Нүүр Өгүүллэг ЛУСЫН НҮД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

ЛУСЫН НҮД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

21 секунд уншина
0
1
424

Үүр хаяарч хавийн юм үзэгдэхтэй болоход зэлүүд тал дээр нүдэнд торох зүйл байсангүй. Гармаа морин дээрээ нүдээ анин бясалгаж анхаарлаа төвлөрүүлж далд ертөнцтэй оюун бодлоороо холбогдохыг

хичээлээ. Өвгөн багшийнх нь дүр тодорч -Өөрийн сэтгэлээ захирч чадвал хүч чадал чиний өмч. Далдыг харах нүд бол чиний ухаан юм хүү минь. Тайвшир гэж хэлээд замхарлаа. Яг энэ мөчид ойрхон адуу

давхиад өнгөрөх шиг болоход тэр зүгрүү яаран морио ташуурдан цогиуллаа. Бараг нэг километр явахад бөөгнөрсөн хар юм харагдав. Ойртон харахад эмээл хүн хоёр байсан нь тэр мөн байв. Хамаг хувцас

нь салбарч, энд тэнд нь цус нөж болж хөл нь дөрөөнд орчихсон нүд хальтрам дүр угтсанд Гармаа золтой л ухаан алдчихсангүй. Эмээлнээс нь салгаж өвөр дээрээ тэврээд толгойг нь илж, судсыг нь барьж үзэхэд

амьтай байв. Нилээн хол чирэгдэж жирэм тасарч эмээлтэйгээ цуг ойчсон байж. Бүсгүйг урдаасаа тэврүүлэн давхар бүслээд мориндоо мордон гэрийн зүг гэлдрүүллээ. Бага үдийн алдад арайхийн гэртээ

харьж амжлаа. Бүсгүй ямарч ухаангүй гулжигнасан амьгүй мах шиг болж. Гэрт оруулан орон дээр хамаг хувцсыг нь тайлан чийгтэй алчуураар цус нөжийг нь цэвэрлээд цэвэрхэн хөнжил нөмөргөн хажууд нь завилан сууж бясалган ном уншлаа. Махан бие нь бэртэл багатай ч айсандаа сүнс нь тэнэн оджээ. Гэрийн өрхийг бүтээж одсон сүнсийг ирүүлэх өөрийн арга барил зөн совингийн ёслол эхэллээ. Өөрөө бясалгалын хүчээр тэнгэрийн оронд одсон хүмүүсийн сүнстэй уулзаж төөрсөн сүнсийг хайж гурван шөнө гурван өдөр тасралтгүй бясалгалаа. Маш хүчтэй цочролоос болж одсон сүнс буцаж ирэхгүй асар их хүч зарцуулж байв.

Гармаа унтаад сэрсэн юм шиг л багахан ой алдагдаж сэрчхээд бүсгүйг харахад сая ам амьсгал нь мэдрэгдэж байв. Номын хүчээр гурав хоног тэмцээд маш их ядарсан тэрээр цай чанаж гурав хоногийн өмнө чанасан хоолоо нохойдоо өглөө. Бурмаа ухаан ороогүй ч амь нь тогтсон тул санаа амарч амны халбагаар цай уулгууллаа. Мөн судсыг нь барин биеийн гэмтэл байгаа эсэхийг шалгалаа. Баруун хөлний шагай мултарч, зүүн эгэмний яс багахан цуурсан аж. Хөлийг нь илэн мултархайг эвэнд нь оруулахад өвчнөө мэдэрч янцаглаж байгаа нь удахгүй ухаан орох магадлалтай байлаа. Орой болтол дахин дахин асарч сүүлдээ өөрөө сөхөрч унахын даваан дээр бүсгүйн орны урд гудас дэлгээд хэвтлээ. Өглөө болтол ямарч зүүдгүй нам унтаад сэртэл бүсгүй орон дээрээ байсангүй. Сандраад огил харайн босоод гартал баруун хөл нь догонцон хавдсан царайтай Бурмаа үл ялиг инээвхийлэн алхаж ирлээ –

Гүй чи чинь яагаад босчихов. Хамаагүй ингэж босож явж болохгүй. Одоохондоо бие чинь муу тогтворгүй байгаа гээд бүсгүйг тэвэрч өргөөд гэрлүү орлоо. -Би ч өөрийгөө үхлээ л гэж бодсон. Үүрээр ухаан орчхоод өндийх гэтэл толгой эргээд босож чадаагүй. Тэгээд хэсэг хэвтэж байгаад аажмаар өндийтөл гайгүй болохоор нь сая гарч бие засаад. Чамайг бөх унтаж байхаар чинь сэрээсэнгүй . -За за элдэв муу юм бодох хэрэггүй шүү. Бүх юм холуур өнгөрсөн. Хэд хоног юу ч хийлгүй тэнхрэх ээ бод. Би ч гэсэн л их сандарлаа. Азаар бэртэл гэмтэл ч гайгүй. Зүүн эгэм нь яаж байна. -Мэдэхгүй. Өвчин нээх мэдрэгдэхгүй байна гэж сульдсан дуугаар хэллээ. Толгойг нь алгуурхан доошлуулж хэвтүүлчхээд борц гэвшин хоол хийхээр зэхлээ. -Чи гурав хоног л ухаангүй байсан. Харин ч хурдан сэргэлээ. -Юу би өчигдөр л мориноос унаад өнөөдөр сэрлээ гэж бодсон. -Аргагүй л дээ. За за би нээх сайхан гурилтай шөл хийгээдэхье гээд инээмсэглэлээ. -Мал хэцүүдлээ -Мал яах вэ.

Энэ хавь хээрийн амьтан, айл хунар байх биш. Өглөө өөрсдөө бэлчээд, үдэш өөрсдөө хотолчихдог хойно. Би хэд хоногоос нэг газарлуу явж ирье. Хоёулханаа байж байгаад хэн нэгнээс тусламж ч авч чадахгүй өнгөрвөл хэцүү. Одооноос айл бараадаж ойрхон явцгаая гээд мөн л инээмсэглэн харлаа. -Тэгдээ. Бурмаа долоо хоногийн дараа дориун тэнхэрч ойр зуур хөдөлж хоол цай хийхтэй боллоо. Гармаа ч үүнийг анзаарч мэдсэн болохоор нэг газарлуу явахаар зэхэж байв. -За би өнөөдөр нэг газарлуу явна. Хоноод ирэх болохоор тэр болтол мал хуйдаа санаа зовж дэмий битгий гарж ороорой. Хоолоо идээд аль болох амарч бай. Морь унаж болохгүй. Би морьдоо суллаад явна. -За. Болгоомжтой яваарай гэж сулхан хэлээд санаа алдлаа. Гармаа очих газар ганц л байгаа. Хорин жил хоолыг нь хувааж идсэн гэр бүлээс өөрцгүй нэг айл. Хэл дуулгаж, хэлж ярилгүй орхиод явсан ч эргээд очиход цаашаа гээд хөөхгүй нь л лавтай.

Өдийд хаана буусныг нь ч андахгүй мэдэх тул шууд л тэр зүг хатирууллаа. Намаржаанд ойртон очиход сэтгэл нь өөрийн эрхгүй хөдөлж холын аянаас ээж аавдаа ирж байгаа ч юм шиг огшиж орхилоо. Нэг урт амьсгаа аваад орилмоор ч санагдаж гэрлүү ойртон очиход хөгшин шар тайга нэртэй банхар угтан боргож хуцсанаа сая танив бололтой гийнаж байв. Мориноосоо буухад гэрээс хүн гарч ирсэнгүй тайга түүний хормойноос шаргууцалдан эрхлээд урагш алхуулсангүй. Гармаа явган сууж толгойг нь илээд -Сайн сууж байв уу гэж хүнтэй ярьж байгаа юм шиг инээхэд Тайга гийнан эрхэлж дээш харан хэвтлээ. Гэрээр яваад ороход Цэрмаа хөгшин ганцаараа сууж байснаа Гармааг харан уулга алдаж -Ээ хайрхан. Тайгыг хуцахаар нь худлаа л хуцаж байгаа байх гэж бодтол. За сайн уу хүүхээ гэж баярлаж догдолсон сэтгэлээ нууж чадалгүй нулимс унагаж байх юм -Сайн сайн байна уу та. Сайхан намаржиж байна уу. -Сайн сайн гүй ингээд хүрээд ирдэг байжээ.

Яасан сайхан болоо вэ? гэж урмын үг чулуудан эргэнэгээсээ аяга гарган цай барилаа -Сандаг ах хаачив?. -Хүү сургуульдаа явчихсан бид хоёр мал харах хүн өөр байх биш цаадах чинь хэдэн хонио л эргүүлж яваа байх. -Аа тийм байх л даа. -За чи тэгээд ямар хэргээр явна. Хаана амьдраад байна даа? -Харин нэг яриа хийхээр л ирлээ. Ахыг ирэхээр хэлдэг юм билүү гэж толгойгоо илэхэд -Чамайг байхгүйд бид хоёр их л зутрах бололтой. Малынхаа тоог цөөлье гэсэн зангүй юм. Уг нь болдог бол би ч төв газар л бараадмаар байна гэж зовлонгоо ярихад -Аргагүй л дээ. Би харин танайхтай айл бууя гэж бодоод гэтэл Цэрмаа хөгшний нүдэнд оч гялбах шиг л болж -Гүй тэгвэл ч сайхан л байна. Асуух юу байх вэ дээ. Чамайг ирчихвэл сэтгэл тэнийх гээд л байна. Ийн ярилцаж байх зуур гадаа ханиалгах чимээ сонсогдон Сандаг өвгөн ирж байгаа бололтой. Үүд нээгдэхэд царай нь наранд нилээн түлэгдсэн урьд өмнө нь ий төрхтэй харж байгаагүй Санжаа гуай орж ирлээ. -Сайн байна уу та гэж угтан мэндэлхэд -Гүй энэ чинь төрөл арилжсан гэмээр өөр болжээ. За сайн сайн байна уу? гэж ханиалган хойморт гарч суухад хөгшин нь цай аягалан барилаа.

Цайнаасаа хоёр ойчлоод ширээн дээр тавичхаад хөөргөө гарган сарвайлаа. -За сайхан намаржиж байна уу энэ чинь Амарын хөөрөг бишүү -Сайхан та сайхан намаржиж байна уу. Аа тийм бидний багшийнх гэсэн. Надад өгсөн юм. -Аа зөв зөв. За тэгээд ямар хэргээр явна даа гэхэд Цэрмаа хажуугаар нь уралдан орж ирээд л -Гармаа энд ирэх бололтой гэж инээд алдан хэлэхэд -Юу гэсэн үг үү? Тэгээд хэзээ бас хаяад явах вэ гэж хүүхэд шиг тунирхан хэлэхэд -За хаанаас даа Сандаг ахаа. Ер нь бол би эхнэртэй болсон гэх үү дээ. Айл бууж хэн хэндээ дэмтэй явъя л гэж бодлоо.

Гармаа сүүлийн гурван сар гаруй болсон үйл явдлыг тоймлон ярьж тэр орой нилээн дулаан уур амьсгал бүрдлээ. Сандаг тэрүүхэндээ тунирхсан ч түүнийг ирэх болсонд баяртай байгаа бөгөөд түүнийгээ ч нууж чадаагүй юм. Гармаагаар хонь муулуулж шинэ шөл уулган хүүгээ ирсэн юм шиг л баяр хөөр боллоо. Тэр ч бүү хэл даруйхан нүүж ир чамд бид хоёр өртэй гэж боддог болохоор зуун хонь, зуун ямаа өгөмз. Маргааш явахдаа тэр хойно байгаа дөрвөн тэмээг туугаад яв. Тэгээд ойрын хугацаанд нүүгээд ирээрэй гэсэн юм. Өглөөний нар уулсын сүүдэр баллуурдан өгсөх ахуйд дөрвөн тэмээ туусан эр аз жаргалтай инээмсэглэн салхи дуудан исгэрч түүндээ ая оруулж тал нутгийг аргадна.

Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *