Home Өгүүллэг АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 10-Р ХЭСЭГ

АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 10-Р ХЭСЭГ

0 second read
0
0
1,200

Хичээлийн зуны амралт эхэлж хүүхдүүд амарч байлаа. Хэдий хичээл амарсан ч Ариунаа Чулуунаас илүү Балжиннямтай үерхэн түүнтэй уулздаг болов. Үүнд Чулуун хэдий дургүйцэж Балжиннямд атаархаж

байсан ч Ариунаагийн сонголт гэдгийг ухаарч атаархахаа болив. Мядагмаа Тамираатай уулзан үерхсээр байгаад нь Тамираагийн аав ээж хоёр ихэд баярлаж байлаа. Зуныхаа амралт авсан Батхуяг

Болормаатай ярилцаж байгаад улсын баярын өмнөхөн нутаг руугаа явахдаа аавыгаа эхнэр Дэнсмаатай нь мөн дүүгээ , эхнэрээ авч явлаа. Бас Наранбаяр цуг явсан билээ. Доржсүрэн өөрөө Увсынх бөгөөд хотод

ирснээс хойш анх удаа явж байгаа нь энэ билээ. Тэрээр хотод ирснээс хойш даруй 28 жил болжээ. Төрсөн нутагт нь Доржсүрэнгийн төрсөн эгч мөн хоёр дүү нь байгаа билээ. Тэд замдаа яаралгүйхэн явцгааж

аялал зугаалгын маягтай явцгааж байв. Архангай амаг руу ороод Цэцэрлэг сумын төвд тэд хоног тааруулан буудалд тухалцгаая гэж Доржсүрэнг хэлэхэд Батхуяг – Зуны сайхан цаг байхад буудал орж яах

юм бэ аав аа. Хэдүүлээ жаахан яваад хээр хоноцгооё лдоо Майхан байгаа юм чинь болно шдээ гэхэд бусад нь ч зөвшөөрч тэгье гэлцэв. Тэд Их Тамир сум руу орж жаал яваад хоног төөрүүлэв. Батхуяг машинаасаа майхан гаргаж татаад дотор нь машины зөөврийн гэрэл байршуулан асаажээ. Мядагмаад энэ бүхэн их сонин бөгөөд мөн дотроо баяртай байлаа. Батхуяг аяны тогоо болон газан плитка гарган асааж төвөөс авч гарсан усыг задлан цай чанаж мах татан хоол хийхэд нь Мядагмаа Болормаа хоёр хамжилцан хийлцэв. Бүгдээрээ хээрийн цай ууцгааж хооллочихоод Батхуяг хөзөр гарган ирж тоглохоор болов. Зургуулаа тал болцгоон хэсэг тоглож байгаад унтахаар хэвтэцгээв.

Майхан арван хүний багтаамжтай том майхан бөгөөд тэд чөлөөтэй хэвтэж байлаа. Доржсүрэнгийн нойр хулжин элдвийг бодон хэвтэж байв. Нутаг орон маань өөрчлөгдсөн байх. Сум маагь хэр өөрчлөгдсөн бол. Хоёр дүү маань малчин гэж дуулдсан хаагуур байгааг нь очиж байж л сураглая. Эгч минь сумын төвд нөхөртэйгээ байдаг гэж дуулдсан. Одоо ч эгч маань өтлөө биз дээ. Аргагүй шүү дээ. 50 гарч яваа хүн юм чинь. Ингэхэд би одоо 48 тай хүн шдээ. Эгч надаас дөрвөн насаар эгч юм даг. Тэгэхээр одоо 52 той гэсэн үг. Тэр ч яахав. Аав минь нас өндөр болж байгаа байх гэж бодож хэвтэв. Дэнсмаагийн маань ээж нь байдаг гэсэн. Ах дүү олуулаа байх шүү гэж бодож хэвтэж байгаад унтчихав. Өглөө Мядагмаа түрүүлж сэрээд босч цай унд бэлтгэж байтал аав нь гарч ирээд – Өө миний охин босчихоо юу? Жаал унтахгүй яагаав гэхэд – Зүгээр ээ аав аа. Өглөө бүр эрт боссоор байгаад сурчихаж. Харин та хажуулахгүй яагаав гэхэд майхны гадаа суниаж зогссон Доржсүрэн – Нутгаа санасан чинь нойр хулжаад л гэв. – Та биднийг нутагтаа авч очилгүй их л удаж дээ гэхэд – Хотод амьдраад 28 жил болсон байна шүү дээ – Олон жил болжээ тээ. Одоо ч өвөө маань таныг танихгүй балрах вий дээ гэхэд – Хаанаас даа охин минь төрсөн үрээ танихгүй байна гэдэг худлаа шүү.

Таньж л таараа гэв. Аав охин хоёрын ярианаар сэрсэн Дэнсмаа болон Болормаа мөн Наранбаяр нар босч хувцаслан гарч ирцгээв. Энд тэндгүй шувууд жиргээд л хөдөөний өглөөний цэвэр агаар сэнгэнээд нэн таатай байлаа. Бүгдээрээ өглөөний унд ууцгааж аваад хөдлөв. Тэндээс давхисаар харуй бүрий болж байтал Увсын Хяргас нуур дээр ирцгээв. Доржсүрэн – Бүгдээрээ энд хоночихоод маргааш нуурандаа орж биесээ ариулж аваад аймаг орцгооё гэхэд Мядагмаа – Нууранд орж болдог юм уу аав аа гэхэд – Бололгүй яахав. Наана чинь зон татчихсан байдаг юм. Зоноос цааш нэвтэрч болохгүй гэв. Тэнд нуураас жаахан зайтайхан газар майхнаа татан хоноглоцгоов. Өглөө нь мөн л Мядагмаа түрүүлэн босжээ. Мядагмааг босон гадаалахад Хяргас нуур зах хязгааргүй цэлийгээд нарны туяанд мөн ч гоё харагдаж байлаа. Мядагмаа гар утсаа аван нуурын эрэгт ойртон баахан зураг дарав. Тэгээд майхандаа ирж цай унд бэлдэж байтал Болормаа гарч ирэв. – Хөөх энэ нуур чинь ямар том юм бэ? гэж уулга алдсанаа буцан орж утсаа аван гарч ирээд нуурын зургийг дарснаа –

Алив хоёулаа эрэгт нь очоод зураг даръя гээд Мядагмааг дагуулан явав. Тэр хоёр бие биенийхээ зургийг олон янзаар дарж аваад ирж байтал Доржсүрэн гарч ирээд – Хүүхдүүд минь өглөөгүүр ус хүйтэн байдаг юм. Өдөр дунд л гоё бүлээхэн болдог доо гэхэд Мядагмаа – Эгч бид хоёр ороогүй ээ. Зүгээр л зураг дарж зугаацлаа гэв. Тэд тэндээ бужигнацгаан унд цай уун тухтайхан амарч аваад нуур луу орцгоов. Нуурын эргээр хүн олонтой байх бөгөөд хүүхдүүд ч олон харагдаж байлаа. Жаахан хүүхэд хүртэл усанд орчихсон гэр бүлийнхээ дунд инээд цангинуулан байх нь үнэхээр жаргалтай харагдаж байлаа. Доржсүрэн – Болормаа миний бэр орж болохгүй шүү. Бие давхар хүн ордоггүй юм гэдэг шүү гэхэд нууранд орохын хүсэлд автаж байсан Болормаагийн урам хугарсан ч нутгийн заншил гэхийг сонсоод дагахаар шийдэв. Бусад нь хувцасаа тайлан нуур луу орцгоов. Дэнсмаа Доржсүрэнгийн гарнаас зуурсан чигтээ явж байснаа чулуунд бүдрэв үү гэлтэй савж унахаар нь

Доржсүрэн самбаачлан татаж босгоход Наранбаяр ээжийгээ шоолон инээхэд бусад нь даган инээлдэв. Доржсүрэн хэсэг инээж байснаа – Чи минь зүгээр үү өвдөөгүй биз гэхэд Дэнсмаа – Гайгүй ээ гэснээ чи ч бас хүн шоолдог нь ч юув дээ гэснээ түүн рүү ус цацаж орхив. Энэ л нутагт энэ л нууранд тэр хоёр хэд хэдэн удаа орж байснаа дурсаж бодож зогссон Доржсүрэн инээд алдан Дэнсмаа руу ус цацан хоёул жаал тоглов. Тэднийг харж ойрхон зогссон Батхуяг руу хоёул эргэн ус цацахад батхуяг арагш ухарч явснаа унаж нуурын давстай ус залгилсан амьтан босож ирээд хахаж цацав. Мядагмаа бусдаас зайдуухан сэлнэ. Тэгснээ босож ирээд нуурын эрэгт тэднийг харж суусан Болормаа руу – Эгч ээ бидний зургийг дараад өгөөч гэж хашгирав. Болормаа утсаа аван тэд бөөгнөрч зогсоод зургаа татуулав. Нууранд цаг гаруй орсны дараа бүгд гарцгааж өмссөн хувцасаа хатааж хуурай хувцас өмссөний дараа Батхуяг – За хэдүүлээ ингэсгээд хөдөлцгөөе дөө.

Төвөөс сум руу 100 гаруй км явна шүү гэхэд бүгдээрээ юмаа цэгцлэн хогоо цэвэрлээд хөдөлцгөөж 1 цаг гаруй давхисаар аймгийн төв орж ирэв. Төвд таних хүн бараг байхгүй тул тэд баруун хойш гарч Түргэн сумыг зүглэцгээв. Аймгийн төвөөс шууд Улаан давааг зүглэн өгслөө. Ийм газраар машин барьж үзээгүй Батхуяг болгоомжлон явсаар давааны оройд гарахад маш том овоо байлаа. Доржсүрэн хүүгээ зогс гэж хэлээд бууж овооны оройд өргөх чулуу хайн хэснг хайрган чулуу атгаж ирээд овоог нар зөв тойрон явав. Давааны оройгоос Увс нуур тэртээ алсад цэнхэртэн мэлтийнэ. Бүгдээрээ бууж ирцгээсэн бөгөөд Доржсүрэн – за нөгөө алдарт Увс нуур тань тэр харагдаж байна гэж заав. Болормаа Мядагмаа хоёр утсаа асаан зураг татна. Тэр хоёрт энэ газар үнэхээр сайхан байгаа бололтой хоорондоо ярилцан инээлдэнэ. Батхуягт энэ газар маш сайхан санагдаж байлаа. Тэрээр машины кабинаас шил архи аваад ирээч гэж аавыгаа хэлэхээр нь архийг нь авчирч өгөхөд нь онгойлго гэв. Архиа сэржим болгон хангай дэлхийдээ хэдэнтээ цацан ёсолчихоод өөрөө нэг тогтоов. Тэгээд архинаасаа бусдад түгээн эргүүлэв. Үнэндээ Доржсүрэнгээс өөр архи уудаг хүн байхгүй болохоор Доржсүрэн өөрөө дахин хоёр удаа татчихав. Тэгээд –

За хөдөлцгөөе гээд машин руу алхав. Тэд Дэлгэрмөрөн голд ойртож ирээд Ендэртэд зусаж байгаа айлуудаас аав болон дүү нараа асууж байгаа газрыг нь мэдэж аваад нутгийн хүнээр гарам заалган гол гатлан явлаа. * Даваа хөгшин бага хүү Батбаярынхтай цуг “Эрээн харгай,, д зусаж байв. Батбаяр Батхуяг хоёрын дундах хүү Батболд нь Шаминарын аманд зусаж байгаа бөгөөд тэднийхээс холгүйхэн байдаг билээ. Хотынхон айл айлаас асуун сурагласаар ирлээ. Гадаа машин ирэх чимээнээр бага бэр Дуламханд гарч нохой хорьж өгөв. Доржсүрэн машинаас буун Даваагийн гэр мөн үү гэхэд – Тийм ээ. Баруун гэрт сууж байгаа гэв. Доржсүрэн бусаддаа бууж ир гэж хэлээд дээлээ засав. Тав зургаан хүн бууж ирэхийг хараад Дуламханд гайхсан ч хадам аавтай уулзах хүмүүс юм байлгүй гэж дотроо бодсоор гэрт орсны хойно нөхөртөө – Аавынд хүмүүс ирж байна. Хотын хүмүүс бололтой гэхэд баруун хойно сур элдэж суусан Батбаяр хотын гэхийг дуулаад – Аан тийм үү за би ороод ирье гээд өндийв. Доржсүрэн гэрт орж ирэхэд аав нь хоймроо суун тамхи баагиулж байснаа – Дээшээ суу гэээд гаанстай тамхиа унтраан өндийхөд – Аавын амгаланг эрье гээд хадаг барин ойртох хүнийг харснаа гэнэт таньж – ээ көөркөм миний хүү юу даа гээд золгон үнсэв. Дэнсмаа ойртон – Хадам аавын амрыг эрье гээд золгов. Бүгд золгоцгоон баруун зүүн талаар нь сууцгаахад өвгөн шалавхийн босож тогоо тавьж байтал Батбаяр орж ирлээ. Тэгснээ ахыгаа таньж –

Хүүе ах та ирсэн юм уу гээд ойртон золгов. Тэгээд Дэнсмааг харан бас таньж – Эгч ээ та ахыг олжээ дээ. Харалгүй удсан байна шүү гээд золгоход түүнийг татаж үнссэнээ – Харин тийм ээ 22 жил болжээ. Дүү ч том эр болж дээ гэв. Батбаяр аавыгаа та суу гэчихээд үүдээр шагайн – Хүүе Дулмаа ороод ирээч гэж хашгирав. Дуламханд нөхрөө дуудах чимээнээр орж ирээд – Сайн байцгаана уу гэж мэндлэхэд Батбаяр – Ах минь иржээ. Очиж золго гээд золгуулан мөн Дэнсмаатай золгуулав. Батбаяр гуч нэлээн гарч 40 шүргэж яваа эр билээ. Доржсүрэн хүүхдүүдээ золго гэж хэлэн золгуулаад – Миний бага дүү маань байгаа юм Батбаяр гэдэг дээ гэснээ – За миний дүү сайн уу. Мал тарган тавтай сайхан зусаж байна уу гэв. – Сайн сайн. Ах та аян замдаа алжааж ядралгүй ирэвт гэж мэндэллээ. – Сайн явж ирлээ дүү минь гэснээ тогоонд цай үйж зогссон

Дуламхандыг харж байснаа – Довчин гуайн охин мөн үү гэхэд Батбаяр – Тийм ээ мөн ах аа. Бага охин нь шдээ. Миний хань гэж хэлэв. – Аан зөв. Довчин гуайн бие сайн уу гэхэд Дуламханд – Аав маань бурхан болсон доо. Ээж минь байгаа гэв. Доржсүрэн – Өө тийм үү. Ахыгаа уучлаарай гэхэд – Зүгээр ээ. Таныг олон жил ирдэггуа ах байдаг гээд л манай хүн кэлдиймоо гэв. Мядагмаад энэ яриа таалагдсан ч нутгийн хэллэг гэдгийг мэдэрч байлаа. – Миний дүү ч айл болоод л… гэснээ одоо хэдэн хүүхэдтэй вэ? гэхэд Батбаяр – Хоёр окон нэг хүү байна даа ах минь. Окдууд том болсон. Хүү минь ч гэсэн овоо том эр бий гээд хөхрөв. Дуламханд – Күн амьтан инээлгэж явдаг сахилгагүй шар көвүүн байдгиймаа гэхэд өвгөн тэндээс – Миний ач л намайг инээлгэж эрүүл саруул байлгаж байнлоо. Энэ көвүүнээ ачаар л өглөө болгон эрүүл босож байнаш гэв. Дуламханд цай чаначихаад хоол хийх гэтэл Даваа –

Хүү минь байж бай. Хонь мал ирэг. Хүүхдүүдэд шинэ шөл уулгана шүү гэснээ – Батбаяр аавын көвүүн мордийч. Одаак көвүүнийг тосоод хонио хураагаад ир гэхэд Доржсүрэн – Яахнав дээ аав минь. Бид ямар яарч яваа биш. Олон хоног байх юм чинь дээ. Харин энэ том хүү маань удахгүй буцах юм байгаа юм. Ардаа ажил төрөлтэй хүн гэхэд – Мөөн мөн. Тэгэлгуа яадийн. Ажил албатай байна гэдэг одаа цагт кэрэгтэй бишийм болох нь. Гэсэн ч хэд хонох байлгүй дээ гэхэд Наранбаяр – Долоо хоноод буцна аа гэв. Орой болж мал хотлон ирсний дараа Батбаяр хонь төхөөрч хотын хүмүүст хоол унд хийж өгөв. Мядагмаад болон Батхуягт аавын нь төрсөн нутаг үнэхээр сайхан санагдаж байлаа. Тэд бусад ах дүүсийнхээр айлчлан явсаар л…. Үргэлжлэл бий ….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…