Нүүр Өгүүллэг САЙХАН ХҮМҮҮС /ТУУЖ/ 5-Р ХЭСЭГ

САЙХАН ХҮМҮҮС /ТУУЖ/ 5-Р ХЭСЭГ

2 секунд уншина
0
0
861

Жигмэд Тогмид хоёр Жимсэнд хамт явжээ Уулын модонд очоод Уралдаж түүхээр болжээ… Гульсара хамгийн түрүүнд энэ дууг дуулж сургуулийн аварга болж байжээ. – Тэгье хоёулаа дуулъя. Ямар дуу

дуулах вэ? – Би эхлээд дуулъя ээжээ. Би эмээдээ дандаа дуулж өгдөг юм. Сайн өдрөөр зугаалаад Саруулхан гудамжаар явлаа би Айлын эмээтэй дайралдаад Ахай эгчээ боллоо би. Алтаннуур цангинуулан дуулахдаа

нүдэнд нь нулимс гүйлгэнэнэ. Дүүрэн сүүтэй хувиндаа Түүртэн ядан гэлдрээд Хөөрхий эмээ ядраад Хөлс нь бурзайж харагдана. Охиныхоо нүдэнд мэлтэгнэсэн нулимсыг ихэд энхрийлэн арчаад Гульсара

дуулахад Мариягийн нүдэнд нулимс цийлэгнэж ирэв. – Гульсара хоёулаа хамт Алтаннуурыгаа аваад Казакстан явж болох уу? – Болно л доо. Гэхдээ жаахан хугацаа хэрэгтэй. Би бодъё гэж аргагүй байдалд

орсон Гульсара худлаа хэлээд санаа алдав. – Хоёулаа явсан нь дээр байх. Тэнд надад ажил олдоно биз дээ. – Эхлээд би чамайг тийш нь сургуульд явуулах талаар хөөцөлдөнө. – Баярлалаа. Тэгээрэй. Энд

байгаа бүх юмаа мөнгө болгож авах нь чухал байна. – Өөрөө мэдээ. – Чи хоол идмээр байна уу? – Тэгье. – Би одоохон хоол хийгээдэхье. Гульсара нээрэн Марияг Казакстан явуулчихвал аавын талын ах дүүс нь тэнд байдаг. Тэд түшигтэй сайн улс тул дүү минь ганцаардахгүй дээ гэж бодоод ээжийнхээ зурагны өмнө мөргөөд охиноо хөтлөн гарав. Өсөрбекийн өгсөн юмыг тэр чигт нь Марияд өгөхөд түүний царайд баясал төрөхийг харж “Дүү минь баахан шуналтай хүн болох нь” гэх харамсал бас төрөв. – Өө энэ Алтаннуур чиний юм байх шиг байна. Өсөрбекийн бэлэг дотор охин хүүхдийн госмёог хувцас байх нь охинд яг таарч байв. Охин нь гоё хувцас өмсөөд бөөн баяр. – Ээжээ. Эмээ минь чиний ээж их гоё ээж байдаг гэж надад хэлсэн. Би таныг санаад уйлдаг байсан.

Охиныхоо яриаг сонсч ихэд өрөвдсөн Гульсара тонгойн охиноо үнсэв. – Ээжээ та намайг Мария эгчтэй орхиж болохгүй шүү. – За. Мария миний охиныг яагаад байдаг юм бэ? – Загнадаг. Төөрүүлнэ гэдэг. – Ээж нь одоо охиноосоо салахгүй за. – За. Охин их баяртай Гульсарагийн гараас хөтлөн дээр дээр үсрэн явна. Ард нь машин сигналдах шиг болоход дотор нь палхийгээд явчихсан Гульсара эргэж хараад дуу алдав. Өсөрбек өөрийнхөө дотны туслагч нарынхаа нэг Муратыг дагуулан явуулсан нь тодорхой болж Муратын өтгөн сахалтай зууван царай ширүүн харцат хар нүд түүнийг суу гэж дохих тул ихэд айсан Гульсара жижиг тэрэгний арын хаалга онгойлгон охиноо тэврэн орж суув. – Сайн явж байна уу Гульсара. – Сайн. Та сайн явж байна уу? – Танай охин уу? Сэргэлэн сайхан охин байна. – Тиймээ. Миний охин. – Гульсара эмгэнэл илэрхийлье. Ээж чинь сайхан хөгшин байсаан. Би мэднэ. – Та яаж миний ээжийг мэддэг юм бэ? – Гульсара минь дээ. Чи гэнэн байна даа. Өсөрбек новш бүгдийг мэдэж байсан. Охиноо гэртээ оруулчих.

Тэгээд би чамд зарим зүйлийг ярьж өгье. Мурат охиныг харж хэлээд машинаа асаан хөдлөв. – Миний охин Мария эгчтэйгээ түр байж бай тэгэх үү. Ээж нь энэ ахтай нь хамт явж байгаад ирье тэгэх үү. – Та битгий удаарай ээжээ. – Заа. Удахгүй амлаж байна охин минь. – Хоёулаа эмээгийн орон дээр хамт унтана шүү за. – За. Гульсара охиноо аргадаж оруулчихаад Муратын машинд суун хөдлөв. Тэд Хараа голын эрэг дээр ирж зогсоод Мурат арын суудалд орж ирж суугаад Гульсарагийн мөрөөр тэврээд – Өсөрбек хогийн амьтан. Цаадах чинь дээрэмчин. Алтайский ройан, Хандгайтын хилийн орчмоор хил нэвтэрч дээрэм, хулгай хийдэг юм. Урагшаа Урумч, Шинжайнаар хил гарч охид эмэгтэйчүүдийг шөнийн цэнгээний газарт зардаг. Олон эхнэр сольж тэдний заримыг алсан. Харин чамд хайртай учир арай алчихаж чадахгүй байгаа юм. Чамайг хэнтэй уулзаж хаана очихыг тандаж хараад ир гэж намайг явуулсан юм. Чамайг охиноо авчир гэсэн биз гэж асуусан Мурат түүнийг өөртөө улам татаж тэврэв. Залуу эрийн чийрэг гар өсөрбекийнхээс арай өөр мэдрэмж түүнд төрүүлж байв. – Тиймээ. Намайг охиноо авчир гэсэн. – Болохгүй ээ. Чи охиноо тийш нь аваачиж болохгүй.

Чи охиноо хамгаалж чадахгүй. Сарын дараа Өсөрбек арав гаруй охид Шинжаанаар дамжуулж Хятад уруу гаргана. – Эй Аллах минь. Ямар муухай юм бэ? арай миний охиныг… – Одоо чи ойлгов уу? Дүүгээ ч гэсэн эндээс хурдан явуулахыг бод. – Дүү маргааш хот явна. Намайг охиноо авчир гэсэн шүү дээ Өсөрбек. – Чи маргааш охиноо дүүтэйгээ явуул. Би чамайг нагац эгчтэйгээ уулзаж хоноод ирсэн гэе. Чи маргааш Дархан орвол бүр үнэмшилтэй. – Дүү маань охиныг минь авч явах дургүй байгаа. Тэр Казакстан явуулж өгөөч гэж гуйгаад байгаа. – Би чамд тусалж дүүг чинь Казакстаны Хөдөө аж ахуйн дээд сургуульд оруулж өгье. Сургуулийг чинь хөөцөлдөж өгье. Охиныг хэд хоног харж бай гэж ятга. – За тэгье. Чамд баярлалаа. – Би чамд цаашид туслах болно. Өсөрбекийг би ална. – Эй Аллах минь яаж байгаа нь тэр вэ? – Миний төрсөн дүүг тэр хүчиндэж алсан. Би мэдээгүй байсан. Саяхан мэдсэн. Дараа нь чамайг зодож байхыг харсан. Би чамд хайртай Гульсара. – Эй Аллах минь. Би ч гэсэн нэг өдөр түүнд алуулах байх гэж айдаг. – Битгий ай. Би чамд хайртай. Би чамайг хамгаалах болно. – Би яахаа мэдэхгүй байна. – Болж өгвөл намайг ойлгохыг хичээгээрэй. Мурат цаашид ярих чадвараа алдан Гульсараг тэвэрч үнсэхэд хүүхэн татгалзсангүй. Худлаа ч байна уу, үнэн ч байна уу халуун дулаан үг хэлж хайрлан энхрийлэх эр хүн байгаа нь түүнд сайхан санагдаж байлаа. – Гульсара би чамдаа тусална. Чи надад итгээрэй. Хөөрхөн охиноо авчих.

Дүүгээ авчих. Би та гурвыг хил гаргана. Миний ойрын хамаатан Алтайский роайнд мужийн намын хороонд ажилладаг. Чамайг театрт дуучин, дүүг чинь Казакстаны Хөдөө аж ахуйн дээд сургуульд оруулж өгье. Яг сарын дараа явцгаая. Тэгэх үү хайрт минь. Мурат түүнийг улам хайрлан тэвэрсээр тэдний яриа үргэлжилж байлаа. – Монголоо их санах байх даа би. – Мэдээжийн хэрэг санана. Чи Монголдоо байвал Өсөрбекийн гараас гарахгүй. Өсөрбек үхсэн ч түүний хөвгүүд чамайг зүгээр байлгахгүй. – Ямарч их гунигтай юм бэ? Муратаа. Би өөрийнхөө, дүүгийнхээ, охиныхоо хувь заяаг шууд чамд даатгаж байна. Яагаад ингэснээ өөрөө ч сайн мэдэхгүй байна хэмээн Гульсара хэлээд инээмсэглэх аядав. Мурат түүнийг халуун дотноор үнсч – Өөртөө итгэж байгаа мэт надад итгэ гэв. Түүнийг гэртээ ирэхэд Алтаннуур охин нь хүлээсэн байртай сууж байлаа. – Хаачиваа чи. Би чамд хоол хийгээд хүлээгээд байлаа. – Харин сая найз маань ирээд. Эрдэнэтийн ГОК-н гадаад харилцаанд ажилладаг юм. Сайн ярилцлаа. Мария би та хоёрыг одоо авч буцна. Би Алтайский роаян уруу шилжиж тэндэхийн театрт дуучнаар ажилд орноо. Харин чамайг Казакстаны Хөдөө аж ахуйн дээд сургуульд оруулна. Миний охин ээжтэйгээ хамт амьдарна гэсэн

Гульсара тун итгэлтэй хэлээд охиноо үнсэв. Гульсара Өсөрбекээс салж байвал хаашаа хэнийг дагаад явахад ч бэлэн болтлоо цөхөрсөн байснаа тэгэхэд өөрөө мэдэрч ихэд догдлон байлаа. Мария ч ихэд сайхан ааштай болж дэргэд нь ирж суугаад инээж хөхөрч эхлэв. Алтаннуур ээжийнхээ өвөрт ормогц хүзүүдэн тэвэрч хөөрхөн уруулаараа үнсч байснаа унтаад өгөхөд түүнийг хайрлан үнссэн Гульсара зөөлөн өргөж цааш нь тавиад босч Мариягийн дэргэд очиход унтаагүй байсан Мария босч суув. Гульсара дүүгээ тэвэрч духан дээр үнсэхэд тэрбээр ихэд ганцаардаж байсан бололтой энгэрт нь наалдаад зөөлөн мэгшив. – За миний дүү тайвштр. Бүх юм сайхан болно. – Тиймээ сайхан болно. Би чамайг ингээд ирнэ гэж бодоогүй. Ээж чамайг их хүлээсэн. – Миний буруу. Гэхдээ Мария би их зовсон шүү. – Мэдээж тэр өөдгүй хүний дэргэд яаж олигтой байх билээ. Одоо тэр хүнтэй хамт байна уу? – Үгүй салсан. – Ашгүй дээ. – Мария чи надад хэл дээ. Миний нөгөө охин хаана байна вэ? чи мэдэх үү? – Эгч минь намайг уучлаарай. Тэр охин хүн болж чадаагүй. Дотор нь палхийгээд явчихсан ч Гульсара биеэ бариад уйлсангүй. Маш ядарч төрсөнөө хоёр охин төрүүлснээ сайн мэдэж байлаа. Хөхөнд нь сүү орохгүй тун ядарч байсан тэр өдөр Өсөрбек ирсэн. Улаан цурав нялх хоёр үрээ ээждээ орхиод хүчинд автан гарсан тэр өдрийг эргэн санах түүнд үнэхээр хэцүү байлаа.

Тийм хэцүү үед хөөрхий муу ээж нь нэгийг нь ч гэсэн хүн хийгээд өдий зэрэгтэй болгосонд Гульсара баярлахаас өөр яалтай билээ. Гэсэн ч Гульсара дүүрэн гунигтай байлаа. – Мария маргааш чи дүүгээ аваад Улаанбаатар хот орж байх хэрэгтэй байна. Би та хоёрыг авч явах ажлаа зохицуулаад араас чинь яваад очъё. – Тэгье. Харин чи бид хоёрын араас хурдан очоорой. Дахин хагацахгүй байхсан. Мария чин сэтгэлээсээ хэлсэн ч зүрх сэтгэлийнхээ гүнд бяцхан охин Алтаннуурыг адлан бодож байлаа. “Өөр цус холилдсон энэ охиноос салах цаг одоо ирнэ дээ. Миний аав энэ охиноос болж үхсэн. Гульсара үндэс угсаа өөр хүнээс хүүхэд төрүүлээгүй бол миний аав үхэж халуун бүл минь ингэж сарнихгүй л байсан. Гульсара тэнэг охин. Тэр энэ хоёрын эцэгтэй ойртож түүнээс хүүхэд гаргалгүй Өсөрбекийг дагаад явсан бол ээж аав хоёр минь амьд байх байсан.” Мария хорсон бодоод эхийнхээ өвөрт жаргалтай унтаж байсан Алтаннуур охиныг муухай харав. “Чамайг би дахиж харахгүй юмсан.” Маргааш нь төрж өссөн гэрээ тэр чигт нь нагац эгчдээ хүлээлгэж өгсөн Мария мөнгөө аваад Алтаннуурыг хөтлөн Улаанбаатар хот явах автобусанд суухад Гульсара охиноо үнсээд тэр хоёрыг гаргаж өгөв. Охин жижигхэн гараа автобусны цонхоор гарган даллаад –

Ээжээ хурдан ирээрэй… гэсээр явахад яагаад ч юм бэ? Гульсарагийн зүрхээр часхийн хатгуулж өөрөө ихэд бачуурчээ. – Хоёулаа ч гэсэн хөдлөх үү? Мурат түүний мөрөөр зөөлөн тэврээд нүүр өөд нь харж инээмсэглэв. – Тэгье дээ. Одоо очоод би цоожиндоо орох байх даа. – Одоо чи чөлөөтэй болно. – Би тэгнэ гэж итгэхгүй байна. Би одоо очоод урьдын адил цоожлогдчихвол яана гэж айж байна. Бас дүү охин хоёроо хуурчихсан бол яана гэж зовж байна. Үнэхээр бид Казакстан явмаар байна. Гульсара үл итгэсэн байдлаар хэлээд Муратын цээжинд наалдав. – Гульсара сонсооч. Би ч гэсэн чиний бодож байгаа шиг сайн хүн биш. Чи намайг хайрлах гэсний ч хэрэггүй. Харин би чамд хайртай. Тиймээс би чамайг гэр бүлийн чинь хамт тайван амьдралд аваачна. Харин аз жаргалаа чи өөрөө олоорой. Одоо хоёулаа явах ёстой. Өсөрбек хардахын нэмэр гээд Мурат машинаа асаан хөдлөв… … Дорж охиноо томрох тусам өөртөө маш хариуцлагатай болж байлаа. Охиныхоо гэрэлтсэн цагаан царай, духан дор үзэсгэлэнтэйгээр эргэлдэх том алаг нүд, инээх тоолон хонхойх хөөрхөн хацар, цовоо цолгин байдлыг харж түүнийг төрүүлсэн эх Гульсараг санан дурсах ч тэр сайхан бүсгүй усанд хаясан чулуу шиг алга болжээ.

Анхмаа охин цэцэрлэгт орсон цагаас авьяас нь задарч гоё дуулдаг, үегүй юм шиг нугарах болж хар нялхаасаа урлагийн тайзанд гарахад Дорж охиныхоо энэ байдлыг аль болохоор дэмжиж, Гульсараг санан дурсдаг байлаа. “Миний охин ээж шигээ авьяаслаг хүн болох нь. Охиных нь энэ амжилтыг Гульсарад нэг харуулах юмсан. Баярлана даа хөөрхий. Нөгөө охиноо харах юмсан. Анхмаа шигээ хөөрхөн охин байгаа даа. Энүүн шигээ авьяастай л байгаа. Тэр хоёртойгоо уулзах юмсан.” Дорж өнгөрсөн таван жил гаруй хугацаанд байнга боддог бодлоо өнөөдөр сурсан зангаараа бодож явлаа. Хотын төвд тохилог хоёр өрөө байранд амьдрах болсон цагаас эхлэн ажлын ачаалал улам нэмэгдэв. Өөдөөс харсан хаалганд хурандаа Цогийнх амьдардаг бөгөөд Цог хурандаа жилийн өмнө гавьяаны амралтанд гарч эхнэртэйгээ хоёул амьдарна. Хилийн цэрэгт дуучин байсан ганган цагаан эхнэр нь жигтэйхэн сайхан ааштай. Түүнийг тунгалаг гэх агаад мөн л насны чөлөөнд суусан аж. Тунгалаг гуай бага залуудаа гаргасан охин, хүү хоёртой бөгөөд хоёул амьдралын өмр хөөж өөр хотод амьдардаг учир хоёр хөгшин эл хуль дуу чимээ багатай амьдардаг ажээ. Ажил тарсны дараа

Цог хурандаа хаалга ихэд чанга тогшин орж ирнэ. – За хө та хоёр юу хийж байна даа. – Хурандаа суугаач та. Бид хоёр яах вэ? Хоолоо хийгээд идчихлээ. Телевизээ үзээд унтана даа. – Эрт унтаад наад залуу насны чинь хийморь доройтно. Тэгээд ч эрт босвол нэгийг үзнэ. Орой унтвал нэгийг сонсоно гэж үг байдаг байхаа. За хүүхээ нэг нүүчих үү хоёулаа хошуучаа. – Тэгье хурандаа минь. Та зуу татах уу? – Зуу татах сайхаан. Жижигийгээ манайд оруулчих. Тунгаа тэр хоёр их нийлэмжтэй. Тэгэд ч урлагийн улс шүү дээ. Өвгөн хурандаа хөхрөнө. Энэ үед хурандаагийн эхнэр намбалаг сайхан хөгшин тавагтай хоол барин орж ирнэ. – За манай хоёр яасхийж сууна даа. Хоолоо идсэн үү? – Идсэн эмээ. Аав минь бантан хийсэн. Манай аав бантан, будаатай шөл хоёр хийдэг юм. Анхмаагийн дуу цангинан гэрт бөөн инээд цалгиж хурандаагийн эхнэр тавагтайгаа ширээн дээр тавьж охиныг тонгойн үнсэнэ. – Мөн мундаг аавтай охин шүү. Эмээ нь бууз жигнээд ирлээ. Аавтайгаа ид дээ миний охин. – Хэ. Хэ. Миний охин манайд ороод эмээтэйгээ цуг сууж байгаад буузаа идчих. Аав нь энэ буузыг идэг. Өвөө нь аавтай нь жаахан шатар тоглоодохъё. Цог хурандаа хэлээд эхнэрээ аргадангуй харна. Тунгаа охины гараас хөтлөн нөхрөө харж инээмсэглээд – Ойлголоо. Нөхөр хурандаа. Харин та залуу боловсон хүчнийг буруу юманд уруу татав даа. Сайхан мэдээрэй гээд охиныг хөтлөн гарна. –

Санаа зоволтгүй дээ хө. Ялгуулсан манлай армид дандаа шилдэг эрчүүд байдаг юм. Шатар тоглох бүр ямар нэгэн гайхамшигтай учирдаг юм даа. Хурандаагийн егөөтэй дуунд эхнэр нь инээмсэглээд – Болтугай болтугай… гээд охиныг хөтлөн гарна. Хөгшин залуу хоёр үлдмэгц Дорж инээмсэглэн босч хөргөгчнөөс хугас шилтэй Ямаахай архи барьсаар ирж ширээн дээр чимээтэй гэгч нь тавиад хоёр хундаганд хундагална. – За хүүхээ чам шиг ажил мэргэжилтэй хүнд энэ идээ таатай идээ биш шүү. Хоолны дараа хааяа нэг хүртэхэд эм болдог юм гэсээр өвгөн өөрийнхөө хувийг татна. Дараа нь шатраа нүүж эхэлнэ. – Хүүхээ чи шатарт чамгүй нүүж хөгшин намайг хайр гамгүй хожих юм даа. Харин амьдралдаа зөв нүүлт хийж өөрчлөлт хиймээр байх юм. Анхмаа том болж байна даа. Өвгөн сургамжлах маягтай богино хугацааны лекц эхэлнэ. – Хурандаа минь дээ амьдралдаа нүүлт хийх гээд алдсан хүн шүү дээ би. Тэр нүүдлийн үр дүнд ганц эрх шар охинтой болсон хүн. Одоо дахиж нүүдэл хийхээс айх юм. Уг нь надад дахиад нэг охин байгаа юм. Түүнийхээ барааг нэг харчихвал гэж бодох юм. Гульсара минь яажшуу амьдарч явдаг юм бол гэж Дорж бодлогшрон ярина. – Хошууч минь амьдрал сайхан шүү дээ. Амьдрал гэдэг чинь өөрөө их өгөөмөр баян байдаг юм. Нэг өдөр охин чинь том сайхан хүүхэн болчихоод инээгээд ороод ирнэ дээ. Амьдралд итгэлтэй л бай.

Ах нь нэг гэртээ орчихоод ирье. Чи сууж байгаарай гэчихээд өвгөн гэнэт яаран гарахад Дорж гайхан харсаар хоцров. Цог хурандааг гэртээ ороход Тунгалаг өхгшин амандаа нэгэн хэмнэлээр зөөлөн тоолж Анхмаа охин зөөлөн хивсэн дээр үегүй мэт нугарч байла. Тунгалаг нөхөр үрүүгээ харж инээгээд – Мундаг байгаа биз гэв. – Мундаг. Мундаг. Манай Дорж бүр мундаг гэсэн өвгөн гал зуух уруугаа орж хөргөгч зөөлөн онгойлгоод эхнэрээ сэм эргэж харав. – Өвгөөн чи наанаа юу хийгэд байнаа. – Юу хийх вэ? дээ хөгшөөн. Нуруу хөшиж өвдөөд ганц эм олж уух гээд л… – Үгүй тэгээд эм хөргөгчинд байдаг болоо юу? – Гэрийн генерал минь наад хүүхдээ л анхаар. Эр нөхрийн чинь бие өвдөж өлсөөд аяга хоол олж идэх гэж ядаж байхад чинь гэсэн өвгөн хөргөгчинд байсан шилтэй архийг шүүрч өмд үрүүгээ шургуулаад үүд үрүү ихэд пээдгэр алхав. – Хоол энэ ширээн дээр байна идээч тэгээд – Төвөг. Төвөг цаашаа болилоо. – Эм авах уу? – Болилоо. Болилоо гэсэн өвгөн гэнэт хурдлан гарч хаалга чанга хаагаад алга болоход хөгшин толгой сэгсэрсээр хоцров. – За хүүхээ. Энд ердөө хоёр хундага шингэн байгаа. Хоёул хүртчихье.

Ер нь бол цэрэг хүн хэдэн бор цэрэгтэйгээ төрийн гэртээ байх шиг сайхан цаг үе алга. Насны эцэст эмгэний гарт баригдана гэдэг амаргүй даваа байна шүү гэсэн өвгөн хурандаа шилтэйгээ хоёр шил аяганд хувааж хийгээд тавагтай буузнаас хоёрыг авч идэв. – Доржоо чи охиноо бид хоёрт үлдээгээд тэр ажлаа сайн хий. Эр хүн тэр дундаа цэргийн захирагч хүн хөхүүл хүүхэдтэй эм хүн шиг ар тийшээ хялмалзаад байх хамгийн муухай байдаг. – Баярлалаа хурандаа. Бид хоёрч заримдаа их хөглөнө шүү дээ. Би охиноо Орос цэцэрлэгт өгсөн. Миний охин чинь их авьяастай. Орос дууг их сайхан дуулна шүү дээ. Дорж үнэнээ хэлээд сүүрс алдав. – Би орой очиж цэцэрлэгээс нь аваад байя. Охин бид хоёр дээр байж байг. Манай эмгэн охиныг чинь бас хөөрхөн хөгжүүлээд байна биз гэснээр Дорж охин хоёрын амьдралд их өөрчлөлт гарав.

Энэ өдрөөс эхлэн Анхмаа охинд гурван хүн үйлчилж ээлжилж цэцэрлэгээс авахаас гадна Тунгалаг гуай өөрөө урлагийн хүн тул охиныг улсын цирк үрүү авч очиж шалгуулаад уран нугараач Дашцэрэн багшид шавь оруулжээ. Доржийг өглөө ажил дээр ирмэгц улсын баруун хилийг зөрчсөн казак иргэдийн хэргийг танилцуулжээ. Нийт арван нэгэн казак иргэн баригдсаны дотор Баян-Өлгий аймгийн Сагсай сумын харьяат Өсөрбек гэгч оролцсон байв. Хилийн байцаагчдын танилцуулсан мэдүүлгээс харахад энэ Өсөрбек гэгч толгойлогч нь бололтой харагдана. Газ-66 машины тэвшин дээр арван хоёроос арван зургаан насны найман эмэгтэй хүүхэд, арван наймаас хорин хоёр насны дөрвөн эмэгтэйг хил давуулах гэж оролдсон дээрхи казакууд байлдааны зэвсэг АКА буу ашиглан уг зөрчлийг таслан зогсоохоор очсон хилчдийн өмнөөс гал нээж нэг хилчинг шархдуулж хүндээр гэмтээсэн байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *