Нүүр Өгүүллэг САЙХАН ХҮМҮҮС /ТУУЖ/ 7-Р ХЭСЭГ

САЙХАН ХҮМҮҮС /ТУУЖ/ 7-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
829

Миний нойр хүрээд байна. – Унт. Унт. Хоолыг нь зөөгөөд аваад ирнэ. За юу. Алтаннуур аргадан хэлээд Эрдэнэчимэгийн хучлагыг татан хучиж өгөв. – Гэрэл эгч ирээгүй байх юм. – Харин тийм. Өдийд ирсэн

байдаг даа. Хоёр хүүхэд өөд өөдөөсөө харан суугаад эгчийгээ хүлээж байлаа. Эрдэнэчимэг зөөлөн ёолон яраглах нь сонсдоно. Нэг компаний захирал авгай буяны хоол өгч буй тул хүүхэд хөгжлийн төвийн тогооч

Овун гараа гарган аль болох амттай хоол хийхээр шамдаж байтал хаалга онгойж Гэрэл охин орж ирээд үүдэнд царайчлангуй харан зогсов. – Яасан миний охин. – Тогооч ээжээ би таньд тусалж болох уу? –

Миний охин хичээлгүй юм уу? – Хичээлээ тарчихсан. Нэг дүүгийн маань бие өвдөөд. – Ээ харла яаж орхив. Миний охин энэ ногоог арилгаад орхиоч. Гэрэл алив юмыг ихэд нямбай хийдэг тул Оюун

түүнийг ихэд хайрладаг бөгөөд дүү нарынх нь тоогоор бас өөрт нь алим бэлдэж тавив. – Май миний охин дүү нартаа өгөөрэй. – Баярлалаа ээжээ. Үдийн хоолыг нь Эрдэнэчимэг дүүдээ өрөөнд хүргээд өгч болох

уу? – Тэгээ миний охин. Миний охин мундаг эгч шүү. Гэрэл ихэд баярлан гарч гүйв. Түүнийг өрөөндөө ороход Зоригоо, Алтаннуур хоёр бяцхан Золбоог цэцэрлэгээс авчраад хувцсыг нь тайлж байлаа. – Ямар сайн хүүхдүүд вэ? миний хоёр дүү, дүүгээ аваад ирдэг. Баярлалаа гэсэн Гэрэл дүү нартаа нэг нэг алим өгөв. – Баярлалаа эгчээ. – Баярлалаа эгчээ. – Эгч нь дүү нэртээ дандаа амттай юм идүүлэхийн тулд сайн ажилланаа. – Эгчээ. Чимгээгийн толгой өвдөөд байна. Гэрэл ихэд зовсон байртай гүйн очиж хөнжилдөө дагжин хэвтээ охины толгойг зөөлөн илэв. Охин жигтэйхэн чичирч байх агаад хамаг бие нь чичирхийлэх аж. – Миний дүү алим идэх үү? Охин өндийн суух гэснээ дэрэн дээрээ буцан унаж – Эгээ би дараа идье гэв. Гэрэл алчуур авч Эрдэнэчимэгийн хөлсийг арчиж байлаа. – Эгээ миний аав удахгүй ирнэ тиймээ? – Тиймээ. Миний дүүгийн аав заавал ирнэ. Миний дүү жаахан унтчих. –

За. Миний нойр хүрээд байна. – За унтаарай. Гэрэл дүүгээ үнсээд хөнжлийг нь татан хучиж өгөхөд Зоригоо, Алтаннуур, Золбоо гурав орон дээрээ зэрэгцэн суугаад алим идэж байлаа. – Алтаннуураа миний найзаа чи миний аавд миний дуулах гэж байгаа дууг дуулаад өгөөрэй за юу. – Заа. Гэхдээ чи өөрөө бас дуулаарай. – За. Би унтмаар байна. – Унт. Унт. Хүүхдүүд ийн ярилцаад Эрдэнэчимэг унтаж, бусад хүүхдүүд алимаа амтархан идэцгээв. – За хүүхдүүдээ. Бүгд гарцгаана шүү. Хандивын байгууллага хувцас, чихэр тараана. Бүгд бууна шүү. Эмх цэгцтэй жагсч зогсоно шүү. Хамгийн гол нь эмх цэгцтэй ойлгов уу? Хүүхдүүдээ. Нийгмийн ажилтан багш Дориг өрөө өрөөний үүдийг татан чанга дуугаар захирсаар Гэрэлийн өрөөнд орж ирэв. – Багшаа. Манай дүү Эрдэнэчимэгийн бие өвдөөд унтаж байгаа. – Хаана байна вэ? тэр Эрдэнэчимэг гэсээр нүд нь час улайсан Дориг шал хотолзтол бахим чанга алхсаар орж ирээд

Эрдэнэчимэгийн хөнжлийг хуу татан хаяв. Охин чичирч салгалсаар өндийхөд хөлс нь шанаагаа даган доош урсан дуслах аж. – Пээ чи чинь яахаараа ингэж усан хулгана болтлоо хөлөртөл толгой дээгүүрээ хөнжлөө нөмөрдөг байнаа. Яасан юм бэ? чи. – Багшаа миний толгой өвдөөд байна. – Тэгэлгүй яадаг юм бэ? Дулаан хөнжилд шургаад хэвтээд байхаар. Бос. Битгий маяглаад бай. – Заа. Эрдэнэчимэг чичирч салгалсаар хувцсаа өмсөхөд Алтаннуур, Гэрэл хоёр тусалж, Зоригоо Золбоогоо хөтлөн зогссоор байлаа. Хандивлагч байгууллагаас бэлэг авч баярласан хүүхдүүдийн дуу шатны дороос цангинах тул хүүхдүүд Эрдэнэчимэгийг түшин шат уруу явцгааж байлаа. Эрдэнэчимэг зөвхөн аавыгаа хүлээж буйг хүүхдүүд мэднэ. Харин Алтаннуурын хувьд бол гоё ээж, Мария эгч хоёроо хүлээхээ нэгэнт больж цэнхэр нүдэн Катерина эгчийг хүлээх болжээ. Катерина эгч ойрхон эргэж ирэх тул бяцхан охин түүнийг хүлээдэг болов. “Хонгор минь. Дэндүү хөөрхөн Алтаннуур нархан минь. Би чамайгаа удахгүй авна. Тэсвэртэй хүлээгээрэй.”еатерина эгч нь ирэх болгондоо охиныг энгэртээ тэврээд ийн хэлээд инээмсэглэдэг аж. Эгчийн тэр инээмсэглэл охины зүрхэнд халуун төөнүүлэн хүрдэг ажээ. Хүүхдүүд ар араасаа зогсон өөрийн ээлжээ хүлээж байлаа.

Эрдэнэчимэгийн хөлс бүр их асгарч хүйтэн хананд духаа наагаад нүдээ аньж зогсоно. Урьд нь Гэрэл зогсч түүний урдаас, ард нь зогссон Алтаннуур араас нь тулах тул охин арайхийн зогсч байв. Хүүхдүүд дараалан орсоор Золбоог хөтөлсөн Гэрэл дотогш ороход Эрдэнэчимэг тулгуургүй болж урагш харуулдан унав. Түүний унахыг харсан Дориг гүйн ирж татан босгоод – Чи ер нь яах гэж маяглаад байнаа гэснээ охиныг хана уруу хүчтэй түлхэж мөргүүлэв. – Ёо ёо багшаа. Миний толгой өвдөөд байна. Эрдэнэчимэг өрөвдөлтэй дуугаар хэлээд мэгшин уйлав. Түүнийг Алтаннуур халамжтай нь аргагүй түшиж нулимсыг нь арчих үес уур нь ихэд хүрсэн Дориг багш дахин алгадаад авахад охин буудуулсан шувуу аятай шалан дээр нэвсийн унав. – Хөөе босооч чи. Багш шалан дээр унасан бяцхан охины хөл үрүү зөөлөн өшиглөөд цааш явлаа. Хөөрхий охин дахиж өндийсөнгүй. Удалгүй цагаан халад өмссөн хоёр хүн ирж охиныг дамнуурга дээр тавин авч одов. Алтаннуур, Гэрэл, Зоригоо, Золбоо дөрөв өөрсдийн хувийг авсан ч хөөрхий Эрдэнэчимэгийн араас нүд дүүрэн нулимстай харсаар хоцров… … Катерина маш их ажилтай долоо хоногийг өнгөрүүлэв. Монголчууд дунд хийгдсэн нийгмийн ажилдаа нилээд ядрангуй байсан ч тэрбээр ихэд баяртай байлаа. “Миний ядрах хамаагүй. Тэр бүхнийг мэдэж байгаа. Би хүмүүст үйлчлэх ёстой. Хүмүүс намайг ойлгох сайхан цаг ирнэ.” Катерина бурханы номлол хийгээд буцаж чулуугаар цохиулсан нь бас бий. –

Энэ шулам хүүхний толгойг хага цохь. Монголчууд Будда шүтдэг. Тиймээс энэ хүүхний шүтдэг шалдан бурхан бидэнд хэрэггүй. Цагаан толгойтой таяг тулсан тэр өвгөний үгэнд орсон хүүхдүүд түүний зүг чулуу нүүлгэж гарсан. Худаг дээр ус авч зогссон хүүхдүүд чулуу нүүлгэж авгай нар түүний араас хайр найргүй харааж зүхэж эхэлсэн. Чулуу үсчин ирж Катеринагийн цүнхийг онож улмаар хөөрхөн чийрэг гар, мөр, дал нуруу зэргийг дарааллан цохиход тэрбээр зугатаж гүйхийн оронд “Бурхан минь энэ хүмүүсийн гэм нүглийг уучлаач. Тэдэнд шүглэсэн сатаны хорлолыг хөөн зайлуулаач” хэмээн залбирсан. Катерина бие мах бодийн өвдөлтийг бус хүмүүсийн бухимдал дүүрэн хараалт үгс, үзэн ядан чулуу шидэх хүртэл хатуурсан зүрх сэтгэлийг өрөвдөн нулимс унагав. Гүн цэнхэр нүдэнд нь цийлэлзэн дүүрэх усан нулимс дэндүү тунгалаг аж. Түүнийг ийн шаналж суутал эелдэг зантай залуу бүсгүй орж ирээд – Утсан дээр таныг дуудаж байна гэж хэлээд түүнээс зовсон бололтой царайгаа улалзуулж – Хатагтай Катерина тэднийг уучлаарай. Тэд тийм бүдүүлэг авирлах хэрэггүй байсан юм гэж шивнэв. Бүсгүйн нэр Тамир. Англи хэлээр маш цэвэрхэн ярина. –

Зүгээр дээ. Хонгор минь. Би чамайг ойлгож байна. Баярлалаа. Катерина Тамирын гуалиг танхил биеийг тэврээд халуун дотноор үнсэв. – Катерина дахиад хэн нэгэн таны урмыг бүү хугалаасай билээ. Таньтай ярина гэнэ. – Бүү зов хонгор минь. Катерина ихэд найрсаг хэлээд итгэлтэй алхлан телефон утас уруу очив. – Катерин таныг сонсч байна эрхэмээ. – Сайн байна уу? Хүүхдийн хөгжлийн төв, асрамжийн төвөөс ярьж байна. – Сайн байна уу? Таны ажил бүтэмжтэй сайн байгаа гэдэгт би итгэлтэй байна. – Катерина манай ажил хэвийн байнаа. Таны үрчилж авахыг хүсээд байсан нөгөө охины бичиг баримт олдлоо. – Талархая бурхан минь. Ямар сайхан юм бэ? бүр чин сэтгэлээсээ баярлалаа. – Та маргааш манай дээр хүрээд ирэх үү? – Тэгэлгүй яах вэ? Эрхэмээ таньд баярлалаа. Катеринад үнэхээр баярт мөч тохиолдох нь энэ. “Яасан их аз вэ? Хөөрхөн тэр охины том алаг нүд нулимсаар дахиж дүүрэхгүй. Сайхан цагаан царайд нь гуниг хуралдахгүй. Үнэхээр Катерина түүнийг хайрлан өсгөж чадна.” Катерина тэр өдөр маш их баяртай байлаа. – Алтаннуураа чамайг захирал багш дуудаж байна. Дориг багшийг харахаас дургүй хүрч байвч охин яаж ч чадсангүй. Дориг багш аргадангуй хэлээд охины хөөрхөн гараас хөтлөн захирлын өрөө үрүү явав. – Багшаа манай Эрдэнэчимэг хаана байгаа вэ? Тэр эмнэлэгт хэвтэж байгаа юу? – Тиймээ. Тэр эмнэлэгт хэвтэж байгаа. – Аав нь ирэхэд тэр эдгэчихсэн байх болов уу? Түүний аавд би бас дуу дуулж өгөх ёстой. Охин зөн совингоороо найзтайгаа уулзахгүйг зөгнөн байгаагаа мэдэлгүй хэлээд багшийн гараас гараа суга татан авав. Дориг багш мөн дороо зогтусаад – Тэгээд тэр аав нь хэзээ ирэх юм бэ? гэж асуугаад охиныг төвөгшөөсөн харцаар харахад охин мөрөө хавчив. – Явцгаая. Багш ширүүн дуугаар хэлээд дахин охиныг хөтлөн явсаар захирлын өрөөнд оров. – Захиралаа. Эрдэнэчимэг охиныг аваад ирлээ. Дориг багшийг ийн хэлэхэд Алтаннуур,

Эрдэнэчимэгийг хайн ийш тийшээ харсан боловч найз нь захирлын өрөөнд байсангүй. Захирлын өрөөнд сууж байсан хоёр хүн дараа уулзахын ерөөл тавин гар бариад гарахад захирал тэдний гарыг барин нахилзан бөхөлзсөөр тэднийг гаргав. Захирал суудлаасаа босч охины өмнө ирээд явган сууж – Охин минь чи чинь Довчингийн Эрдэнэчимэг юм байна шүү дээ. Улсын бүртгэлээс сая арайхийн олдлоо гэв. – Захирал багшаа намайг Алтаннуур гэдэг. Довчингийн Эрдэнэчимэг чинь би биш. Манай өрөөнд байсан охин. Түүнийг өчигдөр гэснээ Дориг уруу харж – Багшаа та түүнийг зодоод ухаан алдуулж унагаасан. Тэр одоо эмнэлэгт байгаа тиймээ гэв. – Алтаннуураа. Үгүй яах вэ? Тийм л дээ. Алтануур нь ч Алтаннуур. Гэхдээ чамайг Алимаа багш, Жамал эмээ хоёр чинь тэгж дууддаг. Бусад нь Эрдэнэчимэг гэж үртгэгдсэн байна шүү дээ. Миний охион. Чи их азтай юм. Чамайг Катерина захирал өөрийнхөө охин болгож авах гэж байна. Тийм болохоор миний охин энэ нэрнээс татгалзаж болдоггүй юм шүү. За юу. Захирал түүнийг аргадан хэлээд толгойг нь илбэхэд охин толгой дохив. – Сайн охин шүү. Явцгаая. Дориг охиныг магтан хэлээд хөтлөн гарч амьдардаг өрөө үрүү нь явав. – Багшаа. Намайг явахаас өмнө Эрдэнэчимэгийн аав ирэхгүй нь дээ. Багш төвөгшөөсөн бололтой охины гарыг угзран тавьж – Үгүй чи тэр хүнээр яах гээд байгаа юм бэ? гэж зандрав. – Надаас гуйсан юм. – Хэн… Юу гэж… Дориг багш их уурлаж байгаа бололтой дахин угзарган дуугаар зандрав. – Эрдэнэчимэг гуйсан юм.

Миний аавыг ирэхээр дуулж өгөөрэй гэсэн юм. – Одоо наадахиа март за юу. Тэр ирэхгүй. Охин нүдээ том болгон Дориг багшийн харвал – Явцгаая. Танайхан бас явах гэж байгаа гэхэд охин түүнийг орхиод шат өөд тожигнотол гүйв. Түүнийг өрөөндөө ороход Гэрэл, Зоригоо хоёр хувцаслачихсан Золбоог хувцаслаж байв. Захирлын өрөөнд байсан хоёр хүн хүүхдүүдийг зөөлөн нүдээр харан хүлээсэн байртай сууж байлаа. Түүнийг хараад Зоригоо гүйн ирж гарыг нь атгаад – Бид гурав аав, ээжтэй болсон. Биднийг авч явах гэж байна гэж шивнэв. – Намайг бас авч явна гэсэн. Катерина эгч хэмээн Алтаннуур хүүгийн чихэнд хариу шивнав. – Би чамайг хэзээ ч мартахгүй. Том болоод уулзацгаая. Тэр гурвыг хөтлөлцөн гарахад Алтаннуур уйлахгүйг хичээн цонх уруу харав. – Миний дүү хурдан том болоорой. Чамдаа хайртай шүү. Гэрэл уйлан байж түүнийг үнсээд гарав. Бяцхан Золбоо гүйн ирж гараас нь хөтлөн үүд үрүү чирнэ. Хүүхдүүд нулимс дуслуулан салцгаав. – Миний охин битгий уйл. Одоохон шинэ ээж нь ирнэ. За юу. Дориг охиныг аргадан хэлээд пиджакныхаа халаасыг ухан нэг ширхэг иштэй чихэр гарган охинд өгөв. – Багшаа намайг яваад өгөхөөр Эрдэнэчимэгийг хэн асрах юм бэ? охин гэнэт асуугаад мөс шиг хүйтэн харцаар харахад Дориг хойш ухрав. –

Үгүй юу л даа охин минь. Чи ойлгох ёстой. – Та түүнийг зодсон. – Сонс. Одоо цэнхэр нүдэн ээж чинь ирнэ. Та хоёр аз жаргалтай амьдрах болно гэж найдаж байна. Харин чи ойлго Эрдэнэчимэг дахиж ирэхгүй. – Багшаа Эрдэнэчимэг хаачсан юм бэ? тэр яагаад ирэхгүй гэж. – Охин минь амьдрал гэдэг чинь оньсого. Тэр охин холын холд аав уруугаа явчихсан. Дориг хорсолтой нь аргагүй хэлсэн ч охин баярлан инээд алдав. – Ашгүй дээ. Тэр аавтайгаа уулзсан болов уу? – Уулзсан гэж найдацгаая. – Найдацгаая. Энэ үед хаалга тогших сонсдов. – За ороорой гээд тэд эргэн харцгаав. – Хонгорхон охин минь Катерина гаднаас дуу алдан орж ирлээ. – Катерина эгчээ. Бяцхан охин цангинуулан хашгираад түүн өөд гүйн тэврүүлэв. –

Итгэлтэй байна уу? Охин минь. Катерина охиныг биенээсээ үл ялиг хөндийрүүлээд инээмсэглэн асуув. – Тиймээ. Итгэлтэй байна. Хонгор эгч минь. Охин цээжний гүнээс баясгалантай гэгч нь дуун алдав. “Бурхан минь намайг уучил. Одоо би бяцхан охиндоо үйлчлэх хэрэгтэй байна. Хэрэв таныг хүсвэл. Тиймээ таныг хүсвэл.” Катерина хувь тавилангаа даатган бурханд залбираад охиныг хөтлөн Хүүхдийн хөгжлийн төв асрамжийн газраас гарав. Алтаннуур охин ийнхүү Довчингийн Эрдэнэчимэг нэртэй болов…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *