
Ирсэн өдрийнхөө маргааш нь Батхуяг дүү Батбаяртаа хэлж номхон морьд бариулж аван эхнэр Дэнсмаа болон хүүхдүүдээ аваад хадам ээждээ золгохоор явав. Дэнсмаагийн ээж Должин гуай өдгөө 80 гаруй
насны эмгэн том хүүгийнхээ хаяаг бараадан живэртийн амны дунд сугад зусаж байлаа. Тэнд машин хүрэхгүй болохоор ийнхүү морьд унацгаан явав. Доржсүрэн болон тэднийг очиход Должин эмгэний бие
чилээрхүү хэвтэж байсан бөгөөд охиноо ийнхүү хүрээд ирсэнд машид баярлаж байлаа. Охиноо хараад тэр үү өвчнөө мартан өндийж суугаад охинтойгоо хоёул ярилцаж суухдаа өвгөнөө дурсан хааяа нулимсаа
арчиж суув. – Муу аав чинь чамайг харахыг ихэд хүсэж байсан ч хэл ам авалцаж чадалгүй байсаар бурхан болсон доо хөөрхий. Аавынхаа өмнөөс буян сайн хийгээрэй миний охион. Дүү нар чинь бүгд сайн
байгаа. Тэд маань хааяа хааяа ирж уулздаг л юм. Цөмөөрөө малчин болж аав тань мал хуйгаа бүгдэд нь тэгш хувааж өгсөн юм. Чамд өгөөрэй гэж хэдэн мал тасдаж өгснийг одоо энэ дүү чинь л маллаж
байна шүү дээ. Одоо миний охин Доржсүрэнтэйгээ сайхан амьдраарай. Ээжийн нь санаа амарлаа үр минь гэж хэлээд охиноо үнсэж билээ. Дэнсмаа ээждээ ихэд санаа зовниж – Ээж минь та охинтойгоо хотод очно. Охин нь таныгаа эмчилгээнд оруулж эдгээнэ. Тэгээд та эргэж ирж болно шүү дээ гэхэд – Яах вэ үр минь зүгээр , зүгээр. Хол замын пян даахгүй замдаа уначихвал чи минь бүр хэцүүднэ шүү дээ. Эндээс явтлаа ээждээ хааяа ирж үзэгдэж бай даа. Өөр чамаас хүсэх юм алга охин минь гэв. Тэд тэндээ хонож өнжчихөөд маргааш нь буцаж ирэв. Доржсүрэн Дэнсмаа нарын ирсэн сургаар нутгийн үеийн хүмүүс тэднийхээр бууж мордон амар мэндийг нь асууж хууч хөөрөөд морддог байлаа. 7 сар дуусч 8 сар эхэлсэн нэг өдөр Дэнсмаагийн нэг дүү нь ирж –
Ээжийн бие танагтай байгаа тул таныг яаралтай ирж уулзаач гэж хэлүүллээ гэж хэлснээр Доржсүрэн Дэнсмаа хоёр мордов. Тэднийг очиход Должин эмгэний бие ихэд муу байгаа нь илтэд мэдэгдэж охиноо ирснийг дуулаад дэргэдээ суулган нэг үнсээд – Ижий нь явах цаг болсон бололтой. Миний охин ээжийнхээ хойноос битгий их шаналаарай гэснээ том хүүдээ хандан – Авдарт эрээн алчууртай юм байгаа аваад өгөөч гэж авхуулан охиндоо түүнийг өгч – Аав ээж хоёр нь охиндоо тус дэм болж чадаагүйд өршөөгөөрэй. Энэ зүйл бол 3 үеийн удам дамжсан эд юм гэнэ лээ. Хөөрхий аав чинь охиндоо өгье гэсээр авч үлдээд надад өгсөн юм гэж үгээ зөөн байж өгүүлжээ. Нар битүүрэх үеэс хөгшний бие муудсаар тэнгэрт халив. Дэнсмаа болон бусад ах дүү нар гашуудсаар хөдөөлүүлэв. 8 сар дундаа орж Дэнсмаа Доржсүрэн нарын буцах цаг болж Доржсүрэн эхнэр хүүхдүүдээ дагуулан аймаг орж ирлээ. Тэд ирснийхээ маргааш өдөр нь Увс нуур орж хүүхдүүд нуурын усанд орцгоов. Буцна гэхээс Дэнсмаагийн сэтгэл давчдаж байлаа. Энэ сайхан нутаг уснаас холдоно гэхээс илүүтэй ээж аавынхаа нэр төрийг бодож байлаа. Хэдий хотод олон жил амьдарсан ч анхны хайр болсон хүнээ олж эцэст нь хамт амьдрахаар болж нэг гэрт орсон нь түүнд нэг ёсны бахархууштай байв. Үүнд л түүний сэтгэл бага ч болов тайтгарна. Усанд орж буй хүүхдүүдээ харж суусан Дэнсмаа гэнэт Доржсүрэнд хандан – Хөгшөөн одоо бид айл болон амьдарч байгаа нь үнэнтэй юм хойно хотод очоод хүүхдүүдээ төвхнүүлж тухтай байршуулчихаад ирэх жилээс нутагтаа ирж амьдрах уу гэхэд
Доржсүрэн – Харин ээ. Би ч бас энэ тухай бодож л сууна. Заавал ирэх жил гэх албагүй 9 сарын сүүл хавиар ирж ч болох л юм гэхэд – Энэ жилдээ хотод өвөлжье дөө. Нутагтаа ирсэн биш би ээжийнхээ амьдад чи минь аавынхаа амьдад нь уулзахад сэтгэл минь өөдрөг байлаа. Ээж минь л их бодогдох юм даа. Гэсэн ч үхсний хойноос дагаад үхэж болох биш дээ. Одоо хоёулаа аавыг тань асарч тойлохоос өөр хэнийгээ гэхэв дээ тийм үү гэхэд Доржсүрэн – Тийм дээ. Чи минь мөн ч ухаантай хэвээрээ байна шүү. Чамдаа баярлалаа гээд Дэнсмааг татан шанхан дээр нь үнэрлэв. Тэд өдөржин нуурын хөвөөнд зугаацан хорхог хийж идэцгээн хөгжилдөж өнгөрөөгөөд орой нар жаргах үеэр төв рүү орж ирцгээн буудалд хоноглов. Аав ээжийнхээ төрсөн нутагт ирсэн Мядагмаа Батхуяг нарын сэтгэл машид догдлон нутгийн сайхныг харан баясаж байлаа. Наранбаяр эрт буцсан хэдий ч хотод оччихоод хоёр бага дүү болон Наранзаяа нарыг нутгийн унаанд суулган явуулсныг Батхуяг аймгаас тосч авсан билээ. Наранзаяа Мядагмаа хоёр ихэд дотносон эгч дүүс болцгоосон бөгөөд хаа ч явсан цугтаа явдаг байлаа.

Мядагмаа бүр үнээ сааж сурч авсан бөгөөд моринд ч сурамгай болоод авсан нь бас нэг эрдэм гэж бодож байлаа. Хотод очоод ангийнхандаа хэлэх сайхан дурсамжтай болсон хоёр охин нь машид баяр хөөртэй байгаад нь Доржсүрэн Дэнсмаа хоёрын сэтгэлийг зөөллөж байв. * Нутгаасаа өглөө эртлэн аян замдаа гарсан тэд замдаа нэг хоноод хотод ирцгээв. Тэд гэртээ ирмэгцээ өрөө өрөөндөө орон замын ядаргаагаа тайлж хэсэг унтацгаав. Дэнсмаа түрүүлж сэрэн замын шорооноос салахаар усанд орлоо. Тамираа ирчихсэн Мядагмаагийн хөөрхөн инээдэнд баясан суухдаа түүнийг үнслээ гэж зүүдлээд сэрсэн Мядагмаа зүүднээсээ ичснээ хажууд унтаж буй Наранзаяаг хараад түүний цээжийг дэрлэн хэсэг хэвтэв. Тэгснээ гэнэт өндийн цонхныхоо хөшгийг яран цонхоо онгойлгон агаар оруулав. Тэгээд гал тогоонд орж авчирсан махнаас гарган хоол унд хийж байтал уснаас гарч ирсэн Дэнсмаа гал тогоонд орж ирээд – өө миний охин босчихоо юу. Ээж нь хоол унд хийе юү гэж байсан юм аа. Чи хийчихэж гэснээ – Нээрээ чи аяны тоосноосоо салаач ус гоё бүлээхэн байна лээ гэв. Мядагмаа ээж гэдэг үгийг сонсоод уярч зогссоноо –
Нээрээ тэгье ээж ээ гэж гэнэт хэлэв. Анх аавтай нь нийлснээс хойш ээж гэж дуудаж үзээгүй бөгөөд төрсөн ээжийгээ хааяа боддог ч ямар хүн байсныг нь сайн санадаггүй билээ. Түүнийг 2 ой гаруй балчир жаахан байхад нь ээж нь бурхан болсон юм чинь яаж ч санах билээ дээ. Доржсүрэн ч охиндоо зургийг нь ч харуулж байгаагүй болохоор ааваасаа ээжийнхээ тухай асууж зүрхэлдэггүй байжээ. Өөрийг нь мөн ээж гэж дуудсанд нь Дэнсмаа тэсэлгүй баярлан нулимс цийлэгнүүлж Мядагмаагийн хацар дээр үнсээд – Миний охин усанд орчихоод ир. Би хоол хийж байя гээд явуулав. Хоол ч бэлэн болж Доржсүрэн болон бусад хүүхдүүд ч сэрцгээн хооллож ундалж аваад Дэнсмаа хоёр багыгаа усанд оруулж гаргав. Дараа нь Наранзаяа усанд орчихоод гарч ирэв. Тэд ээлжлэн замын тоосоо гүвсээр сүүлд нь Доржсүрэн оржээ. Мядагмаагийн өрөөнд Наранзаяа тэр хоёр зугаалганыхаа зургийг үзэцгээн хоорондоо энэ гоё болжээ гэлцэн инээлдэцгээнэ. Хоёр бага хүү зочны өрөөнд зурагтаар хүүхэлдэйн кино үзэж суух бөгөөд Доржсүрэн Дэнсмаа хоёр биесээ налан диван дээр сууж байв. Батхуяг Болормаа Ариунаа гурав хоол унд идчихээд Болормаагийн гэр лүү явсан билээ. Тэд гэртээ орон мөн замын тоосноос салж усанд орцгоогоод хоол унд хийж идэцгээв. Болормаа –
Танай аавын нутаг ч мөн ч сайхан Хангай газар юм аа. Аав ээж хоёр минь байсан бол бас л нутаг руугаа авч явах байсан биз гэхэд Батхуяг – Нээрээ танай аав ээж аль нутгийн хүмүүс байсэн юм гэж гэнэт асуув. Энэ талаар тэд урьд нь ярилцаж байгаагүйдээ гэнэт гайхан бие биесээ харж байснаа Болормаа – Аав минь Булганы Дашинчилэн ээж минь Хэнтийн Өмнөдэлгэр сумынх гэж ярьдаг байсан ч аль аль нь нутгаасаа эрт гарсан гэдэг юм билээ гэхэд Батхуяг – Аав ээжийн хамаатны хүмүүс тэр сумуудад байдаг л байлгүй дээ гэв. – Аав минь эцэг эхээс хоёулахнаа гэдэг байсан юм. Аавын нэг дүү нь байдаг гэж сонсож байсан ч одоо байгаа үгүйг нь мэдэх ч юм алга даа. – Сумын захиргаанаас нь асууж сураглавал сураг мэдэгдэнэ дээ. Хоёулаа биш ээ Ариунаатай гурвуулаа Булган яваад ирэх үү. Хичээл эхэлтэл арваад хоногийн зай байна шүү дээ гэхэд Болормаа – Очоод хэрэв байхгүй бол яах уу – Ядаж л тэр дүүгийн нь үр хүүхдүүд нь байж л байгаа шдээ хайр аа. Хүүхдүүдтэй нь уулзаж учран учир явдлаа хэлээд танилцаж болно шдээ – Тэгж ч бас болох л юм. Гэхдээ Булган эндээс бас зайтай л байх. – Увс явсаны талд нь ч хүрэхгүй байх шүү. Булган чинь 520 км гэдэг юм билээ. –
Нээрээ бид хэд очоод хүн танихгүй газар мэдэхгүй балрах вий гээд Болормааг инээхэд – Гайгүй байлгүй дээ. Эхлээд сумын төвийн айлуудаас захиргааг нь асууж сураглаж байж олж очвол болно шүү дээ. – Чи минь нээрээ итгэлтэй байна уу? гэж Болормааг асуухад Батхуяг – Тийм ээ итгэлтэй байна хайр аа. Тэр хүмүүсийн сургийг гаргана гэдэгтээ маш их итгэж байна гэв. Тэр хоёр ярилцсаар хоёр хоногоос явахаар болон тохиролцоод Ариунааг дуудан түүнд бас дуулгав. Өөрийнхөө аавын нутагт очно гэхээс сэтгэл нь хөөрсөн Ариунаа – Мядагмааг аваад явчихъя тэгэх үү ахаа гэж Батхуягаас гуйхад –
За би дүүгээсээ асуугаад хариу хэлье гэж хэлжээ. Батхуяг Болормаа хоёр Булган явах болсноо гэрийнхэндээ хэлэхэд Доржсүрэн – Тэг дээ хүүхдүүд минь явалгүй яахав. Тэр дүүг нь олоод уулзаж сайн танилцаад ирээрэй гэж хэлжээ. Батхуяг Мядагмааг дуудан Ариунаа чамтай хамт явмаар байна гээд байх юм. Миний дүү яахыгаа өөрөө шийд гэхэд Мядагмаа – Ариунаа надтай ярьсаан ах аа. Хамт явъя гэж тохирсон гэж хэлэв.

Батхуяг – Маргааш өглөө эрт гарах юм чинь миний дүү одоо бидэнтэй цуг манайд очиж хоно доо. Тэгээд хэдүүлээ өглөө эртхэн гарцгаая гэхэд Мядагмаа зөвшөөрч бэлдчихсэн байсан аяны юмсаа цүнхлээд гарав. Мядагмаа Тамираатайгаа уулзаж чадаагүйдээ харамсавч удахгүй хичээл эхлэхээр аяндаа уулзана гэж дотроо бодож байлаа. Ариунаа ч мөн Балжиннямтай энэ хугацаанд уулзаж амжаагүй билээ. Үргэлжлэл бий …..