Нүүр Өгүүллэг САЙХАН ХҮМҮҮС /ТУУЖ/ 1-Р ХЭСЭГ

САЙХАН ХҮМҮҮС /ТУУЖ/ 1-Р ХЭСЭГ

2 секунд уншина
0
0
260

Хулгана жилийн өвөл Өнөрхааных цаст Цамбагарав Хайрханы баруун суганд өвөлжиж байлаа. Хулгана жилийн тэр өвөл хан тэнгэр тэр чигтээ цас болон газарт буух их цасан нэвсийн дарахад нэгдлийн

таван зуун хонь маллаж буй Өнөрхаан, Жамал хоёр ихэд хэцүүдэн сандарч байлаа. Ашгүй оюутны амралт болж Санхүүгийн техникумд сурч байсан бага охин Мария ирж эцэг, эх хоёроо баярлуулжээ. Бага

охин Мария ирж малын захад гүйж эцэг эхдээ нэмэр болж хэд хонож байтал Өнөрхааны өвөлжөөг чиглэсэн нэгэн машин өөд газар хэд хэдэн удаа зогсон байж ирсэн нь тусламжийн өвс хүргэж аймгаас яваа

төлөөлөгч нар аж. Өнөрхаан, Жамал хоёрыг баярлуулсан бас нэг зүйл нь аймгийн театрт дуучнаар ажилладаг том охин Гульсара нь тэдэнтэй хамт ирсэн явдал байлаа. Гульсара бол дүрлийсэн том алаг

нүдээ бүрхэн буусан урт хар сормуус нь дэрвэлзэж хасын цагаан царайг нь чимэглэсэн, нарийхан бэлхүүс дээрээ гунхалзан алхдаг өндөр гуалиг нуруутай хөдөө нутагт ховорхон тохиох сайхан

бүсгүйчүүдийн нэгэн билээ. Чиргүүлтэй хоёр Зил-130 машин дүүрэн өвс ирсэн нь Өнөрхаанд тэнгэрийн хишиг буух шиг баяр хөөр авчрав. – Аймгийн ихэнхи сумдаар зуд ихтэй байгаа болохоор та хоёртоо маш их санаа зовж байлаа. Гэтэл ашгүй Мария ирчихэж. Манайхан зудтай сумдын малчдад туслахаар тарсан. Би гуйж байж гэртээ ирлээ гээд Гульсараа баяртайгаар инээн гоё гялгар чемедонаа онгойлгон аавдаа авчирсан ганц шил архиа гарган хоёр гардаж барихад Өнөрхаан жигтэйхэн баярлан авч – Хүүхэд өсөх сайхан юм. Ингээд охиныхлл хишгийг хүртдэг боллоо. Мария яах вэ? Жаахан хүүхэд. Харин Гульсарагаа сайн айлын бэр болгоно. Аллах над хүү өгсөнгүй. Сайхан эр хүнтэй охидоо хуримлуулж тэднээс төрсөн анхны зээ хүүгээ өөийн болгоэ авна хэмээн урьдын адил хөөрөн ряьсан Өнөрхаан архинаас хундгалж

Аллах тэнгэртээ өргөөд өөртөө хийн гурван удаа татаж сайхан улаан зээрд болж суутал хонь хургалах чимээ гарахад тэрбээр хурганы уут шүүрэн гарав. Салхи исгэрч газар тэнгэр нийлсэн мэь цагаан хуй манарч байлаа. Зоотехникч Кумарбекийн шинэ санаачлага болох илүү нугаламтай хар хүзүүт хониноос ихэр хурга гарчихсан бээрэх шахам байхад нь шүүрэн авч уутандаа хийгээд илүү гэр үрүүгээ тэврэн алхав. Өнөрхааныг ихэр хургаа дулаан гэрт хийчихээд гэртээ орж ирэхэд гэргий Жамал нь охиныхоо авчирч өгсөн эрээн мяраан хувцас өмсч хөхрөлдөөд огт тоосонгүй. – Илүү нугаламт хар хүзүүтүүдийн нэг ихэрлэчихсэн байна. Өмнө нь бол хонь хургаллаа гэхэд ухасхийн босдог Жамал энэ удаа тоосонгүй охидтойгоо алив нэгийг шивнэлдэн инээлдэх аж. “Бие биенийгээ харахаар салахаа мэддэггүй улс. За яах вэ? Ганц орой. Маргааш шөнөөс та нарыг нэг нэгээр чинь хот мануулаад өгнө дөө” Өнөрхаан өөртөө ийн бодоод архинаас дахин нэг хийж хөнтрөөд хээ хуарт бүтээлэг бүхий баруун орны өмнүүр бүхлээрээ хэвтэн гаднах чимээг чагнан түр зүйрмэглэв. “Өөрөө хонио манаж хонохоос. Энэ бүтэхгүй улсыг харсны хэрэггүй” Өнөрхаан тэр шөнөдөө хонио манаж хоносон ч өглөө нь дахин цас орж хоньд хотон дотроо

явж чадахааргүй дарагдахад дөрвүүлээ цасан дороос хонио гаргах гэж сайрвайтлаа ноцолдсон ч яаж ч чадахгүй гуч дөчин хонь цасанд дарагдан нүд аних нь тэр. – Ааваа бид ажиллаад ажиллаад дийлэхгүй нь. Нэгдлээс туслах хүч авахгүй бол болохгүй нь дээ гэж том охин Гульсара нь хэлээд духныхаа хөлсийг арчжээ. – Битгий дэмий ярь чи. Бүгдээрээ адилхан зуданд дарлуулж байж хэнээс хэнийг гуйх билээ. Хурдан хөдөл. Дуучин боллоо гэж биеэ оторлоод хөдөөх ажлаасаа төсөөрчээ чи. Аймгаас хүртэл өвс тэжээл өгөөд байхад шалтаг тоочоод очих уу хэмээн Өнөрхаан охиноо зэмлээд цас самардаж цасанд дарагдсан ядруу төлөг борлонг гаргасаар байлаа. – Аав минь дээ. Та бид дөрөв чадлаараа зүтгээд ч дийлэхгүй хэдэн малаа алдах нь дээ. Ойролцоо хилийн цэргийн отряд байгаа биз дээ. Надад заагаад өгчих. Би очиж уулзаж учир байдлаа яриад тусламж авахыг бодъё гэж Гульсара зөрүүдлэн хэлэхэд эх Жамал, дүү Мария нар нь дэмжиж Өнөрхаан ганцаардав. – Гульсара тэр хөх хошууг тойроод хилийн отряд байгаа. Төөрөөд явчихавдаа чи. Чамаас илүү тэмээ чинь замаа мэднэ дээ гэж Өнөрхаан том охиндоо зам зааж өгчээ… … – Нөхөр дэслэгчид болох уу. – Илтгэ юу болов. – Тэмээ унасан бүсгүй хүн манайхыг чиглэн ирж байна. – Тэмээ унасан бүсгүй гэнээ. Сонин л юм. Хэрэг зоригийг асуугаад нааш нь нэвтрүүлчих. – Мэдлээ гүйцэтгэе. Нөхөр дэслэгч явахыг зөвшөөрнө үү. Цэрэг өсгий хавсран зогсоод ёслоход дэслэгч Дорж –

Явж болно гэж хайнгадуу хэлээд ширээний араас босч “Юун бүсгүй юм бол доо” гэж бодов. Хэд хоногоос түүний сэтгэлт бүсгүй Янжмаа ирнэ гэсэн болохоор Доржид ядаж л амьдарч буй хөлдүүс шиг жижиг өрөөгөө янзлахаас эхлээд ажил их байлаа. Доржийг хилийн харуулд гарах байлдагчийн хуваарь хийж байтал хаалга тогших шиг болсноо хэн нэгний үүдний довжоонд гутлын цасаа унаган дэвслэх чимээ гарав. “Өөр хэн байх билээ. Нөгөө тэмээтэй ирж байсан бүсгүй байгаа биз. Энэ нутгийн казак, цөөн тооны урианхай иргэдийн нэг биз. Залуу царайлаг сайхан бүсгүй байгаасай” гэж бодсон Дорж өөрийгөө шоолж инээмсэглээд – За хэмээн чанга дуугараад үүд үрүү харав. Монгол маягийн хурган дотортой торгон дээл өмсч гуалиг бие галбираа зориуд харуулах гэсэн аятай жавхайтал шар дурдангаар ороон бүсэлсэн том үнэгэн малгайгаар нүүрээ тэр чигт нь даран өмссөн хөнгөн алхаатай бүсгүй бөөн цангийн хамт орж ирэх нь залуу хүнийг илтгэнэ. – Сайн байна уу та. Халхаар цэвэрхэн мэндэлсэн бүсгүйг том үнэгэн малгайгаа авахад малгайн дороос Тэс нутагт ургадаг “Удвал” цэцэг шиг сайхан бүсгүй инээмсэглэн гарч ирэхэд дэслэгч Доржийн зүрхээр часхийн хатгуулж цасанд дарагдаж ил хуль болсон энэ нутагт нар мэлтэсхийн мандах шиг болов. – Сайн. Сайн байна уу. Би зүүдлээд байна уу. Эсвэл зүүдэндээ ч гэсэн учрах юмсан гэж хүсч байсан сайхан бүсгүй өмнө минь зогсч байна уу. Дорж ихэд хөгжилтэй хошигнон хэлээд бүсгүй үрүү гараа сунгав. Бүсгүй хөгжилтэй инээн түүний гарыг атгаж – Таны урмыг хугалахгүй юмсан гэж хичээж байна. Намайг Гульсара гэдэг. Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт дуучин гэв. Дорж баярласандаа тачигнатал хөхөрч – За их сонин байна. Аймгийн театрын дуучин бүсгүй тэмээ уначихаад мэлтийсэн цастай талыг туулж явдаг. Үнэмшихэд бэрхтэй юм. Гэхдээ хилийн… дугаар заставын дарга дэслэгч Дорж таньд үйлчлэхэд бэлэн байна хэмээгээд баруун гараа шанаан тус газраа аваачин ёслов. – Баярлалаа дэслэгчээ.

Ирэх замдаа чамгүй даарлаа. Сууж болох уу. Гульсара хөгжилтэй инээн хэлэхэд Дорж сандарч – Бололгүй яах вэ? Та суугаач гээд гар дэлгэн уриад үйлчлэгч цэрэг дуудан цай хоол авчрахыг тушаав. Гульсара огт нэрэлхсэн байдалгүй хар цай оочлон ууж, адууны махтай цуйвангаас бага зэрэг идэхэд Дорж урамшин инээмсэглээд – За тэгээд хонгор бүсгүй минь ямар хэргээр явна гэж асуув. – Би өчигдөр аавындаа ирсэн юм. Аймгийн хэмжээгээр ихэнхи нэгдлүүд зудтай байгаа болохоор манай байгууллага зудтай нутгийн малчдад туслах гэж түр завсарласан юм. Тэгээд хүн бүл муутай аавындаа гуйж байж арайхийн ирсэн юм. Аав, ээж хоёр маань нэгдлийн таван зуун хонь малладаг. Оюутны амралт болж хотоос оюутан дүү маань ирсэн ч бид дөрвүүлээ нийлээд цасан доороос малаа гаргаж хүч хүрдэггүй ээ. Тэгээд л танайхаас тусламж хүсч ирлээ хэмээн бүсгүй яриад Доржийг гуйсан харцаар харав. “Болох л юм. Арван цэргээ хилийн манаанд гаргаад буусан арван цэргээ амраагаад маргааш манаатай арван цэргээ аваад явж болох юм.” Доржид маргааш манаанд гарах арван цэрэг амраахаас гадна Гульсаратай ойртож дотносох нь тун чухал санагдаж байв. – Заставын орлогчийг дууд. – Мэдлээ. Төд удалгүй мөрөн дээрээ нэг жижиг шоргоолжин таван хошуутай туранхайвтар шар залуу орж ирээд өсгий хавсран ёсолж – Нөхөр заставын даргын дуудсанаар бага дэслэгч Зэвгэ ирлээ гэснээ Гульсараг харж “Эхнэр нь хотоос ирчихсэн бололтой.

Сайхан хүүхэн юм” хэмээн бодов. – Эндээс холгүй нутагладаг малчдын мал цасанд дарагдан нэгдлийн өмчинд аюул учирч байгаа юм байна. Маргааш харуулд гарах арван цэргийг Газ-66тай гаргаад түр заставыг орлож бай. Би өөрөө энэ ажлыг удирдан явж малчдад тусламж үзүүлээд ирье. – Мэдлээ. Зэвгэ гар өргөн ёслоод эргэн гарав. Дорж инээж – За ингээд боллоо. Гэр байгаа газраа сайн зааж өгөөрэй. Та өөрөө бидэнтэй хамт машинаар яв. Манай нэг ахлагч энэ нутгийг андахгүй. Тэр таны тэмээг унан араас очно. – Их баярлалаа таньд. Гульсара үнэн сэтгэлээсээ баярлан дуу алдав. – Ингэхэд би таныг нэг харсан юм шиг санагдаад байх юм. – Харин би бас таныг харсан юм шиг санагдаад. – Гэхдээ уулзах ёстой болоод бид уулзаж байгаа биз дээ. – Тийм дээ. Дээрээ цэргүүд суулгасан машин ирж заставын үүдэнд зогсоход Дорж нэхий дээл малгайгаа авч цүнхээ зүүгээд хүүхэн рүү гар сунгаж – Явцгаая гэв. Охиныхоо араас Өнөрхаан ихэд санаа зовж хойд уул өөдөө авирч гараад дурандсанд мэлтийсэн цагаан талд тэмээтэй хүний явах харагдсангүйд өөрсдөө хийхийн оронд бэлэн юм харж хүүхэд хол явуулсан эхнэртээ уур нь хүрч түүнийг загнахаар гэр үрүүгээ яаран эргэв. – Охин харагдана уу. Жамал ер юу ч болсон шинжгүй хэлээд өтгөн шаргал цай аягалан барихад Өнөрхааны уур хүрч эхнэрийнхээ барьсан цайг цалгитал цааш нь түлхээд – Харагдахгүй байна.

Хэдэн хонийг өөрсдөө ухаад гаргачихын оронд Гульсараг шал дэмий цэргүүд үрүү явуулсан юм. Цэргүүд түүнийг буцааж нааш ирүүлэхгүй бол яана гэж ууртай хэлээд дурангаа хойморийн авдар дээр ихэд чимээтэй таррхийлгэн шидэх шахам тавив. – Нүгэлтэй юм ярих юм. Аллах биднийг харж байгаа. Хэрэв охиныг цэргүүд хоргоовол төлөөлөгчид өгөхгүй юу. Жамал мөчөөгөө өгөх шинжгүй хэлээд жуумалзан инээмсэглэв. – Тэнэг эхнэр. Охин чинь чамайг дуурайж дээ. Охин чинь харь цусны хүүхэд гаргавал яана. Бас төлөөлөгчид хэлэх үү чи. – Хэлж таарна шүү дээ. Би эрхээ хамгаалуулсан нэгдлийн гишүүн, малчин хүн. Жамал ингэж мугуйдлан зүтгэхээрээ дийлддэггүй тул Өнөрхаан дуугаа хураан суутал гадаа машин дуугарах шиг болоход Мария гүйн гарснаа буцаж орж ирээд – Дээрээ цэрэг суулгасан машин ирлээ гэж баярлан хашгирав. – Дуу чи. Энэ бас нэг тэнэг эм гарах нь. Юундаа баярлаж инээгээ бол доо. Цэрэг ирж байхад. Өнөрхаан бага охиноо зандраад яаран гарвал үүдэнд зогссон цэргийн том ногоон машинаас охин Гүльсара нь цэргийн дарга залуугаар түшүүлэн инээд алдан бууж байлаа. – Эй Гүльсара чи тэмээгээ яаж орхив. Нэгдлийн тэмээ шүү. Олон цэрэг харсан Өнөрхаан дотроо дургүйцэн охиндоо уурсангуй хэлэв. – Сайн байна уу. Та зоволтгүй манай нэг хүн тэмээг тань авчирч байгаа. Цэргүүд бууцгаа гэж цэргийн даргыг командлахад машин дээр суусан цэргүүд дэрхийн босч пирхийтэл бууцгаагаад хашаа өөд алхацгаав.

Орой гэхэд цэргүүд өвөлжөөн доторхи цасыг бүгдийг зөөж гаргаад үхсэн малыг гадагш зөөж, өвөлжөөний дээд талыг цас орохооргүй болтол битүүлж өгөв. Дараа нь өвөлжөөний үүд хажуугийн цасыг цэвэрлэж дуусахад Жамал адууны мах чанаж цэргүүдийг дайлжээ. – За тэгээд сайхан танилцлаа. Хэрэг гарвал шууд хэлж байгаарай. Дорж дэслэгч тэгш цагаан шүд яралзуулан инээсээр Гульсарагийн гарыг чанга атгажээ. – Ингэхэд манай застав дээр зохиогддог үдэшлэгт очиж сайхан дуулж өгөөч. Таныг урьж байна хэмээн Дорж гуйсан өнгөөр хэлэхэд Гульсара толгой дохин инээсээр үлджээ. Цас үргэлжлэн орж бог бэлчээрт гарч чадахаа больжээ. Нэгэн орой Сагсай сумын урьд нутгаар нутагладаг Өсөрбек гэгч алхах бүртээ амьсгаадсан тарган эр баахан торго дурдан, амтат чихэр жимс дүүрэн богц, шуудайтай юм хоёр моринд тэгнэн ачсаар Өнөрхааныд иржээ. Өнөрхаан, Өсөрбек хоёр бие биенээ сайн мэдэхгүй ч нутгийн хамгийн том баячуудын тоонд ордог, Шинжаан, Өрөмч үрүү сэмхэн хил давж эртний эдлэлийн наймаа хийдэг, баруун тийшээ Алтай Таван Богдыг давж ЗХУ-н Алтайский роайн уруу чөлөөтэй зорчдог их гарын наймаачин Өсөрбекийг танихгүй хэн байх билээ. Өсөрбекийг Өнөрхаан ихэд найр тавин угтаж каз чанаж, Орос архи сөгнөж гараа гарган дайлсаар угтжээ. Өнөрхааны бага охин Мария Улаанбаатар хот уруу буцсан тул том охин Гульсара ээж, аав хоёртоо туслан гэртээ байсан нь Өсөрбекэд бүр их завшаан болжээ.

Өсөрбек Гүльсараг харан том махлаг биеэ займчуулан суудал засч нүд ирмэн үе үе инээд алдах аж. Гульсара анхлан Өсөрбекийг аавын танил хэмээн хүндэлж байв. Харин Өсөрбекийн хол замыг туулан Өнөрхааныхыг зорин ирсэн гол зорилго нь “Алтан гургалдай” гэж Өлгий хотод алдаршсан дуучин үзэсгэлэнт бүсгүйг өөрийн болгоно гэж андгай тавин ирсэн байлаа. Өнөрхаан, Жамал хоёр нэр хүндтэй зочноо дайлан хөл алдаж байх үес өвөлжөөний арын жалганд машин дуугарах сонсдож шар шувуу гурвантаа дуугарахад Гульсара алчуураа шүүрэн гарахыг тэдний хэн ч анзаарсангүй. Гульсараг жалга уруу гүйн ирэхэд дэслэгч Дорж машиныхаа гэрлийг асааж, унтраан гурвантаа дохио өгөв. Гульсара инээд алдан гүйн очиход Дорж машины хаалгыг онгойлгон машинд татан оруулаад тэврэн авч уруул дээр нь удтал озон үнсэхэд хүүхэн татгалзсангүй. – Чи машин барьдаг юм уу. Ганцаараа яваа юм уу. Хилчин хүнд хийж чадахгүй ажил байхгүй шүү дээ. Чамтай уулзахын тулд ганцаараа явах нь дээр биз дээ. Цэргийнхээ хажууд хүүхэн тэврээд суултай нь биш гэсэн Дорж гэнэт гунигтай болж хүүхний гоолиг цагаан хуруудыг атган бодолд автан суув. – Ингэж явааг тань эхнэр чинь мэдвэл хэцүү юм болох байх даа. Гунигтай дуугаар ингэж хэлсэн Гульсара Доржийг эхнэртэй үгүйг мэдэх санаатай хэлсэн аж. – Уг нь ч нэг хүүхэн байгаа л даа. Чам шиг сайхан бүсгүй. Эмч хүн. Би түүндээ хайртай. Даанч түүнд миний ажил таалагддаггүй юм. Одоо ч хоёр тийшээ болж байх шиг байна гэж хэлсэн Дорж “Нээрэн Янжмаа бид хоёр таарахгүй дээ” гэж бодов. – Тэгээд ажлаа сонгож байгаа хэрэг үү. – Тиймээ. Би тушаал хүлээсэн цэрэг хүн шүү дээ.

Дорж Гульсараг тэвэрч элгэндээ наагаад хэлэхэд хүүхний дотор нар мандах шиг болж ихэд баяртайгаар инээж байлаа. – Ингэхэд чиний нөхөр хаана байдаг юм бэ? Гульсараг сайхан төрсөн бүсгүй хүний зовлон тойроогүй учир Доржийн асуултанд хариулахын оронд хнгөн сүүрс алдав. “За тийм дээ. Энэ сайхан хүүхэн нөхөргүй байна гэж юу байх билээ.” Дорж хүүхний байдлаас гадарлан бодоод харамсангуй санаа алдав. – Би нөхөргүй ээ. Москвад Театр Урлагийн дээд сургуулийн дуулаачийн анги төгсөөд ирсэнээс хойш Театрын дарга, найруулагч, Аймгийн намын хорооны томоохон дарга нарын нүдэнд өртөж зовж л явна. Тэд надаас нэг зүйлийг хүсдэг. Энэ нь намайг эрчүүдийг үзэн ядахад хүргэдэг юм. Үнэнийг хэлэхэд чи ч гэсэн надаас түүнийг хүсч байна уу гэсэн Гульсарагийн нүдэнд гомдлын оч гялсхийгээд өнгөрөхөд Дорж ихэд өрөвдөн тэвэрч аваад – Яалаа гэж дээ. Гульсара минь. Би чамайг чин үнэнчээр хайрламаар байна гээд ихэд энхрийлэн тэврэхэд хүүхэн түүнийг хүзүүдэн авч халуун дотноор үнсэлцэв. –

За ингээд чи минь ор доо. Аав, ээж чинь гайхаж байгаа байх. Маргааш застав дээр үдэшлэгтэй. Чи очиж дуулж хэдэн бор цэргийг минь хөгжөөж өгөөч. – Тэгье л дээ. Чи ирж авах уу. – Би жолооч явуулна. Харин чи үдэшлэгийн дараа манайд хононо шүү. Дорж учирлан хэлээд Гульсарагийн хамрыг чимхэх дүр үзүүлээд инээмсэглэв. – Тохирлоо. Тэртээ цайвалзах цагаан оддыг харсан хоёр зэрэг санаа алдсанаа анзаарч хоёул хиргүй цагаанаар хөхрөлдөөд хүүхэн машинаас бууж жалга уруудан гүйхэд Дорж машины гэрлийг асаан замыг нь гэрэлтүүлж өгөв. Дараа нь машин асч хоёр гэрлээ дохилзуулсаар харанхуйг цуучин цагаан тоос татуулсаар давхин одов.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *