан баярлаж байгаа хэмээн хоолой зангируулан боддог байлаа. Түүнд мөнхийн энэ амьдралыг хайрлаад зэрэглээ шиг алга болсон Муратыг өөрийнхөө нөхөр нэг өдөр ороод ирэх байх гэж хүлээсээр арван таван жилийг өнгөрөөсөн байлаа. Социалист нийгмийн хаалттай бүсээс ЗХУ-д хувийн ажлаар зорчих ч маш хэцүү байсан тэр цаг үед Мурат Эрдэнэт үылдвэрийн нэрээр хил гарах боломжийг олгож өгсөн ачтан. Тэр муугүй эр хүн байлаа. Өсөрбекээс амь дүйн зугатаж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чиглэлээр ЗХУ-руу хил нэвтрэх болсон Гульсара Мурат хоёр Улаанбаатар хот орж Мария, Алтаннуур хоёрыг авахаар очиход төрсөн ганц дүү нь нус нулимстайгаа холилдчихсон сууж байсныг одоо эргэн бодохоос Гульсарад маш хүнд санагдана. –

Юу болов Мария. Бид явах хэрэгтэй байна. Дүү нь хаана байна. Дүүгийнхээ уруу дорой байдалд ихэд айж балмагдсан Гульсара дуу алдаад дүүгээ тэврэн авахад Мариягийн нүднээс том том нулимс урсч эхлэх нь тэр. – Гульсара аюул болсон. Алтаннуур машинд дайруулж нас барсан. Дахиад бидэнд золгүй явдал болсон. Би түүнийг оршуулсан. Марияг үг хэлэх тоолон Гульсара татваганан чарлаж байлаа. – Ээ үр минь дээ. Дэндүү хөөрхөн, сэргэлэн үр минь. Би яах гэж чамайгаа… Гульсара гашуудал дүүрэн хэлээд асгаруулан уйлж байлаа. Түүнийг хэрхэн шаналж буйг харсан Мария хумсаараа оролдон сууж байв. Яг ийм зовлонтой үед нь Мурат түүнийг тэврэн авчээ. – Гулсара. Битгий ингэж шанал. Би чамд хайртай. Хөөрхий охин. Дэндүү хөөрхөн охин байсан. Би маш их харамсч байна. Гэхдээ Гульсара биднийг Өсөрбек хайж байгаа. Энд удвал аюултай. Явцгаая. Тэгэхэд Мурат ийн хэлээд Гульсараг хайрлан үнсч Марияг хөтөлсөөр гарч тэд зам хөөн одсон. Казакстанд гурвуул хамт очсон. Хэлсэн ёсоор Мария Хөдөө аж ахуйн дээд сургуульд орж

Гульсара Дуурийн театрт шалгуулж гоцлол дуучин болсон. Гульсара арван таван жил тасралтгүй дуулж маш их хөдөлмөрлөсний хүчинд “Улсын гавьяат жүжигчин” болж чинээлэг амьдралд хүрсэн. Мария эр нөхөртөө болж таван хүүхдийн ээж болсон. Гульсара хорвоод амьдрах хувь тохиогоогүй хоёр үрдээ өгч чадаагүй хайраа Мариягийн таван хүүхдэд харамгүй зориулсан. Өвчинд шаналсан хүнд өвчтэй хүүхдүүдэд тэр бүхнээ зориулж байв. Амралтын өдрөөр Гульсара дүүгийндээ очив. Намар цаг тул Мария, Остан хоёр ногоогоо хурааж дууссан байлаа. Тэд шинэ ногооны салат идэж, шинэ жимсний шүүс ууцгаан суув. Мариягийн бага хүү Марк удирдлагатай машинаар хивсэн дээгүүр давхиулж байн байн эхдээ үглүүлнэ. – Марк хүү минь нагац эгч чинь чамд ямар их хайртай билээ. Чи нагац эгчийгээ тайван байлгаач дээ гэж Мария үглэнэ. Казакстанд ирсэн өдрөөсөө эхлэн Мария ганц эгчтэй гэдгээ мэдэрсэн аятай түүнийг ихэд халамжлан хайрлах болсонд Гульсара дүүдээ ихэд баярладаг байв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *