
Ариун нэрт газрын хамгийн азтай охин гэвэл намайг гэхэд мөрийцөхөд ч алдахгүй…Түүнийхээ ачаар эмчийн тусламж авсныхаа дараа тусгай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж энгийн биш болсон эд
эрхтэндээ оёдол тавиулж гам барьсан юм…Энэхүү гунигт өдрүүдээс үүдэн ариун нэрт газрын доод давхрын эрчүүд намайг хамгийн бузар эм, муу төрөлтэй хүний тоонд оруулж хөндий хүйтэн харьцдаг болсон
нь төрсөн дүү хийгээд түүний минь мандаасан хэрэгтэй холбоотой… Тэд миний нэрний өмнө зүүх муу муухай үгсийг бодоод олчихож дөнгөнө. . . Энэ бүхэнд эгдүүцэж тэр минь үргэлж л зодоон цохионы
хэрэгт оролцдог болсон байв.-Хэзээ яаж хайртай болсноо санах гэхэд ариун нэрт газрын ад эд бүхэн нүдний өмнө зураглагдаад сэтгэлд буух сайхан зүйл багаахан ч үгүй. . .муу дүүгээ одоо ч өрөвдөж хамрын угт
нэг юм тулчихаад хэцүү байдаг юм дүүгээ л хайрлаж яваарай гэж Уля бусдад захьдаг байлаа. . .хэрэг маргаан дэгдэж ариун нэрт газрынхны бүдүүн дарга хамраа нүднийхээ өмнө овоолчих дөхөн ярвагнаж

нүдний шилнийхээ дээгүүр цэхэлзэх уурт эрхлэгч зэрэг эрхтэн дархтны уур хилэн намдах тийшээгээ хандаж байсан үед доод давхрын хэн нэгэн дүүг минь зүгээр л цохичихсон гэдэг. Нүдэнд харагдахаа больчихсон дүүдээ хэрдээ л санаа тавих боловч мань мэтийн сачий хүрэхгүй. Хэд хоног дараалан татвагнаж сарвагнадаг өвчнөөр зовж байгаад л бурхны хитэгт морилчихсоныг тэр минь л халгаж ядан надад хэлсэн юм.
Гэхдээ бараг л бүтэн улирлын хойно шүү дээ…Ариун нэрт газарт амьдрах хүүхдүүдийн хамгийн дуртай зүйл бол шүлс амталчих төдий чихэр бохь тэргүүтэн гэхэд мөрийцсөн ч алдахгүй. Тэр минь хаанаас олдог юм ёстой чөтгөр бүү мэд. Нэг харахад ганц ширхэг ч хамаагүй бохь сарвайдаг байсан нь хожмоо бодоход тэр чигээрээ хайр байж билээ…Энэ бүх зүйлийг хамтдаа туулсан түүндээ хязгааргүй хайртай байсан юм.
Архинд толгойгоо мэдүүлсэн түүнийхээ араас уйгагүй хөөцөлдөж, үглэж дуулж, чирч гулдарч мундараа хутгаж явсаар зээлийн газрын товхийсэн ажлаасаа хөндийрсэн. Сүүдрэндээ татагдаад уначих нь халаг согтсон нөхрөө авахаар хүрч очих үед түүний хамууд элдвээр хэлж доромжилж угтдаг байснаа-Зиа Улячка наашаа суу. Ганц татчих гэж саймширах нь энгийн үзэгдэл болжээ. Нэг л мэдэхэд нөхрөөсөө дутуугүй татчихдаг болсон байв.

Түүнээс ялгарах зүйл гэвэл Уля үргэлж охиныхоо дэргэд унтана. Хичнээн согтож уйлж дууллаа ч охиноо тэврээд л авбал суусан газраа л унтчихна. Үхтлээ шартсан орчлонгийн олон өглөөний нэгд үс гэзэг нь сэгсийж нүүр ам нь халтартсан хэдий ч салбархай хувцасны цаанаас зэгзгэр харагдах дөнгөж таван ой хүрч байгаа охиноо гал түлэхээр бөвтнөж байгааг хараад л Уля шууд уйлчихсан. Бүтэн өдрийн туршид уйлсан, орилсон, бахардсаны маргаашнаас эхлэн хундага дарс ч амсаагүй гэдэг.- Аав нь уусаар л байхад би ч бас юу вэ дээ гэж бодохтой зэрэгцээд л хамаг бие шархираад уйлж орхисон. –
Үргэлжлэл бий-