Нүүр Өгүүллэг ЛУСЫН НҮД /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

ЛУСЫН НҮД /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

6 секунд уншина
0
0
425

Гармаа адуугаа тууж гол руу оруулчхаад жижигхэн горхины дэргэд морио амгайвчилж орхиод өөрөө ус уух гээд тонгойтол сэрдхийсэн төрх нүдэнд нь харагдлаа. Тэрээр хоёр мэлмийнхээ хооронд духан

дээрээ бас нэг нүдтэй болчихож. Цагаан дарь эхийн тарни Ум дарэ дүдарэ дүрэ мама аюур зана бүняа бүсдим гүрү суха хэмээн амандаа уншин хоёр нүдээ анихад өнөөх нүдэнд нь бодит бус энэ орчлонгийн

юмс харагдаж эхэллээ. Тэр дунд саахалтын сагсуу Дорж хээр азаргаа уначихсан цус нөжтэй холилдон Гармааг хөөж гарлаа. Чамаас болж манай адуу үгүй болчихлоо гэж хашгичих аж. Харин Гармаа өөдөөс нь

-Та азаргаа унаснаас болж адууг чинь лус хүртлээ гэж хэллээ. Энэ бодлоосоо ангижрах гээд хоёр нүдээ нээтэл өмнө нь бас л Дорж хутга барьчихсан зогсож байх нь тэр амандаа тарниа хэлэн залбираад

өршөөл эрж байтал -Хүүшээ чи босооч ээ. Одоо бүр энэ тархи чинь лам болчихоо юу даа амандаа маани хэлээд зүүдлэх юм гэж Сандаг үглэн хэлэхэд сая л нэг арайхийн ойлгож хар дарсан зүүднээсээ хагацлаа.

Бос хүү минь. Энэ ядаргаанд орж байгаа байх даа. Адуугаа туугаад ир өнөөдөр гүүгээ барина аа гээд хөх даалимбан тэрлэг өмссөн Сандаг их догдлонгуй алхана. Ойрын хэдэн жил ган гачигтай байж гүүгээ бариагүй тэрээр өнөөдөр хүүхэд шиг л хөөрч Гармаагаас ч эрт босчээ. Гармаа муухай зүүднээсээ сэрсэндээ баярлан гадаа гарч данхтай уснаас амандаа балган нарийхан гоожуулж гар нүүрээ угаалаа. Хормойгоороо нүүрээ булхчихаад аргамжаатай морилуугаа алхлаа. Гармааг адуугаа туугаад ирэхэд саахалт айлын хүмүүс болон ганц нэг зүс хараагүй машинтай хүн ирсэн харагдав. Энэ үе бол хоёр мянга нэг оны зуны эхэн сарын шинийн найман.

Зэл татан арц уугиулж нутгийн лам Амараа төдийлөн өмсдөггүй шар орхимжоо ёслол төгөлдөр өмсөж зэлний хойт талд завилан сууж судар уншина. Хэлж байгаа номын үг болгон нь Гармаагийн мартагдсан дурсамжийг сэргээх шиг ой тоонд нь орж гарна. Үе үе амандаа дагаж уншиж харж зогслоо. Цэрмаа авгай гэрийн зүгээс модон хувинтай сүү барин сугандаа нэг алчууртай зүйл хавчуулан хоёр тийш ганхан алхсаар ирээд Гармаа руу өнөөх алчууртайгаа чулуудан өгч -Наад муу тэрлэгээ соль. Ахын чинь дээл. Өнгө нь л гандсанаас бүтэн юм гэж амандаа бувтнан зүүн гараа аман дээрээ бариад баян хангай минь гэж залбирлаа. Үнэхээр л сайхан дээл байв. Өдий олон жил болохдоо ийм хувцас өгч байгаагүй болоод ч тэр үү энэ зүйлд их л догдолж нүдэнд нь нулимс цийлэгнээд ирлээ. Энэ үед гүү барихын өмнөх ёслол дуусаж Сандаг босож ирээд -Гармаа хүүхээ. Ууган унага чинь аль билээ. Бариад аль гэж хэлээд улаан оруулгатай хадагтай ногтоо зэхлээ. Харахад л андашгүй унагыг

Гармаа шууд л онилж бугуйлаа хуйлаад ганцхан шидэхэд толгойд нь орчихлоо. Гуд татан зогсоогоод ойртон очоод чихдэхэд Сандаг өвгөн майцагнан ойртож ирээд ногтоллоо. Ингээд бүх унагаа барьж ногтлоод чагталсаны дараа бүгд тойрон сууж ууж идэн ерөөл магтаал хэлэлцэн бяцхан найр дэрвээлээ. Энэ үед Гармаа Доржтой харц тулгараад сэрдхийн цочин доош харлаа. Дорж доогтой инээж нүдээ томруулснаа өөр тийш хандан. -Энэ жил муу хар азаргаа сойж уралдуулах санаа байна. Саяхан учир мэдэх нэг уяач хурдан буян байна зарчих гэж баахан хоргоолоо гээд баахан онгирход Гармаа – Болохгүй тэгэх юм бол та адуугүй болно гэж өөрийн эрхгүй хэлчихээд амаа барин доош харлаа. Дорж түүнрүү муухай харан шүлсээ хүчтэйхэн газар нулимснаа -Муу амтай гудрага вэ? Чам шиг айлын хаяанд хэвтдэг нохойны идүүр юу мэддэг гэж олон юм хуцаад байгаа юм гэж сагсуурахад -За одоо боль боль. Ийм сайхан өдөр юундаа уурлах вэ гэж

Амараа лам аргадангуй хэлж тайвшрууллаа. Гүү барих арга хэмжээ дуусаж бүгд буцах тийшээ хандлаа. Амараа ламыг мордуулж өг гэж эзнийхээ хэлснээр Гармаа уяан дээр ирлээ. Амараа лам морь харчхаад паацаг паацаг алхсаар уяан дээр ирэн завилан суугаад -Наашаа суугаач Гармаа гэж эелдэг хэлээд өврөөсөө хөөрөг гарган хөөрөглөлөө. -Танайх чинь тоонотод байгаа юу гэж Гармаа хөөрөг үнэрлэнгээ хэлэхэд -Тиймээ тэнд байгаа. Ах нь чамд хэлэх зүйл гараад. Чамд одоо маш хүчтэй шидийн хүч илрэх шинжтэй байна. Би чамайг ямар амьдралаар яаж амьдарсныг мэднэ. Магадгүй одооноос чи өөрийн хүчээ дийлээд авч явж чадвал маш сайн хэрэг. Өөрийгөө хянаж, өөрийгөө олох хэрэгтэй. Чи даруйхан эндээс явж нэг сар даяанчил. Хэрвээ тэгж чадвал олон зүйлийг мэдэж чадна. Би ч яах вэ. Хөгшин хонины насгүй болсон хүн гэж бодлогошронгуй хэлэхэд юу хэлэхээ мэдэхгүй тэрээр толгойгоо илэн хэсэг суулаа.

Наад хөөргөө чи ав. Энэ бол чиний бас миний багшийн юм. Одоо чамд хэрэгтэй гэж хэлээд мориндоо мордлоо. Хэлсэн бүхнийг нь яв цав ойлгоогүй ч өөрт тохиолдох сонин содон зүйлсийн зангилаа хэрхэн тайлагдаж болохыг ойлгох мэт санагдаж алсран жижигрэх морьтой хүнийг харсаар зогслоо. Тэр өдрөөс хойш хорь хоногийн дараа саахалтын Дорж улаан галзуу амьтан шуугиж ирээд учиргүй зодож балбаж гарлаа. –

Чам шиг муу амтай босоо ороолон миний адууг харааснаас болж чонын хоол боллоо гэж хашгичин гартаа таарсан бүхнээр балбан амьсгал нь давчидтал нүүр нүдгүй цохихыг нь тэвчишгүй тул амь эрэн зугтлаа. Гүйсээр байгаад нэгэн хадан хавцлуудын дунд нуугдлаа. Буцаад гэртээ очих зүрх ч хүрсэнгүй тэр хавьдаа нам суун ном уншин өөрийн эрхгүй бясалгаж эхэллээ.

Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *