
Гэр ачаалсан дөрвөн тэмээ хөтөлсөн морьтой эр байн байн эргэж харан инээмсэглэнэ. Эхний тэмээн дээр тухтай суудал засаад Бурмааг унуулжээ. Бурмаа үе үе санаа алдаж хөнгөн гуниг тээн өнгөрсөн
бүхнийг бодож явна. Ганц бие бүсгүй хүмүүсийн увайгүй бодол, завхай сэтгэлээс нуугдаж өдий хүртэл амьдарч ирсэн энэ тал нутаг гэр орон шиг л санагдана. Тиймдээ ч эндээс холдон явна гэхээр нэг л
гунигтай аж. Гэвч хамгаалах хүн, хамтдаа амьдрах тавилантай нэгэнт учирсаных гунигаас илүү баяр түүнийг аргадна. Тэмээний явдал удаан ч том биений зогсолтгүй алхаа газар их хороож үдээс хойш
гэхэд зорисон газраа саадгүй очлоо. Халуун савтай цай барьсан хоёр хөгшин саахалтын дайтай угтаж ундааллаад гэрийн зүг хөдөллөө. Хоёр жил хаяа нийлж амьдраад ижил дасал болж Бурмаа дахиад
ээжтэйгээ уулзсан юм шиг Цэрмаа хөгшинтэй дотносжээ. Бурмаа тулгар биетэй болоод даруй төрөх дөхсөн байна. Энэ хоёр жилийн хугацаанд Гармаагийн тухай хүмүүс цуу ярьж бишгүй л мэддэг болж.
Хол ойроос ирж үзүүлж харуулах хүний цуваа ч тасрахаа байсан. Анх зодож занчин хөөсөн сагсуу Дорж хүртэл жилдээ хоёр гурав зорин ирдэг болсон. Хорвоо дэлхий их л хачирхалтай юмсанж. Хүн гэдэг нэг жаран, эсхүл нэг зуун амьдрахад хүний мөн чанар хийгээд амьдралын хэмнэл олон өнгөнд хувирдаг юм байна. Яг л улирал солигдохын адилаар… -Алив охин минь ядарчихлаа. Одоо наадхаа орхи гэж Цэрмаа бэрийнхээ оёж байгаа дээлийг болиулах гэхэд -За яах вэ. Одоохон шилбэ хадаад дуусгачихъя. -Гүй мөн том болжээ наад гэдэс чинь. Өнөө маргаашгүй төрөх болжээ. Цаадах чинь яана гэнэ үү? Сумын төвд төрүүлнэ гэнэ үү эндээ төрүүлнэ гэнэ үү? – Харин тийм ойртоод л байна.
Өчигдөр сумын төв рүү явдаг юм билүү гэж байсан. -Одоо ч эмнэлэг энэ тэр гээд төрөхөд амар болж дээ. Би чинь бараг тавин насандаа хүүхэд төрүүлсэн хүн. Тэгэхэд эмнэлэгт л төрсөн гэхдээ одоо бүр сайхан болсон гэсэн. -Би ч Тогтохыг сумд төрүүлсэн. Манай сум хаа ч очиж сайн эмч нартай гэж ярих хооронд гаднаас Гармаа орж ирлээ. -Наад дээлээ орхидоо ядарчихав. Саахалтад машин ирж байна. Сандаг ах ирж байж магадгүй. -Нээрээ өнөөдөр эмнэлгээс гарах ёстой билүү. – Тэгэх ёстой. Ах нөгөө яриад байсан зурагтаа авсан болов уу гэж хүүхэд шиг догдлон асуухад -Холбооны Хүдэр ирж тавьж өгнө гэсэн. Ямар машин байна. -Цагаан фургон байна лээ. -Аа тэр чинь Хүдэр мөндөө. Саахалтын зурагтыг тавичхаад манайхыг тавих байх. Энэ үед орон даяар нарны зай хураагуур, олон сувгийн телевизийн антен зэрэг зарагдаж учир мэдэх хүмүүс борлуулж ажиллуулах аргыг нь зааж өгч байсан юм. –

Тогтохоо чи маргааш ганцаараа хонь хариулаарай мэдүү гэж Энгүүн мориныхоо дээр доош бөхийн хэвтээд залхуурсан өнгө аястай хэлэхэд -Та яах гэж байгаа юм агаа -Би ядраад байна -Би ч гэсэн ядарна ш дээ. Тэгвэл хоёулаа ээлжилж хариулъя. Маргааш би нөгөөдөр та гээд -За за ерөөсөө больё цуг л хариулъя гэлээ. Хоёр гуравхан насны зөрүүтэй хөвгүүд ойр амьдраад мөн л ижил дасал болж. Хэн хэн нь зундаа ганцаараа байдаг байсан хүүхдүүд ханьтай байх нь жаргалтай аж. Хааяа зодолдож нэгнээ гомдооно. Гэвч эргээд дорхноо л эвлэрнэ. Сумын төвийн эмнэлгийн үүдэнд нүдээ анин амандаа маани уншин бясалгах Гармаагийн сэтгэлд түймэр асаж байгаа юм шиг догдлол дүүрэн байлаа. Хүн болсоор оройтсон ч үрийн зулай үнэрлэнэ гэж бодохоор арга ч үгүй биз. Эмнэлгийн хаалга нээгдэн цагаан халаадтай махлаг шар эмч толгойгоо цухуйлган -Гармаа ороод ир гээд хаалгаа хаалаа. Гүйх шахам босоод дээлээ нэг янзлаад алхаад орлоо. Май энийг нөмөрчих гэж нэг асрагч цагаан нөмрөг өглөө.
Гармаа алхсаар өрөөний хаалгыг нээж ороход Бурмаа нүүрэндээ бага зэрэг инээмсэглэл тодруулж хүүхэдрүүгээ нэг хараад эргээд Гармаа руу харлаа. Аажуухан алхаж орны хажуугийн сандал дээр сууж гарыг нь атгахад нимгэн даавуунд ороосон бяцхан хүүхэд нь час хийн уйлахад зүрхнээс нь базаад авах шиг л боллоо. -Хүүтэй болсон гээд инээхэд Гармаа малгайгаа авч өвөртөө хийгээд өндийж хүүгээ барьлаа. Нэг л эвийг нь олж чадахгүй эвгүй байсан ч дөнгөж төрсөн улайн нялзрай хүүгээ хайр дүүрэн харцаар ширтэхэд нүд нь нулимсаар дүүрээд ирлээ. Юу ч дуугарч чадахгүй баярласандаа урсах нулимсаа ханцуйгаараа шувтарч хэсэг зогслоо. Гурав хоногийн дараа Бурмаа эмнэлгээс гарахад нагац Бадарч машинаараа гэрт нь хүргэж өгсөн юм. Хүү зуны адаг сард төрсөн бөгөөд эцэг Гармаа өдөр судар харж угаал үйлдэхээр боллоо. Энэ өдөр Гармаагийн Сандаг тэргүүтэй зочид айлчилж хүүхдэд нэр хайрлах ёслол хийлээ. Хүн бүр цаасан дээр нэр бичин будаан дотор хийн шигшхэд Уудам гэдэг нэр гарч үүнийг нь Гармаа мэргэлж үзэхэд яв цав таарсан нэр тул ийн нэрийджээ. Сарын дараа Сандаг өвгөний бие гэнэт муудлаа. Гармаа ном уншиж арга чарга хайсан ч дийлэхгүй тул сумын төв рүү түргэн дуудаж авч явлаа. Гармаа хамт явсан юм.
Эмнэлгийн өрөөнд Гармаа түүний гарыг атган амандаа маани уншин суулаа. Сульдаж доройтсон өвгөн сулхан дуугаар -За хүү минь надаас хойш манай хоёрыг сайн харж хандаарай хэмээн хэлээд нүдэнд нь нулимс дүүрсэн юм. -Та тийм юм битгий ярь. Тайван байж сэтгэлээ чангалаарай. -Чи мэдэж байгаа байлгүй дээ. Би ер нь л хэцүү болчихлоо. Ахыгаа элдэвлэж муухай хандаж байсан бол уучлаарай. -Зүгээрээ за та жаахан унтчих гэж хэлээд өрөөнөөс гарахдаа нууж байсан нулимсаа өөрийн эрхгүй асгасан юм. Түүний зөн совин бүхнийг мэдэрч байсан болохоор ойлгосон юм.

Сарын дотор нэг нь төрж нөгөө нь амирлаж хүнээр сэлгэгдэх баяр гунигийн хорвоо нулимсаар бичигдсэн ухаарал, хайр, харуусал бүхнийг мэдрүүлсэн юм. Сандаг өвгөнийг нутгийн шүтээн хайрханы ойролцоох хүн тавьдаг хөндийд хөдөөлүүллээ. Гармаад илүү хариуцлага, илүү үүрэг ирж байгааг тэр хэн хүнээр хэлүүлэлгүй ойлгоно. Ажил явдал өргөн хүрээтэй болж өндөрлөлөө. Амьд ахуйдаа олонтой явсан түүнийг хүндэтгэн сүүлчийнх нь замд үдэхээр хол ойроос хамаатан садан, найз нөхөд, танил нөхөд нь цугларсан юм. Гармаа, Амар лам хоёр бүх буяны хурал номыг уншиж өгсөн юм. Ирсэн зочид буцаж нам гүм уй гашуутай хот айлын дээгүүр намрын гунигийг дуулгаж усны шувууд ганганалдан буцна. Өнчирсөн хүү эцгийнхээ хөрөгний өмнө гуниглан сууж хажууд нь хөгшин ижий эрхи эргүүлэн маани хэлнэ.
Үргэлжлэл бий…